О.Мөнхсайхан 'Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой'

Bolor Rose
2015-12-01 03:41

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийт, судлаачид, улс төрчдийн яриа, мэтгэлцээний гол сэдэв болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар судлаачийн байр суурийг хүргэх үүднээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайханд анх хандахад тэрээр эхлээд Үндсэн хуулийнхаа ач холбогдол, нийгэмд гүйцэтгэж ирсэн үүргийг ярих хэрэгтэй гэж хэлсэн юм. Тиймээс, доктор О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль” гэсэн гарчигтай ярилцлагыг 2015 оны 4-р сарын 14-нд өгч хэвлүүлсэн. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан учраас төслийн талаар түүнээс хоёр ярилцлага нэмж авсан. Эхнийхийг нь өнөөдөр нийтэлж, дараагийн ярилцлагыг ойрын өдөрт та бүхэнд хүргэх болно. 

-Урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хуульчилсан журмыг зөрчиж байна гэх судлаачид, улс төрчид байна. Эндээс яриагаа эхлэх үү?

-2015 оны 11-р сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс санал асуулга авах тогтоолын төслийн хамт УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ төсөл нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Нэгд, оролцоог хангаагүй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1-ийг зөрчсөн. Төслийн танилцуулгад судлаачдын саналыг авсан гэж бичсэн боловч саналаа өгсөн судлаач хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Хоёрт, уг хуулийн 8.1-т заасан “УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргахдаа УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил байна гэж бичжээ. Хуулийн илэрхий хориглолтыг үл тоосон. Гуравт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь дур зоргын байж болохгүй гэсэн уг хуулийн 5.1.4-ийг зөрчсөн.Дур зоргын биш гэдэг нь нэг талаар хуульд нийцсэн байх, нөгөө талаар үндэслэлтэй хандах гэсэн үг. Хууль яаж зөрчсөн талаар түрүүн хэлсэн. Мөн, судалгаа, үндэслэл нь тодорхойгүй зохицуулалт олон байна. Жишээ нь, Эх хууль, 9 яам, УИХ-ын 99 гишүүн гэдэг ч юм уу 9-ийн тооны билэгдлийг бодож оруулсан гэх зүйлс оржээ. Ардчилсан нийгэмд Үндсэн хуулиа ийм юм хэлж өөрчилдөггүй. Уг нь, эдгээр өөрчлөлтийн судалгаа, үндэслэл юу вэ гэдгийг хэлэлцэх ёстой л доо. Дөрөвт, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13.1-ийг зөрчсөн төсөл оруулсан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш30-аас доошгүй хоногийн дараа санал асуулга явуулна гэснийг зөрчиж, Ажлын хэсэг 11-р сарын 6-нд төслөө өргөн барьчхаад УИХ-ын шийдвэр ч гараагүй байхад 20-хон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд санал асуулга явуулна гэсэн. 30 хоног өгч байгаа нь иргэд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар мэдээлэл олж авах, бодох, саналаа солилцох, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсоход зориулагдсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу төслийн 1-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүйн саналаар, 2-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нийт гишүүдийн 3/4-өөс доошгүйн саналаар дэмжсэний дараа санал асуулга явуулах зохицуулалттай. Гэтэл, эдгээр хэлэлцүүлгээ ч хийгээгүй байж санал асуулга явуулах төсөл өргөн барьчихсан нь энэ өөрчлөлтийг үнэхээр хийх зорилготой байсан эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байна. Процессын талаас нь ярихад ийм их асуудал байна, агуулга талаас нь ч засах зүйл бишгүй.

-Тэгэхээр энэ төслийг боловсруулахдаа судлаачдыг оролцуулаагүй гэсэн үг үү?

-Ажлын хэсэгт УИХ дахь намуудын төлөөлөл, 1992 онд Үндсэн хууль батлахад оролцсон хүмүүс орсон байна. Энд төрийн эрх мэдэл хуваарилалтыг олон жил судалсан доктор Д.Лүндээжанцан гишүүнийг багтаасан нь сайшаалтай. Гэвч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх процесс ил тод байж, оролцоог хангасан байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Үндсэн хууль судлаачдаас хэн энэ төслийг боловсруулахад оролцсон талаар мэдээлэл алга. Мөн, Үндсэн хууль өөрөө нийт ард түмний хууль бөгөөд өргөн хүрээтэй, гүнзгий агуулгатай, заалт бүр нь нарийн онолоор тайлбарлагддаг учраас түүнд оруулах өөрчлөлтийг ажлын хэсгийн цөөн хүн мэдэж боловсруулах боломж хязгаарлагдмал. Бидний тоолж үзсэнээр Үндсэн хуулийг дагнан судалж хэвлүүлдэг ахмад, дунд, залуу үеийн 15-20 орчим судлаачид бий. Төслийг өргөн барихаасаа өмнө сүүлийн 25 жил энэ чиглэлээр судалж ном, өгүүлэл хэвлүүлсэн, гадаад дотоодод докторын зэрэг хамгаалсан цөөн судлаачдынхаа саналыг сонсож, усыг нь шахах хэрэгтэй байсан. Үндсэн хуулийн яг аль хэсгийг нь сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр эдгээр судлаачид санал нэгдсэн зүйл цөөнгүй байдаг боловч эдгээр санал төсөлд ороогүй байна. 2000 оны нэмэлт өөрчлөлт дээр ч ийм алдаа гарсан.

-Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт өөрчлөлтийг дордохын 7 өөрчлөлт гэдэг байх аа?

-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг судлаачдыг оролцуулалгүйгээр боловсруулж хүчээр баталсан учраас зарим талаар одоогийн асуудлууд үүсээд байгаа. Эдгээрийг дордохын 7 өөрчлөлт гэж нэрлэдэг. Гэхдээ, энэ 7 өөрчлөлтийн зарим нь 1996-2000 оны УИХ, Ерөнхийлөгчийн харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл, энэ нэмэлт өөрчлөлтөөр УИХ дахь олонх болсон нам, эвсэл заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Ерөнхий сайдынхаа нэрийг УИХ руу оруулдаг байсныг халсан, Ерөнхий сайд сайд нарыг Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж байж УИХ руу оруулдаг байсныг больж Ерөнхийлөгчтэй 7 хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ руу өөрөө оруулдаг болсон нь парламентын сонгуулийн дүнгээр бий болсон олонх Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайд бүрэлдэхүүний саналаа Ерөнхийлөгчөөс харьцангуй хамааралгүйгээр УИХ руу оруулах боломж олгож, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн. Мөн, УИХ Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилж чадаагүй бол огцрох эрсдэлтэй гэсэн утгатай заалт ерөнхий ч гэсэн орсон нь Засгийн газрыг байгуулах ажиллагаанд УИХ-ыг илүү хариуцлагажуулсан. Гэвч, бусад өөрчлөлт нь Үндсэн хууль дахь хяналт, тэнцлийн тогтолцоог сулруулчихсан

-Долоон нэмэлт өөрчлөлтийн аль нь яаж дордуулсан бэ? 

-Манай 76-хан гишүүнтэй парламентын гишүүнийг Засгийн газрын гишүүн болохыг зөвшөөрсөн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг байхгүй болгосон. Яахав парламентын гишүүн нь засгийн газрын гишүүн байж болдог жишиг ганцхан манайд ч биш Герман, Япон, Англид байдаг боловч тэдгээрийн парламентын гишүүдийн тоо олон. Жишээлбэл,Англид парламентын доод танхим 650 гишүүнтэй тул цөөхөн гишүүн сайд болоход асуудалгүй. Монголын 76-хан гишүүний бараг 20 орчим нь засгийн газрын гишүүн болчихлоор хууль тогтоох эрх мэдэлд гүйцэтгэх эрх мэдэл давамгайлах байдлыг үүсгэх аюултай. Дээр нь, хууль батлах чуулганы ирцийн босгыг багасгасан. Нийт гишүүдийн 2/3-оор ирц бүрддэг байсныг багасгаж 1/2 болгосон нь цөөхөн гишүүнтэй парламентын нийт гишүүдийн талын тал нь хууль батлах боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл, УИХ 76 гишүүнтэй хирнээ 39 гишүүн ирснээр ирц бүрдэж, 20 гишүүний саналаар хууль баталж болдог болсон нь судлаачдын үгийг сонсоогүйн уршиг.

-2000 онд ийм зүйл болсон бол 1992 онд Үндсэн хууль батлахад олон нийтийн болон судлаачдын оролцоог хэр зэрэг хангасан бэ?

1992 оны Үндсэн хуулийг батлахдаа судлаачид, иргэдийн оролцоог маш сайн хангаж, олон талаас нь удаан хугацаанд нухацтай хэлэлцэж Үндсэн хуулийг төслийг боловсруулж АИХ-д өргөн барьсан байдаг. Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг Үндсэн хууль (Их цааз)-ын төслөө боловсруулаад 1991 оны хавар Улсын бага хурлаар хэлэлцүүлсэн, эндээс гарсан төслийг олон нийтэд ил болгож, 1991 оны 7 сард үндэсний судлаачид, хуульчдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал хийсэн. Мөн, төслөө орчуулж гадаадын экспертүүд, тухайлбал Мартин Шапиро, Херман Шварц зэрэг нэртэй профессорууд руу явуулж дэлгэрэнгүй зөвлөмж авсан, зөвлөмжийн дагуу зарим өөрчлөлтийг төсөлд тусгасан байдаг. Мөн оны 9 сард олон улсын эрдэм шинжилгээний хурал зохиож төсөл дээрээ ярилцсан. Улмаар, төслийг УБХ-аар хэлэлцсэн, дараа нь АИХ-аар хэлэлцэж баталсан сайн туршлага байна. Энэ жишгээрээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байвал алдаа гаргах нь бага. 2000 онд бол ингэж ажиллаагүй учраас олон алдаа гарсан. Одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах процесс ч 2000 оныхтой адилхан явагдаж байгаа учраас төслийг боловсруулж өргөн барих процесс хуудуутай болгосны зэрэгцээ агуулгын хувьд тааруу зүйл олон байгаа нь харамсалтай. 

Манай Улс 3 сая хүнтэй тул УИХ-ын гишүүдийн тоо наад зах нь 140 байх хэрэгтэй

-Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн агуулга руу оръё гэж бодож байна. Та түрүүн Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрлэх нь үндэслэл муутай гэж Та гэлсэн?

-Төслийг авч харахад хамгийн эхэнд нүдэнд туссан зүйл бол яах аргагүй Үндсэн хуулийг Эх хууль гэж нэрлэхээр болсон явдал. Судалж үзэхэд 1991-1992 оны хооронд Үндсэн хуулийг юу гэж нэрлэх вэ гэдэг дээр маш өргөн хэлэлцүүлэг явагдсан. Төсөл “Их цааз” гэсэн нэртэй явж байгаад “Үндсэн хууль” гэх болсон. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудын нэрийг харж, энэ уламжлалт нэр томьёог хадгалах хэрэгтэй гэж АИХ шийдсэн юм билээ. Одоо энэ нэр томьёог өөрчлөх шаардлага харагдахгүй байна. Бидний Үндсэн хууль гэж нэрлээд байгаа энэ баримт бичгийг Англиар Constitution гэдэг. Баруун Германчууд 1949 онд үүнийг түүхэн шалтгаанаар Үндсэн хууль гэж нэрлээд хоёр Герман нэгдэхээр Consitution (Verfassung) болгож өөрчилнө гэж шийдсэн. Гэвч, социалист дэглэм нуран унаж хоёр Герман нэгдэхэд Үндсэн хууль гэсэн нэр томьёогоо хадгалахаар санал нэгдсэн. Бид ч гэсэн нэгэнт хэвшсэн нэр томьёогоо хэрэглээд явахад асуудалгүй. Үндсэн хуулийг Эх хууль гэж өөрчилснөөр ямар ч асуудал шийдвэрлэхгүй. Харин ч олон зуун хууль тогтоомж өөрчлөх цаг, мөнгө үрсэн ажил ундарна.Нэртэй ноцолдохоос илүү бусад чухал асуудлууд дээрээ төвлөрөх хэрэгтэй. Үндсэн хууль бол аливаа үндэстний төрийн инстүүцийг тогтоож, төрийн эрх мэдлийг хуваарилж, хязгаарлаж, хүний болон иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулж байдаг суурь хууль. МанайҮндсэн хууль ийм агуулгатай юу, хэрэгжиж байна уу гэдэг л чухал.

-Та УИХ-ын гишүүдийн тоог өсгөх асуудлыг бэлгэдлээр шийдэж болохгүй гэж түрүүн хэллээ. Энэ тоо хэд байх хэрэгтэй гэдгийг харуулсан судалгаа бий юу?

-Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захиалгаар миний бие оролцсон судлаачдын баг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөгдөж буй асуудлуудыг парламентын эсхүл хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад хэрхэн шийдвэрлэсэн талаарх судалгааг хийсэн.  Бидний судалсан нэг сэдэв бол парламентын гишүүдийн тоо. Улс орнуудын өмнө тулгамдсан асуудал нийтлэг шинжтэй нь ч бий, онцлог нь ч бий. Ардчилсан улсад иргэдийг төлөөлж хууль батлах чиг үүрэгтэй парламент олон тооны гишүүдтэй байдаг нь нийтлэг. Юуны өмнө,парламентын гишүүд олон байх нь гишүүдэд мэргэших боломжийг олгож тэр хирээр баталж байгаа хууль нь чанартай гардаг. Жишээ нь, Английн парламент 650 гишүүнтэй. Нэг гишүүн 1 байнгын хороонд харьяалагдаж, тэр чиглэлээрээ дагнан мэргэшиж ажиллах боломжтой. Монголд бол 76-хан гишүүнтэй учраас нэг гишүүн 2-3 байнгын хороонд орж ажиллахаас өөр аргагүй болдог. Хүн л юм чинь мэдлэг, ур чадвар, туршлага хүрэхгүй үе тулгарч, үүнээс болоод чанаргүй хуулиуд батлагдаж байна. Мөнтоо олон байснаар парламентын хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Гишүүдийн тоог хүн амын тоогоор нь бодож гаргадаг томьёо ч бий. Энэ томьёогоор 3 сая хүн амтай улс бол 140-ээс дээш гишүүдтэй байж гэмээнэ парламент үүргээ сайн гүйцэтгэх боломжтой. Манайхтай адил парламентын засаглалтай, ойролцоо тооны хүн амтай улсуудыг харья. 1.3 сая хүн амтай Эстонын парламент 101 гишүүнтэй, 2 сая хүн амтай Латвийн парламент 100 гишүүнтэй,2.9 сая хүн амтай Литвийн парламент 141 гишүүнтэй. Манай Улс 3 сая хүнтэй тул УИХ-ын гишүүдийн тоо наад зах нь 140 байх хэрэгтэй. Түүнчлэн, парламентын гишүүд олон байх нь гаднын улс орон, үндэстэн дамнасан корпорац гэх мэтийн зүй бус нөлөөлөлд автах эрсдэлийг бууруулдаг. Одоо УИХ-ын гишүүдийн 20-30 орчим нөлөөлөхөд дуртай хуулиа ногоон гэрлээр гаргуулах эрсдэл бий. Гишүүдийн тоог нэмбэл төсөвт ачаалал нэмэгдэнэ гэх яриа сонсогддог ч ардчиллын инстүүц өөрөө өртөгтэй, тэр өртгийг төлж байж л тэр инстүүцийг сайн ажиллуулж чадна. Өртөг төлөхгүйгээр сайн ажилла гээд шахаад байх нь утопи. Парламентын гишүүдийн тооны асуудлыг өнөөдрийн хэмжээндзоосны нүхээр харж эсвэл саруул ухаанаар ойлгогдохгүй зүйл хэлж шийдвэрлэж болохгүй, харин шинжлэх ухаанч хандах хэрэгцээ их байна даа.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах гэж оролдож байгааг эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийг шургуулах гэж байна гэх мэтээр зарим хүмүүс хардаж байгаа. Улс төрчдийн ийм ашиг сонирхол байна уу? Эсхүл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бодитой шалтгаан бий юу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол зөвхөн энэ жил гэнэт яригдаагүй. Сүүлийн жилүүдэд энэ талаар ярьж ирсэн. Манай Үндсэн хууль маш сайн Үндсэн хууль гэдгийг танай сайтад өгсөн өмнөх ярилцлагадаа би дэлгэрэнгүй тайлбарласныг санаж байгаа байх. Гэхдээ сайжруулах цөөн тооны асуудал байхыг үгүйсгэхгүй. Эрх мэдэл хуваарилалт, хяналт, тэнцэлтэй холбоотой хоёр тулгамдсан асуудлыг ядаж шийдвэрлэх хэрэгтэй. Нэг нь Ерөнхийлөгчийн хэт өргөн бүрэн эрх,нөгөө нь гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй байдал. Юуны өмнө, одоогийн Үндсэн хууль Ерөнхийлөгчид нэлээн их эрх мэдэл өгсөн, мөн түүний эрх мэдэл аажмаар тэлэх боломж олгодог. Жишээ нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийг тэргүүлэх, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Улсын ерөнхий прокурорыг томилох зэрэг бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь парламентын ардчилалд төдийлөн байдаггүй зүйл. Мөн, Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгож болно гэж Үндсэн хуулийн 33-р зүйлийн 4-т заасан учраас Ерөнхийлөгчийн эрх мэдэл уулаас өнхөрч буй цасан бөмбөлөг шиг жил ирэх тусам томорч ирсэн. Жишээлбэл, Ерөнхийлөгч бүх шүүгч нарыг томилоод зогсохгүй шүүгчид нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг томилох, Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг батлах, АТГ-ын даргад нэр дэвшүүлэх, Төрийн албаны зөвлөлийн даргыг санал болгох гэх мэтчилэн олон бүрэн эрхийг хуулиар олгосон. Үндсэн хуулиар хязгаарлаагүй эдгээр бүрэн эрхүүд нь нэг талаасЕрөнхийлөгчийг хэт хүчтэй инстүүц болгож, эрх мэдлийн хяналт, тэнцэл алдагдахад хүргэсэн, нөгөө талаас хоёр Засгийн газартай юм шиг болсон. Ерөнхийлөгч маш олон хууль санаачилж батлуулдаг, гадаадад айлчлахдаа бодлогын асуудал дээр бие даагаад байр сууриа илэрхийлдэг, улмаар олон улсад Монголын гадаад бодлогын талаар хоёрдмол ойлголт төрүүлдэг. Энэ талаараа Ерөнхий сайдтай ярилцдаг эсэх нь ч тодорхойгүй.

-Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл өгсөн нь одоогийн Үндсэн хуулийн нэг сул тал гэж Та хэллээ. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд үүнийг зассан зохицуулалт орж уу?

-Зарим сайн зохицуулалт харагдсан. Жишээ нь, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж ард түмнээс сонгохыг болих зохицуулалт төсөлд оржээ.Парламентын засаглалтай улсын ерөнхийлөгчид байдаггүй олон эрх мэдлийг манай ерөнхийлөгч эдэлдгийг хасахаар тусгасан нь парламентын засаглалыг бэхжүүлэхэд тустай. Бусад оронд ерөнхий сайд нь ҮАБЗ-ийг тэргүүлдэг жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдгийг болих нь зөв. Мөн, Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийг хасах нь зохистой. Парламентын засаглалтай орнуудын нийт хуулийн дийлэнхийг засгийн газар нь санаачилдаг. Гэтэл, Монголд Засгийн газрын бодлогод нийцсэн эсэхээс үл хамааран Ерөнхийлөгч олон хуулийг санаачилдаг. Энэ мэт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хасаж, бас хуулиар нэмж бүрэн эрх өгөх боломжийг нь хаасан ач холбогдолтой. Гэхдээ, Ерөнхийлөгчийн эдэлж буй бүрэн эрхийг шилжүүлэхдээ буруу газар аваачсан алдаа гарчээ. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчөөс Засгийн газарт шилжүүлсэн нь тун эргэлзээтэй.

-Яагаад Цэцийн гурван гишүүнийг Засгийн газар нэр дэвшүүлэх нь буруу гэж та үзэж байна вэ?

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг цөөлөх, хязгаарлахтай холбогдуулан Цэцийн гишүүдийн томилгоог өөрчлөх гэж байгаа бол дордуулах биш сайжруулах хэрэгтэй. Цэц 9 гишүүнтэй бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүх нэр дэвшүүлж УИХ томилдог. УИХ томилгоо хийхдээ хуралдаанд оролцсон гишүүдийнхээ олонхын саналаар шийдвэрлэдэг учраас тухайн УИХ дахь олонх нь цөөнхтэй зөвшилцөлгүйгээр эцсийн шийдвэр гаргах боломжийг олгодог дутагдал бий. Гэвч, гурван өөр инстүүцээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Үндсэн хуульд заасан нь Цэцийг УИХ эсхүл өөр нэг инстүүцээс хараат болгохгүй байх баталгаа юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихтай холбогдуулан Цэцийн гурван гишүүнийг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчөөс авч Засгийн газарт өгсөн нь одоогийн зохицуулалтыг дордуулжээ. Учир нь, Цэцийн 9 гишүүний гурвыг УИХ нэр дэвшүүлнэ гэсэн учраас ерөнхийдөө УИХ-ын олонх нэр дэвшүүлдэг. УИХ-ын олонхын байгуулсан Засгийн газарт дахиад гурван гишүүнийг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг өгсөн учраасУИХ дахь олонх Цэцийн 6 гишүүнийг нэр дэвшүүлж, Улсын дээд шүүхийн нэр дэвшүүлсэн гуравтай хамт нийт 9 гишүүнийг бүгдийг нь томилдог болно. ИнгэснээрЦэц УИХ дахь олонхоос хараат болж, тэдний баталсан хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах хяналт суларна.

-Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хасаж болохгүй гэсэн үг үү?

Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг нэр дэвшүүлж томилох бүрэн эрхийг парламентдаа өгсөн улсууд байдаг. Ийм зохицуулалтыг авч байгаа бол гурван шаардлагыг хангасан байх ёстой. Нэгд, УИХ-ийн нийт гишүүдийн 2/3 буюу дийлэнх олонхын саналаар Цэцийн гишүүдийг томилдог болох шаардлагатай. УИХ-ын нийт гишүүдийн 1/5-ээс доошгүй нь Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй байж, 2/3-ын саналаар томилдог болох нь хавьгүй дээр. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг нам дангаараа Цэцийн гишүүдийг томилох боломжийг хааж, олонх цөөнх зөвшилцөн аль алиных нь хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хүн томилогдох, ядаж олонх дангаараа Цэцийн бүх гишүүдийг томилохоос сэргийлэх ач холбогдолтой. Үүнтэй төстэй зохицуулалт Германд бий. Хоёрт, УИХ нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол хийсний дараа Цэцийн гишүүдийг томилдог болох нь зүйтэй. Жишээ нь, АНУ-д Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийг томилох боловч Сенат нь батламжилдаг. Сенат нэр дэвшигчийг батламжлахаасаа өмнө нээлттэй сонсгол хийдэг. Дээд шүүхийн шүүгчийн ажлыг хийж чадах хүн үү, ёс зүйн хувьд хэр төлөвшилттэй вэ гэх зэргээр нэр дэвшигчийг олон талаас нь шүүн хэлэлцэж байж томилгоог батламжилдаг. Манай УИХ одоо Цэцийн гишүүнд нэр дэвшигчээс хэд гурван асуулт асуусан болоод л өнгөрдөг. Үүнийг өөрчилж сонсгол хийдэг болохгүй бол Цэцэд ажиллах шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй хүмүүс томилогдчихдог практик засагдахгүй. Гуравт,Цэцийн гишүүнд шүүгчид тавьдаг шиг шалгуур тавина гэдгийг тодорхой заах хэрэгтэй. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэдгийг явцууруулж хуульчилсны улмаар Цэцийн бүрэлдэхүүнд хуульч биш, эрх зүйч биш хүмүүс орж ирсэн. Жишээлбэл, Цэцийн одоогийн бүрэлдэхүүнд нэг инженер, нэг түүхч байна. Хуулийн хамгийн чухал маргааны нэг нь үндсэн хуулийн маргаан бөгөөд үүнийг онол, судалгаатай шийдвэрлэх ёстой байхад мэргэжлийн бус хүмүүс Цэцэд байгаа нь эмч биш хүнээр мэс засал хийлгэхийг зөвшөөрсөнтэй адилхан. Цэц өөрөө Үндсэн хуулийн шүүх юм бол түүний гишүүд ийм шүүгчээр ажиллах шалгуур хангасан хуульчид, ядаж эрх зүйчид байх ёстой. Энэ мэт томилгооны шаардлага харамсалтай нь энэ төсөлд тусгагдаагүй. Дээд шүүхийн шүүгчид, Улсын ерөнхий прокурорын томилгоог УИХ-д өгч болох эсэх, өгвөл яаж өгөх вэ гэдгийг ч маш сайн судалж шийдвэрлэх ёстой. Наад зах нь эдгээр нэр дэвшигчийн талаар УИХ дээр нээлттэй сонсгол хийх, 2/3 гэсэн өндөр босгоор томилох зохицуулалт байж болно.

-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохоо болихоор төсөлд тусгагджээ. Энэ ер нь зөв үү?

Парламентын засаглалтай орнуудад ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгох нь ховор. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдохын нэг сул тал нь их хэмжээний амлалт өгч байж сонгогдоход хүргэдэг. Энэ амлалтдаа хүрэхийн тулд ерөнхийлөгч хууль тогтоох эсвэл гүйцэтгэх эрх мэдэл рүү хальж оролцох, бие даан идэвхтэй ажиллах гэдэг. Үүнээс үүдэн ерөнхийлөгчид аяндаа эрх мэдэл төвлөрдөг. Тиймээс, энэ асуудлыг зохистой шийдэх хэрэгтэй. Гэхдээ, одоогийн төсөлд байгаа шиг УИХ-ын гишүүд дээр хот, аймгийн иргэдийн хурлын дарга нарыг оролцуулсан хурлаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв үү гэдгийг бодох л хэрэгтэй. Учир нь, УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулийн үр дүнд олонх болсон нам, эвсэл л Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг шийдвэрлэхээр болж мэдэхээр байна.Зөвхөн олонхыг төлөөлсөн Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлж чадах уу. Тиймээс, төсөлд буй энэ хувилбараас өөрөөр шийдэж болох уу гэдгийг эрэлхийлж судлах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийг сонгох өөр ямар хувилбар байна вэ?

Манайхтай ижил парламентын засаглалтай, нэгдмэл улсууд болох Эстон, Унгар зэрэг оронд парламентын олонх, цөөнхийн зөвшилцлөөр Ерөнхийлөгчийг сонгодог. Үүний тулд ерөнхийлөгчөө сонгоход парламентын нийт гишүүдийн 2/3-ын саналын босго тавьдаг. Эстонын зохицуулалт дажгүй санагддаг. Тэд парламентын 101 гишүүний 2/3-оор ерөнхийлөгчөө сонгодог. Тиймээс, парламентад олонх болсон намаас гадна цөөнх болсон нам оролцдог. Ерөнхийлөгчийн сонгуулийг парламентад явуулна. Хэрвээ эхний санал хураалтаар аль ч нэр дэвшигч 2/3-ын санал авч чадаагүй бол дараагийн өдөр нь 2 дахь санал хураалт явуулж, 2/3-ын саналыг авсан нэр дэвшигч байвал Ерөнхийлөгч болно. Энэ босгонд хүрч чадахгүй бол тэр өдрөө 3 дахь санал хураалт явуулна. 2/3-ын саналаар сонгож чадвал Ерөнхийлөгч болно, чадахгүй бол 1 сарын дотор парламентын бүх гишүүд хийгээд иргэдийн хурал тус бүрээс сонгосон төлөөлөгчдийг оролцуулсан өргөтгөсөн хурлаас Ерөнхийлөгчийг сонгодог. Харин одоогийн төсөлд энэ мэт нарийвчилсан зохицуулалт ороогүй. Ард түмнээс ерөнхийлөгчийг сонгуулахыг болиулж байгаа бол сонгох бүрэлдэхүүн, санал хураах босго, журмыг сайн хэлэлцэж нарийвчлан тусгах шаардлагатай. Үгүй бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг болж мэднэ.

 

Үргэлжлэлийг дараагийн ярилцлагаас уншина уу.

Ярилцсан С.Мөнхгэрэл

2015.11.13


  1. 150.129.143.* Байгалаа 2015-12-04 21:36
    Манайд хуулийн төсөлд судлаач, шинжээчдийн байр суурь, шинжлэх ухааны үндэслэлтэй судлагааг авч үздэг практик байхгүй учраас дор бичсэн 202.70.34 дугаартай хүний сэтгэгдэл шиг байр суурь их сонсогддог. Ер нь онол, номыг нь үзэж судлаад, олон хүнд энэ чиглэлээр хичээл заадаг, эрдмийн цол зэрэг авсан хүнийг зохих ёсоор хүндэлж харьцах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд ч та шүүмжилж байгаа бол өөрийн үзэл бодол, ажил сайжруулах саналаа хэлэх эрх нь нээлтэй байгаа гэдгийг бодож нэг үзээрэй гэж зөвлөе.
  2. 202.70.46.* Зочин 2015-12-01 16:52
    Undsen huuliaa utgaar ni sudlasan tsoon heden mergejiltnihee negiig yarihaar ingej bichih ni bodvol tosol bichsen 99 tengeriin neg baih
  3. 202.70.34.* зочин 2015-12-01 13:41
    Үндсэн хуулийн төрийн байгууллагад нэг өдөр ч ажиллаж үзээгүй, нэг ч бодлогын баримт бичиг боловсруулж үзээгүй хүмүүс л улс орон ард түмний хувь заяатай холбоотой юм том том яриад л суух болж