ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ? Самбуугийн Дэмбэрэлтэй ярилцсан нь
Монголчууд бид ирэх 4 жилд төрийн жолоо атгах түшээдээ сонгох өдөр айсуй. Тийм байтал сонгогч бидний хувьд төр засаг гэдэг хараал ерөөлийн бай, түшээд нь гэж хулгайч, худалч, луйварчид, оффшорчид болж хувирчээ. Төр дэмжихгүй байна, төр буруутай, төр хэрэг алга, төр төр...
Төрийн болон түүний түшээдийн имиж ийнхүү навс унахын хамт угаасаа төр гэж юу билээ, төрийн түшээ гэж хэн билээ гэдгээ санах, зоривол зохих туйл, хүсвэл зохих дүр, идиал алдагджээ. Идиалгүй сонгогчид юуг баримжаалж, хэнийг сонгохоо мэдэхээ байсан. Төгс төгөлдөр дүр байхгүйгээс хойш барианд ортол баримжаа хайж хэдэн хүнтэй ярилцъюу гэж санав. Төрийн түшээ гэж хэн юм бэ? Бид юуг алтангадас болгож, ямар чиг баримжаагаар хэнийг сонгох вэ?
...
Эрлийн үзүүрт эхлээд санаанд орсон нь Самбуугийн Дэмбэрэл. Цаг аваад түүнтэй ярилцлаа. Биднийг очиход ажлын өрөөндөө цаасанд живсэн сууна. Монголын эдийн засгаа том зурагаар нь базаж илэрхийлэх бүтээл дээрээ ажиллаж байгаа аж. Хоолны цаг таарч, хоол идэнгээ ойр зуурын юм ярилцав. Ямар нэг бичлэг, чухал яриа явагдаагүй байхад юу ярьж байгаагаас нь уг хүнийг нь харж болох ч юм шиг. Эрүүл хоолны тухай, монголчуудын ходоодны тухай их бодож явдаг бололтой. Манай багийн зурагчин, сэтгүүлч залууст эрүүл хоолны жор хэлж өгч, EPA эдийн засгийн ашиг гэхээсээ эрүүл хооллох соёл авчрах тухай, Дагвадорж аваргын хийж байгаа төслийг дэмжиж байгаа тухай, бууцай, нарийн ногоог өөрсдөө тариад хэрэглээндээ оруулж болох тухай ярилцав. Төрийн хүн нойтон зүрхтэй, дэлдэн чихтэй, цэгцэлж файлжуулсан мэдлэг бүхий тархитай байх ёстой гэх тэрээр хүний яриа сонсож байхдаа хөмсгөө зангидаад их анхааралтай сонсох, хариулахдаа оросжуу ч юм шиг цэвэр тод аялгаар толгойдоо ангилж хураасан мэдээллээсээ нэг нэг фаилаар нь гаргаж ирэх мэт дэлгэрэнгүй авч цэгцтэй хариулт өгөх аж. “Би сургааль хайрлах гээд байдаггүй. Хүүхдүүддээ ч сургааль хайрладаггүй, хүн болгон өөрийнхөө л замаар явах ёстой” гэсэн түүний үгнээс бидний яриа гол сэдэв рүүгээ орлоо.
Эндээс үндсэн сэдэв рүүгээ ормоор боллоо, төрд чинь нэг тийм энгийндээ бол нэлээн “үглээ”, ямар нэг асуудал хараад хуруу хошуу дүрэх, интервенц хийх маягийн хүмүүс таарах юм болов уу? Та төрийн хүний хувьд ямар хүн бэ? Ямар өнцгөөс яаж хариулах нь таны мэдлийн хэрэг. Сонгогчид бидний хувьд хандив өгсөн, попдсон, уран сайхан шүүмжлэл хэлсэн хүнийг үнэлэх хандлагатай болчихсон ч юм шиг.
“Үглэх” үү? Миний насаараа үглэж ирсэн юм бол бизнес, хувийн салбар юм даа. Би өөрийгөө бизнесийн бие хамгаалагч, bodyguard гэж хэлнэ
, миний нэг ном тийм гарчигтай. Business advocacy гэсэн тусгай томъёолол байдаг. М.Энхсайхан Ерөнхий сайдын үед би анх удаа “бизнесийн орчин” гэдэг үгийг гаргаж байлаа. Түүнээс хойш бизнесийн өмгөөлөл хийж ирсэн. Өөрөөр хэлбэл төрийг хажуунаас засаж, үглэж, алдааг нь хэлж өгдөг гэсэн үг. Жишээ нь сая guillotine буюу тас цавчих маягийн юм хийж үзлээ. УИХ-ын гишүүн байж Засгийн газрын багт нь орж, өөрөө ахлаад яамдын тусгай зөвшөөрөл, лицензийн тоог багасгах гэж өнгөрсөн дөрвөн ажиллаа.
Ер нь хүн засаглал руу орохоор сонин аппетит хөдөлдөг юм байна. Өөртөө эрх мэдлийг хадгалах, ингэснээр хүчийг гартаа атгаж байх хүслээ гүйцэлдүүлэх. Засгийн газраар дамжуулаад зах зээлд маш их зохицуулалт хийж эхэлсэн. Миний хувьд үүнийг өнгөрсөн арван жилд ажиглаад, зохицуулалтын реформ гэж үг, ажил санаачилсан юм. Хамгийн сүүлд л гэхэд миний олон жил хэлж бичиж ирсэн ухаалаг төрийг Ерөнхийлөгч хийж эхэлсэн. Энэ мэтээр засагт ойлгуулахын тулд үглээд, мэдэгдэл гаргаад, УИХ дээр ороод ирэнгүүт нь мөнгөний бодлого, бизнесийн орчин, төсвийг нь шүүмжлээд засаж залруулах боломж гардаг. УИХ-ын гишүүнд чинь асар их материал ирдэг юм байна ш дээ. Уншихын эцэсгүй. Тодорхой чухал зүйлээ л сорчилж уншихгүй бол маш хэцүү. Гэхдээ дотор нь ороод ажиллаад ирэнгүүт давуу талтай, Засгийн газрыг, Монголбанк, Сангийн яамыг загнаад, харилцаад нөлөөлөх боломжтой болж байгаа юм. Ер нь төрд юу ч хийхгүй байж болно, эсвэл юм болгоныг хийж болно.
Таны энэ зохицуулах аппетит гэдгээс нэг асуулт төрлөө. Манайхан АН их зүйл хийлээ, МАН юу ч хийсэнгүй гэж ярьцгаагаад байна. МАН-ыг засаглаж байхад төрөөс илүү хувийнхан, хүмүүс өөрсдөө их юм хийж байсан ч байж магадгүй. Бидний хандлага уг нь АН ч юм уу МАН ч юм уу бид нараар их зүйл хийлгэлээ гэдэг талаасаа байх ёстой мэт. Өөрсдөө хийх биш төрөөр хийлгэх хүсэлтэй байгаа маань сонголтод нөлөөлөөд байдаг юм болов уу? Төрийг өөрөө шүүрч авч хийх биш бидэнд хийх боломж олгох газар гэж харахгүйгээс болоод сонголт, нийгмийн хамаг нөөцийн хуваарилалт урвуу эргэх нь. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилд түшээ гэдэг утгаараа өөрөө хийж шоудсан биш бидэнд хийх боломж гаргах талаас гаргаж ирсэн хууль, системийн өөрчлөлт талаас хийсэн зүйлээсээ дурьдвал ?
Сонгууль ойртсон, хүмүүс баахан хуулийн нэр жагсааж бичээд л байна. Хэрвээ би бичвэл маш урт жагсаалт гарна. Гэхдээ би тэгж жагсаахгүй, утгагүй, хүн унших ч үгүй. Эцсийн эцэст С.Дэмбэрэл энэ хуулин дээр ажиллаж гэхгүй, 76 мангарын нэг л гэж бодож байгаа шүү дээ, нэг хэсэг нь. Уг нь бид чинь ард түмний элч болохоос зарц нь биш.
Хамгийн энгийнээр тайлбарлахад төр, зах зээлийн харилцаа бол замын хөдөлгөөний дүрэм
л байхгүй юу. Тоглоомын дүрэм нь ердөө л энэ. Замын хөдөлгөөнд жолооч нар оролцохдоо том жийп, приус, дугуй гээл төрөл бүрийн унаатай явдаг. Энэ дунд төр баруун, зүүн тийшээ гээд зохицуулалт хийнэ. Зах зээлийн хуулиар бол чөлөөт өрсөлдөөн явагдах, гүйцэж түрүүлэхгүй байх гэх мэт дүрмээ дагах, ногоон гэрлээр зорчигчийг гаргана гэх мэт энгийн зүйлүүд бий. Ердөө ийм л харилцаа юм. Харин манайд зарим тохиолдолд гэрлэн дохио хэвийн ажиллагаатай, замын хөдөлгөөн саатаагүй үед цагдаа гарч ирээд бөөгнөрөл үүсгэчихдэг тохиолдол бий. Жолооч нар ч хэлдэг. Энэ нь юуг хэлж байна гэхээр төр өөрийн оролцох ёсгүй зүйлдээ ороод ирэхээр түгжрэл үүсчихдэг.
Их ойлгомжтой, тохирсон дүрслэл байна.
Зах зээлийн харилцаа бол замын хөдөлгөөн шиг тоглоомын дүрмээ л дагана. Том жийптэй гээд жижиг машинтайгаа дээрэлхэж болохгүй. Нэг л замаар нэг л дүрмээр тоглоно.
1990 онд бид их гэнэн байлаа даа. Зах зээлийг нэг сайхан ногоон хөндий гэж ойлгоод л, тэнд байгаа шилжилтийн уулыг давчихвал, нээх сайхан нуга хөндийд амьдрах юм шиг л санаж байсан. Орчин үеийн эдийн засаг янз бүрийн хэлбэртэй. Бид шинэ нийгэмд шилжихдээ “free market”-ыг нь сонгоод цочир анагаах буюу шок эмчилгээ хийсэн. Хорьдугаар тогтоолыг гаргаж, 4L гэж миний томъёолдог либералчлалуудыг хийсэн. 1990-1993 онуудад Монголын эдийн засаг маш хэцүү байсан даа. Инфляци ид үедээ 320 болж байсан. Гэхдээ хэрэглэгч буюу иргэд маш их хүлээлттэй, ирээдүйд итгэлтэй, тэсвэртэй байсан. Ерөнхийдөө хөдөө аж ахуй биднийг өлсгөөгүй аваад гарсан. Энэ чинь Д.Бямбасүрэн гуайн засгийн газрын үе. Үүний дараа нэлээд тулхтай хүн гарч ирсэн нь П.Жасрай гуайн засгийн газар. Тэр үед арав гаруй хүмүүсийг би ахлаад Мэрилендийн их сургуульд зах зээлийн эдийн засгийн тухай суралцаж байлаа шүү дээ, тийм л нялх байсан. Үүний дараа Жасрай гуай “хонгилын үзүүрт гэрэл гарлаа” гэсэн нь шокноос гарч, инфляци мэдэгдэхүйц буурч эхэлснийг хэлсэн байх. Түүний дараагийн Засгийн газрууд нэлээд зоримог алхмуудыг хийж байлаа. Харин өнөөдөр эргээд харвал шилжилт дууссан, бид нийгмийн сэтгэлзүй бас бус юмаа орхигдуулсан нь үнэн. Гэхдээ гэнэн үеэ хэр чинээгээрээ л туулсан нь тэр юм.
Би бол Монголын орлогын пирамидын ёроолын хэсгийг их хардаг
Төрийн өөрийнх нь шилжилт дууссан уу?
Гэхдээ энэ бүх хугацаанд төр зах зээлээс илүү хурдан сэтгэж, хөгжиж чадсангүй. Зохицуулах аппетитаа хаяж чадаагүй гэсэн үг. Өөрөө зах зээлээс ухаантай юм шиг л бяр амтагдаад байдаг, эрх мэдэл авахаар.
Өнгөрсөн хэдэн жилд бүтээн байгуулалт гэсэн нэрийн дор дахиад нэг аппетит үүслээ. Төр бүх зүйлийг төлөвлөх, бүтээх гэсэн шинж тэмдэг бага боловч харагдаад байх шиг байна. Үүнийг ухаарсан болохоор миний хувьд гаргаж байгаа хуулийн өгүүлбэр бүрт төрийн оролцооны их багыг дэнсэлж ирлээ.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Худалдааны хууль. Стратегийн зориулалттай хүнсний бүтээгдэхүүний үнийг төр тогтооно гэнэ. Би уурласан, энэ чинь одоо хэдэн он бэ гээд унагаачихсан. Яамныхан гүйж ирээд асуухаар нь наадахаа бүгдийг нь хас гээд хасуулсан. Ийм жишээ маш их бий. Нөгөөтэйгүүр миний хамгийн их ярьсан зүйл бол inclusive financing буюу хүртээмжтэй санхүүжилт. Үүний зарчмуудыг хүний санаанд оромгүй “тэнэг” санаануудаар хэрэгжүүлсэн. Нөгөө хувийн салбарын бие хамгаалагч С.Дэмбэрэл чинь юу болсон бэ? Төрийн банкыг битгий хувьчил гэж хэлээд л.
Нээрээ юу болсон бэ? Би бүр гайхсан чигтээ “Ардчилсан намын зээлийн бодлого хэмээх ахисан түвшний популизм” гээд нийтлэл бичиж барилаа.
Яг үнэн л дээ, Төрийн банкыг хүртээмжтэй санхүүжилтэд ашиглах боломжтой гэж үзээд санаачлагуудаа бичээд З.Энхболд дарга болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тайлбарлаад, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчтэй ярилцаад хэрэгжүүлсэн. Ингэж Төрийн банкаар дамжуулан малчны зээл, ипотекийн зээлийн хүүг буруулах арга хэмжээг авсан. Хамгийн сүүлд миний хийсэн нэг зүйл нь оюутны 5 хувийн зээл, ард нь нуугдсан болохоос автор нь би. Гэтэл засаг хачин нэр өгчихсөн байсан. “Сайн оюутан” гэнэ үү. Би онц сурлагатан бүтээх гэсэн биш, ээж аав нарт нь туслах л гэсэн юм. Оюутны зээл бэлэн болсон уу болсон. Малчны зээл 30 байснаа багассан уу багассан. Ямар банкаар олгож байгаа гэхээр Төрийн банк. Гэхдээ энэ хангалттай биш. Нийт санхүүгийн секторт 450 гаруй банк бус санхүүгийн байгууллага, түүнээс идэвхтэй байгаа нь 150 байна. Төв банк эсвэл Засгийн газар ББСБ-д бага хүүтэй бөөний зээл олгоё, тэд цааш нь 8-12 хувийн хүүтэй зээл олгог. Хэрвээ үүнийг хийчих юм бол бизнесийн зээл авах гэсэн 60000 хэрэглэгчид хөнгөлөлт болж очно. Нөгөө талд бас ломбард байна, эд зүйлсээ тавиад хүүг нь л сунгуулаад байдаг. Нэг үгээр хэлбэл хавханд орчихож байгаа юм. Манай нийгмийн эмзэг хэсэг нь нэмэгдээд байдаг, тэдний санхүүгийн үйлчилгээ нь юу байна гэхээр маш өндөр хүүтэй ломбард байдаг. Тэтгэврийн дэвтрээ эсвэл өмсөж байгаа пүүзээ ломбарддаг. Өөрөөр хэлбэл төрийн бичиг баримтыг зээлийн барьцаа болгож байна, дэлхийд ийм зүйл байдаг уу? Одоогийн байдлаар 6500 гаруй ломбард байна. Гэтэл энэ чинь нөгөө талаасаа санхүүгийн үйлчилгээ.
Та төрийн хүний хувьд хийж ирсэн ажлынхаа тухайд зохицуулах аппетитыг дарах, уул уурхай, хүний эрх, Төвбанк, хүртээмжтэй санхүүжилт гэсэн таван чиглэлээр хариулт өглөө. Эхнийх нь бол төр өөрдөө хийгээд давхиад байх биш өрөөлд хийх боломжийг нь өгөх, цагдаа нар өөрсдөө зам дээр багшралдаад байх биш гэрлээ л сайн зохицуулах тухай ярьж байх шиг, тэгснээ хүртээмжтэй зээлийн асуудал дээр болохоор хэт хутгалдаад, хүүгээр оролдоод, улсын санхүүгээр хэт зохицуулалт хийж байх шиг. Хоорондоо зөрчилтэй биш үү?
Яг тэгж бодно. Гэхдээ биш.
Бид хоёр төрийн чиг, бодлогын тухай ярилцаж байгаа юм чинь цаг үеийн агуулгад өрнөх ёстой. Өнөөдөр ямар цаг үе билээ? Улс хоорондын өртгийн өрсөлдөөний л үе. Жишээ нь Family Mart-д тавиад зарах ундааг нэгжийг нь хэдээр үйлдвэрлэх вэ л гэсэн өрсөлдөөн. Тэгэхээр энэ чинь тухайн нэг индастри буюу салбарын хөгжлийн л асуудал. Монголд тэгээд хэзээ нэг өрсөлдөх чадвартай индастри хөгжих вэ? Төр ямар индастрид хамаг нөөцөө зангидах юм бэ? Бэлэн кластер харагдаад байгаа Архангайд индастри хөгжүүлэхэд мөнгө хийх үү, эсвэл 60 мянган өрхөд ипотек гээд цацах юм уу? Монголын төр сүүлийнхийг дагаж, нөөцийг салбар хөгжүүлэхэд чиглүүлэхгүй end user буюу оюутан, малчин, ломбардад эд зүйлсээ тавиад байгаа хүмүүст зориулж, эсвэл хурал шоу хийсээр явна. Эд маань зээл авахыг хүсээд байгаа юм уу? Ажилгүй орлогогүй болохоор аваад байгаа юм уу? Хэн ч бөгжөө ломбардад тавихыг хүсэхгүй шүү дээ, өндөр ч бай нам ч бай хүүтэй ямар ч зээл аваад маргааш баян сайхан болох уу гэвэл үгүй. Тэгэхээр зээлийн хүүг биш хаана зээлийн хэрэгцээ үүсээд байна, тийшээ нөөцөө чиглүүлэх ёстой биш юм уу?
Өөрийн тань асуултыг ойлголоо. Тэгэхээр би чамд өнөөдөр Монголын нийгэм ямар байгааг хэлж өгье. Би статистик, тоо харж судалж л ажилладаг. Жишээ нь Налайх, Чингэлтэй дүүргүүдэд оршин суудаг хүмүүсийн амьдралыг судалж үзлээ.
Монголын нийгэм өнөөдөр албан ёсны 23 хувийн ядууралтай, түүн дээр нэмээд 10-15 хувийн эмзэг хэсэг буюу ядуурал руу унахад бэлэн хүмүүстэй. Ямар нэгэн юм хийхгүй л бол унана.
Үүн дээр нэмээд зээлээс зээлд, моргейжоос моргейжид, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа 40-45 хувь байна. 2016 оны эхний хагасаар харахад л 50 хувь руу дөхчихсөн байна. Хэн ч тоодоггүй, зөнд нь орхичихсон дундаас доошхи маш том давхарга гэсэн үг. Түүний дээр өнгөрсөн 26 жилд бор зүрхээрээ компанитай болоод, хөрөнгө хуримтлуулаад, хоёр машинтай, байртай, орлоготой, нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзэлчихээд байгаа 20-25 хувийн хэсэг хүмүүс бас байна. Түүн дээр нь 5-7 хувийн чинээлэг буюу тасарцан, олонд үзэн ядагдаад байгаа хэсэг бий. Энэ бол монголын өнөөгийн бодит байдал. Би бол Монголын орлогын пирамидын ёроолын хэсгийг их хардаг. Ямар ч эдийн засагч, улстөрч хүн үүнийг л харах ёстой. Дэлхий дахины хувьд 2030 он хүртэл ядууралгүй болно гэж зорилт дэвшүүлээд, Хятадад гэхэд 400 сая хүн ядуурлаас гарах жишээтэй ахицтай явна. Гэтэл манай дундаж анги дээшээ гарах хаалгагүй гацчихлаа. Дундаж анги нь өөрөө доод талаасаа сэлбэгдэж байх ёстой. Хаалгыг нээх ёстой. Крант нээлттэй байх ёстой. Хаалга хаалттай чигжигдээд ирэхээр нийгмийн бухимдал нэмэгддэг, нэг нэгийгээ үзэн яддаг.
Сүүлдээ баячуудыг дээрэмдэж ядууст хуваарилах маягийн Цахиур Төмөр, Робин Гүүдийн үе рүү буцах юм хүртэл яригдах боллоо. Энэ бидний санаа зовох ёстой зүйл мөн үү?
Мөн...
Албан болон сүүдрийн эдийн засаг гээд л хуваадаг. Үнэн хэрэгтээ бүгд л амьдрах гэж байгаа хүмүүс. Амьдрах гээд хаалга нээх гээд л. Хаалга нээх гээд оролдож байхад нь түлхэж, дэмнэж өгдөг, тусалдаг төр гээд нэг “хөгийн” юм нь байх хэрэгтэй дээ? Би төрийн хүн биш байсан ч таавчиг хийж байгаа хүн бол дагуулж яваад үзэсгэлэнд оролцуулах мэтээр дэмжиж явдаг байлаа. Энэ хүмүүс чинь дээшлэх ёстой биз дээ. Эд хүмүүс чинь ганцаараа эсвэл хамаатан садангаараа нийлээд өрхийн буюу бичил бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ингэхийн тулд банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. Асуудал байна. Тэгвэл энэ хүмүүст хандсан ямар бодлого байна гэж өөрөөсөө асуулаа. Бараг л байхгүйтэй адил. Өөрөөр хэлбэл тэдэнд дутагдаж байгаа зүйл бол хүртээмжтэй санхүүжилт. Уг нь бол 10-15 хувь буюу дундаж анги маань сэлбэгдэж байх ёстой. Гэтэл эдгээр хүмүүст сэлбэгдээд дээд давхрага руугаа орох боломжгүй зовиуртай процесс явагдаад байгаа юм. Яг ийм үед сайн төр, бүтээлч төр бол чиний углаашны бизнесийг басалгүйгээр углааш хийхэд чинь дэмжлэг үзүүлдэг.
Би бол төрд орж ирсэн арай өөр бодолтой хүн
Бид хоёрын яриа хэт микро тал руугаа орох гээд байна. Би нэг ийм үг их хэрэглэдэг, жиргэж байдаг та ч мэдэх байх. Загатнасан газар маажих сайхан, загатнахгүй бол бүр сайхан гэж. Таны хэлж байгаа нь ядуурахгүй бол сайн, гэхдээ ядуурчихлаа одоо яая гэхэв түгжирчихсэн нийгмээ хөдөлгөхийн тулд жаахан тос хийж өгөх тухай хэлж байх шиг. Сонголтоо тод харахын тулд туйлшруулсан жишээ хэрэглэх арга байдаг. Бидэнд 1000 доллар байна. Түүнийгээ загатнахгүй бол сайхан гээд ядуурлыг устгах аж ахуйдаа хийе, эсвэл ядуурчихаад байгаа хэсгээ маажих, өнөөдөртөө хурцадмал зөрчил гаргахгүй хэмжээнд барихын тулд өгье. Бид нар өнөөдөр ийм салаа зам дээр дандаа аргацаасан байдлаар маажиж ирлээ шүү дээ...
Сая 24-25 төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 20 хувь болголоо. Яах гэж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах гэж. Саяхан л гэхэд Д.Эрдэнэбат сайд дотооддоо тролебус үйлдвэрлэх тухай хууль батлуулчихаад байна. Энэ мэтчилэн импортыг орлуулах процесс явагдаж байна. Харин манайд дутуу явагдаад байгаа нь экспортоор хоёр том эдийн засгийн орон зайдаа нэвтрэх бодлого дутагдаад байгаа юм.Миний бүх насаараа ярьсан зүйл бол энэ. Үйлдвэржих ёстой юу ёстой л доо. Гэхдээ нөгөө талаас нь харвал миний өрхийн орлого, хуримтлал нь чухал байдаг. Манайхан одоо ярьж байгаа л даа уул уурхайн том ордуудаа дагаад зэсээ сайхан боловсруулья, нүүрсээ шингэн түлш болгоё. Агуу агуу юм ярьдаг. Бид том толгойтой байхгүй юу, гэтэл эцсийн эцэст хүний амьдрал чухал. Оюутолгойн бондын график дээшээ явж байхад Монгол улсын нэг өрхийн бодит орлого доошоо явж байлаа.
Энэ парадокс биш үү? Үүнийг хүн анзаарах ёстой. Гэхдээ анзаарахгүй байсан. Би үүнийг егөө байдлаар байнга хэлдэг. Ийм байхаар чинь хүмүүс уурлалгүй яахав. Хүмүүс намуудыг үзэн ядалгүй яахав. Хүмүүсийн бодит орлогын өсөлт 2012 оны хагасаас 2014 оны эхний улирлаас хасах руу орж ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл нийтдээ 9 улирал дарааллан хасах тэмдэгтэй гарч байна, одоо яах вэ ?.
Сүүлийн 20 жилд анх удаа байх шүү? Нийгэмд, зах зээлд хүртээмжтэй санхүүжилт хэрэгтэй байна гэсэн үг байх нь.
Тийм учраас нийгмийн бухимдал үүсч байгаа. Яг үнэндээ хүн чинь орлого нь муудаад ирэхээр бухимддаг.
Граммын эдийн засаг гээд сүржигнээд байгаа чинь шинэ зүйл биш шүү дээ. Граммыг чинь би танхимын дарга байхдаа худалдагч нарыг нь авчраад уулзаж байсан цагаасаа л харж ирсэн. Тэд юу хэлдэг гэхээр биднийг янз бүрийн татвараас л холдуулж өг гэдэг. Гэтэл бид татвар төлөх ёстой. Гэхдээ татвар нь дарамт болдоггүй л байх хэрэгтэй. Тийм биз дээ? Уг нь манай татвар харьцангуй бага ч орлоготойгоо харьцуулахаар хамаагүй хүнд. Яагаад гэвэл дэндүү олон, хяналт шалгалттай. Дурын татварын байцаагч дуртай торгуулиа тавьдаг. Ийм дарамт Татварын багц хуулин дээр өөрчлөгдөж байгаа. Өмнө нь 36 сая татварын өртэй бол эрүү үүсээд шорон руу явдаг байлаа. Үүнээс нь АТГ-ийнхэн мөнгө ихтэйг нь сугалж авдаг.
Би энэ хуулин дээр ажиллахдаа жаахан өөр дэгээр ажилласан. Юу гэхээр гишүүд чинь хуулиа УИХ-ын даргад өргөн барьдаг, тэгээд хэлэлцэх очероо хүлээдэг. Би хүлээмээргүй болоод Ерөнхий сайдад өгчихсөн. Ерөнхий сайд засгийн газарт нэг онцгой эрх байдаг нь асуудлыг оруулахдаа түргэвчилсэн дэглэмээр хэлэлцүүлж өгнө үү гээд хэлчихдэг. Үүний дараа Ерөнхий сайд сайн ажиллалаа, боллоо гээд ярьж байсан. Би нэрээ бодоод өргөн бариад, дугаарлаад, хүлээгээд байхын оронд улсад л хэрэгтэй юм чинь гээд Ерөнхий сайдаар өргөн бариулсан хэрэг. Гэтэл хүмүүсийн мундаг гэж хэлдэг нэг гишүүн энэ хуулийг жил гацааж байх жишээтэй, харагдах байдал, ажиллах байдал хоёр өөр өөр шүү дээ.
Хараад байхнээ юунд нь дурладаг байна гэмээр амаргүй алба. Төрийн хүн гэдэг бидний төрөө үзэх хандлагаар бол ял боллоо. Монголд харьцангуй хялбар “амиа хоохойлоод” амьдрах зам бас бий шүү дээ. Япон хэлэнд “анхны сэтгэл” гэж хос ханз байдаг. Анх нэгэн сэтгэлээр аливааг эхэлдэг, ажиллаад явж байтал мартчихдаг. Эргэж санаад эхний сэтгэл мэдрэмжээр ажилдаа хандах үе байх. Анх төрийн алба хашихад санаж сэтгэж орсон зүйл байсан байж таараа, одоо нэхэн санавал? Одоо эргээд харахад өөрчлөгдсөн үү?
Маш сайхан асуулт байна. Яагаад С.Дэмбэрэл гэдэг хүн төрд орчихсон юм бэ? Залуудаа төрийн ганц хоёр компанид нягтлан хийдэг байлаа. Ном унших дуртай, жаахан ном уншаад эрдэм шинжилгээний ажид хийдэг болов. Тэгсэн МҮХАҮТ-д ороод хувийн хэвшлийн төлөө ажиллахаар болсон.Монголын хувийн хэвшлийн түүх бол миний түүх.
Би 14 жил хувийн хэвшлийн өмгөөлөл хийж явсан. Гэхдээ гомдол мэдүүлдэггүй, дандаа аргументтай алтернатив бичиж, төртэй маргаж ирсэн. Тэр хүн чинь төрд ороод ирчихлээ. Төрийн ажил гэдэг чинь урлаг юм байна. Түүн дотор төрийн хүн гэдэг чинь дэлдэн чихтэй байх ёстой юм байна. Миний хувьд энэ дадлыг өөртөө бий болгочихсон. Бас мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ замбараагүй бөөгнөрсөн мэдээлэл биш “файлт мэдээлэл” буюу мэдлэг байх хэрэгтэй. Эдгээр дээр нэмээд хамгийн чухал нь том, “нойтон” зүрхтэй байх ёстой. Чихээрээ орууллаа, шууд тархиндаа боловсруулвал хуурай шийдвэр гарна. Тиймээс зүрхээрээ оруулах нь чухал. Сая та сонголт, сэтгэл гэж асуусан.
Хүмүүс намайг 76-ын нэг гээд хэлдэг. Би түүнд маш дургүй. Твиттерээр шууд хэлчихдэг. Би мангар биш. Гэхдээ би 75-ыгаа хэзээ муу хэлж үзээгүй. УИХ дээр орж ирээд хамгийн түрүүнд хэлсэн үг ч гэсэн тийм байсан. Энэ бол төр юм.
Энэ хүмүүсийг мангар тэнэгээр нь дууддаг нь манай төр хүмүүсийнхээ итгэлийг авж чадахгүйд байна. Хамгийн сүүлд гарсан нэг судалгаагаар хүн амын 50 хувь нь ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байна. Хүчтэй гар нударга гээд л, нийгмийг ийм юм руу түлхэж байна. Надад бол сонголт бол одоо ч гэсэн байна. Өөрөөр хэлбэл би УИХ-д дахиж үзэхгүйгээр, маш гоё ярилцлагууд өгчихөөд, янзын сайхан шүүмж бичээд соён гэгээрүүлэх ажил хийгээд, цаг гарвал зээ хүүтэйгээ тоглоод сайхан байж болно. Гэхдээ хүнд өөрийн гэсэн натур байдаг. Миний хувьд тийм ч төрсөг, төрийн хүн бол биш шүү дээ. Би бол төрд орж ирсэн арай өөр бодолтой хүн.
Яагаад гэвэл нийгмийн нэг хэсгийнх нь зовлон жаргалыг өөрийн биеэр мэдэрч, зөөж авчирсан төлөөлөл.
Манай төр урлаг талаас нь харвал болоогүй байна. Өө ихтэй байна. Тэр өөг арилгахын тулд би сонголт хийж байгаа. Дахин давтахад УИХ-д юу ч хийхгүй байж болно, эсвэл маш их зүйлийг хийж болно.
Тийм учраас энэ сонголт таалагдаж байна. Анх УИХ-д ороход бүгд ижилхэн байсан, сүүлдээ тодорхой сэдвүүдээр намайг сонсдог болсон. Тэр нь миний бахархлыг төрүүлж байна. Тиймээс тэр хүмүүстэй дахиад хамт байж, олон зүйлийг хиймээр байна. Ерөөсөө л энэ.
Хэрвээ ард түмэн чамайг мангар гэж хэлвэл мангар биш гэдгээ батал
Сая та би уг нь төрийн хар хүн биш гэлээ. Тэгэхээр таны дотор төрийн хүн бол ийм юм гэсэн имиж байна. Тийм үү ?
Тийм. Миний бий болгосон имиж.
Ер нь төрийн хүн гэдэг чинь танаас юм уу хэн нэг хувь хүнээс хамааралгүй тодорхойлбол яг хэн юм бэ ?
Би бол улстөрийн онол зэргийг нь мэдэхгүй. Түрүүнд хариулахдаа нэлээд задгай хариуллаа шүү дээ. Ерөнхийдөө төрийн хүн гэдэг бол дэлдэн чихтэй, хуурай тархитай, нойтон зүрхтэй хүн байх ёстой гээд. П.Жасрай гуай бол яг төрийн хүн. АНУ-д бид хоёр чинь хамт томилолтоор явж байхад ороод ир гээд дуудна. Тэгчихээд би бол чиний мэдэлд гэсэн байдалтай суугаад л, хүнийг яриулж чаддаг.
Би 1991 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай дээр “Валютын ханшны бодлого” гээд аягүй зузаан ном хэдэн найз нартайгаа биччихээд ороход тухайн үеийн 320 хувийн инфляцитай улсын ерөнхий сайд надад кибернэтикийн шинжлэх ухааны тухай ярьж өгч билээ. Би тэрийг нь сайн ойлгоогүй. Үлдсэн 10 минутад нь миний яриаг сонссон.
Харин М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа бол маш сайн сонсоно. Гэхдээ өөрийнхөөрөө хийнэ. Талийгч Ж.Наранцацралт бас маш сайн сонсдог хүн байлаа. Ц.Элбэгдорж ч гэсэн ялгаагүй сонсдог. Төрийн хүмүүсийн сонсох чадвар сайн, чих нь байнга онгорхой байх хэрэгтэй. Бас маш сайн мэдлэг хэрэгтэй. Хэрэгтэй үедээ ашигладаг. Харин хамгийн чухал шинжийг бид ярьдаггүй. Тэр бол зүрх. Би ард түмэн гэж хэзээ ч ярьдаггүй. УИХ-д гэсэн ард түмэн гэдэг үгийг хэрэглэдэггүй, гэхдээ хүнийг, хүмүүсийг бодож явдаг.
Дээрх гурав дээр нэмээд хувь хүнээс шаардагддаг нэг зүйл байгаа нь ёс суртахуун. Энэ миний сул тал юм уу даа, би тийм ёс суртахуунтай гэх юм уу зөв хүн биш байх. Сэтгүүлч надаас асуусан “Та яагаад хоцорсон бэ” гэж. Бөөн ч юм болсон. Хоцорсон юм чинь хоцорсон гэж л хэлэхгүй өөр юу гэж хэлэх юм бэ? Ямар шүдний эмнэлэгт очоод ирсэн гэж аргацаалтай биш. Тэгэхээр нь л хоцордог юм аа л гэсэн. “Би үнэнээ хэлснээр ёс суртахуунтай” гэж бодох уу, хоцордог ёс суртахуунгүй гэх үү, өнцөг мэднэ. Хүмүүст таалагдахгүй байж болно. Гэхдээ би үнэнээ л хэлсэн. УИХ хэзээ ч цагтаа эхэлдэггүй. 9 цагт эхлэх ёстой, УИХ дарга л сууж байдаг. Гишүүд ганц нэгээрээ орж гараал, картаа хийж, сугалсаар 10 цаг хүрдэг. Би ер нь бүх насаараа хоцорсон. Гэхдээ би залхуу хүн биш. Бүх зүйлийг ажиглаж, судалгаа харж, тунгааж явдаг даа.
Сүүлийн үед улстөрчид болон залуу үеийнхэн хүмүүнлэг үйлс, сайн дурын үйлс их хийх болж. Энэ нь цаашдаа иргэдийн сонголтод, төрийн хүний тухай төсөөлөл, хүлээлтэд нөлөөлж улам л ядруухан сонголтуудыг хийхэд хүргээд байх шиг. Харин таны хувьд тиймэрхүү зүйл хийдэггүй болохоор иргэдээс оноо авах тал дээр бусдаасаа хоцроод байгаа тал байна уу үгүй юу?
Би ерөөсөө ойлгодоггүй нэг юм байна. Тухайлбал би гудамжаар явж байхад гуйлгачин хүн мөнгө гуйж байвал би өгдөг. Хятад ч гэсэн байсан хамаагүй, өгчихнө. Меркури захын үүдэнд хийл тоглодог хөгжлийн бэрхшээлтэй залуутай таараад өгнө, хийл тоглож байгаа юм чинь наашаа харахад нь нүднээс нь талархаж байгааг нь ойлгодог. Гэхдээ би зорьж очсон юм биш, тааралдсан учраас өгсөн.
Хүний зовлонг хөнгөлөхийг хүсвэл нэг нэгээр нь очоод, зураг аваад шоудах биш бүхэлд нь судалгаа хий, шийдэл хай. Жишээ нь би ядуурал гэж их ярьдаг ч грамм энэ тэр гэж ярьдаггүй. Угаасаа мэдэх юм.
Гэтэл ийм төрлийн судалгаа нэгийг ч хараагүй мөртлөө зурагтаар ард түмэн маань ядуурлаа, граммын эдийн засаг болчихлоо гэж ярьдаг хүмүүс бол хуурамч. Намайг Налайх дүүрэгт нэр дэвших гэж байгаа гэж хэлэхэд хамгийн түрүүнд надад энэ дүүргийн тухай судалгаа хэрэгтэй болсон. Түүний дараа л бодно. Гуйлгачинд мөнгө өгч болохгүй гэж сэмхэн боддог зайлсхийдэг хүмүүс тэднийхээ тухай маш их ярьдаг.
Энэ жилийн сонгуулиар гэхэд попдохгүй явж байгаад ялагдах вий гэсэн айдас, болгоомжлол байхгүй юу?
Популизм хийж болно л доо, яг ч бүхэлдээ буруу болохгүй юм биш. Гэхдээ би тэнд хүний төлөө юу хийх тухайгаа аль хэдийн бодчихсон байгаа. Нэг харамсалтай нь тэр дүүргээс сонгогдсон гишүүд байж л байсан. Гэтэл яагаад ядуурал 60 хувь байна вэ? Би бизнесийнхнээс нь асуусан. Тэгээд би нэг шавьдаа “Чи сонгуультай, сонгуульгүй очиж сургалт хий” гэж хэлсэн. Юу хийх хэрэгтэй байна, тэрийг нь хийгээд явах л асуудал. Харин надад тэр айдас гэдэг нь байхгүй. Яагаад гэвэл надад энэ чинь сорилт, сонирхолтой.
Дэлхийн болон Азийн эдийн засаг, түүхий эд, шинэ үе, нийгмийн сэтгэхгүй гээд олон юмсыг харж байхад энэ жилийн сонгууль цаг үеийн маш олон салаа замын бэлчирт тохиож байна. Хувьдаа Монголчуудыгаа төрийн түшээдээ тодорхой шалгууртай, хүсэл мөрөөдөлтэй, цамаан сонгоосой гэж бодож энэ сэдвээр ярилцаж байгаа юм. Таны хувьд сонгогчдод баримжаа болгох гэдэг юм уу өгөх мэссэж байна уу? Хүн амын пирамидын хувьд манай үеийнхэн, залуучууд хамгийн том нийгмийн бүлэг болоод цүлхийж гарч ирлээ.
Одоо би иргэдэд ямар нэг юм хэлэх утгагүй. Түрүүн хэлснээр хийх ёстой юм аа л хийх ёстой. Аан пирамидын хувьд бол яг зөв, одоо бол хүн амын цонх нь нээгдчихсэн үе. Үүлэн чөлөөний наран шиг л. Энэ үе 2030 он хүртэл үргэлжилнэ, энэ үед л хүнээ маш сайн ашиглах хэрэгтэйн. Цонх онгойчихсон ийм үед гучтай болон түүнээс залуу үеийнхэнд сул зогсолт маш их байна. Эдний дунд ажилгүйдэл 16 хувь байна. Залуу үеийнхэнд ажиллах хүч нь байгаа ч ажил нь алга. Дараагийн 10-нд энэ хүчээ яаж ашиглах, ажиллуулах талаар бодоцгоох ёстой юм даа. Ямар ч гэсэн хамгийн чухал нь юу вэ гэхээр generational shift буюу үе халагдал эхэлж байна. Одоогийн улстөрчид бол биологийн талаасаа доош уналттай явж байна.Тэгээд дараагийн үе гарч ирэх ёстой. Тэр хүмүүс нь 2016-2020 онд бол ганц, нэгхэн орж эхэлнэ. Дараагийн халаан дээр бүр олуулаа. Түүнээс хойш Монголыг энэ үе авч явах болов уу. Биологийн утгаараа ч, эдийн засгийн утгаараа ч, улстөр ч гэсэн ялгаагүй. Тухай үед мань мэтийн хүмүүс нь зөвлөгөө өгчихсөн, соён гэгээрүүлэх ажлаа хийгээд л явж байна. Ингээд л дараа, дараагийнхаа үеийг нь бэлтгэх нь чухал. Ингэвэл одоо иргэдийг бухимдуулаад байгаа балиар төр нь цэвэрлэгдээд явах юм. Гэхдээ нам өөрөө цэвэрлэгдэхгүй, тэр цүнх барьдаг гэгддэг хүмүүс нь олширчихвол хэцүү л дээ. Тийм учраас хэрвээ улстөрд орох гэж байгаа, намд элсэх гэж байгаа бол цэвэрлэх гэж л ор. Бидний үеийнхэн бол үнэндээ болсон.
Би ч бөөсний үлгэр шиг аж ахуй руугаа л яриагаа эргүүлчихнэ. Залуу хүний энерги, нийгмийн статусын төлөөх эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг шингээчихээр индастри, аж ахуй хөгжихгүй болохоор төрийн алба гэдэг маань хүний авъяас чадвар, нөгөө анхны сэтгэлээ дагаж ордог удирдлагын салбар гэхээсээ уг нь өөр салбарт шингэж байх ёстой амбицыг шингээдэг бизнесийн салбар шахуу юм болчихлоо шүү дээ?
Миний үед чинь чиний яриад байдаг психологи, эдийн засаг, аж ахуйн үзэл хандлага маягийн зүйлсээ нүд аниад л өнгөрөөсөн. Байгалийн шалгарлаар гэдэг шиг л. 1990 оноос хойш ажиглаа л, дунд нь орж ажиллаад харж байхад хүмүүсийн зан араншинд гарч байгаа өөрчлөлтүүдийг харахаар нэг хэсэг нь зах зээлээ дагаад хөлжсөн, нэг хэсэг нь төрд орчихсон, нөгөө хэсэг нь гэрийн хувийн ажилтай үлдэж байгаа юм. Ингэснээр бид бодлого, ёс суртахуун гэдгийг ерөнхийдөө орхигдуулсан. Гэхдээ энэ нь миний бодлоор буруу биш. Эхлээд бид хөлөө олох хэрэгтэй байлаа. Харин одоо 25 жилийн дараа бодох, шүүгдэх цаг үе нь ирж байна. Шинэ хандлага, сэтгэлгээ, дуу хоолой гарч эхэллээ. Нийгмээ өөрчлөх эрмэлзлүүд бий болж байна гэсэн үг л дээ. Ингэсээр зөв гольдиролдоо ороод цаашлана. Зарим хүмүүс хэлдэг, хүн чанар муудсан үе гэж. Үгүй ээ хүн чанар хэвээрээ байгаа.
Хуучин сайхан байсан хүмүүс одоо хүн чанаргүй болчихсон зүйл биш, харин бид мөнгөний үнэ цэнийг илүү мэддэг болж, мөнгөний категориор амьдралаа хөтөлдөг болчихсон байхгүй юу. Тэр буруу биш.
Цаашлаад улс орныг хэнд удирдах тухайд бол distorted, булингартсан нам удирдаад байвал тэндээс шийр алаг хүмүүс л гарч ирнэ. Нас нь хамаагүй. Зарим нь үндсээр нь шийдэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж ярьж байна. Уншаад үзвэл өөрчлөх зүйл бишгүй олон байна лээ. Гэхдээ бүх асуудал Үндсэн хуульд байгаа юу гэхээр худлаа л байхгүй юу. Хамгийн гол асуудал нь бид өөрсдөө.
Та нарыг ч бид бараг хүний тооноос хассан даа, уг нь бидэнтэй л адил уйлж инээдэг, жаргаж зовдог, стрессдэг, бухимддаг хүмүүс. Санаад сэтгээд зүтгээд байхад ойлгохгүй хомроголон буруутгаад байхаар хүн юм чинь гомдох, гутрах үе гарна биз?
Ер нь бол хүний хийж байгаа зүйлийг ойлговол мэдээж сайн. Хүн их урам авдаг. Харин ойлгогдохгүй болохоор би бол “яагаад ойлгоогүй юм бол” гэж боддог. Би гэхдээ заримдаа твиттерт хүмүүстэй шууд хэрэлдчихдэг, улстөрч гэдгээ мартаад. Тэнэгт гэж хэлээд блоклоод баллаж өгнө ш дээ. Тэгэхээр би хүн л байхгүй юу. Би бол хүн. Миний хийдэг ажил бол хууль тогтоох. Тэглээ гээд би их ухаантай царай гаргаад, гоё зүйл ярих шаардлага байхгүй. С.Дэмбэрэл гэдэг хүн ямар байсан түүгээрээ л байх ёстой. Тэгээд харахаар “Би зан суртахууны хувьд төрийн түшээ хүн биш байх”. Заримдаа твиттерт улаан цайм над руу дайраад байгаа хүнтэй зориуд шууд харьцдаг. Тэгээд яг нэг зүйлээ давтаад хэлээд байхаар тэр хүн ойлгодог. Тэгэхээр тэр хүн намайг үзэн яддаг хүн биш, намайг ойлгоогүй болохоор надад дургүй болчихсон л хүн байгаа юм. Тийм учраас надад өөрийгөө ойлгуулах хэмжээний чадвар байх шаардлагатай юм байна л гэсэн үг.
Хэрвээ ард түмэн чамайг мангар гэж хэлвэл мангар биш гэдгээ батал, түүнээс биш тэгж хэлсэнд нь битгий гомд. Хий, тайлбарла, чадаагүй бол шүүмжлүүл гэж л чамайг сонгосон.
Тиймээс юу хийх ёстойгоо хийгээд, түүнийгээ зөв ойлгуулаад явж байвал л боллоо гэж боддог. Миний хувьд өөртөө байдаггүй шинэ зүйлийг өөртөө наах дургүй л дээ. Дахиад хэлэхэд хамгийн их ажиглаж, ойлгосон зүйл бол төрийн хүн гэдэг бол сонсох чихтэй, боловсруулах хуурай тархитай, бусдыг ойлгох нойтон зүрхтэй л байх ёстой.
Ярилцлагаа өндөрлөх асуулт: Төр, төрийн түшээ ямар байх ёстойг УИХ-д байгаа хүмүүс мэддэг хэрнээ одоогийн иргэдийнхээ эрэлт, ухамсарт тааруулж тоглолт хийгээд байдаг тал байна уу? Энэ үзэгдэл хэзээ эрүүлжих юм бэ?
Би саяхан өнгөрсөн сонгуулийн жилүүдийг нэг эргэж харлаа. Тэгээд дээрээс нь төсвөө харлаа. Гэтэл тэр сонгуулийн циклийн үед төсөв алдагдалтай, инфляци өндөр гарсан байна. Учир нь мажоритар системд байна.
Тойрог руугаа маш их зүйлийг зөөх гэсэн хүсэл нь төсвөө зохистой байлгах гэсэн хүслээс илүү үйлчилдэг учраас дандаа алдагдалтай гардаг.
Тийм учраас бид өөрсдөө сайн харах ёстой. Ямар ч хүн эргээд өрхийн орлогоо л хардаг. Өөдлөх улс өрхийн амьдралаас. Бид 1990 онд парадигмийн өөрчлөлт хийгээд 25 жилийн турш туршигдаад, тэстлээд, алдаа дутагдлаа мэдчихлээ. Харин одоо шинэ бодолтой, шинэ үе new generation гарч ирж байна, 2016, 2020, 2024 гээд шинэ үе халагдах явц явах төлөвтэй байгаа талаар түрүүн ярьсан Би ард түмэн гэж юу болохыг сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл тийм нэртэй судалгааны нэгж байхгүй. Эсрэгээрээ зорилтот бүлгүүд л гэж бий. Тэр хэсгийн тухай ярь гэвэл харин чадна. Миний орлого сайжраад, манай гэр бүлд амар амгалан уур амьсгал бүрдээд эхэлбэл миний мораль, үнэ цэнийн үнэлэмж дагаад өөрчлөгддөг юм шиг санагддаг. Ардчиллын үнэт зүйл нийгмийн биед наалдахгүй байгаа учир нь орлого, хүнд сурталтай холбоотой. Тэгэхээр миний хувьд орлого, хувийн салбар, эдийн засаг талаасаа л мэдэх чадах юмаа, өмнөхөө л хийгээд явна.