А.Оюунцэцэг 'Миний хувьд чаддаг зүйлээ хамгийн сайн хийх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт'

Bolor Rose
2015-10-21 09:25

 

#MADEINMONGOLIA цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгийг урьж оролцууллаа. Тэрээр 13 настайдаа унаганд хөлөө гишгүүлж хоёр хөлгүй болсон ч өөртэйгээ ижил зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж сэтгэлийн зовлонг нь бага ч болов нимгэлэх зорилгоор тус үйлдвэрээ 2007 онд байгуулжээ.  Хоёр хөлгүй болох үедээ 8-р ангид байсан бөгөөд түүнээс хойш сургуульд сураагүй гэнэ. Гэхдээ түүнд чаддаг зүйл бий.  Ингээд  та бүхэндээ чаддаг зүйлээрээ улсдаа хөрөнгө оруулалт хийж яваа “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.  

-Сайн байна уу? Урилгыг минь хүлээн авч ярилцахаар болсон танд баярлалаа.

-Сайн. Сайн байна уу.

-Тэгэхээр хоёулаа ярилцлагаа “Эрхэм чанар” протезийн үйлдвэрээ хэдэн онд, яагаад байгуулах болсон талаараа эхлүүлье?

-Анх 2007 онд энэ протезийн үйлдвэрийг нээх санаа төрсөн. Би өөрөө 13 настай байхдаа унаганд гишгүүлснээс болж хоёр хөлгүй  болсон.  Ер нь тэр хүнд хэцүү цаг үеүдийг туулж явахдаа  Монгол улсад Олон улсын стандарттай протезийн үйлдвэр байгуулах юмсан гэсэн хувийн мөрөөдөлтэй явдаг байлаа.  Өөр шигээ зовлонтой олон хүмүүст туслах юмсан гэж боддог байсан. Тэгээд анх 2007 онд Бээжинд хөл хийлгэхээр очсон чинь 14 саяар хийнэ гээд тэр нь миний хувьд маш их мөнгө байсан. Тэгээд хөлөө хийлгэж чадаагүй. Харин тэр очсон эмнэлгээ их судалсан, захиралтай нь уулзаж Монголд ийм үйлдвэр байгуулах бодолтой байгаа талаараа ярьсан. Гэтэл нөгөө хүн намайг маш сайнаар хүлээж аваад  эргээд холбоо бариарай гэж хэлсэн. Тэгээд л тэр үеэс нутагтаа ирээд үйлдвэрээ босгон байгуулах зээл хөөцөлдөж их олон газраар явсан. Гэтэл тухайн үедээ өргөдлийг маань хүлээж аваад хэд хоногийн дараа бүтсэнгүй гэдэг хариу хэлдэг байсан.   Та хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөлгүй учир танд зээл өгөхгүй боломжгүй гэж ганц ч хүн надад  шударгаар хэлээгүй. Түүнээс нь болж би бас их цаг алдсан байгаа юм.  Тэгээд Монголд надад тусалж дэмжих хүн, зээл олгох байгууллага олдоогүй учраас өмнө нь Бээжинд уулзаж байсан нөгөө хүнтэй уулзахаар зургаан удаа Бээжинг зорьсон. Очих бүрт нөгөө хүн байдаггүй байсан. Гэсэн ч би зорилгоосоо шантраагүй. Гэтэл зургаа дахь удаагаа очиход маань тэр хүнтэй уулзах завшаан олдсон. Тэгээд уулзтал нөгөө хүн маань таны гайхалтай хичээл зүтгэлийг биширч байна. Би өөрийн биеэр танай нутгаар очиж танд тусална гэж хэлсэн. Тэр үед нь хувьдаа за энэ ч худлаа даа. Бас л намайг хуурч байна гэж бодсон. Гэтэл Монголд ирээд удаагүй байтал хэд хоногийн дараа араас холбоо бариад тэр хүн манайд  хоёр гурван хүний хамт ирсэн. Тухайн үедээ тэр хүмүүс намайг зориод ирсэн болохоор Тэрэлж рүү авч яваад л морь унуулаад л чадах ядахаараа дайлахыг хичээсэн. Гэтэл тэр үед нэг сонин байсан зүйл нь нөгөө хүнийг хаашаа ч явсан хамт ирсэн 2,3 хүн үргэлж дагаад л байсан. Хувьдаа энэ одоо яасан сүртэй нөхдүүд вэ гэж бодоод л байж байтал нөгөө хүн би танай улсын төрийн хүмүүстэй уулзмаар байна гэсэн. Тэгээд тэр үед Халамжийн газрынхаа дэд дарга х.Мөнхцэцэгтэй уулзуулсан. Түүний дараа х.Мөнхцэцэг дарга надад “Энэ хүн чинь БНХАУ-ын Засгийн Газрын гишүүн, Хөгжлийн бэршээлтэй иргэдийг хариуцсан сайд хүн байна шүү дээ” гэсэн. Гэтэл би гэж хүн түүнийг нь мэдэхгүй. Хамгаалагч нар нь дагаж явахаар сүртэй юм бэ гээд бодоод байж байдаг гээд дараа нь их цочирдсон. Тэгээд тэр хүн явахаасаа өмнө надад хоёр санал тавьсан Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай протезийн үйлдвэрийг Монголд нээх, эсвэл та надаас техник, технологио авч эхний ээлжинд үйлдвэрээ байгуулах мөнгийг надаас зээлээр аваад жилийн хугацаатай эргүүлж төлөхийн аль нэгийг нь бодож байгаад шийдээрэй гэсэн. Би тухайн үедээ тэр талаар шөнөжингөө бодож хоноод зээл аваад компаниа өөрийн гараар байгуулж, дотоодын үйлдвэрээрээ эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулъя гэж бодоод 100 сая төгрөг жилийн хугацаатайгаар зээлэхээр гэрээ хийсэн. Ингэж л би энэ үйлдвэрээ босгон байгуулсан юм. Өөрөө ч мэдэлгүй БНХАУ-ын сайд хүнтэй учирч найз болсон доо. Тэр их гүрний олон хүмүүс дундаас тэр хүнтэй учирсандаа өөрийгөө их ховорхон хувь тохиолтой хүн гэж боддог.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ямар бэ? Одоогоор танай үйлдвэрт хэр олон хүн ажиллаж байна. Бас  та  гадаадад протез хийлгэхэд маш өндөр зардал гардаг гэж ярьж байсан. Тэгвэл танай үйлдвэр протезийг ямар үнээр хийдэг вэ?

- Одоогоор манай үйлдвэрт 17 хүн ажилладаг. Анх үйлдвэрээ эхлүүлэхдээ ганцхан протез хийдэг байсан бол өнгөрсөн жилээс энэ гурван давхар барилгыг бид нар барьсан. Тиймээс одоо эндээ зөвхөн үйлдвэр бус цогцолбор төвийн үйл ажиллагааг явуулж байгаа. Гэмтлийн эмнэлэг, сувилал, үйлдвэрлэл гэсэн гурвалсан цогц үйлчилгээг хийдэг болсон байгаа. Өөрөөр хэлбэл эрхтнээ тайруулсан хүн манайд ирээд эмнэлэгтээ хэвтээд, протезоо хийлгээд, дараа нь сувилуулаад гардаг. Бид материалаа бол Хятадын үйлдвэрээр дамжуулан Германаас  авдаг байгаа. Протез нь ууланд авирдаг, гүйдэг, чулуун дээр явдаг гэхчлэн төрөл бүрийн зориулалтаараа үнийн хувьд өөр өөр байдаг. Манай үйлдвэрийн хувьд протезийг 600 мянгаас нэг сая 800  мянган төгрөгийн үнэтэйгээр хийдэг. Гадаадын үйлдвэрүүдэд бол үүнээс хэд дахин өндөр үнээр хийдэг. Чанар материалын хувьд ямар ч ялгаагүй. Мэргэжилтнүүдийн маань хувьд ч гэсэн Хятадад сургууль төгсөөд ирсэн монгол залуус байгаа. Би анх үйлдвэрээ байгуулж эхлэхдээ 4 залуугийн сургалтын төлбөрийг өгөөд Хятадад хоёр хоёроор нь ээлжлэн сургаж мэргэжилтнээ бэлтгэсэн. Нэг нь миний хүү байгаа.

-Таны хувьд зөвхөн өөрөө хөлтэй болоод зогсохгүй бусдад туслах юмсан, нэг ч гэсэн эрхтэн дутуу хүнийг хөлтэй, гартай болгох юмсан гэсэн сэтгэлээр үйлдвэрээ эхлүүлсэн гэсэн. Хамгийн анх танайд  ирээд хөлтэй гартай болоод явж байгаа хүмүүсийг хараад ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Мэдээж зорилгодоо хүрээд түүнийгээ хараад сууна гэдэг хамгийн том аз жаргалын нэг байх. Тэр үеийн анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Эрхтнээ тайруулах тэр зовлонг туулсан болохоор сэтгэл зүйн  болоод бие эрхтний хувьд ямар хүнд дарамтад байдгийг үнэхээр сайн мэднэ.   Тийм ч учраас надтай адилхан зовлонтой тэр хүмүүст туслах юмсан,  ганц ч болтугай хүн манайд ирээд тэр зовлонгоо нимгэлээд хөлтэй, гартай болоод гараасай гэдэг сэтгэлээр үйлдвэрээ эхлүүлсэн.   Биднийг зорьж ирсэн өвчтөн маань сэтгэл санааны хувьд маш хямралтай ирдэг.  Гэтэл хэд хоногоос орчиндоо дасаад, бас нөхцөл байдалтайгаа эвлэрэхээрээ нөгөө хүн маань арай бас гайгүй болно. Тэгснээ нэг өдөр хөлөө хийлгээд, суга таягаа хаяад алхаад эхэлнэ. Тэгээд л нэг өдөр нөгөө хүн маань инээгээд л манайхаас гардаг. Яг энэ зүйлийг харах л миний хувьд, манай хамт олны хувьд юунаас ч илүү хамгийн том аз жаргал, баяр хөөр юм даа. Тухайлбал, саяхан гэхэд Арго багш сахарын өвчнөөс болж өрөөсөн хөлөө тайруулсан гээд л  их сэтгэлээр унж,  хэцүүг байгааг нь олж дуулаад би холбоо барьсан. Та манайд хүрээд ир. Би таныг өөрийн тань хөлнөөс дутахааргүй хөлтэй болгоод өгье гээд ярьсан. Анх манайд ирэхдээ бол сэтгэлийн маш хүнд дарамтад, сэтгэл гундуу ирсэн. Харин эмнэлгээс гарахдаа хөлтэй болоод инээгээд л явсан. Тэгээд бид нарт тэгдэг юм. Та нар намайг хөлтэй болгосон юм чинь би та нарыг хэлтэй болгоно гээд л бид нарт англи хэл хэдэн хоног заасан. Хүний зовлонг нимгэлээд баяр хөөртэй болгох яг энэ мөч л эргээд биднийг хамгийн аз жаргалтай хүмүүс болгож хувиргадаг.

- Аанхан. Тэгэхээр танайхаар орж ирээд  үүдний самбар дээр “Инээмсэглэн угтаад, талархан үдье” гэсэн үг байхыг харлаа л даа. Таны хувьд ажилчддаа үргэлж захьдаг, магадгүй танай байгууллагын баримталдаг нэг зарчим байдаг байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав ажилчиддаа захьдаг олон зүйл бий. Түүний нэг нь өвчтөн манайхыг зориод ирж байхад заавал инээгээд угтах хэрэгтэй. Тэр хүн маш хүнд сэтгэлийн зовлонтойгоор ирж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Харин ч тэр хүмүүсийг илүү хүндэлж, хайрлах хэрэгтэй.   Яагаад гэхээр би өөрийн биеэр зовлонг нь туулсан болохоор тэр хүмүүстэй хэрхэн харицах, хэрхэн хандах талаар их сайн мэднэ. Ажилчддаа мөн тэр талаар ярьж өгнө.

Хааяа заримдаа тэгж бодогдох юм . Захирал нь гэж чааваас даа хөгжлийн бэрхшээлтэй хоёр хөлгүй хүн гээд бодохоор  энэ хүмүүстээ яавал би туслах вэ,  ахуй амьдралыг нь яаж сайжруулах вэ гээд л их бодогдоно. Тэр хэрээрээ боломжоороо туслахыг, дэмжихийг хичээнэ. Тэгээд бодохоор нойртой хонох нь цөөхөн байдаг даа. 

-Таны ярианаас, танай үйлдвэрийн байгаа байдал орчин нөхцлөөс харах юм бол энэ үйлдвэр яг л зовсон, зүдэрсэн хүмүүсийг амьдруулдаг, сэтгэлийн тэнхээ өгдөг, яг л нэг тийм зовлон дундах бодит тусламжийн газар юм шиг санагдлаа.  Тийм болохоор мэдээж мөнгөтэй баян болохын тулд энэ үйлдвэрээ байгуулаагүй тэр сайхан сэтгэл тань харагдаж байна. Тэгэхээр танайх тусламж, хандиваар хөл гаргүй хүмүүст үнэгүй протез хийж өгч байсан үе нэг биш удаа байсан байх?

- Тэгэлгүй яахав. Манайх жилд нэг хүнийг сонгон хандиваар үнэгүй протез хийж өгдөг. Өнчин өрөөсөн,  хөл гараа тайруулсан, халамжийн хуулинд хамаарагддаггүй ямар ч бичиг баримтгүй амьдарч байгаа мөртлөө амьдралын төлөө хичээл зүтгэлтэй, хүний хайрыг татсан тийм хүмүүсийг сонгон тусалдаг. Тухайлбал, энэ хавар гэхэд Хятадын нэг үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрийн ослоор өрөөсөн гараа тайруулчихсан Билгүүн хүүд өрөөсөн гар үнэгүй хийж өгсөн байгаа.

Би энэ дэлхийн хамгийн баян хүн. Учир нь би өөрийнхөө амьдралын зорилгодоо хөрөнгө оруулалт хийсэн

 

-Та ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ?

-Эгч нь 8-р ангид байхдаа хөлөө унаганд гишгүүлсэн болохоор түүнээс хойш сургуульд сурч чадаагүй. Гэхдээ надад сурсан зүйл бий шүү. Бие маань их өвддөг би бага байхдаа гэмтлийн эмнэлэгт 2,3 жил  хэвтсэн. Тэр үед  Сэргээн засах үндэсний төв дотор байдаг курсуудыг төгссөн. Тэр нь оёдолчин, нягтлан, бичээч гээд л бүгдийг нь төгссөн.  Амьдралаа эргээд нэг харах юм бол  надад сурсан зүйл ховор ч чаддаг зүйл гэж бий. Би хүний сэтгэлийн зовлонг ойлгож чадна, адил зовлонтой хүмүүстээ би тусалж чадна. Өнөөдөр ч гэсэн дээ яг чаддаг зүйлээ амьдралынхаа эрхэм зорилго болгоод явж байна даа. Бас би их боловсролтой гэр бүлд бэр болж орсон. Бүхнээс дутуу намайг хадмууд маань хоёр хөлгүй чамайг бэрээ болгохгүй гэж хэлээгүй хүлээж авсанд одоог хүртэл их талархаж явдаг. Гэр бүлийн хүн маань ч гэсэн их мундаг боловсролтой хүн байсан. Энэ амжилтад хүрсний эрхэм үүрэг роль, түшиг тулгуур миний сайн хань, гэр бүл минь байсан даа. Би ганц хүүтэй. Хань маань надад нэг хэлдэг сайхан үг бий. Юм асуух бүрт дандаа “өөрөө мэдээ” гээд л намайг түшиж тулаад байж байдаг байсан. Хань маань өнгөрсөн жилийн 8-р сард өөд болчихсон. Тэглээ гээд шантрах үе байсан ч олон хүмүүсийн зовлонг нимгэлэх тэр зорилго минь тулж босох хүч минь болж явна даа.  

- Таныг  өөрийнхөө чаддаг зүйлээр эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаад  талархаж байна.  Ярилцлагынхаа төгсгөлийн үгийг танд үлдээе?

-Бодсон зүйлээ бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Хийе гэсэн бол ямар нэг аргаар ард нь гараад түүнийгээ харахад үнэхээр сайхан байдаг. Миний өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн зүйл маань ердөө л тэр. Хийх хүртлээ, биелүүлэх хүртлээ, амжилтад хүрэх хүртэл ямар ч хэцүү зовлон тулгарч болно, шантрах үе олноор гарч болно. Тэр үеүдэд хэзээ ч битгий бууж өгөөрэй. Бүх хичээл зүтгэлээ ашиглаад зорилго өөдөө тэмүүлээрэй гэж хэлмээр байна. Амьдрал сөхрөх үе нэлээдгүй гарна. Өнгөрсөн жил миний хувьд маш хэцүү жил байсан. Хань маань өөд болж, энэ барилгаа эхлүүлээд дуусгаагүй байсан үе. Сэтгэл зүйн хувьд ч хүнд байсан, дээрээс нь хөрөнгө санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байсан. Гэлээ гэхдээ би бууж өгөөгүй, зорилгоосоо няцаагүй, хүү бэр хоёртойгоо нийлээд өвөлжингөө энэ барилгыг барьсан. Бүх хүч, хөрөнгө мөнгө, хичээл зүтгэл бүхнээ дайчлаад барилгаа барьсан. Одоо надад байгаа нь энэ шар барилга байна. Гэхдээ би энэ дэлхийн хамгийн баян хүн. Учир нь би өөрийнхөө амьдралын зорилгодоо хөрөнгө оруулалт хийсэн.


  1. 202.179.20.* gansukh 2015-10-27 12:14
    saikhan yriltslaga bolson bn.
  2. 202.179.20.* gansukh 2015-10-27 12:10
    Tanid ajil hudlmuriin undur amjilt huseye.
  3. 95.211.226.* yooooooo 2015-10-23 18:38
    yariltslagin tugsgulin vg bhda yahaw de.nerteiger ni svvlin vgiig chin sonsoyo gechihgvi yu da ha ha ha