Марк Тассэ 'Ирээдүй, сайн сайхныг билэгддэг Монголын Цагаан сар Азид хамгийн өвөрмөц'

Bolor Rose
2016-02-05 10:28

Ширүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр, Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний давхар баяр, Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр,Шинийн нэгний өглөө гэр бүлээрээ уулзах дөрөвдөх баяр болсон Монгол үндэстний цагаан сарын баяр удахгүй тохиох гэж байгаа билээ. Тиймээс та бүхэндээ АНУ-ын хэд хэдэн томоохон их сургуульд Монгол судлалын хүрээлэнг байгуулж, түүгээр ч зогсохгүй гадаадын зарим их сургуулиудад Монгол хэл заалгаж Монгол ёс заншил, соёл уламжлалыг дэлхийд таниулан, сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Америкийн Монгол судлалын төвийн захирал Марк Тассэг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж оролцууллаа. Түүнчлэн тэрээр тун удахгүй Америкийн Монгол судлалын төвөөс Харвардын их сургуульд Монгол судлалын хүрээлэнг байгуулахаар болжээ.  

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Удахгүй Монголчуудын соёл уламжлал, ёс заншлыг хадгалсан хамгийн том баяр болох цагаан сар болох гэж байна. Америкийн Монгол судлалын төв цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Баярлалаа. Манай Америкийн Монгол судлалын төв Монгол улсын түүх соёл, ёс заншил уламжлалыг дэлхийн улсуудад таниулах, сурталчлах, дэмжин ажиллах зорилгоор 2012 оноос үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ зорилгынхоо хүрээнд гадаадаас ирсэн судлаачдад Монгол улсын түүх соёлыг таниулсан сургалт, лекц, семинарыг зохион байгуулж судалгаанд нь хувь нэмэр оруулдаг бол, Монгол судлаач, оюутнуудыг гадаадын орнуудад суралцуулан, судалгаа хийлгэж дэлхийн төвшинд өөрсдийгөө хөгжүүлэх, таниулах боломжийг олгодог байгаа.  Удахгүй цагаан сар болох гэж байгаа учраас манай төвөөс ‘Цагаан сарын нууцууд’ нэртэй арга хэмжээг Монголд ажиллаж амьдардаг, судалгаа хийдэг гадаад хүмүүсийн дунд зохион байгуулсан.  Монголд амьдардаг гадаад хүмүүс Монгол цагаан сарын талаар тэр бүр нарийн сайн ойлголтгүй байдаг болохоор Монголчууд энэ баярыг  хэрхэн тэмдэглэдэг, ямар уламжлалтай, биенийхээ амар мэндийг асууж, хөөрөглөж золгодог нь ямар утга учиртай талаар энэхүү сургалтыг зохион байгуулсан. Сургалтынхаа үеэр бууз жигнэж, мөн тавгийн идээ хүртэл зассан байгаа.  Яг цагаан сарын баярын үеэр бол Монголд байгаа гадаадуудын зарим нь амралтад гардаг бол, олон жил Монголд амьдарсан зарим гадаад иргэд  танидаг, найз нөхөд болсон Монгол айлдаа золгууд хийж, шинэлдэг.  

-Таны хувьд Монгол цагаан сарын баярыг юу гэж ойлгодог вэ. Ямар ёс заншилтай баяр гэж хардаг вэ?

-АНУ-д бол жилд нэг удаа гэр бүлээрээ цугларч 'Талархлын баяр'-ыг тэмдэглэдэг. Удаан уулзаагүй гэр бүлийнхэн, ах дүү төрөл төрөгсөд энэ баяраар уулзаж, хамтдаа баярладаг байгаа. Миний бодлоор Монгол цагаан сар АНУ-ын 'Талархлын баяр'-тай төстэй санагддаг.  Зан заншил, уламжлалын хувьд өөр ч гэсэн гэр бүлийн баяр гэдгээрээ, удаан уулзаагүй ах дүүс цугладаг болохоор ойролцоо санагддаг.  Тиймээс Монгол цагаан сарыг гэр бүлийн баярын өдөр гэж хувьдаа боддог. Монгол цагаан сар гэр бүлийн баяр болохоор ёс заншил, соёл уламжлалыг нь судлахад бас их хэцүү байдаг. Тиймээс Монголд ирсэн гадаад хүмүүс цагаан сарын ёс заншил, уламжлалын талаар ойлголт дутмаг байдаг. Учир нь Цагаан сараар бууз идээд л, ах дүү хамаатан, ахмад настнууддаа золгууд хийж, зочлох тэр дунд гадаад хүмүүс  багтаж, хамтдаа баярлаж чаддаггүй болохоор зан заншил уламжлалыг нь сайн мэдэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл,

зочин хүн гэр бүлийн нууцыг мэдэх боломжгүй байдагтай адил Монгол цагаан сарын зан заншил, уламжлалыг гадаад хүмүүс мэдэхэд их хэцүү. Тиймээс бид Монгол гэр бүлийн дунд хамтдаа цагаан сарын баярыг тэмдэглэхийг маш их хүсдэг.

-Танай төвөөс АНУ-ын нэлээд хэдэн их сургуульд Монгол судлалын хүрээлэн байгуулсан талаар сонссон. Тэр төвүүд яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Америкийн Монгол судлалын төвөөс 2 жилийн өмнө Пенсилванийн их сургуульд Монгол судлалын төвийг байгуулсан. Мөн түүнээс хойш Индианагийн их сургууль, Беркелийн их сургууль ,Баруун Вашингтоны их сургуулиудад Монгол судлалын төвийг байгуулсан байгаа.

Удахгүй Харвардын их сургуульд Монгол судлалын хүрээлэнг байгуулахаар ажиллаж байна. Энэ Монгол судлалын төвүүд маань Монгол соёл, ёс заншлыг гадны улсуудад таниулах зорилгоор лекц, семинар, сургалтуудыг зохион байгуулдаг байгаа. Мөн тус сургуулиудын Монгол судлалын төвүүдээр 6 сарын хугацаатай музейн үзмэрээр үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнгээрээ Чингис хааны үеийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн олдворууд, Монгол ёс заншлыг харуулсан үзмэрүүдийг тавьж Монгол судлалын төвүүдээс соёлын тайлбаруудыг хийж, сурталчилдаг.

-Гадаадад байгаа Монгол судлалын төвүүд цагаан сарын баярыг тэмдэглэх үү?

-Гадаад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол судлалын төвүүд цагаан сарын баярыг маш өвөрмөц сонирхолтойгоор тэмдэглэдэг. Тэмдэглэхдээ аль нэг амралтын өдрийг сонгоод цагаан сараар наадам зохиодог. Цагаан сарын баярыг тэмдэглэж байгаа тэр наадамд АНУ-д амьдарч байгаа Монголчууд, Монгол судлалын төвийн гадаад, Монгол судлаачид оролцон маш өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ наадмыг АНУ-ын жирийн иргэд тэр дундаа судлаач, эрдэмтэд маш ихээр сонирхож оролцдог байгаа.

-АНУ-ын Монгол судлалын төвүүдэд Монгол эрдэмтэн, судлаачид хэр олон ажилладаг вэ. Беркелийн их сургуульд л гэхэд энэ жилээс Монгол хэл зааж эхэлсэн шүү дээ. Багш нь Монгол эрдэмтэн үү?

-АНУ-ын их сургуулиудад үйл ажиллагаа явуулж байгаа манай Монгол судлалын төвүүдэд Монгол эрдэмтэн, судлаачид маш олон бий. ИхэвчлэнМонгол хэлийг гадаад оюутнуудад Монгол багш, судлаач заадаг.

-Беркелийн их сургуулиас гадна өөр сургуульд Монгол хэл заадаг юм уу?

-Беркелийн их сургуульд энэ жилээс Монгол хэл зааж эхэлсэн, Баруун Вашингтоны их сургуульд энэ улирлаас Монгол хэл зааж эхэлнэ, мөнПенсилванийн их сургууль ирэх жилээс Монгол хэлийг зааж эхлэхээр төлөвлөсөн байгаа.

-Гадаад хүмүүс Монгол хэлийг сурахад маш хэцүү гэж ярьдаг. Таны бодлоор? 

-Монгол хэл бол маш өвөрмөц хэл байгаа. Монгол хэл  дэлхий дээрх бүх хэлний авиа дуудлагыг өөртөө агуулсан байдаг. Тиймээс Монголчууд гадаад хэлийг сурахад маш амархан, хурдан сурдаг, харин гадаад хүмүүсийн хувь шинээр өөр дуудлага, өөр хэллэгийг сурах хэрэгтэй байдаг болохоор их хэцүү.   

-Монголд ирээд нэлээд хэдэн жил болсон, дээрээс нь Монгол ёс заншил, соёл, уламжлалыг гадны орнуудад таниулах ажлыг хийдэг таны байр сууринаас Монголчуудыг үндэстэн, сэтгэлгээ талаас нь юу гэж харж дүгнэдэг вэ. Ямар ард түмэн гэж боддог вэ?

- Би сүүлийн 20-иод жил Ази номхон далайн орнуудад ажиллаж амьдарч байна. Монголд ирээд 3 жил орчим болж байна.

Өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн гаднын улсуудаас Монгол улс хамгийн сонирхолтой, өвөрмөц соёл, сэтгэлгээтэй ард түмэн шиг санагддаг.

Монголчууд Ази гэхээр Ази сэтгэлгээтэй биш, Европ гэхээр Европ сэтгэлгээтэй биш холимог, өвөрмөц соёл, сэтгэлгээтэй ард түмэн.

Мөн Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд өнөөг хүртэл Монгол хүн гэдэг мөн чанараа  хэдэн зуун жилийн турш хадгалсаар ирсэн тэр нууц нь их сонирхолтой санагддаг.

-Ази, Европ сэтгэлгээ хосолсон болохоор их өвөрмөц онцлогтой ард түмэн гэж байна л даа. Тухайлбал, та энгийн жишээгээр тайлбарлаж өгвөл илүү ойлгомжтой болох байх?

- Монголчууд Ази талаас нь харах юм бол Хятад, Япон, Солонгос шиг баригдмал, хаалттай сэтгэлгээтэй биш, бие даасан чөлөөтэй ард түмэн. Ямар нэг соёлд дасан зохицоход удаан хугацаа  зарцуулдаггүй. Тиймээс Америк хүмүүс Монголчуудтай харьцахад илүү амархан байдаг гэж ярьдаг. Энэ нь Монгол улсын цаашдын хөгжилд  нэг талаараа чухал нөлөө үзүүлэх юм болов уу гэж хардаг.  Европ талаас нь харах юм бол Монголчууд чөлөөтэй сэтгэлгээтэй ч, Европчуудаас илүү Монголчууд маш гэр бүлсэг орон. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр, Монгол хүмүүс  Европ, Ази хүмүүсээс хамгийн сайн төрх, сэтгэлгээ, зан чанарыг нь өөртөө шингээсэн ард түмэн.

- Танай төвөөс гадаадын судлаачдад Монгол улсыг таньж мэдэхэд нь тусалж дэмждэг гэж байсан. Гаднын судлаачид Монголд ихэвчлэн ямар чиглэлээр судалгаа хийх сонирхолтой байдаг вэ? 

Дээхнэ үед гаднын судлаачид түүх,  археологи, антропологи талаас нь ихэвчлэн судлахаар ирдэг байсан. Сүүлийн үед бол байгаль орчин, эрүүл мэнд талаас нь маш их судалж байна. 

- Цагаан сарыг Азийн зарим орнуудад бас тэмдэглэдэг шүү дээ. Монгол цагаан сарын онцлог, ялгааг та хувьдаа юу гэж хардаг вэ?

-Солонгос, Япон, Хятадад бол цагаан сарыг тэмдэглэхдээ нас барсан өвөг дээдсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг бол Монгол цагаан сараар Монголчууд одоо байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, амьд сэрүүн байгаа аав, ээждээ золгож ирээдүйд болох зүйлийнхээ сайн сайхныг билэгддэг нь их сайхан санагддаг. нэг үгээр хэлбэл, бусад улсад цагаан сарыг дурсан санах баяр болгож хийдэг бол, Монгол цагаан сарыг ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж аз жаргалтайгаар хийдэг. 

-20-иод жил Ази, Номхон далайн орнуудад амьдарсан таны хувьд улс орнуудын хөгжлийн гарцыг юу гэж хардаг вэ. Нэг үгээр хэлбэл, таны нүдээр Монгол улсын хөгжлийн гарцыг юу гэж хардаг, боддог вэ?

Хувьдаа бодохдоо Монголчууд яг одоо хөгжиж болох хамгийн боломжтой нөхцөл байдалд байгаа гэдгээ мэдрэх, түүнийгээ сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Байгалийн баялаг сайтай, хүн ам цөөхөн, асар уудам газар нутагтай гэдгээ мэдэрч, түүнийгээ маш сайн ашиглаж, хөгжлийн гарцаа тодорхойлох хэрэгтэй. Тэглээ гээд Орос, Хятад гээд маш том зах зээлтэй, хүн ам ихтэй орнуудын хөгжлийн түүхээс суралцаж хөгжинө гэвэл бас тийм сайн үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр Монгол улстай ижил төстэй Нидерланд, Швейцар зэрэг улсуудын хөгжлийн туршлагаас суралцаж, хөгжлийн гарцаа тодорхойлох нь зүйтэй болов уу.  Мөн эдийн засгийн хувьд Монголчууд уул уурхайгаас олсон мөнгөө Хөдөө аж ахуй  ч юм уу өөр нэг салбартаа хөрвүүлэн ашиглавал илүү үр дүнд хүрсэн зөв шийдэл болох байх даа.

- Монгол улсын маань түүх соёл, ёс заншлыг гаднын улсуудад таниулан сурталчилж яваа танд нийт Монголчуудынхаа өмнөө талархсанаа илэрхийлмээр байна.  Ярилцсанд баярлалаа. 

- Баярлалаа. Миний хувьд өвөрмөц соёл сэтгэлгээтэй, түүх соёлын асар баялаг нууцтай Монгол улсад ажиллаж амьдарч байгаадаа их аз жаргалтай байдаг. Монголчууд та бүхэн гэр бүлээрээ цагаан сарын баяраа сайхан тэмдэглээрэй. Мөн гадаад хүмүүсийг гэр бүлийн аз жаргалаар дүүрсэн тэр сайхан цагаан баяртаа урьж, соёл уламжлалын олон ёс заншлаасаа мэдүүлж, сургаасай гэж хүсэж байна.

 

 

 


  1. 103.229.122.* Зочин 2016-02-10 17:06
    ih zow bodoltoi huu baina.
  2. 202.9.40.* Зочин 2016-02-06 14:50
    Bayarlalaa. Mongoliin maani soyoliig unelj, tugeej yavdagt.