Р.Энхтуяа “Би Японд байхдаа хүнийг бодож сурсан. Цэцэрлэг байгуулсан маань ч үүнтэй холбоотой"

Bolor Rose
2015-09-04 00:16

 Бид энэ удаагийн ярилцлагын буландаа БЗД-ийн 12 дугаар хорооны гэр хороолол дунд "Амгалан-Энх" нэртэй  цэцэрлэгийг байгуулан тун удахгүй нээлтээ хийж  гэр хорооллын бяцхан багачууддаа  бэлэг барих гэж буй  Японы “JICE” –д орчуулагчаар ажилладаг монгол бүсгүй Р.Энхтуяаг зочноор урьсан юм. Тэрээр тус цэцэрлэгийг гадаадад ажилладаг монгол эмэгтэйчүүдийг уриалан хандиваар байгуулж байгаа бөгөөд тэрээр үүнийгээ өөрийнхөө зүгээс эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээн онцолж байсан юм. Түүнчлэн "Амгалан-Энх" цэцэрлэгийг Япон цэцэрлэгийн стандартаар байгуулж байгаа бөгөөд Япон цэцэрлэгийн заах арга барил, эрүүл ахуй, орчин нөхцөл гээд бүгдийг шингээж буйгаараа мөн дээрээс нь цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдэд туслах зорилгоор эл ажлаа эхлүүлсэн гэнэ. Ингээд  сурсан зүйлээрээ улсдаа хөрөнгө оруулалт хийж, ирээдүй хойч болсон бяцхан багачуудынхаа хөгжил, боловсролд нь тус дэм болохоор ирсэн  Японы олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллага болох “JICE” -ийн орчуулагч Р.Энхтуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Баярлалаа. Намайг Ренчиндоржийн Энхтуяа гэдэг. Сүхбаатар аймагт төрсөн. Одоо Японы олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллага болох “JICE” –д орчуулагчаар ажиллаж байна. Би дунд сургуулиа төгсөөд Оросын Тюмень хотын Нефть Газийн их сургуульд геофизикийн инженер мэргэжлээр төгссөн. Түүний дараагаар Японы Азийн их сургуульд нягтлан бодох бүртгэлийн менежмэнтийн чиглэлээр мастер, доктрантаар сурч төгссөн байгаа.  Нийтдээ 20 жил гадаадад сурч ажиллаж байна даа. Ирэх жилээс Японы Азийн их сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнд ажиллахаар болсон байгаа.

-Аанхан. Тэгэхээр таныг хандив цуглуулан монголдоо цэцэрлэг байгуулж байгаа гэж сонссон. Хоёулаа энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би олон нийтийн сүлжээгээр монголчуудаа уриалж хамтран ажиллах их дуртай.  Энэ цэцэрлэгийг ч мөн ялгаагүй гадаадад ажиллаж, амьдардаг монгол эмэгтэйчүүдийг уриалж  хандиваар байгуулж  байгаа. Цэцэрлэгийн нээлтээ 9 сарын 5-нд хийнэ.  Монголд цэцэрлэг байгуулах санаа өнгөрсөн жил төрсөн. Нутагтаа амралтаар ирчихсэн байсан үе л дээ. Гэтэл тэр үед хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж олон хоног оочир дараалал үүсгэж, хонон өнжин сууж байгаа эцэг эхчүүдийг хараад цэцэрлэг байгуулах юмсан гэсэн мөрөөдөл, хүсэл төрсөн. Манай улс бусад улс орнуудтай нэн ялангуяа Япон улстай харьцуулахад залуусын орон шүү дээ. Тиймээс бид ирээдүй хойч болсон тэр залуусаа зөв хөгжилтэй, эх орондоо хэрэгтэй иргэн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх ёстой болохоор өөрийнхөө болоод гадаадад ажиллаж амьдардаг монгол эмэгтэйчүүдийнхээ хүсэл зорилго мөрөөдлийг биелүүлэхээр энэ ажлыг эхлүүлсэн. Тухайн хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйд ямар хүн болох хийгээд цаашлаад улс орны хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Тэр суурь хүмүүжлийг олгодог газар бол мэдээж цэцэрлэг, сургууль. Бидний байгуулж байгаа энэ цэцэрлэг маань 2 ангитай. Нэг ангидаа 20 хүүхдийн багтаамжтай.  Нийтдээ  40 хүүхэд авахаар төлөвлөөд бүртгэл эхэлсэн байгаа. 

 

-Цэцэрлэгтээ авах хүүхдүүдэд  тодорхой шалгуур тавьсан байгаа юу. Мөн төлбөр мөнгөний хувьд ямар байгаа вэ?

-Анхандаа бид нар хандиваар гэр хороолол дунд энэ цэцэрлэгээ байгуулж байгаа болохоор цэцэрлэгт орж чадаагүй гэр хорооллын хүүхдүүдийг үнэ төлбөргүй авах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хүүхдүүдээс гадна ажилтнуудынхаа цалинг олгох, мөн дээрээс нь санхүүгийн хүндрэл их гарч байгаа учраас энэ жилдээ зах зээлийн хамгийн бага үнэ болох 150 мянган төгрөгөөр сургахаар бүртгэж байна.  Гэхдээ хүүхдийн эцэг, эхийн орлого, амьдралын түвшинг харгалзан үзэж хөнгөвчлөх зарим нэг төлөвлөсөн зүйлүүд байгаа.  Одоогоор цэцэрлэгээ энэ байрныхаа нэг давхрын 2 ангидаа элсэлт авч байна. Цаашдаа бүр өргөжөөд  хоёр давхартаа 3 анги ашиглалтад оруулах  бодолтой байгаа. Бидний эцсийн зорилго бол тав тухайтай тохилог орчинд монгол хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх. Мөн дээрээс нь ганц ч болтугай монгол эмэгтэйд цаг зав гарч өөрийгөө улам илүү хөгжүүлээсэй, эх орондоо мөн их зүйлийг хийж бүтээгээсэй гэдэг сэтгэлийг өвөрлөн ажиллаж байна даа. Манай монгол эмэгтэйчүүд бусад улс орны эмэгтэйчүүдээс их олон талаараа онцлог давуу талтай. Гадаадын орнуудтай харьцуулахад энэ хүнд орчин нөхцөлд олон ажлыг амжуулж чаддаг маш чадварлаг. Тиймээс бүсгүйчүүддээ цаг зав гаргах, өөрийгөө хөгжүүлэхэд нь улс орноос тусламж дэмжлэг үзүүлэх ёстой гэж хувьдаа боддог.

- Таны хувьд Японд ажилладаг гэсэн. Тэгэхээр мэдээж Япон цэцэрлэгт хүүхдээ сургадаг байх. Тэгвэл Япон улс хүүхдийнхээ цэцэрлэгт ямар бодлогыг баримталдаг вэ? 

- Японд ээж нарт сонголтыг өгдөг. Та ажил хийхгүй гэртээ байхаар шийдсэн бол хүүхдийг тань цэцэрлэгт авахгүй. Та өөрөө харах ёстой. Харин  эсрэгээрээ хэрвээ та ажилд орох юм бол хүүхдийг тань заавал цэцэрлэгт авна гэсэн бодлогыг баримталдаг. Тэр бол тухайн ээжийн л сонголт байдаг.  Харин төлбөр мөнгөний хувьд бол улсын цэцэрлэгүүд тухайн хүүхдийг цэцэрлэгт  авахдаа эцэг, эхийнх нь орлогыг харгалзан үзэж төлбөрийг нь тогтоодог.  Миний хувьд монгол цэцэрлэг ямар байдгийг мэдэхгүй болохоор эрүүл ахуй, орчин, сургалтын арга барил гээд бүгдийг Япон цэцэрлэгийн стандартаар энэ цэцэрлэгээ байгуулж байгаа. Тухайлбал, Японд хүүхдийн эрүүл мэндэд цэцэрлэгүүд маш өндөр анхаарал тавьдаг. Өглөө бүр хүүхдүүдийн халууныг хэмжиж байж хүлээж авдаг гэхчлэн. Мөн нэг ангидаа 20-иос дээш хүүхэд авахгүй гэх мэт олон чухал стандартууд бий.

- Хүүхдийн багын хүмүүжил ямар байхаас тэр хүүхдийн ирээдүй цаашлаад улс орны хөгжил ямар байх нь хамаарна. Тэгвэл Япон цэцэрлэгийн багш нарын заах арга барил ямар байдаг вэ. Одоо энэ байгуулж байгаа цэцэрлэгтээ хэрэгжүүлэх гэж байгаа хүүхдийн хүмүүжилтэй холбоотой сургалтын арга барил юу байна вэ?

- Япон цэцэрлэгт багш нарын баримталдаг нэг зарчим бий. Цэцэрлэг бол хүүхдийг хамгийн сайн тоглуулдаг, хамгийн сайн унтуулдаг, хамгийн сайн идүүлж сургах  газар байх ёстой гэдэг. Би хоёр хүүхэдтэй. Тэр хоёр маань  Япон цэцэрлэгт явдаг. Тэдний маань цэцэрлэгээсээ сурсан ганц л зүйл бий.Хүний юманд гар хүрч болохгүй, заавал эзнээс нь зөвшөөрөл авах хэрэгтэйг л  Япон цэцэрлэгт заадаг . Хүний тоглоом авах гэж байгаа бол заавал гуйна, харин гуйсан тохиолдолд нөгөөдөх нь заавал өгөх ёстойг. Хамт тоглохдоо эвтэй байхыг сургадаг. Энэ нь цаашлаад хүүхдийн багаар хамтарч ажиллах болоод аливаа асуудлыг эвийн хүчээр шийдэх суурь хүмүүжил нь болж өгдөг. Өнөөгийн Япон улсын хөгжлийн нууц үүнтэй салшгүй холбоотой.  Үүнийг л энэ цэцэрлэгтээ хэвшүүлэх багш нар болоод хүүхдүүддээ зааж сургахыг эрхэм болгож байгаа даа. Ер нь тухайн хүний суурь хүмүүжил ирээдүйг нь тодорхойлж байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Аав маань намайг бага наснаас эхлүүлэн эрдэм номтой хүн болж эх орондоо хэрэгтэй хүн болох хэрэгтэй захиж, сургаж хүмүүжүүлсэн.  Энэ цэцэрлэгийг байгуулсан маань ч аавын маань тэр захисатай холбоотой. 

-Таны хувьд Орос, Япон гээд хөгжлөөрөө тэргүүлдэг улсуудад их сургуульд сурч, дээрээс нь Япон улсад олон жил ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр таны нүдээр манай улсын хөгжил, хөгжлийн гарцыг та юу гэж тодорхойлдог, хардаг вэ?

- Нэг л зүйл байна. Өнөөдөр манайхан их сайхан ярьж байна. Тэгж ч бүтээн байгуулалт хийнэ, тийм ч цогцолбор барина, ийм төсөл боловсруулж байна гэхчлэн. Гэхдээ намайг харахад ярихын оронд үйлдэл болгомоор юм шиг санагддаг. Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн бүр өөрийнхөө чадах чинээгээрээ хийж, бүтээх хэрэгтэй. Ганцаараа чадахгүй бол хамтраад хийх хэрэгтэй. Тэгвэл  бид бүтээн байгуулж чадна, хөгжиж чадна гэж хэлмээр байна. Өнөөдөр миний энэ цэцэрлэг хоёрхон ангитай ч гэсэн би багаас нь хийж байна. Тэгэхээр аливаа зүйлийг хийнэ гэж ярьсан бол бага багаар нь хийж эхлэх нь хамгийн чухал.  Мөн дээрээс нь залуучууд маань хөгжих хэрэгтэй. Их зүйлийг сурч, туршлага хуримтлуулж эх орондоо хийж бүтээх хэрэгтэй.  Би хувьдаа залуучууддаа зөвлөдөг юм.Залуучуудын хөгжлийн гарц бол эрдэм боловсролтой болох дээрээс нь туршлага хуримтлуулах гэж. Гадаадад сурч чадахгүй бол гадны улсад очоод хүнд хэцүү нөхцөлд ч хамаагүй нэгээс хоёр жил ажиллаад үз. Олон зүйлийг сурч туршлага хуримтлуулна. Энэ бүх сурсан зүйл чинь зорилго мөрөөдөл, цаашлаад эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад  тусална. Би Японд ажиллах хугацаандаа нэг л зүйлийг хамгийн сайн сурсан. Би бүх ажлыг хийхдээ хүний төлөө хийж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэйг сурсан. Сандал хийсэн ч түүн дээр хүн сууна, гутал оёсон ч хүн өмсөнө, хууль санаачилсан ч тэр нь хүний төлөө гэдгийг. Тэр хэрээрээ би сандал хийж байхдаа өөрийнхөө амар хялбарыг харж биш, ашгийг харж бус, эсвэл гарах зардлыг харж биш тэр сандал дээр хэн суух вэ гэдгийг бодож хийх хэрэгтэйг л сурсан. Миний хийж байгаа бүх зүйл хүн төвтэй байх ёстойг. Цэцэрлэг байгуулсан маань ч үүнтэй холбоотой. 

-Аанхан. Тэгэхээр өөрийнхөө сурсан зүйлээр эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулалт хийж монголын нэг ч гэсэн хүүхдэд олон зүйлийг зааж сургахаар цэцэрлэг байгуулж байгаа танд уншигчдынхаа өмнөөс, нийт монголчуудынхаа өмнөөс талархаж байна. Та цаашдаа өөр юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ.  Ганцхан цэцэрлэг байгуулаад таны хөрөнгө оруулалт дуусахгүй байх гэж хувьдаа бодлоо л доо.

-Баярлалаа. Энэ бол миний зүгээс улс орондоо оруулж буй хөрөнгө оруулалт. Би монголдоо хоёр ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Нэг дэх нь энэ цэцэрлэг. Харин нөгөөдөх нь Японд амьдардаг монголчууддаа зориулсан хотхон байгуулах. Энэ маань одоогоор газраа аваад бэлтгэл ажилдаа явж байна. Яагаад энэ хотхоныг байгуулахаар болсон гэхээр Японд монголын үнэхээр мундаг чадвартай, боловсролтой залуучууд ажиллаж амьдарч байна. Тэд чаддаг зүйлээрээ эх орондоо хөрөнгө оруулалт хийж, улсдаа ажиллаж, амьдрах хэрэгтэй. Тэгээд хувьдаа бодсон. Энэ хүмүүс яагаад эх орондоо ирж ажилладаггүй, амьдардаггүй юм бол... Учир нь тэд монголд ирээд бүхнийг шинээр эхлүүлэх болдог. Амьдрах байр, ажил гээд л. Тиймээс би нэг ч гэсэн бэрхшээлийг нь арилгах зорилгоор энэ хотхоныг байгуулах гэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс

 

 Ярилцсан: С.Цэрэндэжид 


  1. 162.158.7.* Зочин 2020-05-16 12:45
    Таньдаа ажлийн амжилт хүсье
  2. 122.201.19.* Мөнхөө 2016-06-09 14:39
    Мөнгө төлж өөрийн байшингаа цэцэрлэг болгож бгаагаа зарлаж гэнээ онигоо
  3. 122.201.19.* Мөнх 2016-06-09 14:36
    Худалч
  4. 122.201.19.* Зочин 2016-06-09 14:34
    Өөрийнхөө байшинг мөнгө олох арга болгоод хөгийн худалч хөгшин японы зарц
  5. 202.9.40.* ene hund buu itge.. 2016-03-27 11:06
    Ee burhan mini ene hund bitgii itgeerei..estoi samrana shuu..yamar huniig ni meddeg bolhoor helj bn..yana da tord iim hun garaad estoi uls orong mini samrana da..humuus mini bitgii l itgeerei..
  6. 122.214.0.* Mongol. 2015-11-13 19:00
    Yag shuu dee gazar ooroo avchihsan yum shig heev neg yarij baina,hun bolgoniig shanalgaad l mongo niiluuleech geed l etsest ni ooroo l unegui gazartai,bairtai bolj,jer toroo l osgoh gesen reclam shuu dee.Ichij amidar Enkhtuya mini.
  7. 122.214.0.* Зочин 2015-11-13 11:16
    Ene hiih gej baigaag ni unshlaa.Iim hun garaad yu hiinee.Ter tsetserleg hiine geed baigaa ni ooroo hiij ashig oloh geed chadahgui japand baigaa heden huuhnuudiin tarhiig goy ugeer ugaaj mongo ,bolon busad zuil handivluulj hiih gej baigaa uhaantai .
  8. 122.214.0.* Зочин 2015-11-13 11:12
    Ene huuhniig oiroos meddeg hun bol shal hudlaa ner toriin toloo jujigchin gedgiig mednee.Bainga neree gargah gej japanchuudaas MN-n yadarsan zuderseniig uglej mongo,zuils tsugluulj,terniigee ihenhidee huvidaa zavshdag,yostoi butehgui buyantnii tsarai esgesen shunaliin tulam.Iimerhuu zavaan yumnuud l ner toriin toloo songuulid orj zarim ni azaar songogdood uls orniig bodohoos huviin erh ashgaa boddog shuu dee.Ene hunii saihan yariand buu itgeerei.Japand yaj amidarch yu hiij yavdagiig ni meddegch boloosoi.
  9. 112.72.13.* Зочин 2015-10-03 21:39
    Uneheer mundag. Bayrtai bnaa. Holbogdoj uulzah ymsan
  10. 182.249.246.* Зочин 2015-09-06 11:51
    Yamar saixan setgeltei yum be. Amjilt xusie.
  11. 119.83.115.* Зочин 2015-09-06 08:57
    Ingej hudlaa uuriiguu reklamdah n ashigtai l yum baihdaa hooson am shaldan guya umnuus n ichmeer yun orchuulagch be yopon nuhurtui geriin abgai
  12. 27.123.214.* энхамгалан 2015-09-05 16:46
    Жинхэнэ монголын телее цохилох зурх тэй бусгуй байна баяр хургэе.олон хунд хурээсээ.
  13. 126.254.210.* Asahigiin yanhan awgaid 2015-09-05 11:37
    Kkk yamar sanaataign medehguil humuust ihl mundag Hun haragdaj bgaa bh da Japan d yaj amdardagiin meddeg bol zugeerl belen mungu hunees handiwlaj awchaad teruugeeree uuruu biznes gej helchijee buyan bolj yum hiij gechijee sonin mungunii tuluu yagaad butsahgui awgaig bdgiig bugdl medne ,
  14. 1.75.196.* Зочин 2015-09-05 10:33
    Mundag egchdee amjilt husei busdiigaa urialsan setgeliin dem ugch hurtsalsan saihan yariltslaga bna
  15. 182.250.248.* Зочин 2015-09-05 10:26
    mundag ymaa amjilt husie
  16. 112.72.13.* Зочин 2015-09-05 07:56
    Mundag yma jiriin neg emegtei iim ih zuil hiij chadaj bhad manai ulsiin ih hurliin gishuud uneheer orowdoltei bas amin huwia hicheesen hogiin yma
  17. 100.8.33.* Зочин 2015-09-04 18:02
    mongoloo gesen setgel unertej bna ushuu ihig higeerei amjilt husie
  18. 114.185.0.* Зочин 2015-09-04 17:57
    Yasan saihan medee we mania SENPAI mundag yumaa . Tanitai hamt hurald suuj bh ued l taniig bi yasn mundag ypidag uhaantai hun be gj harj baisan. yponchuudiin olj haraagui bodoj oloogui sanaanuudiig olj harj asuuj baisan ni uneheer baharhmaar sanagdaj baisan. Tanid ajliin ondop amjilt husen erooy tsaashid eh opniihoo toloo ulam ih zuiliig hiij buteeh boltugai !
  19. 202.21.109.* Зочин 2015-09-04 16:46
    saihan yariltsalga bolson baina. amjilt. gehdee hun yariltslagand oruulj bj aimar yarwaisan zurgiig ni nuur zurag ch bolgochihson bh shig. joohon hundelmeer yum naad hunee
  20. 103.9.90.* Зочин 2015-09-04 14:35
    Бүх хүмүүс ийм санаачлагатай ярих биш хийдэг бол хаана хаанаа асуудалгүй амар тайван ажиллаж амьдрах боломжтой болно. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. Хамтарч ажиллах саналтай байна. 99234533