Дэлхийн ой тогтоолтын 5 рекордыг эзэмшдэг Э.Пүрэвжав 'Би дуртай зүйлээ олсон болохоор амжилтад хүрсэн'

Bolor Rose
2016-01-26 04:35

Оюуны спортоор хүч сорьдог дэлхийн ой тогтоолтын 10 төрөл байдаг. Түүнээс дунд насны ангилалд 5 төрлөөр нь дэлхийн дээд рекордыг эвдсэн, 24 жилийн түүхэн дэх дэлхийн хамгийн залуу ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, таван минутын дотор 400 гаруй цифр цээжилж чаддаг 17 настай бяцхан хүүг Эрдэнэсайханы Пүрэвжав гэдэг. Тэрээр өнгөрсөн сард БНХАУ-ын Сычуан мужийн Чэнгдү хотод болсон ой тогтоолтын  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 24 жилийн түүхэн дэх дэлхийн хамгийн залуу ой тогтоолтын ОУ-ын Их Мастер цолыг хүртжээ. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагын зочноороо Монгол хүний оюуны ур ухаан, авьяас чадварыг дэлхийн чихнээ цуурайтуулж яваа 1-дүгээр сургуулийн 11е ангийн сурагч,  Монголын Оюун ухааны академийн тамирчин Э.Пүрэвжавыг урьж оролцууллаа. 

- Сайн байна уу. 24 жилийн түүхэн дэх дэлхийн хамгийн залуу ой тогтоолтын ОУ-ын Их Мастер цолыг хүртсэнд нь баяр хүргэе.  Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд ямар амжилтыг тогтоогоод энэ цолыг хүртэв?

-Баярлалаа. Ой тогтоолтын төрөлд ОУ-ын мастер, Их мастер, ОУ-ын их мастер гэсэн 3 цол байдаг. Үүнээс ОУ-ын их мастер гэдэг нь хамгийн дээд цол нь юм л даа. Манай улсаас энэ цолыг авсан надтай нийлээд 3 хүн байдаг юм билээ.

Ой тогтоолтын ОУ-ын их мастер болохын тулд ой тогтоолтын 10 төрлөөр нийт 6000 дээш оноотой байх ёстой байдаг, мөн хурдны хөзрийг 2 минутаас доошгүй хугацаанд цээжилсэн байх, өмнө нь ОУ-ын мастер цолтой байх гэсэн шалгууруудыг хангасан байх ёстой

байдаг.

Миний хувьд энэ удаагийн ой тогтоолтын Дэлхийн аваргын тэмцээнээр дунд насны ангилалд 6400 оноотой түрүүлж, нэгдүгээр байранд орсон. Мөн ой тогтоолтын 10 төрлөөс дунд насны ангилалд гурвынх нь рекордыг эзэмшдэг байсан бол энэ удаагийн тэмцээнээр нэмээд 2 төрлийн рекордыг нь шинэчилсэн.

- Дэлхийн ой тогтоолтын 10 төрлөөс 5-ынх нь рекордыг эвдсэн гэсэн үг үү. Ямар ямар төрлөөр дэлхийн ой тогтоолтын рекордыг шинэчилсэн бэ?

- Тийм. Би өмнө нь Дэлхийн ой тогтоолтын дунд насны төрөлд 5 минутын үг цээжлэх, 30 минутын хөзөр цээжлэх, 30 минутын тооны марафон гэсэн төрлүүдээр дээд рекордыг эзэмшдэг байсан бол энэ удаагийн тэмцээнээр 5 минутын тооны марафон, цагийн хөзөр цээжлэх гэсэн төрлүүдээр дэлхийн рекордыг эвдсэн

5 минутад 424 цифр цээжилснээрээ дэлхийн рекордыг шинэчилсэн

- 5 минутын тооны марафон, цагийн хөзөр цээжлэх төрлүүдийн дэлхийн рекорд өмнө нь хэд байсан бэ. Чиний хувьд хэд болгож рекордыг нь эвдэв?

-5 минутын тооны марафон гэдэг нь 5 минутын дотор хэр олон цифр цээжилснээр нь оноо өгдөг.  5 минутад 340 цифр цээжилсэн нь дэлхийн дээд рекорд байсан бол би энэ удаагийн тэмцээнээр 424 цифр болгож рекордыг эвдсэн. Нэг үгээр хэлбэл, би 5 минутад 424 цифр цээжилснээрээ дэлхийн рекордыг шинэчилсэн юм.

Харин цагийн хөзөр цээжлэх төрөлд  цагт 19 багц хөзөр цээжилсэн рекордыг  22 багц хөзөр болгон цээжилж дэлхийн рекордыг эвдсэн.

-5 минутад 424 цифр, цагт 22 багц хөзөр цээжилсэн гэхээр их сонирхолтой, гайхалтай, бас бахархмаар санагдаж байна л даа. Тэр их тоог яаж ийм богино хугацаанд цээжилдэг юм бэ? Ямар нэг арга байдаг уу?

-Миний хувьд тоо, хөзрийг цээжлэхдээ үлгэр зохиож, кино үзэж төсөөөлдөг. Энгийн хүмүүст бол утга учиргүй олон тоо харагддаг бол миний хувьд тоо нь үг, утга болж харагдана. Юу гэхээр би тоо бүрийг үгээр орлуулан тогтоочихдог юм л даа. Тэгэхээр их хялбархан. Тоонуудыг хараад үлгэр зохиож болно, кино үзэж байгаа юм шиг өөрт сонирхолтойгоор түүх зохионо. Гэхдээ төсөөллөө аль болох сонирхолтой, амьдралд байж болохгүй зүйлээр хошин, хөгжилтэй байдлаар зохиовол илүү сайн. Жишээ нь, морь хүмүүсийг унаад уралдаж байна. Хүмүүсийг ташуурдаад, тэгсэн хүмүүс ядраад гэхчлэн төсөөлж болно.  

Цифр цээжлэхдээ бол хоёр хоёроор нь үг бүтээж төсөөлнө, бас ихэнхдээ танидаг хүмүүсийнхээ нэрийг орлуулж цээжилнэ, харин хөзөр бүр хадаас үгтэй байдаг, гилийн тамга гэхэд гитар гэдэг нэртэй байх жишээтэй.

-Яагаад ингэж цээжилдэг юм бэ. Хүний тархины санах ойтой холбоо байна уу?

Хүний тархи  энгийн зүйлсийг богино хугацаатай санаад мартдаг, харин хөгжилтэй, онцгой, дурсамжтай зүйлийг удаан хугацааны турш мартахгүй санаж байдаг.

Жишээ нь, та хамгийн сайхан тэмдэглэсэн төрсөн өдрөө мартаагүй байхад долоо хоногийн өмнө идсэн хоолоо мартчихсан байгаа. Хүний тархи өөрөө ийм санах ойтой байдаг. Нэг үгээр хэлбэл, хүний тархи илүү дурсамжтай, хөгжилтэй, онцгой зүйлүүдийг хүлээж авах нь сайн байдаг юм. Тиймээс би энэ аргаар төсөөлөн бодож цээжилдэг. 

-Ой тогтоолтын 10 төрөл байдаг гэсэн. Чиний хамгийн дуртай төрөл юу вэ?

Миний хувьд хурдны хөзөр хамгийн сонирхолтой санагддаг. Тэр дундаа минутад 52 ширхэг хөзрийг цээжлэх төрөл. Энэ төрлийн дэлхийн рекорд 21 секунд байдаг. Миний хувийн рекорд ч мөн 21 секунд байдаг л даа. Гэхдээ яагаад ч юм яг тэмцээн дээр 30 хэдэн секунд болчхоод байдаг юм. Саяны дэлхийн аваргын тэмцээн дээр 42 секундэд 52 ширхэг хөзрийг цээжилсэн. Харин ой тогтоолтын төрлүүдээс хүний нэр, зүс царай цээжлэх төрөл жаахан хэцүү байдаг. Ер нь

монголчуудын хувьд тоо цээжлэх талдаа их сайн, харин гадаад хүүхдүүдийн хувьд хүний нэр, зүс царай цээжлэх төрөлд сайн байдаг.

-Яагаад тэгдэг юм бол? Гадаад, Монгол хүүхдүүдийн хооронд өөр ямар ялгаа ажиглагддаг вэ. Монгол хүүхдүүдийн давуу тал нь юу байдаг вэ?

-Нэр, зүс царай цээжлэх төрлийн дэлхийн рекорд 15 минутад 224 байдаг.  Энэ төрөлд гадаад хүүхдүүд илүү сайн байдаг. Яагаад гэхээр нэр нь дандаа гадаад нэрүүд байдаг. Гадаад нэрийг кирилл болгоод биччихсэн байдаг ч бидний хувьд цээжлэхэд их хэцүү. Жишээ нь, Жэксон гэдэг нэр байлаа гэхэд тэр үгийг яаж цээжлэхээ сайн мэдэхгүйгээс оноо алддаг. Бат, Цэцэгээ гэвэл өөр хэрэг. Харин гадаад хүүхдүүдийн хувьд гадаад нэр нь давуу тал болдог. Тийм болохоор гадаадууд хүний нэр, зурагтай зүйлийг маш сайн цээжилдэг.

Бидний давуу тал бол тархины хөгжил, аливаа зүйлийг хүлээж авах, сурах чадвар. Өнгөрсөн дэлхий аваргын тэмцээнээр л гэхэд дунд насны төрөлд эхний 8 байр Монгол хүүхдүүд байсан.

Ой тогтоолтыг мэргэжил болгочихсон, улсаасаа цалинждаг Швед, Германы тамирчид байдаг. Гэтэл тэдний төвшинг 2,3 жил хичээлийнхээ хажуугаар, чөлөөт цагаараа бэлтгэл хийсэн Монгол хүүхдүүд давчихдаг.

Тийм болохоор Монголчууд яагаад ийм хурдан хөгжиж байна, ямар бэлтгэл хийдэг вэ, арга техник нь юунд байна гээд л гадаадын багш, дасгалжуулагч, тамирчид их асуудаг. Энэ нь Монгол хүний тархитай л холбоотой байх гэж хувьдаа боддог.

Гадаад хүүхдүүдийн биднээс ялгарах нэг давуу тал гэвэл тэд их чөлөөт сэтгэлгээтэй, маш нээлттэй байдаг. Тэмцээний үеэр  их чөлөөтэй ямар аргаар бодсон, ямар техник хэрэглэсэн гээд л биенээсээ асууна, ярилцана. Монгол хүүхдүүд бол эсрэгээрээ их даруухан.

- Тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль улсын тамирчид байдаг вэ?

- Швед, Герман, Хятад, АНУ-ын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг. 

Дуртай зүйлээ олох нь амжилтад хүрэх нууц

Яагаад оюуны спортоор хичээллэх болсон бэ? Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхлэв?  

-Анх манай аав Оюун ухааны академийн талаар хэлээд намайг сонирхож үзэх үү гэж асууж байсан. Түүний дараа манай хамаатны нэг найз Оюун ухааны академид сурч байгаа хамт явах уу гэсэн. Тэгээд л 2013 оноос хичээллэж эхэлсэн. 2014 оноос хойш гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Одоогоор Монголын үндэсний ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа, Дэлхийд аваргад 2 удаа, Азийн аварга, Хонг Конгийн нээлттэй тэмцээнд оролцсон байгаа. Үүнээс 4 тэмцээнд аварга болж ой тогтоолтын төрлөөрөө 114 орчим медальтай болсон.  

-Оюуны спортоор ийм өндөр амжилт гаргадаг юм чинь мэдээж их онц сурдаг байх?

-Миний хувьд сурсан зүйлээ тэмцээнд л хэрэглэдгээс амьдралд, хичээл дээрээ хэрэглэх нь их бага л даа. Уг нь сурсан зүйлээ хичээлдээ ашиглах юм бол их тустай. Гадаад үг цээжлэх арга, ном хурдан унших арга, томьёо цээжлэх арга гэхчлэн тус тусдаа бий. Тухайлбал, гадаад үг цээжлэхэд нэг ийм арга байдаг юм. Тухайн гадаад үгээ дуудлага төстэй Монгол нэрлүү хувиргаад, хувиргасан үгээ Монгол орчуулгынх нь үгтэй холбон төсөөлж болно. 2013 онд манай багшийн жишээ болгон хэлж байсан нэг гадаад үг одоог хүртэл мартагдаггүй юм.

‘absent’-хоосон эзгүй гэдэг үгийг  дуудлага төстэйгээр ‘авсанд’ болгоод ‘авсанд’ гэдгийгээ хоосон гэдэг үгтэйгээ холбож төсөөлнө гэсэн үг. Жишээ нь, би шөнө оршуулгын газраар явж байсан чинь нэг австай тааралдаад, тэгсэн авсанд байсан зүйл нь хоосон гараад явчихсан байсан гэхчлэн аймшигтай байдлаар төсөөлж болно.

Тэгвэл надад тэр үг мартагдахгүй.  

-Ном хурдан унших арга гэж байдаг гэсэн. Чиний хувьд ном хэр уншдаг вэ?

-Миний хувьд номыг нээх тийм хурдан уншиж чаддаггүй. Сонирхсон номуудаа бол их удаан, нухацтай уншдаг. Дуртай номууд олон бий. Цаашдаа ч гэсэн ном хурдан унших аргыг бас эзэмшиж хэрэгжүүлж суръя гэсэн бодолтой байгаа. Дэлхийн рекорд минутад 25 мянган үг уншсан байдаг гэсэн. Номыг хурдан уншиж сурахын тулд үг, үгээр нь бус блок, блокоор нь шууд хараад утгыг нь ойлгодог чадвар хэрэгтэй гэж багш маань хэлж байсан юм байна.

-Хичээлийнхээ хажуугаар оюуны спортоор хичээллэж энэ өндөр амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр, тэвчээртэй байдал, уйгагүй бэлтгэл сургуулилт их шаардсан байх. Хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Тийм. Бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл, тэвчээртэй байдал маш чухал. Биеийн ачаалал биш оюуны ачаалал болохоор маш их ядардаг. Заримдаа тэмцээний үеэр ядраад унтчих тохиолдол гардаг. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн дээр ч гэсэн нэг төрөл дээрээ эхний хэдэн минутад нь унтчихсан байсан. Тиймээс их ядардаг болохоор тэр хэрээрээ тэвчээртэй байдал, уйгагүй хөдөлмөр шаарддаг. 

Хичээлийнхээ хажуугаар үргэлж л бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Одоо ч гэсэн Дэлхийн шилдэг 16 тамирчны дунд болдог ОУ-ын томоохон тэмцээнд оролцох гээд бэлтгэл хийж байна. 

-Дэлхийн шилдэг 16 тамирчны дунд зохиогддог ОУ-ын ой тогтоолтын тэмцээнд орох гэж байгаа гэсэн үү?

-Тийм. Гэхдээ энэ тэмцээнд орохын тулд эхний шатны шалгаруулалтаар нь дэлхийн шилдэг 16-д багтах ёстой байдаг. Өнгөрсөн жилийн хувьд  Монголоос 4 тамирчин ой тогтоолтоор дэлхийн шилдэг 16-д багтсан. Миний хувьд өнгөрсөн жил  дэлхий шилдэг 16-д орсон тамирчнаас 0,70 хэдэн оноогоор дутаад 17-д орсон. Тухайн үед их харамсалтай санагдаж байсан. Тиймээс энэ жил дэлхийн шилдэг 16-д багтахаар хичээж, бэлтгэл хийж байна. Тэмцээний эхний шалгаруулалтад тэнцчих юм бол шилдэг 16-тайгаа өрсөлддөг. Тэр өрсөлдөөн бол үнэхээр хүнд, их анхаарал шаардсан шалгаруулалт болдог гэсэн. Дуу хязгаарлах чихэвчгүй, хажуугаас нь төрөл бүрийн дуу авиа гаргана, бэлдээгүй төрөл нэмж оруулна гээд л. 

Бас 2016 онд 4 жилд нэг удаа болдог Оюуны олимпд оролцоно. Оюуны олимпд насны ангилал гэж байдаггүй болохоор том  хүмүүстэй, оюуны спортыг мэргэжил болгочихсон хүмүүстэй өрсөлдөнөх болохоор маш их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. 

-Гадаадын тэмцээн уралдаанд оролцохоор явахад зардлаа хувиасаа гаргах уу, сургуулиас нь гаргах уу?

Жилд хэд хэдэн удаа гадаадын тэмцээнүүдэд оролцоход зардал маш их гардаг. Зардлаа бид хувиасаа гаргаж явдаг. Тийм болохоор их хүндрэлтэй. Толгой сайтай мөртлөө мөнгөний боломжгүйгээс болоод тэмцээнд оролцож чадахгүй байгаа хүүхдүүд бас байдаг. Гадаадын орнууд бол тухайн тамирчнаа бэлтгээд, цалинжуулаад, бүх зардлыг нь төрөөс гаргаж өгдөг юм билээ.  

-Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болох вэ. Ирээдүйн зорилго, мөрөөдөл нь юу вэ?

Би хуульч мэргэжилтэй болно. Дараа жил сургуулиа төгсөх болохоор бэлтгэлээсээ жаахан завсарлага аваад хичээлдээ анхаарал хандуулна гэсэн бодол байгаа. Хувь хүн талаасаа шударга, үнэнч, хүнэлэг хүн болно гэж боддог.  Эмээ өвөө, багш нар маань ч үргэлж ингэж сургаж, зааж хэлдэг. Шударга зан бол хүнд хамгийн чухал, өөрт нь тустай зүйл юм шиг санагддаг. Бид нар тэмцээний бэлтгэлээ хийгээд багшдаа шалгуулж байх үед хүүхдүүд биенээсээ хуулах, багшийг хуурах тохиолдлууд их харагддаг. Тэгээд дараа нь тэмцээн дээр бодит байдал нь ил болдог. 

-Үе тэнгийн найзууд, багш, аав, ээждээ хандаад юу гэж хэлэх вэ?

Би дуртай зүйлээ олсон болохоор амжилтад хүрсэн гэж хувьдаа боддог. Зарим үед хичээлээ таслаад бэлтгэл хийх үе ч гарна. Тэгээд аав, ээж, багш нартаа загнуулна. Тэгсэн ч гэсэн би дуртай байсан болохоор шантраагүй, хэцүү санагдаагүй. Найзууд маань ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг заавал олоорой. Тэгвэл илүү том амжилтад хүрнэ гэж хэлмээр байна. Мөн намайг өсгөж хүмүүжүүлсэн өвөө, эмээ, аав, ээждээ, олон зүйлийг зааж сургасан Оюун ухааны академийн багш н.Баасандорж, захирал Х.Хатанбаатар, мөн сургуулийнхаа багш нарт баярлалаа гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа. 


  1. 182.160.1.* Amraa 2016-10-11 17:29
    mongoliin neg baharal duu dee amjilt bayrlalaa.
  2. 103.9.90.* Зочин 2016-03-16 08:45
    Баярлалаа урам авлаа үнэхээр мундаг юмаа. Сүүлийн үг их таалагдлаа дуртай зүйлдээ хүн ямарч үед хүчтэй байж чаддаг сайхан нмйтлэл байна.
  3. 122.201.24.* Зочин 2016-01-30 19:41
    mundag yumoo.
  4. 202.21.109.* Зочин 2016-01-29 19:08
    saihan geegtei niitlel bna. amjilt husy. tnx
  5. 103.26.193.* eej 2016-01-27 17:40
    uneheer mundag huu bna ulam ih amjilt husiye mongolchuud gaihamshigtai
  6. 58.229.219.* Зочин 2016-01-26 19:06
    Mundag hvv bna