Ц.Эрдэнэбат: Монголчууд бид цөөхүүлээ учраас масс үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөж чадахгүй, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн л гарц
Гүүмэл ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. Түүний хувьд иргэдийн хэрэглээнд өдөр тутам ашиглагдах болсон ТҮЦ машины анхны загварыг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнд танилцуулж байсан нэгэн. ТҮЦ машины төсөл хэний гараас хэний гарт хэрхэн шилжсэн, технологи, тэр дундаа мэдээллийн технологи Монголын хувьд яагаад чухал болох, хар машины хаана но байж болох эсэх... Өөрийн толгойгоор сэтгэж, өөрийн гараар бүтээж ирсэн, хийсэн ажил хэлэх үгтэй түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцахаар болсон Танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Ц.Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн. 1997 онд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Төгсөөд сургуульдаа 3 жил ажилласан. Түүний дараагаар УИХ-ын тамгын газарт программ зохиогч, вэбмастер, сүлжээний инженер, админаар ажиллаж байсан.
Төрд нийтдээ 12 жил ажилласан. Дараа нь АНУ-ын Лос Анжелес хотын Деврай их сургуульд мэдээллийн технологи чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Тэндээ хэсэг хугацаанд манайд бол баяжуулсан бодит байдал гэж орчуулдаг “Augmented reality” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Total Immersion гэдэг компанид ажиллаж байгаад 2011 онд нутагтаа ирсэн. Ирээд "Гүүмэл" компанийг нэг найзтайгаа хувь нийлүүлж байгуулсан юм. Одоо бол программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ‘Метатек’, ‘Гүүмэл’ компаниудыг удирдаж ажиллаж байна.
- АНУ-д томоохон технологийн компанид ажиллаж байсан хүн эх орондоо ирээд хувийн компани байгуулсны цаана мэдээж том зорилго байсан байх гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа яагаад программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компани байгуулахаар болсон, компаниа байгуулснаас хойш ямар бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлсэн талаар яриагаа эхлүүлье?
-Нэгдүгээрт, Монголдоо хийх ажил байсан.
Нэг үе УИХ-ын гишүүд iPad-тай боллоо гээд шуугицгаасан. Тэр үед би тэр iPad-ийг Монголд оруулж ирж байлаа.
Тиймээс Монголын бүх хуулийн программыг iPad-д нийцтэй болгож, боловруулах ажил байсан. Тэгээд ирсэн байгаа. Нөгөө нэг зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засагт хувь нэмэрлэх. Мэдлэгт суурилсан эдийн засаг бол бидний ирээдүйн хөгжил.
Тэр ч утгаараа бид техник технологийн шинэ шийдлүүд, инновацийн шилдэг бүтээлүүдийг үйлдвэрлэж, бүтээгч эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Тиймээс программ хангамжийг, техниктэй хослуулсан технологийн шийдлүүдийг гаргах нь зүйтэй гэж үзээд анх “Гүүмэл” ХХК-аа байгуулж байсан.
-АНУ-д cutting edge хамгийн фронтын технологитой компанид ажиллаж байсан туршлага тань их хэрэг болсон байх? Компаниа байгуулснаас хойш ямар ажлууд хэрэгжүүлсэн бэ?
АНУ-д ажиллаж байсан компанид амьдрал дээрх 3 хэмжээст бодит орчинг компьютерийн хуурмаг 3 хэмжээст орчинтой холин хооронд нь ойлголцуулж программчлах технологийг нэвтрүүлж, тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан л даа. Тиймээс би үүнийг Монголд хийж үзэхээр нэлээд олон туршилтуудыг явуулж үзсэн байгаа. Бид нар зөгнөлт кинон дээр хардаг шүү дээ, Таны хажууд компьютерын 3 хэмжээст дүрс гарч ирээд тантай харьцаад, яриад байдаг. Та амаараа даалгавар өгөхөд л биелүүлээд байдаг. Бас өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс мэссэж бичихээ больж, шууд яриад гар утас нь түүнийг боловруулж явуулдаг, мөн гар утсандаа залгах гэж байгаа хүнийхээ нэрийг хэлэнгүүт автоматаар залгагддаг гэх зэрэг шинэчлэлүүдийг Монголдоо туршилтаар нэвтүүлэхээр ажиллаж байсан.
-Таны туршсан төслүүдээс олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн технологи гэвэл?
Монголдоо технологийн нэлээд олон шийдэл нэвтрүүлсэн. Зөвхөн программ хангамж гэлтгүй техник хангамжтай нь хослуулаад мэдээллийн систем бүтээх технологийн компанийг босгох гэж нэлээд ажилласан даа. Тухайлбал тасалгааны шилийг touchscreen болгож, түүнийг алсаас биеийн хөдөлгөөнөөр удирдах технологийг хийж байлаа. 2013 оны наадмаар талбай дээр болсон шоуны үеэр Чингис хааны хөшөө босч үг хэлдэг үзүүлбэр байсан даа? Тэр проекторын технологийг бид нар нэвтрүүлж байсан. Мөн бидний томоохон амжилтад хүрсэн ажил бол ТҮЦ машиныг Монголд нэвтрүүлсэн явдал байгаа. Энэ ажилтай бараг зэрэг явж байсан касст машиныг Н.Алтанхуягийг шадар сайд байхад нь анх санаагаа танилцуулж
, мэдээллийг түгээдэг машин хийж болохын байна гэж хэлсэн. Тэгээд Ерөнхий сайд болоход нь дахиж танилцуулаад Хятадаас машиныг нь оруулж ирж угсруулаад, программыг нь өөрсдөө бүтээж байлаа. Тэр нь одоо хүмүүсийн мэддэгээр ТҮЦ машин. Иргэн бүр зарим Төрийн үйлчилгээг нэг дороос авдаг болсон нь иргэдэд хэрэгтэй, том ажил болсон.
Үүнээс гадна Оюутолгойд анх удаа хамгаалалтын малгайг оруулсан анхны интерактив музейг хийж өгсөн. Дараа нь Ховд аймагт орчин үеийн шийдлийг харуулсан Ерөнхийлөгчийн танхимыг интерактив хэлбэрээр хийж өгсөн. Хамгийн сүүлд Тэнгис кино театрт билет зардаг автомат машин хийж өгсөн.
-Тэгэхээр ТҮЦ машиныг анх танай компани нэвтрүүлсэн гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. ТҮЦ машины анхны загварыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт танилцуулсан хүн нь би байгаа юм.
Ерөнхий сайдад итгэж асар олон сарын хөдөлмөр цагаа энэ ажилд зарцуулсан. Харамсалтай нь бидний маш их хүч хөдөлмөр, зардал мөнгө шингэн хийгдсэн төсөл маань нэг л өдөр бидэнд хамаагүй болсон. 40-өөд хуудас төслийн баримт бичгээ Ерөнхий Сайд-д хүлээлгэн өгөөд, хэрвээ төсөл дэмжигдэх юм бол биднийг дуудаж уулзаж, гэрээ контракт яригдана гэдэгт итгэлтэй хүлээж байсан. Ерөнхий Сайдын багцаас санхүүжих ажлын жагсаалтын №1-д Та бүхэн санаж байвал “Төрийн үйлчилгээг Мэдээллийн Технологийн давуу талыг ашиглаж хүнд сурталгүй болгож, мэдээлэл түгээх машин нэвтрүүлнэ” гэж орсон. Үүнийг хараад -За ямар ч байсан төсөл маань дэмжигдэнэ, инновацлаг бүтээгдэхүүн учир тендер зарлахгүйгээр, тухайн санааг гаргасан байгууллагатай шууд гэрээ хийх зарчмаар ажил болох юм байна гэсэн өөдрөг хүлээлттэй байсан. Харамсалтай нь биднийг ЗГ-ын шийдийг хүлээж суух хооронд Мэдээллийн Технологийн Агентлагаас тендер зарлаж, тэр үедээ хэний ч мэдэхгүй Аставижн гэдэг компани шалгараад ТҮЦ машиныг хэрэгжүүлэх 12 тэрбум төгрөгний тендерийг хэрэгжүүлэх болсон гэдгийг бид хэзээ хойно мэдсэн.
Танай компани өөрсдийн санаагаа улаан цайм луйвардуулсан байж яагаад энэ асуудлыг хөндөж хөөцөлдөөгүй юм бэ?
Нэгд, бид процедур яаж яваад өнгөрөв, яагаад аль нэг компаний зарласан инноваци бүхий санаанд тендер зарлав, тендер зарласан байлаа гэхэд яагаад манайхыг оролцуулсангүй, бидний санаачилсан ажлын дагуу тендер мөн үү өөр ажил юм уу гэдгийг судлах шаардлагатай байсан. Ямар ч мэдээлэлгүй байж хэл ам хийж явж болохгүй л дээ. Харин судлаад үзэхэд тэр зарласан тендер нь гарцаагүй бидний Алтанхуяг Ерөнхий Сайдад өгсөн төслийн материалын дагуу зарлагдсан тендер
болж таарсан. Дараа нь мөн Аставижн гэдэг компани нь Алтанхуяг Ерөнхий сайдын нарийн бичиг хийж байсан н.Уянгын гэр бүлийн хүн болох н.Отгонтулга гэдэг залуугийн компани гэдгийг мөн олж мэдсэн. Энэ Уянга гэдэг хүнтэй холбоотой Гоби Пауэр компани Эрдэнэс Таван Толгой компанитай олон тэрбумын нүүрс зөөх гэрээ хийж, тэр нь дараа нь АТГ-ээр шалгагдаж, Алтанхуяг сайд нэлээд байцаагдаж асуудал үүсч байсныг Та бүхэн санаж байгаа байх. Үнэндээ бид Ерөнхий Сайд-д хүлээлгэн өгсөн төсөл маань иймэрхүү байдлаар “алга болсон”-д үнэндээ итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Тийм учир шийдэл хайж цаг алдсан.
Мөн үүнтэй зэрэгцэн Мэдээллийн Технологийн Агентлагийн дэд дарга, З.Энхболд нартай уулзаж, энэ төсөл нь манай оюуны өмч болох тухай, мөн дээр зарлагдсан тендер нь ямар учиртай болох, яагаад нэг компани цоо шинэ инновацлаг санаа гаргаж байхад “тендер” нэртэй луйвар явуулж, санаа гаргасан компанийг ч оролцуулахгүйгээр хүний санааг “дээрэмдээд” байгаа талаар албан ёсоор асуулга тавьсан. Гэтэл агентлагийн дэд дарга: “Та бүхэнд оюуны өмчийн гэрчилгээ чинь тэгээд байгаа юмуу, танай оюуны өмч гэдгээ юугаар батлах юм бэ” гээд биднийг “даапаалж”, “Энэ бол миний гаргасан санаа, би энэ санааныхаа дагуу тендер зарлуулж хэрэгжүүлэгч компаниа сонгосон” гэх мэт тайлбар хийсэн.
Товчхондоо ийм л юм болсон юм. Би үнэндээ ийм хэл амтай, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүртэл орооцолдсон, магадгүй цааш авилга, бусад асуудал босч ирэх магадлалтай ийм ажлын араас хэл ам хийж явахыг хүсээгүй. Хэдэн сарын дараа харин Та бүхэн санаж байвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг-ийг АТГ-аас шалгаж байхад “ТҮЦ төсөл болон Аставишн компанитай холбоотой асуудал” мөн шалгагдаж байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.
Монголд түгээмэл байдаг асуудал болох хувийн хэвшлийн гаргасан шинэлэг санаа, инновацлаг төслийг яаж “дээрэмдэж” болдгийг бид ингэж харсан
. Заргалдаад явлаа гэхэд бидэнд үнэндээ Оюуны Өмчөө бүртүүлсэн бүртгэл нь байгаагүй, мөн энэ асуудлыг дэвэргэж, Ерөнхий Сайд болон түүний “цэргүүд” болох Мэдээллийн Технологийн Агентлагийнхантай муудалцаж, сонингийн баатар болох хүсэл байгаагүй юм. “Эр хүний замын үзүүр урт, нэг л өдөр хүссэн төслөө хэрэгжүүлнэ дээ”
гэж бодож энэ асуудлыг орхисон. Цаанаа сайддаа юу гэж хэлсэн юм бүү мэд. Улаан цагаан хүний оюуны бүтээлийг булаасан. Монголын нийгэмд тэр аяараа л ийм байна.
Уг нь өндөр хөгжилтэй орнуудад ТҮЦ машиныг хэрэглэх шаардлагагүй байдаг. Яагаад гэхээр төрийн үйлчилгээний мэдээллүүд нь нэг дор төвлөрсөн системчлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажилд орохоор нэг газар очиход тэр хүнийг гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх мэдээллээ аваад ир гэж хэлдэггүй. Тэр хүнтэй холбоотой бусад төрийн байгууллагуудын мэдээллүүд нэг дор төвлөрсөн системтэй байдаг.
Манайд бол ТҮЦ машиныг нэвтрүүлж байх үед бүх мэдээллүүд нь салангид, бичиг баримт, материал бүрдүүлэхийн тулд олон газраар орох шаардлагатай байдаг байлаа. Тиймээс ТҮЦ машиныг нэвтрүүлэхийн тулд мэдээллийг нэг газар төвлөрүүлэх ажил хийсэн.
-ТҮЦ машин төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбараар хүргэх маш том технологийн шийдэл болж чадсан юм болов уу гэж хувьдаа хардаг. Удахгүй 200 гаруй төрийн үйлчилгээ цахимжина гэж байгаа. Энд танай компани оролцох уу. Энэ удаагийн цахимжилт шударга өрсөлдөөнд суурилж компаниудаа сонгож чадаж байгаа болов уу?
- Бидний хувьд үүнд оролцох эсэхээ сайн мэдэхгүй байгаа ч бидний зүгээс ТҮЦ машиныг улам төгөлдөржүүлсэн шинэ төслийг гаргасан байгаа. 2-р үеийн ТҮЦ машиныг бид таны гэрт байхаар төлөвлөж хийсэн байгаа.
Нэг үгээр хэлбэл иргэд төрийн үйлчилгээг гудамжнаас бус гэрээсээ авдаг болж сонгуулиа ч гэрээсээ өгөх боломжтой байхаар бүтээсэн. Загвар, дизайн, төсөл гээд бүх зүйлүүд болчихсон одоо харин үйлдвэрлээд гаргахад л дутуу байгаа. Чипний үйлдвэр байгуулахад засгаас төрөл бүрийн дэмжлэг, санхүүжилт хэрэгтэй болно. Үүнгүйгээр энэ үйлдвэр босохгүй, учир нь ойрын хэдэн жилдээ ашиг хийхгүй нь тодорхой. Харин одоогийн Засгийн газар Мэдээллийн технологийн салбарыг ойлгоод, хөрөнгө хаяад, бодлогоор дэмждэг баг биш. Тиймд бид IT салбарыг бодитоор ойлгож дэмждэг ЗГ гарч иртэл эдгээр инновацилаг төслүүдээ түр зогсоосон байгаа. Манай шийдвэр гаргадаг төрийн түшээд аман дээрээ хийе бүтээе гэдэг ч ачир дээрээ улс эх орондоо ганц ч болов зүйлийг хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүн олон байдаггүй.
Энэ чип технологийн үйлдвэрийг байгуулахад ердөө л 5 сая ам доллар хэрэгтэй. Энэ мөнгө бол 3 км зам барих л хөрөнгө. Би зам барихыг буруу гэж байгаа юм биш, төр засгаас үйлдвэрлэл рүүгээ анхаарлаа хандуулж байж сая манай улс хөгжинө гэж хэлмээр санагддаг юм.
Сонгуулийн ерөнхий хороо "өөрөө" хар машинаар сонгуулийг луйвардаж болно
-ОУ-д ихэнх том компаниуд IT салбараас төрж байна. Өмнөд хөрш ч хүнд хөнгөн үйлдвэрлэлээс hi-tech орон болохоор бодлогын шилжилт хийж байна. Манай орны хувьд IT-ийн салбарын хөгжлийн явц хэр байна вэ? Сайнгүй байгаа бол түүнд нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна вэ?
- Төрөөс үйлдвэрлэлийн салбар тэр дундаа IT, технологи, инноваци руугаа ихээхэн анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгж байж сая манай улс хөгжинө. Учир нь ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн компаниуд үйлдвэрлэл явуулахын тулд том хөрөнгө оруулалт хийж чаддагүй. IT, программ хангамжийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол амжилтад хүрэхэд маш урт замыг туулах, эрсдэлтэй алхам.
Бидний мэддэг гадаадын томоохон технологийн компаниуд төрсөн Цахиурын хөндийгөөс шинэ санаа бүхий 1000 компаниас 6 ширхэг нь амжилтад хүрдэг гэдэг. Тэр 6 компаниас нэг нь дэлхийн хэмжээний брэнд болдог гэсэн баримт бий. Тэр хэрээрээ энэ салбарт амжилтад хүрнэ гэдэг их хэцүү. Гэхдээ үүнийг даван туулж амжилтад хүрэх нэг арга зам бол сая цухас дурдсанчлан төрөөс их хэмжээний мөнгө, хөрөнгө хаях хэрэгтэй.
-Үйлдвэрлэлийн салбар, бизнесээ төрөөс дэмжлэгтэй босгож ирсэн бусад улсын практикаас жишээ авбал сонин байх?
Энд технологийн салбарт хэрхэн амжилтад хүрсэн гадаадын өндөр хөгжилтэй орнуудыг хэдэн жишээг авъя л даа.
Nokia компанийг Финлянд улс 17 жилд тэжээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 17 жил ашиггүй ажилласан гэсэн үг юм л даа. 17 жил татвар төлөгчдийн мөнгийг үрж байж сая дэлхийн хэмжээний брэнд болж чадсан юм.
Төрөөс нь дэмжиж амжилтад хүрсэн бас нэг компани бол Японы Toyota. Тухайн үед Toyota компани машин үйлдвэрлэж чадахгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулж эдийн засгийн уналтад ороод байсан үед Японы засгийн газрын төв банкнаасаа зээл аван босгож байсан.
Тухайн үед дотооддоо машин үйлдвэрлэж байсан болохоор АНУ-аас орж ирж байсан машины импортыг тэр чигт нь хаасан байсан. Санхүүгийн хувьд бүрэн дампуурсан үед Төрийн банк нь зээл өгч байж хөл дээр нь босгосон.
Өөрөөр хэлбэл тухайн үедээ амжилт олохгүй байсан ч төрөөс ирээдүйгээ харж дэмждэг байсан гэсэн үг. Төр нь автомашин үйлдвэрлэлийн салбар улсынх нь ирээдүйн хөгжилд ямар зүйл үнэтэй хувь нэмэр болохыг харж байсан хэрэг. Тэд гадаадаас импорлох нь ямар хор уршигтай, дотооддоо үйлдвэрлэх нь ямар давуу талтайг аль хэдийн хэдэн жилийн өмнөөс харж байж л дээ.
-Бид технологи биш өөр төрлийн, жишээ нь уул уурхайгаа сайн хөгжүүлээд давуу тал гаргах хувилбар байхгүй юу?
Яагаад заавал шинэ технологи яриад байна гэхээр эхлээд Монголчууд бид өөрсдийнхөө давуу болон сул талыг мэдэх хэрэгтэй. Бидний сул тал бол цөөхүүлээ. Энэ юу гэсэн үг вэ? Масс үйлдвэрлэлээр бид дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй гэсэн үг. Харин үүний оронд цөөн тоотой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж сая манай улс хөгжинө, дэлхийн зах зээлд танигдана.
-Одоо батарей ч үйлдвэрлэдэггүй улс чинь, Өмнөд Солонгостой, Хятадтай барууныхантай өрсөлдөх бүтээгдэхүүн хийдэг болтол их урт зам туулах хэрэг гарах байх даа?
Бид улсдаа үйлдвэрлэхийн тулд яг одооноос алдаа гаргасан ч хамаагүй хийгээд эхлэх хэрэгтэй. Эхэлнэ гэдэг бол ажлын хагас. Бидний алдаа бол нэг бол төгс юм хийх гээд байдаг нэг бол бүр хийддэггүйд байгаа юм.
Би АНУ-д байхдаа амжилтад хүрэхгүй байсан ч хийсэн дээ сэтгэл хангалуун байж, алдаа гаргасандаа харамсахгүй байхад суралцсан. АНУ-д үр дүнд хүрсэн, амжилтад хүрсэн хүнийг бус аливаа зүйлийг хийх гэж хичээж оролдсон, хийсэн хүнийг үнэлдэг. Эдисон “Би чийдэн хийж болдоггүй 99 замыг нээсэн гэж” хэлсэн байдаг.
Яг үүнтэй адил хийж байтал нэг өдөр чийдэн хийж болдог нэг зам бидэнд олдоно.
-ТҮЦ-2 машины загварыг зохион бүтээсэн гэсэн. Цаашид танай компани ямар технологийн шийдэл, төслүүдийг хэрэгжүүлж, туршиж үзэхээр ажиллаж байна?
-Метатек гээд компани маань компьютер гэлтгүй том том төслүүд боловсруулж байна. Монголд нисдэг тэрэгний үйлдвэр байгуулахаар ажиллаж байсан. Нисдэг тэрэг машин үйлдвэрлэхээс амархан ажил байна лээ. Оросын талаас бидэнд үйлдвэрлэхээс өмнө нисдэг тэргээ эдэлж хэрэглэж ашиглаж сурах хэрэгтэй гэж зөвлөсөн. Газраа шийдэх юм бол бусад асуудлуудыг Орос улс хийж өгнө гэсэн. Гэтэл газрын асуудалтай тулгараад үүнийг шийдэж чадахгүй байна.
Дата центр байгуулах талаар ажиллаж байна. Интернэтэд байгаа мэдээллүүдийг хадгалж байдаг төв юм. Датагаа яаж хадгалах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Бидний интернэтэд оруулж байгаа бүх мэдээлийг хадгалах ёстой байдаг. Дата центр бол тэр өгөгдлүүдийг хадгалдаг. Интернэтийг дагаад дата центрийн бизнес хөгжиж байгаа юм. Энэ асуудлаар Алибабагийн нөхдүүдтэй уулзсан.
Бидний ажлыг тэд маш их сонирхож байсан. Бид бол танайхыг монголдоо Дата центр барьчих юм бол бид датагаа хадгалуулахад бэлэн байна гэсэн.
Монгол улс Жемнэт гэдэг интернэтийн ганцхан гарцтай байдаг. Замын үүдээс Алтанбулаг руу гарсан ганцхан шилэн кабелийн ганцхан шугам байдаг. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд маш эмзэг. Замын үүдэд нэг хүн тэр шугамыг таслахад монгол улс даяар интернэтгүй болж ертөнцөөс тасарч байгаа юм.
Одоогоос 10 хэдэн жилийн өмнө барьсан хүчин чадал нь дүүрчихсэн байгаа. Нэмэлт шугам оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Мөн дата центр байгуулахад Гашуунсухайтаар шилэн кабель оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл төрөөс монопольдоод лицензийг өгөхгүй, барихгүй гээд л байж байдаг.
Танай компани сүүлийн үед ТҮЦ машины төсөл шиг далайцтай томоохон төсөл дээр ажиллаж байгаа юу?
Тиймээ, бид 2013 оноос хойш “Иргэн Цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр УБ хотын захиргаанд хандаж, хамтран ажиллах шийдэлээ хайгаад бараг жил болж байна. Санаа нь замын хөдөлгөөний зөрчил болон паркинг зөрчлүүдийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх санаатай төсөл юм. Мөн л төслөө Бат-Үүл дарга болон хотын удирдлагуудад танилцуулсан. Хэрэгжүүлэхэд тулгарах нэг том асуудал нь торгох эрх нь зөвхөн цагдаагийн байгууллагад байгаа явдал юм. Бидний санаачилсан төслийн гол санаа бол иргэн бүр гар утсаараа зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тухай мэдээллийг тусдаа мэдээллийн бааз руу явуулж, мэргэжсэн замын цагдаа нар тус мэдээлэл дээр анализ хийж, зөрчлийн хуудсыг тухайн жолоочийн хаягаар хүргэх цогц систем юм.
Зарим хүмүүс бодож магадгүй, Фейсбүүк хуудсаар зөндөө л зөрчлийн зургууд явж байдаг, тэрний дагуу цагдаа нар арга хэмжээ авдаг байлгүй дээ гэж. Бидний хийж байгаа систем бол бүхэл бүтэн зөрчил бүртгэх, хянах болон мэдээлэх томоохон систем юм. Юм энгийн байх тусмаа л уг нь амьдралд хэрэгжих нь амар байх ёстой. Гэтэл энэ санаа нь энгийн юм шиг боловч хэрэгжилт дээрээ маш нарийн технологийн болон хууль эрхзүйн орчин шаардсан төсөл учир бид Хотын захиргаатай нэлээд хугацаанд үүн дээр ярилцан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын дарга Бат-Үүл, дэд бүтэц хариуцсан дарга Гантөмөр нар бүгд дэмжиж байгаа. Удахгүй биеллээ олж, төсөл маань Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, машины паркингийн асуудлыг шийдэхэд дорвитой хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Мөн бид Оюуны Өмчийн Газар санаагаа бүртгүүлж, зохих гэрчилгээнүүдээ авсан тул энэ удаа аль нэг төрд ойрхон этгээд энэ санааг өөрийн болгоод, ТҮЦ машин дээр гарсан гашуун туршлага шиг өөрийн компанийн нэр дээр хэрэгжүүлээд явахгүй гэдгийг баттай хэлэх байна.
-УИХ-ын тамгын газарт IT-ийн инженерээр ажиллаж байсан хүнээс нэг зүйл асуухгүй өнгөрч чадсангүй. 2016 оны сонгууль удахгүй болох гэж байгаатай холбоотой сонгуулийн хар машиныг тойрсон трэнд их гарах боллоо. Хар машинд хэр итгэл хүлээлгэж болох вэ?
- 2012 онд намайг УИХ-ын тамгын газрын дарга байсан Лувсанжав надад “Бид нар сонгуулийн дүн тоолдог нэг ийм машин оруулж ирэхээр хэлэлцэж байна. Энэ машиныг сайн судлаад Сонгуулийн Ерөнхий хороонд дүгнэлт гаргаад өгөөч” гэж хэлсэн. Нэг үгээр хэлбэл хар машинаар сонгуулийг луйвардаж болох эсэхийг судлаач өгөөч гэж хэлсэн гэсэн үг.
Би хар машиныг 2 сарын турш Америкуудтай хамтран судалгаа хийж машин ямар үйлдэл хийдэг талаар Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг нь гаргаж өгч байсан.
-Таны зүгээс ямар дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн бэ. Хар машинаар луйвардаж болох уу?
- Хар машинаар сонгуулийг луйвардаж болох юм байна гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Гэхдээ хар машинаар сонгуулийг луйвардахдаа одоогийн хүмүүсийн ярьж байгаа шиг сүлжээнд холбогдож хакердана энэ тэр гэсэн тийм гэнэн аргаар луйвардах боломжгүй . Ганц л арга байгаа тэр бол хар машиныг ажиллуулж байгаа эзэд, нэг үгээр хэлбэл сонгуулийн ерөнхий хороо өөрөө хар машинаар сонгуулийг луйвардаж болно. Тэр аргачлалынх нь талаар ч тухайн үед сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн дүгнэлтдээ гаргаж өгч байсан.
Тэр нь юу гэхээр хар машинаар сонгуулийг луйвардах гэж байгаа бол одооноос Сонгуулийн ерөнхий хороо ажиллаад эхэлсэн байх ёстой.
Юу гэсэн үг вэ гэхээр. Хар машинд гар утасны memory карттай адилхан чип байдаг. Сугалж авч болно гэсэн үг л дээ. Тэгэхээр яах вэ гэхээр сонгуулийн ерөнхий хороо одооноос сонгуулийн хуудсуудаа бэлдэж өөрсдөө иргэдийн өмнөөс бөглөөд тэр чипэндээ сануулаад сонгуулийн тоог тоолуулчихна гэсэн үг. Тэгээд сонгуулийн хуурамч дүн тоолуулсан чипээ сонгуулийн ерөнхий хороо өөрсдөө авч хадгалаад сонгууль болохын өмнө өөр чипээр сонгуулиа авчихна. Тэр тухайн үед хуурамч чипээр тоолуулсан чипээ солиход л тэр сонгуулийг луйвардаж болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл чипээ утасны сим карт шиг сольчихно гэсэн үг л дээ. Тэгэхээр хар машины эзэд бол сонгуулийг луйвардах боломжтой. Харин тухайн үед эсрэг намын ажиглагч нар сайн нягталж хянах л хэрэгтэй. Бас хар машиныг шууд онлайнд холбоод цаг тухай бүрт нь улс орон даяар саналын тоог дамжуулаад мэдээлбэл хар машинаар луйвардаж чадахгүй.
-Хар машинаас өөр сонгуулийг хамгийн үнэн зөвөөр явуулах өөр технологийн шийдэл бий юу?
-ТҮЦ машиныг гэрт оруулж ирэх нь эцсийн шийдвэр. Иргэд гэрээсээ сонгууль өгч, өгсөн сонгуулийг нь олон нийтэд шууд дамжуулах хэрэгтэй. Иргэн тэр тийм хүнд, тийм намд сонгуулиа өгсөн байна гэдгийг шууд онлайнаар олон нийтэд цацаж болно. Энэ үед л сонгууль үнэн зөв явагдах хамгийн эцсийн шийдэл байж болох юм гэж би харж байгаа. Ард түмний нүдээр хянана гэсэн үг. Гэтэл одоохондоо энэ нь Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа юм. Сонгуулийг нууцална гэж байдаг болохоор. Магадгүй хэдэн жилийн дараа эрхзүйн орчинд боломж үүсвэл хамгийн зөв шийдэл энэ болох болов уу гэж хувьдаа харж байгаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай компанийн хамт олонд, таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.