Г.Ариунжаргал “Монголчуудын импортын барааг сонгоход хүргэдэг тэр эргэлзээг бид тайлах ёстой”

Bolor Rose
2015-09-08 00:42

 

 “#Made in Mongolia” цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор “Divine” брэндийн ерөнхий захирал Г.Ариунжаргалыг урьж оролцууллаа.

- Сайн байна уу. Урилгыг маань хүлээн аваад ярилцахаар болсон танд баярлалаа.

- Сайн. Сайн байна уу.

- Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гантулгын Ариунжаргал гэдэг. Одоогоор “Divine” брэндийн ерөнхий захирлаар ажиллаж байна.  Ажил хэрэгч залуучууд, бүсгүйчүүддээ зориулсан ажил хэрэгч хувцасны “Divine” брэндээ анх  гэр бүлийнхээ хүн Наранбаатартай хамтдаа үүсгэн байгуулсан байгаа.

- Тэгэхээр хоёулаа ярилцлагаа “Divine брэндийн хувцсаа хэзээнээс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлсэн, мөн танай “Divine брэндийн бусад хувцасны брэндүүдээс ялгарах давуу тал онцлог юу вэ?

- “Divine” брэнд маань “New Hazard International” компанийн нэр дор 2014 оны 5 сард үүсгэн байгуулагдсан. Бид гадаадаас орж ирдэг импортын бүтээгдэхүүнийг багасгаж монголын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж монголдоо бүтээхийг зорьж энэ үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай брэндийн гол онцлог  давуу тал бол эрэгтэй ажил хэрэгч хувцсыг түлхүү хийдгээр бусад хувцас брэндүүдээс онцлогтой байгаа. Бид яагаад заавал эрэгтэй хувцсыг түлхүү хийх болсон гэхээр монголын бэлэн хувцасны зах зээлд эрэгтэй хувцас үйлдвэрлэл дутмаг байгааг олж харсан. Мөн дээрээс нь Divine” брэндийн хувцсаа бид монгол хүний биеийн онцлог, зүс царай, сонирхолд нийцүүлэн хийж байгаа. Тухайлбал, монгол эрэгтэйчүүд  Ази өндөртэй, гэхдээ Европчууд шиг том ястай байдаг. Тэгэхээр Ази хувцас сонгохоор жижигдэх, Европ хувцас сонгохоор томдох асуудал гарч ирдэг. Тэгсэн хэрнээ Солонгос залуучууд шиг бариу загварлаг хувцаслах  сонирхолтой байдаг. Тэгэхээр бидний хувьд энэ бүх хэв шинж, биеийн онцлогт тохирсон загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцсыг хийдэг байгаа. Мөн бид дэлхийн загварын чиг хандлагад нийцсэн өнгөтэй, загвартай хувцаснуудыг хийхийг эрмэлздэг ч дэлхийн загварын чиг хандлагаас монголчуудын загварын чиг хандлага арай өөр байдаг.  Тухайлбал, энэ жил дэлхийд усан цэнхэр өнгийн хувцас трэнд болж байхад монголд арай өөр өнгө трэнд болж байх жишээтэй. Тиймээс бид хувцасны өнгийг монгол хүний сонирхол, зүс царайнд тохируулж хийдэг байгаа. Ихэвчлэн монгол залуус хар хөх, саарал, улаан хүрэн гэхчлэн гүн өнгөнд их дуртай байдаг. Мөн бид зөвхөн тэр хүний хүсэл сонирхол дуртай өнгөнд нийцүүлнэ гэхээсээ илүүтэй хэрвээ захиалгаар хийж өгч байгаа бол тухайн хүний арьсны өнгөнд тохируулан, зохицох загвар, өнгийг санал болгодог байгаа.

- “Divine брэндийн хувцсаа хийж эхлээд, үйлдвэрлэлээ явуулаад удаагүй байгаа ч монголын бэлэн хувцасны зах зээлд өөрийн байр сууриа эзэлж, тогтмол үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй болсныг нь харж байна. Мэдээж анх зах зээлд орж ирэхэд хүндрэл их гарсан байх?

-Тэгэлгүй яахав. Анх бидэнд тулгарч байсан нэг асуудал нь монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг ч, хэрэглэдэггүй асуудал их тулгарч байсан.  Бидний хийсэн зүйлийг хараад үнэхээр сайхан загварлаг хувцас хийсэн байна, монгол залуус чадаж байна, амжилт хүсье гэж дэмждэг ч яг бодит байдал дээрээ худалдаж авдаггүй. Худалдаж авах үедээ тэдэнд эргэлзээ төрдөг. За байз чанар нь ямар байгаа бол, материал нь яах бол гээд л. Тэгж байгаад импортоор гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаад авчихдаг.  Гэхдээ энэ нь тэдний буруу бас биш л дээ. Импортын бараа сонгоход хүргэдэг тэр эргэлзээг  бид тайлах ёстой. Тиймийн тулд бид импортын бүтээгдэхүүнээс илүү чанартай, сэтгэл ханамжийг хэрэглэгчиддэ өгч чаддаг загварлаг брэндийн хувцаснуудаа хийхийг зорьдог. Энэ нь л бидний зүгээс эх орондоо оруулж буй томоохон хувь нэмэр, хөрөнгө оруулалт гэж хувьдаа бодож явдаг.

- Монголчууд импортын барааг сонгоод байдаг бас нэг шалтгаан нь үнийн хувьд хямдаас болдог байх. Учир нь дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэх гомдол бас ажиглагддаг. Танай “Divine брэндийн хувцаснууд үнийн хувьд ямар үнэтэй байдаг вэ?

-Бид одоохондоо ашиг орлого гэхээсээ илүүтэй нэн түрүүнд “Divine” брэндээ олонд таниулахыг эрхэм болгож байгаа.  Бидний зүгээс гаргаж байгаа зардалдаа тохируулан үнээ тогтоож байгаа.  Ерөнхийдөө манай ажил хэрэгч хувцаснууд 200-300 мянган төгрөгийг үнэтэй байгаа.

- Аанхан.  Үйлдвэрлэлийн хувьд хүчин чадал ямар вэ. “Divine брэндийн загваруудаа та өөрөө гаргадаг уу?

-  Манайх 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлээ явуулж байна. Техник технологио Японоос оруулж ирдэг, материалаа Гуанжугаас оруулж ирнэ.  Эрэгтэй загварыг бол манай гэр бүлийн хүн Наранбаатар, ерөнхий дизайнертайгаа хамтарч гаргадаг, харин эмэгтэй загвараа бол би өөрөө ерөнхий дизайнертайгаа хамтран гаргадаг байгаа.

- Divine брэндийнхээ алсын хараа, хэтийн төлвийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

- DIVINE гэдэг  нэр нь ариун,  гэгээлэг гэсэн утгатай. Бид гадаад нэр өгсний учир нь цаашид гадаадад экспортоор гаргах зорилгоор анх энэ брэндээ үүсгэн байгуулж, мөн ийн нэрлэсэн байгаа.  Хэтийн зорилго алсын хараа маань гадаадад DIVINE брэндийн хувцаснуудаа экспортолж гаргах байгаа.  Мөн бид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргахаас гадна  том хэмжээний vip захиалга хийдэг болж үйлдвэрээ бүр өргөжүүлэх бодолтой байгаа.

- Тэгэхээр та хоёрыг харахад энэ залуу насандаа өөрийн мөрөөдлөө биелүүлээд,  мөн улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээж явааг нь хараад бахархаж байна. Дизайнер болох нь таны багын мөрөөдөл байсан уу?

- Тиймээ. Би багаасаа урлагт дуртай хүүхэд байсан.  Ер нь бага байхаасаа л дизайнер болно гээд өөрийгөө олон талаар хөгжүүлж, суралцсан.  Гэхдээ их сургуулиа бол интерьер дизайны мэргэжлээр төгссөн. Одоо эргээд харах юм бол би нэг талаас мөрөөдлөө л биелүүлж яваа хүн.

 

- Таны хувьд дизайнер хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Бас дизайнер хүний хамгийн их баярладаг мөч юу вэ?

-Дизайнер хүн гэдэг бол хүмүүсийн хүсэл сонирхлыг урлагтай холбож өгдөг гарц.  Хүмүүс хүсээд байгаа зүйлээ мэддэг гэхдээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Түүнийгээ илэрхийлэхдээ  тэд дизайнер хүнд ханддаг. Тэгэхээр тэр хүний хүсэлд нийцсэн урлагийн бүтээлийг бий болгож өгнө. Дизайнер хүн бол бүтээлийн санаа гаргадаг хүн биш туршлага дээрээ тулгуурлан бодит амьдрал дээр бүтээдэг хүнийг хэлнэ.

Миний хувьд маш их хөдөлмөр гаргаж хийсэн бүтээлээ эцсийн мөчид хэрэглэгчиддээ хүргэсэн тэр үе хамгийн том баяр жаргалтай мөч байдаг.

-Баярлалаа. Тэгэхээр энд хүрээд хоёулаагийн ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагынхаа төгсгөлийн үгийг таньд үлдээе. Өөрийнхөө үеийн залуучууддаа хандаад хэлэх үг байгаа бол?

-Манай залуучууд өөрийнхөө хувийн хөгжилдөө их анхаардаг болсон байна. Гадаадад сурна, гадаадад ажиллана гээд л. Мэдээж өөрийгөө хөгжүүлэх нь сайн зүйл ч гэсэн залуучуудын маань эцсийн зорилго нь өөрөө биш улс орон нь байгаасай гэж хувьдаа бодож явдаг. Залуучууд бид л улс орноо хөгжүүлэх хэрэгтэй. Монголын ирээдүй залуучууд бид ямар сэтгэлгээтэй байна, хэрхэн хөгжиж байна тэр бүхнээс ямар байх нь шалгаална. Одоо бол залуус бидний эрин үе юм. Миний амьдралын эцсийн зорилго бол би өөрөө биш харин миний эх орон.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 

 


  1. 182.160.37.* Зочин 2015-09-20 18:48
    Мэдэхгүй юмдаа...
  2. 95.211.226.* Зочин 2015-09-09 18:04
    bolj bn shde.hudulmurch emegeteid amjilt hvsye.iim goyo yariltslaga hj bj setgvvlch ni zarin neg asuulta yasan ch ewgvi tawidag yum de.jaahan nairuulad yanzalmaar l sanagdlaa.redaktor ene ter bdaggvi sait yumuu daa
  3. 180.149.78.* Ulzii 2015-09-08 11:06
    Delguur n xaana bdiin boloo