ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Үйлдвэр автоматжуулах супер компьютер зохион бүтээсэн инженер А.Алтанбилэгтэй ярилцсан нь

Bolor Rose
2016-06-02 00:50

2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, түүнийгээ Японы олон компанид нийлүүлж буй Монгол залуу А.Алтбанбилэг  энэ удаад үйлдвэрийг автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээгээд удаагүй байгаа юм байна. Түүний зохион бүтээсэн EtherCAT системийн шинэхэн компьютер Японы Toyota, Америкийн Цахиурийн хөндийн 'Radic Technology' зэрэг томоохон компаниудын анхаарлыг татаад байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд дээр цөөхөн байдаг гэнэ. Тиймээс бид энэ удаад ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД  цуврал ярилцлагаа Японы технологийн  KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй онлайнаар холбогдон хүргэж байна. 

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Эхлээд хоёулаа танилцъя?

- Сайн. Намайг А.Алтанбилэг гэдэг. Японы Токиогийн их сургуулийг электроникийн инженерээр төгсөөд одоо Японы KSJ компанид инженерээр ажиллаж байна.  

-Тэгэхээр зохион бүтээсэн шинэхэн компьютер нь үйлдвэрээс гараад удаагүй байгаа гэсэн. Ямар зориулалттай, юунд ашиглах компьютер зохион бүтээсэн талаараа яриагаа эхлүүлье?

-Би өмнө нь 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. Энэ удаад EtherCAT систем буюу үйлдвэрийг автоматжуулах зориулалттай LZ200 компьютер зохион бүтээсэн байгаа.

-Компьютерууд нь хоорондоо ямар ялгаа, онцлог давуу талтай вэ? Компьютер тус бүрийнх нь зориулалтаар дэлгэрүүлээд яривал?

-2013 онд хийсэн Lic-Z компьютер маань үйлдвэр, сургууль, эмнэлэг, аж ахуй байгууллагын дулааны системийг удирдах зориулалттай байсан. Энэ компьютерыг яагаад хийхээр болсон гэхээр манай KSJ компани эмнэлэг, сургууль зэрэг аж ахуй нэгж байгууллагуудын дулааны удирдлагын системийг хариуцдаг байсан. Гэтэл тэр системийг удирддаг компьютер нь нэлээн дээр үеийн компьютер байсан болохоор үйлдвэрлэхээ больсон. Тэгээд байгууллагуудын дулааны системийг удирдах шинэ компьютер зохион бүтээхээр болоод энэ ажлыг манай захирал надад даалгасан. Тэгэхдээ дулааны систем удирдахаас гадна EtherCAT гэдэг шинэ технологийг ашиглахаар зохион бүтээгээрэй гэж даалгасан.  Тэр компьютераа одоо төрөл бүрийн компаниудад нийлүүлээд явж байгаа. Ашиглалтын хувьд EtherCAT  гэхээсээ илүү ерөнхийдөө дулааны систем удирдахаар ашиглаж байгаа.  

-Дулааны удирдлагын зориулалтаар компьютерыг хэрхэн ашигладгийг энгийнээр тайлбарлаж өгөөч?

Дулааны удирдлагын системийг энгийнээр тайлбарлах юм бол нэг том эмийн үйлдвэр байлаа гэхэд үйлдвэрлэдэг эмээсээ шалтгаалаад үйлдвэрийн тасаг бүр өөр өөр температурт үйлдвэрлэлээ явуулдаг. Температурыг маш нарийн тогтмол хэмжээнд байлгах нь чухлын дээр цахилгааны зардлыг багасгах хэрэгтэй байдаг. Эдгээр шаардлагыг манай компьтерийг ашиглан хэрэгжүүлдэг.

-Цахилгааны зардлыг хэрхэн багасгах уу?

-Цахилгааны зардлыг багасгахын тулд 1-рт шөнийн хямд цахилгааныг ашиглах, 2-рт тухайн өдөр хэрэглэх дулаантай ижилхэн хэмжээний дулаан үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Үүнийг

хийхийн тулд орой болгон маргаашийнхаа цаг агаарын мэдээг аваад тодорхой температурт эм үйлдвэрлэх үйлдвэрийн тасаг бүрт хэрэглэх маргаашийнхаа дулааныг тооцоолдог. Тооцоолсон дулаандаа тохирсон халуун хүйтэн усыг хямд шөнийн цахилгаан ашиглаад үйлдвэрлээд тусгай саванд хадгалдаг. Маргааш нь тэр усаа үйлдвэрийн тасаг бүрт оновчтой хуваарилах замаар хямд зардлаар температурыг тогтмол хэмжээнд барьдаг.

 

Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн

 

-Саяны зохион бүтээсэн үйлдвэрээс гараад удаагүй байгаа компьтерийн тухайд?

-2013 онд анх хийсэн Lic-Z компьютерт суулгасан

EtherCAT нь үйлдвэрийг автоматжуулах зорилгоор бүтээсэн  Германы  технологи бөгөөд компьютерүүдийн хооронд маш өндөр хурд, цаг хугацааны нарийвчлалтайгаар мэдээллийг дамжуулах технологи

юм. Ерөнхийдөө үйлдвэрийн тоног төхөөрөмж, роботыг удирдах зориулалттай систем.

Тиймээс бид Lic-Z компьютер дээр ажилладаг EtherCAT технологио заръя гэж бодоод Эмбэддэд систем салбарын томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байсан.  Үзэсгэлэн худалдааны дараа

Америкийн Цахиурын хөндийн Radic Technology компаниас ‘Танай EtherCAT системтэй компьютер чинь их сонирхолтой санагдаж байна, бид АНУ-ын зах зээлд зармаар байна’ гэсэн санал тавьсан.

Гэхдээ 2 шаардлага тавьсан байгаа. 1-рт Германы KPA компанийн программ манай компьютер дээр ажилладаг байх ёстой, 2-рт одоогийнхоос арай хямд үнээр авмаар байна гэсэн.

Тэр үеэс эхлэн Германы KPA компанийн программ ажиллах техникийн үзүүлэлт, мөн бусад компаниудаас ирсэн саналуудыг нэгтгэн өнгөрсөн намраас хийж эхэлсэн LZ200 компьютер маань саяхан үйлдвэрээс гарсан байгаа.

-Олон компанийн санал, захиалгыг нэгтгэсэн компьютер нь үйлдвэрээс гараад удаагүй байгаа гэж байна. Энэ компьютер нь өөр ямар онцлог давуу талтай вэ?

-Энэ компьютер маань олон санал, санаачилга, захиалгыг нэгтгэсэн болохоор олон төрлийн давуу тал ач холбогдолтой байгаа. Тухайлбал, гэнэт цахилгаан тасрах үед компьютер дээр байгаа чухал мэдээллүүдийг flash-даа хадгалж чаддаг байхаар функцтэй. Дээрээс нь үнэ, хэмжээний хувьд хямд, оворгүй болсон. Мөн орчин үед IoT, аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэсэн технологийн трэнд бий болоод байгаа. Үүнийг шинэ компьтертаа тусгасан. Энгийнээр тайлбарлах юм бол

захиалагч үйлдвэрт өөрийн хүсэж байгаа онцлогтой бүтээгдэхүүнээ интернетээр захиалга өгөхөд л түүнийг нь ямар ч хүний гар оролцохгүйгээр үйлдвэрлээд явуулна гэсэн үг.

Өмнө нь хүмүүс үйлдвэрээс олноор гарсан нэг төрлийн бүтээгдэхүүнээс л сонгодог байсан бол өөрийнхөө хүссэн  захиалгаа интернетээр өгөөд үйлдвэрт автоматаар хийлгэж болно гэсэн үг юм л даа.     

- Үйлдвэрээс хараат бусаар өөрийнхөө хүссэн бүтээгдэхүүнийг захиалаад хийлгэнэ гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Энэ талаараа тодорхой яриад өгөөч? Таны компьютер яг ямар үйлдвэл хийх юм? 

Миний зохион бүтээсэн компьютер эхлээд хэрэглэгчийн захиалга орсон байгаа cloud эсвэл компьютерт холбогдож захиалгаа авна. Дараа нь бүтээгдэхүүнийг хийхэд хэрэгтэй мэдээлэл, хийх арга барил, дарааллыг тооцоолдог программ эсвэл хиймэл оюун ухаан агуулсан cloud эсвэл компьютертой холбогдож хэрэгтээ мэдээллээ авна. Эцэст нь тоног төхөөрөмж, роботыг удирдаж бүтээгдэхүүнийг хийсний дараа чанарын шалгалт хийсний үндсэн дээр захиалагч руу бүтээгдэхүүнийг явуулахад шаардлагатай үйл ажиллагааг хийнэ.

Бид өөрсдийн хийсэн компьютераа үйлдвэрийн тоног төхөөрөмж, робот хийдэг компаниудад зарна. Тэр компаниуд бидний компьютерыг роботдоо хийгээд цааш нь үйлдвэрт нийлүүлнэ. Харин түүний дараа үйлдвэр интернетээр хэрэглэгчээс захиалга аваад гаргаж өгнө. 

- АНУ-д зарах захиалга аваад компьютераа хийж эхэлсэн гэсэн.  Тэгэхээр таны энэ компьютер шиг үйлдэлтэй, ийм компьютер дэлхийн зах зээлд байгаа юу?

- Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн байгаа. LZ200 шиг хэмжээ багатай, хямд үнэтэй гэвэл бараг байхгүй.

LZ200 нь үндсэн CPU чип-дээ Xilinx компанийн Zynq-ийг ашигладаг. Zynq чип нь 2 ширхэг ARM CPU болон программчилж болдог hardware болох FPGA-г дотроо агуулсан хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн чип юм. Энэ чипийг ашигласнаар software, hardware 2-ууланг нь программчлах боломжтой болж, өндөр хурдтай удирдах системүүдийг хямд үнээр богино хугацаанд зах зээлд нэвтрүүлэх давуу талтай. Дээр нь LZ200 нь ARM TrustZone технологи ашиглаж системийн security-ийг hardware-аар хамгаалдаг. Үйлдлийн систем, мэдээлэл дамжуулах, боловсруулах software-ууд нь ихэнхдээ их хэмжээний программын кодоос бүрддэг. Программын кодын хэмжээ ихсэх тусам bug гэгддэг алдаа ихсэх хандлагатай байдаг. Тэр алдааг ашиглаж хакерууд систем нэвтэрч, халдлага үйлдэх магадлалтай. Ийм шалтгааны улмаас software-ээр биш hardware-аар системийн security-ийг хамгаалдаг байхаар хийсэн.

Японы Toyota, Industries ч тэр, АНУ-ын Radic Technology компани ч тэр манай компьютерыг сонирхоод байгаа учир нь нэгдүгээрт, EtherCAT системийн hardware болон үндсэн software-ийг 2-ланг нь хийж нэг дороос нийлүүлэх боломжтой, Хоёрдугаарт,  тэдний шаардсан үзүүлэлтийг хангах өөр өндөр хурдтай EtherCAT системийг одоохондоо тэд олж чадаагүй байгаагаас юм.

Инженер хүний хийх ёстой зүйл бол хүмүүс шийдмээр байгаа асуудлуудыг хамгийн зөв аргаар шийдэх

 

-Бүтээгдэхүүнийхээ талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Эндээс таны талаар ярилцъя. Инженер болох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Би багадаа нисгэгч болох мөрөөдөлтэй байсан. Инженер болсон тухайд бол би 10 жилдээ математик, физик, химийн олимпиадад их ордог байлаа. Хими, физикийн улсын олимпиадад түрүүлж байсан. Тэгээд өөрийгөө үеийнхэн дотроо бол мундаг нь гэж төсөөлж, боддог байлаа. Тэгсэн нэг удаа ОУ-ын олимпиадад оролцоод шагналт байранд шалгарсан ч өөрийгөө ямар төвшинд байгааг олж харсан.  Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаж болох боломжтой болов уу гээд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн физик электроникийн ангид орсон. Инженер болох гараа маань эндээс л эхэлсэн дээ. ОУ-ын хүүхдүүдээс өөрийгөө доогуур байгааг тэр олимпиадаар харснаас хойш заавал гадаадад сурна гэж шийдсэн. Тэгээд л МУИС-д сурч байхдаа Японд сурахаар явсан. 

- Токиогийн их сургуулийг төгсөөд л энэ компанидаа ажиллаж эхэлсэн үү? Сургуулиа төгсөөд ажилд хэрхэн орсон талаараа ярихгүй юу?

- Төгсөөд эхний жил software-ийн компанид 1 жил ажилласан. Гэтэл тэр компанид би өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ хийж чадахгүй юм байна гэдгээ олж хараад тэр компаниас гарч Keirex Technology компанид орсон. Тэр компанидаа бол маш олон зүйлийг суралцаад ажиллаж байтал одоогийн ажиллаж байгаа KSJ компани манай компанид дулааны системийг удирддаг программ хийлгэх захиалга өгсөн. Тэр программыг хийгээд дуусч байтал манай компанид ажилд орооч гэсэн санал тавьж байсан.

- KSJ компанид ажилд орох саналыг хүлээж авахад таны чадвар мэдээж нөлөөлсөн. Мөн дээрээс нь хувь хүн талаас үнэлсэн үнэлэмжүүд байсан байх?

-Намайг чадвар тал дээр нэлээн сайн үнэлсэн юм шиг санагдсан. Богино хугацаанд ийм ажлыг хийж чадахгүй байх гэж бодож байсан зүйлүүдийг нь хийсэн болохоор намайг үнэлсэн байх. Хувь хүн талаас  хэрхэн үнэлснийг бол сайн мэдэхгүй байна.

-Инженер хүн гэж хэнийг хэлэх вэ таны бодлоор?  

-Сайн инженер болохын тулд маш олон чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Хамгийн чухал зүйл нь 10-жилийн физик, хими, математикаас эхлээд үндсэн суурь мэдлэгүүд маш чухал байдаг. Мөн инженер хүн байнга шинийг суръя, өрсөлдье гэсэн хандлага, тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж боддог.  

2-рт инженер хүний хийх ёстой зүйл бол хүмүүс шийдмээр байгаа асуудлуудыг хамгийн зөв аргаар, хямдаар шийдэх тэр боломжийг бий болгож өгөх.  Мөн дан ганц технологийн мэдлэгээс  гадна эдийн засгийн тооцоотой байх нь их чухал.  

Компанийн захирал болох саналаас татгалзсан. Миний компани доторх байр суурь бол захирал биш дарга биш бүтээгдэхүүн зохион бүтээдэг инженер хүн.

 

-Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?  

-Японд анх ажилд ороод өөрийн гэсэн ажлын арга барилгүй байсан. Олон жил япончуудтай ажиллаж байгаа болохоор тэднээс асар их зүйл сурсан. Цаг барих, хийж чадахгүй зүйлээ хийж чаддаг гэж хэлэхгүй байх, хийнэ гэсэн зүйлүүдээ цагт нь хийдэг байх гэхчлэн.  Одоог хүртэл сурахгүй байгаа зүйл нь маш нарийн жижиг зүйл дээр анхааралтай ажиллаж чадаагүйгээс зарим үед алдаа гаргаад байдаг. Нарийн чимхлүүр зүйлийг сайн хийдэг байх нь чухал чадвар.

-Таны ажилладаг компанийн дотоод соёл?

-Манай KSJ компани Малайзад салбар үйлдвэртэй. Компанийн дотоод соёл гэвэл захирлын гаргасан инженер хүн зохион бүтээх оюуны ажил хийж байгаа учраас цагт баригдахгүй байх ёстой гэсэн зарчмаар л удирдагддаг.  Мөн манай захирал мөнгийг дансанд хийгээд хадгална гэдэг хамгийн муу зарцуулалт, мөнгө дансанд орж ирэх юм бол түүгээр ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй гэдэг менежментээр ажилладаг.     

-Япон хүмүүс ажиллах арга барилаараа Монголчуудаас юугаараа ялгаатай вэ?

-Япон хүмүүстэй олон жил ажиллаж байна. Япончуудын үнэхээр гайхмаар соёл нь ажиллах арга барил. Хэн нэгэнд төвөг удахгүйгээр өөрийнхөө дааж авсан ажлыг хамгийн өндөр төвшинд хариуцлагатай хийдэг. Япончууд нэг салбарыг, мэргэжлийг сонгосон бол түүнийхээ төлөө эцсээ хүртэл ажиллана, нэг зүйлээ насан туршдаа нухдаг хүн ч бий.   

-Таныг одоогийн компаниасаа захирал болох санал авсан гэж сонссон?

-Захирал дараагийн хүнээ хайж байна гээд нэг Япон залуу бид хоёрын аль нэгийг компаниа авч яваарай гэсэн санал тавьсан. Би нөхцөл байдлыг бодож үзээд захирал болох саналаас татгалзсан. Миний компани доторх байр суурь бол захирал биш дарга биш бүтээгдэхүүн зохион бүтээдэг инженер хүн. Компанид би хэрэгтэй, компани надад хэрэгтэй.

 -Та ном хэр их уншдаг вэ?

- Уншилгүй яахав. Би ном унших маш дуртай. Хамгийн сүүлд  'Дэлхийн түүхийн цуврал' гээд 10 боть номыг өмнө жил эхлээд энэ сард дуусгасан. Ном унших бол миний хобби.

Сонгогчид боловсролгүй байх тусмаа өөртэй нь ижилхэн боловсролгүй хүмүүс сонгогддог

 

-Монгол улсын хөгжил таны нүдээр?

Дэлхийн хөгжилтэй харьцуулах юм бол Монголчууд нэлээн хоцрогдсон байгаа юм уу гэсэн бодол байдаг. 

Нэгдүгээрт, АНУ, Европ, Япон зэрэг улсууд бол хэдэн мянган жил бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хөдөлмөрийн хувиарт орсон, аж үйлдвэр, эдийн засгийн суурь сайтай, өндөр боловсролтой ард түмэн.

Монголчуудад ийм суурь систем байхгүй.  Гэтэл Монголчууд АНУ, Японы нийгмийн системийг шууд хөрсөн дээрээ буулгах гэж үзээд байдаг. Тухайлбал, сонгууль  гэхэд л ардчилсан системээр явуулдаг. Аж үйлдвэр, эдийн засгийн суурьтай, өндөр боловсролтой Европ, Япон, АНУ-д бол ардчилсан системээр сонгож болно. Гэтэл Монголд сонгож байгаа нь ч сонгогдож байгаа нь ч адил түвшний хүмүүс байна. Сонгогчид боловсролгүй байх тусмаа өөртэй нь ижилхэн боловсролгүй хүмүүс сонгогддог. Сонгогчийн эдийн засаг, боловсролын суурийг өөрчлөхгүй бол энэ чигээрээ л яваад байна гэсэн үг. Хувь хүн бүр өндөр боловсролтой байж сонгох чадвар цаашлаад улс орны хөгжилд эерэгээр нөлөөлнө.

Нөгөө нэг зүйл нь, Монголчууд дан ганц уул уурхайн ашигт малтмал, мал аж ахуйн бүтээгдэхүүн гэх мэтийн хүний хөдөлмөр, оюуны мэдлэг бага шингэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гаргах бус өөрсдийнхөө хөдөлмөр оюун шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгтэй байгаа.

Монголчууд эдийн засаг, боловсрол мэдлэгийн хувьд аль болох хурдан бусад улсуудтай өрсөлдөх төвшинд очиж байж л бусдаас эдийн засаг, улс төрийн шууд хамааралгүйгээр оршин тогтнох боломжтой

болох болов уу гэж бодож байна.

-Хувь хүний сонгох чадварт боловсрол нөлөөлнө. Таны бодлоор боловсролтой хүн гэж яг хэнийг хэлэх вэ?

-Тодорхойлж гаргахад хэцүү л дээ. Бид Европын соёл иргэншлийн үед амьдарч байна. Тэгэхээр одоо үед боловсролтой хүн бол Европоос гарч ирсэн тэр үндсэн суурь мэдлэгийг эзэмшсэн, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Боловсролтой хүний хамгийн чухал зүйл бол шинжлэх ухаанч сэтгэлгээ. Шинжлэх ухаан ч байна гээд аль нэг салбар шинжлэх ухааныг мэдэж байх хэрэгтэй гэж байгаа юм биш шинжлэх ухааны арга барилыг эзэмших хэрэгтэй. Сонин дээр бичигдсэн зүйлийг хараад шууд итгэх бус худлаа юу, үнэн үү гэдгийг шалгаж мэдэхийг оролддог байх нь шинжлэх ухаанч арга барилын нэг жишээ. 

-Залуу хүний хувьд сурч судлах, өөрийгөө хөгжүүлэх, хийж бүтээх олон зүйлүүд байгаа байх. Та өөрийгөө 5-10 жилийн дараа хэрхэн төсөөлж байна вэ. Алсын хараа гэх юм уу даа?

-Юу болохыг би тааж мэдэхгүй. Гэхдээ хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Үүний нэг нь Японд газар маш их хөдөлдөг. Тийм болохоор барилгын компаниас шийдэл гаргаж өгөөч гэж хүссэн. Энэ нь юу гэхээр газар хөдлөлтөд өртсөн зарим барилгуудад 5,10 жилийн дараа гадна талаасаа үл мэдэгдэх ан цав үүсч эхэлдэг. Үүнийг нь мэдэрдэг sensor-ийн системийг LZ200 компьютерыг ашиглан хөгжүүлэлтийг хийж барилгуудад байршуулахаар 6-р сараас ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Нэг үгээр хэлбэл, бидний хийх бүтээгдэхүүн газар хөдлөлтийн давтамжийг мэдэрнэ. Хэрвээ эвдрэл үүсчихсэн барилга байх юм бол давтамжид нь өөрчлөлт орох юм.

Бас нэг ажил хийх талаар одоохондоо ярилцаж байгаа. Toyota компани анх даавуу нэхдэг үйлдвэрээс үүсэлтэй. Мөн нэлээн том зах зээлтэй. Toyota Industries компаниас 2-3 жилийн дараа хийх төлөвлөгөөтэй байгаа шинэ загварынхаа нэхмэлийн машинд зориулсан маш хурдан боловсруулалт хийдэг системийг шийдэх компани хайж байгаа. Одоогоор манай компани л Toyota-ийн шаардсан үзүүлэлтийг хангах системийг танилцуулаад байгаа. 5 сард Toyota Industries компани дээр очоод өөрийн зохион бүтээсэн Lic-Z компьютерыг ашиглавал тэдний хүссэн үзүүлэлтийг илүү гаргаж чадна гэдгийг харуулсан.

-Монгол залуусаас нэг алхмаар өмнө яваа  таны хувьд залуучууддаа хандаад юу гэж зөвлөх вэ?

-Хэн нэгэнд зөвлөхөөр төвшинд одоохондоо өөрийгөө очоогүй байна гэж бодож байна. Гэхдээ дотроо бодож явдаг, залуучууд анхаараасай гэж боддог зүйлээсээ дурдъя. Нэгдүгээрт, бид бүгдийн өмсөж байгаа хувцас, барьж байгаа утас, унаж байгаа машин бол дэлхийн бусад хүмүүсийн хөдөлмөр, оюун мэдлэгийн бүтээл. Бид бүгд дэлхийн бусад хүмүүст ямар нэгэн юм өгч байж ямар нэгэн юм авдаг. Тийм болохоор бид бүгд дор бүрнээ би дэлхийн бусад хүмүүст юу хийж өгч чадаж байна вэ гэж бодож явах хэрэгтэй байх.

Хоёрдугаарт, асар их өрсөлдөөнд бид ялагдаад явж байна. Бага ч гэсэн ялахгүй бол Монгол хүмүүс энэ дэлхий дээр явагдаж буй өрсөлдөөнд ялагдаж хоцрох гээд байна. Тиймээс хувь хүн бүр өөрийгөө хаана байгааг мэдэх хэрэгтэй. Хаана байгаагаа мэдэхгүй бол хэн ч хөгжихгүй, хэн ч өрсөлдөж чадахгүй. Эхлээд хаана байгаагаа мэдэх дараа нь хаашаа явахаа харах хэрэгтэй. Би ч мөн хувь хүнийхээ хувьд дэлхийн хүмүүстэй өрсөлдөөд явж байна. Ялагдахгүйн тулд бүх хүчээ дайчилж байна. Тэгсэн ч ялагдаж байна. Бууж өгөх сонголт надад байхгүй. Түүнтэй адил Монголчууд бидэнд бууж өгөх сонголт байхгүй.  Хаана байгаагаа мэдэхгүй бол өөртөө бардаж явсаар нүхэнд унах аюултай. 

-Ярилцсанд баярлалаа.

 


  1. 202.70.46.* баяраа 2017-04-11 21:59
    Манай залуус энийг уншиж үлгэр дурайл аваасай
  2. 202.5.206.* happy 2016-06-09 14:36
    unshmaar bas bodmoor tegeed heregjuulmeer sanaa mash ih baina,unshihad saihan bailaa
  3. 120.17.164.* nomin 2016-06-05 12:13
    Uneheer mundag yum.
  4. 112.72.12.* D.Dashdondov 2016-06-02 17:09
    Үүнийг хүн бүрт хүргэхсэн. Маш чурал ярилцлага болжээ
  5. 221.241.204.* munguu 2016-06-02 15:14
    nice