П.Амарбат “Аавын хатуухан хэлсэн ганц үг цохиод авснаас илүү хангалттай том шийтгэл болдог байлаа“

trends.mn
2015-08-08 09:28

Эх үрсийн баяр, мартын 8, валентин, төрсөн өдөр, гэрлэсэн болзсоны ой гээд  ээжүүд, эхнэрүүд, найз охидуудад эмэгтэй хүн болж төрсний эрхээ эдлэх баяр завшаан мундахгүй олон. Эсрэгээрээ өөрсдөд нь зориулсан баяр байхгүй тул батлан хамгаалах салбарынхны баяраар шургалж байж нэг баярын өдөртэй  ч юм шиг өдөргүй ч юм шиг өнгөрөөх эрчүүд. Урлаг соёлын ахуйд ч ээжээ дуулсан дуу "аав"-ыг хол хаяна. Ээж амьтай Монголд "эцэг хүн", "аав хүн"-ий дүр, үүрэг ролийг өндөрт өргөх тавцан үгүйлэгдэнэ. Байнга талархах, илэрхийлэхээсээ илүү битүүхэн сэтгэлдээ баярладаг, хайрладаг Азийн нэг соёлын хувьд баярын өдөр бол талархал, хайраа илэрхийлэх боломж, ээж, цэрэг, багш, эмч зэрэг гол дүрийн үнэ цэнэ, үүрэг ролийг нийтэд болон өөрт нь илүү тод томруун гаргаж өгдөг нэг төрлийн нийгмийн индикатор, катализатор билээ. Ойрын жилүүдээс наймдугаар сарын 8-ыг аавуудын өдөр болгон тэмдэглэх шинэ соёл төрж байгаад нэг цучил нэмэхээр идиал аав хүний дүрийг Монгол улсын хөдөлмөрийн баатар П.Пашка агсны дурсамжаас эрж, түүний ууган хүү  “Абака”ХХК -ийн захирал П.Амарбаттай ярилцлаа.

 

-Сайн байна уу.

-Сайн. Сайн байна уу.

- Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Пашка овогтой Амарбат гэдэг. МУИС-ийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Програмист мэргэжилтэй.  Одоогоор программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Абака” ХХК  болон “Прогрэйт” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж байна.

-П. Амарбат ахын маань аав  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар  хүн байсан. Тэгэхээр хоёулаа аавынх нь тухай яриагаа эхлүүлье.  Аав тань ямар хүн байсан бэ?

- За миний аав бол БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар Пэрэнлэй овогтой Пашка гэж хүн байсан. Миний аав насаараа барилгачин хийж барилгын салбарт хүчин зүтгэж явсан хүмүүсийн нэг.  Аав минь Завхан аймгийн Сонгино суманд төрж ажил амьдралын гараагаа мал маллаж эхэлсэн ч тухайн үедээ ажилч хичээнгүй хөдөлмөрч байдлаараа бусдыгаа хошуучилж 17 настайдаа  Эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр  сонгогдож байсан түүхтэй.  

Аав маань хөдөө мал маллаж байгаад удалгүй цэрэгт яваад цэрэгт байх хугацаандаа хэдэн хүмүүстэй нийлж баг болоод барилгын мэргэжлийг эзэмшсэн гэж ярьдаг.  Тэгээд цэргээс гарч ирснийхээ дараа тэр багаараа барилгын бригад болж Улаанбаатар, Дархан хотуудад ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн дээ. Ажилч хичээнгүй хөдөлмөр нь үнэлэгдэж, аавыг 35 настай залууд нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байдаг.

- Аанхан,  17-хон насандаа Эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, 35 насандаа Хөдөлмөрийн Баатар болно гэдэг бол хэн дуртай аавын хүүгийн хүрдэг амжилт, хийдэг ажил биш байх гэж хувьдаа бодож байна. Аав нь хувь хүнийхээ хувьд яг ямар хүн байсан бэ.  Тэр хүнийг энэ амжилтад хүргэсэн зүйл юу байсан юм бол? Та энэ талаар хувьдаа бодож үзэж байсан уу?


-Хувь хүнийхээ хувьд аав маань гайхалтай удирдагч, мөн хөдөлмөрч хүн байж дээ гэж бодогддог. Хүнийг удирдаж үгэндээ оруулах тийм чадварыг аав маань гайхалтай эзэмшсэн тийм хүн байсан. Тиймдээ ч анх цэргээс гарч ирсэн залуучууд бригад болохдоо бригадын даргаараа аавыг маань сонгож байсан гэдэг. Би хүний нөөцийн удирдлагатай холбоотой сургалт, семнаруудад хааяа суудаг юм. Гэтэл тэнд яг л аавын маань хамт олноо удирддаг байсан арга ухааны талаар суралцдаг.  Хэдийгээр миний аав дунд сургуулийн боловсролтой ч жинхэнэ удирдагч болох төрөлхийн чадвартай хүн байж дээ гэж санагддаг юм. Энийг ганц би, ганц гэр бүлийнхэн нь ч бус хамт олон найз нөхдүүд нь ч одоог хүртэл ярьдаг. Миний аав хамт олноо, найз нөхдөө яг л гэр бүлийнхээ хүмүүс шиг ялгалгүй хайрладаг тийм хүн байсан гэдэг. Тэр дундаа ажилчид, хамт олныхоо тухайд бол хүн нэг бүр дээр маш сайн тулж ажиллана. Хэний ар гэрт хэцүү асуудал байна, алиных нь сэтгэл санаанд хэцүү асуудал байна тэр бүрийг сайн мэдэрнэ, тусалж дэмжинэ нэг тийм л хүн байсан гэж ярьдаг юм. Одоогийн удирдлагын түвшнээр аавыгаа үнэлэх юм бол Leadership түвшний хүн байж дээ гэж хувьдаа бодож явдаг даа. Хичээнгүй хөдөлмөрч байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл, жинхэнэ удирдагчийн чадвар энэ бүхэн магадгүй аавын маань тэрхүү амжилтад хүрсэн нууцын нэг хэсэг байсан байх.  

- Таны аав бүх хичээл зүтгэл хөдөлмөрөө дайчлан амжилтад хүрсэн  хөдөлмөрчин хүн байж, мөн хамт олондоо бол хамгийн сайн манлайлагч удирдагч байж. Тэгвэл таны хувьд хэр сайн аав байсан бэ? Аав хүний хувьд та нарыг өсгөж, хүмүүжүүлсэн арга, ухаанаас нь хуваалцахгүй юу?

- Аав маань үнэхээр гайхамшигтай хүн байсан.  Магтаад хэлье гэхэд сайхан үг олдохгүй яг л нэг тийм хүн. Эгэл хэрнээ эгэлгүй гэдэг шиг.  Архи, тамхи ч хэрэглэдэггүй.  Бид нар аав ээжээсээ 4-үүлээ. Би  хоёр эгч, нэг эрэгтэй дүүтэй. Бага дүү маань надаас арван насаар  дүү. Өөрөөр хэлбэл дүүгээ төртөл  би 10 жил айлын эрх хүүхэд байсан гэсэн үг.  Аавын маань бидэнд захидаг байсан одоо болтол сэтгэлээс гардаггүй бодож явдаг нэг  зүйл бий. Энэ нь 

"хөдөлмөрөөрөө олсон аз жаргал юунаас ч илүү үнэтэй, амттай".  Энэ нь хүн аливаа зүйлийг өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас чадлаараа бүтээх, хийх хэрэгтэй тэгж хийсэн зүйл, олсон хоол илүү амтлаг байдаг гэсэн үг. Тиймээс миний хүүхдүүд хөдөлмөрч хүн л байх хэрэгтэй гэдэг байсан юм.

Мөн аливаа зүйлд үнэнч шударга байж өөрт ногдсон ажлаа чин сэтгэлээсээ хичээнгүйлэн, нэр цэвэр сайн хийх хэрэгтэй түүнээс л таашаал аз жаргалыг хүн  мэдэрдэг. Аливаа зүйлийг дутуу халтар хийж, худлаа хэлж огтхон ч болохгүй гэж сургадаг байсан.  Гэхдээ тэр нь том зүйлийг хийхдээ биш юу ч хийсэн гэр цэвэрлэхдээ, гэрийн ажил хийхдээ, жаахан зүйлийг хийсэн ч  дутуу дулимаг хийж болохгүй бүх хичээл зүтгэлээ ашиглаад бүрэн гүйцэд сайн хийх хэрэгтэй гэж л сургадаг биднийг тэгж л хүмүүжүүлж ирсэн хүн дээ.

Аав маань хөдөлмөрчин хүн гэж ямар хүн байдгийг өөрийн амьдралаар нотлон харуулсан хүн. Нээрээ одоо бодохоор тэр Хөдөлмөрийн Баатар гэдэг цолыг манай аав л авахгүй юм бол өөр хэн авах юм бэ гэж санагддаг бас бахархдаг юм.

Манай аав чинь залуу байхдаа сумын атаман байсан гэсэн. Гэсэн хэдий ч аав маань бид нарыг болохгүй бүтэхгүй зүйл хийх үеүдэд зэмлэхдээ огтхон ч гар хүрч байгаагүй. Харин түүний  оронд хатуухан нэг л үг хэлнэ. Тэр чангахан дуугарч, хатуухан хэлсэн үг нь цохиулсантай дүйцэхүйц тийм айдас, эмээх сэтгэл төрүүлдэг байсан.  Гэрт аав чанга дуугарч ганц үг хэлэх юм бол тэнд нилээн хурц асуудал өрнөсөн гэсэн үг. Ер нь  тэгж ганц дуугарах нь л хангалттай шийтгэл болдог байлаа.  Үүнийг эргээд харах юм бол аав маань байгаа байдлаараа л биднийг хүмүүжүүлж, тэр хэрээр нь бид нар аавыгаа тэгж их хүндэлж, ганц үг хэлэхэд нь тэгж их сүрддэг байсан байгаа юм. Байгаа байдал нь уул хад шиг тийм нөмөр нөөлөгтэй, сүрдэм.

- Надад нэг хүн тэгж ярьж байсан юм. Аавынхаа алганы амтыг санаж байна.  Намайг бага байхад зэмлэдэг байсан тэр аав маань одоо миний хажууд байгаад намайг нэг алгадаасай, болохгүй зүйл хийж байгааг минь хараад нэг зэмлээсэй.  Аавтайгаа хамт байсан тэр хүүхэд насандаа буцаад очих юмсан гэж ярихыг сонсож байсан. Тэгвэл таны хувьд цохиулснаас илүү шийтгэл болдог байсан тэр зэмлэлийн үгнүүдээс нь одоо болтол мартаж чаддаггүй, нандигнаж явдаг тийм үг байгаа юу?  

-Олон дурсамжууд байлгүй яахав. Чангахан дуугарна гэдэг бол их ховор тохиолдол. Аавд минь үргэлж үглэх юм уу тийм зүйл байхгүй. Хааяа нэг хэлдэг байсан болохоор сэтгэлд одоо болтол мартагддагүй үгнүүд олон бий.  Нэг удаа ийм зүйл болж байсан. 90 он гарч байсан үе. Би тэр үед  16, 17 настай л  байсан байх. Хүмүүс тэр үед найруулдаг будагтай ундаа их уудаг байлаа. Гэтэл нэг удаа аавтайгаа автобусны буудал дээр зогсож байтал нөгөө ундааг хараад уумаар санагдваа. Ааваа би тэр ундаанаас уумаар байна. Та аваад өг гэсэн чинь аав “миний хүү наадах чинь эрүүл мэндэд их муу гэртээ очоод аав нь хүүдээ шилтэй ундаа авч өгий” гэв. Гэтэл тэр үед би бүр тэсдэггүй. Аавыг авч өгөхгүй болохоор өөрт байсан мөнгөөрөө нөгөө ундаанаас авчихав. Тэгсэн аав маань тэр  үед над руу нэг ширүүн харснаа “Чи их том болжээ” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод  юун нөгөө ундаагаа уух, зогсож  байсан газар цөмрөх шиг л болж билээ. Харин одоо аав болоод л ер нь аавыгаа их ойлгож байна даа. Саяхан хүүтэйгээ хамт гадуур явж байгаад аавын маань хэлсэн энэ үг их бодогдож байлаа. Хүү маань одоо надад тийм авир ааш гаргах юм бол би яг л аавынхаа тэр үе шиг тэгж гомдох байж дээ гээд л бодогддог юм.

- Аавтайгаа өнгөрүүлж байсан хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач? Магадгүй аавтайгаа хоёулахнаа мэддэг тийм дурсамж?

- Манай аавыг хүмүүс нэрээр нь биш дандаа Баатар(хөдөлмөрийн баатар) гэж дууддаг. Хүмүүс дандаа л Баатраа, Баатраа гээд л. Яг тэр хэрээрээ аавыг маань маш олон хүмүүс танина. Аавд маань жаахан цаг зав гарах юм бол бид хоёр гадуур хамт гарч миний хийхийг хүссэн зүйлийг хийнэ.  Социализмын үед аав ээж нар их завгүй  байдаг байсан болохоор миний хувьд тэр цагийг их удаан хүлээнэ. Хүлээж хүлээж хамт гарах нэг боломж олдохоор нь их баярлана. Гэтэл тэр үед би нэг зүйлд их дургүй хүрнэ.  Аавыг маань маш олон хүн танидаг болохоор гадуур хамт явж байх үед ирж мэндлээд л, гар бариад л,  заримтай нь бүр аав маань  юм яриад зогсчихно. Өөрөөр хэлбэл аавтайгаа байх цагаас маань тэд хомслоод байдаг гэсэн үг. Одоо ингээд бодохоор хүлээж хүлээж аавтайгаа хамтдаа гадуур гарч дуртай зүйлээ хийдэг байсан  тэр мөчүүд л миний хувьд хамгийн нандин дурсамжууд байж дээ. Ер нь эрэгтэй хүн аавыгаа өнгөрсний дараа л эр хүн болдог гэдэг   үгийг их ухаарч байна. Аав хүн амьд сэрүүн байж байхдаа гэр бүлийг хамгаалаад бүрхээд байж байдаг тийм их нөмөр нөөлөгтэй, түшиг тулгууртай байдаг юм байна. Гэтэл тэр хүн гэнэт нэг өдөр байхгүй болохоор бүх зүйлийг хуулаад хаячихаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг юм билээ.

- Таны хувьд аавыгаа хэр их баярлуулж байсан бэ?

-Хүний хүүхэд аав ээжийгээ бүрэн гүйцэд магнайг нь хагартал баярлуулна гэж байдаггүй байх. Миний хувьд ч ялгаагүй сайн сайхан яваагаараа, ажил амьдралаа, гэр бүлээ сайн авч яваагаараа л тэднийхээ сэтгэлийг дүүргэж байснаас магнайг нь хагартал баярлуулж байсан, ачийг нь хариулж байсан удаа байхгүй.  Ер нь хүн ээж аавдаа төлж чадаагүй өрөө, баярлуулж чадаагүй зүйлээ, өгч чадаагүй хайраа үр хүүхдэдээ л буцаагаад төлдөг юм байна гэж ухаарч явна. Хүүхэд гаргаад аав, ээж болохоороо ээж аавдаа гаргаж байгаагүй сэтгэлээ хүүхдэдээ гаргана, ээж аавдаа авч өгдөггүй байсан зүйлээ хүүхдэдээ өгнө, тэгтлээ их хайрлаж чадаагүй хайраа үр хүүхдэдээ зориулна. Хүний амьдрал гэдэг ер нь нэг тийм л юм шиг санагдаж байна.

- Аавын тухай ярилцсан чинь яг үнэндээ би ч  гэсэн аавыгаа их санаж байна. Гэхдээ аав маань амьд сэрүүн байгаа ч би ааваасаа их хол байгаа.  Яг одоо би аавынхаа олон жил тамхи татаад биед нь нэвччихсэн тэр дотно тамхины үнэрийг санаж байна. Харин та? 

-Би аавынхаа үнэрийг санаж байна. Тамхины үнэр биш л дээ.  Зүгээр л аавд маань байдаг тэр үнэр. Бид нарыг жаахан байхад аав маань ажлаар олон хоногоор явдаг байсан. Тэр үед бид нар аавынхаа малгайг үнэрлээд л аавыгаа хүлээдэг байсан юм. Одоо ч гэсэн аавынхаа малгайг үнэрлэхээр аав минь үнэртдэг. Би яг аавынхаа тэр үнэрийг санаж байна. Тийм болохоор би гэртээ аавынхаа дээл, бүс,хөөрөг , малгай гээд бүх зүйлийг хадгалдаг. Аав маань өнгөрөөд одохоор аавын гэсэн бүхэн үнэтэй болж хувирдаг юм байна.

- Танай аав та нарыг хэр эрхлүүлдэг хүн байсан бэ?

-Манай аав үргэлж үнсээд эрхлүүлээд байдаггүй байсан л даа. Бага байхад хааяа нэг үнэрлүүлэхээр шороо үнэртэж байна гээд л бид нарыг аав маань цаашлуулдаг байлаа. Харин том болсныхоо дараа хүүхдүүдээ дагуулаад аав дээрээ очихоор хүүхдүүдийг маань үнсчихээд намайг үнсүүлэхээр миний хүү чинь ийм том болчихоод аавдаа эрхлээд байна уу даа гээд л үнэрлэдэг байсан. Манай аав бид нараас илүү ач зээ нараа их эрхлүүлдэг байсан даа. Учиргүй эрхэлж нялхардаггүй байсан ч байгаа байдлаас нь л үнэхээр агуу хайрыг авдаг байж дээ.

- Та хэзээ хамгийн сүүлд аавдаа үнэрлүүлсэн бэ, бас та аавдаа хайртай шүү гэдэг үгийг хэлж байсан удаа бий юу?  

- Аав маань  Зүүнхараад барилгын ажлаар  явж байгаад  зүрх нь гэнэт хаагдаад нас барчихсан.  Тэр үедээ гэнэтийн зүйл байсан болохоор үлдэж байгаа бидний хувьд их хэцүү, гомдолтой санагдаж байсан. Харин аавынхаа зүгээс харах юм бол миний аав унан унатлаа дуртай ажлаа хийж байгаад насыг барсан магадгүй энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байх гэж бодож явдаг юм. Яг тэр үед аавыгаа Зүүнхараа явахаас өмнө цэргийн баяраар бид нар гэр бүлээрээ нэг цуглаж байсан. Тэр үед л хамгийн сүүлд аавдаа үнэрлүүлсэн. Харин аавдаа хайртай шүү гэж бол хэлж байгаагүй. Эрэгтэй хүн болохоороо ч тэр юм уу,  монгол хүн болохоороо ч тэр юм уу, эсвэл би тэнэг хүү болохоороо ч  тэр юм уу өөрийгөө сайн хэлж мэдэхгүй байна.  

 

Аав хүнийг хамгийн их баярлуулдаг, аз жаргалтай болгодог зүйл хүүхдийнх нь инээх, баярлах тэр мөч

 

- Тэгэхээр таны аав эцэг хүний, монгол эр хүний  идиал байсан юм шиг санагдлаа.  Тэгвэл та өөрөө хэр сайн аав бол, үр хүүхэд тань олон жилийн дараа таныг ямар аав гэж хэлэх бол?

- Би гурван хүүхэдтэй. Миний хувьд бол аав шигээ сайн аав байхыг боддог бас хичээдэг. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ч ялгаагүй аав шигээ л хөдөлмөрч бай, шударга бай гэж сургана. Би хүүхдүүддээ тэгж хэлдэг. Та нар хичээл дээрээ муу авч болно. Харин тэр үедээ аавдаа ирээд хэлэх хэрэгтэй. Тэр үед харин би зэмлэхээсээ илүүтэй яагаад муу авсан талаар нь, цаашид хичээх хэрэгтэй талаар зөвлөнө. Харин муу авснаа нуух юм бол тэр үед өөрөөр ярина шүү гэж хэлдэг. Тэр хэрээрээ хүүхдүүд маань шударга бас хөдөлмөрч хичээнгүй байдалд суралцдаг юм болов уу гэж хувьдаа боддог.  Гэхдээ би аавыгаа бодвол хүүхдүүддээ илүү их үглэдэг байж магадгүй.

-  Хүмүүс тэгж ярьдаг. Хүн ээж болоод л ээжийгээ ойлгодог, ээжийгээ илүү их хайрлах сэтгэл  төрдөг. Аав болоод л аавыгаа илүү их хайрлахыг хичээдэг  бас ойлгодог гэдэг.  Таны хувьд ч мөн ялгаагүй байх гэж бодож байна. Аав болсон анхны сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Тэгэлгүй яахав. Би ч мөн адил аав болоод л аав, ээжийнхээ сэтгэлийг, тэр хайрыг илүү ихээр ухаарч байна. Тухайн үед аав ээж сүртэй юм,  юу ч болоогүй байхад бухимдаад, уурлаад, үглээд гэж боддог  байсан би түүнийг аав болоод л ойлгож байна. Аан би яг ийм байсан болохоор аав маань тэр үед тэгж хэлсэн юм байна, ээж маань ингэж бухимдаж байсан юм байна гээд л. Сүүлийн үед охиноо хараад намайг залуу байхад ээжийн маань над руу бухимдаж байсан нэг мөчийг их ухаарсан. Тэр нь би бага залуу байхдаа эхнэртэйгээ танилцаад удаагүй байтал эхнэр маань хөдөөний хүүхэд болохоор зуны амралтаар хөдөө явсан тэр үед нь дурлалдаа шатаад л явсных нь дараа их санаж байсан үе л дээ. Гэтэл тэр зун аав эгч дүү нар байхгүй.  Ээжтэйгээ хоёулахнаа хэсэг байсан. Тэр үед ээж нэг удаа надад гомдоод тэгж хэлж байсан. Хүний хүүхэд байж урамгүй юм аа. Хамт байж ганц үг дуугарахгүй гээд л гомдоллож, уурлаж байсан. Тэр үед нь би ээж одоо юун сүртэй юм бэ гээд л бодож байсан. Гэтэл одоо хүүхдүүд насанд хүрээд ялангуяа охидууд яагаад байгаа нь мэдэгдэхгүй, хөмсгөө зангидаад уруу царайлаад, уурлаад байх тэр үед их хэцүү тэгээд тэр үед ээжийн нөгөө хэлж байсан үг л орой руу орох шиг болж байна даа. Би тэр үед яг ийм байсан даа гэж бодогддог. Энэ мэт маш олон зүйл бий. 

Аав болсон анхны сэтгэгдэл гэх юм бол үгээр дүрсэлж хэлэхэд хэцүү бас тийм нэг гайхамшигтай мөч. Томыгоо төрөхөд хоёр ээжтэй зэрэгцээд хүлээлгийн танхимд сууж байлаа. Эхнэр маань өвдөөд л дуу нь гараад л жаахан айдастай мөч байсан. Гэтэл гэнэт хүүхэд уйлах сонсогдсон яг тэр үед яах ёстойгоо ч мэдэхгүй шооконд орж байж билээ. Харин багыгаа төрөхөд уйлж байсан.

-Ер нь надад хувьдаа нэг тийм мэдрэмж төрдөг. Гоё газар очих ч юм уу, сайхан амттай хоол хийж идэх ч юм уу ер нь нэг сайхан зүйлийг хийх үедээ хайртай хүмүүс маань хамгийн түрүүнд бодогддог. Би энийг ганцаараа биш аавтайгаа ч юм уу, ээжтэйгээ ч юм уу, эсвэл ах эгч нартайгаа ч юм уу хамт хийх юмсан. Тэд маань надтай хамт байсан бол гэж санагддаг. Тэгвэл таны хувьд хайртай гэр бүл, хүүхдүүдтэйгээ яг одоо хиймээр байгаа, хийхийг хүсч байгаа зүйл бий юу?

-Би нэг ингэж уншиж байсан. Аавтайгаа ойр байдаг хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болдог гэж. Тийм ч учраас хүүхдүүддээ илүү их цаг зав гаргахыг хичээдэг. Дуртай зүйлийг нь хийж өгөөд хамт байхыг их хүсдэг. Ер нь хаана хамгийн гоё сайхан газар байна, хаана хамгийн гоё амттай хоолтой газар байна, хаана хамгийн гоё тоглоомын газар байна гээд л хамтдаа очихыг хүсдэг.  Энэ дундаас би хүүхдүүдтэйгээ дандаа очдог нэг газар бий. Тэр нь музей. Улаанбаатар хотын бүх музейг дуусгасан. Шинэчлэгдэхээр нь дахиад л очоод үздэг. 

Би томилолтоор, ажил хэргийн асуудлаар ганцаараа гадаадын орнуудаар их явна. Тэнд очоод хүүхдийн тоглоомын газруудаар бол ордоггүй. Тэр үед өөртөө хүүхдүүдтэйгээр дараа ирж үзнэ гээд л буцаад ирдэг. Гэхдээ тэр хүслүүд маань дандаа биелдэг. Бид нар гэр бүлээрээ Солонгос, Итали, Франц, Англи, Испани гээд их олон газруудаар аяладаг. Тэгж явсан нь зөвхөн хайртай хүмүүсээ баярлуулах гэж л тэр шүү дээ. Одоогоор төлөвлөсөн очихыг хүссэн, хийхийг хүссэн хэд хэдэн зүйл бий.

 

-Таны хувьд хүүхдүүдээ их баярлуулдаг аав юм шиг санагдлаа. Тэгвэл хүүхдүүд нь таньд юу хийж өгвөл, эсвэл ямар байхыг нь хараад та хамгийн ихээр магнай хагартлаа баярлах вэ?

-Нэг л зүйл бий. Хайртай хүмүүсийнхээ баярлаж, аз жаргалтай байхыг хараад л би хамгийн их баярлана даа. Хүүхдүүддээ амттай юм авч өгөхөд тэдний баярлаж байгаа сэтгэлийг нь хараад, гоё газраар аялуулахад эхнэр ,хүүхдийнхээ инээж байгаа, аз жаргалтай, баяр хөөртэй байгааг хараад л миний сэтгэл дүүрэх юм шиг санагддаг.  Хүүхдийнхээ баярлаж байгааг харах л аав хүний жинхэнэ баяр баясгалан шүү дээ.

-Манайх ер нь ээж амьтай орон шиг санагддаг аав хүний үүрэг, аав хүний дүрийг дутуу орхигдуулж, энэ нь эргээд аав хүн өөрийн үнэ цэнийг мэдрэхэд нөлөөлж байх шиг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

- Миний хувьд мөн заримдаа яг ийм бодол төрдөг. Социализмын үед бол аав бүтэн өдөр ямар ч завгүй өглөө эрт гараад л орой ирнэ. Ээж маань бас л ажилтай. Гэхдээ аавыг бодвол цайныхаа цагаар бид нар дээр ирж үдийн цайгаа хамт ууна. Орой ажлаа тараад эрт ирнэ. Өөрөөр хэлбэл ааваас илүү ээжтэй байх цаг хугацаа их байдаг байсан. Энэ бол эрт дээр үеэс уламжилж ирсэн монгол гэр бүлийн ёс жаяг гэх юм уу. Гэхдээ тэр үед бол аав хэдийгээр завгүй харагддагүй байсан ч аав хүний үүрэг роль тэр хэрээрээ бүр хүчтэй нөлөөлдөг байсан. Тэр хэрээрээ хэлсэн ганц үг ч хүртэл тийм үнэ цэнэтэй сонсогддог байлаа.

Тэр аавуудын нэг төлөөлөл бол манай аав. Гэтэл өнөө цагт болохоор аав нь ажилдаа явдаг, ээж нь гэртээ хүүхэдтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг энэ зүйл нь өөрчлөгдөөгүй ч миний харж байгаагаар хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөгдсөн нэг зүйл бий. Энэ нь өнөө цагт гэр бүл гэдэг зүйлийг их  хөнгөнд тооцдог болчихож. Суугаад тохирохгүй бол сална л биз гэсэн үзэлтэй. Бидний үед бол нэг аваад суусан эхнэр насан туршийн хань гэж боддог байлаа. Энэ юунаас шалтгаалж байна гэхээр үзэж харж байгаа зурагт, интернет, сонин хэвлэл. Америк хүүхдүүд шиг чөлөөтэй сэтгэлгээтэй, Солонгосчууд шиг хэв маягийн амьдралтай болно гэхчлэн олон янзын зүйлийг үзэж хараад ирэхээрээ нийгэм даяараа сэтгэлгээ нь өөрчлөгдөж хүүхдийн хувьд аав ээжийгээ хүндэтгэх сэтгэл, ээж аавын хувьд хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан нь, мөн  аав хүний үүрэг хариуцлагаа ухамсарлах сэтгэлгээ бага багаар алга болж байна гэсэн үг. Энэ сэтгэлгээ л миний бодлоор манайд аав хүний үүрэг, аав хүний дүр дутуу орхигдож, энэ нь эргээд аав хүн өөрийн үнэ цэнийг мэдрэхэд нөлөөлж байх шиг санагддаг.

-Бидний урилгыг хүлээж аваад аавынхаа тухай ярьж өгсөнд, мөн монгол аав хүн ямар байх ёстой талаар санаа сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Магадгүй энэ завгүй нийгэмд ярилцлагыг маань нэг ч гэсэн хүн уншаад аавынхаа тухай бодож, аав хүний үнэ цэнийг дахин нэг эргэн санасан, аавдаа хэлж амжаагүй яваа үг байсан бол хэлэхийг хүссэн, мөн аавыгаа илүү ихээр хайрлах сэтгэл төрсөн байхаа гэж бодож байна.

-Тэгэлгүй яахав. Миний хувьд ч гэсэн сайхан аавынхаа тухай ярих боломжийг олгосон танай сайтын хамт олонд талархснаа илэрхийлмээр байна. Хүн бүр сайн ээж, сайн аав байх нь монгол улсын иргэн байхын номер нэг үүргээ биелүүлж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс монголынхоо бүх хүмүүстээ хандан сайн ээж, сайн аав болоорой гэж хэлмээр байна.

 

Би программист хүнийхээ хувьд сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар компаниа байгуулсан". П.Амарбат

-Харин одоо ярилцлагынхаа төгсгөлд Амарбат гэж хүний талаар ярилцъя? Компаниа анх ямар зорилгоор хэзээ байгуулсан, цаашдын хэтийн төлөв, алсын харааны талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Аанхан тэгэлгүй яахав. Би МУИС-ийг төгсөөд  сургуульдаа 5 жил  багшилж байгаад түүний дараагаар  Мобиком, MCS зэрэг компаниудад энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад 2012 оноос хойш программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Абака”ХХК-ийг байгуулаад захирлаар нь ажиллаж байна. Энэ компаниа байгуулах болсон шалтгаан, зорилго нь миний зүгээс тэр дундаа программист хүний хувьд хийж чаддаг зүйлээрээ, эзэмшсэн мэргэжлээрээ эх ороныхоо хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулахын тулд юм. Өмнө нь олон газруудад ажиллах явцдаа хүний удирдлаган доор ажиллаж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг боломжгүй гэдгийг ухаараад, би яг юу хийх ёстой вэ гэж их бодож үзсэн. Тэгээд л энэ компаниа байгуулсан даа.

- Таны хувьд компаниа байгуулах болсон зорилго нь эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулалт хийж хувь нэмэр оруулах гэж байна.  Гурван жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээсээ манай уншигчдад сонирхуулаач?

-Бидний хийх ёстой зүйл, алсын хараа бол гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг онлайн системүүдийг эх орондоо нэвтрүүлэх, хэрэглээнд дадуулах. Үүнийг хийснээр бид эх орныхоо IT-ийн салбарын хөгжлийг нэг алхмаар урагшлуулж байгаа юм. Тухайлбал бид 2013 онд Тэнгис кино театрын билетийг онлайнаар  захиалж болдог monda системийг бид нэвтрүүлсэн байгаа. Мөн Дуурийн театр, Драмын театр гэхчлэн үзвэр үйлчилгээний газрууд энэ системээ нэвтрүүлсэн. Энэ нь тодорхой хэмжээнд цаг хугацааг хэмнэж, хөдөлмөрийг хөнгөвчилдөг. Энгийн наад захын жишээ гэхэд л бид нар өмнө нь Тэнгист хүүхэдтэйгээ кино үзэхийн тулд хоёр удаа очдог байсан бол онлайнаар билет захиалдаг болсноор нэг л удаа очиход болно. Мөн нийгмийн стрессийг багасгаж, нийгмийн цагийн алдагдлыг хэмнэх боломжтой.

- Нийгмийн цагийн алдагдал?

-Тийм. Манайхан энэ талаар мэддэггүй ч гадаадын зарим орнуудад нийгмийн цагийн алдагдлыг үнэлдэг. Нийгмийн цагийн алдагдал гэдэг нь нийтээрээ алдаж буй цагийг хэлдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр замын бөглөөнд 30 минутын турш 100 машин түгжирлээ гэхэд зөвхөн нэг машиныг нэг хүнээр тооцоход тэр 100 хүн нийт 150 цагийг нийтээрээ алдаж байгаа юм. Хэрвээ тэр хүн 30 минут ажлаа хийсэн бол, 100 хүн 150 цаг ажлаа хийсэн бол зөвхөн тэр цагтаа эх орондоо маш их зүйлийг хийж болох байсан. Ажлын цагаа алдаж байна гэдэг нь эргээд улс орныхоо бүтээн байгуулалт хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл улсад маш том хохирол болж байгаа юм. Тиймээс зарим өндөр хөгжилтэй улсуудад нийгмийн цагийн алдагдлыг үнэлдэг тогтолцоо байдаг. Бидний хийж байгаа зүйл нь гэсэн нийгмийн цагийн алдагдлыг үнэлж байгаа нэг хэлбэр юм л даа.

Одоогоор цөөхөн газруудад энэ систем маань нэвтэрч мөн цөөхөн хэрэглэгчтэй байгаа ч магадгүй  хэдэн жилийн дараа төрийн хувийн гэлтгүй үзвэр үйлчилгээ явуулдаг бүх газрууд, зорчих тээврийн бүх хэрэгслүүдэд (онгоц, воган, автобус) энэ систем маань нэвтрэх юм бол өнөөдрийн бидэнд тулгараад байдаг, олон хүнийг стресст оруулдаг замын түгжрэл ч мөн багасах боломжтой.  Гэтэл энэ системийг төрийн статустай газруудад нэвтрүүлэх боломж бидэнд хязгаарлагдмал. Бид саяхан шинээр нэвтрүүлсэн тэр автобусны системийг нэвтрүүлж, хийж өгөх боломжтой байсан. Мөн намайг харахад тэр хоёр удаа картаа уншуулаад байгаа зүйлийг ч гэсэн шийдэх боломжтой. Гэтэл бидэнд энэ зүйлүүдийг хийх эрх нь олддогүй. Дээгүүрээ шийдээд хэдэн тэрбумаар нь гадны компаниудад өгчихдөг. Бид автобусны системийг нэвтрүүлэх талаар зөндөө хөөцөлдөж явсан боловч бүтээгүй.

 

- Таны нүдээр харахад монгол улсын техник, технологийн салбарын хөгжлийн гарц юу вэ?  

-Би нэг зүйлийг олон хүний өмнө бардам хэлдэг. Бусад салбаруудыг би мэдэхгүй ч монгол улсын программ хангамж  дэлхийтэй нэг гараанаас эхэлсэн. Энэ бол бидний хамгийн том давуу тал. Миний бодлоор гадаадын ямар ч өндөр хөгжилтэй улсын залуусаас  программ хангамжт, IT-ийн чиглэлийн мэдлэг, ур чадвараа дутах зүйл нэг ч байхгүй. Магадгүй хэзээ нэг өдөр бид тэднээс өндөр амжилтад хүрэх боломж нөхцөл дүүрэн. Харин тэр замд, тэр хөгжилд саад болж буй ганц л зүйл бий. Манайхан нэгнийхээ хийсэн юмыг дуурайж хийгээд байдаг. Өнөөдөр нэг хүн бууз хийж авч ирээд зарах юм бол нөгөө нөхөр маргааш яг л бууз хийж авчраад хажууд нь 20,30 төгрөгөөр хямд зардаг. Гэтэл тэднийг харсан бас нэг нөхөр бас л ялгаагүй буузаа хийгээд зардаг. Тэгж байгаад эцэстээ бүгд орлогогүй болж дампуурдаг. Яг үүнтэй адилхан технологийн салбарт ч ялгаагүй бусдыгаа дуурайж хийдэг. Шинийг санаачилдаггүй. Харин тэр дундаас шинийг санаачилж өөр зүйлийг харж чадсан тэр хүн л амжилтад хүрнэ. Миний нүдээр харахад шинийг санаачлах нь л монгол улсын техник, технологийн салбарын хөгжлийн гарц гэж бодож байна.

- Цаг гарган ярилцсанд их баярлалаа. Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

 

Ярилцсан С.Цэрэндэжид


  1. 202.21.109.* Зочин 2015-08-13 17:15
    Saihan yariltsalaga bolson baina.