Ж.Янжмаа: Бусдыг таних тусам Монголоо хайрладаг болж байна

trends.mn
2015-09-02 16:00

Янжмаа багшаа, бидний урилгыг хүлээн авч, ярилцах цаг гаргасанд тань баярлалаа.  Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай?

Намайг Жутмааны  Янжмаа гэдэг, математикийн ухааны доктор. Зөндөө олон мундаг математикчидтай ажиллаж байсан учраас өөрийгөө математикч гэж хэлж чадахгүй. Тэгэхээр зүгээр доктороо математикийн ухаанаар хамгаалсан  ээж хүн гэж хэлж болно, 4 хүүхэдтэй.  Одоо Ховд Их Сургуулийн захирал хийдэг. Түүнийхээ хажуугаар Харвардын бизнес энтэрпренёршип магистрийн курст онлаинаар суралцаж байна.

 Хүний сурах мэдэх эрмэлзэл бүр бага насанд төлөвшдөг гэдэг, таны бага нас ямар орчинд өнгөрсөн бэ?

Би багадаа Улаанхуаранд эмээгийн гар дээр өсөж хүмүүжсэн хүүхэд дээ. Ээж маань багш, их хөдөлмөрч хүн байсан. Би айлын ганц, нэлээн зөрүүд дураараа хүүхэд байлаа.  Ээж намайг хамгийн сайн суралцах ёстой, хамгийн нэгт байх ёстой гэж шахаж, дайчилдаг байв.  1-р сургуулийн тооны ангийг онц төгсөөд, Хан-Уул дээд сургуульд эдийн засагч, математикчийн ангид элсэн суралцсан.

Онц төгсөгч гэхэд шинэ дээд сургуулийг зоригтой сонгож орж дээ?

Би өөрөө математикч болох сонирхолтой, зөвхөн математик логикийн шалгалт өгсөн, ээж МУИС-ЭЗС-д сур гээд байдаг, тэгээд дундуур нь шийдэл олсон хэрэг.  Улсын хувийн сургуулийн ялгааг сайн мэдэхгүй хүн явж орсон ч Хан-Уулд сурсандаа баярлаж явдаг.  Хэл сайн сурсан, эдийн засгийн тодорхой хэмжээний ойлголттой болсон.  Намайг төгсөж байх үед систем өөрчлөгдөж, багш нар ажил хаяж, хуваарь ховордож, арай гэж шалгалтаа өгч байлаа. Нэг нь л онц төгсдөг үе, одоо бол их сургууль ч, дүн ч инфляци гэхээр байдалтай боллоо шүү дээ. Боловсролын инфляци гэж нэрлэмээр,  онц төгсөгсөд, магистр, доктороор дүүрч, үнэ цэнэ нь багасч байна.

Хан-Уул дээд сургуулийн оюутан охиноос Ховд Их Сургуулийн захирал хүртэлх боловсролын замнал бодвол их бага саад бартааг туулсан байх?

Тэгэлгүй яахав, Хан-Уул дээд сургуульд сурч байгаад МУИС-т орсон, тэгээд МУИС-аа хаясаан(инээв). Хүнд дурлаад, хүүхэд гаргаад хаяж гарсан, бас Солонгос явах болсон юм.  Солонгос явахаас өмнө Америк явж сурах мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэхийн тулд нэлээн олон жил олон бэрхшээлийг давах ёстой болсон.  ТОЕФЛ өгөх ёстой, өөр хоёр гурван шалгалт өгөх ёстой гээд л.  Тэтгэлэг хөөцөлдөж байсан учраас ЖРЕ ч өгөх ёстой . Тухайн үед ЖРЕ Монголд дөнгөж авдаг болоод жилд ганц л авч байсан, гурав дөрвөн жил хүлээж байж өгч байлаа. Сургуулиуддаа тэнцээд тэтгэлэг олдож өгөхгүй үеэр КАИСТ-ийг мэдэж аваад бараг өмнөх өдөр нь өргөдлөө өгөөд тэнцсэн хариу авсан юм. Хариу ирээд tuition fee exempted гэсэн байхаар төлөх ёстой юу үгүй юу ойлгохгүй эргэлзэж гайхаж баярлаж байсан нь сайхан дурсамж болж. КАИСТ-ын хамгийн анхны монгол оюутан. Магистраа 2006 онд төгсөөд докторт тэнцсэн ч  АНУ-д суралцах мөрөөдлөө хаяж чадахгүй эргээд Монголдоо ирсэн. Монголдоо  нэг хоёр жил ТББ байгуулж ажиллаж байгаад АНУ явж 2012 онд магадлалын онолоор  2012 онд Phd цолоо хамгаалсан.

 Надад Янжмаагийн зам нэгд АНУ-аас Ховд руу “үсэрсэн” нь их сонирхолтой, хоёрдугаарт ойрд таарсан хүмүүсээс хамгийн олон ажлыг нэг дор амжуулдаг мултитаск бүсгүй юм. Доктор, захирал, одоо бас оюутан, 4 хүүхдийн ээж, айлын эзэгтэй.  Эхлээд  баруун хязгаарыг амьдрал карьерийн талбараараа сонгосон учрыг асууя. Өөрийн чинь амьдралын зорилго, угийн мөрөөдөл байсан юм уу?

Яг ч тийм биш, миний амьдралын гол төвд гэр бүл байдаг гэж хэлж болно. Гэр бүлээ дагаад, гэр бүлээ аваад Ховд явах нь зөв санагдсан юм. Манай нөхөр АНУ-д ХАҮТ-ын төлөөлөгч хийж байсан. Ховдоос Монголоос ирсэн хүмүүс манай хүний ажилтай холбоотой их ирж очдог, уулздаг байсан. Тэгээд баруун аймагт та нар шиг залуус хэрэгтэй байна гэсэн урилга, мотивац өгсөн байдаг. Манай хүн нэг өдөр –Хөдөө явахаар болсон гэсээр орж ирсэн. Тэгээд Монгол улс маань цэцэглэн хөгжиж байна, чи хурдал гээд хүүхдүүдээ аваад буцчихдаг юм байна. Би хамгаалах ажлаа яаралтай амжуулж 12 оны зун эргэж иртэл эдийн засгийн цикл унтарч эхэлсэн, манай хүн жаахан зүрх үхсэн байртай хүлээж байна. Хаа байсан АНУ-аас хөдөө явна гэж авчраад одоо болино гэсэн юм байхгүй, очиж үзье гээд маргааш нь билет аваад л Ховд явж байлаа. Өмнө нь баруун бүсийг хөгжүүлэх судалгаа хийдэг байсан ч очоод хартал шал ондоо шүү дээ.  Уулс нь их сайхан, залуу хүн өөрийгөө сорихоор газар санагдсан. Баруун бүс хаягдчихсан ч юм шиг зэлүүд, алаг эрээн байшинтай, гандуу, гэхдээ хүмүүс нь их сайхан. Багш нар нь мундаг сайн судалгаа хийдэг хэрнээ хэл усгүйддэг гэх мэт,  ер нь хийх юм их байгаа санагдсан.  Тэгээд захирлуудын сонгон шалгалтаар орж, “илгээлт” –ээ аваад явсан даа.

 Гэнэт академик ертөнцөөс том сургууль удирдах ажилд шилжихэд аймар байгаагүй юу? Би бол жишээ нь олон жил онол талдаа их сургуулиар явсан хүн, ажил дээр гараад  4, 5 хүнтэй жижиг багаас эхэлж байсан. Тэр үед надад сургууль даалгачихсан бол...гээд төсөөлөхөөр санаанд багтахгүй байна.

Айдас бол байх л зүйл. Гэхдээ юм болгоноос айгаад, бодоод байвал юу ч хийж чадахгүй. Жишээ нь намайг гурван хүүхэдтэй докторт явах гэж байхад хөгширчхөөд докторт явах гэлээ, санхүү мөнгө чинь болох юм уу гэх жишээтэй янз янзын юм хэлнэ. Хэрэв тэр их олон юмыг бодвол би хүүхэдтэй ч болохгүй, доктор ч болохгүй. Би нэг юманд зорихдоо яг тэрэндээ  л төвлөрдөг, бусад юмыг нэг их боддоггүй. Унавал, болохгүй бол эргээд л анхны байсан хөрсөн дээрээ унана шүү дээ, тийм юм чинь юунд нь айх вэ?  Тэгэхээр би хэлдэг юм, хийгээд л үзье гэж.  Жишээ нь намайг тэнд сурмаар байна гэхээр –Чамайг авахгүй, чи тэнцэхгүй гэж жишээтэй. Яагаад миний тэнцэх эсэхийг тэр сургууль биш өөр хүмүүс хэлэх гэж? Авах эсэхийг нь тэр сургууль өөрөө хэлэг л дээ, тийм биз дээ.

Бусдыг сонсох чадвар чухал,  бас сонсохгүй байх чадвар гэдэг нь ч бас  их чухал юм шиг ээ тэ, Стив Жобсын “тэнэгээрээ үлд” гэдэг чинь тэрийг хэлээд байх шиг байдаг.

Харин тийм, жишээ нь саяхан гэхэд чи 4 хүүхэдтэй байж сургуулийн захирал хийж яадаг юм бэ, үр хүүхдээ бодооч гээд загнах жишээтэй.  Хүн хүн жонглёр тоглож байна, зарим нь хоёроор, зарим нь гурваар.  Зарим нь завгүй байх тусмаа илүү гоё, эрч хүчтэй тоглодог байж болно. Би ажиллаж байлаа ч жишээ нь хүүхдээ заавал нэг нас хүртэл нь хөхүүлдэг.  Хүүхдээ 3 сар хүрээгүй байхад нь Солонгос яваад их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ хийж, хуралд илтгэлээ хийж гарч ирээд хөхүүлээд аваад явж л байсан.  Зарим нь ямар сонин галзуу хүүхэн бэ гэж бодож мэднэ, гэхдээ би ажлаа хийгээд илүү үр хүүхэддээ хүрдэг байж болно, илүү үлгэр жишээ байж ч болно шүү дээ. Миний 4 хүүхэд нэг нь Улаанбаатарт, нэг нь Солонгост ,нэг нь АНУ-д, нэг нь Ховдод төрсөн(инээв).Мэдээж зөвхөн хүүхдээ гэртээ хараад суух нь ч өөрийн сонголт, үнэ хүндтэй ажил.  

 Тийм шүү, бүтэн цагаар гэрт сууж үзсэн удаатай. Ажил хийхээс хэцүү, их хөдөлмөр байсан санагддаг. Саяхан судалгаа харж байсан юм байна, ажилладаг ээжүүдийн хүүхдүүд илүү бие даасан, хүмүүжилтэй байдаг гэсэн утгатай. АНУ-д доктор хамгаалсан сэдвээс гадна сурч авсан хамгийн том зүйл нь юу вэ?

Маш олон зүйл сурсан. Идэвхитэй байх, хүүхэдтэйгээ зөв харьцах.  Хүүхдээ эрт унтуулах. Хүүхдүүдээ хооронд нь харьцуулахаа больсон. Багаас нь алдаа хийлгэх, хүүхдийг алдаа оноотой өөрөөр нь хүлээж авах гэх мэт хүүхэдтэйгээ зөв харьцах талаар маш их зүйл сурсан. Манайхан хүүхдийг муу авахаар загнадаг штээ, манай ээж ч тийм л байсан(инээв).

 Хүмүүс намайг олон ажил амжууллаа гээд гайхаад байдаг, гэтэл би өөрийг чинь харахаар гайхаад байна, хувийн зохион байгуулалтын нууцаасаа хуваалцвал?

Тийм нууц гэхээр юм байхгүй дээ. Би зарим хүний төсөөлдөг шиг өглөө эрт босоод л, би энийг ингэж амжуулах ёстой гээ л шүдээ зуугаад гүрийдэг хүн биш.  Орой бол аль болох хүүхдүүдтэйгээ тоглодог, ном уншдаг, амралтаар ууланд авирдаг. Харин түрүүн хэлснээр эрт унтуулж, дараа нь ганцаараа сууж ажлаа амжуулж дадсан. Орой үлгэр ярьж өгөөд унтуулдаг. Оройд би өөрөө заавал 10 үг шинээр цээжилнэ.

Эхнэр хүний хувьд?

Би сайхан ханьтай, эрэгтэй хүн цаанаасаа алсын хараатай, эмэгтэй хүн тэр далавчаа дэвэх боломжийг нь өгч байх арга ухаантай байх ёстой гэж боддог. Жишээ нь манай хүн тамхи татдаг байсан. Өвлийн хувцсаа үнэрлүүлээд энийг үнэрлэж үз дээ гэхэд ухаараад гарч байсан. Ажлаа сонгоход нь ч би голоод, үглээд байлгүй – Чи ийм ажил хийх хүн мөн үү гэх мэтээр загнах, нэхэхээс илүү ухаарал өгч өөрөө өөрөө шийдлээ олох тийш нь дэмжиж хөтөлж ирсэн.  Эр хүнийг аль болох барихгүй байхыг хүсдэг,  4хүүхэд маань аавыгаа л загвар болгож харна, тэгэхээр өөрийн гэсэн хүрээтэй, эрх чөлөөтэй, сайн сайхан яваасай гэж бодож ханддаг.

Анх уулзаад би өөрийг чинь нэлээн өөрийн дураар төсөөлжээ. Одоо ингээд ярилцаад байхад их гэр бүл амьтай дүр харагдаж эхэлж байна. Гэр бүл, үр хүүхдээс гадна өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго чинь юу бол?

Би аз жаргалтай л амьдаръя гэж бодож, хөдөлмөрлөж ирсэн. Одоо эргээд бодоход аз жаргал хүний дотор явдаг юм байна. Хүний баяр баясгалан ямар нэг юм тохиолдоход хэрхэн хандахаас болдог ч юм шиг. Намайг хүн муулж байвал уурлахаас илүү энэ хүнд сайхан байсан байх гэж ханддаг ч юм уу, эерэг хандлага, хүлцэл аяндаа аз жаргалыг бий болгодог. Хоёрт бид дотнын хүмүүс тусмаа муу муухай үг хэлэх хандлага байдаг. Тэрний бурууг арай эрт ухаарсан байх, 15 жил ханилж байгаа ч ханьтайгаа нэг хоёр удаа л хэрэлдсэн, тэрэндээ их харамсдаг. Гаднаас аз жаргал хайдаг хүмүүс бусдаас хамааралтай байдаг. Гоё машинтай, гоё хувцастай, тэрийг нь юу гэж хэлэх бол гээд янз янзын хүлээстэй...Дотроосоо аз жаргалтай хүн гаднаас юу ч хайхгүй, тэр тусмаа илүү их бүтээмжтэй.

Таны хариултаас надад нэг ийм асуулт төрж байна. Ямар нэг шинжлэх ухаан, карьерийн талаар өмнөө тавьсан амбиц, зорилго байгаагүй бол заавал яагаад гэр бүлээ дагуулаад Солонгос, АНУ яваад суралцах хэрэгтэй байсан юм бол? Нэг ийм онигоо байдаг даа, хар нөхөр гадил жимсний модон дор хэвтэж байдаг. Нэг европ ирээд наад бананаа түүж зараач дэмий хэвтэхээр гэдэг. Тэгээд яахын гэхээр дугуй ав, дугуй аваад яахын гэхээр олон банана зөө, тэгээд яахын гэхээр машин ав, тэгээд яахын гэхээр бүр олон банана зөөгөөд баяж, тэгээд яахын гэхээр тэгээд модон дор хэвтэж байхгүй юу гэтэл –Тэгээд би одоо яаж байгаан? гэсэн гэдэг шиг их л олон юм хийлгүйгээр яг одоо байгаа газраа “байх” боломж байс ан юм биш байгаа? 

Байсан ч байж мадаггүй. Гэхдээ анхандаа хүүхэд, залуу хүн аз жаргал өөрийнх нь дотор байдгийг  ухаарахгүй шүү дээ.   Бусдын жишгийг дагаж  АНУ явна, доктор болно л гэнэ.

Өөрөөр хэлбэл “амжилт” гэдгийн нийтлэг тодорхойлолтыг дагажээ дээ?

Дагасан дагасан. Одоо бол захирлаас аваад хаячихсан ч би жаргалтай л байна. Гэхдээ ажлаа бол хэн нэгэнд сайхан харагдахын тулд биш, эвсэл амжилт, карьерийн төлөө биш усны ундарга шиг дотроосоо сонирхож дурлаж хийдэг болохоор хийж байсан нь дээр байх.

Хүний унаган өгөгдөл дээр ур  чадвар, хандлага, хичээл зүтгэл нэмэгдэж бие хүн болдог гэх нь бий.  Төрөлхийн эрч хүчтэй, манлайлагч хүн ур чадвар боловсролоо нийтийн жаягийг дагаж хөгжүүлээд харин одоо бол хандлага бол их дотогшоо болж ирж байгаа юм аа даа?

Тийм шүү, тийм болж ирж байна.  Дээр нь нийгэм их сонин болж ирж байна, хүүхэд үрэгдэж хүмүүс жагсаж байсан. Би нэг хүүхдийн ном бичье гэж бодож байгаа. Бид нар чинь компьютер дээр ажиллахдаа заавар авдаг биз дээ, гэтэл хамгийн чухал хүүхэд өсгөх аргачлалын талаар ч гэсэн юм заалгахгүй бол мэдэхгүй шүү дээ. Би гэхэд гурав дахь хүүхэд дээрээ л зөв хөхүүлж сурсан, хоёр хүүхэд хөхүүлсэн атлаа.  Жишээ нь хүүхдийг харьцуулах ёсгүй, хүүхэд бүр шал өөр байдаг. Бид нар хүүхдээ ажигладаггүй, би өөрөө ч урд нь тийм л байсан завгүй гүйгээд л. Одоо бол ажиглаад их удаан сууна, асар том ертөнцүүд. Энэ мэтийг хэлж өгөхгүй бол хүн хэлэхээс наашгүй гэдэг шүү дээ.

 Их сайхан санаа байна, энэ мэт ухааныг заавал дамжуулж өгөх  ёстой гэж бодож байна. Япон гэхэд жишээ нь ээжүүд нь хүүхдээ, хүнээ бүтээдэг орон байна. Тэдний энэ чамбай соёлд 1930-аад онд гарсан нэг томоохон хүмүүжлийн тухай ном асар том нөлөө үзүүлсэн байдаг.  Миний бодлоор та залуу хүмүүс тогтсон зам, нийтлэг дүрмийг л дагадаг тийм соёлыг дагахдаа дагаад, даван туулж гадна нь гарч чадсан, бас 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэг утгаараа оюутнуудтай харилцахад хамгийн тохирсон хүн юм шиг санагдаж байна. Оюутнууддаа аливааг таньсан, гадна талаас нь харж үзсэн, бас ээж хүний нэг тийм “хайр” –аар хандаж чаддаг байх?

Баярлалаа, манай сургууль багагүй амжилттай байгаа гэж итгэж байна.   Би сургуульдаа “Чи хөөрхөн” гэдэг ч юм уу жирийн чөлөөт сэдвээр лекц уншина, хүүхдүүд их дургүй ирдэг байсан, хоцордог байсан, одоо өөр болсон. Сургуулийн гэмт хэргийн гаралт нойл болсон, эрүүлжүүлэхэд манай оюутнууд харагдахаа байсан гэгдэж байна. Сайн дурын ажил хийдэг болсон, эрүүл мэндийн үзлэгт өөрсдөө очдог болсон. Өглөөний клубууд нээж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх ажил бас хийж байна. Хүүхэд юу хүсэж байна, яамаар байгааг сонсооч?! гэж  их хэлдэг.Ингээд идэвхижүүлээд ирэхээр аяндаа хичээлдээ сайжирч, яваандаа бүр багш нараасаа нэхэж шаардаж эхэлж байна. Судалгааны ажлуудад нэлээн анхаарч байна, хүүхдүүдийг аль болох гадагш нь явуулахаар ажиллаж бн, ойрхноор нь Орос руу.

Тэгэхээр оюутнууд баруун хязгаартаа ч сайн сайхан суралцах боломж байх шиг. Түүхийн явц, залуу хүний хүсэл тэмүүллийг бодохоор хот руу тэмүүлэхийг бас буруутгах аргагүй. Нутаг орондоо суралцах, хотод суралцахын  хооронд ямар ялгаа, давуу сул тал байна вэ?

Чи өөрөө мэднэ,  АНУ-д, Японд гэхэд их сургуулиа сонгохдоо  хөдөөнийх үү хотынх уу гэдгийг хардаггүй биз дээ. Сайн сургууль уу үгүй юу гэдгийг л хардаг . Яг тэрэнтэй адилхан, манай оюутнууд сайн сургууль, сайн багш хаана байна гээд явах ёстой. Тийм цаг удахгүй ирнэ, тэгэхэд хямд чанартай боловсролтой байж чадвал болно. Бас хүмүүс хотод эрүүл мэндээ, хайран цагаа үнэлэхгүй байна.

Сайн оюутан сайн сургууль хайна, бусад нь бол сүрэглэж нэгийгээ дагаж байгаа. Таны бодлоор энийг нь дагуулаад жишээ нь Багануур гэх мэт хот орчимд их сургуулийг төвлөрүүлэх үү, хязгаар нутагтаа их сургуулиудаа хөгжүүлэх нь зүйтэй юу?

Баруун бүс зүүн бүс хөгжих ёстой. Улс орны аюулгүй байдлаа бодсон ч тэр, Торгоны зам татагдлаа гэхэд боловсон хүчин байх ёстой,  дор хаяж нэг томхон хөгжлийн төв үүсэхэд цус холилдохоос сэргийлнэ. Оюутнууд  байж байж хотжиж, сэтгэлгээ залуужиж, үзвэр үйлчилгээ нэмэгдэж, зах зээл үүснэ.  Тэгэхдээ хуучин цагийнх шиг илгээлтээр төвлөрүүлнэ гэж худлаа. Хөгжүүлэлт хийж оюутнуудаа татах ёстой.

Шинэ хичээлийн жил эхэлж байна.  Хоёулаа өнөөдөр хүүхдийг  байгаагар нь харах, хэн бэ гэдгийг нь таних тухай их ярилцсан. Сурагч оюутнуудыг ч мөн тэр хүн хэн бэ гэдэг талаас биш нөгөө л хуульч эмч багш хэдэн мэргэжил, байдаг хэдэн сургуульдаа чихдэг явц үргэлжилсээр байх шиг. Ингээд хүнийхээ сонирхол, авьяасыг дагаж хөгжүүлэхгүй нийгэм маань тосгүй мотоор шиг болчихлоо.  Та сурган хүмүүжүүлэгч, ээж хүний хувьд шинэ оюутнуудад  хандаж зөвлөвөл юу гэж зөвлөх вэ?

 Энэ жил бол сургууль талдаа их хэцүү жил болж байна, элсэлт бараг хагас нь багассан. Эсрэгээрээ төгсөгчид бол азтай, дуртай сургуульдаа орж байгаа. Гэхдээ амар орлоо гээд сэтгэл ханалгүй, гол нь өөрөө өөрийгөө л олох ёстой. Байгаа газраа аз жаргалтай байх ёстой.  Тэглээ гээд хүсэл тэмүүллээ хаяна гэсэн үг биш. Балансаа олж сурах, дугуй унаж байгаа юм шиг л амьдралын балансаа зөв бариад тэнцвэртэй явж сурах тийм амаргүй ч аяндаа болно.  Их сургууль бол багш төдийгүй найз нөхдөөсөө сурдаг сайхан үе. Зөв байж, ийм алтан үеэ сайхан өнгөрөөгөөсэй. Чи өөрөө өөрийгөө сайн сонсож сурвал жишээ нь хэт их сагс тоглоод ирвэл би болохгүй шүү, хичээлэ э хийх ёстой шүү ч юм уу зөвхөн багш нар биш дотор хүн чинь хэлж байдаг, тэрийгээ сонсож сураарай.  Мэргэжил сонгохоосоо өмнө чи ямар хүн бэ, ямар хичээлд дуртай вэ гэдгээ хараарай.  Байгаадаа таларх, хэл сур,  гадны юм сурах тусам Монголоо хайрладаг юм байна.  Нөгөө талаас багш гэдэг их сайхан мэргэжил, хүнд дандаа хүндлүүлж хайрлуулж байдаг. Гэхдээ үүнийгээ баталгаатай гэж бодож болохгүй. Хүүхдэд бурхан шиг харагддаг хүн бурхан шиг байх ёстой. Аль болох тэр хүүхдийн хувьд идиал нь байх ёстой. Алдаа гарвал хүлээн зөвшөөрч сурах ёстой. Оюутнуудаа хайрлах ёстой. Хайр гэдэг агуу зүйл шүү дээ. Ээжийн хайр, багш шавийн хайр...  

Бас эх орноо хайрлах хайр?

Би хөдөө яваад олон зүйлийг нээж мэдэж байна. Монгол бол байгальтайгаа тэнцвэрт орших их ухаан агуулсан орон юм байна.  Бид хэзээ ч байгальтай дайсагнаж байгаагүй юм байна. Монгол хүн байгальдаа буцахаар энэ нь сэргэдэг, байгалиас хүнээс хайр авах чадвар нь өөр болж байна. Бид хэтэрхий гадаадыг дагаад өөрсдийгөө мартаж байж мэднэ.  Монгол хүнийг танихын тулд өөрсдийгөө эргээд сайн харах ёстой. Буддын шашнаас тусдаа яг бидний өөрсдийн унаган ухаан гэж бий, түүнийгээ таньж байж хөгжинө гэж бодож байна.  Монгол хүн Монголоо таних ёстой.

Азийн хамгийн хөгжилтэй орон, дэлхийн тэргүүлэх улсад явж ирсэн хүн тусмаа Монголоо таних ёстой гэсэн үг жинтэй сонсогдож байна.  Өнөөдрийн яриа маань АНУ, амжилтын тухай гэхээсээ өөрийгөө таних, бас Монголоо таних гэсэн агуулгаар аяндаа өрнөлөө.  Хүн аянд яваад эргэж ирэхдээ л гараанаас гарсан газраа анх удаа таньдаг гэсэн сайхан үг санаанд бууж байна.

Өөрийгөө олох, Монголоо олох аян минь үргэлжилж байна даа. Амьдрал баялаг шүү, залуу хүмүүс өөрийнхөө зорилгыг том, хол тавиасай. Ханыг хаалга болгож болно, нураагаад хоосон болгож болно, байшин барьж болно,  яаж ч өөрчилж хөгжиж болно, амьдралд сонголтгүй болно гэсэн асуудал байхгүй шүү дээ. Би лаг байя амжилтад хүрье гэхээсээ  хийх ёстой газраа хийх ёстой ажлаа хийж явсаар энд ирээд байна.

Цаг гарган ярилцсанд их баярлалаа. Таны ажил үйлс, гэр бүл, их сургуулийн багш оюутнуудад нь шинэ улиралд арвин ургацтай байхын ерөөл дэвшүүлье.

 

Ярилцсан @bolushka


  1. 103.229.122.* Зочин 2015-11-20 04:58
    Найс
  2. 202.21.109.* Зочин 2015-09-04 11:18
    mundag mundag
  3. 103.229.120.* Зочин 2015-09-03 22:19
    Wow baharhaj baina bayar hurgie Uneheer uhaantai emegtei bas sain eej bololtoj