ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: АНУ-ын Калифорни технологийн институтийн эдийн засгийн доктор Ц.Гэрэлттэй ярилцсан нь

Bolor Rose
2015-11-02 08:47

Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөртлөн АНУ-ын Калифорни технологийн институтийн эдийн засгийн доктор Ц.Гэрэлттэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.  Тэрээр тус сургуульд суралцаж байгаа цорын ганц монгол оюутан бөгөөд монгол хүний оюуны чадамжийг бусдад таниулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах нь түүний хүлээсэн эрхэм хариуцлага ажээ. Тиймээс бид энэ удаагийн ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цувралаараа НУ-ын Калифорни технологийн институтийн эдийн засгийн докторант Ц.Гэрэлттэй ярилцлаа.  

Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Цэрэнжигмэдийн Гэрэлт гэдэг. АНУ-ын Калифорни технологийн институт  /California Institute of technology/-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалах гээд сурч байна.  Улаанбаатарт төрж өссөн. Нийслэлийн 1-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид 10 жилээ сурч төгсөөд МУИС-ийн онолын математикийн ангид элсэн орсон. Тухайн үед Японы засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж олдон Токиогийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр бакалавр төгссөн. Токиогийн их сургуульд сурч байхдаа АНУ-ын Калифорни технологийн институтэд доктороор сурах урилга аваад одоо суралцаж байна. 

- Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Таны хувьд мэргэжил талаасаа ч тэр хувь хүн талаасаа ч сурч мэдсэн зүйл маш олон байгаа байх. Мэдээж энэ бүхнийг сурсан таны нэг зорилго байгаа гэж бодож байна. Энэ талаараа хоёулаа яриагаа эхлүүлье?   

-Би сургуулиа энэ хавар төгсөнө. 4,5  жил ажиллаж туршлага хуримтлуулчхаад эх орондоо ирж ажиллах алсын төлөвлөгөөтэй байна. Сурч явах хугацаандаа, төгсөөд ажиллахдаа ч нэг л зүйлийг бодож зорьж яваа. Би монгол хүмүүсээс тэр сургуульд хамгийн анхны монгол оюутан болж очсон. Тэр хэрээрээ монгол хүний оюун ухааны чадамжийг бусдад таниулах эрхэм хариуцлага надад ногдсон гэж боддог. Монголчуудыг одоо бол нүүдэлчин гэдгээр нь л мэддэг. Бяртай чадалтай гэдгээр нь л мэддэгээс бусдаар мэддэггүй. Тэр хэрээрээ би сайн байж эх орныхоо нэрийг сайнаар авч явах учиртай. Монголоос ирсэн гэчхээд л монгол хүн ийм гэдгийг харуулж чадахгүй бол эх орны маань нэр муугаар гарна шүү дээ.

Бас нэг зүйл нь  дэлхийн шинэлэг мэдлэг, техник технологи, эдийн засгийн боловсролын ухааныг судалж мэдэж ирээд монголчууддаа хэлж өгөх бодолтой байгаа. Тухайлбал, миний судалж байгаа эдийн засагт л гэхэд сурах ёстой 20 гаруй төрлийн /маш олон л доо/ зүйл байлаа гэж бодоход  монголчууд 2,3-ийг нь мэдэж байх жишээтэй. Үүнийг л бид мэдэж ирээд заах, хэлж өгөх ёстой юм. Өөрөөр хэлбэл бид дэлхийн боловсрол, шинэ мэдлэгээс тэр хэрээрээ хоцрогдмол байгаа гэсэн үг л дээ. Түүнээс шалтгаалаад улс орны хөгжих, эс хөгжих хамаарч байгаа юм. Хүн бүр улс эх орноо бүрдүүлж буй нэг эрэг шурга. Миний хувьд ч ялгаагүй. Тэр эрэг шурганууд нь хувь хувьдаа хөгжиж, олон зүйлийг сурч мэдэж байж улс эх орон маань хөгжинө. 

- Бидэнд эдийн засгийн мэдлэг дутмаг байгаа нь Монгол улс хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан гэж ойлгож болох уу?

-Тухайлбал, эдийн засагт бол макро,микро цаашлаад маш олон салбар ухагдахуунууд байна л даа. Хүний эдийн засгийн сонголтыг математикаар хэрхэн модельчлох вэ, индастринууд яаж хөгждөг вэ, хөдөлмөрийн заах зээл хэрхэн хөгждөг вэ гэх гэхчлэн тухайн салбар бүрийн ухааныг нарийн сайн мэддэг хүн хэрэгтэй гэсэн үг. Тэгж байж сая монополийн эсрэг ямар хууль боловсруулах вэ, ингэснээр ямар үр дүнг бий болгох вэ, мөн ямар бодлого явуулбал хүмүүсийн зан үйл хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг зөв гаргалгааг гаргадаг болно гэсэн үг юм.   Өнөөдөр хүмүүс татвар нэмэх нь буруу зөв гэж маргалдахын оронд ирээдүйд аль нь зөв болохыг таамаглаж мэддэг аргад суралцах эдийн засгийн ухаан хэрэгтэй. Гэхдээ хүн бүр эдийн засгийн мэдлэгтэй бол гэсэн үг бас биш л дээ. Нийтээрээ биш ч  нийгмийг чиглүүлж байдаг тодорхой бүлэг хүмүүст эдийн засгийн ухаан хэрэгтэй гэсэн үг юм. 

Улс орны хөгжил, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл гэхчлэн эдийн засагтай холбоотой ямар ч зүйлийг ирээдүйд яах талаар, ямар арга хэмжээ авснаар ямар үр дүнд хүрч болдгийг математикаар томьёолчихсон байдаг. Бид түүнийг л сурах ёстой гэж ойлгож байна.

-Тийм. Би докторын зэргээ “Хүмүүсийн сонголтыг математикаар модельчлох” гэсэн сэдвээр хамгаалж байгаа л даа. Эдийн засагт одоогоос 50,60 жилийн өмнө рациональ хүн буюу байгаа бүх мэдээллээ ашиглаад хамгийн оновчтой сонголт хийж чаддаг хүнийг томьёоллыг математикаар модельчлоод гаргачихсан байдаг. Өөрөөр хэлбэл маш олон сонголт дундаас хамгийн зөв шийдвэрийг гаргаж чаддаг тийм хүн гэсэн үг. Яг энэ үндсэн модельдоо суурилаад эдийн засгийн ухаан гэдэг зүйл гарч ирсэн байдаг. Эдийн засаг бол нэг үгээр хэлэх юм бол хүн. Мөнгөний бодлого, татвар, хувьцааны үнэ гэхчлэн эдийн засагтай холбоотой асуудлуудаар хамгийн зөв шийдвэрийг гаргаж ашигтай ажиллаж чадах томьёо гэсэн үг л дээ. Татварыг нэг хувиар нэмэх юм бол хүмүүсийн худалдаа эрхлэлт, цаашлаад том байгууллагууд ямар нөхцөл байдлыг бий болгож болох вэ гэдгийг таамаглахын тулд холбоотой өгөгдлүүдийг цуглуулаад математикаар модельчилж гаргаж ирнэ гэсэн үг. Нөгөөтэйгээр үүнд сэтгэл зүйн ухаан бас нөлөөлдөг. Гэтэл хүний сэтгэлзүй маань дандаа рациональ байдаггүй гэгдэж байна. Иррациональ буюу заавал өөртөө ашигтай сонголт хийх гэдэггүй, хийж чаддаггүй тоглогчид бас байна. Хэрэв эдний сонголтыг сайн загварчилж чадвал эдийн засгийн асуудлын таамаглал бүр сайжирна. Миний судалгаа иррациональ хүмүүсийн сонголтыг илүү ойлгоход чиглэсэн.

Эрсдэлтэй сонголтын үр дүн ирээдүйн сэтгэлзүйд нөлөөлдөг

-“Хүмүүсийн сонголтыг математикаар модельчлах” таны дипломын сэдэв гэсэн. Зөвхөн эдийн засаг гэхээсээ илүүтэй сэтгэл зүй талаасаа хүн ийм тохиолдолд тийм сонголт хийх нь зөв ч гэдэг юм уу судалгааны явцад ажиглагдаж байгаа зүйл байна уу? 

- Би одоо дипломын сэдвийнхээ нэг хэсэг болох “Хүний одоогийн хийсэн сонголт ирээдүйд нь хэрхэн нөлөөлдөг вэ” гэдгийг судалж байна л даа. Гэтэл энд нэг зүйл ажиглагдаж байгаа. Тухайн хүн өмнө нь эрсдэлтэй сонголт хийхдээ алдсан бол цаашдаа ирээдүйд эрсдэлтэй сонголт хийх нь багасдаг. Харин эсрэгээрээ эрсдэлтэй сонголт нь ашигтай байсан тохиолдолд ирээдүйд эрсдэлтэй сонголт хийх нь ихэсдэг юм байна л даа. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Гэтэл яг энэ дадал нь макро төвшинд мөн төстэй үр дүнг бий болгодог. Өөрөөр хэлбэл, хувь хүний энэ үйл хөдлөлөөр хувьцааны үнэ, цаашлаад эдийн засгийн өсөлтийг 100 жилээр харж болдог. Эдийн засаг сайн байх юм бол хүмүүсийн эрсдэлтэй сонголт хийх хүсэл нь ихэснэ, эдийн засаг муу байх юм бол эрсдэлтэй сонголт хийх нь багасдаг. Монгол улсын эдийн засаг хөгжих үед хүмүүс хэт эрсдэлтэй сонголт хийх хүсэлтэй болоод, харин эдийн засаг сайнгүй үед бүх хүмүүс мөнгөгүй болчихдог. Үүнийг бид бүгдээрээ биш гэхэд нийт массыг авч явдаг цөөн хэдэн хүн мэдэж байх хэрэгтэй. Буруу сонголт биднийг буруу үйлдэл хийхэд хүргэж, үйлдэл нь цаашлаад буруу үр дүнд хүргээд байгаа юм. 

- Таны хувьд өнөөг хүртэл их олон жил гадаадын өндөр хөгжилтэй улсуудад сурсан. Сурч байсан сургуулиудын тань сургалтын арга барил, цаашлаад тухайн улсын боловсролдоо авч хэрэгжүүлдэг хөгжлийн бодлого нь ямар байдаг вэ? 

-Япон, АНУ боловсролын системдээ чадвартай хүмүүсийг бэлтгэх, илрүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр үнэхээр оюуны потенциал хүрч байвал бүх талаар улсаас дэмжиж ажиллана гэсэн бодлогыг баримталдаг. Тэр хэрээрээ Токиогийн их сургууль, АНУ-ын шилдэг их сургуулиудад ороход  маш өндөр шалгуур тавьдаг. Зөвхөн хамгийн шилдгүүд тэр сургуульд ордог. Хүүхдүүдээ бага сургуулиас нь шалгаруулж сургадаг. Тэгээд дараа нь шигшиж сургасан шилдэг хүмүүстээ маш их мөнгө хаядаг. Оюуны чадамжаараа өрсөлдөөд орсон хүүхдүүдэд нь сургалтын төлбөр, тэтгэмж, гараад ажиллаж ажлын байр гээд бүгдийг бэлддэг. Зөвхөн сайн сур гэдэг шаардлагыг л улсаас тавьдаг.

Мөн хамгийн чадварлаг боловсон хүчин, судлаач багш нарыг авчирч тэр хүүхдүүдэд хичээл заалгадаг. Харин эцэст нь тэндээс бэлтгэгдэж гарсан боловсон хүчнүүд улс орноо авч явдаг. Тухайлбал, Токиогийн Их сургууль төгссөн Япончууд бүгд Японы төрийн хамгийн өндөр албандаа ажилладаг. Гэтэл манайд МУИС арван мянган оюутантай байна гэдэг нь хэзээ ч байж боломгүй зүйл. Миний бодлоор МУИС-ийг шалгарсан, потенциалтай хүүхдүүдийг сургадаг элит сургууль болгомоор байгаа юм. 

- Ярилцлагынхаа төгсгөлд  залуучууддаа хандаад үг хэлэхгүй юу? 

-Хүмүүс судалгааны ажил хийх гэж байна, сургуулиа сонгох гэж байна гээд надаас заримдаа зөвлөгөө авдаг. Тэр үед би нэг л зүйлийг хэлдэг. Өөрийнхөө дуртай зүйлийг олох хэрэгтэй. Өөрөө юунд дуртай байна. Түүнийгээ л хийгээрэй гэдэг юм. Тэгж байж л тэр хүн амжилтад хүрнэ. Ер ньхүн дуртай зүйлээ олох нь амжилтад хүрэх нууц. 

-Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцсанд баярлалаа. 


  1. 27.123.214.* Зочин 2017-02-11 13:56
    Uneheer gaihaltai mundag zaluu bna shuu.
  2. 120.19.177.* nomin 2016-04-27 13:30
    Ene zaluu arai l tasartsnuu ugui yu urilga entr bolood yawchih chini kkk. Mundag
  3. 27.123.214.* Зочин 2016-02-11 17:17
    Mundag
  4. 122.201.31.* Зочин 2015-11-06 23:03
    mundag huu baina. amjilt husye
  5. 122.201.31.* Зочин 2015-11-06 23:03
    mundag huu baina. amjilt husye
  6. 103.26.195.* davaakhuu 2015-11-04 21:06
    sain bna ahiin duu ulam ihiig surch eh ornoo hogjuulehed unetei huvi nemer oruulhiig husen erooe!
  7. 103.11.192.* Зочин 2015-11-03 10:55
    НАЙС
  8. 103.229.121.* Зочин 2015-11-02 22:33
    amjilt husye. zaluud.