ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: ДНХ-ийн хэмжээ тодорхойлдог маркер зохион бүтээсэн доктор А.Тамиртай ярилцсан нь

Bolor Rose
2016-03-07 04:12

Улс эх орныхоо биологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилгыг өвөртлөн Азидаа шинжлэх ухаан, технологиороо тэргүүлдэг Солонгосын KAIST-д молекул биологийн чиглэлээр суралцаж, мөн Солонгосын Инха их сургуульд суралцаж байх хугацаандаа  өөрийн гараар бүхий л төрлийн амьд биетийн ДНХ-ийн хэмжээг тодорхойлоход ашигладаг маркерыг хийж, түүгээр ч зогсохгүй хийсэн ажлаа үнэлүүлж Солонгосын нэгэн компанид хийсэн маркерыг нь бүтээгдэхүүн болгон гаргаад ашиглаж байсан Монгол бүсгүйг А.Тамир гэдэг. Тиймээс бид энэ удаагийн ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цуврал ярилцлагын зочноороо  ШУ технологийн сангийн Шинжлэх ухааны паркийн  ажлын албаны  дарга А.Тамирыг урьж оролцууллаа. Тэрээр одоо Монголд Шинжлэх ухааны парк байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг А.Тамир гэдэг. Солонгос улсын Инха их сургуульд биологи, химийн чиглэлээр бакалаврт 4 жил суралцаж түүнийхээ дараа  КAIST-д молекул биологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалаад ирсэн байгаа. Одоо ШУ технологийн сангийн Шинжлэх ухааны паркийн  ажлын албаны  даргаар ажиллаж байна. 

- Солонгосын КAIST-д биологийн чиглэлээр докторын зэргээ хамгаалаад ирсэн гэсэн. Доктороо ямар сэдвээр, судалгаа шинжилгээ хийж хамгаалсан талаар хоёулаа яриагаа эхлүүлье?

- Миний докторын дипломын ажил  хүний ДНХ хуваагдах үед үүсдэг асуудлыг зохицуулахад оролцдог генийн үүргийг шинээр тодорхойлсон. Учир нь хүний хромсом хуваагдахдаа зарим тохиолдол буруу хуваагдаж хромосомын гажиг үүсэх боломжтой бөгөөд тэр нь  элдэв төрлийн өвчин эмгэгүүдийг бий болгох боломжтой . Тиймээс хүний хромсом  хуваагдах үед оролцдог олон төрлийн уургуудын кодыг агуулсан генүүд байдаг бөгөөд тэдгээрийн нэгнийх нь үүргийг уураг хэлбэрээр ялгаруулан авч судалгаагаа хийж байсан. 

'Миний хийсэн ДНХ-ийн хэмжээ тодорхойлдог маркерыг Солонгосын компани ашиглаж байсан'

- Судалгааныхаа явцад ямар үр дүнд хүрсэн бэ?

- Миний судалгаа эс, молекулын төвшинд хийсэн судалгаа байсан болохоор ерөнхийдөө суурь судалгаа байсан. Харин бакалаврын судалгаагаараа гель электрофорезийн туршилтад  ДНХ-ийн хэмжээг тодорхойлоход хэрэгтэй МАRКER-ийг хийж байсан. Нэг үгээр хэлбэл,  МАRКER гэдгийг  молекул биологийн судалгааг хийхэд ашигладаг судалгааны хэрэгсэл гэж ойлгож болно.

Миний гаргаж авсан тэр 

МАRКER-ийг судалгаа удирдаж байсан багшийн компани  бүтээгдэхүүн болгон гаргаад ашиглаж байсан.

-Молекул биологийн судалгааны явцад хүний ДНХ-г тодорхойлоход ашигладаг судалгааны тоног төхөөрөмж зохион бүтээсэн гэж хувьдаа ойлгож байна. Монголд таны хийсэн энэ МАRКER-ийг ашиглах боломжтой юу?

- Тэгэлгүй яахав.  ДНХ-г тодорхойлдог МАRКER-ыг молекул биологийн судалгаанд  өргөн ашигладаг. Манай улсын хувьд энэ МАRКER-ийг гадны орнуудаас  худалдаж авч ашигладаг гэж сонссон.

Солонгост сурч байхдаа эх орныхоо биологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мөрөөдлийг тээсэн

- Биологийн чиглэлээр бакалавртаа ч мөн Солонгос улсад сурсан гэсэн. Биологийн хүн болох нь таны багийн мөрөөдөл байв уу?

- Би багадаа математикийн хичээлдээ  сонирхолтой хүүхэд байсан болохоор эдийн засагч болно гэсэн мөрөөдөлтэй явдаг байлаа. Биологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, ШУ-ны хүн болно гэж төсөөлөөгүй явсан. Би Увс аймагт төрж өссөн л дээ. Гэтэл 10-р ангидаа биологийн олимпиадад орсон чинь аймагтаа түрүүлчихсэн, тэгээд Улсын олимпиадад орж байсан. Тэгээд биологийн чиглэлээр конкурсаа өгөөд МУИС-ийн биологийн ангийг авсан. МУИС-д сурч байхдаа Солонгос улсад тэтгэлэгээр суралцуулдаг одоогоор Ирү сангийн шалгалтад тэнцээд Солонгост сурахаар болсон. Тухайн үед МУИС-д сурч байхад дадлага, судалгаа шинжилгээ хийх лабаротори, тоног төхөөрөмж хомс дээрээс нь ном сурах бичиг ч цөөхөн байдаг байсан. Том зузаан орос ном бариад л номын санд суудаг байлаа. Багшийнхаа лекцийг сонсохоос цааш хэтэрдэггүй байлаа. Харин Солонгосд сурч эхэлсэн маань намайг мэргэжилдээ илүү дуртай болгосон. 

- Солонгост сурч эхэлснээс хойш мэргэжилдээ илүү дуртай болсон гэсэн үү. Яагаад?

- Намайг мэргэжилдээ дуртай болгосон зүйл нэгдүгээрт, сургалтын орчин нөхцөл байсан. Судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, сургалтын ном сурах бичиг маш хангамж сайтай байсан нь намайг мэргэжилдээ дуртай болоход ихээхэн нөлөөлсөн. 

Нөгөө нэг зүйл нь намайг Монголд биологийн чиглэлээр сурч байхад тухайн үед хүмүүс ойлгохгүй ихэнх нь төгсөөд биологийн багш болох юм уу гэж асуудаг байсан. Гэтэл Солонгос хүмүүс биологийн мэргэжлийг их чухал нарийн мэргэжилд тооцож үнэлдэг.  Би эндээс Монгол,Солонгосын маш том хөгжлийн ялгааг олж харсан. Нарийн мэргэжлийг харах, үнэлэх өнцөг, цаашлаад түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, ашиглах нь маш том ялгаатай харагдсан. 

Тэр үеэс би биологийн чиглэлээр маш сайн суралцаж улс эх орныхоо биологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой  гэсэн мөрөөдлийг тээсэн

.  Ерөнхийдөө сайн мэргэжилтэн болохын төлөө шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр Солонгос төдийгүй Азидаа тэргүүлдэг KAIST-д докторын зэргээ хамгаалахаар сэтгэл шулуудсан.   

-Сурч байх хугацаандаа мэргэжил талаасаа ч тэр мөн хувь хүн талаасаа олон чадварыг эзэмшсэн байх. Солонгос багш нарын хичээл заах арга барил нь ямар байдаг вэ?

-Тийм. Солонгос багш нар багаар хэрхэн сайн хамтарч ажиллаж байна гэдгээр нь оюутнуудыг үнэлдэг. Ерөнхийдөө багийн хамтын ажиллагаа, багийн амжилтаар дүгнэдэг. Миний хувьд эхэндээ багаар хамтарч ажиллана гэдгийг сайн ойлгодоггүй байсан. Тийм болохоор анхандаа ганцаараа бие дааж хийх  гэж их зүтгэсэн.  Харин сүүлдээ багаар үнэлэх систем, сургалтын арга барил хувь хүнд ямар чухал чадвар эзэмшүүлдгийг ухаарч, тэр цагаас багаар ажиллах чадварт маш сайн суралцсан. Багаар ажиллана гэдэг нь өөрсдийн давуу талаараа нэгдэн, амжилтад хүрэх арга гэдгийг мэдэж авсан. Энэ чадвар ажлын байран дээр гараад ч их хэрэг болдог юм билээ.

- Баклавар, докторын судалгаагаа хийж байхдаа олон Солонгос судлаач, эрдэмтэнтэй хамтран ажиллаж байсан байх.  Тухайн үед хамтарч ажиллахад үндэстний онцлог, давуу болон сул талууд ажиглагдаж байв уу. Тухайлбал, Солонгос хүмүүс судалгаа хийхдээ ийм арга барилыг ашигладаг, харин Монгол хүмүүс ийм байдаг гэхчлэн? 

-Ер нь судлаач хүнд байх ёстой хамгийн чухал чадвар бол уйгагүй хөдөлмөрч, ямар ч үр дүн гарсан эцсээ хүртэл тууштай байх. Судалгааны явцад Солонгос, Монгол хүмүүсийн хоорондын ялгаа зарим нэг зүйл дээр ажиглагддаг. Тухайлбал, Солонгосчууд аливаа зүйлийг хийхдээ жаахан баригдмал сэтгэдэг. Аливааг хийхдээ ёс горимын дагуу хийх ёстой, багш ингэж хий гэсэн бол тэгж л хийх ёстой гэсэн сэтгэлгээтэй байдаг. Энэ нь аливааг ёс горимын дагуу маш хөдөлмөрчөөр сайн хийж байгаа хэрэгч зарим талаар сул тал болох нь бий. Харин Монголчууд аливаад хандахдаа их чөлөөтэй бодож сэтгэнэ, заавал тогтсон арга барилаар хийхгүйгээр тухайн зүйлийг илүү богино хугацаанд, үр дүнтэй хийх аргыг байнга оролдож, туршиж үзэж байдаг. Энэ нь нэг талаар судалгаанд сайнаар нөлөөлөх, илүү бүтээлчээр сэтгэх боломжийг олгодог. Харин төвлөрөх чадвар, тууштай байдал, уйгагүй хөдөлмөрлөх тал дээр Солонгосчуудаас жаахан дутагдалтай юм шиг санагддаг.

Шинжлэх ухааны парк бол манай улсыг хөгжилд хүргэх гүүр

-Солонгос улс үйлдвэржсэн зах зээлээр дэлхийд алдартай. Тэр хэрээрээ ШУ, технологи, судалгаа шинжилгээ явуулдаг салбартаа хөгжлийн бодлогоо ихээхэн хандуулдаг байх. Солонгос улсын үйлдвэржсэн түүхийн талаар та хэр сайн мэдэх вэ?

- Миний хийж байгаа ажилтай холбоотой тул энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж байсан. Дайны дараа Солонгос улс маш ядуу, идэх ч зүйл байхгүй хүнд нөхцөлд байсан юм билээ. Манай улс шиг байгалийн баялагч байхгүй. Тэр хэрээрээ хөгжих гарц зам харагдахгүй, хөгжинө гэсэн итгэлгүй болж ядуу чигээрээ л дуусна гэсэн сэтгэлгээ хүн бүрт суучихсан байсан гэдэг. Гэтэл тухайн үед

Пак Жон Хи ерөнхийлөгч  хүмүүсийн сэтгэлгээг нь өөрчлөхгүй бол манай улс хөгжихгүй гэсэн санаачлагыг гаргаж тухайн үедээ “Сайхан амьдраад үзье” гэсэн уриалгыг гаргаж байсан

юм билээ. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр бидний өмнө хөгжих сайхан амьдрах боломж, нөхцөл харагдахгүй байгаа ч бүгдээрээ хүчээ нэгтгээд үр хойчийнхоо төлөө, улс орныхоо төлөө бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөөд хичээгээд үзье гэсэн уриалгыг гаргаж “Сайхан амьдраад үзье” гэсэн хэлцийг ард түмнийхээ сэтгэлгээнд тарьж ургуулсан гэдэг. Энэ нь тухайн үеийн Солонгосчуудын сэтгэлгээг өөрчилж, шаргуу хөдөлмөрлөх, эх орныхоо төлөө хөлсөө дуслуулах үзэл, сэтгэлгээтэй болгосон гэж түүхэнд дурсагддаг байдаг юм билээ. Тийм болохоор Солонгосчууд маш үндсэрхэг үзэлтэй байдаг. Зөвхөн Солонгостоо үйлдвэрлэсэн зүйлээ л хэрэглэнэ гэсэн тийм сэтгэлгээтэй байдаг.

 Тухайн үед  гадаадын орнуудаас мөнгө зээлж тэр мөнгөө дэд бүтэц барьж байгуулах, хурдны зам барих зэрэгт зарцуулж улсаа хөгжүүлэх хэд хэдэн  чиглэлүүдийг сонгон  бүх бодлогоо чиглүүлсэн нь одоо Солонгос улсын урдаа барих үйлдвэрийн салбарууд болж хөгжсөн  байдаг. Тухайлбал Солонгос улс усан онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-рт ордог мөн машин үйлдвэрлэл, гангын үйлдвэрлэл хөгжсөн нь  тухайн үеийн сонгож бодлогоор дэмжиж байсан салбарууд  байдаг.

Мөн Ерөнхийлөгч нь хөгжилтэй орнуудтай ижил судалгааны төв байгуулах ёстой юм байна гэж үзэн  Солонгост КIST гээд анхны судалгааны институт-ыг байгуулж байсан юм билээ. Энэхүү КIST-ээс KAIST зэрэг Солонгосын, судалгаа шинжилгээний хүрээлэн, төвүүд  төрөн гарсан байдаг. Тиймээс КIST-ийг Солонгос улсын шинжлэх ухааны суурь, хөгжлийн тулгуур гэж үздэг. 

-Улс орон хөгжихөд иргэдийн сэтгэлгээ маш чухал байр суурь эзэлдэг тухай таны ярианаас ойлгож байна л даа. Хэн нэгэн улс орныг хөгжүүлэх шийдэл гарцыг бий болгож хөгжүүлэхээс илүүтэй, дэлгүүрт ороод ямар сонголт хийдэг тэр сэтгэлгээнээс л улс орны хөгжил эхлэх юм шиг?

-Тийм. Солонгосчууд дотооддоо үйлдвэрлэсэн зүйлээ хамгийн сайн, чанартай, тиймээс хамгийн түрүүнд хэрэглэнэ сэтгэлгээтэй байдаг.  Дээхнэ үед сурагч нь өөр улсад үйлдвэрлэсэн дэвтэр хэрэглэх юм бол багш нь шууд урдаг байсан гэсэн яриа байдаг юм билээ. Одоо бол шууд тийм үйлдэл гаргахгүй ч гэсэн үндэсний гэсэн хандлага үзэл нь маш их мэдрэгддэг. Жишээ нь,

би хичээлдээ Англи сурах бичиг хэрэглэж байх юм бол, яагаад үүнийг хэрэглэж байгаа юм, Солонгос сурах бичиг хэрэглэхгүй юм уу гээд манай профессор асуудаг байсан. Тэр хэрээрээ үндэсний гэсэн үзэл нь улс орныхоо хөгжилд маш их нөлөөлдөг байх.

-Солонгос улсын хөгжлийн суурь болсон нэг зүйл нь   КIST-ийг байгуулсан явдал гэж дээр хэлсэн. Монголд ШУП байгуулах төслийн зохицуулагчаар та ажиллаж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

-Зөвхөн Солонгос гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудад ШУП хамгийн чухал нөлөөлтэй байдаг. Хятад л гэхэд 150 гаруй ШУП-тай байдаг. ШУ-ын парк гэдэг нь судалгаа талаасаа ч тэр, үйлдвэрлэл талаасаа ч тэр, бизнес талаасаа ч тэр улс орны хөгжилд олон талын ач холбогдолтой байдаг. Тухайлбал, өнөө цагт манай улсад юу хамгийн дутагдаж байгаа гэхээр шинээр гаргасан судалгааны үр дүнгээ, зохион бүтээсэн патентаа, цаашлаад бизнесийн шинэ санаагаа хэрхэн бизнес болгож, хэрхэн эдийн засгийн эрэлтэд оруулж, хэрхэн амьдралд нэвтрүүлэх, энэ үйл ажиллагааг системтэйгээр цогцоор нь шийдвэрлэх системийг бий болгох юм.  Бидний байгуулж байгаа ШУП энэ орон зайг дүүргэж, хөгжилд хүргэх гүүр болж өгнө гэж найдаж байгаа. 

-ШУП нь ямар ямар үйл ажиллагааг явуулах вэ?

-  ШУП-ийн эхлэл болгож молекул биологийн хэрэглээний лабораторийн нээлтийг хийсэн байгаа, Энэхүү лаборатори маань Монголын бүхий л эрдэмтэн судлаачдад нээлттэй байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол эрдэмтэн, судлаачдад шинэ нээлт хийх, судлагаа шинжилгээ хийхэд бүхий л талаар орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг нь хангаж өгөх юм. Энэ бол ШУП-ын маань үйл ажиллагааны нэг хэсэг.

Нөгөө нэг зүйл нь  гарааны компаниудыг хөл дээр нь босгох, бойжуулах ажлыг  ШУП-ийн инкубатор төвөөр дамжуулж хийх  юм. Юу гэхээр  одоохондоо нийгэмд байр сууриа эзэлж амжаагүй байгаа технологи, инноваци дээр суурилсан гарааны компаниудад бүх төрлийн сургалт, зөвлөгөөний дэмжлэг  үзүүлж хамтарч ажиллах юм.

-Гарааны бизнес эрхэлж байгаа компаниудад бүхий л талаар тусалж дэмжинэ гэж байна. Ямар шалгуураар компаниа сонгох вэ?

-Бид эхний  ээлжинд технологи, инноваци дээр суурилсан их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дэргэд байгуулагдсан гарааны компаниудыг дэмжиж ажиллахаар зорьж байгаа.   

- Гарааны компаниудыг бойжуулахдаа яг ямар тусламж, дэмжлэг үзүүлэх вэ? Бүтээгдэхүүнээ бизнес болгох аргад суралцуулах уу?

- Тийм. Инкубатор төвийн маань гол зорилго бол шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн гаргасан компаниуд яаж түүнийгээ  зах зээлд амжилттай нэвтрүүлэх вэ гэдгийг тусгай сургалт, зөвлөгөөний үйлчилгээгээр дамжин хүргэх, шаардлагатай байгаа дэмжлэг  туслалцааг үзүүлэх байгаа. Тиймээс энэ хүрээнд гарааны компаниудад зориулсан төрөл бүрийн сургалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аливаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа  компани сайн бизнесийн төлөвлөгөөтэй байх нь  чухал. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа олонх гарааны компани бизнес төлөвлөгөөгөө сайн боловсруулж  чаддаггүй. Хөрөнгө оруулагчид зуучлаад өгөөч гэж хүсдэг ч өөрсдөд нь боловсруулсан сайн бизнес төлөвлөгөө байдаггүй. Тиймээс инкубаторын зүгээс гарааны компаниудыг өөрийн бизнес төлөвлөгөөгөө боловсруулах улмаар хөрөнгө оруулагч, бизнесийн түншээ олоход нь зуучилж өгөх юм.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.  

 


  1. 147.144.206.* Dondog 2016-03-08 10:20
    Shuud start-up company baiguullahad tusalna geed tenger deer neseed bhiin. Bi lav sain oilgosongui. Mongold yamar munguuruu ch sudalgaa hiihiin. Tegeed hiilee geed haana ch borluulah geed bgan. Mongold zah zeel bhgui bhad yamar startup companiud garch irehin buu med. Gehdee amjilt husye!!!
  2. 84.180.76.* Зочин 2016-03-08 06:52
    Amjilt husye! Jich: Yun sonin comment bichdeg nuhduud ve.
  3. 103.57.92.* Зочин 2016-03-08 03:24
    Size marker hiisen l baina, yahav, bachelort bol huurhun ajil l daa. Masteraa haana yugaar ch hiisiin, molecular biology chigleleer PhD hiih ch yahav. Odoo udirdah alban tushaald yavaam baina. Ih deed surguuliin garaanii companiig tulhuu demjine gedeg henii bodlogo ve, huvidaa yum hiih huseltei uchnuun sain zaluuchuud cham shig end tend hamgaalchihaad mongold oron zai n oldohgui laaz ushigluj l baigaa shdee. Ted naryg ch bas demjvel yasiin.
  4. 103.9.90.* амжилт 2016-03-07 21:21
    ШУП-н төслөө амжилттай хэрэгжүүлээд эх орон ирээдүйн боловсон хүчинүүддээ их хувь нэмэр оруулаарай. амжилт
  5. 103.57.92.* buyanbat 2016-03-07 19:55
    Duud amjilt husie eh orondoo ihiiq buteeqeerei
  6. 202.241.99.* Зочин 2016-03-07 19:21
    Sain bna. Hicheej ajillasan bna. Gehdee tend ajillasan gedeg bol zugeer turshlaga medleg. Ter medlege turshlagiig yaj bosgoh ve gedeg ni daraagiin ajil. Uuriinhuu systemiig hugjuuleh ni end sudalgaa hiij bgaa humuusiin gol zarchim ni ym shuudee. Uuriin sciencegui hun yaj mongold yum hiih ve? Size marker gadnaas hudaldaj avdag gej sonsson ch geh shig yu ve harin. Tegeed chi hiih gej yvaagui yumuu ergej ireed hugjuulne gesen zorilgogui yvsan yum uu. Zugeer hun yum hiij bhaar ni tusalsan chini harin size marker hiij bsan yum bna gej yriad tegeed tenegteed baigaarai
  7. 122.201.31.* Зочин 2016-03-07 17:58
    Mundag bn shuu amjilt husie!