СТА Д.Бадамханд “Хүүгээ магтах тусам хүү маань тэр хэмжээнд хүрэх гэж хичээдэг"

Bolor Rose
2015-09-07 01:12

 

Өнгөрсөн  7-р сард болсон Сүхбаатар дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн өдөрлөгийн үеэр хийсэн бүтээлээрээ олны анхаарлыг татаж, хичээнгүйлэн хайчилбар хийж суусан бяцхан хүү Б.Түшигийн ярилцлагыг эндээс та бүхэнд хүргэж байсан билээ. Ирээдүйд зохион бүтээгч болох хүсэл мөрөөдөлтэй тэр хүү өдөрлөгт оролцсон шалтгаан нь ердөө л ганц байсан. Хийсэн хайчилбараа зарж Дэлхийн Жемборын уулзалтад оролцох нь түүний зорилго.  Биеэсээ ахадсан том зорилгыг өвөртөлсөн тэр хүү хөлсөө дуслуулан хайчилбар хийж суугааг нь хараад тэр үед нэг бодол төрсөн. Энэ хүүхдийн ард хэн байгаа бол, энэ хүүхэд зорилготой байхыг, түүнийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөхийг хэн энэ хүүхдэд заасан юм бол, ээж нь ямар хүн байдаг бол гэх сониуч зан “Ирээдүйн 76 манлайлагчийн ээж” цуврал ярилцлагын зочноороо Б.Түшиг хүүгийн ээж СТА  Д.Бадамхандыг урьж оролцуулахад хүргэсэн юм.  Хүүгийн гэрт очих хүртлээ ээж нь СТА цолоор энгэрээ мялаалгаад удаагүй байгааг, мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөл суумгай болохыг мэдээгүй байсан юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

-Сайн байна уу?

-Сайн. Сайн байна уу.

- Юуны өмнө манай уншигчдад Б.Түшигийн маань ээж өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Намайг Д.Бадамханд гэдэг.  Би багш, сэтгүүлч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ Монголын радио, Өнөөдөр сонин гэхчлэн  хэвлэл мэдээллийн салбарт хорин хэдэн жил ажилласан.   Харин 2013 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг  “Салхич шувуу” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Би ганц хүүтэй. Хүү маань Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн 10-р ангид суралцдаг. Амьдралын хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй үеүдэд тулж босох хүч, түшиж тулах ганц найдвар маань миний хүү. Эгч нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөл суумгай төрж 6 настайдаа эцэг эхээсээ өнчирсөн ч тэр бүхнийг дүүргэж өгөх ганц хүү надад заяасанд талархаж явдаг.

-Тэгэхээр хоёулаа ярилцлагаа хүүгийнх нь тухай ярьж эхлүүлье. Насандаа ахадсан том зорилготой бяцхан хүүтэй Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өдөрлөг дээр таарсан юм.  Тэр бол танай хүү Б.Түшиг. Тэр үед хүүгийн хичээл зүтгэл, зорилго мөрөөдлийг хараад биширч байсан ч энэ хүүхдийн ард хэн байгаа бол. Ээж нь ямар хүн байгаа бол гэх сониуч зан маань өнөөдөр танитай ингээд уулзахад хүргэсэн юм.  Тэгэхээр Д.Бадамханд эгч маань хүүгээ хэрхэн хүмүүжүүлдэг талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу? 

-Би хүүгээ 35 настайдаа төрүүлж байсан. Тэр үед надаас бас хүүхэд гардаг юм байж дээ гээд л хэлэхийн аргагүй баярлаж байсан даа. Дутууг минь дүүргэж, дундуурыг минь гүйцээх ганцхан үртэй болсон нь миний энэ хүү. Түшиг гэх нэрнээсээ ч тэр төрсөн цагаас нь эхлэн түшиж, тулж ирсэн хүч бол миний хүү. Хүний  амьдралд гуньж гутрах,  зовлон бэрхшээлтэй хүнд хэцүү үеүд нэг биш цөөнгүй тохиолддог тэр үед хараад сэтгэл тайвширдаг цаашид амьдрах урам зориг эрч хүчийг өгдөг нь миний хүү. Тиймээс ч ганц хүүгээ хэнээс ч дутахааргүй мэдлэг боловсролтой, улс  эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчдийн нэг байгаасай хэмээн хүсэж, тийм болгохын төлөө өнөөдрийг хүртэл хичээсээр ирсэн. Гэхдээ зөвхөн миний хичээл зүтгэл гэхээсээ илүүтэй хүүгийн маань багш, найз нөхөд нь их тусалж,  дэмждэг. Би чинь хичээлдээ явахад нь сургууль руу нь ч  хөтлөөд хүргэж өгч чаддагүй тийм хүн шүү дээ. Тэр болгонд багш нар л миний хүүг нааш цааш хүргэж хүүд маань мөн олон зүйлийг зааж сургасан даа. Ямар сайндаа багштай нь тэр бүр уулзаж чаддаггүй байсан болохоор багштай нь хүүгийнхээ тухай харилцах дэвтэр нээгээд харилцдаг байсан.  Хувьдаа хүүгээ олон зүйлийг сурч мэдсэн боловсролтой хүн болоосой гэж их хүсдэг. Тиймээс миний хүүд  сурч болох ямар сургалт, дамжаа байна тэр болгонд хүүгээ хамруулахыг хүсдэг.  Хэдийгээр ээж хүү хоёрт хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй ч өнгөрсөн зун гэхэд LADY төвийн залуу  хатагтай ноёдын сургуульд сурч  биеэ авч явах хоол ундаа идэх гээд олон зүйлийг сурсан байгаа. Ер нь дэлхийн хэмжээнд шинэ соргог зүйл юу байна, хүмүүс юу сурч байна түүнийг хүүдээ сургахыг хүсдэг.

 Гэхдээ хүүхдэд дан ганц боловсрол мэдлэг байлаа гээд зөв хүмүүжилтэй сайн хүн болж төлөвшинө гэдэг өрөөсгөл ойлголт шүү дээ. Хүнд байх ёстой олон салаа мөчрийн нэг нь боловсрол. Үүнээс гадна хүнд байх ёстой хамгийн чухал салаа мөчрүүд бол хүнлэг энэрэнгүй сэтгэл, хүн шиг хүн байх, бусдыг хайрлах сэтгэл энэ бүхэн хамгийн чухал үнэ цэнэтэй зүйл гэж боддог.  Тиймээс хичээлээ сайн хий, их зүйл сур, эрдэм мэдлэгтэй бол гэхээсээ илүүтэй хүнийг хайрлаж сурах, хүнлэг сэтгэлтай байх тухай их ярьж өгдөг. Мөн хүүдээ үргэлж захьдаг нэг зүйл нь  хүнийг битгий ялгаж харьцаарай. Өнгө мөнгөөр битгий тэмцэлдээрэй. Битгий хүнд хармалж өгөөрэй.  Чамд тэр зүйл хичнээн хэрэгтэй байсан ч тэр зүйл чинь өөр хүнд хэрэгтэй бол өгөөрэй гэж үргэлж захидаг юм.

 

“Ээжтэй гэдгээ бусдад харуулан гараас минь хөтлөн алхах бяцхан хүүгийнхээ аз жаргалтай байгааг харах нь л миний аз жаргал”

 

-Аанхан. Тэгэхээр таны хувьд хүүтэйгээ хэр илэн далангүй ярилцдаг вэ. Бүх ээжүүд л хүүхдээ боловсролтой болгохыг, хүнлэг энэрэнгүй сайн хүн болохыг зааж сургадаг шүү дээ. Гэтэл тэр бүр хүссэнээр нь болохгүй тохиолдол олонх байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Эцэг эхийнхээ хүссэнээр хүүхэд хүмүүжиж сайн хүн болдог бол өнөөдөр хүн бүр төгс  байх байсан биз. Хувьдаа боддож явдаг зүйл нь хүүхдийг тийм хүн бол, ийм хүн бол гэж үглэж, загнахаасаа  илүүтэй ямар нэг онцгой тохиолдолд хэлэх гэсэн зүйлээ захиж хэлж байвал тэр нь хүүхдэд илүү үлддэг юм шиг санагддаг. Би заримдаа хүүтэйгээ хамт гадуур хоол идэх ч юм уу тэр үедээ хэлэх гэсэн зүйлээ ярьдаг.

Харин илэн далангүй ярилцах гэдэг тал дээр жаахан асуудалтай. Хүүхэд ер нь том болох тусмаа ээжтэйгээ ярилцах нь багасдаг. Тэгээд эхлэхээр хэдийгээр хажууд хамт байгаа ч гэсэн хүү маань юу бодож байгаа, ойрд ямар байгаа гэхчлэн мэдэхийг хүсдэг зүйлүүд их гарч ирнэ. Тэр үед хүүгийнхээ  найзуудтай нь л их найзалдаг. Хамт гэрт ороод ирэхээр нь хоол хийж өгнө, амттай юм авч өгнө, боломж олдвол хүүгийнхээ тухай яриулаад авна.(инээв) Миний хүү “Манай ангийн охидууд миний биш таны найз биз дээ” гээд л намайг тохуурхдаг юм.

Мөн хүүгээ мэдэж болох нэг арга бол багш нартай нь сайн ярилцах байдаг. Би хүүгийнхээ онцлог, сонирхол, зан чанарын талаар нь багш нараас нь их асуудаг.

Бас хэрэгжүүлэх юмсан гэж хувьдаа бодож явдаг нэг зүйл бий. Манай хүүгийн нэг найзын ээж нь надад хэлж байсан юм. Хүүхэд солилцооны хөтөлбөрийн тухай. Хоёр хүүхдээ солилцож хэд хоног ч юм уу, хэдэн сар ч юм уу амьдаръя гэж байсан юм. Бодоод байхад хэрэгжүүлбэл тэр их зүгээр санаа юм шиг байгаа юм.   Тэр хугацаанд хүүхдүүдийнхээ юу бодож явдаг, юу сонирхдог, ямар авьяастай, юунд дуртай гэхчлэн  мэдээд бие биедээ хэлж өгий гэж ярьж  байсан юм. 

-Тэгэхээр Бадмаа эгчээсээ нэг сонирхолтой асуулт асуумаар санагдлаа.  Та хүүтэйгээ хамт байхдаа, эсвэл ярилцаж байхдаа, бүр муудалцсан үедээ ч  юмуу хүүгийнхээ тухай мэдээгүй байсан зүйлээ мэдэрсэн үе хамгийн сүүлд хэзээ байсан бэ?  Тухайлбал, Аан би хүүдээ яг ингэж хандах хэрэгтэй юм байна, эсвэл хүү минь яг ингэдэг юм байна ш дээ гэхчлэн ухаарсан, мэдэрсэн зүйл байгаа юу?

 -Баярлалаа. Үнэхээр сайхан асуулт байна. Сүүлийн үед хүүгээсээ мэдрээд хэрэгжүүлж байгаа хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, хүүдээ илүү их итгэл хүлээлгэхийг  хүсч байгаа. Ер нь хүүхдэд зүгээр л итгэл найдвар хүлээлгээд даатгаад үзэх хэрэгтэй юм шиг. Тэгвэл итгэсний хэрээр хүүхдүүд итгэл алдахгүй байхыг хичээдэг юм билээ. Яг үнэндээ хүү маань бага сургуульд байхаасаа эхлээд л гэрийнхээ бүх хоол хүнс,  хоёр биедээ хэрэгцээтэй зүйлээ цуглуулдаг болсон. Тэр бүрт нь  илүү их итгээд өгөхөөр итгэсний хэрээр сайн байдаг гэдгийг ухаарч байна. Ямартаа заримдаа хүү маань “Ээж та дэндүү үрэлгэн байна” гээд л намайг зэмлэдэг.  Гэхдээ энэ нь зөвхөн мөнгөний асуудал дээр биш бүх тал дээр хүүдээ итгэдэг гэдгээ мэдрүүлэх нь их чухал зүйл юм шиг байна лээ. Нөгөө нэг зүйл нь хүүхдийг магтах. Хүүхдийг магтах тусам тэр хэмжээнд хүрэх гэж хичээдэг юм шиг санагддаг. Хүүдээ үгэлж, болохгүй зүйлийг нь харж загнахын оронд хааяа ч гэсэндээ хичээнгүй байгааг нь хараад, ширээний номоо цэгцтэй өрөөд тавьчихсан байгааг нь хараад, эсвэл сайхан сэтгэлийг нь хараад тэр болгонд нь магтаж урмын үгийг хэлж байх нь их чухал зүйл гэдгийг сүүлийн үед мэдэрч байгаа.

-Ээж хүн бүрт хүүтэйгээ, охинтойгоо хамт байх нь хамгийн аз жаргалтай мөч байдаг байх. Тэгвэл таны хувьд хүүтэйгээ хамтдаа байхдаа хийж үзэхийг мөрөөддөг зүйл байгаа юу?  Мэдээж ээж хүн бүр тийм мөрөөдөлтэй байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Үртэйгээ хамт байх жаргалаас өөр эрхэм жаргал эх хүнд байхгүй шүү дээ. Миний хувьд нэг мөрөөдөл байдаг юм. Эгч нь тэргэнцэртэй болохоор тэр бүр орж чаддагүй газрууд нилээд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан шат байдаггүй болохоор тэр. Тэр газруудын нэг нь кино театрууд.  Бусад хүүдүүдийн ээж шиг хүүгээ хөтөлж ороод хамтдаа кино үзэхийг их хүсдэг дээ. Кино үзэхдээ гол нь биш ээжтэй гээд ээжийгээ хөтлөөд явж байгаа хүүгийнхээ баярлаж байгаа царайг харах гэж л тэр юм шүү дээ.

- Хүүтэйгээ хамт хийхийг хүсдэг зүйл нь их мөнгөтэй болоод гадаадын өндөр хөгжилтэй орнуудаар аялах бус, үнэтэй хаусанд амьдрах бус, үнэтэй брэндийн хувцасаар гангалах бус зөвхөн хүүгийнхээ баярласан сэтгэлийг харах гэх  таны мөрөөдөл гарцаагүй биелэнэ гэдэгт итгэж байна. Эмэгтэй хүн олонч тэр дундаас ээж болсон нь хүн нь хамгийн агуу.  Ээжүүд бас олон ч тэр дундаас тань шиг  ээжүүд бас ховор байх гэж бодож байна.  

-Баярлалаа. Эх хүн бүрт л  байдаг сэтгэл байх даа.

 

"Би өөрийнхөө чаддаг зүйлээр амьдралын баялагаа бүтээж яваа"

 

-За тэгэхээр Д.Бадамханд эгч маань хүүгийнхээ сайн ээж төдийгүй хүмүүсийн  сонсох дуртай олон дууны үгийг бичиж өнөөдрийг хүртэл олны зүрх сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүдийг хийж СТА цолоор энгэрээ мялаалгаад удаагүй байгаа тухай ярилцлагаа эхлүүлэхээсээ өмнө сонссон болохоор энэ талаар асуухгүй өнгөрч чадсангүй. Уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Хэзээнээс анхны дууны үгээ бичиж эхлэв?

-Хамгийн анх 8-р ангид байхдаа “Дэгдээхэйн жигүүр гүйцэх болоогүй” дууны үгийг бичиж Долгион ах маань ая хийж байлаа. Тэгээд тэр дуундаа 50 төгрөгийг урамшуулал аваад их баярлаж, хүмүүсээс захиа хүлээж аваад л их хөөрч байж билээ. Тэгж л уран бүтээлийн маань гараа эхэлсэн дээ. Түүний дараагаар  10-р ангид байхдаа  Чингис хааны Жагаа ахтай  хамтран “Мөнгөн хонх” дууны үгийг бичиж байсан. Мөн 1985 МУИС-д оюутан болоод Ангирмаатайгаа 1989 онд “Хүний сахан сэтгэл”, “Бороо” гээд хоёр дуу хийсэн. МУГЖ дуучин Ариунаа бид хоёр 1995 онд “Хайрыг минь чи сонс” гэдэг дуугаа хийж байлаа. Түүнчлэн “Үндэс нэгтэй цэцэгс”, “Бүжгэнд уриач” “Үйлчин монгол бүсгүй” гэхчлэн олон дууны үгийг бичсэн дээ. Та нарын хамгийн сайн мэддэг МУГЖ С.Жавхлангийн “Миний найз” дууны үгийг бичиж байлаа. 2005 онд “Итгэл зүтгэл” гээд дууны үгүүдээрээ ном болгон хэвлүүлж “Уучлаарай гэж битгий хэлээч”  уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийж байлаа. Энэ бүхнийг нь маань үнэлж өнгөрсөн хавар СТА цолоор шагнасанд баяртай байгаа.  

-  “Өрөөлийг ачилж өөрийгөө умартаад өр нимгэн миний найз аа” гээд л их сайхан үгтэй дуу. Яагаад энэ дууны үгийг бичихээр болсон бэ. “Миний найз” дуу төрсөн түүхийн талаар ярихгүй юу?

-Миний 10 жилийн ангийн найзууд үнэхээр мундаг сайн хүмүүс байдаг. Бага сургуульд орсон цагаас минь эхлээд л цүнхийг минь барьж, намайг үүрч  дүүрч хамтдаа өссөн. Жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж өгсөн хүмүүс бол тэд. 10-р ангиа төгсөөд Зайсан толгой гарахад хүртэл намайг ээлжилж үүрээд л явж байсан. Тийм сайхан найзуудтай би их азтай хүн. Хүн болж төрснөөс хойш хайраар хэзээ ч дутаагүй өссөн тийм л хүн бол би.  Гэтэл 2004 онд тэр найзуудын маань нэг санаандгүй байдлаар өөд болчихсон юм. Тэр ангийн хүү маань Булган аймгийн сайхан сумын хүн байсан юм. Гэтэл аав нь нэг удаа над дээр ирээд хүүдээ зориулж дуун суварга босгомоор байна үгийг нь бичээд өгөөч гээд  ирсэн юм. Тэгээд л найзыгаа бодож байгаад л энэ дууны үгийг бичсэн дээ.

- Таны амьдралыг эргээд харахад үнэхээр өргөн баялаг түүхтэй юм. Яг ямар зүйл байсан болоод таныг өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн бэ? 

-Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харах юм бол надад нэг л зорилго байсан. Тэр нь нийгмийн хандлагыг өөрчлөх нь  миний хүн байхын тэр дундаа монгол хүн байхын үүрэг хариуцлага гэж бодож явсан.  Хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд бусдад ялгагдах ёсгүй, тахир дутуу байлаа гээд бусдаас хоцрох ёсгүй ижил тэгш байх ёстой гэсэн хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь миний үүрэг байсан.  Өнөөг хүртэл амьдарч ирсэн зорилго маань ердөө л энэ. Өнөөдөр сонинд, Монголын радиод ажиллаж байсан маань ч, одоо төрийн бус байгууллагад ажиллаж байгаа маань ч, олон дууны үгийг бичсэн маань ганцхан л шалтгаантай. Энэ бүхний эцэст би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Хийж бүтээсэн зүйлээ эргээд харах юм бол би өөрийнхөө чаддаг зүйлээр амьдралынхаа баялагийг бүтээсэн гэж хувьдаа боддог. Ажиллаж байгаа газартаа өндөр цалин авч их мөнгө олохоосоо илүү өөрийнхөө чаддаг зүйлээр бусдад тусалж, эх орны хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулж, хүн байхын үүрэг хариуцлагаа ухамсарлан амьдрах нь л миний аз жаргал.

Нөгөө нэг зүйл нь багадаа өнчирч хөгжлийн бэрхшээлтэй байсан намайг өдий зэрэгтэй мэдлэг боловсролтой хүн болгож энэ сайхан амьдралаар амьдруулж байгаа маань миний ах  эгч нарын хичээл зүтгэл хайр халамж.  Дээрээс нь хүү бид хоёрыг өнөөдрийг хүртэл хайрлан хамгаалж тусалж дэмждэг ах дүү, найз нөхөд тэр хүмүүсийн тус дэм байсан болохоор ээж хүү хоёр энэ сайхан амьдралаар амьдарч байна.  Энэ олон хүмүүсийн хайр халамжинд бөмбөрч, хайраар дутаагүй  өссөн болохоор ээж хүү хоёрт амьдралд хазгай гишгэж алдаа оноо гаргах учиргүй гэж хувьдаа бодож явдаг даа.  

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 


  1. 98.200.117.* Сараааа 2017-03-24 11:09
    Яасан хоорхон хуутэй юм бэ? Жаргалтай ээж
  2. 182.160.36.* Зочин 2015-12-22 23:04
    ямар мундаг сайхан ухаантай ээж вэ Бадамханд бол Монголын үлгэр жишээ ээжүүдийн нэг байна Амжилт ийм сайхан ээжтэй хүү амжилтанд хүрч Монголоор тогтохгүй Дэлхийд гайхахдах хүү болно
  3. 146.185.28.* Зочин 2015-09-16 18:30
    mundag emegtei...shan eej...mundag hv bnaa