Б.Найдалаа: Иргэдийн итгэл хаана эхэлж, хаана очиж дуусдагийг бид харж байна

А.Сэвжид
2016-03-03 02:27

Хөдөлмөрийн Үндэсний намын дарга Б.Найдалаатай ярилцлаа. Өнгөрсөн цагаан сараар тус намын хэсэг нөхдүүд дүрмийн бус хурал зохион байгуулан ЕНБД-гаа солих хүсэлтийг намынхаа дарга С.Ганбаатарт мэдүүлсэн. Үүнээс үүдээд тус нам хоёр хуваагдчихсан гэж олон нийт үзэж байгаа билээ. Харин өчигдөр тус намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулан Б.Найдалааг намын даргаар томилсон билээ.



Намын дарга боллоо. Гэхдээ өнөөдрийн хуралд С.Ганбаатар, дэд дарга С.Боргил, Т. Бат-Оргил нар байсангүй.... Уг нь тэдгээр хүмүүс намын төв хорооны хуралд суух ёстой биз дээ ?

Суух ёстой. Зарим нэр бүхий гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гээд оролцоогүй бололтой. Монгол Улс намуудын тухай хуультай, ХҮН нам ч дээд шүүхээр баталгаажсан дүрэмтэй. Энэ бүх процес, хурал хууль, журмын дагуу л явж байгаа.

Бүх зүйл хууль, дүрмийнхаа дагуу болоод таныг намын даргаар сонгосон үндэслэл нь юу вэ ?

Намын дарга Улс төрийн намуудын тухай хуулиар намын хяналтын төв байгууллагыг түдгэлзүүлэх, огцруулах эрхгүй. Иймд, зарим нөхдийн яриад буй шийдвэр, тушаал, үндэслэлүүд энэ буруу шийдэл дээр үндэслэсэн байгаа. Иймээс хуулийн дагуу, намын их хурлаар томилсон Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэр, дүгнэлтүүдэд үндэслэн гаргасан шийдвэрүүд.

Өнгөрсөн цагаан сарын битүүний өдөр ХҮН намын удирдах зөвлөлийн хэдэн гишүүд уулзсан. Та тэнд байхгүй байсан гэсэн үг үү?

Би тэр хуралд ороогүй. Тэр бол дүрмийн бус, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй, увайгүй үйлдэл болсон.

Тэр уулзалтын дараа намын ЕНБД-ыг солих хүсэлтийг удирдах зөвлөлийн хэсэг гишүүд намын дарга С.Ганбаатарт өргөн мэдүүлсэн?

Ер нь нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн үндэсний намын дүрэм болон Удирдах зөвлөлийн ажиллах журам гэж байдаг. Түүнчлэн намын гишүүдийн сүр бадруулан өргөж, хурууныхаа хээг дарсан “ЗА” андгай гэж бий. Харин хэсэг нөхдийн хуралдсан дээрх хурал бол энэ бүхнийг илт зөрчиж байгаа юм.

С.Боргил дарга ч ярилцлагадаа “бүх зүйл ёс зүйтэй байсан” гэж улайм цайм худлаа ярьсан. Энэ бол хамгийн увайгүй үйлдэл. Зүйрлэхийн бол “Тунгалаг тамир” кинонд гардаг хамт явсан нөхрөө араас нь гэнэдүүлэн хутгалдаг Түгжилтэй ижил үйлдэл.

Бид нар ХҮН намыг үүсгэн байгуулан нэгдэхдээ хамгийн гол үнэт зүйлээ хуйвалдаангүй нам байхын төлөө гэж тохирсон. Гэтэл даваан дээр ч гарч чадалгүй, баталсан дүрэм, өргөсөн андгайгаа зөрчиж улайм цайм ийм зүйл хийсэнд маш харамсалтай байна.

Ийм зөрчил гарсны гол учир нь юунд байна вэ. Аль нэг талд нь ашиг сонирхлын зөрчил давамгайлаад байна уу ?

Байгаа. Тодруулбал хоёр төрлийн ашиг сонирхлын зөрчил бий. Нэг нь ямар ч хуйвалдаангүй байх нь бусад намуудаас биднийг ялгаруулах гол үнэ цэнэ байх ёстой гэх хэсэг. Биднийг дэмжин харж буй олны итгэлийг алдахгүйн тулд энэ зарчмаа барих хэрэгтэй гэсэн намынхаа зарчим, дүрмэндээ үнэнч нэг хэсэг байхад, эсрэгээрээ 2016 оны улс төрийн сонгуулийн ашиг, хонжоо буюу УИХ-ын суудлаар харсан цөөхөн хүн нийт гишүүдэд ташаа мэдээлэл өгөх, ая тал засах байдлаар журмын бус үйлдэл хийж байна.

Харин С.Ганбаатарын хувьд ?

С.Ганбаатарын хувьд тун харамсалтай. Үүнийг дэмжиж, найруулж оролцсон. Хэрвээ энэ намын төлөө, улс орны төлөө л юм бол би энэ үйлдлийнх нь зорилгыг ерөөс ойлгохгүй байна. Бага хугацаанд амжилттай ажиллаж олны итгэлийн илэрхийлэл болж чадсан ийм намыг самарч байгаа хүн улсын Ерөнхийлөгч байтугай, УИХ-ын гишүүн ч байхад хэцүү. Үүнийгээ ойлгож, засах байх хэмээн найдаж байна.

Танд өөрт чинь ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш биз дээ ?

Надад бол ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй. Гишүүн болохын тулд энэ намыг байгуулалцаагүй, хүч хөдөлмөр зарцуулаагүй. Ер нь ийм төрлийн хуйвалдаан монголын улстөр гэлтгүй бизнесийн орчинд түгээмэл бололтой.

Харин манай намын нөхдүүд үүнийг тойрч гарч чадаагүй нь харамсалтай. Үүнийг нам дотор хэдхэн хүмүүс эсэргүүцээд байгаа юм биш. Харин бидэнд өгсөн олны итгэлийг хамгаалахын төлөө, анх байгуулагдсан зорилго, зарчимдаа үнэнч байхын тулд олон хүн тэмцэж байна.

Мэдээлэл авч, ойлгож амжаагүй бусад гишүүд, гишүүн бус хүмүүс ч олноороо дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Жилийн өмнөхөн Хөдөлмөрийн Үндэсний нэртэй нам байгуулагдах гэж байна. Түүний ард нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгаа гэсэн шуум нилээд газар авсан ч "үгүй" гэсэн хариултыг зарим хүмүүс өгч байсан. Гэтэл үгүй гэж ярьж байсан хүмүүс нь одоо нийлчихсэн улстөр хийгээд явж байна. Ер нь таны хувьд С.Ганбаатарын гишүүнийг намын даргаар сонгоход ямар байр суурьтай байсан бэ ?

Би дэмжиж байсан. Одоо түүний удирдлагад ажиллахгүй гэж байгаа бусад гишүүд ч дэмжиж байсан. Бидний Монгол Улсыг өөрчлье, мухардлаас нь гаргах, олны итгэлийг хамгаалах зарчимд үнэнч байх гэсэн нөхцөлд л дэмжиж байсан. Харамсалтай нь түүнд олон нийтийн эрх ашиг бус ойр зуурын хувийн ашиг хонжоо,өөрийнх нь эрх мэдэл, худал ярьдаг зүйл нь эрхэм юм байна. Хэрвээ байдал одоогийнх шигээ үргэлжлэх юм бол С.Ганбаатар гишүүн монголынхоо төлөө биш, харин ч эсрэг ажиллаж болох юм гэсэн эргэлзээ төрөх болсон.

Намын дотоод дүрмэндээ дарга нь ЕНБД-аа өөрийн мэдлээр өөрчлөн томилох эрхтэй юу. Танай намын зарим аймгийн дарга нар дүрмийн дагуу гэсэн тайлбарыг өгчихсөн хүмүүсийг хоёр тал болгоод талцуулаад байна л даа?

Дүрмэндээ тов тодорхой байгаа. Үүнийг худлаа гуйвуулж тайлбарлаад байгаа нь харамсалтай. Цагаан дээр тод хараар бичсэн дүгнэлт бий. Намын Хариуцлагын ерөнхий хорооноос ч гэсэн С.Ганбаатар гишүүнд шаардлага хүргүүлсэн байгаа. Ингэж дүрмээ уландаа гишгэхийг зогсоохыг шаардсан.

С.Ганбаатар гишүүн ямар нэгэн хариуг өгсөн үү ?

Хариу өгөөгүй. Үндэслэлгүй учраас өгөхөд ч хэцүү.

С.Боргил та хоёрын хувьд өмнө нь хамтарч ажиллаж байсан хамтрагчид. Харин саяхан Т.Бат-Оргил та хоёрын цуг суугаад ярилцаж байгаа зураг олон нийтийн сүлжээнд нэлээд тархсан. Тэнд ямар яриа болсон бэ ?

Тэнд үнэн худал хоёр уулзвал юу ярих тэр л уулзалт болсон. Оролцож сонссон хүмүүс нь үнэн худлыг ялгасан байх аа. Харин С.Боргил бид хоёрын хувьд анхнаасаа хамт явсан. Ер нь С.Боргилыг бид багийн шийдвэрээр урдаа гаргаад, бидний хувьд хэлэх үгийг нь бэлдэлцэж олны өмнө гаргадаг байсан. Харамсалтай нь чин хүсэл тэмүүлэл, эх орноо гэсэн тууштай байдал, зарчимдаа үнэнч зан жудаг байсангүй. Нөхдийнхөө байхгүй хойгуур улайм цайм, хэлснээ, амалснаа зөрчсөн. Энэ бол туйлын харамсалтай. Уг нь ийм төрлийн хуйвалдаангүй байя гэсэн зорилгоор л бид нэгдсэн. Энэ эвдсэн итгэл хэдэн хүнийх биш олон түмнийх юм аа.

Түгжил хэзээ ч уучлалт гуйдаггүй болтой

Ер нь эдгээр хэрэг болсны дараа С.Боргил даргатай биечлэн уулзсан уу ?

Уулзсан.

Тэгээд?

Битүүний өдөр ёс зүйгүй зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ үүнийгээ олны өмнө, гишүүдийн өмнө хэлэх зүрх зориг байхгүй юм байлгүй дээ, дуугараагүй л байна.

Хэрэг ЕНБД-ыг солих асуудлаас үүдэлтэй. Харин ЕНБД-ын үүрэг бол намынхаа санхүүг зохицуулдаг үүрэг албатай. Сүүлийн үед Т.Доржханд гэдэг хүнийг өөрийн жагсаалтаа их хэмжээний мөнгөөр наймаалцсан гэсэн яриа бий. Одоо Т.Доржханд дарга ямар ажил хийж байна вэ ?

Хууль, дүрмийн дагуу ажлаа шилжүүлж өгсөн. Харин жагсаалт зарсан тухай Т.Бат-Оргил дарга олон нийтэд зарлачихсан байна лээ. Энэ бол байж боломгүй, ор үндэсгүй гүтгэлэг. Энэ удаагийн сонгуулийн тухай хууль нилээд нарийвчилсан байдалтай гарсан. Үүний 26-р зүйл дээр “Жагсаалтыг намын төв хороо буюу бага хурал нь шийддэг” гэсэн заалт бий. Тиймээс үүнийг нь ганц дарга дур мэдэн наймаалцаад мөнгийг нь түрийвчлээд байх ямар ч боломжгүй.

Намын хариуцлагын ерөнхий хорооны гишүүдийг намын дарга түдгэлзүүлсэн гэж сонссон?

Дүрмээ уншдаггүй, зарчим, журмыг дагадаггүйн тод жишээ. Улс төрийн намуудын тухай хуулиараа хяналтын төв байгууллага намынхаа удирдлагыг хянах үүрэгтэй. Гэтэл үүнийг түдгэлзүүлнэ гэдэг чинь хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр ямар түвшинд ажиллаж байгаа нь харагдаж байна. Энгийн нэг жишээ татахад Ерөнхийлөгч дур мэдэн Үндсэн хуулийн цэцийг тарааж байгаатай л адил зүйл.

Уг нь иргэд танай намд нилээд итгэл үзүүлж байгаа шүү дээ. Гэтэл ийм зүйл болчихоод байхад та нарын зүгээс ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэж үү ?

Бидний хувьд бидэнд итгэж байгаа олны итгэлийг алдахгүй байхыг хүсэж байна. Гэхдээ итгэл алдахгүй гээд булхайгаа нуух бол яавч биш. Хэрвээ асуудал байгаа бол бид үүнийгээ хэлэх хэрэгтэй. Гэтэл зарим нөхөд олны итгэл шингэсэн намын сайн дүрийг өөрсдийн явцуу сонирхолд ашиглахыг оролдож байна. Миний хувьд надад, бидэнд итгэж байгаа олон хүний итгэлийг хувийн ашиг сонирхлоор хэзээ ч худалдахгүй. Тэрийг наймаалцсан бол би нөгөө талд нөгөө хэдтэйгээ сууж байх байсан.

Тэгвэл Т.Одонгуа гэдэг хүнийг хуйвалдааны аргаар заларсан гэх албан тушаалаас нь эргүүлэн татчихвал байдал хэвэндээ орох уу ?

Үгүй. Ганцхан Доржханд, эсвэл Одонгуа гэдэг хүнтэй холбоотой асуудал биш. Ингэж хуйвалдаж байгаад араас нь хутга зоодог үйлдлүүдийг нэг удаагийнх гээд зүгээр өнгөрөөчихвэл бусдын хүсдэг цэвэр нам нь биш болчихно. Ингэж болохгүй.

Хуйвалдсан хүмүүс  нь гишүүд, дэмжигчдээс уучлалт хүсэх ёстой. Дахин хэлэхэд бидний тэмцээд байгаа зүйл нь хэн нэг даргын төлөө огт биш. Хуйвалдаангүй байх, цэвэр зарчмын төлөөх асуудал.

Хэрвээ таны ярьж байгаа үнэн бол бантсан нөхдүүд тань хэзээ ч уучлалт гуйхгүй л болж таарлаа ?

Түгжил хэзээ ч уучлалт гуйдаггүй болтой. Энд л асуудал байна. Хэн нэгэн даргын эсрэг биш олны итгэлийн эсрэг ийм муухай зүйл хийж байгаа юм.

Танай намын дэд даргын хувьд энэ асуудлыг “залуу нам төлөвшлөө олох үйл явц” гэж хараад байгаа. Та үүнтэй санал нэг байна уу ?

Би тэгж харахгүй. Ийм үйл явдал бусад намуудад болоход дандаа “түгжилүүд” ялсан. Монголд уралдаж араар нь тавьдаг соёл газар авчихсан байна. Дахиад асуудал гарна. Түгжилүүд дийлэх үү, зарчимдаа үнэнч хүмүүс нь ялах уу гэсэн тэмцэл л явагдаж байгаа. Хэрвээ энэ удаа Түгжилүүд дийлвэл бид бусад намуудаас ямар ч ялгаагүй, бузар булай руу уусч алга болно.

Тэгвэл ялагдах гээд байгаан биш үү ?

Тийм аюул байна. Увайгүй үйлдэл бүр өөрийгөө хаацайлах, үлгэр зохиох, олныг хуурч өөрсөддөө итгүүлэх, үнэмшүүлэх сурц, арга технологитой бололтой.

Та С.Ганбаатар даргатай энэ асуудлаар уулзсан уу ?

Уулзсан.

Ямар хариулт өгч байна вэ ?

Бөөрөнхийлсөн, хаацайлсан шинжтэй. Уг нь намын дарга бол зарчим, дүрмээ бариад зохицуулах, эв нэгдлийг хангах, гишүүдэд зөв мэдээлэл өгөх үндсэн үүрэгтэй.

Ингээд хоёр тал учир зүйгээ ололгүй явсаар таныг намын даргаар томилсон шийдвэр хүртэл гарлаа. Таны хамгийн түрүүнд хийх ажилт тань юу вэ ? Магадгүй гишүүд, дэмжигчид нилээд итгэл алдарсан байх... ?

Хамгийн гол нь намын эв нэгдэл. Эв нэгдэлтэй байх ёстой гээд хэдэн дарга ханцуй дотроо тохирч, жирийн гишүүд, дэмжигчдэд худлаа ярьж, тэднийг хуурч болохгүй. Өнөө л баталсан дүрэм, зарчим, За андгайн дээрээ л нэгдэж, эв нэгдлийг тогтоох хэрэгтэй.

Магадгүй нөгөө тал чинь хуралдаад энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй гэвэл байдал дахиад сунжрах юм биш үү?

Монгол Улс хуультай, шүүхтэй, нам дүрэмтэй, журамтай, үүнийг харж буй олон нийт бас худал үнэнийг ялгах мэдрэмжтэй. Иймд ёс журмаараа шийдвэрлэгдэнэ биз ээ.

Ёс журмаараа шийдвэрлэгддэг байж... Харин залуу намыг авч явах амаргүй.  Санхүүжилт маш чухал. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бодолтой байна вэ ?

Намын санхүүжилтийн асуудал ЕНДБ, УЗ-ийн хүрээний асуудал. Дарга бол бүгдийг мэддэг, намын эзэн биш. Ийм л улс төрийн институц байгуулахыг зорьж байгаа. Энэ нэг хүнээс хамаардаггүй зарчмыг таалахгүй байгаа хүмүүс бий.

Танай нам 2016 оны сонгуульд оролцох нь баттай юу?

Оролцоно. Үүнээс өмнө дотоод зөрчлөө шийдвэрлэх хэрэгтэй. Харин зөрчлөө нууж, манай нам эв нэгдэлтэй байгаа гэж нууж хааж олон нийтийг хуурах хэрэггүй. Мөн өөрсдийн алдаа, дүрэм зарчмаа мөрдөөгүй, эв нэгдлээ хангаж чадаагүй байж нөгөө 2 намын явуулга мэт худлаа хаацайлж, дахин гишүүдээ хуурч болохгүй

Уг нь С.Ганбаатар гишүүнийг баттай нэг суудлыг ХҮН-д авчирна гэж харж байсан. Ингээд намын даргаас нь чөлөөлчихөөр сонгуульд өрсөлдөх гол хүчээ алдана гэж зарим хүмүүс хэлж, олон нийтийн сүлжээгээр жиргэж байна. Та үүний талаар юу гэж бодож байна вэ ?

ХҮН намын, бидний нэгдсэн зорилго бол сонгууль биш, УИХ-ын суудал биш. Улс орноо мухардлаас гаргая, шинэ мэдлэг, шинэ нам институцийг бүтээе гэж нэгдсэн. Гэтэл энэ нэгдлийг зарим нөхөд богино хугацааны хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглахыг оролдож байгаагаас өнөөдрийн зөрчил гарч байгаа юм. 

Хэрвээ танай нам тойрогт суудал авч чадахгүй бол жагсаалтын санал чинь бусад намуудад хуваагдаж тоологдоно шүү дээ ?

Сонгуульд суудал авахын тулд нэгдсэнсэн бол хэнтэй ч хамаагүй хамтраад, хууль журмаа ч зөрчөөд явж болох байлаа. Гэтэл энэ бол итгэл үнэмшлээр нэгдсэн, үнэт зүйлтэй гишүүдийн хийх зүйл биш. Сонгуулийн үр дүн бол дараагийн асуудал.

Таныг ингээд намын дарга болчихоор нөгөө талдаа анхнаасаа зохион байгуулсан үйл ажиллагаа мэтээр харж байгаа хүмүүс байгаа байх?

Үгүй л дээ. Дарга болох хүсэлтэй, эсвэл хувийн хонжоогоо бодсон бол би Түгжил болсон нөгөө хэдтэйгээ сууж байх байлаа. Гэхдээ зарчим, үнэт зүйлээ, олны итгэлийг тэгж худалдахгүй. Бид ярилцахыг, хэлэлцэхийг, эв нэгдлийг хангахыг хичээж удаа дараа оролдсон, харамсалтай нь нэгэнт жудаггүй, хууль журмаа зөрчсөн нөхөд маань үүнийг хэлэлцэж шийдвэрлэх ямар ч бодит хүсэл тэмүүлэлгүй байсан нь төв хорооны гишүүдийг ийм алхам хийхэд хүргэлээ.

Нийт намын гишүүддээ хандаж хэлэх үг

Нам бол олон түмний нам. Гишүүддээ хуурч болохгүй, үнэн зөв мэдээллийг нээлттэй өгөх ёстой. Нэг даргаас хамааралгүй байх ёстой. Ингэхийн тулд сайн ч муу ч бүгдээр баталсан дүрмээ, зарчмаа, андгайгаа яс баримтлах ёстой. Ингэж чадвал бид шинэ нам бүтээнэ, ингэж чадвал бид Монгол Улсын хөгжлийг ярих эрхтэй болно. Иймд, улс төрд жирийн явдал болчихоод байгаа хуйвалдаан, дүрмийн бус, ёс зүйгүй үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч огт болохгүй, хэн нэгний ятгалгад авталгүй өөрийнхөөрөө шийдвэр гаргаарай гэж захия.

Таны хувьд УИХ-д нэр дэвших сонирхол бий юу ?

Мэдээж бид нар чинь улстөр хийж байгаа учраас сонирхол байсан. Гэхдээ одоо баг маань юу болов, хүсээд байгаа институцийн суурь мөн үү гэдэг нь чухал байна.

Ярилцсанд баярлалаа.


  1. 216.87.100.* Зочин 2016-03-04 09:56
    Овоо зөв ханатай ярьж байна. Нөгөө тал нь дүрэм, журам, хуулиа яг дагасан уу гэхээр худлаа булзайруулаад байгаа юм шиг. Сонгууль чухал биш институциа эхнээс нь зөв гольдрилоор нь явуулна гэдэг нь яалт ч байхгүй хамгийн зөв санаа нь.
  2. 59.153.115.* Хүн 2016-03-04 09:13
    Сайхан санаа хэлсэ гарчиг бна
  3. 93.115.95.* Зочин 2016-03-03 17:59
    Ингэж худлаа хуцаж яваа Найдалаагийн өөрийнх нь улс төрийн карьер дуусаж байгаа даа, 2016 онд сонгогдоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй
  4. 5.79.68.* Зочин 2016-03-03 17:59
    Ингэж худлаа хуцаж яваа Найдалаагийн өөрийнх нь улс төрийн карьер дуусаж байгаа даа, 2016 онд сонгогдоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй
  5. 202.131.226.* Зочин 2016-03-03 16:53
    HUN-iig ireh songuulid oruulahgui ch baij chadna geed l solioroorood baisan. Zasgiin erh avbal daraagiin songuuliig yavuulahgui ch baij medeh nuhur shigee. Bolgoomjilvol zohih hun yum shig baigaamdaa
  6. 172.56.12.* Orgil 2016-03-03 14:08
    Teneg pizda
  7. 103.26.194.* Зочин 2016-03-03 13:56
    сонгуульд энэ намыг дэмжинэ гэж бат итгэлтэй байсан бол одоо бол арай л бишээ
  8. 49.0.160.* Зочин 2016-03-03 13:30
    Hunii zaluusiig nodnin baiguulagdahaas ehleed hajuunaas ni harj bailaa, harin sayiin ganbaatartai hamt hural deer bsan humuusiig bol harj bgaagui l yum daa. Hoinoos ireed hot minih l bolchih shig bolloo
  9. 43.228.130.* Зочин 2016-03-03 13:03
    Аль нь үнэн аль нь худал гэдгийг мэдэхэд хэцүү юм. Гэхдээ улаан цайм цөөхөн хэдэн хүн суулгачихаад манайх олонх гэж хэлж байгаа Найдалаад итгэхэд бэрх байна
  10. 202.21.109.* Зочин 2016-03-03 13:03
    Naidlaad naidlaa
  11. 202.9.42.* Зочин 2016-03-03 12:02
    zovoo, holiig harj bga tal ni l hol yavna