ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: Чацарганаар хийсэн бүтээгдэхүүнээ 10 гаруй оронд экспортолж буй ‘Seaberry Farm Project’ ХХК-ийн захирал Д.Болортуяатай ярилцсан нь

Bolor Rose
2016-01-12 04:08

АНУ-д CAILYN гоо сайхны брэндийг зах зээлийн судалгаанаас нь эхлээд брэнд бүтээх, бий болгох ажилд бүхий л талаар гар бие оролцон, дэлхийн 160 гаруй оронд салбартай АНУ-ын томоохон гоо сайхны компанид брэнд менежерээр ажиллаж байсан Монгол бүсгүй Монгол чацарганыг дэлхийн брэнд болгохоор зүтгэж яваа бөгөөд чацарганаар гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Сингапур, АНУ, Европын зарим орнууд, Солонгос, Япон, Хятад  зэрэг 10 гаруй оронд экспортлоод байгаа ажээ. Тиймээс бид энэ удаад ‘Seaberry Farm Project’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяаг ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа. 

-Сайн байна уу. Юу өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн. Намайг Д.Болортуяа гэдэг. 2013 оноос хойш ‘Seaberry Farm Project’ ХХК-ийг байгуулан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Өмнө нь АНУ-ын DUKE их сургуульд барилгын инженерээр бакалавраа, California International University-д ОУ-ын худалдааны чиглэлээр магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд  АНУ-ын CAILYN брэндийн гоо сайхны үйлдвэрлэл явуулдаг, дэлхийн 161 оронд салбартай томоохон косметикийн компанид брэнд менежерээр 9 жил ажилласан байгаа. 15 настайгаасаа хойш АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаад 2012 онд л Монголдоо ирсэн дээ.

Гадаадад тэр дундаа дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ-д томоохон гоо сайхны компанид олон жил ажилласан Монголд бүсгүйд эх орноо зорих чухал шалтгаан байсан байх гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа компаниа яагаад байгуулахаар болсон, компани нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар яриагаа эхлүүлье?

-Баярлалаа. Манай ‘Seaberry Farm Project’  ХХК маань анх 2013 онд Төв аймагт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголынхоо хөрсөнд ургасан чацарганыг дэлхийн зах зээлд таниулж, нэг үгээр хэлбэл бүтээгдэхүүн болгон экспортлох зорилгоор компаниа байгуулсан. Компаниа байгуулах болсон гол шалтгаан нь манай аав Төв аймагт чацарганын аж ахуй эрхэлдэг хүн байдаг юм. Намайг АНУ-д байх үед аав минь “Гадны улсад хөрөнгө оруулж, баяжуулж байхаар эх орондоо ирж ажилла, улс эх орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмэр оруул” гэж үргэлж хэлдэг байсан юм.  Аавын маань энэ үг л Монголд ирүүлж чацарганын талаар ОУ-ын эрдэмтэд, судлаачидтай хамтран судалгаа хийх эхлэлийг тавьсан. Судалгааны явцад чацарганаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хүний эрүүл мэнд, гоо сайхан цаашлаад бизнес талаасаа ч тэр олон талын ашиг тустай болохыг мэдсэн. Тэгээд л энэ компаниа байгуулаад ажиллаж байна даа. 

Чацарганаар хийсэн Seaberry цай маань органик бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай АНУ-ын WHOLE FOODS-т худалдаалагдаж байна

-Одоогоор танай компани чацарганаар хэчнээн нэр төрлийн, ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гадаадын нэлээд хэдэн оронд бүтээгдэхүүнээ экспортолдог гэсэн. Чацарганаар хийсэн ямар төрлийн бүтээгдэхүүнээ экспортолж байна?

-Одоогоор манай компани чацарганаар 10 гаруй төрлийн эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотооддоо нийлүүлэн мөн гадаадын зах зээлд экспортолж байна. Манай компанийн бусдаас  ялгарах нэг онцлог бол бид чацарганынхаа эхний шатны боловсруулалтыг чацарганын аж ахуй дээрээ боловсруулаад, Сингапур, Мали, Вьетнамд эцсийн шатны үйлдвэрлэлийг нь явуулдаг байгаа. Компани байгуулсны дараа анх 2013 онд Сингапурт салбар оффиссоо нээж байлаа.  Хамгийн сүүлд өнгөрсөн оноос Солонгосын томоохон гоо сайхны үйлдвэртэй гэрээ байгуулан 13 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн 2-р сарын эхээр Хятадын зах зээлд гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн бид одоогоор чацарганаар хийсэн бүтээгдэхүүнүүдээ Сингапур, АНУ, Европын зарим орнууд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй оронд экспортолж байна.

Түүнээс гадна чацарганын ялтсыг хатааж боловсруулсан морины тэжээлээ Англи, Арабын орнуудад экспортолж байгаа. Мөн чацарганаа жимсээр нь хатаагаад Европын зарим эмийн үйлдвэрүүдэд нийлүүлж байна.

-Нийтдээ 20 гаруй төрлийн чацарганатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Бүтээгдэхүүнийх нь давуу тал, онцлог юу вэ?  

-Чацаргана хүний эрүүл мэндэд ашиг тустай 160 гаруй витаминыг агуулсан байдаг. Тиймээс чацарганаар хийсэн гоо сайхан эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд маань бүхий л талаар хүний эрүүл мэнд, гоо сайхан, арьс арчилгаанд тус дэмтэй. Тухайлбал, нэгэн судалгаагаар монголчуудын 90 орчим хувь витамин D-ийн дутагдалтай гэж гарсан байдаг. Учир нь энэ витаминыг бид нарны энергиэс авдаг. Гэтэл эрс тэс уур амьсгалтай Монголд хүмүүс витамин D тэр бүр биедээ нөхөж авч чаддаггүй байна. Тиймээс бид чацарганаар Витамин D-ийн найрлагатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийж байна. Мөн чацарганаар оросын технологичидтой хамтран үе мөч, шар сорвийг эдгээх үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүн хийж байна.

-Гадаадын олон оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Ойролцоогоор жилд хэчнээн мянган ширхэг бүтээгдэхүүн хэд орчим төгрөгөөр экспортолж байна?  

-Бид жил бүр компанийнхаа зорилтыг гаргадаг. Энэ жилийн хувьд 22 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байгаа.   

-Яагаад заавал үйлдвэрлэлээ гадны орнуудад явуулахаар болсон юм бэ. Монголдоо эцсийн шатны үйлдвэрлэл явуулах, гадаадад үйлдвэрлэл явуулахын ялгаа нь юундаа байна. Компаниа байгуулахдаа чацарганын бизнесийн талаар нэлээд их судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүнгээс хамаарсан уу?  

-Ярилцлагын эхэнд би хэлсэн. Компаниа байгуулахдаа ОУ-ын эксперт, эрдэмтэд, судлаачидтай хамтран чацарганыг бүтээгдэхүүн талаас мөн  маркетинг талаас нь томоохон судалгаануудыг хийсэн. Тэгэхээр одоогийн энэ бизнес маань тэр судалгаагаар гаргасан маркетинг дээр суурилан явагдаж байгаа гэсэн үг. Судалгааны явцад бид яаж Монголынхоо  чацарганыг дэлхийн зах зээлд таниулах вэ, ямар маркетингтай ажиллах вэ, бүтээгдэхүүнээ хаана үйлдвэрлэвэл, хаанаас хаашаа борлуулалт хийвэл илүү ашигтай байх вэ гэдгийг бүх талаас нь судалж гаргасан. Тэр гаргалгаа нь одоо бидний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн борлуулалт хийж буй маркетинг байгаа. Хамгийн сүүлд гэхэд бид яагаад Солонгост бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр болсон гэхээр Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд номер нэг борлуулалттай байдаг гэдгийг судалж мэдсэн. Тиймээс бид бүтээгдэхүүнээ Солонгост үйлдвэрлээд Хятадад нийлүүлэх юм бол илүү амжилтад хүрнэ гэдгийг олж харсан байх жишээтэй. Мөн нөгөө талаас бүтээгдэхүүн маань ОУ-ын стандарт шаардлагыг маш сайн хангаж байж сая дэлхийн зах зээлд танигдана шүү дээ. Бид бүтээгдэхүүнээ гадны оронд үйлдвэрлэсэн ч  Product of Mongolia гэсэн шошготой гардаг.

АНУ-д ажиллаж байхдаа ОУ-ын зах зээлд хэрхэн бизнес маркетинг хийхийг, ямар аргаар амжилтад хүрч болдгийг суралцсан

- Дэлхийн зах зээлд нэлээдгүй том байр суурийг эзэлж олон улсад үйлдвэрлэл явуулан, түүнийгээ эргэлдүүлж томоохон амжилтад хүрч яваа танд АНУ-д ажиллаж байхад хуримтлуулсан туршлага, мэдлэг, сурсан зүйл ихээхэн нөлөөлсөн байх?

-АНУ-д ажиллаж байхдаа би долоо хоногт 2 удаа гадаад руу нислэг хийдэг байлаа, дээрээс нь АНУ-ын 54 мужаар явж компанийхаа бүтээгдэхүүний бүх л маркетингийг хариуцаж ажилладаг байлаа. Тэр үед ажилладаг байсан маршрут, стратеги төлөвлөгөөгөөрөө л одоо энэ компанидаа ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ОУ-ын зах зээлд хэрхэн бизнес маркетинг хийхийг, ямар аргаар амжилтад хүрч болдгийг суралцсан гэсэн үг л дээ. 

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад Монголын маань хөрсөнд ургасан чацарганын бүтээгдэхүүн худалдаалагдаж байна гэдэг бол зөвхөн манай компаниар зогсохгүй газар тариалан эрхлэгчдэд цаашлаад Монгол улсын маань хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал гарц болж байгаа юм. Одоогоор манай компани Монголын чацарганын аж ахуй эрхэлдэг 28 аж ахуй нэгжийн чацарганыг төвлөрүүлэн худалдан авч, гадаадын зах зээлд гаргаж байна. Мөн тэднээс зөвхөн түүхий эдийг нь аваад зогсохгүй сургалт судалгаанд хамруулж байгаа. Саяхан болсон Олон улсын Чацарганын Холбооны 7 дахь удаагийн чуулга уулзалтад бид оролцож олон зүйлийг сурч судлан, Олон улсын Чацарганын Холбооны 8 дахь удаагийн чуулга уулзалтыг Монголд хийх эрхтэй боллоо.  

-Таны хувь амжилттай бизнесмен болохын тулд хамгийн чухал зүйл юу вэ?

Амжилт гэдэг нь та яг одоо аз жаргалтай байна уу, үгүй юу гэдгээр тодорхойлогдоно. Хэрвээ та яг одоо хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэрч байгаа бол та аль хэдийн амжилтад хүрсэн хүн. Тэгвэл та аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ. Танд хайр, хүндлэл байх хэрэгтэй. Миний хувьд эх орондоо ирж ажиллахаар болсон нь  надад эх орноо, ээж аавыгаа гэсэн хайр байсан. Намайг юу аз жаргалтай болгож байгаагаа олсон хүн амжилтад хүрсэн хүн. Хайрлаж сурсан хүн л эх орноо хөгжүүлж чадна гэж хувьдаа бодож явдаг. Мөн бизнестээ амжилт олохын тулд хамгийн сайн төлөвлөж, судлах хэрэгтэй. Бид маркетинг судалгаанаас гадна чацарганаар дэлхийн зах зээлд ямар бүтээгдэхүүн хийж болохоор байна, юу хийвэл хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадах вэ гэдгийг эхлээд судалдаг, түүнийхээ дараа ямар зам, ямар аргаар гэдгийг төлөвлөдөг. Тухайлбал, бид чацарганаар цай хийж эхлэхдээ жүүс хийснээс ямар давуу талтай, ашигтай гэдгийг судалж үзсэн. Гэтэл цай хийвэл хуурай учраас муудахгүй, тээвэрлэхэд хялбар, удаан хадгалах боломжтой байсан. Одоо Seaberry цай маань органик бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай АНУ-ын WHOLE FOODS-т худалдаалагдаж байнаТэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр бид давуу талаа хамгийн сайн ашиглаж чадах юм бол амжилтад хүрч чадна гэсэн үг. Монголчууд юуг хамгийн сайн хийж чаддаг вэ, түүгээр ажиллах хэрэгтэй. Тэр л амжилтад хүргэнэ. Хүн амжилтад хүрэхийн тулд сул, болон давуу талаа хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй.

Бизнестээ амжилт гаргахын тулд бас нэг анхаарах зүйл хамгийн сайн цаг баримталдаг, ашигладаг байх хэрэгтэй. Монголчууд цагийг маш муу баримталдаг. Яагаад гэхээр бизнес амжилтад хүрэхийн тулд нэгдүгээрт танд хурдтай ажиллах хамгийн чухал.  Танд маш олон бизнесийн санаа байлаа гээд та түүнийгээ хэн нэгнээс түрүүлж хурдтай эхлүүлэхгүй, сэтгэхгүй бол та амжилтад хүрч чадахгүй. Дэлхий тэр чигээрээ маш хурдтай ажиллаж байна. Бид бас тэдэнтэй уралдаж ажиллах хэрэгтэй.

Мөн бизнестээ амжилт гаргахын тулд харилцаа холбоо сайтай байх нь хамгийн чухал юм болов уу. Бат бөх, удаан хугацааны харилцаан дээр бизнес тогтдог.

-Гадаадын томоохон компаниудын бизнестээ баримталдаг гол менежмент юу байдаг вэ. Тухайлбал, таны ажиллаж байсан АНУ-ын компани бизнестээ ямар бодлогыг баримталдаг байв?

-Гадаадын компаниуд дотоод маркетинг маш сайтай. Үүний нэг нь ажилчиддаа маш их анхаарал хандуулдаг. Нэг үгээр хэлбэл, хүнрүүгээ анхаарлаа хандуулж тэднийг сургаж, хөгжүүлж болох ямар арга зам байна бүгдийг ашигладаг. Ажилчдаа сургалт, дамжаанд хамруулна, сайн ажилласан бол урамшуулна гэхчлэн. Түүнчлэн гадаадын компаниуд анх хүнийг ажилд авахдаа өндөр боловсрол, чадвар, төгссөн сургуулийг нь харахаас өмнө тухайн хүний чин сэтгэлийг хардаг. Ямар ул суурьтай, ямар үзэл хандлагатай, ямар хүн чанартай хүн бэ гэдгийг чухалчилж үздэг. Энэ бол сайн багийг бүрдүүлэхэд хэрэгтэй хамгийн чухал менежмент. Амжилт бол сайн багийн хамтын ажиллагаа. 

-Аливаа зүйлийг сурч мэдэхэд, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ. Та туршлагаасаа хуваалцахгүй юу?  

-Би хувьдаа бусдаас суралцах нь хувь хүний хөгжилд хамгийн чухал юм байна гэж боддог. Нэг үгээр хэлбэл, үлгэрлэл, дууриал болсон модельтой  байх хэрэгтэй. Нэг бүрчлэн дуурай гэсэн үг бас биш л дээ. Тэр хүнээс өөрт хэрэгтэй зүйлүүдийг нь суралцаж яагаад амжилтад хүрсэн талаар нь судлах хэрэгтэй. Гэтэлхүний хөгждөггүй шалтгаан нь супер би-гээрээ ихэвчлэн амьдардаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч бусдаас суралцах нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн сайн аргын нэг.

-Бизнесмен хүний хувьд өдийг хүртэл анзаарч ирсэн зүйлүүд олон байдаг байх. Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц юунд байдаг юм бол? 

-Хүн төвтэй бодлого улс орны хөгжлийн нууц. Сингапур улс байгалийн баялаггүй орон. Тэгвэл тэр орны хөгжлийн нууц юу вэ хүн рүү чиглэсэн бодлого, хүнээ хөгжүүлж зөв сэтгэлгээтэй, боловсролтой хүмүүсийг бэлтгэсэн явдал. Мөн Энэтхэг улс сүүлийн жилүүдэд it, инженерээр дэлхийд толгой цохиж байна. Нууц нь юунд байна гэхээр Энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр маш олон инженерийг гадаадын орнуудад бэлтгэдэг. Үүнд л байгаа. Бидний хувьд ч гэсэн төр засгаас иргэдийн боловсролд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгж байж сая манай улс хөгжинө.  Түүнчлэн зөвхөн боловсролтой болгохоос өмнө тэдний хүсэл мөрөөдлийг бий болгож, залуучуудаа идэвхжүүлэх хэрэгтэй болов уу. 

-Цаг зав гаргаад ярилцсанд баярлалаа. Танай бүтээгдэхүүн хаагуур худалдаалагдаж байгаа вэ? 

-Манай бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа салбар дэлгүүрүүдийг эндээс харах боломжтой. Мөн удахгүй бид чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийхээ нэрийн дэлгүүрийн нээлтийг хийх гэж байна. 

 


  1. 27.123.214.* Зочин 2016-09-08 17:25
    en·tre·pre·neur \ˌäⁿn-trə-p(r)ə-ˈnər, -ˈn(y)u̇r\-Онтрепенюр гэж дууддаг юм малаа
  2. 90.202.96.* oto 2016-06-18 06:20
    Entrepreneur gedeg Angli ugiig shine ariljaa sanaagchilagchi chi geh yumuu Mongoloor helj boldoggui l yum baih daa? Ene yanzaaraa yavbal Mongol hel odoogiin Buraid, Khalmiaguudiin Oros Mongol nutagiin ayalguu holij yaridag shig Mongol ni chi medegdehgui, gadaad ni chi medegdehgui iim neg dampuu heltei boloh nee dee!
  3. 103.57.95.* Зочин 2016-01-26 23:07
    IX CAIXAN ZVILIIG EXLVVLJ ulc orondoo ex zviliig xiij baigaa tanid amjilt xvcie
  4. 27.123.214.* Зочин 2016-01-25 12:41
    iim mundag emegtein ugiig sonsoogui udjee. Bolj bna shuu bur uram zorig avlaa chamaas bayarlalaa
  5. 202.9.41.* Зочин 2016-01-13 19:48
    Вааааав Амжилт амжилт амжилт илүү илүү илүү
  6. 91.122.26.* Зочин 2016-01-13 17:47
    Танай бутээгдхуунийг сонирхож байна Холбогдох email, хаягаа улдээнэ уу? ОХУ-дахь салбараа хэлж огч болох уу
  7. 202.9.40.* Зочин 2016-01-13 15:46
    ooriihoo hiij bga setgej bgaga haraad ichchlee
  8. 122.201.21.* Зочин 2016-01-12 22:50
    mundag busgui bna. amjilt husye