ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: Шинэ технологийн нэхий бүтээгдэхүүнээ экпортлохоор зэхэж буй Дархан Минж ХХК-ны захирал Б.Баянжаргалтай ярилцсан нь

Bolor Rose
2015-12-07 08:14

Бидний ээж аавын үед нэхий бол насан туршийн хэрэглээ гэдэг үг нэлээд моодонд ордог байлаа. Учир нь тухайн үеийн нэхий дээлүүд нэлээд хүнд, түүнээсээ шалтгаалаад эдэлгээ удаантай. Урагдаж, элэгдэх гэж нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг байлаа. Тийм ч учраас нэхий насан туршийн хэрэглээ гэсэн ойлголт одоо ч гэсэн бидний ухамсарт үлдсэн. Харин орчин үед бол энэ ойлголт үеэ элээжээ. Монгол хонины нэхийг өд шиг хөнгөн зөөлхөн болгож үйлдвэрлэх шинэ технологийг Дархан Минж ХХК-ийн хамт олон томьёолж, саяхан SHOW-2016 загварын шоугаараа ARIUNAA SURI брэндтэй хамтран шинэ нэхий дээлээ танилцуулсан билээ. Тиймээс бид энэ удаад Монгол хонины нэхийний хүнд, хатуу шинж чанарыг халж хөнгөн, зөөлөн намирдаг нэхий дээл үйлдвэрлэх шинэ технологийг томьёолсон Дархан Минж ХХК-ны захирал Б.Баяржаргалыг ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа. 

 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Б.Баянжаргал гэдэг. Манай Дархан Минж ХХК нь 1992 онд байгуулагдсан 23 жилийн түүхтэй нэхий боловсруулдаг үйлдвэр байгаа. Миний хувьд компанидаа 15 жил ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос хойш тус компанийн захирлаар ажиллаж байна. 

- Дархан Минж ХХК  хонины нэхий боловсруулдаг шинэ технологийг нэвтрүүлж, улмаар ARIUNAA SURI брэндтэй хамтран бүтээгдэхүүнээ танилцуулаад удаагүй байгаа. Тэгэхээр хоёулаа шинэ технологиосоо ярьж эхэлье? Технологийг хэрхэн нэвтрүүлсэн, ямар давуу талтай гэдгээс?

- Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд л жил бүр технологийн дэвшил, шинэчлэлийг хийж явсаар ирсэн. Мэдээж нийгэм цаг үеэ дагаад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхол хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бид ч мөн шинэ технологийн нэвтрүүлэн, дэвшилтэт аргаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэх нь бидний бас нэг нэн тэргүүний зорилт байгаа. Харин энэ жилийн хувьд бол шинэ технологийн эрэл хайгуул, судалгаагаа маш өргөн цар хүрээтэй явуулж чадсан. Ингэхийн тулд манай төр засгаас хүртэл хөнгөлттэй зээл, тусламжийг олгож дэмжсэн байгаа. Бид энэ шинэ технологио томьёолохын тулд Испани, Голланд, Турк,  Хятадын салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, тэдгээр компаниудын  лабораторид эхний туршилт судалгаануудыг хийсэн, 2-р үе шат буюу масс үйлдвэрлэл дээрх туршилтаа өөрийн үйлдвэр дээр тэдгээр компаниудын туршлагатай технологичдийг урьж хамтран хийсний үр дүнд Монгол хонины нэхийг боловсруулах хамгийн тохиромжтой технологийг томьёолж чадсан. Энэхүү технологио үйлдвэрлэлдээ амжилттай нэвтрүүлснээр манай нэхий импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хөнгөхөн, зөөлөн болсон.

- Миний хувьд хонины нэхий гэхээр хамгийн түрүүнд их хүнд гэсэн ойлголт төрдөг л дөө. Тэгэхээр тийм хүнд хатуу хонины нэхийг зөөлхөн, хөвсгөр арьс болгон нэхий дээл үйлдвэрлэж байна вэ гэхээр их сонирхол татаж байгаа л даа. Технологи томьёолно гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Мэдээж гаднын нэг улсын технологийг шууд нэвтрүүлж, оруулж ирснээс өөр ойлголт байх?

-Тэгэлгүй яахав. Технологи томьёолно гэдэг нь гаднын нэг улсын бэлэн технологийг нэвтрүүлэхээс өөр тусдаа ойлголт. Арьс боловсруулах технологи  нь гаднынхны хэрэглээд байгаа технологийг шууд авчраад ижилхэн мөрдчихдөг зүйл огт биш л дээ. Өмнө нь бид Испани, Туркээс чадвартай технологичид урьж авчран хамтран туршилт хийж  нэхий боловсруулах технологийг авчран туршиж сайжруулсаар ирсэн.  Гэвч гадаадын технологичид Монгол хонины нэхийний шинж чанарыг бүрэн ойлгож түүнд нийцэх технологийг бичнэ гэдэг нь амаргүй, урт цаг хугацаа, уйгагүй оролдлого туршилт, маш их хөрөнгө мөнгө зарцуулагдан байж хийх ажил. Тиймээс бид энэ удаад Монгол хонины нэхийнд тохирох технологийг дээрх орнуудын  үйлдвэрүүдийн лабораторит туршилт явуулан, нэг үгээр хэлбэл Монголоосоо түүхий эд, технологич мастеруудаа авч очин гадаадын технологич, эрдэмтэдтэй хамтран судалгаа хийсэн. Үүний үр дүнд Монгол хонины нэхийг хөнгөхөн, зөөлөн болгож боловсруулах шинэ технологио томьёолсон.   Түүхий эдийг /боловсруулаагүй хонины нэхий/ боловсруулан нэхий дээл хийхэд бэлэн илгэн нэхий болгох хүртэл 28 хоногийн хугацаанд 70 орчим технологийн процесийг дамждаг. Энэ бүх процест химийн материалын орц норм, механик ажиллагааны горим, цаг хугацаа гэх мэт маш олон зүйлийг тохируулан нарийн томъёолохыг технологи гэж нэрлээд байгаа юм.

- Энэ технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчид зөөлхөн, хөнгөн нэхийг өмсөхөөс гадна өөр ямар давуу талууд бий болсон бэ?

- Технологийн хамгийн том давуу тал бол мэдээж нэхий маань зөөлхөн, хөнгөн болж хэрэглэгчдийн эрэл хэрэгцээ, сэтгэлд нийцэж чадсан. Мөн үүний цаана олон давуу талууд бий болж байгаа. Арьс маань зөөлөрснөөр загвар дээр илүү хөрвөж ажиллах боломжтой болсон, мөн хослуулан хэрэглэх бусад оёдлын туслах материалын боломж ч нэмэгдсэн. Түүнчлэн бидний өнгөрсөн сард хийсэн SHOW-2016 загварын шоун дээр хүмүүс “Анх удаа нэхий намирахыг харлаа” гээд их сэтгэл өндөр байсан. Энэ бол боловсруулах үйлдвэрийн хувьд маш том дэвшил болсон. Түүнчлэн эдийн засгийн ашиг талаасаа ч тэр бид элгэн нэхийнд тэнцдэг процентыг нэмж чадлаа, арьсны талбайн ашиглалт гэхчлэн олон эерэг үр дагаврыг авчир ч байгаа. 

 

Шинэ технологиор хийгдсэн нэхий 1,5-1,8 кг болтлоо хөнгөн болсон

-Шинэ технологиор хийгдсэн нэхий хэдэн кг жинтэй болсон вэ. Өмнө нь хэдэн кг байв?

-Манай нэхий боловсруулах үйлдвэр анх байгуулагдаж байх үед Болгарийн технологиор үйлдвэрлэл явуулж байсан.  Тэр үед нэхий гэхээр хүмүүст насан туршийн хэрэглээ, маш хүнд гэсэн ойлголттой байдаг байлаа. Тухайн үед нэхий дээл өмсдөг байсан хүмүүс маш сайн мэдэх байх. Ойролцоогоор нэхий маань тэр үед 3,5-4 кг жинтэй байдаг байсан. Энэ маань жилээс жилд арьс  боловсруулах технологи сайжирсаар энэ жилийн шинэ технологиор хийсэн нэхийнүүд 1,5-1,8 кг болтлоо хөнгөн болсон байгаа. 

-Танай үйлдвэрийн хүчин чадал ямар вэ. Ойролцоогоор хоногт хэчнээн арьс боловсруулж, хэдэн нэхий  үйлдвэрлэлээс гаргаж байна? 

-Манай үйлдвэр бол Монголын анхны хувийн хэвшлүүдийн нэг. Аав маань 1992 онд энэ үйлдвэрийг байгуулж, арьс боловсруулах бүхий л тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн гараар хийж бүтээж байсан түүхтэй. Энэ цагаас хойш Дархан Минж компани маань энэ салбартаа 23 дахь жилдээ тасралтгүй амжилттай ажиллаж байна. Анх хоногт 60 ширхэг хонины нэхий боловсруулан 4-5 ширхэг нэхий дээл оёдог үйлдвэр байгуулагдаж байсан бол  одоо манай үйлдвэр хоногт 1250 ширхэг арьс боловсруулж байна.  

-Танайх Ээтэн брэндийн гутал бас үйлдвэрлэдэг шүү дээ. Гутал, нэхийнээс гадна өөр үйлдвэрлэл явуулах төлөвлөгөө бий юу? 

-Бид анх нэхий дээл, нэхий дотор, малгай, бээлий, бойтог гээд цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо бид нэхийгээр үйлдвэрлэж болох 40-д нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байна. Эдгээрийн нэг нь манай Дархан Минж компанийн зах зээлд гаргаад 4 дэх жилдээ золгож буй Ээтэн брэндийн нэхий гутал юм. Ээтэн брэндийн  гутлаа бид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрөл бүрийн загваруудаар бүх насныханд зориулан үйлдвэрлэдэг бөгөөд, аль хэдийн өөрийн байнгын хэрэглэгчидтэй болсон. Бид үйлдвэрлэл явуулахдаа хамгийн түрүүн хэрэглэгчдийн санал, үнэлэмжийг сонсож, дутагдалтай зүйл байвал түүнийг сайжруулахыг зорьж ажилладаг. Ээтэн гутлаа ч мөн ялгаагүй. Худалдан авагчдаасаа тодорхой хэрэглээ үүссэн хугацааны дараа санал сэтгэгдлийг нь сонсож, бүтээгдэхүүнээ сайжруулахдаа тусгаж ажилладаг.

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний маань нэр төрөл олшрох нь олон сайн талтай нэг талаасаа хэрэглэгчдийн олон өөр төрлийн хэрэгцээг хангах, нөгөө талаас үйлдвэрлэлийн өгөөжийг нэмэгдүүлэх, тухайн нэр төрлийн бүтээгдэхүүний чанар стандарт нь сайжрах давуу талтай.

Бид энэ жил боловсруулах үйлдвэртээ шинэ технологи нэвтрүүлээд зогсохгүй оёдлын үйлдвэртээ цоо шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, үүний үр дүнд оёмол бүтээгдэхүүний хувьд өмсөхөд биед эвтэйхэн болж, өнгө үзэмж эрс сайжирч, мөн оёдолчдын гарцыг нэмэгдүүлсэн зэрэг давуу талуудыг бий болгосон

Гадаадын иргэд жилд тэрбум 500 сая төгрөгийн нэхийний худалдан авалт хийдэг

-“Дархан Минж” ХХК-ны алсын хараа юу вэ?

-Манай улсын хувьд зах зээл жижигхэн учраас тэр хэмжээгээр хувцас үйлдвэрлэлийн компаниуд амжилтад хүрч, томорч үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хязгаарлагдмал байдаг. Тиймээс бидний зорилго бол ОУ-ын зах зээлд их хэмжээний борлуулалт хийх явдал юм. Бид өнөөдөр энэ шинэ технологи нэвтрүүлж, оёдлын технологио сайжруулж, томоохон загварын шоу хийсний маань эцсийн зорилго нь үүнтэй холбоотой. Бид SHOW-2016 загварын шоундаа Норвеги, Германы алдартай моделиудыг урьсан нь ч санаандгүй зүйл биш. Үүний ард ОУ-ын зах зээлд танигдах, бусдын сонирхлыг татах зорилготой ажилласан. Энэ хүмүүс бол Европын хувцас загварт томоохон байх суурийг эзэлсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр гадны томоохон сэтгүүлүүд эдгээр моделиуд руу анхаарлаа хандуулж байдаг. Энэ хүмүүсээр дамжуулан гадны орнууд руу мэдээлэл очиж байж бид ОУ-ын анхааралд өртөж, бүтээгдэхүүнээ олон улсын үзэсгэлэнд танилцуулж байж сая хамтран ажиллах санал ирнэ шүү дээ. 

-Одоогоор гадны орнуудаас танай нэхийг импортлох санал ирүүлсэн үү?

-Хэд хэдэн компаниас худалдааны нөхцөл, үнийн санал асуух зэрэг хандалтууд ирж, хэлэлцээрийн төвшинд яригдаж байна. Түүнээс гадна 2010 оноос хойш манай нэхийг хөрш орнуудын  томоохон бизнесменүүд, хувираа бизнес эрхлэгчид манай дэлгүүрээс бөөнөөр худалдан авдаг нь дүгнээд үзэхэд бас чамлахааргүй борлуулалт хийгдсэн байгаа. Ойролцоогоор гадаадын иргэд жилд тэрбум 500 сая төгрөгийн нэхийний худалдан авалт хийдэг. 

-Боловсруулах үйлдвэр, оёдлын үйлдвэр, худалдаа үйлчилгээ гээд цогц үйлдвэрлэлүүдийг амжилттай авч яваа таны бизнесийн нууц юу вэ. Энэ талаараа ярихгүй юу? 

-Манай компани 160-180 ажилтантай. Компанийн маань хамгийн том үнэт зүйл бол хүн. Тиймээс би хамгийн түрүүн ажилчдыгаа хөгжүүлж, сургахад олон талаас нь анхаарч ажилладаг. Өнөөдөр бид шинэ технологи нэвтрүүлээд  үүнийг хийж гүйцэтгэх, нутагшуулах, цааш хөгжүүлэх ажлыг ажилчид маань л хийнэ шүү дээ. Тиймээс компанийн тэргүүн зорилтоо хүн рүү хандуулдаг. Би ажилчиддаа “Өөрийнхөө оёод гаргаж байгаа дээлээ, боловсруулаад гаргаж байгаа арьсаа өөрийнхөө бүтээл” гэж бод гэж захидаг. Ажилчдаа сургахын тулд манай компани гадаадаас мэргэжилтнүүд авчирч сургалт явуулдаг, мөн дотоодын компаниудаас олон үе шаттай сургалтуудыг авдаг, зөвхөн мэргэжил ур чадварын сургалтаар хязгаарлагдахгүй хувь хүний хөгжил рүү чиглэсэн сургалтууд нь ажиллагсдын бүтээмж ур чадварт ихээхэн сайн нөлөөлөл үзүүлдэг юм билээ. Тэр хэрээрээ ажилчид маань хөгжиж байгаа. Хэдэн жилийн өмнө хийсэн дээлээ хараад би ингэж оёдог байсан бил үү гээд л өөрсдийгөө гайхдаг. Энэ жилийн хувьд ажилчдаасаа маш том урам зоригийг авч байгаа. Ажилчид маань энэ жил хамгийн ачаалалтай ажилласан гэж хэлж байгаа. Би бол хувьдаа түүнийг нь үнэхээр өөрийгөө дайчилж ажилласан гэж ойлгоод их урам зориг, хүч авч байгаа.

-Манай улсын хөгжлийн томоохон гарцуудын нэг бол мэдээж үйлдвэрлэл. Таны бодлоор үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох вэ. Хэзээ манай улс үйлдвэржсэн зах зээлтэй болох бол?

-Би ярилцлагын эхэнд хувцас үйлдвэрлэгчид бол дотоодын зах зээлдээ томрох, амжилтад хүрэх боломжгүй гэж хэлж байсан. Тиймээс гадаадын зах зээлд өрсөлдөхөөр зорилтыг тавин ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд томоохон үйлдвэрийг бий болгох хэрэгтэй. Мэдээж том компани байж л сая шинэ технологийг томьёолно, эрдэм шинжилгээний томоохон судалгааг хийнэ, эргэлтээ сайжруулж бүтээгдэхүүнээ гадны орнуудад өрсөдлөхүйцээр бүтээж чадна. Би хувьдаа үндэсний үйлдвэрүүд маань дотоод жижиг зах зээлдээ өрсөлдөгч байх биш,  хамтын ажиллагаагаа сайжруулж хөгжүүлж ажиллах хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, манайд савхи худалдаж аваад оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон компаниуд байдаг, тэгэхлээр энэ ажлын хүрээнд манай компани нэхий боловсруулахаас гадна савхи боловсруулах технологийг давхар туршаад явж байгаа, удахгүй масс үйлдвэрлэл хийгдэнэ. Тэгэхээр манай компанийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүнээрээ дараа шатны үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллахаар зорьж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэхийгээ худалдаалж байгаа хаяг болоод үнийн талаар танилцуулахгүй юу?

- Дархан минж компанийн хувьд УБ хотод нийт 5 байршлаар хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэж байна. Төв дэлгүүр маань 13-р хорооллын ХСҮТ-н урд уулзвар буюу Дархан минжийн уулзвар гэж албан ёсоор нэрлэгддэг уулзварын баруун талд байрладаг, мөн 4-р хорооллын эцэст Magic center төвд нэг томоохон салбар бий, УБ их дэлгүүр, Драгон худалдааны төв, Дүнжингарав худалдааны төвүүдээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Үнийн хувьд дунджаар том хүний нэхий дээл дунджаар 500,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 


  1. 220.240.10.* not impressed 2016-02-12 09:24
    Darkhan Minjruu business hamtyn ajillagaany sanal bolgoj, baraa butegdehuunuudyg sonirhood avya geed hed heden udaa handaad ganc ch hariu odoo hurtel uguugui b. Hichneen orchin uyein technology gej yariad business harilcaa baitugai hvyn soyol doroi bol gadaad dotoodyn company-tai ajillana gej tomorhood hereggui baih l daa. Al' esvel zuvhun gadaadyn hun holbogdohoor hariu uguud mongol humuus sonirhood handahaar ul toogood bg yum uu?! Yern' bol Mongol-n ihenh uildver companiud yalgaagui. Neg ih Facebook page ene ter neechiheed oligtoi zurag, tailbar yadaj une cenee bichchih uhaan bgui.
  2. 59.153.114.* Зочин 2016-01-13 11:10
    ЗӨВ ШҮҮ
  3. 103.26.195.* Зочин 2016-01-10 13:02
    ednii nehiig umsdug. uneheer sain buteegdehuun shuu.
  4. 103.9.90.* Зочин 2015-12-22 09:43
    amjilt
  5. 122.201.22.* Ariuna Suri-n zagvaruud dajgyi um ba le , hudaldagch nar n uilchilgee muu ba le shu , 2015-12-21 02:28
    Zochin
  6. 103.26.193.* хуучнаараа л, хогийн хэдэн бөндийсэн юм л байна лээ, энэ худлаа рекламны пауз хүүхэн шт 2015-12-16 00:18
    зочин
  7. 103.26.193.* зочин 2015-12-15 18:31
    танай нэхий ганц нэг нь гайгүй болохоос биш, ерөнхийдөө бол боловсруулалт, загвар маш муутай юм байна лээ, Дархан Нэхийг хар, турк нэхийг нэг харчих даа, юун гаднаас захиалга ирлээ гэж. Танайд гадаадынхан захиалга өгч харагдаач.
  8. 73.44.176.* zochin 2015-12-08 22:38
    Sain bna uu tanai buteegdehuunii undsen tuuhii ed uy ve. Tanaihiig nohoinii aris bolovsruulj hiideg geed bna unen uu. Herev tiim bol tanai buteegdehuuniig avch umsuhguigeer boljee. Mongol hun nohoi numurdugguig muu er gedgiigmedne biz dee.
  9. 202.21.124.* байнгын худалдан авагч 2015-12-08 17:38
    Танай нэхийнээс ....... хугацаанд зузаан, нимгэн, дундаж зузаантайг өмссөн . Хэт зузаан бол хүнд, хэт нимгэн бол дааруулна. Дундаж байхад яг болдог юм бн лээ. /Магадгүй машин унаатай хүнд нимгэн нь зүгээр байх./
  10. 103.229.120.* Үйлчлүүлэгч 2015-12-08 11:10
    Танай үйлчилгээ их муу шүү. Эртээр Улаанбаатар их дэлгүүр дээр үйлчлүүлэх гэж худалдагчийг нь гуйж сөгдөх нь л хал юм болсон. Уурлаад л, амандаа үглээд л, тэгж хүнд үйлчилдэг юм уу? Бас баримт бичиж өгөөгүй. Баримт авмаар байвал төвөөс очоод аваарай гэсэн. Орчин үед салбар дэлгүүрээс нь бараа аваад, төвөөс нь очиж баримт авдаг үйлчилгээ танайхаас өөр байна уу? Ямар ч шинэ технологи гаргасан тийм үйлчилгээтэй байвал заавал танайхыг авах албагүй шүү дээ. Энд тэндхийн өчнөөн сонголт өнөөдөр Монголд байна. Би лав танай салбаруудаар ойрын хэдэн жилдээ шагайхааргүй болоод гарсан.
  11. 122.201.22.* Зочин 2015-12-07 20:12
    amjilt husye. goyo yariltsalaga bolson bna
  12. 103.57.93.* Зочин 2015-12-07 18:09
    ЗӨВ ШҮҮ
  13. 150.129.143.* Зочин 2015-12-07 17:26
    болж