Эрхзүйн шинэтгэл яагаад хэрэгтэй байсан бэ? Хишигдэмбэрэлийн Тэмүүжинтэй ярилцсан нь

bolushka
2016-06-10 00:23

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Энэ удаад ярилцлагаа товч бөгөөд тодорхой байлгах тал дээр хоёр талаасаа хичээв.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд дэвшүүлье. Олдохгүй байх гэж эмээж байлаа шүү

-Баярлалаа, уншигчиддаа бас энэ өдрийн мэнд хүргэе. Уг нь бол би хэвлэл мэдээлэлд харьцангүй нээлттэй хүн шүү дээ (инээв)

-Сонгууль дөхөөд завгүй байна уу?

- УИХ-ын 60 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа учраас сонгуультай холбоотой сэдвээр ярилцахгүй гээд тохирчих уу?

-За тэгье ээ. УИХ гишүүд тайлангаа тавиад, дэвшсэн тойрогтоо ажиллаад эхэлсэн байна. Та жишээ нь тайлангаа тавьсан уу?

-2012 оны УИХ-ын сонгуулиар би АН-ын жагсаалтын гуравт бичигдэж УИХ-ын гишүүн болсон. АН-д саналаа өгсөн бүх сонгогч надад бас санал өгсөн учраас улс орон даяар тайлангаа тавьж хэлэлцүүлэх ёстой байх. Гэвч, нэгд цаг хугацааны хувьд, хоёрт санхүүгийн хувьд тийм боломж надад алга. Тиймээс боломжийнхоо хэрээр, цөөн тоогоор тайлангаа хэвлүүлээд намынхаа шугамаар иргэд, сонгогчдод хүргүүлнэ гэж бодож байгаа. Мөн цахим хуудас дээрээ тавина. Тайлангийн тухайд бол ийм байна. Дэвшсэн тойрог гээд яривал наанадаж бид хоёрын тохироо, цаанадаж сонгуулийн хуулиа сахих хэрэгтэй.  

-Яасан товчхон хариулаад байна аа?

-Харин чи л өөрөө их товчхон асуулт асуугаад байгаа юм биш үү. /инээв/ 

-За тэгвэл таны дуртай сэдэв рүү орж ярилцья. Хууль эрх зүй гэж юу юм бэ, маш энгийн үгээр хэлбэл?

-Дуртай гэхээсээ илүү миний мэргэшсэн салбар учраас батлуулсан хууль, цаашдаа хийх ёстой өөрчлөлт, түүний учир шалтгааны тухай би ярьдаг. Хэвлэлийнхэн ч энэ сэдвээр л асуудаг байх аа?

Үнэндээ хүн эхийн хэвлийд байхаасаа л хуулийн хамгаалалтад орж, нас нөгчсөн хойноо хүртэл хуулиар хамгаалуулж байдаг. Харамсалтай нь иргэд маань зөвхөн өөрийнх нь эрх хөндөгдөхөөр, хуулийн байгууллагатай зөрчилдөөд ирэхээрээ л хуулийг сонирхдог. Угтаа иргэн бүр юуны төлөө хууль байдаг вэ, яавал бидний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэнд илүү хамгаалагдах вэ гэдгийг сонирхож, үзэл бодлоо илэрхийлж, санаа оноогоо уралдуулж, тэгээд түүнийгээ хууль тогтоогчид, хуулийн байгууллагаас шаарддаг болчихвол нийгэм маань илүү эрүүл саруул байж, хөгжил дэвшилд илүү хурдан хүрэх юм л даа. Хууль, эрх зүй гэдэг ойлголтыг их энгийнээр хэлбэл хүн хоорондын харилцааны дүрэм юм уу.

-Эрх зүйн шинэтгэл гэдэг зүйл яагаад, хэзээнээс шаардлагатай болсон юм бэ? Төр улсын эрхзүйн тогтолцоонд асуудал байгааг харах, засах гэдэг нийгмээ, хуулиа, хүмүүсээ, өчигдөр ба маргаашаа бүгдийг нь ойлгож, мэдэрч хийх ёстой нүсэр ажил эхлүүлсэн байх?

-Эрх зүй гэдэг нь шинжлэх ухааны буюу онолын нэр томъёо л доо. Хууль зүй, хуулийн салбар гэж ярьвал хүмүүсийн чихэнд арай илүү наалдах байх. Энэ салбар уг нь үргэлж цаг үетэйгээ алхаа нийлж, болж өгвөл урд нь алхаж, нийгэм , эдийн засгийнхаа хөгжлийг чирч явах учиртай.Тэгэхээр хууль тогтвортой байхаас гадна оршин байгаа нийгмийнхээ харилцааг зохицуулж, эерэг өөрчлөлтийг авчирах чадамжтай байх ёстой. Үүний тулд байнга засварлах хэрэг гарна аа даа. Үйлдвэрийн суурь машиныг байнга тосолдогтой л адил.

Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хоорондоо уялдаа, холбоотой маш олон хуулиудыг системээр нь, цогцоор нь шинэчлээгүй, алагчилж засварлаад, зөвхөн тухайн нөхцөл байдалд тааруулж аргацаах байдлаар эрэг, боолтыг нь солиод явснаас болоод нэг талаас маш олон хуулиад хоорондоо давхцаад, зөрчилдөөд, давхардсан олон стандартыг бий болгоод ирсэн. Нөгөө талаар дарга даамал, албан тушаалтнуудын үзэмжээр, хуулиас давсан заавар журмаар нийгмийн харилцаа зохицуулагдахад хүргэсэн.

Жишээ нь, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын хууль, Боловсролын ч юм уу салбарын бас нэг хуультай давхардаад, ижил үйлдлийг нэг хуулинд  нь гэмт хэрэг гээд, нөгөө хуулиар нь зөрчил болгоод ялгаатай байдлаар хариуцлагажуулаад явчихсан байдаг л даа. Энэ нь нэг хуулийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр асуудлыг шийдэх боломжийг бий болгочихсон. Нөгөө талаар үүнийгээ ашиглаад авлига авах, албан тушаалаа ашиглаж хувийн амьдралаа өөд татах боломжийг бас олгоод байсан.

Ердөө дөрвөн жилийн өмнө “Хуулийн байгууллага хүчтэй, хөрөнгөтэй хэсэгт нь үйлчилдэг юм байна. Тэрбумаар нь улсыг хохироосон албан тушаалтан хоёр жил суугаад гарч байхад 10 мянган төгрөг хулгай хийсэн эмэгтэй 10 жилийн ял авч байна” гээд л шүүмжилдэг байсан шүү дээ. Энэ чинь манай хуулийн систем өөрөө тэр хүмүүст тийм байдлаар ялгаварлах нөхцлийг бий болгож өгөөд байна аа л гэсэн үг.

Түүнээс биш тэнд ажиллаж байгаа албан хаагчдыг мянга солилоо гээд асуудлыг шийдэхгүй, үр дүнд хүрэхгүй. Ерэн оноос хойш цагдаа, шүүх, прокурорыг өчнөөн л олон удаа сольсон шүү дээ. Хууль зүйн сайд нь хүртэл хэдэн удаа солигдов. Байдал хэвээрээ л байсан биз дээ. Тиймээс 2012 оны АН-ын мөрийн хөтөлбөрт “Эрх зүйн шинэтгэл хийнэ ээ” гэдэг энэ зорилт орсон.

-Х.Тэмүүжин ганцаараа хууль зүйн салбарыг бужигнууллаа гээд яриад байдаг?

-Энэ шинэтгэлийг хэн нэг сод ухаантан ч юм уу, нэг сэлэм эргүүлсэн нөхөр гарч ирээд ганцаараа хийчихдэг зүйл биш л дээ. Хуулийн тогтолцооны шинэтгэлийн төлөө Монголын хэдэн зуун хуульчид, судлаачид, эрдэмтэн, мэргэжилтнүүд арав гаруй жил ажилласан. 2002 оны Эрүүгийн хууль батлагдсаны дараачаас, 2004 оноос эхлээд л салбарынхан дунд шүүмжлэл өрнөөд эхэлчихсэн юм шүү дээ. “Нэгэнт батлагдсан хуулийг муу ч сайн ч хэрэгжүүлэх ёстой” гээд л дээрээс нь дараад байсан болохоос биш. Тэр хүмүүсийн арав гаруй жилийн судалгаа шинжилгээ, санал шүүмжлэл явсаар өнөөдрийг хүрч энэ шинэчлэлийг хийсэн гэж ойлго. Эрхзүйн шинэтгэл бол ганц Тэмүүжингийн хийсэн шинэчлэл биш. Яахав, хуулийн төслийг өргөн барьсан, тэрнийхээ араас цөхрөхгүй явсан, энэ шинэчлэлийг эсэргүүцсэн хүмүүсийн бай болж тэмцэлдсэнээр нь хүмүүс “Тэмүүжингийнх” гэж овоглодог байж магадгүй. Магадгүй шүү.

Саяхан би хуулийн төсөл дээр ажилласан багийнхаа хүмүүсийг тоолоод үзтэл давхардсан тоогоор 600 гаруй хүн орж ажилласан байна лээ. Дээр нь иргэдийн оролцоо ч маш их байсан. Хэрвээ “Эрх зүйн шинэчлэлийг иж бүрнээр нь хийнэ ээ” гэсэн АН-ын зорилтыг иргэд дэмжиж саналаа өгөөгүй бол МАН энэ шинэчлэлийг хийх байсан уу? Эргэлзээтэй л дээ.

Өөртөө зориулж тоглоомыг дүрмийг өөрчилдөг байвал хэн хожих нь тодорхой.

-Та 2012 онд Хууль зүйн сайдаар томилогдоод 42 билүү дээ хууль өргөн барих хэрэгтэй гэж жиргэж байсан санагдана, хэдийг нь батлуулж амжив?

-41 л дээ, тэрнээс 26-г нь УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. 15-ыг нь боловсруулж дуусаад УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.

-Дөнгөж сайдын ажил авангуутаа ийм олон хуулийн жагсаалт гаргахаар тань хувьдаа гайхаж байлаа. Хуулийг ийм амархан зохиочихдог юм уу, эсвэл бэлэн боловсруулчихсан байсан юм болов уу гэж?

-Чи өөрөө түрүүнд “шинэтгэл хийх шаардлага хэзээнээс гарав” гэж асуусан даа. Тэр үеэс чинь л эхлүүлсэн ажил. Их сургуульд багшилж байхдаа, дараа нь 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа салбарынхантайгаа, багш нартай, мэргэжилтнүүдтэй, судлаач нар, оюутнуудтай, найз нөхөдтэйгөө, намынхантайгаа, улс төрийн хүрээнийхэнтэй, дээр нь иргэдтэй байнга санал солилцож, чиглэл чиглэлээр нь баг бүрдүүлээд судалгаа хийгээд, ерөнхий хүрээгээ тодорхойлоод зарчмын гол гол өөрчлөлтүүдээ төлөвлөчихсөн байсан. 2008-2012 онд УИХ гишүүнээр ажиллахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан шүүхийн шинэтгэлийн хуулиудад ч гар бие оролцож ажилласан. Харамсалтай нь ҮХЦ-ийн шийдвэрээс болоод зарим шинэчлэл нь нураад, буцаад явж байна л даа.

-Хуулийн салбар, хуулийн байгууллагуудын ажлын арга барил эдийн засгийнхаа хөгжлийг боомилоод байна, баялаг бүтээгчдээ дарамтанд оруулаад байна гэж та их ярьдаг. Хууль гэдэг төрийн нэг хэсэг. Манайд төрийг ад үзэх, үгүйсгэх, бүхэлд нь харлуулах хандлага хүчтэй болж ирлээ. Эдийн засаг хөгжихөд төр, түүний дунд хууль ямар үүрэгтэйг уншигчдад энгийнээр тайлбарлавал?

-Энгийнээр хэлбэл хууль гэдэг бол тоглоомын дүрэм. Хөзөр тоглоход дандаа нэг нь л түрүүлж гардаг, өөртөө зориулж тоглоомыг дүрмийг өөрчилдөг байвал тоглоомонд хэн хожих нь тодорхой. Тоглоомын дүрэм нь ядаж тэр өдөртөө хүчинтэй, хэн ухаантай, мод сайтай, авхаалжтай нь хожих боломжтой байхгүй бол хэн ч тоглохгүй биз дээ? Түүнтэй ижил, хууль эрх зүйн орчин нь байнга өөрчлөгддөг, ойлгомжгүй бол бизнес эрхлэх эрсдэлтэй болж, нөгөө дүрэм дураараа зохиодог хүн л байнга хожсоор, сүүлдээ тоглох ч хүнгүй болно.

Бизнес эрхэлж, баялаг бүтээхийн оронд ажлын байр нэхээд, нийгмийн халамжинд хамрагдах сонирхол түлхүү болж эдийн засаг бүхэлдээ доголдоход хүрнэ шүү дээ.

Хэдийгээр эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өөрчлөгдсөн хуулиуд өнгөц хархад эдийн засагтай хамааралгүй мэт боловч шууд ба шууд бусаар хамааралтайг хэдэн жишээгээр хэлье л дээ.

Эдийн засгийн шийдвэрүүдийг хүмүүс ирээдүйг харж төлөвлөж гаргадаг, үйлдвэрлэл эрхлэх, зээл авах, хөрөнгө оруулалт хийх, гэрээ байгуулах гэх мэт бизнесийн гол гол үйл ажиллагаанууд итгэлцэл дээр суурилдаг. Энэ итгэлцлийг нь нь хууль, шүүхийн тогтолцоо баталгаажуулж, хамгаалж байдаг. Нэг л өдөр захиргааны аль нэг байгууллагаас ойлгомжгүй нөхцөлөөр үйл ажиллагааг нь зогсоох, эрхийг нь хасах, бараа үйлчилгээг нь зогсоочих нөхцөл манай хуулиудад байсан. Үүнийг жишээ нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, Захиргааны ерөнхий хуулиар, цаашлаад эрхээ сэргээлгэх тохиолдолд Захиргааны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байгаа.

Нөгөө талаар бидний нэрлэж заншсанаар хууль хүчний байгууллагуудын чиг үүргийг зааглаж, үйл ажиллагааг нь нарийвчлан зохицуулсанаар баялаг бүтээгчид, иргэдийг үндэслэлгүйгээр, эсвэл хувийн зорилгоор айлгаж ичээх боломжуудыг хязгаарласан.

Нэмж хэлэхэд, харьцангуй тодорхой хууль, түүнийг хэлбэрэлтгүй сахиулж, хэрэгжүүлж  ажиллах чадавхтай, тийм итгэл үнэмшилтэй хууль сахиулагчид, хуульчдын нөөцтэй байж эрх зүйн шинэтгэл амжилттай хэрэгжинэ. Үүний тулд хууль сахиулах байгууллагууд, бие  бүрэлдэхүүнд чиглэсэн хэд хэдэн хуулиуд дээр ажиллаж батлуулсан. Энэ бүхэн эдийн засагт эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

-Эдийн засагт аажимдаа нөлөөлөхийг бол ойлгож байна. Богино хугацаанд нөлөөлөх боломжтой юу?

-Олон улсын нэг хурал дээр гаднын хөрөнгө оруулагчтай уулзахад нэг л юмыг цохон хэлж байсан. Төрөөс тогтоосон татвар, хураамжууд, ажиллагсдын цалин, зардал намайг айлгахгүй байна. Тооцоолж үзээд ашиг гарч байвал би хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Намайг айлгаж байгаа зүйл бол төрийн нэр барьсан элдэв ойлгомжгүй шийдвэр, торгууль, “Тохирьё” гэсэн олон байцаагчид байна. Тэднийг тооцоолох, цатгах боломжгүй юм байна гэсэн.

Хөрөнгө оруулагчид эдийн засгийн гэхээсээ илүүтэйгүүр хууль, эрх зүйн орчныг нэн түрүүнд сонирхож судалдаг гэхээр эрх зүйн шинэтгэл маань тоглоомын дүрэм илүү тодорхой, тогтвортой байх, хөрөнгө оруулалт хийх  шийдвэрт эерэг оноо авчирах болно гэж бодож байна. 

-Эдийн засгийн хямралаас гарах бас нэг гарц нь хууль гэж ойлгож болох уу?

-Тийм , бас үгүй. Бодлого нэг л хариутай байдаг ч олон шийдэлтэй байдаг. Хямралаас гарах олон шийдэл байгаа. Тэр бүх л шийдлүүд нь хууль, эрх зүйн орчин шаардана (цагаа харав) Ингээд дуусгах уу? Эдийн засгаар дараа тухтай ярилцья?

-За тэгье, цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

.


  1. 122.201.21.* Зочин 2016-06-13 02:39
    Ikh khurliin gishuun iim l baikh estoi
  2. 202.9.40.* Chinbaa 2016-06-11 10:31
    Ulsiin ikh khurald baih yostoi tur tumend kheregtei khun bol Temuujin Ene khuniig bugdeeree tend ni bailgaya