ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД: Монгол улсын ууган үйлдвэр 'Сүү' ХК-ны захирал Б.Гантулгатай ярилцсан нь

Bolor Rose
2016-06-06 05:24

 Хувь хүн хөгжвөл компани хөгжинө, компани хөгжвөл улс орон хөгжинө.  Бид Монгол брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компанийн захирлуудтай бизнес маркетинг, компаниа удирддаг арга барил, амжилтад хүрсэн нууцаас нь хуваалцаж, Монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хэрхэн таниулсан, таниулах гэж буй түүхээс нь ярилцдаг ШИНЭ ЗУУНЫ ЭНТЭРПРЕНЁРУУД цуврал ярилцлагыг эхлүүлсэн билээ. Энэ удаагийнхаа цуврал ярилцлагын зочноор улсын хэмжээнд нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 59 орчим хувийг, Улаанбаатарын сүүний 81-85 хувийг нийлүүлж байгаа Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний ууган үйлдвэр 'Сүү' ХК-ны захирал Б.Гантулгыг урьж оролцууллаа.  

Гэрэл зургийг: BRONZEHERO's Studio 


-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад компанийнхаа болон өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? 

-Сайн байна уу. Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим, Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. Манай компани нийт 350 ажилтантай, Эрдэнэт, Хэнтий, Зүүнхараад 3 салбар компанитай. Улсын хэмжээнд нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 59 орчим хувийг, Улаанбаатарын сүүний 81-85 хувийг нийлүүлж байна.  

Намайг Б.Гантулга гэдэг. ОХУ-ын Г.В.Плехaновын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг төгссөн. “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байна. 

-Миний хувьд ирэх замдаа Монгол улсын сүүний ууган үйлдвэр, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан үндэсний томоохон компанийн захирал нь нэлээд ахимаг насны хүн байдаг болов уу гэж төсөөлөөд иртэл их залуухан захирал угтлаа л даа. Залуу хүний хувьд компаниа илүү шинэлэг, өвөрмөц арга барилаар удирддаг байх. Таны компаниа удирддаг онцлох арга барил юу вэ? 

-Манай компанийн хувьд одоогийн байдлаар шилжилт, шинэчлэлийн үедээ явж байна. 2005 оноос өмнө компанийн 51 хувийг улс эзэмшдэг байсан. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үе компанийн хувьд хүнд туссанаас гадна хүнс үйлдвэрлэлийн салбарт бодлогын хувьд алдаатай, оноотой зүйлс ч их байсан. 2005 оноос бүрэн хувьчлагдсанаар манай компанийн шинэчлэлийн эрин үе эхэлж, одоо ч мөн олон шинэчлэлийг хийгээд явж байна. 

Миний компаниа удирддаг онцлох арга барил бол ажилчдынхаа өдөр тутам хийж буй ажилд нь зааварчилгаа өгөхөөс илүүтэй соёл, хандлагаар удирддаг.  

Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь өөрөө цэвэр, ариуны бэлгэдэл сүү, сүүн бүтээгдэхүүн байдаг. Тэр ч утгаараа хүмүүсээ зөв харилцаатай, зөв чиглэлд хөгжүүлэх, зөв хандлагуудыг нэвтрүүлэх, тухайлбал эрүүл чийрэг спортлог байх, байгаль орчноо хайрлаж хамгаалах, гэр бүлдээ их цаг зарцуулах, үр хүүхдээ хайрлах гэх мэт сэтгэлгээг илүү хэвшүүлээсэй, “Сүү”-гийн гэсэн соёлыг бий болгох юм сан гэж бодож зорьж явдаг даа. 

-Сүүлийн үед томоохон компаниуд дотоод соёлдоо ихээхэн анхаарал хандуулах болсон. Та ч мөн компаниа соёлоор удирддаг гэлээ. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?  

 -Нэгдүгээрт, бид зүгээр нэг жижиг компани бус Монгол улсын ууган үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс. Тэр утгаараа бид Монгол улсын анхдагч үйлдвэрийн түүхийг бичилцэж, үргэлжлүүлж яваа хүмүүс гэсэн ойлголт, итгэл үнэмшлийг ажилчиддаа бий болгохыг зорьдог.  

Хоёрдугаарт, бид манлайлагч байх ёстой гэдгийг ажилтан бүр ухамсарлаж ойлгосон байдаг. Тиймээс бидний зорилго нэг. Бид Монгол сүүгээр дэлхийг ундаална гэсэн нэг зорилготой, нэг чиглэл рүү хараад явж байгаа хүмүүс. Харин ойрын зорилго гэвэл Монгол улсаа сүү, сүүн бүтээгдэхүүнээр 100 хувь хангах зорилготой ажиллаж байна. Алхаж байгаа зүг, харж байгаа зорилго нэг болохоор ажилчидтайгаа хамтран ажиллахад маш дөхөм, амар хялбар байдаг.

-Энэ олон жилийн хугацаанд тогтвортой төдийгүй амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн компанийнхаа нууцыг юу гэж хардаг вэ?  

-Энэ бол хүн. Сүү ХК-ийн ажилчид гэж бодож явдаг. Үйлдвэрийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан, 2-3 үеэрээ манай компанид ажиллаж байгаа хүмүүс олон байдаг. Зах зээлийн хүнд хэцүү үед өөрийгөө бус үйлдвэрээ бодоод үлдсэн хүмүүс их бий. Тиймээс эдгээр хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл энэ үйлдвэрт шингэсэн учраас одоог хүртэл тогтвортой төдийгүй амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа болов уу.  

Бизнесмен хүнд хувийн төлөвлөгөө, хурдтай байдал маш чухал

-Одоо хоёулаа таны талаар, Сүү компанийн захирал Б.Гантулга гэдэг хувь хүний талаар ярилцъя. Компанийнхаа Гүйцэтгэх захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа гэсэн. Өмнө нь хаана, ямар ажил хийж байв?   

-Би сургуулиа төгсөөд банк санхүүгийн салбарт теллерээс эхлээд маркетингийн захирал хүртэл 5 жил, түүний дараа гадаад худалдааны салбарт 5 жил ажилласан. Харин 3 жилийн өмнөөс үйлдвэрлэлийн салбарт өөрийгөө сорьж, шинэлэг зүйлийг суръя, хөгжүүлье гэсэн зорилготойгоор Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд өрсөлдөн, ажиллахаар тэнцсэн байгаа. 

-Таны ажилласан жилүүд их сонирхолтой санагдлаа л даа. 5 жил ажиллаад л салбараа солиод байжээ. Тохиолдлын зүйл байв уу. Хувийн ямар нэг төлөвлөгөө байна уу? 

-Би хувьдаа аливаа нэг салбарт шинэлэг, бүтээлч, эрч хүчтэйгээр ажиллах хугацааг 5 жил юм болов уу гэж боддог учраас төдий хугацаанд ажиллаад салбараа сольж байсан. Яагаад гэвэл хүн нэг компанид, нэг салбарт 10-аас дээш жил ажиллаад ирэхээр өөрөө өөртөө сэтгэл ханачихдаг. Нэг үгээр хэлбэл, бардам зантай болоод шинэ зүйлийг хүлээж авах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр хойрго болчихдог юм шиг санагддаг. Би залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэх, суралцах зүйлс олон байгаа болохоор үүнийг миний хувийн төлөвлөгөө, арга барил гэж харж болно. 

-Таны бизнестээ баримталдаг филисофи, зарчим?  

-Би бүх ажлаа төлөвлөн, хийх ёстой зүйлсээ дэвтэр дээрээ тэмдэглэж хэвшсэн. Ингэхдээ

дэс дарааллаар нь яаралтай, чухал, яаралтай биш, чухал биш гээд багана үүсгээд тэмдэглэчихдэг юм. Өөрөөр хэлбэл, хийх ажлуудаа цаг хугацааны дарааллаар нь жагсааж яаралтай, чухлаа түрүүлж хийнэ гэсэн үг. Тухайн өдрийнхөө яаралтай, чухал ажлыг 8 цагт багтаагаад, бүх анхаарлаа тэр ажилдаа төвлөрүүлдэг.

Энэ нь ажлын бүтээмж, цаг хэмнэлт, дараагийн ажлаа эрч хүчтэй урамтайгаар эхлүүлэхэд их тустай, мөн ажлын дарамт, ачаалал ч багасдаг.

Ер нь бизнесмен хүнд хувийн төлөвлөгөө маш чухал. Мөн шийдвэрүүдийг маш хурдан хурдан гаргаад явдаг. Уулзалтуудыг ч аль болох удаан хийхгүйг хичээдэг.

-Та хэр сайн удирдагч вэ?  

-Би өөрийгөө сайн удирдагч гэж ханах дургүй. Лидер хүн гэдэг хүн бүрт таалагдах албагүй. Би өөрөө өөртөө таалагдахын тулд ажилладаг. Өөртөө таалагдахын тулд өөрөө зөв, үлгэр жишээ байх ёстой. Миний хувьд захирал гэдэг байр сууринаас бус, ажилчдынхаа санаа бодлыг сонсож ажиллахыг чухалчилдаг. Тухайлбал, хэн нэгэнд үүрэг даалгавар өгөхдөө эхлээд тухайн хүнийхээ саналыг сонсдог. Энэ ажлыг хэдий хэр хугацаанд, ямар бүтээмжтэй хийж чадах вэ гэхчилэн асууна, зөвлөлдөнө. Энэ нь компанийн алсын хараа, бусад төлөвлөгөөг гаргахад ч их амар байдаг.

Мөн манай компанийн хамт олон спортод их элэгтэй. Бид сагс, хөл бөмбөг, дугуй гэх зэрэг чөлөөт клубуудыг ажиллуулдаг, би өөрөө ч идэвхтэй хамрагддаг. Энэ нь ажилчидтайгаа илүү ойр байж албан бус орчинд тэдний санаа бодлыг сонсоход, цаашлаад шинэ төлөвлөгөө, шинэлэг санаачлагуудыг нь сонсоход их дөхөм болдог.

Түүнчлэн би хүмүүстэй жигд харьцахыг хичээдэг. Энэ компанид ажиллаж л байгаа бол тэр үнэ цэнэтэй хүн.  

Алдаа гаргахаас айж суугаад боломжийг алдсанаас хийж алдаад туршлага хуримтлуулах нь дээр

-Таны mentor хэн бэ?

-Надад mentor олон бий. Хас банкинд ажилласан цагаас эхлээд байгууллагын соёл, зөв зохион байгуулалт тал дээр олон зүйлийг Хас банкны захирал байсан Ч.Ганхуяг ахаас суралцаж байсан. Өөр нэг mentor маань Моннис группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар. Японд суралцаж байсан, ажилчдаа маш их хүндэлж харьцдаг энэ хүнээс би хүнд ойлгогдохоос илүү ойлгохыг хичээж сурсан. Хүнийг эхлээд сайн сонсоод ойлгочихвол дараа нь өөрийгөө ойлгуулахад их амар байдаг.

Дараагийн mentor бол Сүү ХК-ийн ТУЗ-ийн дарга, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Ганбаатар захирлаас Монгол ухаан, бүтээлч хандлага, зөвхөн бизнесийн ашгаас бус хийсэн бүтээснээсээ, нийгэмд оруулж буй үр дүнгээсээ сэтгэл ханамж авах гээд олон зүйлийг сурч авдаг.

-Ер нь хувь хүн өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу байдаг вэ?

-Залуу хүн шинийг эрэлхийлэгч байж, шинэ мэдлэг, чадварт суралцахын тулд уудаг цаас шиг өлөн байх хэрэгтэй. Өнөөдөр би дэлхийн хамгийн шилдэг технологийг мэддэг инженер, шилдэг технологич байлаа гээд өөртөө бардаад суугаад байвал 10 жилийн дараа хэн ч биш болно. Орчин үеийн нийгэмд техник, технологиос эхлээд маш олон зүйл асар хурдтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Тэр бүрт мэдрэмжтэй байж суралцах хэрэгтэй. Шинийг эрэлхийлэгч байх нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн чухал хандлага.

-Таны хувьд одоо аль тал дээрээ өөрийгөө хөгжүүлж байна?

-Миний хувьд үйлдвэрлэлийн салбарт маш олон зүйлийг суралцаад явж байна.

Би өөрөө зөв гэж үзсэн, хийхийг хүссэн зүйлдээ бүх зүйлээ зориулчихдаг. Алдах вий гэж айхаас илүү оролдоод хийгээд л үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, алдаа гаргах вий гэж айж сууснаас хийж үзээд алдах нь надад илүү их туршлага, шинэлэг зүйлийг суралцахад, цаашлаад хувь хүний хөгжилд нөлөөлдөг. Айж суугаад боломжийг алдсанаас хийж алдаад туршлага хуримтлуулах нь дээр. Тэр бүрт алдаад байна гэж бас байхгүй, амжилтад хүрсэн нь ч олон байдаг.

-Алдаа гаргахаас айлгүйгээр зөв гэж бодоод хийсэн зүйл нь амжилтад хүрсэн, эсвэл алдсан сургамжуудаас ярьж өгөөч?

-Үйлдвэрээ урсгалаар нь аваад үзвэл бүтэц зохион байгуулалтаас эхлээд сүү хадгалах агуулах, тээвэрлэх авто машин, үйлдвэрлэлийн шугам зэрэгт олон өөрчлөлт шинэчлэлтийг бид хийсэн. Үүний нэг нь 1987 оноос хойш ажиллаж байгаа элекстерийн шугам. 30 жилийн турш үйлдвэрт ашиглагдсан гэсэн үг. Миний хувьд энэ шугамыг шинэчилбэл өнгө үзэмж сайжрах, бүтээгдэхүүний хадгалалт уртсах, үйлдвэрлэлийн зардлууд буурах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт нэмэгдэх зэргээр олон зүйлд сайнаар нөлөөлж болохыг олж харсан. Тиймээс өнгөрсөн 12-р сард зоригтойгоор шинэчлэл хийгээд үзсэн. Өмнөх шугам нь өдөрт 5 тонн сүү үйлдвэрлэн, борлуулдаг байсан бол шинэчилсэн шугам маань өдөрт 25 тонн бүтээгдэхүүн борлуулдаг болсон. Борлуулалт нь 4-5 дахин өсч, нэгж бүтээгдэхүүнд ноогдож байгаа зардал нь багассан, сав баглаа боодол сайжирч, үйлдвэрлэлийн өртөг буурснаар бүтээгдэхүүний үнэ ч бас хямдрах боломж бүрдсэн. Хэрвээ үүнийг зориглоод хийгээгүй бол хуучнаараа, өдөрт 5 тонн элекстер савлагаатай сүү зах зээлд нийлүүлдэг хэвээр үлдэх байсан.  

Өөр нэг онцлох зүйл нь өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад үнээний шинэ ферм нээн ажиллуулж эхэлсэн явдал. Бид фермдээ Европоос голштейн үүлдрийн сүүний чиглэлийн 300 үнээ авчирсан. Одоо өдөрт дунджаар 7 тонн сүү бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийн бүх зураглалыг Германы компани боловсруулсан. Зөвхөн их сүү үйлдвэрлэн борлуулахдаа биш, сүүний өртгийг бууруулах, жишиг ферм байгуулах зорилго мөн тавьсан. Сүү бэлтгэн нийлүүлэгч малчдад бусадтайгаа нийлж хоршоо болон бизнес бүлэг байдлаар аж ахуйгаа эрхэлснээр гарч болох давуу талуудыг ч ойлгуулахыг хүсч байгаа. Эдийн засгийн хувьд багагүй хүнд үе тохиож байгаа энэ цаг үед алдах зүйл ч байсан, амжилтад хүрсэн зүйлс ч их байна. Ямартай ч зорьсон ажлуудаа эхлүүлээд, зориглож хийгээд явж байна.

-Цаашдаа компанидаа ямар шинэчлэл хийхээр ажиллаж байна?

-Хамгийн сүүлд хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалт бүхий шинэчлэл бол тетрапакийн шугамаа шинэчлэн ажиллаж байгаа. Мөн цаашид компанийн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөсөн, эхлүүлсэн ажлууд олон байна.    

200 метр гүйчихсэн улсын араас гүйх шаардлагагүйгээр амдаад очих газар бол сэргээгдэх эрчим хүчний салбар

 

-Бизнесмен хүний хувьд тэр дундаа улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монгол улсыг хэрхвэл хөгжинө, хөгжих ямар гаргалгаа бий гэж хардаг вэ?

- Монгол улс нь далайд гарцгүй, 2 том хөршийн дунд оршдог, хүн ам цөөхөн, ажиллах хүч багатай учир бидэнд хэтэрхий олон салбарыг зэрэг хөгжүүлэх, эдийн засгийг олон өнгөөр солонгоруулах боломж байхгүй. Монгол улсын хөгжил 3 үндсэн салбарт тулгуурлан хөгжинө гэж хувьдаа хардаг. Үүнд Сэргээгдэх эрчим хүч, Уул уурхай, Хөдөө Аж Ахуйн салбар орно.

Эрчим хүчний салбар бол дэлхийн улс орнуудад үргэлж чухалд тооцогддог салбар юм. Орчин үеийн нийгэмд эрчим хүчний хэрэглээ нь үргэлж нэмэгдэж байна. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа утас, компьютер, таблетаас эхлээд автоматжуулсан үйлдвэрлэл гээд бүгд цахилгааны эх үүсвэрээр ажилладаг. Үүн дотроо сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч гэдэг зүйлийг дэлхий нийтээр ярьж байна. Бид дэлхийн эдийн засгийг араас нь хөөгөөд явж байгаа улс. Бид тэдний хөгжсөн замыг хөөж, араас нь дагаж явах биш одоо юуг харж байна, ямар зүйл рүү анхаарлаа хандуулж байна гэдгийг харж тэр чиглэлд амдаж хөгжих хэрэгтэй. Тэдгээр улсууд хөгжихдөө маш олон алдаа гаргаж, болох бүтэхгүйг нь туулж ирсэн. Бид араас нь дагаад, тэр алдааг нь давтаад яваад байлгүй урдаас нь амдаж хөгжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 200 метр гүйчихсэн хүний араас гүйгээд байх шаардлагагүй. Амдаад очих тэр салбар бол сэргээгдэх эрчим хүчний салбар гэж би хувьдаа хардаг. 2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн хандлага тунхагууд гарч байгаа, тэр бүхэнд анализ хийж, түүн дээрээ тулгуурлан улсаа хөгжүүлэх хэрэгтэй.

Нөгөө нэг салбар нь уул уурхай гэж хардаг. Уул уурхай бол хүний нүдэнд байгаль орчинд хортой, их юм ухаж аваад байгаа юм шиг харагддаг ч байгаль орчинд үзүүлж байгаа хор хөнөөл нь хөдөө аж ахуйн салбараас хамаагүй бага байдаг.

Монгол улсын газар нутгийг 20 ширхэг бичгийн цаас гэж үзвэл уул уурхайн нэг орд нь тэр 20 цаасан дунд үзгээр хатгасан цэгтэй ижил төдий газар нутагт үйл ажиллагаа явуулдаг. Хажууд нь хөдөө аж ахуй салбар бол 20 цаасны 1 бүтэн хуудсыг ашиглаж байгаа салбар гэж адилтгаж болно.

Харин ХАА-н салбарын хувьд бидэнд асар их өгөгдөл нь байна, газар нь байна, мал нь байна. Бид энэ байгаа баялгаа зөв бодлогоор үргэлжлүүлэн хөгжүүлэх л шаардлагатай.

-Ихэнх хүн дэлгүүрт ороод “Миний Монголын сүү”-г сонгож байгаа нь харагддаг. Би ч мөн тэгдэг. Тэр хэрээрээ “Миний Монголын сүү” брэнд болж чадсан юм болов уу. Тэр нууцыг та юу гэж хэлэх вэ?

- Би аливаа ажлыг аль болох чанартай хийхийг хүсдэг. Гаргаж байгаа бүтээгдэхүүн маань надад 120 хувь таалагдаж байж түүнийг би хэрэглэгчдэд санал болгоно гэж зорьдог. Өөрөөр хэлбэл, тэр бүтээгдэхүүн надад 120 хувь таалагдаж байж хэрэглэгчдэд 80-100 хувь таалагдана. Тэгэхээр “Миний Монголын сүү” брэнд болсон эхний шалтгааныг чанар гэж бодож байна.

Бас нэг зүйл нь үйлдвэрлэлийн тогтвортой байдал. Аливаа бүтээгдэхүүнийг тогтвортой, удаан хугацааны турш хэрэглэгчдийн гарт хүргэснээр тэр бүтээгдэхүүн брэнд болж чаддаг. Бүтээгдэхүүнээ брэнд болгохын тулд том хэмжээний үйлдвэртэй байх хэрэгтэй. Жижиг цех бол цех л байдаг. Ганцхан ширхэг машин суурилуулаад нэг л төрлийн бүтээгдэхүүн маш бага хэмжээгээр тогтворгүй үйлдвэрлэдэг. 1000 ширхэгийг үйлдвэрлэе гэхээр тогтвортой чанар гэдэг зүйл байхгүй болчихно. Улсын хувьд ч ялгаагүй цех хөгжүүлэх бодлого баримтлаад байдаг. Цехүүдээ нийлүүлээд томоохон үйлдвэр байгуулах хэрэгтэй. Тэгж чадвал өнөөдөр дэлгүүрт ороод импортын бүтээгдэхүүн сонгодог хүн дотоодынхоо бүтээгдэхүүнийг сонгож чадна. Дотооддоо үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүнийг эхлээд аваад хэрэглэхэд чанартай, үнэ нь тогтвортой байсан ч хэсэг хугацааны дараа чанараа алдаад, үнээ нэмчих юм гэж хүмүүс ярьдаг. Учир нь тэр бүтээгдэхүүнийг цех үйлдвэрлэж байгаатай л холбоотой. Эрэлт ихсэхээр түүнийгээ гүйцэхгүй, чанар нь алдагддаг гэсэн үг. 

Үүн дээр нэмж хэлэхэд, саяхан улсаас махны экспорт эрхэлдэг 12 компанид 12 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр зарласан. Гэтэл Хятадын засгийн газар 4 компани сонгосон. Манайх яг үнэндээ 12 биш томоохон 4 юм уу, 2 компанийг л сонгох хэрэгтэй байсан. Энэ нь махны тогтвортой нийлүүлэлт, үнийн тогтвортой байдалд илүү үр дүнтэй. 

- Уучлаарай, уншигчдад маань илүү ойлгомжтой байлгах үүднээс энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-12 компани тус бүрт 1 тэрбум төгрөгийн зээл өгөх гэж байгаа юм. 1 тэрбум төгрөгөөр нэг цех л барина.

Цех яах вэ гэхээр тогтвортой нийлүүлэлт, тогтмол чанар, үнийн тэнцвэртэй байдлаа барьж чадахгүй. 12 компани эхэндээ монгол махаа 10,000 төгрөгөөр өгөхөөр тохирлоо гэж бодъё. Гэтэл нэг компани нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, үйлдвэрлэлээ тогтмол явуулаагүйгээс болоод 9700-аар зарна, бас нэг нь түүнээс өрсөөд 9500-аар зарна.

Ийм байдлаар ашиггүй цикл үргэлжилнэ гэсэн үг. Эхнээсээ 2 компани сонговол зээл авсан 12 тэрбумаараа цех биш үйлдвэр барьчихна. Том үйлдвэр барьснаар тогтмол чанартай үйлдвэрлэл бий болоод эхэлнэ. Ажилчдын цалин, нийгмийн даатгал, татвар гэх зэрэг асуудлууддаа түүртэхгүй, илүү алсын хараатай бодлого ярих боломж бүрдэнэ гэсэн үг.

-Улсын бодлого буруу байна гэсэн үг үү?

- Улсын бодлого биш нийтийн хандлага үүнд нөлөөлдөг. Улс бол 4 компани сонгох, 12 компани сонгохын аль нь ашигтай, үр дүнтэйг мэдэж байгаа. Улсаас 4 компани сонгох гэхээр энэ тэрний хамаатан, тэгж арын хаалгаар зээл авсан гэхчилэн өрсөлдөгч компани болон олны дунд маш их хэл ам гардаг. Тиймээс улс төрчид хэл амнаас нь айгаад олон компанид хуваагаад өгчихдөг. Эцсийн дүндээ тэр 12 компаниас нь 2-3 нь тэсэж үлдээд бусад нь баахан цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрээд л дуусна. Тиймээс засаг энэ мэт зүйлээс хараат бусаар бодлогоо бариад ажиллах зоригтой л байх хэрэгтэй.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөх гэж байна. Төгсгөлд нь та залуучууддаа хандаад зөвлөгөө өгөөч?

-Залуучууд маань мөнгө гэдэг зүйлийг туйлын зорилгоо болгож богино хугацаанд, хурдан их мөнгөтэй болох гэж их яарч байна. Ямар ч хамаагүй аргаар худал хэлж, хулгай хийхээс буцахгүйгээр  мөнгө олж, авсан зүйлсээрээ бусдын өмнө гайхуулах хандлага нэлээд ажиглагдах болж.

Гэвч залуу хүний хувьд мөнгө, баялаг гэдэг бол гайхуулаад байх зүйл биш. Залуу хүн гэдэг шинээр сурч байгаа мэдлэг чадвар, хийж байгаа ажил, бүтээлээ гайхуулж, бахархаж амьдардаг хүмүүс юм шүү.


  1. 112.72.6.* Зочин 2016-07-29 17:58
    Мундаг залуу шүү. Ийм чадвартай залуучуудын эрин үнэхээр ирээд байгааг улс төр маань ойлгодог бол...
  2. 150.129.142.* Зочин 2016-06-13 10:21
    Ганц л юм гуйя бүх хүмүүс ярьж байна. Литрийн сүүгээ 500грамаар үйлдвэрлээчээ, дандаа хэрэглэж амжку муудчаад байна, тэгүүл танай орлого хуга өснөдөө, ганцаараа юмуу сүү нэг их хэрэглэдгүй айлд зориулаад бага савалгаатай сүү үйлдвэрлээрэй
  3. 202.70.46.* Зочин 2016-06-08 21:36
    iim zaluugaaraa tom uildver avch yavdag, minii baij baigaagaas ichlee
  4. 202.9.41.* Зочин 2016-06-08 18:05
    super!