ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Эрчим хүчийг 10-15 хувь бууруулдаг төмрийн хүдэр боловсруулах аргыг нээсэн инженер Ц.Төгсбуянтай ярилцсан нь

Bolor Rose
2016-03-28 10:00

 Сургалт, судалгаараа дэлхийд тэргүүлдэг шилдэг 50 сургуульд зүй ёсоор багтдаг Канадын Бритиш Колумбын их сургуульд Оюу толгой компанийн гадаадад боловсон хүчин бэлтгэх тэтгэлгээр сурч, сурах хугацаандаа Австралийн хөнгөн үйлдвэрлэл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Metso компанид ажиллахаар сургуулиасаа шалгарч байсан Монгол залууг Цэдэнбалжирын Төгсбуян гэдэг. Тэрээр уул уурхайн чиглэлээр Канадад сурч, Австралид ажиллаад зогсохгүй салбартаа төмрийн хүдрийн чиглэлээр томоохон судалгаа хийж төмрийн хүдрийн үйлдвэрийн үед ашиглалтын зардлын 70 орчим хувийг дангаар эзэлдэг эрчим хүчийг бууруулах боломжтойг олж тогтоосон ажээ.  Тиймээс бид энэ удаагийн ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цуврал ярилцлагын зочноороо Оюу толгой ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн процесс хариуцсан металлургийн инженер Ц.Төгсбуянг урьж оролцууллаа.


 

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Цэдэнбалжирын Төгсбуян гэдэг. Би 2011 онд  ШУТИС-д уул уурхайн ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр бакалавр, 2012 онд Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр магистр хамгаалсан. 2015 онд Монголд ирээд одоо Оюу толгой компанид инженерээр ажиллаж байна.    

-Таныг Оюу толгойгоос зарлагддаг гадаад, дотоодын томоохон хэмжээний бүхий л тэтгэлгийн эзэн болж байсан гэж сонссон. Хоёулаа энэ талаар яриагаа эхлүүлье?

-Баярлалаа, анх ШУТИС-д оюутан байхдаа Оюу толгойн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад тэнд дадлагаар ажиллах болсон. Тухайн үед их олон зүйлийг сурч, практикт ихээхэн туршлага хуримтлуулсан. Бакалаврын 2-р курст сурч байхдаа Бритиш Колумбын их сургуулийг судалж үзээд суралцахыг маш их хүсч байсан ч  их өндөр шалгууртай байсан дээрээс нь хувиараа сурвал төлбөрийн хувьд их өндөр байсан. Удалгүй их сургуулиа төгссөний дараа Оюутолгойн гадаадад боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад Канадын Бритиш Колумбын их сургуульд суралцах боломж олдсон. 

-Олон тэтгэлэгт шалгараад мэргэжлийнхээ төлөө энэ хүртэл хичээж зүтгэж хөдөлмөрлөж, суралцаж ирсэн таны хувьд уул уурхайн хүн болохыг багаасаа мөрөөддөг байсан уу?

-Би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуулийг төгссөн. Багаасаа тоо их боддог байсан учраас манай гэрийнхэн намайг математикийн хүн болно гэдэг байсан, ээж маань эмч мэргэжилтэй болохоор намайг бас эмч бол гэдэг байлаа. Гэвч тэр үед манай ангиас 2 хүүхэд л их сургуулийн уул уурхайн ангид орсны нэг нь би байсан. Тухайн үед уул уурхайн салбар олон нийтэд нэг их сайн танигдаагүй, тэр хэрээрээ хүмүүсийн уул уурхайн талаарх ойлголт их дутмаг байсан. Оюутолгой Таван толгой дөнгөж яригдаж эхэлж байсан үе. Одоо харахад би энэ мэргэжилдээ дуртай болохоор сонгосон, тэр хэрээр надаас хичээл зүтгэл, хөдөлмөр гарч, бага ч гэсэн амжилтын эхлэлд хүрээд явж байгаа гэж боддог.

-Оюу толгойд инженерээр ажиллаж байгаа гэсэн. Яг юуны инженер хийдэг юм бэ. Хийж байгаа ажлынхаа талаар жаахан яриач

- Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн процесс хариуцсан металлургийн инженерээр ажиллаж байна.  Энгийнээр тайлбарлах юм бол,

тогооч хүн ямар нэг хоол хийхдээ бүх орц найрлагыг нь нарийн тааруулж амттай хоол хийдэг шиг металлургийн инженер нь, баяжуулах үйлдвэрийн технологийн горимыг нарийн тааруулж зэсийн баяжмал гарган авдаг. 

 

Инженер болох суурийг маань ШУТИС маш сайн тавьж өгсөн учраас Канадад ч, Австралид ч үнэлэгдсэн

 

- Канадын  Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр магистр хамгаалсан гэсэн. Магистр хамгаалахдаа судалгаа хийж байсан уу?

-Тийм ээ, маш олон судалгаа хийж байсан. Манай сургуульд суралцаж байх хугацаандаа томоохон компаниуд болон судалгааны төвүүдэд 6 сараас 1 жилийн хугацаатай судалгаа хийгээд тухайн газарт үргэлжлүүлэн ажиллах боломжтой байдаг.  Би

Бритиш Колумбын их сургуульд сурч байхдаа уул уурхайн, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Metso компанийн Aвстралийн  судалгааны төвийн шалгалтад сургуулиасаа ганцаараа тэнцээд тэнд нэг жилийн хугацаатай ажиллахаар болсон

. Тэнд ажиллаж байх хугацаандаа хийсэн судалгаагаар магистр хамгаалсан.  

 -Ямар сэдвээр судалгаа хийж байсан бэ?

-Австралид ажиллаж байсан Metso компани бол уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компани. Тийм болохоор үйлдэрлэсэн машинаа хэрхэн ашиглах, хэрхэн маркетингтай ажиллах, шинэ алхмуудыг хэрхэн гаргах талаар голчлон эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг  хийдэг.  Ерөнхийдөө бизнес талдаа судалгаа сайн хийдэг гэхэд болно. Миний хувьд төмрийн хүдрийг яаж ашигтай ангилах, дутагдалтай зүйлүүдийг нь хэрхэн нөхөх талаар судалгааны ажил хийсэн

-Төмрийн хүдрийн судалгааныхаа үр дүнгийн талаар?  

-

Төмрийн хүдрийг сайн бүрэн ангилж ялгахын тулд хүдрийн хэмжээ буюу ширхэглэлийг нь багасгаж буталж нунтагладаг. Энэ буталж нунтаглах процест эрчим хүч хамгийн их зарцуулж нийт үйлдвэрийн ашиглалтын зардалын 70 орчим хувийг дангаар эзэлдэг. Миний судалгааны ажлын гол зорилго нь төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн бутлах нунтаглах хэсгийг илүү сайжруулж эрчим хүч хэмнэх тал дээр анхаарч ажиллах талаар юм. Судалгааны үр дүнд одоо хэрэглэгдэж буй гидроциклон ангилах төхөөрөмжийн оронд нарийн ширхэглэлийн шигшүүрийг нэвтрүүлсэнээр эрчим хүчийг 10-15 хувиар бууруулах боломжтойг олж тогтоосон.

  

-Австралийн Metso компанид сургуулиасаа ганцаараа ажиллахаар болсон гэсэн. Яг ямар шалгуураар тэнцсэн юм бэ? 

-Шалгаруулалт маш  өрсөлдөөнтэй болж эцсийн шатанд химийн инженер оюутантай үлдсэн. Миний давуу тал бол Монголд байхдааОюутолгойд 2 жил дадлагажигч оюутнаар ажиллаж байсан туршлагыг үнэлсэн гэж шалгаруулалтын  дараа нь компанийн хүний нөөцөөс  хэлж байсан. 

-Канадад багш нарынх нь хичээл заах арга барил ямар байдаг вэ?   

- ШУТИС инженер болох суурийг маш сайн тавьж өгсөн учраас Канадад ч, Австралид ч тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн гэж боддог. Канадын их сургууль манайхаас ялгаатай нэг зүйл нь туршлага хуримтлуулах орчин, нөхцөл, лаборатори, техник хангамж сайтай учир практик талдаа маш сайн сурах боломжтой санагдсан. Би ШУТИС-д ерөнхий онолоо үзээд, сууриа тавиад явсан бол Канадад очоод дадлага, практик дээр  маш олон зүйлийг сурсан.   

Канад багш нарын хувьд бол манайхаас ялгаатай  зүйл нь хэзээ ч юм сур гэж оюутны араас хөөцөлдөхгүй, заах ёстой зүйлээ заачхаад л явдаг учраас оюутан  өөрөө л хичээхгүй бол сайн сурч чадахгүй гэсэн үг. Сайн сурмаар байгаа бол хөдөлмөрлө, өөрийгөө хөгжүүлмээр байгаа бол хичээл зүтгэл гарга гэдэг зүйлийг тэнд байхдаа би маш  их мэдэрсэн. 

 

Өөрийгөө илэрхийлэх чадвар маань надад Австралид ажиллах боломжийг олгосон

-Уул уурхайн чиглэлээр дэлхийн томоохон их сургуульд сурсан таны хувьд мэргэжил талаасаа мэдээж олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан байх. Хувь хүн талаасаа сурч мэдсэн, чадвараасаа хуваалцаач?  

-Сурч байх үед Канад, Монгол хүмүүсийн ялгаа маш их ажиглагдаж байсан. Тэр дундаас манай Монголчууд аль тал дээр хөгжих хэрэгтэй, аль тал дээр бусдаас давуу байна гэдгийг олж харж байсан.  Миний хувьд хувь хүн талаасаа маш олон зүйл сурч авсан, нэг жишээ дурдъя.

Канад хүмүүс аливаа зүйлийг хийхдээ зааврын дагуу хийдэг, цаасан дээр юу гэж заасан байна, тэр алхмын дагуу заавал хийдэг. Энэ нь судалгааны ажилд маш чухал нөлөөтэй зүйл. Тухайлбал, багш надад заавар өгөхдөө энэ судалгааг хийхийн тулд, энэ үр дүнд хүрэхийн тулд ийм ийм зааврын дагуу хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Канад оюутнууд бол яг тэр зааврын дагуу хийдэг. Харин би анх очихдоо тэр заавраар биш  өөрөө хийх гэж оролдож байсан, 5 удаа шигших ёстой байсан бол 4 удаа шигшинэ. Гэтэл судалгааны төгсгөлд error буюу алдаа заачихдаг.

Одоо бодоод байхад энэ бидний Монголчлох гэж яриад байдаг зантай холбоотой байсан юм шиг байгаа юм. Энд ганц миний гэхээсээ улс үндэстний соёл, сэтгэлгээний ялгаа байсан байх.

Бид шинэ зурагт худалдаж аваад эхлээд заавартай танилцах биш, өөрөө оролдож үзээд дараа нь болохгүй бол заавартай нь танилцдаг тийм сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Гэхдээ энэ зан нь нөгөө талаар шинийг сэтгэх, шинийг санаачлах, бусдыг дуурайхгүй байх, нэг хэв загварт баригдахгүй байхад сайнаар нөлөөлж давуу тал болох нь бас бий.

-Надад тэгж санагдаж байна л даа. Олон тэтгэлэгт шалгараад гадаад, дотоодод суралцсан нь таны хичээл зүтгэл, хөдөлмөр дээрээс нь бусдаас онцгой, давуу ямар нэг зүйл танд байсан байх гэж бодогдлоо л доо? 

-Канадын Бритиш Колумбын их сургууль дэлхийн шилдэг 50 сургуулийн жагсаалтад багтдаг. Үүнийгээ дагаад маш өндөр шалгууртай байдаг. Миний хувьд тэтгэлгүүдэд хамрагдаад шалгарч байсан нь сурч байгаа мэргэжилдээ дуртай байсных болов уу гэж боддог. Мэргэжилдээ дуртай байсан болохоор маш их хичээдэг, хөдөлмөрлөдөг байсан. Тэр л миний бусдаас ялгарах давуу тал, онцлог байсан байх. Би саяхан CV-ээ бичиж байгаад бодлоо л доо. Нэг боломжийн цаана маш олон боломж нуугдаж байдаг юм байна. Надад олдож байгаа тэр ганцхан боломжийг ашиглаж чадах юм бол түүний цаана илүү том зүйл намайг хүлээж байдаг гэдгийг харж суулаа.    

Тэтгэлэгт шалгарч байснаа эргээд харахад тэр үед өөрийгөө маш сайн илэрхийлэх арга барилд суралцсан. Энд нэг түүх ярья. Би Канадад сурч байхдаа судалгаа хийх компани  хайхдаа нэг захиагаа олон компани руу нэрийг нь солиод явуулаад байдаг байсан. Гэтэл компани бүр өөрийн өөрийн онцлогтой, хоорондоо ялгаатай учир миний бичсэн захианы утга нь таарахгүй очоод байсныг тэр үед ажлын байр зуучилж байсан багш анзаарч хараад надад ингэж хийж болохгүй гэж хэлж өгсөн. Амьдралдаа том сургамжийг авсан даа. Түүнээс хойш ажил хайж байгаа компани бүртээ тус тусад нь хандаж захиа бичдэг болсон, мөн би ямар чадвартай, юу чаддаг, тэр компанид юу хийж өгч чадах ,тэр компанид орсноор хэрхэн өөрийгөө хөгжүүлж болох хөгжлийн төлөвлөгөөгөө бас нарийн бичдэг болсон. Үүний үр дүнд Австралийн тэр том компанид ажиллах боломж надад олдсон. Зөвхөн ажилд орох гэлтгүй тэтгэлэгт ч мөн өөрийгөө хэрхэн илэрхийлж байна гэдгээр дүгнэх нь олон байдаг. Өөрийгөө маш сайн илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.  

-Энэ харин манай залуучуудад их хэрэгтэй сургамж байна?

- Тийм шүү. Тэтгэлгийн шалгаруултад сэдэв өгөөд эссэ бичүүлдэг. Эссэдээ  тэр тэтгэлгийг авснаар юу хийх вэ, тэр компанид, цаашлаад улс нийгэмдээ хэрхэн хувь нэмэр оруулах  талаар сайн бичих хэрэгтэй.

Канад улс манайх шиг уул уурхайн баялагтай. Гэхдээ түүнийгээ өөр салбарт хөрвүүлэн ашиглаж чаддаг

-Канадад сурч, Австралид ажиллаж байсан. Энэ улсуудын хөгжилд нөлөөлдөг хамгий чухал бодлогыг та хувьдаа юу гэж ажигласан бэ?

-Миний харснаар аль ч салбарынхаа судалгаанд маш их хөрөнгө зарцуулдаг. Компани, сургууль гээд бүгд өөрсдийн судалгааны төвтэй. Өөрсдийнхөө сул талыг нөхсөн судалгааг маш их хийдэг. Дээрээс нь тэр судалгааны төвүүддээ оюутнуудыг их ажиллуулдаг нээлттэй байдаг. Энэ нь хийсэн бүтээсэн зүйл, судалгаа талаасаа компани, цаашлаад улс оронд ашигтай, нөгөө талаар оюутнууд өөрсдийгөө хөгжүүлнэ, олон зүйлийг сурна, цалин авна.  Энэ бодлого аль ч улс оронд их хэрэгтэй гэж бодож байна

Нөгөө нэг зүйл нь Канад улс манайх шиг уул уурхайн баялагтай. Анхандаа уул уурхайд суурилсан эдийн засагтай байсан. Гэхдээ түүнийгээ өөр салбарт хөрвүүлэн бусад салбаруудаа хөгжүүлж чадсан байдаг. Тийм болохоор өнөөдөр олон улсад ашигт малтмалын үнэ уналаа гэхэд түүнээс болж манайх шиг хямардаггүй. Өөр салбарууд нь тэр хямралыг нөхөөд аваад явчихдаг. Нэг үгээр хэлбэл, бүх салбараа жигд хөгжүүлчихсэн байдаг юм билээ.    

-Манайд л хэрэгжүүлэх хэрэгтэй бодлого байна?  

 -Тийм шүү. Уурхайгаас олсон мөнгөөрөө Хөдөө аж ахуй ч юм уу ямар нэг үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулж өөр салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр нүүрсний үнэ унахад бид хямарч суухын оронд тэгвэл яах вэ гэсэн гарц, түүнийг орлох салбар байх хэрэгтэй.

- Таны цаашдын зорилго, алсын хараа юу вэ

- Миний хувьд одоо ч гэсэн сурах, өөрийгөө хөгжүүлэх зүйлүүд маш их байгаа болохоор сурч л явна. Мөн сурсан зүйлээрээ ажиллаж байгаа компанидаа өөрийн хувь нэмрээ оруулна.

Алсдаа сурч мэдсэн зүйлээ салбарынхаа оюутнуудтай ярьж хуваалцахаар зорьж байгаа.

-Багш болно гэсэн үг үү?

-Албан ёсны ч биш л дээ.

Хааяа нэг сургууль дээрээ очоод сурч мэдсэн зүйлсээсээ хуваалцдаг, ярилцдаг болвол гэсэн санааг ШУТИС-ын багш нартайгаа ярьж л байгаа. Хагас цагаар хичээл дундуур нь ороод хувцаалцсан ч болно. Миний мэддэг зүйлийг оюутнууд мэдээд авахад л болно. Эцсийн зорилго нь ердөө энэ.

-Ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд залуучууддаа хандаад юу гэж хэлэх вэ? 

- Залуучууд маань өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хүрэх вэ гэдэг арга замаа тодорхойлоод түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ярилцлагын төгсгөлд өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн гэр бүлийнхэн, мөн одоо ажиллаж байгаа Оюу толгой компанидаа баярлалаа гэж хэлмээр байна.

 


  1. 203.91.115.* mash zuv handlagatai zaluu baina. Busadtai medleg, turshlaga, ur chadvaraa huvaaltsana gedeg chini mash buyantai ajil baina. amjilt huseye 2016-04-22 14:05
    amjilt
  2. 202.55.191.* Tugsbuyan 2016-04-03 23:41
    Ehner ni bur mundag shd :)
  3. 202.9.40.* Оюунцэцэг 2016-03-31 22:51
    Шавьдаа цаашдын их үйлсэд нь амжилт хүсье. Маш зөв бодол санаатай чадварлаг оюутан байсан.Харин одоо улс эх орондоо мэргэжилтэн болжээ гэдэгт итгэлтэй байна багш нь.
  4. 202.72.242.* enkhjargal nergui 2016-03-30 19:14
    nalaikad jaakhan baihaas ni neg ortsond amidarch baisan huuhed bna ah egch nar ni ch gesen ils eh orondoo ihiig hiij buteej ybaa mundag zaluuchuud bgaa bugded ni ajliin amjilt az jargal sain saikhan bukhniig husen erooe
  5. 123.179.1.* zochin 2016-03-30 15:26
    dvvdee ylam ih amjiltiig hvsieee
  6. 103.229.120.* Мгл 2016-03-30 10:56
    Сайн хуу. Сэтгэл цэвэр сайхан санаатай . Залуучууд маань иим л болохыг хичээвэл улсын маань ирээдуй цэлмэг
  7. 27.123.214.* Зочин 2016-03-30 01:21
    Angiin NZ daa ajiliin ondor amjilt huse
  8. 202.9.41.* Зочин 2016-03-29 21:19
    Dvvde amjilt hvsie
  9. 202.180.220.* Норовоо 2016-03-29 15:03
    Миний дүү улам сайн хичээгээрэй. Амжилт хүсье.
  10. 202.55.191.* Зочин 2016-03-29 13:16
    Ene chin harin avaad suuchihmaar zaluu bna daa daanch tiimhen yumuu
  11. 120.17.105.* Зочин 2016-03-29 10:33
    Australia.d odo bsn bol awaad suuchxiinsan hahah...ghde ger bultei l yum shig bna