ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Зүрхний эсийн үхлийг зогсоодог эм боловсруулсан судлаач А.Дөлгөөнтэй ярилцсан нь

Bolor Rose
2016-02-25 04:10

 Дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг эрэмблээд үзэх юм бол хамгийн нэгдүгээрт зүрх судасны өвчлөл жагсдаг бөгөөд  АНУ-д  жилд ойролцоогоор 1 сая хүн зүрхний шигдээс болж  34 секундэд 1 хүн зүрхний шигдээсээр өвчилдөг гэсэн статистик байдаг байна. Гэтэл одоогоор зүрхний шигдээс өвчнийг эмчлэхэд титэм судасны бөглөрөлийг гаргадаг мэс ажилбараас өөр эмчилгээ байдаггүй аж.  Мэс ажилбарын энэ арга нь үр дүнтэй ч зарим тохиолдолд зүрхний эсийн үхлийг зогсоож чаддаггүй юм байна. Тиймээс зүрхний эсийн үхлийг зогсоож, хамгаалах үйлчилгээтэй эм гаргаж авахаар нэгэн Монгол бүсгүй судалгааныхаа туршилтыг хийж байгаа бөгөөд эхний шатны туршилтаараа үр дүнд хүрч зүрхний эсийн үхлийг зогсоодог үйлчилгээтэй туршилтын эмийг боловсруулан гаргажээ. Тэрээр АНУ-ын Нью-Иорк хотод Альберт Эйнштейний нэрэмжит Анагаахын Их сургуульд сурдаг ажээ. Тиймээс бид ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цувралаараа энэ удаад Анагаахын шинжлэх ухаанд нэгэн шинэ нээлтийг хийхээр зэхэж буй Монгол бүсгүй А.Дөлгөөнтэй онлайнаар холбогдож хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

 

-Сайн байна уу. Цаг заваа гарган ярилцлагын маань урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Дөлгөөн гэдэг. АНУ-ын Нью-Иорк хотод Альберт Эйнштейний нэрэмжит Анагаахын Их сургуульд Био-Анагаахын чиглэлээр докторын зэрэг хамгаалах гээд сурч байна. Өмнө нь Токиогийн их сургуульд 2008-2012 онд биохимийн мэргэжлээр бакалавр төгссөн. Монголд Hobby, International School оf Ulaanbaatar дунд сургуулиудад сурч байсан.   

- Судлаач, шинжлэх ухааны хүн болох нь таны бага насны мөрөөдөл байв уу. Мэдээж өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд нэлээдгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зарцуулсан байх. Гэхдээ үүний цаана ямар нэг зорилго байсан байх л даа?

- Манай эмээ химийн багш хүн байсан. 7 хүүхэдтэй тэднийгээ боловсролтой болгоно гээд бүгдийг нь сургуульд сургасан. Их хичээл зүтгэлтэй хөдөлмөрч хүн байдаг юм. Ер нь эмээ маань л надад шинжлэх ухааны үнэ цэнийг мэдрүүлж энэ замаар явахад нөлөөлсөн дөө. Миний эмээ насаараа химийн багш хийсэн болохоор их олон мундаг шавь нартай. Ажилдаа ч чадварлаг, амьдралдаа ч хичээл зүтгэлтэй, тууштай эмэгтэй. Эмээгийнхээ амьдралаас юуг олж харсан гэхээр, аливаа зүйлийг тууштай хийх юм бол, ямар нэг зорилго өвөртлөөд түүнийхээ төлөө эцсээ хүртэл хичээх юм бол ямар ч хүн амжилтад хүрч болдгийг харсан. Мөн өөрийн сонгосон мэргэжилдээ, салбартаа хамгийн шилдэг нь болох ёстойг багадаа эмээгийнхээ амьдралаас ухаарсан.

-Био-анагаахын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байгаа гэсэн. Ямар сэдвээр судалгаа хийж байна?

-Биологийн шинжлэх ухаан гэдэгт микробиологи, дархлал судлал, генетик судлал гэхчлэн  маш олон салбар судлагдахуун байдаг. Миний хувьд эс болон молекул биологийн чиглэлээр судалгаагаа хийж байгаа. Судалгаа маань “Зүрхний шигдээснээс үүсэх зүрхний эмгэгийг бууруулах эм боловсруулах” гэсэн сэдэвтэй байгаа. Нэг үгээр хэлбэл, зүрхний шигдээс өвчнийг эмчлэх эм гаргаж авахаар судалгаа хийж байна гэж ойлгож болно. Зүрх судасны өвчин бол дэлхий даяар олон эрдэмтэн судлаач, эмч нарын анхаарлыг татсан судлагдахуун болоод байгаа. Учир нь

дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг эрэмблээд үзэх юм бол хамгийн нэгдүгээрт зүрх судасны өвчлөл жагссан байдаг. Монголд бас адилхан. АНУ-д гэхэд жилд ойролцоогоор 1 сая хүн зүрхний шигдээс болдог, өөрөөр хэлбэл 34 секундэд 1 хүн зүрхний шигдээсээр өвчилдөг гэсэн статистик бий.

Тиймээс би зүрхний шигдээсийг эмчлэх эм гаргаж авахаар энэхүү судалгаагаа эхлүүлсэн. 

- Судалгааны явц хэрхэн өрнөж байна. Одоогоор ямар нэгэн үр дүнд хүрсэн үү?

-Эм гаргана гэдэг нь амаргүй зүйл. Наад тал нь 10,20 жилийн тасралтгүй судалгаа, эрэл хайгуул, хөдөлмөр хэрэгтэй болдог. Миний хувьд энэ судалгаагаа эхлээд 2,3 жил л болж байна. Тэгэхээр судалгаа маань дөнгөж эхний шатандаа явж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ судалгаа маань эхний шатандаа тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Судалгааныхаа үр дүнгээ ярихын тулд зүрхний шигдээс өвчний талаар эхлээд ярих хэрэгтэй болов уу.

Зүрхний гол үүрэг бол цусыг эргэлтэд оруулж, бусад эрхтнүүдийг цусан хангамжаар хангах юм. Өөрөөр хэлбэл, зүрх амин дэмтэй эрдэс бодисыг цусаар дамжуулан бусад эрхтнүүдийг тэтгэж байдаг. Үүнээс гадна, зүрх нь өөрөө өөрийгөө мөн цусаар тэжээж байдаг ба энэ чухал үүргийг зүрхний ханан дээр байдаг титэм судаснууд гүйцэтгэдэг. Гэтэл зүрхний шигдээс өвчний үед юу болдог гэхээр тэр титэм судаснууд бөглөрч зүрхэнд хэрэгтэй амин дэм, эрдэc бодисууд нь очихгүй болчихдог. Тэр үед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүйгээс үүдэн зүрхний эсүүд үхэж эхэлдэг. Яг энэ процесыг зүрхний шигдээс гэж нэрлэдэг.

Ер нь  зүрхний шигдээс өвчнийг зүрхний эсийн үхэл ч гэж нэрлэж болно.

Одоо үед зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бол титэм судасны бөглөрөлийг гаргадаг мэс ажилбар байгаа. Энэ нь орчин үед хамгийн сайн эмчилгээ болж байгаа ч ихэнх тохиолдолд титэм судасны бөглөрөлийг гаргасан ч зүрхний эсүүд бас үхээд байдаг. Тиймээс миний гаргаж авах эм бол зүрхний эсийн үхлийг удаашруулах, зогсоох үүрэгтэй байх юм. Тэгэхээр ийм эм гаргаж авахын тулд зүрхний  эсийн үхлийг молекул төвшинд нь судлах хэрэгтэй болно.  Эс үхэх үед ямар процесс бий болдог, генийн төвшинд ямар өөрчлөлт гардаг, юу нөлөөлж байна гэдгийг судалж байна. Судалгааны үр дүн гэх юм бол одоогоор зүрхний эсийн үхлийн программыг нь зогсоодог эм боловсруулсан байгаа. Энэ эмээ хүний зүрхний эсүүд дээр туршиж үзсэн.  Гэтэл зүрхний эсийн үхлийг тэр чигт зогсоосон үр дүн гарсан байгаа. Тиймээс удахгүй дараагийн шатны судалгааруугаа орохоор төлөвлөж байна.

-Зүрхний өвчний үед хэрэглэдэг олон төрлийн эм байдаг шүү дээ. Таны гаргаж авах эм одоо байгаа зүрхний эмүүдээс ямар үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог, давуу талтай байх вэ?

- Бидний одоогийн хэрэглэж байгаа зүрхний эмүүд титэм судас өргөсгөх, зүрхний ажиллагааг хэвийн байлгах, цусны эргэлтийг сайжруулах гэхчлэн янз бүрийн үйлчилгээтэй  байгаа. Харин зүрхний шигдээс өвчний үед, зүрхний эсийн үхлийг саатуулахад уудаг эм бол байдаггүй.  Тиймээс би энэ эмийг гаргаж авахаар ажиллаж байна. Зүрхний эсийн үхлийг  удаашруулдаг ба зогсоодог үйлчилгээтэй энэ эмээ гаргаад авчих юм бол хүний эрүүл мэнд болон шинжлэх ухаанд нэгэн дэвшилт болно гэж найдаж байна.

-Зүрхний эсийн үхэл титэм судас бөглөрөхөөс өөр шалтгаанаар бий болж байна гэсэн. Судалгааны явцад энэ талаар ямар зүйл олж мэдсэн бэ?

-Эрдэмтэд 1980-аад оноос эсийн үхлийн талаар судалж энэ салбар хөгжиж эхэлсэн. Энэ үеэс эсийн үхэл тодорхой хэдэн молекул, генийн оролцоотойгоор, программ үүсгээд эс өөрөө өөрийгөө үхүүлдэг гэдгийг тогтоосон. Түүнийг нь эсийн амиа хорлолт ч гэж бас хэлдэг. Сонирхолтой жишээ гэвэл,

бидний хуруу анхнаасаа ийм салангид байдаггүй. Эхийн хэвлийд 6-8 долоо хоногтой байхдаа хоорондоо салдаг. Цаг нь болонгуут хурууны хооронд байгаа тэр эсүүд нь өөрөө өөрсдийгөө үхүүлдэг. Тэгээд хуруунууд хоорондоо салдаг.

Тэгэхээр эсийн үхэл нь хүний биед явагддаг тодорхой процесс бөгөөд эс нь хэт их үхэх юм бол, эсрэгээрээ хэт их амьдрах юм бол хүний биед сөргөөр нөлөөлдөг.

Жишээ нь, үхлийн эс хэт их амьдраад байх юм бол хорт хавдар үүсгэнэ, хэт их үхээд байх юм бол зүрхний шигдээс, харвалт зэрэг өвчнүүдийг бий болгодог юм. Нэг үгээр хэлбэл, эсийн үхлийн программын тэнцвэртэй байдал бидний өвчнийг тодорхойлж байдаг. Тэгэхээр миний боловсруулж байгаа эм бол эсийн үхлийг зогсоох, эсийг хамгаалах үүрэгтэй юм.  

-Зүрхний ханан дээр байдаг титэм судас нарийсч, бөглөрөл үүсэхээр зүрхний шигдээс болдог гэсэн. Титэм судасны бөглөрөл, нарийсал юунаас шалтгаалдаг юм бол?

-Титэм судасны нарийсал, бөглөрөл нь ихэвчлэн буруу хооллолт тэр дундаа өөх тостой хоол их хэрэглэснээс үүсдэг. Мөн архи, тамхи хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг.

 

Ямар ч хорт хавдрын тулгуур эсийг нь олоод устгачих юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой

-Таны cv дээр зүрхний шигдээс өвчний эм боловсруулах судалгаанаас гадна нэлээд хэдэн судалгааны тоймын танилцуулга байсан. Өмнө нь хийж байсан зарим сонирхолтой судалгааныхаа талаар ярьж өгөөч?

-Японд Токиогийн их сургуульд сурч байхдаа хүний биологийн цаг хүний ой санамжид хэрхэн нөлөөлдөг талаар судалж байсан. Энгийнээр тайлбарлах юм бол хүний ой санамж ямар цагт хамгийн сайн ажилладаг, юмыг илүү сайн тогтоодог талаар судалж үзсэн. Оюутнуудад их тохиолддог шүү дээ. Шөнөжингөө унталгүй хичээлээ хийх үү, эсвэл өглөө эрт босож хичээлээ хийх үү. Аль нь илүү үр дүнтэй арга вэ. Энэ талаар судалсан. Нөгөө нэг судалгаа нь Нью-Иоркд ирээд нэг багштай хөхний хорт хавдрын талаар судалгаа хийсэн. Тэр багш маань хөхний хорт хавдрын тулгуур эсийг нээсэн хүн байсан болохоор богино хугацаанд хамтарсан ч нэлээд сонирхолтой, үр дүнтэй судалгаанд оролцсон.

-Их сонирхолтой судалгаанууд байна л даа. Орой сууж хичээлээ хийх, эсрэгээрээ өглөө эрт босч хичээлээ давтахын аль нь илүү үр дүнтэйг судалгаагаараа олж мэдсэн үү?

-Тийм. Хүний тархи шөнө, тухайн хүнийг унтаж байх үед нэлээд идэвхитэй ажилладаг. Юу гэхээр тархи урд өдөр нь болсон үйл явдлуудаа шөнө илүү бат бөх болгож мэдээллүүдээ бэхжүүлж байдаг. Тэр хэрээрээ тархи мэдээллийг шөнө хамгийн сайн бэх суулгаж, тогтоож байдаг. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр хичээл хийснийхээ дараа маш сайн унтах юм бол түүнийгээ илүү сайн тогтооно гэж ойлгож болно.

-Тархи өдрийнхөө бүх үйл явдлыг шөнө цэгцэлж, тархины эсүүд нь агшиж сунан ажиллаж байдаг гэж байна. Бидний зүүд ихэвчлэн болсон явдлууд холилдчихсон байдаг шүү дээ. Зүүдийг үүнтэй холбож тайлбарлаж болох уу?

-Зарим хүмүүс тархины эсийн холболтууд үүсч, шөнө мэдээллээ цэгцэлж байх явцдаа ажиглагддаг үзэгдлийг зүүд гэж ярьдаг.  Тухайлбал, би өдөр нь найзтайгаа юм ярьж байсан бол түүнийг нь тархи шөнө цэгцэлж боловсруулахдаа өөр нэг таксины жолоочтой уулзаж байсан үйл явдалтай аваачаад холбочихдог тэгээд тэр нь бидэнд утгагүй зүүд юм шиг мэдрэгддэг гэх таамаглалууд бас байдаг.

- Хамт судалгаа хийж байсан багш нь хөхний хорт хавдрын тулгуур эсийг нээсэн гэсэн үү.  Тэр тулгуур эсийг нь авчихвал хорт хавдаргүй болж, хорт хавдрыг эмчлэх боломжтой болох уу?

-Хорт хавдрын тулгуур эс гэдэг бол дэлхий нийтээр маш олон эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татаж байгаа сэдэв. Зарим хорт хавдар тулгуур эстэй байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр цусны хорт хавдрын тулгуур эсийг эрдэмтэд нээсэн байгаа. Манай багшийн хувьд хөхний хорт хавдрын тулгуур эсийг нээсэн.

Тулгуур эс гэдэг нь хязгааргүйгээр хуваагдаж үржихээс гадна өөр шинэ төрлийн эсийг бий болгодог тийм эс.

Ураг тогтоход нэг төрлийн тулгуур эс байдагтай адил хорт хавдрыг бий болгодог нэг төрлийн тулгуур эс байдаг. Орчин үед бид хорт хавдрыг яагаад эмчилж, устгаж чадахгүй байна гэхээр эм, тарианы аргаар 99 хувийг нь арилгасан ч үлдсэн 1 хувь дотор тулгуур эс нь үлдчихдэг. Тийм болохоор тэр тулгуур эснээс үүдээд хэдэн жилийн дараа хорт хавдарын эсүүд дахиад хүний биед тархдаг. Xорт хавдрын тулгуур эсийг нь олоод устгачих юм бол хорт хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой.

Шинэ нээлтийг хэн нэгэн хэзээ нэг өдөр хийнэ. Гэхдээ хэн хамгийн түрүүлж хийх вэ гэдэг нь хамгийн чухал

-Таны хувьд олон сонирхолтой судалгаа хийж Япон, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллахдаа мэдээж олон зүйлийг суралцдаг байх. Ер нь судалгаа, шинжилгээ хийхэд хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

Судлаач хүний хувьд хамгийн чухал чадвар бол тууштай байдал. Судалгаа, шинжилгээ хийнэ гэдэг бол маш хэцүү олон сар жилийн хөдөлмөр зарцуулна, дээрээс нь сайн үр дүнд хүрэхгүй тохиолдол ч олон бий. Тэр бүгдэд сэтгэлийн хаттай байж, эцсээ хүртэл тууштай байх л хамгийн чухал байх гэж боддог.

-Одоо сурч байгаа Альберт Эйнштейний их сургуульдаа яагаад суралцах болсон. Мөн сургуулийнхаа талаар жаахан танилцуулахгүй юу?

- Би Альберт Эйнштэйний их сургуульдаа ганцаараа Монгол оюутан. Энэ сургууль маань анх 1950-иад онд байгуулагдсан. Яагаад

Эйнштейний их сургууль гэсэн гэхээр Нью-Иоркын еврей хүмүүсийн сурдаг байсан их сургууль нь АУ-ын их сургуультай болж өргөжүүлэхээр шийдээд тухайн үеийн дэлхийн хамгийн алдратай еврей хүн болох Альберт Эйнштейний нэрээр нэрлэхээр болсон гэсэн. Тэгээд Альберт Эйнштейнээс таны нэрээр энэ сургуулийг нэрлэж болох уу гэж асууж байсан гэдэг. Тэр үед Альберт Эйнштейн миний нэрээр нэрлэж болно. Гэхдээ энэ сургууль зөвхөн еврей үндэстнүүдийн сурдаг сургууль биш бүх үндэстний шилдэг оюутнууд сурдаг сургууль байх ёстой гэсэн болзол тавьсан гэдэг.

Тэр үеэс хойш ОУ-ын шилдэг оюутнуудыг элсүүлдэг сургууль болсон юм билээ. Анхнаасаа нэг том их сургуулийн харъяа сургууль байсан бол одоо дангаараа тусдаа сургууль болсон байгаа. 200-аад туршилтын лабораторитой, судалгаа, шинжилгээ, шинэ нээлтээрээ АНУ-ын их сургуулиудын дунд томоохон байр суурь эзэлдэг тийм сургууль байгаа.

Миний хувьд би Японд байхдаа 4 курсийн зун АНУ-д судалгаа хийж нэг багштай хамтран ажиллаж байсан нь одоо миний энэ сурч байгаа Альберт Эйнштейний АУ-ын их сургуулийн төгсөгч байсан. Тэр багшаар дамжуулаад энэ сургуулийн талаар судалж мэдээд, өргөдлөө өгөхөөр шийдсэн. Энэ сургуульд ороход маш өндөр шалгуурыг тавьж байсан. Тэр үед өмнө нь хийж байсан судалгаанууд маань миний үнэлэмжид сайнаар нөлөөлсөн байх гэж боддог.

-Докторын зэргээ хамгаалчхаад цаашдаа ямар чиглэлээр ажиллах вэ, үргэлжлүүлээд судалгаагаа хийх үү?

-Доктороо төгсөөд АНУ-д судалгаагаа үргэлжлүүлээд хийнэ. Хүн аливаа зүйлийг хийхэд, шинийг сэтгэхэд, бусадтай өрсөлдөж тэднээс түрүүлэхэд хүрээлэн байгаа орчин их нөлөөлдөг. АНУ-д орон, орны эрдэмтдийн хийсэн судалгаа, шинэ нээлт нь намайг шинийг хийхэд, судлахад ихээхэн нөлөөлдөг. Монголд очиж ажиллана гэхээр тэр орчин нөхцөл, хүрээлэл дутагдах болов уу гэж боддог. Өрсөлдөөнтэй зах зээлд эх орныхоо нэрийг гаргаж өөрийгөө сорихыг хүсдэг. Шинэ нээлтийг бол хэн нэгэн хэзээ нэг өдөр хийнэ. Гэхдээ хэн хамгийн түрүүлж хийх вэ гэдэг нь хамгийн чухал байдаг.

-Таны хувьд өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц юунд байна гэж хувьдаа хардаг вэ. Манай улсын хувьд аль салбарт илүү хөгжих боломжтой бол?

-Дэлхийн түүхэн дэх сүүлийн хэдэн зууныг харах юм бол зуун бүр ШУ, технологийн шинэ нээлтээр тодорхойлогдсон байдаг. 19-р зуун гэхэд инженерийн зуун, 20-р зуун гэхэд хими, физикийн зуун байх жишээтэй. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд тэр чиг хандлагад тулгуурласан шинэ инноваци, технологийн нээлтийг хийж хөгжсөн байдаг. Дэлхий нийтээр 21-р зуун бол биологийн эрин зуун гэж тодорхойлогдож байна. Тиймээс Монгол улсын хувьд мөн ялгаагүй биотехнологи дээр суурилсан инновацийг бий болговол хөгжилд хүрэх нэг гарц нь юм болов уу гэж хувьдаа хардаг.  Монголд биологийн салбарт шинийг хийх, бүтээх боломж, давуу тал маш их бий. Давуу талаа ашиглаж, ирээдүйгээ харах юм бол хөгжих зам боломж олон байгаа. 

-Таны хувьд дан ганц судалгааны ажил хийхээс гадна нийгмийн идэвхи сайтай юм шиг санагдсан.  Японд сурч байхдаа Монгол улсын Япон дахь оюутны холбооны дарга байсан гэсэн үү?

- Ер нь судалгаа шинжилгээний ажил хийнэ гэдэг нэг талаараа нийгмийн идэвхтэй байж, судалгааны төвүүдтэй холбоотой байж, эрдэмтэдтэй нээлттэй харилцаатай байх хэрэгтэй байдаг. Би одоогоор АНУ-ын Эсийн Биологийн Нийгэмлэг, Зүрхний Нийгэмлэг, Нью-Иоркийн ШУ-ын Академийн гишүүн. Энэ нь надад маш олон талын ач холбогдолтой, өр өгөөжтэй. Академийн хурал, нийгэмлэгийн уулзалтаар дамжуулан эрдэмтэдтэй уулзана, шинэ судалгаа, нээлттэй танилцана, мөн сайн судалгаа хийсэн тохиолдолд тэтгэлэг хүртэл авах боломжтой байдаг. 

Мөн Японд сурч байхдаа 2 курстээ ЯМОХ-ны даргаар ажиллаж байсан. Тэр хугацаанд багаар ажиллах чадвараас эхлээд олон зүйлийг сурч мэдсэн. ЯМОХ 1996 оноос Монгол оюутнууд  хамтран байгуулсан сайн дурын байгууллага. Монгол оюутнууддаа Японд сураад амжилтад хүрсэн хүмүүсээр зөвлөгөө өгүүлэх семинар, Япон дахь Монгол цагаан сар, спортын наадам, Xаврын Баяр  гэхчлэн олон ажлыг зохион байгуулж байсан.  

Ярилцлагынхаа төгсгөлд Монгол залуустаа хандаад таны зүгээс юу гэж хэлмээр байна?

- Миний бодлоор Монгол залуус маань шинжлэх ухаанлаг байгаасай гэж хүсдэг. Гэхдээ шинжлэх ухаанлаг гэхээр шинэ нээлт хийх, шинэ зүйл бүтээ гэж хэлж байгаа биш аливаа зүйлд шинжлэх ухаанч сэтгэлгээрээр хандаж шийдвэр гаргадаг байгаасай гэж хүсэж байна. Ямар нэг зүйлд хандахдаа, шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр бус,  мухар сүсгээр биш мэдлэг дээр суурилсан шийдвэр гаргаж, үйлдэл хийгээсэй гэж бодож байна. Тийм байхын тулд Монгол залуус маань мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдлэг боловсролтой түүндээ суурилсан оновчтой шийдвэрийг гаргаж чаддаг, аливаад шинжлэх ухаанчаар хандаж чаддаг тэр хүн л ирээдүйд эх орноо хөгжүүлж, хөгжлийн бодлогын салбарт олон зөв шийдвэрийг гаргана. 

-Ярилцсанд баярлалаа


  1. 172.68.144.* Дайриймаа 2021-05-23 10:16
    Тууштай хөдөлмөрч охинд амжилт хүсье. Маш сайхан мэдээ бн.
  2. 162.158.118.* Зочин 2019-10-04 12:43
    Бахархаж байна
  3. 172.68.253.* Амгаа 2019-07-30 10:32
    Баяр хүргий сайхан мэдээ бна залуусаа урагшаа
  4. 172.68.255.* Амгаа 2019-07-30 10:32
    Баяр хүргий сайхан мэдээ бна залуусаа урагшаа
  5. 162.158.178.* Зочин 2019-07-20 08:02
    Ямар сайхан юм бэ тэрнээсээ авчраад өгөөсэй дээ над мэтийн хүмүүс хэрэглэмээр л байна шүү
  6. 162.158.178.* Зочин 2019-07-17 20:38
    Bayr xurgie saixan medee bna
  7. 172.68.253.* Зочин 2019-07-15 14:44
    Unshihad saihan b.na iim zaluus olon baigaasai
  8. 162.158.6.* Nanjidiin Baasantseren. 2019-07-11 19:48
    Uneheer mundag, chadaltai, zorilgotoi, tolgoi saitai busgui bna. Amjilt husey. Mongoloos anh udaa anagaahiin shinjleh uhaanii salbaraar Nobeliin shagnaltan turuh boltugai.
  9. 172.69.252.* Энх-Амгалан 2019-07-09 06:31
    Дэлхий нийтийг алмайруулах агуу үйлсэд нь амжилт хүсэе.
  10. 172.69.252.* Зочин 2019-07-08 15:36
    Мундаг дайчин охиндоо эхэлсэн сайхан ажилд нь амжилт хүсэн Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж шинжлэх ухааны оргилд хүрээрэй
  11. 172.69.252.* Batbold 2019-07-08 10:53
    bayar hurgej ulam ih amjilt gargahiig chin setgeleesee husen ereeye! Eh oron aav eejiin ner teree delhiid manduulj amjilt gargaarai!
  12. 172.69.252.* Баяржаргал (математик зааж байлаа) 2019-07-07 21:43
    Мундаг байна. Улам их амжилт хүсье Дөлгөөн өө
  13. 172.68.255.* Зочин 2018-05-26 09:16
    Yasan mundag ohin be ene ih ajildan ondroos ondr amjit hvsie
  14. 172.68.255.* Зочин 2018-05-26 09:16
    Yasan mundag ohin be ene ih ajildan ondroos ondr amjit hvsie
  15. 162.158.178.* zochin 2018-05-04 15:25
    Za amjilt husie! Mongolchuudiin tamiin togoog gadarlah bizee.bolgoomjtoi,hyanamgai sain ajillarai.Mongol ulsiinhaa ner teiig olon ulsad manduulaarai!
  16. 180.53.199.* Зочин 2016-06-02 17:28
    Mundag bna Uman undur amjilt husie Eruul lender sain bodoj baigaarai
  17. 27.123.214.* garma 2016-05-29 16:26
    dulgundu sudalga ni ajild ni ih amjilt husey.mongoldo irerei.anagah.etul mendin salbart im l humus urchlult hine.de.
  18. 27.123.214.* Tsetsgee 2016-05-28 21:34
    Uneher saihan mede bn amjilt husye ohin mini.olon huni ami awarsan sain erdemten boloroi
  19. 150.129.143.* Otgoo 2016-05-25 14:53
    Mundag ymaa tsaashdiin ajil hodolmort n ondroos ondor amjilt hvsie
  20. 103.212.118.* Зочин 2016-05-24 22:34
    Mongoldoo ene baitugai yum hiichihsen Bio-medical researcher zunduu l bn tedniige ygd ingej urguduggui yumbe. Bas ene hund zoriulj helehed Bio-anagaahin eszui talaasaa ch bodoj uzehed hzee minii gargaj avsan bi hiisen gj heldeggui chi gantsaaraa hiigeegui ni oilgomjtoi uchnuun hunii hudulmur bga shude. Uneheer henii ch oroltsoogui gv gantsaaraa hiisen bol chi delhiid ganta yumaaa
  21. 103.57.92.* Зочин 2016-03-06 21:25
    ЗӨВ ШҮҮ
  22. 122.201.22.* zochin 2016-03-02 01:40
    baharhah setgel turj bna. tsaashdiin sudalgaaniinh ni ajild amjilt husie. zorison zorilgodo hurch hun turulhtund eruul enhiig belegleerei.
  23. 194.118.49.* Galzuurch bar 2016-03-01 02:14
    Saihan medee bna.Uneheer baharhaj bna shuu Chamd ulam ih Amjilt husei
  24. 103.229.121.* Зочин 2016-02-29 20:10
    Бахархах сэтгэл торж бна, амжилт хусэн ероое'!!
  25. 203.194.114.* мягаа эмээ 2016-02-28 20:58
    Эмэгтэй, Монгол залуу хүн шинжлэх ухааны ийм хүнд салбарт ихээхэн амжилттай сурч,ажиллаж байгаад маш их баяртай байгаа ба улам их амжилт хүсэж, нөр их шаргуу хөдөлмөрөөрөө эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, хүн төрлөхтөний гамшигт өвчинтэй тэмцэх тэмцэлд ылан, алтан хөшөөгөө босгуулах их гавъяа байгуулах болтугай гэж ерөөе
  26. 59.153.114.* Nyamaa 2016-02-27 01:02
    Chamaar mongol tumen baharhaj bn.Ajlaaduusgaj ulam ihiig butegeerei.Chin setgeleesee bayar hurgej bn
  27. 59.153.114.* Nyamaa 2016-02-27 00:57
    Yamar mundag yum ve,amjilt husie1 Mongoliin ter zasag iim ireeduitei zaluusaa medej tusalj,demjij baigaa yu?
  28. 122.201.31.* Зочин 2016-02-27 00:22
    nobel iin shagnal awaarai amjilt husey
  29. 182.160.38.* Зочин 2016-02-26 19:57
    Saihan l medee bna. Olon hund dahin amidrah bolomj burdehne. Zurkh shiljuulen suulgah shaardlagagui boloh yum bna. Mongol sudlaachdaa amjilt hyseye. Zaluusaa shinjleh uhaaniig shutetsgeye.
  30. 49.0.136.* Зочин 2016-02-26 17:06
    saihan mergejil bn amjilt husey
  31. 119.40.102.* naraa 2016-02-26 15:16
    ymar saihan medee ve ene saihan mongol busguid amjilt husie uuruur chin mongol tumten baharhaj bn amjilt
  32. 202.9.42.* zochin 2016-02-26 15:03
    mundag yuma. amjilt husie.
  33. 173.66.253.* ariunaa dondob 2016-02-26 14:24
    ene niitleliig bichsen hvntei holbogdmoor bn.
  34. 173.66.253.* ariunaa dondob 2016-02-26 14:23
    ene ohintoi yamar negen baidalaar holbogdoh arga bn uu. asuuh um baih um
  35. 183.177.109.* Жаргал Баасанжав 2016-02-26 12:18
    Мэргэжил нэгт дүүдээ судалгааныхан ажилд улам их амжилт хүсэж эх орныхоо нэрийг Олон улсад гаргасан мундаг сайн эрдэмтэн болохыг хүсэн ерөөе.
  36. 124.158.125.* zaya zaya 2016-02-26 12:11
    ystoi saihan medee bn tsaashdiin ih iulsed ni amjilt husiy. mundag shuu
  37. 122.201.21.* Зочин 2016-02-26 05:27
    Ямар гое юм бэ. Бахархаж байна.
  38. 76.91.237.* Зочин 2016-02-26 01:28
    Uneheer mundag ohin bna
  39. 103.229.121.* Зочин 2016-02-25 22:00
    NMIT-iin Ganzorig bagsh bna. Chinii beleglesen nomuudiig oyutnuud maani hereglej bgaa. Amjilt husie! @ bicheerei! [email protected]
  40. 27.123.214.* Зочин 2016-02-25 20:28
    Mundag yumaa.. bi yg iim xvn boloxiig zoridog.. zorilgiinxoo tuluu ulam ix xicheenee
  41. 43.242.243.* Зочин 2016-02-25 18:43
    Sn bnu ene huntri holbogdoh haygig meddeg hun bval helj ogooch
  42. 202.55.180.* Бид чадна аа 2016-02-25 18:40
    Мэдлэг дээр суурилсан шийдвэр гаргадаг хүн олширох болтугай. Амжилт хүсье.
  43. 202.9.41.* булгаа 2016-02-25 18:16
    Үнэхээр гайхамшигтай мундаг охин юм аа чамаар бүх монгол бахархах болно
  44. 49.0.161.* Зина 2016-02-25 17:02
    Хайр татам ухаалаг охин юм, хийж буй судалгааны ажил нь амжилттай болж дэлхийн хүмүүст тус болоосой. Улам и амжилт хүсье
  45. 122.201.21.* Altanchimeg 2016-02-25 16:57
    Tanid ajliin undur amjilt hvsie
  46. 103.10.22.* Зочин 2016-02-25 16:14
    Үнэхээр мундаг байна аа Ийм ухаантай, бодолтой, сэтгэлтэй Монгол залуучууд олон байгаасай Амжилт хүсье