ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Харвардын оюутан Б.Отгонбаттай ярилцсан нь

Bolor Rose
2016-01-18 02:38

Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөрлөн гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцдаг Монгол залуусыг ярилцлагын зочноороо урьж оролцуулдаг билээ. Тиймээс энэ удаад дэлхийн шилдгүүдийг бэлтгэн гаргадаг Харвардын их сургуульд суралцаж байгаа нэгэн Монгол залууг ярилцлагын зочноороо урьж оролцуулсан юм. Ингээд та бүхэндээ ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цувралаараа Харвардын их сургуулийн оюутан Б.Отгонбаттай онлайнаар хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юу өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
- Сайн байна уу. Яг одоо АНУ-ын Массачусетс мужид орших Кэмбриж хотоос холбогдож байна. Намайг Б.Отгонбат гэдэг. Глобал Удирдагч дээд сургуулиар маань хүмүүс намайг мэдэх байх. Одоогоор би  Харвардын их сургуулийн Жон Ф. Кеннидигийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар сурч байна. 

-Харвардад сурах нь таны бага насны хүсэл мөрөөдөл байв уу. Харвардын оюутан болох хүртэл нэлээдгүй хичээл зүтгэл, сорилтуудыг туулж ирсэн байх?
Өндөр хөгжилтэй оронд сурах нь миний багын мөрөөдөл байсан. Манай аав, ээж энгийн л нэг дундаж орлоготой төрийн албан хаагчид байсан болохоор тэр үед гадагшаа суралцана гэдэг боломжгүй мэт л санагддаг байлаа. Эхлээд англи хэлээ суралцах нь чухал байсан болохоор Баянгол дүүргийн 38 дугаар сургууль руу шилжин суралцаж 6-р ангиасаа хойш англи хэлийг эрчимтэй суралцаж эхэлсэн. Анх шинэ сургуульд шилжиж очиход манай ангийнхан бүгд англиар чөлөөтэй ярьж байхыг хараад өөрөөсөө ичиж тэд нарыг гүйцэхийн тулд өдөр бүр  2 цаг бие дааж Англи хэлээ эрчимтэй сурч эхэлсэн. 1997 онд ахлах сургуулиа төгсөхдөө улсын Англи хэлний олимпиадад түрүүлж Монголын Хүүхдийн Ордны эрдэм алтан медалиар шагнагдаж Англи, Америкийн элчин сайдын яамнаас баахан хичээлийн хэрэгслээр шагнуулж урам авч байлаа. Гэхдээ яг үнэндээ хичээлийн хэрэгсэл биш Америкт суралцах тэтгэлэг надад хэрэгтэй байсан юм. Англи хэлний ярианы чадварыг номоос гэхээсээ илүүтэйгээр олон улсын байгууллагад орчуулагч хийж гадны хүмүүстэй зун болгон хөдөө явж орчин бүрдүүлэх замаар олж авсан. Ер нь гадаад хэл гэдэг пуужингийн шинжлэх ухаан биш харилцааны хэрэглэгдэхүүн учраас өөртөө орчин бүрдүүлж сурах нь хамгийн оновчтой арга гэж боддог. Америкт сурах боломж номоо 2005 оноос хойш 5 дахь удаагаа хэвлэн гаргасан байгаа, манай залуучууд хэрвээ хэрхэн тэтгэлэг хожиж, АНУ-д суралцах тухай дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл миний номыг олж уншаарай.
2005 онд Глобал удирдагч сангаа байгуулаад удаагүй байхдаа анх Харвардын их сургуулийн кампусаар зочилсон.  Энэ дэлхийн оюуны охь болсон сургуульд суралцах нь зөв юм байна гэж өөртөө зорилго тавьж явсны үр дүнд мөн олон хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр суралцах боломж олдсонд баяртай байна. Би зөвхөн өөрөө сурч байна гэхээсээ илүү олон Монголчууд маань бас ирж суралцах, эндээс эх орноо хөгжүүлэх мэдлэг, боловсролыг олж авах боломжийг нээх нь чухал гэж бодож байна.
Одоогийн миний сурч байгаа MC/MPA Mason магистрын хөтөлбөр нь олон улсын оюутнуудад зориулсан хөтөлбөр бөгөөд дэлхийн 60 гаруй орноос оюутнууд ирж суралцдаг 8-13 жилийн ажлын туршлага шаарддаг хөтөлбөр юм. Манай улсаас анх Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай төгссөн байдаг. Ерөнхийлөгчийнхөө үлдээсэн сайн нэрийг хадгалахын төлөө хичээн суралцаж байна. 

-Харвардад яг ямар зорилгыг өвөртлөн суралцаж байгаа вэ? 
- Би Харвардад Монголын хөгжлийн гарц юу вэ гэдэг гэсэн асуултыг тээж ирсэн. Нэг үгээр хэлбэл бид юу хийх хэрэгтэй вэ, ямар арга замаар хөгжиж болохыг судлахаар ирсэн судалж байна. Монголчуудын соёл, сэтгэлгээнд байдаг шүү дээ. Уулын орой,овоон дээрээ гараад үхэр, адуугаа дуранддаг шиг миний хувьд эх орныхоо хөгжлийн гарцыг, цаашдын чиг хандлагыг дурандахаар, олж харахаар ирсэн. Учир нь дэлхийд ямар инноваци, ямар салбар, ямар технологи, ямар нөү хау, шинэчлэлт хийгдэж байгааг, улс орнууд хэрхэн хөгжиж байгааг судалж байна. 
Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх чадвартай олон мянган төгсөгчид энэ сургуулиас төрөн гарч байна. Харвардын их сургуулийн төгсөгчдийн холбооноос нэгэн сонирхолтой судалгааг гаргасан байсан. Харвардыг төгссөн хүмүүсийн 39 хувь нь өөрийн компани болон төрийн бус байгууллагаа байгуулсан бөгөөд нийтдээ 146,000 идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 2014 оны нийт орлого нь 4 триллион долларт хүрч 20.4 сая ажлын байрыг бий болгосон байна. Тэгэхээр Монгол залуус маань мөн адил дэлхийн оюуны ундраа болсон ийм сургуулиудад ирж суралцах боломжийг гаргах хэрэгтэй. 
13 зуунд дэлхийн талыг байлдан дагуулахдаа Чингис хааны зорилго дэлхийтэй Монголын эзэнт гүрнээ холбож тэднээс сурч болох мэдлэгийг өвөртлөн ирж улсаа хөгжүүлж байсан болов уу гэж боддог. Одоо бидэнд эцэг өвгөдөөс минь үлдээсэн энэ их агуу түүх, соёл, байгалийн баялгаа оюуны баялаг болгож Монгол хүний сийрэг ухаан, гадаад ертөнцөөс сурч идээших давуу талаа ашиглаж дэлхийд өрсөлдөх Монгол улсыг бий болгох цаг иржээ. Бид мөрөөдөх эрхтэй мөрөөдлөө биелүүлэх үүрэгтэй. Бусад улс чадаж байна шүү дээ бид ч чадах ёстой. 

-Монгол улсын хөгжлийн гарц юу вэ гэдгийг судлахаар, суралцахаар ирсэн гэж байна. Одоогоор та Монгол улсын хөгжлийн томоохон гарцыг юу гэж харж байна?
-Одоогоор би Монгол улсын хөгжлийн гарц юу вэ гэсэн судалгааны номон дээрээ ажиллаж байна. Энд нэг жишээг авч үзэхэд, 2014 оны Монгол улсын эдийн засгийн экспортын 90 орчим хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байгаа. Манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан байгаа нь тэр хэрээрээ тогтворгүй, эрсдэлтэй өнөөдөр нүүрсний үнэ унахад л төсвийн алдагдалд орж эдийн засаг хямарч төгрөгийн худалдан авах чадвар буурч байгаа нь нэг салбараас хэт хамааралтай байгаатай холбоотой. Тиймээс манай улсын хөгжлийн томоохон гарц бол мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжүүлэх, ингэхийн тулд бид шинэ технологи, баялгийг өөрсдөө бүтээх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл толгойгоо ажиллуулж баялаг бүтээх хэрэгтэй, уул уурхайтай орны иргэдийн толгой ажиллахаа байчихдаг. Харвардын их сургуулийн олон улсын хөгжлийн төвөөс гаргасан эдийн засгийн өрсөлдөх чадварыг хэмждэг Atlas of Economic Complexity гэж байдаг. Энэ судалгаагаар дэлхийн улс орнуудын өндөр мэдлэг чадвар шаардсан, бусад улсуудын тэр болгон хийж чаддаггүй бүтээгдэхүүнүүдийг олноор хийснээр economic complexity index буюу эдийн засгийн бүтцийн нарийвчлалын төвшинг тогтоож, байр эзлүүлдэг. Нэг үгээр хэлбэл, энэ үзүүлэлтээр улс орны тогтвортой хөгжлийг тодорхойлон гаргадаг.  Энэ судалгаагаар нүүрс, алт, түүхий нефт экспортолдог Монгол улс дэлхийн 140 хэдэн орноос 110-д жагссан байсан. Харин Япон улс нэгдүгээрт жагссан. Тэгэхээр бид хүний мэдлэг чадвар нөү хау шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн  гарц гэж харагдаж байгаа юм. Тиймээс бид мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлсэн гадаадын өндөр хөгжилтэй зарим орнуудын туршлагаас суралцах, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. 
Мэдлэгийн эдийн засаг, мэдлэг боловсрол, чадварыг үнэлдэг нийгэм нь дэлхийд өрсөлдөх төвшний боловсролтой залуучуудаас эхэлнэ. Монголынхоо нэрийг гаргаж баялаг бүтээж чадах дэлхийд өрсөлдөх Монгол хүндээ хөрөнгө оруулж төрийн бодлогоор хүчтэй дэмжих цаг нь болсон гэж боддог. Хоосон цээжилдэг боловсрол биш хөрөнгө босгодог, мэдлэгээ баялаг болгодог, дэлхийд бүтээгдэхүүнээ гаргаж өрсөлдөж чаддаг хүмүүсийг бэлддэг боловсролын тогтолцоог бий болгох хэрэгтэй юм болов уу. 
-Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгосон зарим улсын туршлагаас хуваалцахгүй юу?

-Энд Монголчуудын хамгийн сайн мэддэг Сингапур улсын талаар яръя л даа. Сингапур бол жижигхэн арлын улс. Манайх шиг уул уурхай, газрын баялаггүй орон. Гэтэл тэд яагаад өнөөдөр дэлхийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж, боловсролын салбараараа дэлхийд толгой цохиж байна вэ. Үүнд нь олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа ч гол боловсролын салбартаа явуулж буй бодлого. Хүнрүүгээ чиглэсэн, хүн төвтэй бодлого бол Сингапурын хөгжлийн нууц. Юу гэхээр Сингапурчууд иргэдийнхээ боловсролд маш их хөрөнгө зарцуулж, сургадаг, бэлтгэдэг. Боловсролтой иргэн Сингапурын хөгжлийн түлхүүр гэж үздэг. Тийм болохоор Сингапурчууд бүгд англи хэлтэй,  иргэдээ маш олноор нь гадаадад, дэлхийн шилдэг сургуулиудад сургадаг. Тэд буцаад ирэхдээ эрдэм өвөртлөн ирдэг. Өвөртлөн ирсэн боловсролоо баялаг болгож чаддаг. Энэ нь зөвхөн Сингапур гэлтгүй дэлхийд шинэ технологи, үйлдвэрлэлээрээ тэргүүлж буй Солонгос, Япон, Тайвань бүгд ийм туршлагатай байдаг. Тухайлбал, Бангладеш улс 1977 онд Өмнөд Солонгосын Дээвүү компанид 130 хүн сургасны дараа хувцас үйлдвэрлэлийн салбарыг амжилттай хөгжүүлж чадсан байдаг. Тэр сургасан 130 хүний 115 нь ажлаасаа гарч шинэ компани байгуулан өрсөлдөж эхэлснээр энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болсон туршлага байна.
Бидний хувьд ч мөн ялгаагүй боловсролтой залуусыг бэлтгэх хэрэгтэй. Ингэж байж сая манай улс хөгжинө. Нөгөө нэг зүйл нь бидний соёл, ёс заншил юу вэ гэдэг давуу талаа, дэлхийд ямар салбарт юуг хийж бүтээвэл бид илүү амжилтад хүрч чадах вэ гэдэг орон зайгаа мэдэрч, тэр давуу талаа маш сайн ашиглаж чадвал манай улс хөгжинө. 
- Манай улс аль салбартаа дэлхийн зах зээлд өрсөлдвөл давуу тал, орон зай бий гэж та харж байна?

-Энийг энгийн ойлгомжтой тайлбарлахын тулд дэлхийн бүтээгдэхүүний сүлжээг ой модтой харьцуулъя. Дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг сармагчингаар төсөөлбөл мод илүү шигүү ургасан хэсэгтээ сармагчин дүүлэн нисч хоол хүнсээ илүү олж идэх боломжтой. Харин зарим сармагчин ойн захад төөрсөн байдалтай боломжоор хомсхон хоол ихтэй газар луу очих гэхээр хэт хол үсрэх хэрэг гардаг. Монголын эдийн засгийн бүтэц, бүтээгдэхүүний орон зай, экспортын сагсыг харахад ойн захад төөрсөн байдалтай харагдана. Уул уурхайн салбар дээр суурилсан солонгорч чадаагүй манайх шиг эдийн засгийн сул тал нь хямралд амархан өртдөгт оршино. Тэгэхээр бид цаашид яах ёстой бэ ямар салбарыг түлхүү хөгжүүлэх гэдэг асуудал төрийн бодлогын цөм хэсэг болох ёстой. Тухайн улсын бүтээгдэхүүн хэдэн төрлийн адил бүтээгдэхүүнүүдтэй холбогдож байгаа тэдгээр нь хэр хэмжээнийн мэдлэг, нөү хау шаардаж байгааг харж болно. Монгол улсын экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн бүтээгдэхүүний сүлжээний цөм хэсгээс хол захдуу байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгаатай холбоотой. Хөгжилтэй орнууд бүтээгдэхүүний орон зайн төв хэсэгт олон мянган адил төстэй бүтээгдэхүүнүүдийг экспортолж байгаа нь хөгжлийн нууц гэж хэлж болно. Бидний орон зай хаана байна вэ?

Миний хувьд энэ орон зайг нүүдэлчин соёл иргэншилтэй манай улсын хувьд мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар гэж харж байгаа. Одоогоор бид уул уурхайгаас шууд эмнэлгийн салбар луу, технологийн салбарт шууд үсрэлт хийхэд маш хүнд, урт удаан хугацааг зарцуулна, мэдлэг дутагдана. Компьютер гэдэг гадаад үг Монголчуудын соёл иргэншил, сэтгэлгээтэй хол байдаг шүү дээ. Харин морины зүсийг тодорхойлсон хэдэн зуун үгийн сан бидэнд байх жишээтэй. Нэг үгээр хэлбэл хөдөө аж ахуйн салбартаа хийж бүтээвэл бидний сэтгэлгээнд илүү ойр, мөн дэлхийн зах зээлд сонин, содон бүтээгдэхүүн болж чадна. Энд зүгээр нэг энгийн жишээ авч ярихад эсгий таавчиг л гэхэд АНУ-ын зах зээлд маш эрэлттэй байхаар байна, дээрээс нь бид малын гаралтай органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Бидэнд Орос, Хятадын зах зээл байна.
-Харвард дэлхийн шилдэг сургуулиудын нэг болж чадсан нууцыг та хувьдаа юу гэж харж байна вэ?

-Харвардын их сургууль 1636 онд байгуулагдсан жилдээ 400 сая долларын орлоготой. Сургуулийн хөрөнгө оруулалтын санд нь ойролцоогоор 36 тэрбум доллар байдаг. Харвардын багш нар нь жилд 200 мянган ам долларын цалинтай байдаг. Би энд яагаад мөнгө яриад байна гэхээр энэ сургууль дэлхийн шилдэг сургууль болж чадсаны нэг нууц нь судалгаа, сургалт, инновацид маш их хөрөнгө мөнгийг хаяж, зарцуулж чаддаг. Өндөр цалин өгөхийн хэрээр шилдэг багш нарыг ажиллуулна, их хөрөнгө зарцуулахын хэрээр үр дүнтэй судалгаануудыг сайн хийж чадна гэсэн үг юм л даа. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн чадвар, мэдлэгийг олгож байна, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чаддаг боловсон хүчнийг энэ сургууль бэлтгэн гаргадаг. Саяхан л гэхэд Харвардын их сургуулийн захирал хадагтай Дрю Фоост 100 мянган долларын шагналыг сантай бизнесийн төслийн уралдаан зарласан. Дэлхийд байгаа хамгийн хэцүү асуудлыг шийдэж чадах шинэ санаа, төслийг гаргасан оюутны төслийг санхүүжүүлэх уралдаан зарласан. Би ч бас энэ уралдаанд орох гээд л бэлтгэж байна.
Бас нэг чухал зүйл нь сургуулийн орчинд эко системийг бүрдүүлж өгч чадсан байдаг. Эко гэхээр ургамал байлаа гэхэд цэцэг, навч гээд, ногоо гээд л биенээ нөхөж ургана шүү дээ. Түүнтэй адилхан Харвард, MIT гэхчлэн энэ сургуулиудыг тойроод маш олон технологийн компаниуд байдаг. Нэг үгээр хэлбэл, хувийн хэвшлийн байгууллага боловсролын байгууллагатайгаа маш сайн хамтарч уялдаа холбоотой ажилладаг.Боловсролын байгууллагаа дагаад бизнес хөгждөг, бизнес нь эргээд боловсролын байгууллагадаа хөрөнгө оруулдаг байх жишээтэй. Сургуулиа төгссөн хүмүүс нь бизнесийн байгууллагадаа ажилладаг байх ёстой. Бизнес, сургалтын байгууллага хоёрын хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлсэн байдаг.
-Компани, сургалтын байгууллага хоёрыг холбосон эко систем гэхээр манайхаар бол онол практикийг хамгийн сайн хослуулдаг гэсэн үг үү?

- Тийм. Манайд ч ялгаагүй их сургуулиудтай бизнесийн байгууллага, технологийн компаниуд хамтарч ажиллан эко системийг бий болговол шилдэг боловсон хүчин бэлтгэх боломжтой болно.  
- 100 мянган долларын шагналын сантай дэлхийд байгаа хамгийн хэцүү асуудлыг шийдэх уралдаант төсөлд оролцохоор бэлтгэж байгаа гэж дээр хэлсэн. Та ямар шинэ санааг гаргаж байгаа вэ?
-Миний гаргаж байгаа санаа бол Харвардын хичээлийг Монголд байгаа хүмүүс онлайн хэлбэрээр үнэгүй суралцах боломжийг нээж өгөх онлайн сургалтын төсөл юм л даа. Нэг үгээр хэлбэл Харвардын мэдлэгийг технологи ашиглан дэлхийн өнцөг булан бүрт хэн ч суралцах боломжтой болгох юм. Үүнийг хавтгай боловсрол гэж нэрлээд байгаа юм. Учир нь хүн бүр Харвардад ирж суралцаж чадахгүй шүү дээ. Энэ төсөл маань хэрэгжсэнээр малчны хотонд байгаа, алслагдмал хөдөөгийн сумд байгаа хүүхэд ч Харвардын хичээлийг авч болно. Одоо харин надад программ бичдэг нэг хүн л хэрэгтэй болоод байна./инээв/

-Харвардын багш нар нь хичээлээ ямар арга барилаар, яаж заадаг талаар сонирхуулаач?
-Харвардад аливаа хичээлийн онолын мэдлэгийг олгохдоо бодит жишээн дээр кэйс сургалтын аргыг ашиглан оюутны оролцоон дээр тулгуурлаж заадаг. Энэ өвлийн семестрт манлайллын хичээл үзэж дуусгалаа. Оюутан болгон өөрсдийн ажлын орчинд болсон алдаагаа кэйс болгож танилцуулна, тэр кэйсийг ангиараа олон талаас нь ярилцаж гарц гарган анализ хийх замаар манлайлал, өөрчлөлтийн тухай онолын ойлголтуудыг амьд жишээгээр баяжуулдаг. Ингэж сурснаараа оюутнууд илүү үр бүтээмжтэй суралцах боломжтой болдог. 
- Таны бодлоор аливаа зүйлийг сурч мэдэхэд хамгийн чухал зүйл юу вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд сурах зорилго маш сайн тодорхой байх хэрэгтэй. Зорилго тодорхой болчих юм бол яагаад тэр зүйлийг сурч байгаа нь тодорхой болдог. Сурч байгаа зүйлээ өөрийнхөө зорилготой маш сайн холбох хэрэгтэй. Тэгж байж гадаад хэлийг ч бай, аливаа зүйлийг хурдан бөгөөд хамгийн сайн сурч чадна. Мөн илүү их амжилтад хүрмээр байгаа бол зорилго тань зөвхөн таниар хязгаарлагдаж болохгүй. Гадаадын шилдэг сургуулиудад ч мөн ялгаагүй таны зорилгооор таныг үнэлдэг. Өөрөөр хэлбэл, Харвардад тэнцэхийн тулд шаардах хамгийн эхний шаардлага бол таны зорилго. Таны зорилго өөрөөсөө давж бусдад нөлөөлөхөөр хэмжээний том байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны зорилго маш олон хүний амьдралыг өөрчлөх, хувь нэмэр оруулахаар хэмжээний агуулгатай байх хэрэгтэй л гэсэн үг. Ухаантай хүмүүс олон байдаг ч мөрөөдөлтэй хүн цөөхөн байдаг. 
- Глобал удирдагч дээд сургуулийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

- Австралид сургуулиа  дүүргээд 2005 онд Монголд ирэнгүүтээ Глобал удирдагч сангаа байгуулсан. 2007 онд Глобал Удирдагч Дээд сургуулиа байгуулсан мөн дээд сургуулийнхаа дэргэд Шинэ зууны удирдагч ахлах сургууль байгуулсан. Одоогоор манай сургууль 2500 орчим Монгол оюутныг АНУ-д сургасан байгаа. Монгол залуусаа хөгжүүлж, сургаж , бэлтгэх хэрэгтэй. Энэ л манай улсын хөгжлийн түлхүүр гэж хувьдаа боддог. Тийм болохоор дэлхийн иргэдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Мөн би залуустаа гадаадад суралцахад нь туслах зорилгоор “АНУ-д суралцах боломж”, “Тайваньд суралцах боломж” нэртэй номуудаа гаргасан байгаа. Хэрхэн 25,000 долларын тэтгэлэг хожсон, Харвардад хэрхэн тэнцэж мөнгө босгосон, бичсэн эссэ зэрэг миний туршлагаас уншиж өөрийн зорилгодоо хүрэхийг хүсвэл миний номуудыг сонирхож уншаарай. 
- Таны бодлоор шилдэг удирдагч, манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Харвардын их сургуулийн багш Роналд Хайфэтсийн манлайлал ба өөрчлөлтийн улс төр хэмээх гайхалтай хичээлийг үзэж дууслаа. Манлайлал гэдэг ойлголт орчин цагийн нийгэмд үнэ цэнээ алдаж дампууран буруугаар ойлгогдох болсон. Эмч өвчтөнтэй уулзаад өвчнийг нь оношилсны дараа эм өгөх эсвэл мэс засал хийх замаар өвчнийг нь анагаах боломжтой. Энэ бол техникийн асуудал. Харин сэтгэл зүйч дээр ирсэн хүний зовлонг сэтгэл зүйч өөр дээрээ үүрэхээсээ илүүтэйгээр тухайн хүнээр өөрөөр нь асуудлыг олон талаас нь харж гарц гаргуулах замаар даван туулахад нь туслах ёстой болдог. Энэ бол жинхэнэ манлайлал (adaptive leadership).
Удирдагч байна гэдэг сэтгэл зүйч байхтай адил. Аливаа улс орон хөгжин дэвшиж өөрчлөгдөхөд тухайн орны ард иргэд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг өөрсдөө шийдэх чадамжтай болох ёстой. Удирдагч хүний үүрэг бол ард иргэдээ асуудалтай нүүр тулж даван гарахад туслах явдал юм. Эмч мэт өөрийгөө төсөөлөн бүх хүний асуудлыг өөрийн нуруун дээр үүрэх гэж оролдох нь хэт өндөр хүлээлт, хариуцлагагүй байдал, бэлэнчлэх сэтгэлгээг бий болгодог. Манлайлал гэдэг хэн нэгэн хүний тухай ойлголт биш, харин хүмүүсийн тухай, тэдний асуудлаа хамтран оношилж шийдлийг олж, хэрэгжүүлэх үйл явцын тухай ойлголт юм. Тиймээс аливаа асуудлын хариуг хэн нэгэн хүнээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй болов уу гэж боддог. 
- Харвардад хэчнээн Монгол оюутан сурч байна?

- Харвардад 10-аад Монгол оюутан сурч байна.
Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
- Баярлалаа. Хөгжил гэдэг үг бол маш олон коэфиценттэй тэгшитгэлтэй адил зүйл. Үүний бас нэг нь манай залуус хоорондоо нэгдэх юм болов уу гэж боддог. Монголчууд бид 13-р зууны үед дэлхийн талыг эзэлж байсан агуу түүхтэй ард түмэн. Яагаад уу.Тэр үед Монголчууд нэгдэж чадсан учраас тэр. Тэгвэл одоо үед яаж нэгдэх вэ? Хөгжмийн олон утас хоорондоо уялдаж байж аялгуу бий болдог шиг Монгол залуус бид хувь хувьдаа юу чадаж байна түүгээрээ нэгдэх хэрэгтэй юм болов уу. Инженер нь санаагаа хэлж, технологич нь бүтээж, төр нь дэмжих замаар нэгдэж хамтарч ажиллавал илүү амжилтад хүрч чадна. Эх орныхоо хөгжлийг ч залуус бид хамтарч ярих хэрэгтэй, юу хийх ёстой гарцыг зөвлөлдөх хэрэгтэй байна. Нэгдэж чадвал ямар ч хүмүүсээс илүү том компани, илүү их баялгийг бид бүтээж чадна.
Тийм ч учраас АНУ-д амьдарч байгаа Монгол залуус маань хамтран Монголын Хөгжлийн Форумыг ирэх 2-р сарын 17-нд Харвардын их сургууль дээр зохион байгуулж Монгол улсын хөгжлийн гарц юу вэ гэдэг талаар ярилцах уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалтад АНУ дахь Монголын элчин сайд, Харвардын багш нар урилгаар оролцохоор болсон.  Уулзалтад АНУ-д байгаа олон Монгол залуус маань ирж оролцоосой гэж хүсэж байна. 
-Ярилцсанд баярлалаа.

 

 


  1. 103.57.92.* Зочин 2016-02-27 18:49
    ЗӨВ ШҮҮ
  2. 92.225.57.* hugjil 2016-02-15 05:36
    Хөгжил гэж яг юуг ойлгоод байгаа вэ гэдгээ хамгийн түрүүнд тодорхой болгл л доо.хөгжилд хүрнээ л гээд бдг яг юунд хүрэх гээд байгаа юм бэ.тэрийгээ ойлгож байгаа хүн монгоld mash tsoohon bna. hun bur mashintai bolbol hogjil yumuu, esvel neg neg house-tai bolvol hogjil yumuu, esvel hun bur neg uurhaitai offshore danstai bolvol hogjil yumuu, esvl yeroosoo baigal orchin eruul orchin etr hamaagui ymar ch hamaagui argaar mongotei boloh n hogjil yumuu? yag ymar niigemd burduulbel, ymar orchintoi bolbol bid hogjloo gej bodoh ystoi ve? ta yag ymar orchind amidarmaar bna, ur huuheddee yu uldeemeer bna. suirtsen baigal, uuh us n hordtson heden shilen baishintai yajgii zamtai hot uldeemeer bna uu? shilen baishin hogjil uu? za ingeed hogjil gej yug heleed baigaagaa ehleed todorhoilchihvol yaj terend hureh ve gdg arga zamaa oloh heregtei...ternees ene zaluu shig hogjil gdgee ch todorhoilj medehgui baij, heden lektsend suugaad hogjliin tulhuuriig olno gdg haranhui haralgan boginohon bodloor bol busdiin zaasniig toti shig tseejilj, oorsdiin niigem soyold tohirhohgui heden onol avchirch naah gej oroldohoos tsaashgui....za minii huvid hogjil gevel saihan eruul ongon baigalaa tsevreer n hadgalaad, mgldoo aylal juulchlaliig mash zov zohistoi hogjuuleed, huuhed bur unegui surguuli, ih surguuld yvah bolomjtoi, eruul mendiin batalgaatai tiim l orching bii bolgovol hogjiliin ehen shat gej oilgono. uund hurehiin tuld teheer yahnuu? yamar ch bsn uul uurhai bol ene hogjild hureh zam bish gedeg n haragdaj baigaa biz...za tegeed hunii ugiig togtoj unshaad sain bodotsgoo...tavan ugnees tanigddag gej etseg ovgod maani zugeer ch neg zohiogod helchiheegui yum shuu
  3. 103.26.194.* !!!!! 2016-01-30 21:06
    "Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ" гэгчээр ямар ч зөв сайн мэдээлэл уншаад заавал муурхаж харааж зүхэж суудаг муу энергитэй хүмүүс энэ муу зуршлаасаа татгалзахыг хичээцгээ!!! Энэ залуу шиг хүмүүс олширсон цагт Монгол Улс өөдлөх замдаа орно!!!!
  4. 182.160.34.* зочин 2016-01-21 08:41
    хувь хүнийх нь хувьд баяр хүргэе, улсынхаа хөгжлийн төлөө сурч байгаа байх гэж найдаж байна, дараа нь улсдаа бодит зүйл хийгээрээ гэж ерөөхөөс өөр зүйл алга даа, бүгд л сурч байгаагаа их сурталчилдаг болчихож цаашаа яах вэ, ленины хэлдгээр сураад л байна, амаа хөдөлгөсөн нөхөд улам л их болоод байдаг
  5. 86.135.219.* Zochin 2016-01-21 01:35
    Za daa mdku ee ger bulere l luivarchin xumuus shdee. Egch n gej avgai baaxan xuuxduudiig Angli d surgan geed xulxidsan. Otgonbat ch bas adilxan baaxan xuuxduudiig Amerik yavuulna gj xulxidsan. Butsaad Mgl irj baaxan xun l xulxidan bizdee xuurxii. Gants chaddg um cin
  6. 203.91.115.* Зочин 2016-01-20 14:04
    Отгонбатдаа амжилт хүсээд монгол эх орноо хүнд байдлаас гаргах мэдлэг өвөртлөн ирж их бүтээлийн эзэн жинхэнэ удирдагч болоорой гэж захиядаа
  7. 204.15.28.* zaluus 2016-01-20 05:46
    aguu usrelt engiin neg alhamaas ehelnee gej
  8. 204.15.28.* zaluusiig demjigch 2016-01-20 05:42
    hiih uuregtei ni chadahgui, chadaltaigaa demjihgui, huseltei ni chadvargui gej. shardaad bval uuruu ochood suraad irdee tegvel hu
  9. 202.9.41.* goo saihan 2016-01-19 22:17
    sain bna shuu mongolchuud aa hicheegeed baival zorilgodoo hurne dee
  10. 103.57.95.* чи худалч ш тээ 2016-01-19 22:05
    худалч гар доо шалихгүй мэдээлэл тараалгаад л ккк
  11. 108.20.236.* zochin 2016-01-19 21:47
    kharvardad Kennedygiin neremjit salbart uls turiin kursiin surguulid suraa l kharvard togson boloh umaa
  12. 103.26.193.* Munkhjargal 2016-01-19 18:27
    Mongol uls odoo l 1 zov tiishee yavah ni uu gesen gerel hongiliin uzuurt haragdana. Uchir ni Otgonbat zahiral shig olon zaluuchuud Mongoliin hogliin talaar yarij bna. Saihan tsagiig avch irehiin tuld bid 1, 1nee demjih heregtei. Esgii tavchikiig shuumjleed baigaa hun garaa humhij amaa hodolgoj suuhaar buteej setgej, uildverlej ehelmeer l bna shuu.
  13. 183.177.97.* irgen 2016-01-19 17:42
    kkk alah ym aa . Asuult. - Би Харвардад Монголын хөгжлийн гарц юу вэ гэдэг гэсэн асуултыг тээж ирсэн. hariult. Харвардад ирж сурах. Бодит байдал. Харвардад Монголыг хөгжүүлэх тухай хичээлийн хөтөлбөр одоогоор алгаа. Хувь хүн дэлхийн боловсрол, мэдээллээс хүртэж өөрийгөө хөгжүүлэх сайн хэрэг. Ийм л юмнууд Монголын хөгжлийг алаад байгаа юм шүү дээ. Үнэн. Чамтай чамгүй Монголоор нэг Харварчид Монгол орныг хөгжүүлэн гэдгийг үзүүлж байхиймаа
  14. 202.179.28.* Зочин 2016-01-19 17:01
    Ene bugd uchnuun jil yarigdaj baigaa zuilde
  15. 202.21.109.* Зочин 2016-01-19 15:55
    mundag huu baina.
  16. 103.229.120.* Irgen 2016-01-19 13:55
    doligonuur hog ve Erunhiilugch ni tend yamar sain ner uldeesiin bol doo kk. Bayrtsogt Eebee Saihna nar shig yum naanaasaa suraad irvel bur gai bolohiin bna shuu uls orondoo
  17. 103.26.193.* Зочин 2016-01-19 12:46
    Синга-н хөгжлийн нууц нь гэгээрсэн дарангуйлал/сахилга бат,хууль,боловсрол,шударга засаглал/
  18. 103.57.95.* Зочин 2016-01-19 10:14
    Үйлээрээ үлгэрлэж, Монгол залуусаа хөгжүүлэхээр өөрийгөө бэлтгэж буй залуудаа амжилт хүсье!
  19. 103.57.95.* No Fucking Way!!!! 2016-01-18 15:57
    хахахаха эсгий таавчигаа хийгээд явъдөө, харвардад сураад тэгээд эсгий таавчик хийхийг санал болгож байгаа юм биздээ