ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: Казахстан улс руу хуурай сүү экспортолж буй Милко сүүний үйлдвэрийн захирал Э.Эрдэнэбилэгтэй ярилцсан нь
Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд үйлдвэрлэл явуулан дотоодынхоо нийт шингэн сүүний 10 орчим хувийг, хуурай сүүний 30 орчим хувийг үйлдвэрлэн нийлүүлдэг томоохон үйлдвэрүүдийн нэг бол “Тесо” корпорацийн Милко сүүний үйлдвэр билээ. Тус үйлдвэр хуурай сүүгээ өнгөрсөн хавраас үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд удаагүй байгаа ч Казахстан улс руу экспортолж эхэлжээ. Тиймээс бид энэ удаад ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор Милко сүүний үйлдвэрийн захирал Э.Эрдэнэбилэгийг урьж оролцууллаа.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн. Баярлалаа. Намайг Э.Эрдэнэбилэг гэдэг.“Тесо” корпорацийн Милко сүүний үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Милко сүүний үйлдвэр дотооддоо үйлдвэрлэсэн кофены хуурай сүүгээ саяхан Казахстан улс руу экспортолсон гэсэн. Сүүний үйлдвэрлэлээ хэзээнээс явуулж эхэлсэн, ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна гэдгээс хоёулаа яриагаа эхлүүлье?
-Милко компани маань 2009 онд анх байгуулагдсан. Компаниа байгуулснаас хойш сүүн сүүн бүтээгдэхүүн, худалдааны гэсэн хоёр чиглэлээр дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа. Одоогоор сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, маслоны үйлдвэр, ундаа жүүсний үйлдвэр гэсэн чиглэлээр үйлдвэрлэл явуулан 140 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээс олны танил болсон брэндүүд гэвэл Милко сүү, Зөв аарцны ундаа, Стандарт масло, "Golden milk" хуурай сүүнүүд маань байгаа. Мөн дотооддоо бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй энэ сарын 24 нд "Golden milk" кофены хуурай сүүгээ Казакстан улс руу экспортолж гаргасан байгаа. Цаашид ч мөн олон бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
-Казахстан улсаас танай “Golden milk”-ийг нийлүүлэх санал ирэв үү? Эхний ээлжид хэдий хэмжээний бүтээгдэхүүн экспортлоод байна вэ?
-Манай компани 2013 оноос хуурай сүүний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийнхөө хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн сүү сүүн бүтээгдэхүүнийг дэмжих дэд хөтөлбөрт хамрагдан санхүүжилт авч хуурай сүүний үйлдвэрийн төслөө эхлүүлж байсан. Бүтээгдэхүүнээ бол анх хэрэглэгчдийн гар дээр 2015 оны 3 сараас хүргэсэн. Хэрэглэгчдийн гарт хүргээд удаагүй ч гадны улс руу экспортлохоор болсон маань бидний хувьд нэлээдгүй том амжилт гэж бодож байгаа. Экспортлохын өмнө манай компани ОХУ-д болсон “FROD EXPO” ОУ-ын үзэсгэлэнд бүтээгдэхүүнээрээ оролцсон. Гэтэл тэр үеэр манай Golden milk,Зөв аарцны ундаа, 100 жүүс маань ОХУ-ын ХААЯ-ны сайдын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан
байгаа. Энэ үзэсгэлэнд оролцсоноор манай бүтээгдэхүүн амт чанараараа гадны улсуудад танигдаж Казахстан улс руу экспортлохоор болсон байгаа. Одоогоор эхний ээлжинд 30 гаруй мянган ширхэг "Golden milk" хуурай сүүгээ Казахстан улс руу экспортолсон
байгаа. Манай компанийн Казахстан улс дахь албан ёсны төлөөлөгчөөр Nestle брэндийн салбар үйлдвэр "Shinline" ажиллаж байгаа. Экспортын анхны гараагаа дэлхийд алдартай брэндийн үйлдвэрүүдтэй хамтран эхлүүлж байгаадаа баяртай байгаа.
- Хуурай сүүг хийхэд ямар ямар түүхий эд ашигладаг вэ. Мөн ямар технологиор үйлдвэрлэлээ явуулж байна?
-Ерөнхийдөө хуурай сүүний маань үндсэн түүхий эдэд малын сүү ордог. Тийм ч болохоор бидний үйлдвэрлэсэн хуурай сүү органик бүтээгдэхүүн гэдгээрээ ОУ-ын зах зээлд үнэлэгдээд байгаа
. Бид Улаанбаатараас 200 км-ийн зайд 5 цэгт сүү хүлээн авах газартай. Тэндээсээ тээвэрлэж ирээд сүү, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулан гаргадаг. Гэхдээ хуурай сүүг хийхэд бол хамгийн дээд чанарын сүүг хэрэглэдэг. Мөн хуурай сүүний найрлагад сүүнээс гадна шар буурцгийн тос, өөр бусад түүхий эдүүд багтсан байгаа. Манай үйлдвэр өдөртөө 17 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай.
Технологийн хувьд хамгийн орчин үеийн Англи улс, БНХАУ-аас оруулж ирсэн сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийг ашигладаг байгаа.
Милко үйлдвэр дотоодынхоо нийт шингэн сүүний 10 хувийг, хуурай сүүний 30 орчим хувийг нийлүүлдэг
- Танай үйлдвэр дотоодынхоо шингэн болон хуурай сүүний хэдэн хувийг нийлүүлдэг вэ. Танайх бас Милко нэртэй шингэн сүүг үйлдвэрлэдэг. Цаашид шингэн сүүгээ экспортлох төлөвлөгөө байгаа юу?
- Манай Милко үйлдвэр дотоодынхоо нийт шингэн сүүний 10 хувийг, хуурай сүүний 30 орчим хувийг бүрдүүлж байна
. Шингэн сүүний хувьд Монголын нийт сүүний үйлдвэрүүд дотоодынхоо сүүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа болохоор одоохондоо экспортод гаргах боломжгүй болоод байна. Манай үйлдвэрүүд нийт Улаанбаатарчуудын сүүний хэрэгцээний 50 орчим хувийг л хангаж байна. Хүнээсээ илүү олон малтай гэдэг ч түүнийг зөв зарцуулахгүй болохоор шингэн сүүний нийлүүлэлт дутагдалтай байна.
-Компанийнхаа алсын хараа, ирээдүйн зорилгын талаар ярихгүй юу. Цаашид шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий юу?
-Бид үйлдвэрээ анх импортын бүтээгдэхүүнийг багасгаж, органик түүхий эд ашиглан сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд таниулж, экспортлох зорилготойгоор байгуулсан. Зорилго маань ч бага багаар биеллээ олж байгаа. Шинэ бүтээгдэхүүний хувьд манай улсад цэвэр бяслаг, цөцгийн тос, иогурт гэхчлэн сүү сүүн бүтээгдэхүүнийг маш олон төрлөөр үйлдвэрлэж болох түүхий эдүүд бий. Тиймээс бид цаашид илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр Швед улсаас шинэ технологи оруулж ирэх төслийг хэрэгжүүлж байна. Шинэ үйлдвэрийнхээ нээлтийг удахгүй хийнэ
. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг нь одоохондоо нууц байгаа. Мөн бид сүү хүлээн авдаг хөдөө орон нутгийн 5 цэгээ 10 болгож өргөжүүлэх төслийг Чингис Бондын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Цаашдаа энэ цэгүүдээ зөвхөн сүү хүлээн авах цэг бус боловсруулдаг жижиг хэмжээний цехүүд болгох хэтийн төлөвлөгөө бий.
-Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд дотооддоо үйлдвэрлэл явуулдаг олон компаниуд бий. Танай компанийн хувьд зорьсон зорилгодоо хүрч, амжилтад хүрсэн нууц юу юм бол?
-Хүнсний зах зээл бол маш өрсөлдөөнтэй зах зээл. Бидний хувьд урт хугацааны уламжлалын бодлогыг тууштай баримталж ирсэн нь бидний бусад компаниудаас ялгарах давуу тал буюу амжилтад хүрсэн нууц байх. Бидний компаниа байгуулсан анхны бодлого бол уламжлалыг шинэчлэх байсан. Өөрөөр хэлбэл, уламжлалт хэрэглээгээ орчин үеийн технологитой уялдуулна гэсэн зорилтыг тавьсан. Түүнийгээ л өнөөдрийг хүртэл баримталж ирсэн. Бизнес эрхлэх явцдаа тэр компани тийм юм хийж байна, тэрийг хийе, эсвэл хэрэглэгчид ийм зүйлийг түлхүү хэрэглэж байна гээд бид нар өөр зүйл рүү хазайж ороогүй. Бизнес эхлүүлэхдээ ямар бодлогыг баримталж, ямар сэтгэлтэй байснаа алдахгүй хадгалж үлдэх нь зах зээлд амжилтад хүрэх нэг том давуу тал болдог болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгээр бизнес эрхлэгчид монголын зах зээлд хамгийн их импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг судалж байж тэр чиглэл рүү үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй шиг байгаа юм. Бидний хувьд ч ялаагүй анх үйлдвэрлэлээ байгуулахдаа хуурай сүү импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэлээдгүй хувийг эзэлж байгааг харсан. Тиймээс дотооддоо хуурай сүү үйлдвэрлэж импортыг багасгах хэрэгтэйг олж харсан. Энэ нь цаашлаад манай улс орны хөгжлийн нэг гарц болох юм.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-
122.201.31.*
Зочин
2015-11-06 23:04
tamiin togoo shig l amidrah yum manai Mongolchuud0 0 Хариулах
-
122.201.31.*
Зочин
2015-11-06 23:04
undesnii uildveree demjeed ogoh heregtei shde0 0 Хариулах
-
188.133.205.*
oyutan
2015-11-06 16:19
standart maslo ni trans tos zairmag ni trans tos shingen suu urgelj gashilsan baidag.heterhii shunaltai humuus bololtoi.chanartai ard tumniig horlohgui buteegdhuun gargah heregtei shuu.1 0 Хариулах
-
59.153.115.*
Зочин
2015-11-03 19:47
teso odoo jaahan chanarjmaar yum aa ter uul uurhai barilga bvol ta nar chadahgui zugeer hunsee saijruualah heregtei1 0 Хариулах
-
43.242.242.*
Зочин
2015-11-02 12:45
GOLDEN MILK BOL ZUGEER L MADE IN CHINA SHUU DEE YAG MONGOLD MONGOL UNEENII SUUNEES GARGASAN HUURAI SUU BISH BOLOV UU UGAASAA SAVAN DEEREE MADE IN CHINA GESEN BSAN TESO ENE TALAARAA SAIN TAILBARLAHGUI BOL OROSOD SHAGNAL HURTSEN GEJ TAILBARLAAD BAIJ BOLOHGUI. OROSOD HYATAD BUTEEGDEHUUNEER SHAGNAL HURTSEN BOLJ TAARCH BGAAM. 100 SHUUS ch gesen yerduu 10 huviin holitstoi. Tegeed busad ni zugeer l elsen chiher. Jaahan hunee bodoj yum hiihgui bol zugeer l biznes gej haraad bgaa yum shig. Harin ter zuv aartstai undaa ni ih taalagddag. Bainga heregledeg. Sain yumig ni bol helne. Muug ni ch bas heleh heregtei.7 0 Хариулах