ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Физикийн салбарт Монголын нэрийг тамгалсан Агваанлувсангийн Ундраа доктортой ярилцсан нь

А.Сэвжид
2016-06-07 07:18

Монголын урдаа барьдаг эрдэмтэд болох академич Б.Чадраа, Х.Намсрай агсан нарын ажиллаж байсан ОХУ-ын Дубнагийн цөмийн шинжилгээний институцэд гучин нас шүргэж явахдаа лекц уншина гэдэг маш том амжилт, нэр төрийн хэрэг. Түүнийг очихоос өмнө тус байгууллагын эрдэмтэд судалгааны бүтээлийг нь судлачихаад 60 орчим насны эрэгтэй хүн байх гэж бодсон гэдэг. Жирийн нэгэн уурхайчны гэр бүлд ууган охин болон мэндэлж бусдын адил дүүргийн дунд сургуулиа дүүргэсэн түүний хувьд МУИС-д оюутан болохдоо физикч мэргэжлийг сонгосон нь түүнийг ирээдүйд эх орноо дэлхийд таниулах эрдэмтэн болох анхны алхам нь болсон. Түүнчлэн түүний сурах хугацаа нь их сургуулийн дөрвөн жилээр хэмжигдсэнгүй. Сургуулиа төгсөөд Итали улсад мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, цаашлаад АНУ-д докторын зэргээ хамгаалж тэндхийнхээ томоохон судалгааны хүрээлэнд ажиллаж байгаад эх орондоо ирсэн юм. Ингээд ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор доктор А.Ундрааг урьж ярилцлаа. 

Эхлээд та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу ?

Би 1973 онд төрсөн. Манай аав уурхайчин, ээж маань математикийн багш. Миний хувьд айлын том хүүхэд, дороо гурван дүүтэй. Манайх Налайхын уугуул айл. МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөөд Итали, АНУ-д суралцаж 2002 онд докторын зэрэг хамгаалсан. Докторын ажлаа хамгаалсны дараа физикийн суурь судалгаа хийж байгаад АНУ-ын Калифорни мужид байдаг Үндэсний хүрээлэнд таван жил ажилласан. Үүний дараа Стэнфордын их сургуульд олон улсын харилцааны бодлого судлал чиглэлээр судалгаа хийж, багшилсан. 

29 настайдаа доктор хамгаалж, хамгийн тэргүүлэх байгууллагуудад сонгогдож ажилласан хүний хувьд АНУ-д, эсвэл Италид ажиллаж амьдрах сонголт байсан гэж бодож байна. Тэгэхээр яагаад тийм амжилттай өрнөж байсан карьерээ үргэлжлүүлэх боломжгүй Монголыг сонгож, нутагтаа буцаж ирэв ээ?

Та сая хамгийн чухал үгээ асуултынхаа төгсгөлд хэллээ. “Нутагтаа” гэж. Мэдээж даяаршиж буй дэлхийд хүн хаана ажиллаж амьдрахаа өөрөө сонгох хэмжээний өрсөлдөх чадвартай байна гэдэг бол давуу тал. Гэхдээ хаана ч, ямар улсад очсон тэр бол Монгол биш. Эх орон минь л учраас хаана ч очсон надад өгч чадахааргүй мэдрэмж, өөрийн гэсэн бүхэн минь Монголд бий. Харин мэргэжлийн ажлаа хийж чадах уу үгүй  юу, цалин хөлс хэр вэ зэрэг нь тусдаа асуудал. Ер нь бүх зүйлийг өв тэгш байлгана гэдэг хэцүү. Аливаа зүйл заавал ч үгүй давуу, сул талтай байдаг учраас эх нутаг, аав, ээждээ ойр байхын тулд сонголтоо хийсэн. Өөр бас нэг шалтгаан нь манай нийгэм маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас өөрчлөлтийн нэг хэсэг байхыг хүссэн л дээ.

Орчин цагт шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нь инновацаар улам гүн холбогдож ирлээ. Суурь шинжлэх ухаанаас суралцаад ирсэн залуусыг инновацаар дамжуулаад үйлдвэрлэлд холбох салбар хөгжөөгүй байхаар төгсөөд ирсэн залуучуудын маань зарим нь эндээ  салбараа өөрчлөөд шингэдэг, зарим нь буцахад хүрдэг. Харин таны хувьд шинжлэх ухааны судалгаа хийдэг өөрийнхөө үндсэн мэргэжлээс төр, институцийн бодлого гаргах тал руугаа хувираад шингэчихсэн гэж ойлгож болох уу ?

Их сайхан асуулт байна. Миний хувьд мэргэжлийн чигээ өөрчилсөн нь алсын хараатай, сайн бодож байж хийсэн алхам. Ер нь Ливерморын хүрээлэнгээс гарч Стэнфордын их сургуульд бодлого судлалаар ажилладаг маань ерөнхийдөө эх орондоо буцаж ирж ажиллахдаа илүү хэрэгтэй хүн болоход бэлдэж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл Ливерморын хүрээлэнгийн өндөр хурдны компьютероор хийсэн тооцооллын ажил ч юм уу, эсвэл дэлхийд нэлээд өндөр өртгөөр лабораторид хийгддэг физикийн туршилтуудаас өөр туршлагагүй эх орондоо ирвэл цаашид хэрхэх нь тодорхойгүй болчихно. Хариад нэгэнт тийм орчин байхгүй учраас яавал тийм орчин бүрдүүлэх вэ гэдэг талаас нь бодлого судлалаар ажиллах нь илүү хэрэгтэй гэж бодсон хэрэг. Бодлогын судалгаа гэдэг чинь хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн бодлогод тусгагддаг. Бодлого гэдэг улстөр биш, олон хүний хүч хөдөлмөрөөр маш их судалж, хөгжүүлж хийдэг зүйл учраас бас нэг бие даасан салбар.

Монголдоо ирээд аргагүйн эрхэнд өөрчилсөн биш анхнаасаа зорилготой, бодолтой салбараа өөрчилжээ дээ?

Яг тийм. Шилжилт хийсэн. Гадаадад сурч байгаад Монголд ирсэн нарийн мэргэшсэн залуучуудын мэргэжил нь энд байхгүй ч юм уу, эсвэл маш цөөхөн хүн ажилд авдаг зэрэг хүндрэлүүд бий. Нисэхийн сургууль төгсөөд ирсэн маш өндөр чадвартай нисгэгч залуучууд яаж ажилд орохоо мэдэхгүйгээс болж үндсэн мэргэжлээ хаяхад хүрсэн жишээтэй тааралдаж байсан. Зарим нь өндөр чадвартай ч нэгдүгээр нисгэгч болохын тулд эхлээд заавал хоёрдугаар нисгэгчээр ажиллаж байж тушаал дэвших болдог гэх мэт. Ингээд харахаар зарим тохиолдолд хувь хүнээс үүдэлтэй, нөгөө талд манай улсын аж ахуй, хүний нөөцийн бодлого оновчтой байж чадаж байна уу гэдгийг ч бодох л хэрэгтэй.

Зөгийн үүр гээд хөтөлбөр хэрэгжих үед мөрөөдөлдөө хөтлөгдөөд ирсэн залуучуудын маш олон урам нь хугараад буцаж байгааг харахад сэтгэлд маш хайран санагдаж байсан.

Таныг бодлогын судалгаа руу орсон тухай яриаг сонсож суугаад нэг ийм асуулт төрлөө. Монголд байдаг нэг аюултай үзэгдэл, төрийн үүргийг үгүйсгэдэг. Гэтэл төрийн бодлого нийгмийн хөгжилд ямар их нөлөөтэйг хүний түүх баталж ирлээ. Нөгөө талд хувь хүний өөрийнх нь хариуцлага, бие даасан шийдвэр, оролцоо гэсэн зүйлс мэдээж бий. Таны хийсэн зүйлүүдээс сонирхож байхад  системээс эмх замбараагүй байдал руу, эмх замбараагүй байдлаас систем рүү шилжих тухай судалдаг хэсэг их сонирхолтой санагдсан. Таны бодлоор нийгэм гэдэг утгаараа илүү зохион байгуулалттай, илүү хүнд ээлтэй, илүү систем бий болгоход төрийн бодлого чухал гэж үзээд дунд нь явж байна уу, эсвэл хувь хүмүүс бид дор бүрнээ хийх зүйлээ хийгээд явах юм уу? Монгол энэ эмх замбараагүйдлээс гарахад аль нь илүү чухал бол?

Би нэг удаа Гоодаль сэтгүүлд ярилцлага өгч байсан. Тухайн үед надтай ярилцлага хийсэн сэтгүүлч энгийн асуултуудыг асуусаар миний сэтгэлдээ бодож явдаг зүйлсийг амжилттай гаргаж ирж байж билээ. Ер нь бол аливаа системийн зүй тогтол нь санамсаргүй байна уу, эсвэл цаанаа зохион байгуулалттай системийн хуульд захирагдаж байна уу гэдэг нь философийн шинжтэй асуулт мөртлөө шинжлэх ухааны талаас хариулж болдог. Яг үүний загварчлал цөмийн систем дээр хийгдэж байсан. Үнэндээ анхны туршилт нь цөмийн систем дээр хийгдэж байсан боловч энэ нь хүний ген, бүр цаашлаад үнэт цаасны зах зээл, ханшийн хэлбэлзэл гээд санамсаргүй системийн онолын бүх зүйлтэй уялдаад явчихдаг. Тэр үүднээс манай нийгмийг харахад замбараагүй юм шиг боловч цаанаа эмх цэгцтэй, зүй тогтолдоо захирагдаад явж байгаа зүйл бий л дээ. Тэгэхээр харсан юм болгондоо хамаагүй итгэж болохгүй. Аливаа юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл бидний түүх, замналаас хамааралтай нийгэм, соёл, эдийн засгийн зүй тогтол, зарчим, дүрмүүд байна. Түүнээс гарч ирж байгаа нь энэ цонхоор харагдаж байгаа замын түгжрэл байх жишээтэй, тийм үү? Тэгэхээр төр хүчтэй байж байж ард нь байгаа тогтолцоогоо зангидах ёстой юу? Таны хувьд зүй тогтол, тогтолцоо талаас бодлогоор хийх ажил байгаа болохоор лабораториос гарч хөгжлийн бодлого гаргах замыг сонгожээ дээ?

Тэгж хэлж болно.

Миний бодлоор  төр бол бидний үнэт зүйл. Монголчууд бол төрт ёс, төрөө дээдлэх ёсыг хэнээр ч заалгахгүй ард түмэн. Эрт үед 2000 жилийн тэртээ Хүннү гүрэн байгуулагдсанаас хойш төрт ёсны тухай маш арвин уламжлалтай, ийм орон цөөхөн.

Одоо гэхдээ төрөө дээдлэх, төр хүчтэй байхын уламжлалт ач холбогдлыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байна уу гэдэгт эргэлзээтэй. Төрийг хүчгүйдүүлэх, сулруулах, эсвэл төр рүүгээ хэт дайрах зэрэг нь сайн зүйлд хүргэхгүй. Төр хүчтэй байж байж сайн нийгэм бий болно

Мэдээж олон оронд олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу. Аянд яваад эргэж ирэхэд гараанаас гарсан газраа анх удаа таньдаг гэх сайхан үг байдагчлан.

Том намын дотор нь ороод, уураг тархи нь болоод тинк танкийг нь ахлаад ажиллана гэдэг надад маш их боломж олгож байна гэсэн үг. Нэгдүгээрт би түүхийг бүтээлцсэн хүмүүсээс өөрсдөөс нь үг сонсож байна. Хорьдугаар зуунд ахмадууд маань тусгаар тогтнолоо олж авсан болон бэхжүүлж баталгаажуулсан тухай, тэгээд соёлын хувьсгал, хүн ардаа бичиг үсэгтэй болгосон түүх гээд л. Энэ бүгдийг уншиж, зарим түүхэн хүмүүсийн өөрсдийнх нь амнаас сонсож ажиллана гэдэг нь сайхан. Нөгөөтэйгүүр нийгэм өөрчлөгдөж коммунист системээс ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн.

Эдгээр үйл явц дунд бид нар бодлого гэдэг зүйлд үнэндээ ач холбогдол өгөх сөхөөгүй явсан. Харин одоо үед тинк танк, бодлого судлал зэргийг яагаад ихээр ярих болов. Би оюутан болоод Итали руу явах үедээ нам улстөрөөс их хол байсан. Тэгээд арваад жил гадаадад шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаад Монголдоо буцаад ирэхээр улстөр, төр засаг гээд арай өөр зүйл рүү орччихож байгаа юм.

Хэрвээ би анхнаасаа улстөрийн ажил хийж байгаад гадаад ажиллаж амьдарч байгаад ирээд улстөрийг харсан бол яаж харах нь бүү мэд. Ямартай ч яг одоо өдөр бүр сурах, хөгжих процесс үргэлжилж байна, сонирхолтой байна. Харин Монголынхоо тухайд миний дотроо бодож явдаг зүйл нь залуучуудын манлайлал. Энэ талаар бол 100 гаруй залуусыг АНУ-д сургалтад хамруулсан Монголын Залуу Удирдагч хөтөлбөр, олон арван хичээл монголчилсон,  ШУТИС-ын “2+2” хөтөлбөрийг эхлүүлсэн гэх мэт яривал хийсэн ажил их бий.  Нөгөө талд хөгжилтэй оронд бол хэн төр барьж байгаагаас үл хамаараад тогтвортой явдаг салбар олон байдаг даа? Тийм болгох талаас ажиллах юмсан гэж бодож явдаг.

Тэгэхээр таны бодлоор засаглал нь өөрийн гэсэн бүтэцтэй, зүй тогтолтой, хуультай, зохион байгуулалттайгаар систем болох ёстой. Түүний төлөө тодорхой зүйлийг хийе гэж бодож байгаа болохоор нам дотор ажиллаж байгаа гэсэн үг үү, зөв ойлгож байна уу?

Тэгэлгүй яахав, зөв ойлгож байна.

Хаана ч, ямар ч улсад очсон тэр бол Монгол биш

Бид хоёр нийгэм, цаг үеэ ярилцах гээд таны шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан үеийг алгасаад өнгөрчих шиг болсон. Шинжлэх ухааны салбарт ямар судалгаа хийж байсан, хэрэглээнд ямар байдлаар хэрэглэгддэг тухай мэргэжлийн биш уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлавал?

Миний дипломын ажлын сэдэв маань Комплекс системийн нэг, миний судалсан нь цөмийн систем байсан. Тэр чиглэлээр 1930, 1940-өөд оны үеэс шинжлэх ухааны судалгаанууд хийгдэж ирсэн. Судалгааны үр дүнгүүд юу руу хөтөлсөн бэ гэхээр бид хэчнээн нарийн багаж бүтээсэн ч тухайн багажны хамгийн бүртгэж авч чадах хамгийн жижиг хэмжээ буюу тодорхой цэгээс цааш бүртгэж чадахааргүй жижиг хэмжээсүүд байдаг.

Тэгэхээр мэдэхийг хүсч байгаа байгалийн нууцаас бүртгэхдээ тодорхой цэгээс цаашихыг нь бүртгэж чадаагүй бол бүртгээгүй хэсгээ яаж мэдэх вэ? Миний хийсэн ажил бол алдагдсан мэдээллийн хэмжээг олж чадсан мэдээллийн хэмжээндээ тулгуурлан гаргаж, дотоод зүйл тогтлын хуулийг нь мэдэх аргыг илүү нарийвчилсан гэсэн үг л дээ.

Энэ судалгааны ажлыг удирдсан манай багш энэ чиглэлээр дөч орчим жил ажилласан, уг салбарынхаа нөлөө бүхий ноён оргил нь болсон хүн. Надад багш маань “чи дөчин жил шийдэж чадаагүй сэдвийг сонгож, шийдэж чадлаа зоригтой байна” гэж хэлэхэд их баярлаж байж билээ. Би судалгааны ажил хийж байх үедээ олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд  60 орчим бүтээл хэвлүүлсэн. Түүнчлэн 2003 оноос хийсэн судалгаагаа 2009 онд дөрвөн хуудсанд багтаан хэвлүүлж байсан. Бас тухайн хугацаанд арав гаруй судалгааны нийтлэл хийж байсан. Судалгааны ажил гэдэг сонин шүү дээ, 6 жил судлаад 4 хуудас болох нь байна, зарим нь тийм биш. Гэр бүлийн хүн маань бас шинжлэх ухааны хүн, бид хоёрын хувьд нийлээд 100 гаруй судалгааны бүтээл хэвлүүлсэн байдаг. 

Монголоос  маш чадварлаг боловсон хүчин гарах боломжтой, миний суралцаж байсан газар гэхэд 25 орны залуучууд дунд монгол оюутнууд үнэхээр шилдэг нь байж чаддаг. Таны хувьд ч гэсэн ялгаагүй Монголынхоо хөрснөөс ургаад салбарынхаа оргил нь болж чадсан байна. Та нар Монголоос дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин төрж болно гэдгийг харуулаад байдаг, гэхдээ нөгөөтэйгүүр хэт цөөхөн байна. Энэ тоог яаж олон болгох вэ ?

Манай монголчуудын нэг үнэт зүйл эрдэм ном шүү дээ, оюун ухааныг маш ихээр дээдэлдэг. Хүн бүр өөрийн хүүхдээ боловсролтой болгохын төлөө хичээдэг, нэг хэсэг алдуурсан байж мэдэх ч одоо эргээд боловсрол, мэдлэг оюун үнэд орж байна. Миний хувьд энэ хандлагыг маш зөв гэж боддог. Залуучуудын хувьд гадаад руу сурах өргөн боломжтой болчихож. 1990-өөд онд ийм байгаагүй шүү. Гэхдээ боломж бага байна гээд зориг юу гэж бага байхав. Өөрийгөө дайчилж, сонгож авсан мэргэжлээрээ маш сайн сурах нь чухал. Бүр цаашилбал даяаршиж байгаа өнөө цаг үед хамгийн чухал зүйл хэл болсон. Ямар ч хэлтэй байж болно. Гэхдээ хаана очиж суралцах гэж байна тухайн орныхоо хэлийг уйгагүй сурсан цагт сонгосон мэргэжлээрээ сайн сурч чадна.

Та өөрийнхөө одоогийнх шиг олон боломж нээлттэй биш, цаг үе хэцүү байсан 90 оны дундуур  яаж Итали явсан түүхээсээ оюутан залуучуудад хуваалцахгүй юу?

Би 1990 оны үед англи хэл сурах хэрэгтэйн байна гэж бодоод тухай үеийн Ялалт кино театрын подвалд англи хэлний курст явж байлаа. Одоо бодоход маш зоригтой байж. Би анхны хүүгээ 18 настайдаа төрүүлсэн юм, хөл хүнд хоёрдугаар курсийн оюутан подвалд англи хэлний курст явж байсан хэрэг. Өвлийн турш  уйгагүй явсан  даа. Үүний хажуугаар нөхөр бид хоёр хэд хэдэн лангуу ажиллуулдаг байлаа. Би хичээлээ тараад худалдагч болж суугаад, түүний хажуугаар хичээлээ хийнэ, хүүхдээ харна, бараагаа татна гээд толгой өөд татах завгүй л явдаг байсан. Лангууны ард хүмүүс яаж бараагаа зарах вэ гэж бодож байхад би яаж хоёр үг цээжлэх вэ гэж л бодож сууна. Дараа нь драмын театрын ойролцоо курст өөрийн түвшнээс илүү хүнд түвшин сонгож, ахиж суралцсан. Түүний дараа Италид очоод, мэргэжлийн хичээл дээрээ англи хэлээр хоцрохгүйн тулд өдөрт 4-5 цаг унтаж, маш их хичээж байж гүйцсэн.

Амжилт бол 99 хувь хөдөлмөр гэдэг үг санаанд орж байна. Залуу хүнд role model үлгэр дууриал гэж байдаг даа. Та залуу хүний role model болох хэрэгтэй, гэтэл олон нийтэд танигдах хэрэгтэй, таниулах гэхээр уламжлалт соёл, эрдэмтэй хүн даруу гэдэг ухагдахуунтай зөрчилдөх болдог. Сүүлийн үед эрдэмтэй хүн даруу биш байх үүрэгтэй болчихсон ч юм шиг санагдаад байдаг?

Та role model үлгэр дууриал гэж маш чухал зүйл хэллээ. Олны дунд ажиллаж байхад нэг залуу хүн ирээд “Би тань шиг болох юмсан” гэж хэлэх үед надад маш том одон авч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Ийм үед би чинь алдаа гаргахгүй ёсгүй, илүү сайн байх, бэрхшээлийг хэрхэн давсан тухайгаа илүү олон хүнтэй хуваалцах хэрэгтэй гэж бодогддог. Ундраа гэдэг ганцхан хүн мэдээд авах биш үүгээр дамжуулаад олон хүн мэдэж авбал цаг хугацаа хэмнэнэ. Миний хувьд ч гэсэн role model чухал. Надад ч гэсэн байсан. Заримтай нь уулзаад, заримтай нь уулзаж амжаагүй л байна. Ер нь role model хаана ч байж болно.

Яг тийм. Залуу хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг чухал. Таны хувьд ч гэсэн маш залуудаа Итали улсыг зорьсон. Тэгэхээр та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хэрхэн барьж авсан бэ? Тухайн үеийн Монголын нийгэм ороо бусгаа, мөрөөдөлтэй манатай л байсан шүү дээ.

Намайг бага байхаас аав ээж минь аливааг шийдэхэд үргэлж өөрийн бодолтой байхыг дэмжиж хүмүүжүүлсэн. Долоо настай байхад минь Ж.Неругийн “Охиндоо бичсэн захидал” номыг авч өгсөн юм. Тэр үеэс Индира Ганди гэдэг хүнийг шүтдэг боллоо. Миний толгойноос давчихсан бяцхан зүрхээрээ мэдэрч болох зүйл мэдэрч байж дээ.

Нэг явдал санаанаас гардаггүй. Миний санаж байгаагаар 1984 онд найзуудтайгаа цирк үзэх гээд ирсэн чинь “Энэтхэг улсын ерөнхий сайд Индnра Ганди нас барсантай холбогдуулаад улсын цирк ажиллахгүй” гэсэн бичиг наасан байдаг,  хараад би уйлсан чинь  манай найзууд эмээ чинь нас барчихсан юм уу гэж асууж байсан санагдаж байна.

Өөр нэг үлгэр дууриал минь гэвэл, дараа нь аав ээж хоёрын авч өгсөн “Нэрт эрдэмтдийн амьдрал” гэсэн намтарчилсан номон дээр гардаг Мари Кюри. Багадаа ээжээсээ өнчирч үлдсэн ч шинжлэх ухааны оргилд гарч, физик болон химийн салбарт хоёр удаа нобелийн шагнал авсан ганцхан хүн энэ агуу шинжлэх ухаанч эмэгтэйн намтар надад эрдэмтэн болох юмсан гэсэн мөрөөдлийг өгсөн гэж бодож байна.

Яг л таны түүхтэй адил, залуу балчир зүрх, тархинд оч асаах тохиол, туршлага маш чухал тийм үү? Өнөөдөр бид хүүхэд, залуусынхаа зүрхэнд оч цахихгүй нийгэм болчихсон ч юм шиг.

Яг тийм. Цөмийн физикч болоход минь Мариа Кюри  миний сэтгэлд оч хаясан бол улс орныхоо төлөө манлайлж явах нь эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь чухал гэдэг өгөгдөл нь Индра Ганди байсан юм байна. Эргээд харахад шүү дээ.

Ажил, карьерыг тань харахаар их хатуу, эрэмгий эмэгтэй шиг. Уулзаад ярихаар уян зөөлөн юм шиг. Таны унших дуртай номыг харсан. Нэг талдаа дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдээс суралцаж байхад, нөгөө талд яруу найраг, ураг зураг гээд урлагт дуртай бололтой, нэлээн эсрэг тэсрэг туйл агуулсан бие хүн юм уу даа?

Магадгүй. Физикч гэхээр л нэг талыг барина гэж байхгүй шүү дээ, хэрэг дээрээ амархан уярдаг, тийм л хүн. Ундраа гэж яг хэн бэ гэж  бодохоор сэтгэлийн хөдлөл ихтэй. Хэрвээ би физикч болоогүй бол дипломатч, сэтгүүлч гээд янз бүрээр мөрөөдөх байлаа. Урлаг хүний сэтгэл рүү ороод хамгийн гүнд байгаа утсыг дуугаргадаг санагддаг. Миний хувьд уран зураг сонирхдог. Бас дүрс зураг буюу киног урлагт дуртай.  Хийсэн бүтээлээр хүний сэтгэлийн дотор руу өнгийж чадсан кино найруулагчдын бүтээлийг хэдэн жилээр сууж үзээд барахааргүй асар их баялаг өв сан бий. Би зарим киног  хэд ч үзээд уйддаггүй, хэдэн өдрөөр ч кино яриад сууж чадна.

Та өөрийнхөө дуртай киноны нэг дүрийг онцлооч...

Акира Куросавагийн “Икирү” гэдэг кино байдаг. Тэр кинон дээр насаараа төрийн албан хаагч хийсэн, эхнэрээсээ салчихсан, охинтойгоо холбоогүй нэгэн эрийн тухай гардаг. Мань хүн нэг өдөр хорт хавдартай гэдгээ мэдээд гэнэтхэн өөрөөсөө “гурван сарын дараа үхэх гэж байгаа би энэ амьдралд юу хийв” гэж асуудаг. Гэрийнх нь ойролцоо амьдардаг гэрийн эзэгтэй нар тоглоомын талбайд барилга бариулахгүй гээд аврахын төлөө явж байдаг. Тэгээд тэр хүмүүст туслаад үхэхээсээ өмнө нэг ч гэсэн утгатай юм хиймээр байна гээд  шал өөр хүн болоод, охин дээрээ очоод сэтгэл зовдог зүйлсээ хэлээд, уйлж инээгээд тэр хүмүүсийн төлөө тэмцэж авраад нас бардаг.

Гэхдээ тэр үхэхдээ “би сая л нэг амьдарлаа” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн төлөө явснаар амьдарч байгаа юм.

Өөр нэг дүр нь Breakfast at Tiffany’s киноны гол дүр. Маш үзэсгэлэнтэй эмэгтэй гэдэг талаас нь хүмүүс илүү ярьдаг. Үнэхээр тийм. Миний хувьд тэр киног маш олон удаа үзсэн. Гэхдээ тэр киноны оргил хэсэг нь хаана вэ гэхээр гол дүрийн эмэгтэй орхиод зугтсан нөхөртэйгээ уулзаад “Чи чөлөөтэй нисч байх шувууг торонд хийчихээд байна. Чи надад хайртай юм бол яагаад намайг торонд хийх гээд байгаа юм бэ, намайг нисгэ л дээ” гэж хэлдэг. Кино зохиолч Трүмэн Капотегийн хувьд тэр кино аз жаргалтай биш эмгэнэлт төгсөх ёстой байсан гэдэг. Кино зохиолч Капотти анхандаа Мерилин Монрог тоглуулах байсан ч найруулагч нь би Хөпбернийг тоглуулна гээд тоглуулсан. Эхэндээ гол дүрийн эмэгтэйлэг чанарыг гаргаж чадахгүй гэж байсан боловч эсрэгээрээ Одри Хөпберн үзэсгэлэнтэй мөртлөө дотроо хүчтэй эмэгтэйн дүрийг сайн гаргаж чадсан. Гэхдээ энэ бол киног үзсэн миний дотоод ертөнц юм. Урлаг гэдэг хүн хүн өөр өөрийнхөө ертөнцөөс харахад сайхан, тэгэх боломжтой гэдгээрээ агуу шүү дээ.