Ж.Лхагвасүрэн: Цөмийн хаягдал биш 'Баян ядуугийн ялгарал'-ыг үүрд булшилвал таарна

А.Сэвжид
2016-04-04 01:25

Ёкозунанэт ХХК-ийн гүйцэтгэх захирал, ХҮН намын дэд дарга Ж.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр  Дэлхийд 13-т, Азидаа нэгдүгээрт бичигддэг Японы улсын Токиогийн Их сургуулийг төгссөн анхны монгол оюутнуудын нэг. Түүний хувьд тус сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгсөөд Японы нэгэн тинк танк судалгааны компанид ажиллаж байгаад 2005 онд эх орондоо ирэн 2006 оноос Ёкозунанэт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Саяхан тэрээр ХҮН намын дэд даргаар томилогдсон билээ.

-Танай намыг хоёр хуваагдчихсан байгаад одоог хүртэл гайхаж буй хүмүүс байна. Учрыг нь ч олохгүй байх шиг байна. Гэтэл саяхан таны намын нөгөө тал чинь хуралдаад даргаараа Т.Ганболд гэдэг хүний тавьчихлаа. Ер нь юу болоод байна вэ ?

Чиний хэлснээр цагаан сараас хойш нам хагаралтай болж ойлголцож чадахгүй өнөөг хүрсэн нь үнэн. Гуравдугаар сарын 18-нд шүүх болтол дотоод асуудлаа өөрсдөө шийдчихээд нэг талдаа багтаад ир гээд орхисон. Түүний дараа хэлэлцээр энэ тэр явагдсан юм шиг байгаан. Гэхдээ тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ингээд өнгөрсөн даваа гаригт намын нөгөө тал гэх нөхдүүд хуралдаад намын даргаар Т.Ганболд гэдэг хүнийг тавьсан гэсэн. Яг энэ явдлаас эхлээд битүүнд эхэлсэн үйл явдлын учиг тайлагдаж байна. Нэгдүгээр ангид нь Т.Доржхандыг нарийн бичгийн даргаас огцруулах ажиллагаа явуулсан. Гэтэл намын гишүүд эсэргүүцсэн нь тооцооны гадуур байсан байх. Ингээд энэ хэрэг намжиж байтал дараагийн анги нь С.Ганбаатарыг өргөдлийг нь өгүүлээд, Т.Ганболдыг намын даргад томилсноор дуусав. Харин нөгөө тал буюу С.Найдалаа даргыг дэмжиж байгаа хүмүүст бол тэр солигдсон энэ тэр асуудал бол огт сонин биш. Албан ёсны бус тал хэнийгээ хэд ч сольсон болно л доо.

-Би таныг Японы Токиогийн Их сургуульд сурч байсан гэж дуулсан. Тэр талаар уншигчиддаа хуваалцаач?

Манай сургууль Дэлхийд 13-т, Азид №1-т ордог, Япон улсыг хөгжүүлсэн олон боловсон хүчнийг гаргасан. Бахархалтай нэг зүйл гэвэл Япон чинь тогтвортой хөгжлөөрөө гайхагддаг, улс төрчөөс илүү төрийн нь алба нь хүчтэй. Саяхан нэг харахад 17 яамны 16 төрийн нарийн бичгийн дарга нь миний төгссөн Токиогийн Их сургуулийн төгсөгч байсан. Тэгэхээр улсыг удирдах боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль гэхэд бараг болно.

-Харин таны хувьд ? Бас Олимпиадаар их явдаг байсан гэж сонссон.

Би 1996 онд Токиогийн их сургуульд орсон. Энэ сургуульд бакалавраар анх орсон Монгол оюутан нь би ухаантай юм. Дунд сургуульд байхдаа Улсын Математикийн олимпиадад гуравдугаар байранд, Физикээр нэгт орж байлаа. Тэгээд МУИС-ын Электроникийн сургуульд урилгаар буюу конкурсгүйгээр ороод тэндээ гурван жил сураад Япон явж байсан.

Сургуулиа төгсөөд “Номура Рисерч Институци” гэдэг тинк танк судалгааны байгууллагад системийн инженерээр гурван жил ажиллаад Монголдоо ирсэн. 2005 онд Монголд интернетийн үйлчилгээ утсаар буюу диал ап холболттой байсныг анх удаа шилэн кабелаар холбох үйлчилгээг нэвтрүүлсэн.

-Тэгэхээр амьдралаа интернэттэй салшгүйгээр холбож дээ...

Ер нь интернет бол мэдлэгийн эрх чөлөө. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний бүх мэдлэг интернетэд байна. Мэдээж кино болон өөр бусад хэрэггүй зүйлсийг хийгээд байвал алт шиг үнэтэй цагийг чинь сорчихно. Гэхдээ интернетээр Харвардын Их сургуулийн нээлттэй хичээлийг сурах зэргээр өөрийгөө хөгжүүлэх түмэн боломж бий. Тиймээс айл бүр интернетээр холбогдоно гэдэг нь хувь хүний болон Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа ажил. Одоогийн байдлаар орон сууцны байрууд 100 хувь шахуу холбогдчихсон байна. Харин гэр хороолол, тал нутгийг интернетжүүлэх чухал ажил хийгдэж дуусаагүй байна. Монгол улс үүнийг хийж дуусгах хэрэгтэй.

-Монголд хэзээ ирэв ?

2005 онд ирсэн. Японд арван жил сурч, ажиллаж, амьдарсан.

-Ер нь гадаадад сурна гэдэг нэг талдаа маш их хариуцлага. Тийм үү ?

Тэгэлгүй яахав. Гадаадад очихоор Лхагвасүрэн гэж хэн ч хэзээ ч ярихгүй. Монгол оюутан л гэж ярина. Тэгэхээр эх орныхоо нэрийг өргөх үүргийг хүлээдэг. Үр дүнд нь эх орноо гэсэн сэтгэл их төрдөг. Мэдээж хөгжилтэй орны хөгжил дэвшлийг харсан нь надад нэлээд туршлага болсон.

-Та Японд ажиллаж байсан гэлээ. Ямар чиглэлээр ажиллаж байснаа жаахан тодруулбал?

Программ хангамжийн систем инженер хийж байсан. Программ хангамжийн систем гэдэг нь үндсэндээ дэд бүтэц юм. Гэхдээ нүдэнд харагдах төмөр зам, засмал зам бол биш. Хөгжилтэй орнууд эдгээр асуудлаа дэлхийн 2 дайны өмнө эсвэл хойно шийдчихсэн. Харин 1970-аад оноос эхлэн софт буюу нүдэнд харагдахгүй зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж эхэлсэн. Тиймээс АНУ, Герман, Япон зэрэг хөгжилтэй улсууд программ хангамжийн том компаниудтай. Тэдгээр нь банк, тээвэрлэлт ложистик , төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн систем зэрэг бүх салбараа бүрэн автомажуулаад цөөхөн хүнээр их ажлыг хийдэг дэд бүтцийг байгуулж чадсан.

Тухайлбал А-Б цэгийн хооронд хурдны зам тавилаа гэж бодоход  цаг хугацаа, зардал хэмнэгддэг. Тэгэхээр эдийн засгий бүтээмж, иргэдийн хөдөлгөөний хурд нэмэгдэж улсынхаа түвшинд нэгж хүний бүтээмжийг нэмэгдүүлж чаддаг. Яг үүнтэй  адил программ хангамжийн дэд бүтэц гэдэг нь өшөө нэмээд улам хурдан болгочихож байгаа юм. Хөгжилтэй орнууд цөөхөн хүнээр их ажил амжуулаад байдаг чинь хөгжсөн зөөлөн болон хатуу дэд бүтэцтэй нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл зөөлөн дэд бүтцийн улс оронд оруулах хувь нэмэр хэмжээлшгүй их гэдгийг бүтнээр нь биш ч гэсэн хэсэгчилж хараад эх орондоо хийх ёстой юм байна гэдгийг хатуу ойлгосон.

-Тэгвэл өөрөөр хэлбэл “интернетэн” хурдны зам тавиад байгаа гэсэн үг үү ?

Тэгэлгүй яахав. Айлуудад өндөр хурдны интернет тавьж байна. Бас ч гэж олон өрхүүд интернетжсэн байна. Гэхдээ зам тавихаар дээгүүр нь машин явах хэрэгтэй болдог шиг сүлжээн дээр суурилсан янз бүрийн үйлчилгээнүүд нэмэгдэх ёстой. Хамгийн эхэнд маш олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг төрийн ажлууд цахимжах хэрэгтэй. Жишээ нь ямар нэгэн байгууллага хувь хүний эсвэл цагдаагийн тодорхойлтыг шаарддаг. Гэтэл тодорхойлолтыг хүсээд байгаа систем нь төрийн нэгдсэн систем рүү нь холбогдоод регистерийг хийгээд л олчих боломжтой. Иргэнийг тодорхойлолт авч ир гэж чирэгдүүлэх шаардлагагүй. Энэ мэтчилэн нийгмийн бүх л салбарт программ хангамжийн систем зайлшгүй хэрэгтэй.

-Япончуудыг суралцах зүйл ихтэй ард түмэн гэж ярьцгаадаг. Олон жил амьдраад Монголдоо ирэхэд тэр ард түмнээс юуг нь өөртөө эерэгээр авчихаад ирсэн гэж боддог вэ ?

Япон хүн бас нийгэм нь шударга. Тэнд хийснийхээ хирээр сайхан амьдрах боломжтой. Ямар ч орлоготой айлд төрсөн хүүхэд өөрөө хичээвэл хамгийн сайн сургуульд орж төгсөөд төрийн албанд орж ажиллаад цаашлахын бол Ерөнхий сайд болох боломж нь тэгш. Эрүүл мэндийн үйлчилгээ нь ч хаана ч очсон тэгш. Үүний мөн чанар нь нийгмийн шударга байдал, эрх мэдлийн хүртээмжийг хэрэгжүүлж чадсан улс. Тийм учраас дундаж давхрага нь маш зузаан. Бас хөдөлмөрч ард түмэн. Ямар ч баян Япон хүн хүүхдэдээ хөрөнгө үлдээх талаар боддоггүй. Хүүхдэдээ зөвхөн боловсрол олгох талаар л боддог. Үүний шалтгаан гэж болохоор нэг зүйл нь Японд өв залгамжлалын татвар 70 хувь.Тэгэхээр хүүхдэд өв хөрөнгө нь бүтнээрээ очихгүй гэсэн үг. 10 давхар байшин өглөө гэж бодвол 7 давхарыг нь улс аваад, хүүхэд нь гурвыг нь авна гэсэн үг. Ачид нь 1 давхар нь л үлдэнэ. Гучид нь бараг хөрөнгө очихгүй. Ийм л учраас Япон хүн хүүхдэдээ хөрөнгө үлдээх гэхээс илүү боловсрол олгох тухай л боддог.

-Монгол улс дундаж орлоготой орны эгнээнд шилжиж явна гэнэ. Тэгэхээр бид дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд ямар бодлого баримтлах хэрэгтэй гэж та боддог вэ. Мэдээж энэ асуултад салбар салбарын хүмүүс өөрсдийн өнцгөөс л хариулах байх ?

Ер нь томоор нь харвал манай татварын орчин нь дотооддоо үйлдвэр үйлчилгээ эрхлээд, ажлын байр бий болгоод явахыг дэмжиж байгаа систем бол биш. Жишээ нь хоёр хүн байлаа гэж бодоод нэг нэг тэрбум өгчихье. Нэг нь үл хөдлөх хөрөнгө авлаа, нөгөө нь үйлдвэр байгууллаа гэж бодоход арван жилийн дараа бизнес эрхэлсэн хүн нь яг хэвэндээ байна.  Тэр хүн баахан хүн ажиллуулаад, цалин тавиад, татвар төлчихсөн л байдалтай байна. Нөгөө үл хөдлөх хөрөнгө авсан хүн байраа түрээслүүлээд хөрөнгө нь гурав дахин өссөн байх биз.

Түүнчлэн манай НӨАТ нь компаниудад маш их ачаа болж байдаг. 10 саяын орлоготой компанийн нэг сая нь НӨАТ, таван сая нь цалин байлаа гэж бодвол 5 саяыг нь НӨАТ-аас чөлөөлөх ёстой. Яагаад гэвэл энэ таван сая төгрөгийг цалин болгож авсан хүн дэлгүүр, үйлчилгээнд төлөхдөө давхар НӨАТ төлчихдөг.

Ингэхээр давхар төлөлт болоод байгаа биз? Тэгэхээр улсад нэг компаниас орлогынх нь 20 хувьтай тэнцэх мөнгө татвараар дамжуулаад орчихож байгаа юм. Энэ систем чинь  ажил олгогч хүнд ажлын байр бий болгоё гэсэн сонирхлыг хэзээ ч төрүүлэхгүй. Өөр нэг зүйл хэлэхэд. Үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн ихэнх нь “Наад чинь ямар хоол нэхэх юм биш байж л бай. Үнийг нь битгий буулга” гэдэг. Уг нь монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа үйлдвэр үйлчилгээний зориулттай мболгон улсынхаа төлөө хөдөлмөрлөх ёстой. Хүн болгон хөдөлмөрлөөд татвар төлдөгтэй адил тэдгээр талбай бүр татвар төлөх хэрэгтэй. Гэтэл тийм биш. Эсрэгээрээ эзнийг нь Сингапурт тансаглахад зарцуулагддаг. Иймэрхүү мөнгө хэзээ ч Монголдоо үлддэггүй.

-Тэгвэл таны хувьд татварын бодлогоор дэмжих нь хамгийн зөв гэж бодож байна уу ?

Тэгэлгүй яахав. Ядаж л НӨАТ-ынх татвараас цалингийн зардлыг хасах нь зүйтэй гэсэн санаа. Хоёрдугаарт нь иргэдийнхээ нэг сая төгрөгөөс доош орлогоос хувь хүний орлогын албан татвар авахаа болих хэрэгтэй. Энэ нь халамжийн бодлогоос хөдөлмөрлөснийхөө хирээр сайхан амьдардаг зарчим руу чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл хүн 1,100,000 төгрөгийн орлоготой байвал 100,000-аас л 10 хувийн татвар авна гэсэн үг. Өөр нэг зүйл нь зээлийн асуудал.

Бид орон сууцны зээлийг 5,8 хувь болгож бууруулж болж байгаа юм бол ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгч нарт бизнесийн зээлийн хүүг нь 5,8 хувь руу бууруулж яагаад болохгүй гэж?

Засгийн газар үнэхээр ажлын байрыг нэмэгдүүлье гэж бодож байгаа бол орон сууцжуулж байгаагаас дутуугүй мөнгийг бизнесийнхэндээ өгч чадна.

Төрд хөгжлийг хэрэгжүүлдэг бараг цорын ганц арга нь татварын бодлого. Өөр зүйл байхгүй. Татварын бодлогор юуг ч дэмжиж, эсвэл унтрааж болно. Экспорт, импортын татвар, тоног төхөөрөмжийн импортын татваруудаар дамжуулж бизнесийн орчинг нь сайжруулвал тэр салбар хөгжинө. Ашигтай байх нөхцөлийг бүрдүүлвэл тэр чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ хөгжөөд явна. Чи ийм бизнес хий, бүү хий гэдэг чинь Социализмын үеийн арга. Чөлөөт зах зээлийн нийгэмд уриа лоозонгоор төрийн бодлогыг хэрэгжүүлдэггүй. Манай дарга нар хэлдэг дээ “Энэ жил бизнесийг дэмжих жил”, “Энэ жил тариаланчдыг дэмжих жил” гэх мэтээр ярьдаг.

Гэтэл АНУ-д ийм зүйл сонссон уу? Барак Обама гарч ирснээ “Энэ жил тийм юмыг дэмжинэ” гээд зарлаж байхыг харсан уу. Энэ чинь социализмын үеийн арга. Магадгүй тухайн үедээ болж байсан. Төр өөрөө бүх юмны эзэн, төр хэлэхэд иргэд хийдэг байсан.

Гэтэл тухайн үед хэрэглэж байсан аргыг манай дарга нар одоог хүртэл мартдаггүй юм шиг байгаа юм. Тэд нар маань зах зээлийн, ардчилсан нийгмийг огт ойлгоогүй байдаг. Ойлгохгүй байсаар байгаад л дуусна.  Жишээ нь үнийн тухай  ямар ч ойлголт байхгүй. Нэг ерөнхий сайд нь гарч ирээд бензиний үнийг буулгана гээд л зарладаг. Гэтэл тэр үнэ гэдэг чинь зах зээлийн хуулиараа л явахаас биш хэн нэгэн даргын бодсоноор буурдаг эсвэл өсдөг зүйл биш. Төр хэзээ ч үнэ зохицуулдаггүй. Эд нарын сэтгэхүй нь нөгөө социализмын үеийнхээрээ. Дахиж төрөхөөс нааш өөрчлөгдөхгүй.

Ж.Лхагвасүрэн: Гэхдээ бууж өгч болохгүй...

-Тэгэхээр хоёулаа сэдвээ өөрчилье. Таныг сүүлийн үед хүмүүс ХҮН-ын Ж.Лхагвасүрэн гэдгээр илүүтэй таних болж. Хэзээнээс эхлэж улстөрд орохоор шийдэв. Мэдээж нэг талдаа нэлээд олон жил дэд бүтцийн салбарт ажилласан хүн шүү дээ...

Амьдрал ямар ч асуудалгүй сайн сайхан байгаа бол хүн барагтай улс төр рүү ордоггүй байх. Хөгжилтэй орнуудын жишээг харахаар иргэд нь сонгуульд бага оролцдог. Шалтгаан нь ахуй амьдрал нь асуудал бага байгаа учраас л улс төрд сонирхолгүй байна. Уг нь улс төр өөрт байгаа мэргэн санаагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулах эрдэмтэй хүмүүс орох талбар байх ёстой.

Гэтэл улс төрөөр чинь дамжуулаад муухай зүйл хийсээр байгаад улс төр тэнцүү муухай, улс төрч тэнцүү авилгач болчихсон. Уг нь улс төрд эх орончид, эрдэмтэй хүмүүсийн байх ёстой газар гэж миний хувьд боддог.

2012 онд Монголчууд амьдралаа өөрчлөх гэж сонголт хийсэн. Гэтэл байдал харин ч дордчихсон. Монголчууд шинэ хэлбэрийн амьдралыг хүсч байна. Гуравхан сая монголчууд баян ядуугийн ялгаагүй, шударга амьдрахыг хүсч байна. Хүмүүс түүний төлөө хөдөлсөн. Тэндээс хэсэг нөхөд ХҮН дээр цуглахад түүнд миний бие байж таарсан.

-Гэхдээ сайхан мөрөөдөл өвөртөлсөн ч нам нь тийм биш болчихлоо?

Тийм. Харамсалтай нь томчуудын шунал ороод нам маань хүнд байдал орчихлоо. Харамсалтай байна. Нэг талдаа бид хэт их амжилтанд шунасан, мөн 2 том намын бүтцийг дуурайж, гишүүнийн тооны араас хөөцөлдөж, эцэст нь мөнгөнөөс хамааралтай бүтэц бий болгож, тэрнээсээ болж мөнгөтэй хүмүүсээс хамааралтай нам болох суурийг тавьсан гэж харагддаг.

-Улс төрийн тоглолт гэдэг чинь тусдаа байдаг юм биш үү ?

Тийм бололтой. Би чинь өнгөрсөн оны гурван сараас эхлээд клубт орж, нам байгуулах ажилд оролцсон. Өнгөрсөн оны 12 сарыг дуустал бодлого ярилцаж үй түмэн хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан.Тэгээд он гараад  намын дарга солигдсоноос хойш эрх мэдлийн төлөөх дотоод тэмцэл нь гол ажил болж хувираад өнөөдрийг хүрлээ. Бодлого ярих цаггүй болсон. Миний хувьд ч гэсэн төвөгшөөж эхэлж байна.

-Танай намын нөгөө тал гэж хэлж болохоор С.Ганбаатар даргатай тал даргаараа Т.Ганболд гэдэг хүнийг тавьсан тухай хоёулаа ярилцсан. Таны хувьд энэ хүнийг хэр сайн мэдэх вэ ?

Намд элсэх хүртэл нь бол мэддэггүй байсан. Саяхан хийсэн юмтай хүн зэргээр зарим сайтуудаар бичигдсэн байсныг уншиж л жаахан ойлголттой болсон.  Өмнө нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга байж байгаад Алтан дорнод компанийг нэлээн асуудалтайгаар авсан бололтой юм аа даа. Цаад орос эзэд нь мафитай холбоотой гэсэн мэдээллүүд ч байна лээ.

Миний хувьд тэр хүний боловсрол энэ тэрийг судалж амжаагүй. Дарга асантай төстэй л юм бичсэн байсан. Бүх л төрлийн бизнесийг хийсэн, сэргэлэн залуу гэсэн сэтгэгдэл төрсөн. Харин нам удирдах, цаашилбал төрийн түшээ байх шаардлага хангаж байгаа гэдэгт эргэлзэж байна.

Улс төр нь эрдэмтэй хүмүүс ухаанаа уралдуулаад улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг гаргалгааг нь гаргадаг талбар байх ёстой атал хөрөнгөө өсгөх боломж, татвараас зугтаж эдийн засгийн өршөөл зэргээр өөрсдийгөө болон бизнесээ хамгаалуулдаг газар болчихсон учраас ийм зорилгоор улс төр рүү орж ирсэн байх вий гэсэн бодол байна.

-Хувийн ашиг сонирхол байгаа гэсэн үг үү ?

Байгаа биз дээ. Хүмүүсийн таацгааж байгааг сонсвол Иргэний зориг-Ногоон намын С.Дэмбэрэл. Тэр хүн 2012 онд иргэний зориг намыг нилээд бутаргаж байж жагсаалтаар гарч ирсэн. Гэтэл ирэх сонгуульд Иргэний зориг-Ногоон нам нэг ч суудал авах хувилбаргүй болчихсон. Тэгэхээр нь гайгүй нэр хүндтэй байгаа нам руу дүүгээ шургуулаад, дараа нь өөрөө Иргэний зориг-Ногоон намтай эвсэл байгуулна гэх мэтээр жагсаалтаар УИХ-д суух гэсэн дүр зураг харагдаад байгаа юм. Тэгэхээр гуравдугаар анги дээр нь С.Дэмбэрэл гэдэг хүн гарч ирэх юм байлгүй дээ. Би ч нэг иймэрхүү цуурхалд дургүй л дээ.

-Удахгүй сонгууль болно. Зарим хүмүүс танай намыг иргэдэд шинэ найдварыг төрүүлсэн гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хоёр том намын эсрэг зогсох чадалтай нам байгуулагдлаа гэж харсан. Гэхдээ энэ байдал нэлээд хүндрэлтэй болчихлоо. Тийм үү ?

Манай намын хувьд 2016 оны сонгуульд орох нь хэцүү болсон ч байж магадгүй. Иргэдийн итгэж байсан найдварыг ч  хариуцлагагүй асуудлаас болж мөнгөтэй хүмүүсийн тоглоом болгочихлоо. Гэхдээ бууж өгч болохгүй.

-Дөрвөн жилд нэг удаа сонгууль болохдоо маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Үүнд нь сонгогчид дуртай. Бараг хэн их мөнгөтэй, хэн ихийг зарцуулж байгааг нь харж сонгодог. Энэ системийг таны хувьд юу гэж боддог вэ ?

-Миний бодлоор УИХ-ын гишүүдийн тоог 150 болгох хэрэгтэй.

-Гайхалтай. Яагаад ?

Мэдээж тийм асуулт гарч ирнэ. Нэг УИХ-ын гишүүн нэг дүүргээс гарна гэхээр талбай маш том учраас зардал нь доод талдаа тэрбум болдог. Огцом жижигрүүлээд 3 эсвэл 4 хорооны дундаас нэг гишүүн гаргадаг болчихвол зардал нь дагаад огцом багасна. 50-100 сая руу орж ирнэ.Хоёрдугаарт хүн амын тооноос нь зохимжтой УИХ-ын гишүүнийг тоог гаргадаг. Одоогийн 76 гэдэг чинь бараг хоёр сая хүрээгүй байх үеийн тоо. Гурван сая хүн амын зохимжит тоо нь 140 орчим. Асуудал хүн амынхаа тооноос хамаарахгүйгээр байж л байдаг. Гэтэл одоогийн 76-г харахаар засаг барьж байгаа нь 40, түүний 20 нь сайд хийчхээр үлдсэн 20 нь л хуулиа боловсруулдаг. Сөрөг хүчнээ нэг их ажилд оруулдаггүй. Тэгэхээр нөгөө их ажил чинь 20 гишүүн дээр төвлөрөхөөр лобби сайтай, мөнгөтэй холбоотой хуулиуд нь урдуур орж батлагдчихаад бусад нь хүлээгдээд байж л байдаг. Эсвэл маш чанаргүй баталдаг. Нэг хүлээгдэж байгаа хуулийн цаана нэг хэсэг хүмүүсийн асуудал шийдэгдэхгүй олон жил хүлээгддэг гэсэн үг.

-150 гэдэг чинь их сонирхолтой тоо байна. Өмнө нь 99 гишүүнтэй болох санал ч гэсэн ирж байсан. Олон байх тусам илүү хүнд сурталтай болох биш үү ?

Ер нь аливаа зүйл чинь цөөхөн байх тусмаа хамааралтай болдог биз дээ. Одоогийн 76-д чинь маш их эрх мэдэл оччихсон учраас хүмүүс тийшээ хошуураад байна. Түүний тоо ихсээд эрх мэдлийн хувиарлалт нь багасаад ирэхээр байдал арай өөр байна. Тэр 99 гэдэг хаанаас гарсан гэдгийг мэдэхгүй. Тэнгэртэй ярьж байгаад шийдсэн гэсэн. Харин миний ярьж байгаа тоо бол хүн амнаас гаргасан тоо шүү. Нэгэн Үндсэн хууль судлаачаас сонссон зүйлээ ярьлаа. Гишүүдийн тоо нэмэгдвэл нэг байнгын хорооны гишүүдийн тоо нэмэгдэж олон хууль боловсруулж, батлах боломжтой болно. Нэмээд хэлэхэд УИХ гишүүний халдашгүй эрхийг үгүй хийх хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн хүн УИХ гишүүн ч бай шорондоо орох хэрэгтэй. Ингэчихвэл буруу аргаар мөнгө олсон эсвэл хөрөнгөө өсгөх гэсэн хүмүүс шавах нь багасна.

-Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хуралдаан заралсан ч ирж бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй.Таны хувьд болон танай намын зүгээс цөмийн хаягдлын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ ?

Манай намын үзэл баримтлалд байгаль орчноо дээдлэнэ гэж байгаа. Тэр талаасаа манай оронд цөмийн хаягдлыг хадгалах шаардлагагүй гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж, оюун ухаанаа уралдуулж, гараа хөдөлгөөд хөгжих ёстой болохоос биш дэлхийн цөмийн хог хаягдлыг хадгалаад байгаль орчноо бохирдуулаад, эрүүл мэндээрээ дэнчин тавиад тийм аргаар улс төрчдийн өөрсдийгөө баяжихад зарцуулсан тэр өрийг дарахын төлөө хийх ёсгүй.

Ер нь олборлосон газраа хаях ёстой юм уу ашигласан газартаа хаях ёстой юм уу гэсэн асуудал байна. Олборлосон газартаа хаяна гэдэг чинь АНУ тэргүүтэй том улсуудын л логик шүү дээ. Заавал үүнийг нь дагахаас өөр аргагүйн бол уран зарахаа л больчих. 

Бид заавал ингэх хэрэггүй. Өөр баялаг байгаа биз дээ. Тиймээс ийм амархан аргаар мөнгөтэй болох гэсэн хачин зүйлийг бол хийгээд хэрэггүй. Түүнчлэн цөмийн асуудлыг маш богино хугацаанд,  ард түмнээр огт хэлэлцүүлэхгүйгээр шийдэх гэж байгаа нь буруу. Бас УИХ гишүүд нь ямар ч мэдлэггүй. Зүтгүүлээд шахаад байгаа нь ойлгомжгүй харагдаад байгаа юм. Уг нь ийм чухал асуудлыг жилийн өмнөөс хэлэлцүүлэх хэрэгтэй. Дэмждэг тал, дэмжихгүй байгаа талууд нь өөрсдийн баримтаа энэ хугацаанд иргэддээ нээлттэйгээр танилцуулах ёстой. Хамгийн чухал нь бид зүгээр суух биш хөдөлмөрлөж амьдрах ёстой. Бид эсэргүүцэж байгаа.

-Гэхдээ эд нар чинь булшлахгүй ээ гэж дайраад байгаа шүү дээ ?

Тэр чинь ёстой худлаа. Олон улсын конвенц гэж байдаг. Манай улсын үндсэн хуулийн аравдугаар зүйлд олон улсын конвенцид нэгдсэн тохиолдолд дотоодын хуультай ижил үйлчилнэ гээд заачихсан байдаг. Олон улсын зарчмаар конвенц нь илүү хүчтэй  байдаг. Дотоодын хуульд хориглосон байх нь хамаа байхгүй. Конвенц дээр нь булшилна гэчихсэн бол дотроо ямар ч булшлахгүй гэсэн хууль байгаад хүчингүй. Ингэж ард түмнийг хуурч асуудлыг шийдэж байгаа нь үнэндээ дургүй хүргэж байна.


  1. 103.57.93.* Зочин 2016-04-12 20:13
    ЗӨВ ШҮҮ
  2. 202.70.46.* Zochin 2016-04-10 16:41
    Gishuugiin toog nemj bj l zub parlament bii bolno teghgui bol 76n burhan bas chutgur bj l bn bid bahi baidgaarai ulam dordoj amidarna
  3. 103.57.94.* Зочин 2016-04-10 13:35
    Зөв бодол эерэг сэтгэлгээтэй залуу бна. Даанч нам нь мөнгөтэй хүний мэдэлд оччихлоо. Хүн намаас гарсан нь өлзийтэй.
  4. 202.9.41.* Зочин 2016-04-10 07:37
    Гишүүдийн тоо нэмэх хасахаас илүүтэй нэгдмэл нийтийн эрх ашиг, олны хөдөлмөрлөөд сайхан амьдрах нийгмийн дэд бүтцээ зорилт зорилгоо шинжлэх ухааны үндэстэйгээр тод тодорхой болгох ёстой. Тэгэхгүйгээр хэн ч ямар ч нам юу ч төлөвлөөд хоосон уриа лозун төдий болж, хүч хөрөнгө баялаг өнөөдөр лугаа гадагш алдагдаж урссаар л байх болноо. Үнэт зүйлээ зөв олж, жишээлбэл: 1д МОНГОЛ ХҮНээ хөгжүүлэх тууштай зөв бодлого 2т ХҮҮХЭД ЗАЛУУСын хүмүүжил, боловсрол, ирээдүй 3т ГЭР БҮЛИЙН хөгжил, эдийн засаг, аюулгүй байдал, эрх чөлөө, үүрэг хариуцлага 4т хүрээлэн буй орчины хамгаалалт ашиглалт нийтийн эзэмшил баялагын шудрага хувиарлалт, татвар бизнес төрийн үйлчилгээний тогтвортой байдал сайжруулалт шинэчлэлт. 5т Улсын аюулгүй байдал, гадаад харилцаа экспорт импортын оновчтой бодлого, технологи иноваци хөгжүүлэлт гэхчлэн цөөн хийгээд хэрэгжихүйц, алсаа бодсон өнгөрсөнтэй өнөөдөртэй уялдсан, нийтээрээ зорьдог мэддэг зарчимтай болж түүнийг хэрэгжүүлэхэд эрдэмтэд иргэд намууд ухаан бодлогоо уралдуулдаг баймаар санагддаг даа. Мэдээж зөв шалгуурладаг шилэн нээлттэй тогтолцоо, нийгмийн суурь дэд бүтцээ зөв байгуулж тогтоох хэрэгтэй дээ.
  5. 150.129.140.* Тулга 2016-04-10 05:17
    Зөв бодолтой өндөр боловсролтой ийм сэхээтнүүдийг л сонгоорой сонгогчид оо уриалж байна
  6. 112.72.11.* зочин 2016-04-09 21:02
    Татварын бодлого дээр их зөв ярьж бна НӨАТ багасгах хэрэгтэй ,ХАОАТ тэглэх хэрэгтэй УИХ 150 гишүүнтэй болгохоор цалин хангамж их нэмэгдэнэ татвар ахиад л өсөх байх даа 3 сая хүнтэй улсад олон хүн байх шаардлагагүй .Дэлхийн топ сургууль,төгссөн мастер хамгаалсан боловсрол өндөр ,хаа ч хэний ч өмнө очсон чадварлаг сэхээтнүүд байх ёстой .Тэрнээс эцгийн босгосон хөрөнгөөр мөнгө хаяж улс төрд ордог ,суурь боловсрол мэдлэггүй мөртлөө удирдлагын акдем төгссөн гээд мөнгөөр диплом авсан хоосон толгойтнуудаар улс орны маань толгой дүүрэхээр яаж энэ улс хөгжих билээ,мөн гэрээ засаад төрөө зас гэдэг туйлбаргүй хоёр гурван эхнэртэй нэгийг уйлуулж нөгөөтэй суудаг ,охин шигээ хүү шигээ хүнтэй суудаг арчаагүй амиа бодсон ёс суртхууны доголдолтой ийм хүмүүсийг ,бөх хүн бөхөө барилдах хэрэгтэй ,нэгийн нь улс төрийн золиос болгож устгачихаад ахын нь дүүгий нь гаргадаг үүнийг болих хэрэгтэй улс төрд гарч ирж бгаа энэ ах дүү нарыг ойлгодоггүй өөрчлөх юм их бна даа зөв ,шудрага , өндөр блловсролтой ,эх оронч хүн хэзээ гарах юм бол доо!!!!!
  7. 202.179.26.* Зочин 2016-04-09 18:46
    их ухаалаг залуу шиг санагдлаа, шинэ улс төрийн ийм боловсон хүчинг дэмжиж 2016 онд эх орныг энэ хямрлаас гаргах гарцыг шийдвэрлүүлж, ард түмэн, эх орноо ялзарлаас шалгах цаг болжээ, ард түмэн минь
  8. 103.26.195.* Зочин 2016-04-06 23:48
    bayan yadyygiin yalgaag arilgana gedegd bas bodoltoi handahgvi bol ersdeltei bhaa yag neg garaanaas garaad yag ijil biznes hiisen murtluu neg ni amjiltand hvrsen nuguu ni bvr dooshoo yavchihsan bvl yahav hoeylaa shydraga hudulmurlusun
  9. 103.26.195.* Зочин 2016-04-06 23:34
    Сайхан ухаалаг залуу бна
  10. 202.179.25.* Зочин 2016-04-06 13:23
    NAMIIN NOHDUUD INGEED BUSSINES HUMUUS BHAAR L BUTHEEN BAIJ BGAAM DAAAA
  11. 103.26.194.* zochin 2016-04-05 21:09
    Mash zuv zuil yrilaa..tax,150gishuun ,geh met uur saihan zuv sanaa gargalgaa bga baih.sonirhol tataj bn shuu.Amjilt!!!
  12. 122.201.21.* Modun 2016-04-05 18:43
    Harin ch uur setgelgeetei zaluu ym bish uu. Am ajil n zurchihdeggui l ym bol turd heregtei zaluu sanagdlaa
  13. 202.131.7.* Zaluu hun 2016-04-05 10:34
    Neleen communist nohor uu ugui yu
  14. 103.229.120.* zo 2016-04-04 15:27
    SHine erch khutei khumuus zasagt garaasai.
  15. 49.0.160.* mash saihan yariltslaga bn 2016-04-04 12:10
    mash saihan yariltslaga bn