ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Лондонгийн эдийн засгийн их сургуулийн доктор Н.Цогсагтай ярилцсан нь
Европдоо эдийн засгийн сургалтаараа 1-рт ордог, эдийн засгийн чиглэлээр 12 нобелийн шагналтан төрсөн , мөн ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүд гээд үе үеийн олон алдартай хүмүүсийн төгссөн нэг сургууль бий. Тэр бол Лондонгийн Эдийн Засгийн Их Сургууль (London School of Economics and Political Science). Бид энэ удаад тус сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж байгаа монгол бүсгүйг ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цувралын энэ удаагийн зочноороо урьсан юм. Ингээд та бүхэндээ Лондонгийн эдийн засгийн их сургуулийн докторантур Н.Цогсагтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
'Хувь хүний ухамсар дорой байх нь эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг'
- Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахаар болсон танд баярлалаа.
- Сайн. Сайн байна уу.
-Тэгэхээр юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Нямдаваа овогтой Цогсаг гэдэг. Би Лондонгийн Эдийн Засгийн их сургууль (London School of Economics and Political Science буюу LSE)-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах гээд сурч байна. Өмнө нь Токиогийн Их сургуульд эдийн засгийн мэргэжлээр баклавр төгссөн.
-Эдийн засагч болох нь таны багын мөрөөдөл байсан уу. Мэдээж өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд нилээдгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зарцуулсан байх. Гэхдээ үүний цаана ямар нэг зорилго байсан байх л даа?
- Би багадаа багш болно гэж их мөрөөддөг байлаа. Манай аав ээж хоёр багш мэргэжилтэй хүмүүс л дээ. Аав ээж 2 маань хаа ч явсан шавь нараараа хүрээлүүлж хүндлүүлж явдаг, тэр нь их гоё санагддаг байсан. Гэхдээ дунд сургуульд байхаас энэ бодол маань өөрчлөгдөж эхэлсэн. Намайг 10-н жилд байхад, ер нь одоо ч гэсэн телевиз радиогоор улс орны эдийн засгийн хүнд хэцүү байдлын талаар их ярьдаг байлаа. Бусад хүмүүсийн л адил улс орондоо хэрэгтэй хүн болох юмсан гэсэн бодол маань ер нь эдийн засагч болвол Монгол орныхоо хөгжилд арай илүү хувь нэмэр оруулах юм болов уу гэсэн бодолтой болж ирсэн. Тэгээд ч 10 жилдээ математикийн хичээлдээ их дуртай хүүхэд байсан болохоор элсэлтийн шалгалтаа МУИС-ын Эдийн Засгийн сургуульд өгч тэнцсэн. Ингэж л эдийн засагч мэргэжлийг сонгосон доо.
-Танд өдийг хүртэл хүнд хэцүү үе их тулгарч байсан байх. Тэр үед танд тэр нөхцөл байдлыг давж гарахад юу хамгийн их тус болдог байсан вэ?
-Мэдээж өнөөдрийг хүртэл сурч ирсэн хугацаанд, одоо ч гэсэн суралцах явцад хүнд хэцүү үеүд их гарна. Тэр үед надад хүч өгч босгодог нэг зүйл байдаг. Тэр бол хариуцлага. Би айлын том охин, тэр хэрээрээ хариуцлага гэдэг зүйл над дээр их томоор тусдаг. Ээж аавынхаа ачийг хариулах ёстой, дүү нараа харж хамгаалах хэрэгтэй гэх мэт. Бас нэг зүйл нь мэдээж гадаадад сурна гэдэг, олон орны залуучуудтай хөл нийлүүлэн алхана гэдэг тэр хэрээрээ улс орныхоо нэрийг сайнаар авч явах хэрэгтэй шүү дээ. Гадаад оронд сурч явахад Монгол хүнтэй анх удаа уулзаж байна гэдэг хүмүүс их байдаг. Тийм ч болохоор хэцүү санагдаж, шантрах үедээ ээж аавынхаа нэрийг, эх орныхоо нэрийг муугаар гаргаж болохгүй гээд л шүд зуугаад хичээдэг. Ер нь биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Яг үнэндээ би л чадалтай, боловсролтой болж өөрийгөө хөгжүүлж их зүйл сурч байж аав ээж, дүү нартаа, цаашлаад улс эх орондоо хувь нэмэртэй хүн болно шүү дээ.
-Эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байгаа гэсэн. Мэдээж та олон зүйлийг сурч судалж байгаа байх. Ямар сэдвээр доктороо хамгаалж байгаа вэ?
- Би одоо ч гэсэн сурч, судалж л явна. Миний судалгаа хийж байгаа ерөнхий чиглэл бол макро эдийн засаг, тэр дундаа хөгжиж буй болон дорой буурай орнуудын макро эдийн засаг болон тэдгээрийн хөгжил гэсэн сэдэв байгаа. Одоо амралтаараа монголдоо ирээд судалгаандаа хэрэгтэй data цуглуулаад явж байна.
-Их сонирхолтой сэдэв байна л даа. Хөгжиж буй гэдэгт мэдээж Монгол улс орно. Эх орноо яаж хөгжүүлэх вэ гээд эдийн засагчид, улс төрчид олон янзын санаа дэвшүүлж л байдаг. Гэхдээ тухайлсан дорвитой судалгаа их хэрэгтэй байх. Та судалгааны обьектоо ямар улсуудыг гол болгон авсан бэ. Судалгаа хараахан дуусаагүй байгаа ч гэсэн судалгааны явцад ажиглагдаж байгаа үр дүнгээсээ танилцуулж болох уу?
-Би өмнөх судалгаандаа Индонез улсын аж ахуй нэгжүүд дээр төвлөрч судалгаа хийсэн. Индонез улсад capital буюу тоног төхөөрөмж, labor буюу ажиллах хүч зэрэг эдийн засгийн нөөц нь аж ахуй нэгжүүдийн хооронд хэр үр ашигтайгаар хувиарилагдаж байна вэ гэдэг талаар анализ хийж үзсэн. Мөн энэ хуваарилалт нь тухайн улсын хөгжил, улсынхаа ерөнхий бүтээмж /TFP буюу Total Factor Productivity/-нд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалсан. Энэ судалгаанаас шинээр байгуулагдсан жижиг аж ахуй нэгжүүдийн цаашдын үр бүтээмж, өсөх магадлал нь олон жил үйл ажиллагаа явуулсан том байгууллагуудаас илүү байгааг олж харсан
байгаа. Хэрэв capital болон labor-г жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү түлхүү хуваарилбал Индонез улсын бүтээмж нь их нэмэгдэх анхан шатны дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл төр шинээр байгуулагдаж байгаа аж ахуй нэгжүүдрүүгээ түлхүү анхаарлаа хандуулж, тоног төхөөрөмж болоод, ажиллах хүчийг бэхжүүлэхэд түлхэц өгөх юм бол эргээд тэр нь Индонез улсынхаа хөгжилд сайнаар нөлөөлөх, эерэг үр дүн авчрах хөгжлийн нэг гарц болж болох юм гэсэн үр дүн ажиглагдсан байгаа.
-Монгол улсад ч адилхан төрөөс хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ төрийн бодлогоо хандуулах юм бол хөгжилд чухал үүрэгтэй гэж ойлгож болох уу?
-Тэгж хэлж болно. Гэхдээ энэ бол зөвхөн Индонезийн мэдээлэлд суурилсан судалгаа л даа. Одоохондоо энэ тал дээр монголын талаар судалгаа хийгээгүй, судалгаанд хэрэгтэй тоон data хараахан олдохгүй явна. Харин миний дараагийн судалгаа маань арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлийн талаар, зээлжилт нь эдийн засгийн нөхцөл байдлаас хэрхэн яаж хамаарч байгаа, эргээд зээлжилт нь эдийн засаг болон түүний өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлахаар төлөвлөөд датагаа цуглуулж байна.
-Аанхан. Тэгэхээр мэдээж та эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа хүний хувьд тухайн чиглэлээрээ олон зүйлийг сурч мэдсэн байх. Тэгвэл та Японд байх хугацаандаа, эсвэл одоо Лондонд байхдаа хувь хүн талаасаа юу сурч, мэдсэн бэ?
-Сонирхолтой асуулт байна. Гадаад дотоодод явж байхдаа олон зүйлийг сурч биедээ нааж авахыг хичээж ирсэн л дээ. Тухайлбал Японд байхдаа би хамт олонтой ажиллаж сурсан байх гэж боддог. Хэн бүгдийн мэддэгчлэн Япончууд багаар ажиллах чадварыг маш сайн эзэмшсэн хүмүүс байдаг. Багаар ажиллахад хариуцлагатай байх, үүргээ ухамсарлах, бусдыг хүндэтгэх, хүний үгийг сонсож сурах зэрэг нь их чухал юм байна гэдгийг мэдэж авсан. Японд байсан үеэ эргээд харах юм бол эхний хоёр жил нь би ганцаараа хичээгээд, ганцаараа л заавал хийнэ дээ гээд л гүрийгээд байлаа. Гэтэл сүүлийн хоёр жил найз нөхөд, танилын хүрээлэл ч ихэсч багаар ажиллах шаардлагууд гарч ирсэн. Тэр үед дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үгийн утгыг сайн ойлгож авсан даа. Сургуулиа амжилттай төгсөх, цаашлаад Лондонгийн Эдийн засгийн их сургуулийн докторантурт орж суралцах урилгыг авсан нь ч багаар сайн ажилласны маань үр дүн
болов уу гэж боддог.
Хувьдаа бас нэг сурсан зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл цагийг аль болох үр бүтээмжтэй ашиглахыг хичээдэг болсон. Гэхдээ үүнд нэг талаар багын маань суурь хүмүүжил бас ихээхэн нөлөөлсөн байх. Аав маань бид нарт захидаг нэг зүйл байсан. Цагийг битгий дэмий хоосон, үр бүтээлгүй өнгөрөө гэж. Та нар юм угааж байхдаа хажуудаа орос хэлний цээжлэх үгнүүдээ тавиад сууж бай, кино үзэхдээ гурилаа элдээд үз л дээ гээд л үргэлж хэлдэг байсан. Лондонд очоод л цагийг зөв ашиглаж, зарцуулах нь ямар чухал зүйл болохыг ухаарсан. Би өглөө 9 цагт гэрээсээ гараад орой 12 цагт гэртээ ирдэг байсан. Тэр завгүй, ачаалалтай амьдрал дунд өөртөө жаахан амрах цаг, найз нөхөдтэйгээ уулзах чөлөөт цаг гаргахын тулд цагаа хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр өөрийн эрхгүй цагаа зөв зарцуулахад суралцаж эхэлдэг.
-Цагийг үр ашигтай зарцуулахад хамгийн чухал зүйл юу?
-Миний хувьд урьдаас жил, сар, 7 хоног, өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Хийх зүйлүүдээ цагаар нь хувиарилаад төлөвлөвөл бүр сайн. Гэхдээ төлөвлөгөө гаргахдаа анхаарах нэг зүйл бий. Өөрөө өөртөө энэрэнгүй хандах хэрэгтэй. Маш том зүйл хийхээр зорьж байгаа бол өдөр өдрөөр нь бага багаар хийхээр төлөвлөх хэрэгтэй.
-Таны сурч байсан сургуулиудын багш нарын хичээл заах арга барил нь ямар байдаг вэ?
-Японд ч тэр Лондонд ч тэр багш нар нь оюутнуудтайгаа нэг их тулж ажилладаггүй. Гэхдээ оюутнууд нь юм асуух гээд зориод очсон тохиолдолд сайн зааж өгдөг, тусалдаг. Амжилттай суралцахад оюутнуудын өөрсдийнх нь хичээл зүтгэл, чармайлт маш чухал. Тэнд багш нарыг үнэлдэг зүйлүүдэд нь тухайн багш нь судалгаа шинжилгээний ажлаа хэр сайн хийж байна, хэдэн шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлсэн бэ гэдэг ордог. Тэгээд мэдээж орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг зааж байгаа хичээлдээ тусгах хэрэгтэй байдаг. Тэр хэрээрээ багш нараас өндөр чадвар, боловсролыг шаарддаг гэсэн үг. Харин монголын хувьд багш нар нь орчин үеийнхээ хөгжил дэвшилтэй хэр хөл нийлүүлж, өнөө цагийн онол парактикийг хичээлийн программдаа хэр суулгадаг юм бол гэдэгт жаахан эргэлзээтэй санагддаг.
-Таны хувьд боловсролын чанарыг сайжруулах нэг зүйл нь оюутан, сурагчид өөрсдөө хичээх гэж байна л даа. Тэгвэл аливаа зүйлийг сурч мэдэхэд, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ. Та туршлагаасаа хуваалцахгүй юу?
- Хамгийн чухал нь сурч байгаа зүйлдээ дуртай байх нь амжилтад хүрэх нууц
. Тэгэхээр мэргэжлээ зөв сонгох нь хэр амжилттай сурах вэ гэдгийг тодорхойлох том хүчин зүйл болж ирнэ. Түүний дараагаар сурч байгаа зүйлээ маш системтэй эмх цэгцтэй ойлгох хэрэгтэй. Эрээвэр, хураавар зүйл хүнд хэзээ ч мэдлэг болдоггүй. Уран зургийг ойлгохын тулд холоос харах хэрэгтэй гэдэг дээ. Тэрэнтэй адил нэг өгүүлбэрээр нь утгыг нь бодох биш, ганцхан томьёог бодох биш, тухайн шинжлэх ухааны салбарыг бүхэлд нь харах хэрэгтэй. Тухайлбал, энэ онол бусад онолтойгоо яаж уялдаж байна, эдгээр нь нийлээд бидний бодит амьдралтай яаж холбогдож байна гэхчлэн бодох нь чухал.
- Таныг эдийн засагч хүн болохоор дээрээс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг Англи улсад суралцдаг болохоор нэг зүйлийн талаар асуухгүй өнгөрч чадсангүй. Монгол улсын хөгжлийн гарц таны нүдээр харахад. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
- Энд би эдийн засгийн шийдэл гэхээсээ илүү ерөнхий гурван зүйлийн талаар хэлмээр санагдаж байна. 1-рт манай улсад үйлдвэрлэл маш их хэрэгтэй. Түүхий эдээ гадагшаа зүгээр гаргаж байхаар дотооддоо боловсруулаад гаргах хэрэгтэй шүү дээ. Энэ талаар хүн болгон ярьдаг ч манай улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай зүйл болохоор хэлэхгүй өнгөрч чадсангүй. 2-рт монголчуудын маань хувь хүний ухамсрын төвшин их доогуур байна. Тийм ч болохоор эдийн засгийн харилцааны гол хүчин зүйлсийн нэг болох нэг нэгэндээ итгэх итгэл маш сул байдаг. Үүнээс улбаалаад эдийн засгийн эргэлт суларч, хүмүүсийн амжилттай бизнес эрхлэх боломж нь багасаж ирдэг гэж боддог. Нөгөө тамын тогооны үлгэр шиг гэсэн үг. 3-рт Монголын эдийн засгийн салбарыг хариуцаж бодлого боловсруулдаг хүмүүс маань ихэвчлэн эдийн засгийн мэргэжилгүй хүмүүс байдаг. Эдийн засгийн мэргэжилгүй, эдийн засгийн мэдлэг сул байлаа ч боловсруулж байгаа бодлого чиглэлээ эрдэмтэн судлаачдын зөвлөгөөнд үндэслэж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гаргасан хууль тогтоомж, бодлогоо юун дээр үндэслэж, ямар шалтгааны улмаас гаргасан бэ гэдгээ ард түмэндээ их ойлгомжтой тайлбарлаж явах хэрэгтэй санагддаг. Ингэвэл улс төржих үзэгдэл багасах болов уу гэж боддог.
-Тэгэхээр ярилцлагынхаа төгсгөлд та оюутан залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
- Залуучууддаа хандаад хэлэхэд залуу хүн өөрийнхөө хүрээллээ сайн сонгох хэрэгтэй. Ямар хүмүүсээр хүрээллүүлж байна гэдгээр тухайн хүний хөгжих үү, эс хөгжих үү гэдэг шийдэгддэг
. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй өнөөдрийн Цогоо хувь хүн болж төлөвшихөд минь найз нөхөд, танилууд маань их нөлөөлсөн гэж боддог. Ялангуяа би Баяраа багштай 1-р сургуулийн ангийнхаа хамт олонд мөн багшдаа их баярлаж явдаг. Тухайн үедээ хот улсын ихэнх олимпиадад манай ангшийхан манлайлдаг байлаа. Тийм мундаг хамт олонтой найзуудтай байхын хэрээр би их хөгжсөн, олон зүйлийг тэднээсээ сурсан. Жишээ болгож нэг жижиг түүх яримаар байна л даа. Би Ховдод байхдаа хэрэндээ л онц сурдаг хүүхэд байлаа. Урлаг спортын бүхий л арга хэмжээнд оролцдог. Гэтэл гэнэт аав, ээжийн маань ажил солигдож хот руу ирэхээр болж одоогийн энэ яриад байгаа 1- сургуулийн Баяраа багштай ангид орлоо. Анхны өдөр багш намайг хамгийн урд суулгаж байгаад л асууж байсан. За Цогоо ямар сурдаг вэ? гээд л асуулаа. Би ч онц л гээд хариулав. Гэтэл ангийхан маань бүгд инээлдээд л явчихав. Тэгсэн багш “манай ангид онц сурдаг хүүхэд байдаггүй юм даа” гээд л инээв. Тэгсэн тэр долоо хоногоосоо л муу авч эхэлсэн. Тэгээд би тэр үед уйлж унжаад бөөн юм болов. Тэр цагаас хичээж эхэлсэн. Үдээс хойш сургууль дээрээ хичээлээ давтаад л сууж байдаг болов. Гэтэл дараахан нь нэг удаа шалгалт авсан бас л муу авчихав. Багш муу авсан хүүхдүүд бүгдээрээ бос гэв. Би за одоо бас л загнуулах нь дээ гээд л сэтгэлээр уначихсан зогсож байлаа. Тэгсэн багш маань намайг магтдаг байгаа. Цогоо бол хөдөөнөөс ирээд удаагүй байгаа ч их чармайлттай, сайн сурч байна. Тэр үед би F авсан хүүхдүүдийн хамгийн өндөр хувийг нь авсан юм байж. Гэтэл Одоо Цогоо F-үүдийн босс болсон байна гээд л магтсан. Тэр үед F авсан ч багшийн үгнээс их урам авч улам их хичээж хичээлээ хийж байж билээ. Эргээд харахад манай багш хүүхдэд зөв үед нь урам өгч, зөв үед нь хор шарыг нь хөдөлгөж чаддаг байсан
хүн байгаа юм. Дараа нь нэг удаа химийн олимпиадад орох гээд бэлдэж байх үед Цогоо ч медаль авч чадахгүй дээ гээд л миний хорыг их малтаж билээ. Би ч тэр хэрээр нь заавал амжилттай оролцоно доо гээд хичээж байснаа санаж байна. Эцэст нь ангийнхаа хамт олонд мөн Баяраа багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-
172.69.252.*
B.Udval
2020-03-01 22:31
mundag shuu duudee iluu ih amjilt husie0 0 Хариулах
-
122.254.111.*
s
2016-06-20 14:46
Amjilt husie. Mongoloo hugjuulehed ih huvi nemer oruulaarai. "F-uudiin boss bolson bn" gedeg hesgiig unshaad baahan ineelee. Goyo dursamj bn0 0 Хариулах
-
103.10.23.*
Зочин
2015-10-28 23:46
goy yriltslaga bolson bna yag Bvvr 1 Zagtnasan gazar maijna gedg shg Vnen ug hellee онголчуудын маань хувь хүний ухамсрын төвшин их доогуур байна. Тийм ч болохоор эдийн засгийн харилцааны гол хүчин зүйлсийн нэг болох нэг нэгэндээ итгэх итгэл маш сул байдаг. Үүнээс улбаалаад эдийн засгийн эргэлт суларч, хүмүүсийн амжилттай бизнес эрхлэх боломж нь багасаж ирдэг гэж боддог. Нөгөө тамын тогооны үлгэр шиг гэсэн үг.1 0 Хариулах
-
103.10.23.*
Зочин
2015-10-28 23:47
goy yriltslaga bolson bna yag Bvvr 1 Zagtnasan gazar maijna gedg shg Vnen ug hellee монголчуудын маань хувь хүний ухамсрын төвшин их доогуур байна. Тийм ч болохоор эдийн засгийн харилцааны гол хүчин зүйлсийн нэг болох нэг нэгэндээ итгэх итгэл маш сул байдаг. Үүнээс улбаалаад эдийн засгийн эргэлт суларч, хүмүүсийн амжилттай бизнес эрхлэх боломж нь багасаж ирдэг гэж боддог. Нөгөө тамын тогооны үлгэр шиг гэсэн үг.1 0 Хариулах
-
103.229.121.*
Зочин
2015-10-27 14:50
Гоё шүдтэй юмаа0 0 Хариулах
-
103.229.176.*
Зочин
2015-10-27 14:11
Ховдын охин мөн үү Нямдаваагийн . Улаангучид байсан Танигдхааргүй өөр болжээ. Багадаа их хөөрхөн охин байж билээ0 0 Хариулах
-
104.143.12.*
namsrai
2015-10-21 19:34
tsogoo amjilt hvsii mongoldoo ikh yum hiigeerei.0 0 Хариулах
-
202.70.38.*
Enkhtuya
2015-10-15 15:13
Tsogoodoo amjilt husii!!!0 0 Хариулах
-
182.250.242.*
Зочин
2015-10-15 10:04
Yostoi Mundag0 0 Хариулах
-
27.123.214.*
Enkhsaruul M
2015-10-14 22:02
Tsogoodoo amjilt husie!!! Mundag shvv tanai angiinhan. :)0 0 Хариулах
-
202.70.46.*
Dg
2015-10-14 17:12
Good luck!0 0 Хариулах
-
202.55.185.*
Зочин
2015-10-14 16:24
амжилт хүсье0 0 Хариулах
-
124.158.74.*
N
2015-10-14 15:22
Bayaraa bagshaaraa baharhdag shuu0 0 Хариулах
-
122.201.22.*
Зочин
2015-10-14 13:58
Bayaraa bagsh odoo hguur bn, amerikt neg ochson surag bsn uu gui yu0 0 Хариулах