ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Цусны даралт тогтворжуулдаг гормон сүүний булчирхайд нөлөөлдгийг нээсэн судлаач Б.Алтансарнайтай ярилцсан нь

Bolor Rose
2015-12-01 09:15

ОУ-ын эрдэмтдийн шинжлэх ухааны томоохон нээлт, судалгаа, шинжилгээний ажлаа нийтлүүлдэг онлайн сайтад “Жирэмсэн үеийн хөхний булчирхайн хэт өсөлт хөгжил” нэртэй судалгааны өгүүллээ нийтэлсэн Монгол бүсгүйг энэ удаагийн ярилцлагын зочноороо урьж оролцууллаа. Тэрээр дунд сургуулиа төгссөнөөс хойш Япон улсад сурч байгаад ирсэн бөгөөд суралцах хугацаандаа Япон эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааны өгүүллээ тус сайтад нийтлүүлсэн ажээ. Ингээд та бүхэндээ биологийн ухааны мастер Б.Алтансарнайтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

 Б.Алтансарнай 'Цусны даралт тогтворжуулдаг гормон жирэмсэн үеийн сүүний булчирхайд нөлөөлдгийг судалгаагаараа тогтоосон'

- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Б.Алтансарнай гэдэг. Би Японд 8 жил сурч байгаад ирсэн. Эхний 3 жилд Японы Ариакэ технологийн коллежид сурч байгаад Цукуба их сургуульд шилжин ороод бакалавр, мастерын зэргээ хамгаалсан. Тухайн сургуульдаа амьдралын хэвшлээс үүдэлтэй өвчнүүдэд судалгаа хийдэг профессор Фукамизугийн лабораторид төгсөлтийн судалгаагаа хийсэн. Одоо Монголдоо Техник технологийн дээд сургуулийн харьяа Технологи нэвтрүүлэх төвд ажиллаж байна. 

-ОУ-ын эрдэмтдийн шинжлэх ухааны томоохон нээлт, судалгаа, шинжилгээний ажлаа нийтлүүлдэг онлайн сайтад өөрийнхөө “Жирэмсэн үеийн хөхний булчирхайн хэт өсөлт хөгжил” нэртэй судалгааны өгүүллээ нийтэлсэн байсан. Тэгэхээр хоёулаа яриагаа эндээс эхлүүлье?

Фүкамизү лабораторид “Жирэмсний даралт ихсэх өвчин”-ий тухай судалгаанд Япон эрдэмтэдтэй хамтран оролцож байсан. Судалгаагаа хийхийн тулд энэ өвчний модель болох генетикийн өөрчлөлттэй хулгана дээр туршилт хийж байсан. Энэ ажлын маань нэг хэсэг болох “Жирэмсний үеийн хөхний булчирхайн хэт өсөлт хөгжил” сэдвээр хийсэн судалгааны ажлаа нэр хүндтэй сэтгүүлд нийтэлсэндээ баяртай байгаа.

- Их сонирхолтой сэдэв байна л даа. Судалгааны явцад ямар үр дүнд хүрсэн бэ?

Хөхтөн амьтад жирэмсэн байх үед сүүний булчирхай нь хөгжиж, үр зулзагаа тэжээхэд бэлтгэдэг. Үр зулзагаа төрүүлж, хөхөөрөө хооллож эхлэхэд сүүний булчирхайн хөгжил нь гүйцэж, их хэмжээний сүү нийлэгжүүлж, гадагш ялгаруулах чадвартай болдог. Өөрөөр хэлбэл, жирэмсэн үед сүүний булчирхай нь тодорхой хэмжээнд хүртэл л хөгжихөөс биш, бүрэн гүйцэд хөгжиж, төрсний дараах үе шиг болдоггүй. Харин Ангиотензин 2 хэмээх сүүн тэжээлт амьтдын биед цусны даралт зохицуулдгаараа алдартай гормон нь жирэмсэн үеийн сүүний булчирхайн хөгжлийг түргэсгэж, төрсний дараах хөхүүл үетэй төстэй болгодгийг энэ ажлаараа олж мэдсэн. Ангиотензин 2-ын зүрх судасны систем дэх үүрэг нь төрөл бүрээр судлагдсан байдаг. Харин сүүний булчирхайн жирэмсэн үеийн хөгжил, хувиралд нөлөөтэй гэдэг нь шинэлэг зүйл байсан.

-Тэгэхээр модель хулгана дээр судалгаа хийхэд хөхний булчирхайн хэт хөгжил юунаас шалтгаалж байсан бэ? Судалгааны явцад ямар процесс ажиглагдсан?

-  Модель хулгана маань зөвхөн жирэмсэн үедээ Ангиотензин-2 гормоныг ихээр ялгаруулдгаараа онцлогтой юм. Энэ гормон цусанд хэт ихэссэнээр судас хэт агшиж, даралт огцом ихэсдэг. Зөвхөн даралт ихсээд зогсохгүй, бөөрний үйл ажиллагааны доголдол, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүний “Жирэмсэн үеийн даралт ихсэх өвчин”-ий үед ч эдгээр шинж тэмдгүүд илэрдэг. Ийм болохоор энэ өвчний модель буюу, “Жирэмсний даралт ихсэх өвчтэй хулгана” гэж нэрлээд байгаа юм. 

Ангиотензин-2 гормон ихээр ялгаруулдаг хулганын сүүний булчирхайн хөгжил нь жирийн хулганаас илүү түргэссэн байснаас, бид энэ гормон нь сүүний булчирхайн хөгжилд нөлөөлж байгааг ойлгосон. Харин ямар механизмаар ингэж нөлөөлдгийг мэдэхийг хүссэн л дээ. Юуны түрүүнд анхаарал татсан зүйл маань, Ангиотензин 2-оос үүдсэн цусны өндөр даралт хөхний булчирхайн хөгжилд нөлөөлж байгаа эсэх байсан. Тиймээс Ангиотензин 2-ын үйл ажиллагаанд нөлөөлөлгүй судасны ханыг тэлэх зарчмаар зөвхөн цусны даралт бууруулагч эм болон, Ангиотензин 2-ын үйл ажиллагааг блоколж цусны даралт төдийгүй бусад өвчний шинж тэмдгийг ч эдгээдэг эм хоёрыг уулгаж туршсан. Үр дүнд нь эхний эмийг нь уусан бодгалиудын сүүний булчирхай хэт хөгжсөн хэвээр байхад, дараагийнх нь эмийг уусан бодгалиудын сүүний булчирхайн хөгжил нь удааширч, жирийн хулганатай ойролцоо болж байсан. Үүнээс үүдээд, Ангиотензин 2 гормон нь цусны даралтаас өөр замаар хөхний булчирхайн хөгжилд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нийтлэгдсэн өгүүллэг маань энэ хүртэлх агуулгыг багтааж байгаа юм. Үүнээс цааш, Ангиотензин 2 нь сүүний булчирхайн эсэд шууд нөлөөлж байна уу, эсвэл өөр эд эрхтнээс ялгарах ямар нэг бодисоор дамжуулан нөлөөлж байна уу гэдэг, бүр цаашилбал яг ямар механизмаар нөлөөлж байгаа нь сонирхол татсан хэвээр байгаа юм.

-Блоклодог эм уулгачхаар хөхний булчирхайд өөрчлөлтгүй болж даралт хэвийн болж байна гэсэн үү. Тэгвэл энэ эмийг жирэмсэн эхчүүд уугаад байхад болох юм биш үү?

-Энд нэг юм тодруулахад, би хулгана л судалж байсан болохоор, жирэмсэн эхчүүдийн тухай дураараа ярьж болохгүй. Ангиотензин 2-ыг блоклодог эмийн тухайд бол, урагт гаж нөлөө үзүүлдэг гэсэн шалтгаанаар хориглогдсон байдаг.  

Aнгиотензин 2 гэдэг энэ гормон хүний биеийн юунаас ялгардаг юм бэ. Магадгүй энэ гормон ялгардаг эрхтэнд ямар нэг өөрчлөлт бий болж улмаар тэр нь гормоны хэмжээг ихсэхэд нөлөөлж даралт болоод хөхний булчирхайн хэт хөгжилд нөлөөлдөг юм биш биз дээ?

- Манай хулганын тухайд, Ангиотензин 2-ын цусан дахь хэмжээг зориудаар ихэсгэсний үр дүнг бид судалсан болохоор хөхний булчирхайн хэт хөгжил нь Ангиотензин 2-оос болж байгаа гэж хэлж чадаж байгаа юм. Бусад тохиолдол, тухайлбал хүний тухайд өөрийн чинь хэлсэн боломж байхыг үгүйсгэхгүй.

Таны шинжилгээний объект бол модель хулгана байсан. Тэгэхээр дэлхий нийтэд хөхний булчирхайн хэт хөгжлийн өвчлөл жирэмсэн эхчүүдийн 10 хувийг эзэлдэг гэсэн. Тэгвэл ийм өвчтэй  эмэгтэйчүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг юм бол? Таны  хулгана дээр энэ өвчний шинж тэмдэг яаж илэрсэн бэ?

Онолын хувьд бол, жирэмсэн бус байхдаа хэвийн байсан хүн, жирэмсэн үедээ даралт нь ихсэх, шээсэнд уураг илрэхэд “Жирэмсний үеийн даралт ихсэх өвчин”-д тооцдог. Харин хэмжээ хязгаараас шалтгаалаад олон үед хуваагддаг. Үүнээс өөрөөр хавагнах, татах, ургийн өсөлт удаашрах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Дээр хэлсэнчлэн, би эмч биш болохоор хүний тухай үүнээс цааш ярих эрхгүй. Манай хулгана дээр энэ бүх л шинж тэмдэг илэрч байсан. Гэхдээ дээр тайлбарласан сүүний булчирхайн хэт өсөлтийн тухайд, одоогоор “Өвчин” гэсэн тодорхойлолтод орохгүй. Энэ бол нэг бодис, нэг эд эрхтний хөгжилд нөлөөлөх тухай л судалгаа юм.

 

 

Японд сурч байхдаа багш, профессор, доктор, сурах бичигт эргэлзэж сурсан

 Таны хувьд их сонирхолтой судалгаа хийж Япон эрдэмтэдтэй хамтран ажиллахдаа мэдээж олон зүйлийг суралцсан байх. Ер нь судалгаа, шинжилгээ хийхэд хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

- Миний хувьд 20 настай байхдаа нутгаасаа гарч 8 жил суралцаад ирсэн. Энэ хугацаанд хувь хүн талаасаа 3 зүйлийг нь сайн сурсан. Нэгдүгээрт нь,багш, профессор, доктор, сурах бичигт эргэлзэж сурсан. Би өмнө нь Монголд дунд сургуульд сурдаг байхад багш хэлсэн, сурах бичигт бичсэн, доктор, профессор ярьсан л бол үнэн гэдэг ойлголт надад төлөвшчихсөн байсан. Харин Япон багш нар “Яагаад надтай санал нийлээд байгаа юм. Эргэлз л дээ, асуулт асуу л даа” гэдэг байсан. Тийм болохоор бусдын хийсэн судалгаа, шинжилгээ, өөрийн хийсэн зүйлээсээ алдаа олох гэж маш хичээдэг байв. Нэг үгээр хэлбэл, шүүмжлэлт сэтгэлгээтэй байхад суралцсан гэх юм уу даа.  Энэ нь хувь хүний сурч, хөгжихөд маш чухал нөлөөтэй зүйл юм билээ. 

Хоёрдугаарт, туршилтынхаа үр дүнг сэтгэл хөдлөлөөр бус обьективаар харахыг хичээдэг болсон.  Судалгаа шинжилгээ хийж эхлэхдээ ийм л үр дүн гараасай гэж бодоод хийж байтал хариу нь эсрэгээрээ буюу өөрийнх нь хүссэн үр дүн биш байх үед түүнд обьективаар хандаж сурах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл судалгааны бодит үр дүнг хүлээн зөвшөөрөх чадвар чухал. 

Гуравдугаарт, Олон мэдээлэл дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах аргад суралцсан. Мэдээллийн эрин зуун болсон өнөө цагт ном сонин, сэтгүүл, соошил хуудас гээд төрөл бүрийн мэдээлэл олж авах арга хэрэгслүүд байна. Тэр дундаас өөрт хэрэгтэй чухлыг сонгодог байх нь маш чухал. Энгийн жишээгээр тайлбарлавал, ном уншихдаа бид ямар ч хамаагүй номыг шүүрч аваад уншдаггүй. Тэр номыг уншсанаар надад ямар хэрэгтэй, би юу суралцаж болох вэ гэдэг зорилгоо тодорхойлсны дараа номоо сонгодог. Үүнтэй адил ойлголт юм л даа.

-Гадны улсад олон сар жилийн турш судалгаа хийсэн таны хувьд цагаа зөв зарцуулахад хамгийн чухал зүйл юу байсан.  Цаг зарцуулалтдаа хамгийн түрүүнд юуг анхаардаг байсан бэ?

Цаг зарцуулалтад эрэмбэ дараалал, төлөвлөгөө болон гүйцэтгэл хамгийн чухал байсан болов уу. Миний хувьд амьд амьтантай харьцдаг байсан болохоор түүнийгээ 1-рт тавьж, түүнийхээ дараа бусад туршилт, анализ, эрдэм шинжилгээний өгүүлэл унших зэргээр эрэмбэлээд, аль болох шахуу цагт багтаах гэж хичээдэг байв. Мэдээж дундуур нь удирдагч багш нартайгаа ярилцаж зөвлөлдөх, лаборатори гэдэг хамт олны ямар нэг ажил ч их байв. Гэвч 24 цаг маань тэгээд л дуусчихдаг, хувийн амьдралдаа цаг гаргаж чаддаггүй байсаар ирсэн тул цаг зарцуулалт сайн хийж чадсан гэж бас хэлж чадахгүй.

-Таны ажигласнаар Япон улсын техник, технологи мөн шинжлэх ухаан хөгжсөн нууцыг та юу гэж харсан бэ? Манайхаас ялгарах давуу тал нь яг юу юм бол?

- Миний хувьд Монголд 10 жилийн сургуулиа төгсөөд шууд Япон явсан. Өөрийн улсдаа суралцаагүй болохоор харьцуулж ярих нь зөв эсэхийг сайн мэдэхгүй болохоор Японд ямар байдаг талаар яръя. Миний судалгаа хийж байсан лаборатори маань бидний судалгаа хийхэд хэрэгцээтэй бүх төсөв мөнгийг гаргаж өгдөг байсан. Зөвхөн бид нарт судалгаагаа хий гэсэн шаардлагыг л тавьдаг байсан. Гэхдээ алдаа гаргах үед түүн дээрээ зоригжоод илүү сайн суралцахыг заадаг байсан. Миний харснаар төсөв гаргаж байгаа лабораторийн бодлого Японы төрийн бодлого. Улсаас шинжлэх ухааны салбараа тэгж дэмждэг, туслалцаа үзүүлдэг гэсэн үг л дээ. Японд сур, суралц, судал бусдыг нь төрөөс хариуцна гэсэн бодлогыг баримталдаг. Харин манай улсын хувьд саяхан би залуу эрдэмтдийн чуулга уулзалтад оролцсон. Гэтэл нэг судлаач залуу “Төрөөс шинжлэх ухааны салбарт жилд 10 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг” гэж ярьсан. Энэ бол нийт шинжлэх ухааны салбарт хангалтгүй төсөв байна л гэж харж байлаа.

 Манай улс шинжлэх ухааны салбараа илүү сайн хөгжүүлэхийн тулд Төрөөс бодлогын төвшинд, нэн ялангуяа төсөв, мөнгөн дээр анхаарах хэрэгтэй гэж таны ярианаас ойлгож байна. Харин нөгөө талаас манай шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж яваа судлаач, эрдэмтдийн маань чадвар, хичээл зүтгэл хэр байдаг юм бол?

- Би нэг залуу эрдэмтэнтэй уулзаад ярилцаж байхад жилд 5 судалгаагаа ОУ-н нэр хүндтэй сэтгүүлд нийтэлдэг гэж байсан. Энэ бол чамлахааргүй том амжилт гэж харж байгаа. Мөн чуулга уулзалтын үеэр олон судлаач эрдэмтэдтэй уулзаад хичээж, зүтгэж байгаа юм байна гэж хувьдаа бодож байсан.

-Техник Техник технологийн их сургуулийн дэргэдэх технологи нэвтрүүлэх төвд ажиллаж байгаа гэсэн. Та яг ямар чиглэлээр ажилладаг юм бэ. Ирээдүйд ямар сэдвээр судалгаа, шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ сургуульдаа шинээр технологи нэвтрүүлэх төсөл дээр хамтран ажиллаж байгаа. Цаашдаа хийж байсан судалгаагаа уламжлалт эмчилгээ талаас хэрхэн эмчилж болох талаар судалгаа, шинжилгээ хийх бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


  1. 5.254.97.* Зочин 2015-12-05 06:13
    Гадны лабораторид ажиллаж байгаад ирсэн ихэнх хүмүүс бүх юмыг мэддэг юм шиг ярьсан байдаг. Энд харин зөвхөн өөрийнхөө мэдэж байгаа, хийсэн судалгаагаараа олж мэдсэн зүйлээ ярьсан нь таалагдлаа. Бас судалгааны үр дүнгээ обьективээр харж сурах чухал гэдэгтэй санал нийлж байна.
  2. 202.9.41.* Зочин 2015-12-02 23:02
    Asuultaa onovchtoi, medlegtei asuuj saihan yariltssan bn. Olon zaluus yalanguya ohiduud unshaasai.