Д.Батхуяг: Инноваци болгон шинэ бүтээл байж чаддаг, харин...

А.Сэвжид
2016-04-06 00:52

Орчин үед дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх орнууд инновацид суурилсан эдийн засгийн эргэлтийг бий болгож өөрсдийн хөгжлийг өдөр бүр ахиулж байна. Тэр дундаа IT буюу мэдээллийн технологийн салбарын зах зээл өнөөдөр хүчээ авч өдөр бүр шинэ технологиуд хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Манай улсын хувьд гэсэн энэ давалгаанд өртөж уг салбарт дэлхийд өрсөлдөх боломж бий. Өдгөө Google, Facebook, Microsoft зэрэг дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа монгол залуучуудын тоо 100 давсан байна. Тиймээс эдгээр залуучууддаа тулгуурлан уг салбарын өрсөлдөх чадварыг олон улсад нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Мэдээллийн технологийн Шинжлэх ухааны паркийн Инноваци, технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг хэллээ. 

-Өнгөрсөн долоо хоногт Монголын Эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн чуулганаар зохион байгуулсан “Инноваци-Бизнесийн боломж” сэдэвтэй хэлэлцүүлгийн ололт амжилт нь юу байв?

Бид энэ удаа инноваци нь бизнесийн боломжийг үнэхээр бий болгож чадах эсэхийг онцолж, энтрепренёр-бизнес эрхлэгчийн инновацийн санаачлага ажил хэрэг болдог үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд бидэнд ямар сургамж, сорилт, шийдэл байгаа талаар хэлэлцлээ.

Нийгэмд инноваци нь цоо шинэ зүйл, зөвхөн эрдэмтэн, судлаачид мэддэг, хийдэг гэсэн ташаа ойлголт түгээмэл байх шиг байна.

Инновацийн ач холбогдлыг судлан таниулж, хөгжүүлэх арга замын хувилбарыг эрдэмтэд танилцуулж, Төрөөс дэмжиж хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой байж болох юм. Энэ жилийн хувьд нэг ололт нь бизнесийнхэн арай түлхүү оролцлоо. Тиймдээ ч инновацийн соёлыг төлөвшүүлж, тогтолцоог хэрхэн хөгжүүлэх талаар илүү ажил хэрэгч гэж хэлж болохуйц санал, шийдлийг дэвшүүлж чадсан гэж харж байна.

-Ер нь “инноваци” гэсэн сэдвийг маш олон жил тойрч ярьсан. Гэхдээ энэ жилийн онцлог юунд байсан бэ?

Арван жилийн өмнөөс Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх анхны бодит санаачлагууд хэрэгжиж, өнөөг хүртэл хэлэлцсээр ирсэн байдаг. Энэ жилийн гол онцлог нь нэг талаас инновацийн соёл сул ч гэсэн тодорхой хэмжээнд бүрэлдсэн, инновацийн тогтолцооны гол институциуд бүрдсэн үед хэлэлцэж байгаагаараа онцлог. Дэлхийн жишгээр инновацийн соёлыг бүрдүүлж, тогтолцоог саадгүй ажиллуулахад шинжлэх ухаан, технологийн паркууд голлох үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл, Монгол улс нь шинжлэх ухааны парк хоёрыг өлгийдөж аваад удаагүй байна. Нөгөө талаас инновацийн тогтолцоог бүрдүүлэхэд оролцогч талуудын тэгш оролцоог хангахын чухлыг онцолж байгаагаараа онцлог.

Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын амжилттай хамтын ажиллагаа явагдсаны үр дүнд инноваци бий болдог.

Энэ талаас нь харвал манайд төрийн оролцоо нь бий, үүнийг дагаад эрдэм шинжилгээний байгууллага нь идэвхтэй байна. Гэтэл бизнесийн оролцоо муу байгаа нь нөгөө гурван талын нэг нь алга байгаа болохоор ажиллахгүй өдийг хүрсэн гэсэн үг. Үүнийг тодруулж олны анхааралд чиглүүлэхээр зорьсон нь онцлог байлаа.

-Тэгвэл бизнесийнхний оролцоо сул, идэвхгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?

Олон шалтгаан бий байх. Миний бодлоор нэг үндсэн том шалтгаан бол эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдад итгэх бизнесийнхний итгэлийг алдсантай холбоотой гэж үзэж байна.

Өнгөрсөн 25 жилийг өнгөц харахад бизнесийнхэнд дутуу дулимаг технологи дамжуулах, гүйцэтгэсэн ажилд хариуцлага хүлээхгүй эзгүйдүүлэх, эргэх холбоогүй үлдээх зэргээр тэдний итгэлийг багагүй алдсан байна.

Мөн нэг нэгнийхээ салбарын онцлогийг мэдэхгүйн улмаас судлаач, бизнес эрхлэгчдийн хооронд үл ойлголцол бий болоод байгааг засах алхам төдийлөн хийдэггүй. Үүнийг залруулахад бизнесийн суурьтай байгалийн ухааны мэргэжилтэн, эсвэл байгалийн ухааны суурьтай бизнесийн мэргэжилтнийг цөөнгүй тоогоор бэлтгэх шаардлагатай байна.

-Та “Инноваци” нь цоо шинэ зүйл биш гэж  хэллээ. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлаж өгнө үү?

Энгийн жишээгээр тайлбарлах гэж оролдъё. Дэлхийд инновацийг тухайн улсад бүртгүүлсэн патентийн тоо, тэдгээр патентийг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогын хэмжээгээр үнэлэх хандлага байдаг. Тоо баримтаас үзэхэд Монгол улс1981-1991 оны хооронд шинэ бүтээл оновчтой саналын системээр 18 000 гаруй бүтээлийг бүртгэсэнбайна. Үүний дийлэнх хувь буюу 60 гаруй хувийг тухайн үеийнхээ улс ардын аж ахуйд нэвтрүүлж үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл инноваци гэж нэрлээгүй ч инновацийг явуулсан. Харин сүүлийн 25 жилд манай улс шинэ патентийн системийг нэвтрүүлснээс хойш бүртгэж авсан шинэ бүтээл, ашигтай загварын тоо нь 8000 орчим байна. Эдгээрийн арав хүрэхгүй хувийг эдийн засгийн эргэлтэнд оруулсан байдаг. Эндээс үзэхэд инновацийн идэвхи буурсан ч юм шиг харагдана. Үүнийг нарийвчлан судлах л шаардлагатай. Өнгөц тоо баримтаар туйлын үнэн мэтээр үнэлж болохгүй юм. Тиймээс хэлэлцүүлгээс уламжлал, шинэчлэлийг хослуулах замаар өөрийн орны онцлогт тохирсон инновацийн системийг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэл дэвшүүлсэн.

-Таны хувьд эдийн засгийн чуулган дээр Инновацийн соёлыг ярихдаа оюуны өмчтэй холбож ярьсан. Инновацийн соёлд оюуны өмчийн соёл хамаатай юу?

Инноваци оюуны өмч хоёр бол салшгүй зүйл. Инноваци болгон шинэ бүтээл байж чаддаг бол шинэ бүтээл, шийдэл, оюуны өмч болгон инноваци болж чаддаггүй нэг онцлогтой. Өөрөөр хэлбэл оюуны өмч нь ерөнхий байх нь. Тиймээс оюуны өмчийн соёлыг тогтоох нь инновацийн соёл бүрдэх үндэс, суурь болж өгөх учиртай. Үүнийг анхаарах шаардлагатай.

-Тэгэхээр практик дээр бүтээгдэхүүн болгоод зарах боломжгүй шинэ зүйлийг инноваци болж чадахгүй гэж ойлгож болох уу?

Тийм. Тэгж ойлгож болно.

-Сүүлийн үед старт-ап байгуулж байгаа залуус нэмэгдэж инновацийн соёл үүсч эхлэж байгаа ч энэ нь олон нийтээс хол байх шиг санагдаж байна. Таны бодлоор хэрхэн инноваци олон нийт тэр дундаа залууст ойртож, шинэ соёл түгэх вэ?

Бидэнд 100 хувь орчин нөхцөл нь бүрдчихсэн байгаа юу гэвэл үгүй. Тийм учраас магадгүй олон нийтээс хөндий байгааг үгүйсгэхгүй. Соёл түгж, олон нийтэд хүрэхэд бидэнд үлгэр үзүүлэх инновацилаг, энтрэпренёр баатар хэрэгтэй байгаа юм. Бусад орнуудын амжилттай жишээнээс үзвэл ийм баатрууд гол төлөв оролцогч талуудын ашиг сонирхлын дундын бүсэд бий болсон байна. Бид шинжлэх ухаан, технологийн паркуудаа маш түргэн чадавхжуулж, ажиллуулах шаардлагатай байх. Учир нь дээр дурдсан шинжлэх ухаан, технологийн паркууд энэ дундын бүсэд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Ингэж үлгэр үзүүлэх нь хамгийн хялбар арга гэж бодож байна. Товчоор хэлбэл инновацийн соёлыг төлөвшүүлэх улс даяар иргэн, байгууллага бүрийг хамруулсан шинэ давалгаа үүсгэх шаардлагатай байна.

Дэлхийн түвшинд сэтгэж, жижгээр эхлүүлж, түргэн өсч томроорой, бэрхшээлд бүү шантраарай

-Ер нь  бид инновацийг аль салбарт түлхүү хөгжүүлж чадвал амжилттай байж, цаашилбал олон улсад өрсөлдөх чадвараа дээшлүүлж болох вэ ?Өөрийн улсын нөөц бололцоонд тулгуурлан сонгож хөгжүүлэх нь гарцаагүй. Миний бодлоор олон салбарт өргөн ашиглах болсон мэдээллийн технологийн салбарын инновацийн тогтолцоог нэн тэргүүнд хөгжүүлж, дараа нь бусад салбарт амжилттай туршлагаа нэвтрүүлэх нь илүү хурдан, үр дүнтэй арга зам болов уу. Дараагийн нэг нь зөвхөн Монголд байдаг биологийн нөөцөд үндэслэсэн зүйлсийг хэлж болно. Гэхдээ багагүй нөөц, чамгүй урт хугацааг зарцуулдаг. 

Цөөн хүн амтай улсын хувьд хязгаарлагдмал нөөцөө маш тодорхой нэг зүйлд төвлөрүүлэх нь эхний ээлжинд чухал.

Мэдээллийн технологийн салбар нь түргэн хугацаанд, үлэмжхэн нөөцөөр орон зайн хил хязгааргүйгээр том үр дүн гаргах боломжтой онцлог салбар л даа.

Ер нь бид нэгдсэн улс үндэстнээрээ инновацилаг, бүтээлч сэтгэлгээтэй, тэмүүлэлтэй, хоорондоо хамтарч ажиллаж чаддаг, өөртөө байхгүй зүйлээ бусдаас асуугаад авчихдаг зоригтой, байгаа зүйлээ бусадтайгаа хуваалцаж чаддаг соёлыг бий болгох нь чухал.

Жишээ нь Израйль улсыг энтрепренёр сэтгэлгээтэй, бүтээлч, инновацилаг 7 сая иргэнтэй улс гэлцдэг. Үүний нотолгоо нь өнөөдөр тус улс хамгийн их старт-апуудыг гаргаж түүнээс нь дэлхийн түвшинд хүрсэн тохиолдол ч байна, том компаниудад зарчихсан тохиолдол ч олон байна. Монгол улсын хувьд нийт иргэдийн эрдэм боловсролын түвшин, оюуны потенциалаараа дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Тэгэхээр нөөц бололцоогоо зөв ашиглаж чадвал бидэнд Израйль улс шиг ажилтанд хүрэх боломж бий.

-Таны хэлж байгаагаар инновацилаг байх соёлыг зайлшгүй бий болгох хэрэгтэй гэж ойлгогдоод байна, тийм үү?

Тийм. Соёлыг бий болгохын тулд давуу тал, бүрдсэн боломжоо харах хэрэгтэй болов уу. Жишээлбэл бид өнөөдөр олон улсын судалгаагаар мэдээллийн технологийн маш сайн хэрэглэгч болжээ. Ухаалаг утас, интернетийг бүх л хүн хэрэглэж байна. Тэгэхээр үүндээ тулгуурлаад инновацийн соёлыг бий болгож болох юм гэж хэлээд байгаа нь тэр.

-Мэдээллийн технологийн салбарыг инновацилаг байдлаар хөгжүүлж чадвал бусад салбаруудаа хөгжүүлж болно гэж үү?

Яг тийм.

-Тийм бол, энэ цаашлаад дэлхийн түвшинд гарах гарц болох боломжтой юу ?

Тийм. Мэдээллийн технологийн салбараар жишээ татвал бид дэлхийн түвшний программ эсвэл ямар нэг тоглоом, апп хийгээд үсрэлт хийх боломжтой. Нэг анхаарах зүйл нь дэлхийн стандартынх нь дагуу чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой. Манай залуус тэр стандарт, шаардлага, ур чадварыг түргэн эзэмшиж чадна. Гэхдээ боломжийг нь бүрдүүлэх шаардлага тулгарна. Өнөөдөр гадаадын томоохон компаниудад хүлээн зөвшөөрөгдөөд ажилладаг софтвэр инженер 100 гаруй болчихож. Эдгээр залуус IT салбарын Монголын гарааны компаниудад түлхэц үзүүлэх хэмжээний хүчтэй нөлөө үзүүлж чадах уу гэхээр үгүй.

Учир нь тоо нь цөөдөөд байгаа юм. Харин 1000 болчих юм бол баталгаатай. Үүнд зохион байгуулалттай сургалтын хөтөлбөр хэрэгтэй. Тэгэхээр мэдээллийн технологийн шинжлэх ухааны паркаас гадаадын том компаниудад ажилладаг инженерүүдтэй хамтарч байгаад “100-аас 1000-д хүрэх зам” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 1000 софтвэр инженерийг бий болгох зорилготой юм. Тиймээс энэ хөтөлбөрт залуусыг идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна. Ингэж сууриа сайн бэлдэж байгаад цаашаа явбал бид дэлхийн түвшинд гараад ирнэ гэдэгт 100% итгэлтэй байна.

Ярилцлагынхаа төгсгөлд асуухад залуу энтрепренерууд, бизнес эрхлэгч залуустаа хандаад таны зүгээс юу хэлмээр байна вэ ?

Дэлхийн түвшинд сэтгэж, жижгээр эхлүүлж, түргэн өсч томроорой, бэрхшээлд бүү шантраарай гэж товчхон хэлмээр байна. Паркийн болоод энтрепренёр, инноваци, гарааны бизнесийн хүрээллийнхэн Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. Амжилт хүсье!
 


  1. 162.158.92.* Алтангэрэл 2018-12-11 10:49
    Таны бичсэн зүйл өнөөдөр манай улсын бодлогын гол стратеги байх ёстой. Тиймээс залуус болон дунд насны иргэдээ тухайн хөтөлбөрт олноор хамруулах хэрэгтэй. Амжилт хүсье
  2. 103.57.95.* baagii 2016-04-19 14:03
    Amjilt