Монгол Улсын гадаад нэр хүнд гэж юуг хэлэх вэ ? SYNDICATE TALK #1
Монгол Улсын гадаад нэр хүнд гэж юуг хэлээд байна вэ? Бид гадаад нэр хүнд гэдгээ одоо хүртэл Чингис хаанаар, эсвэл нөгөө л нэг морь унасан нүүдэлчин ардаараа төсөөлсөн хэвээр байна уу? Бидний өөрсдийгөө төсөөлөн бодож буй нэр хүндийг маань гаднын хүмүүс яаж хүлээн авч байгаа юу? Эдгээр асуултыг Монгол Улсыг сайн гадарладаг гадаадын иргэн, Монгол Улсаа төлөөлөн гаднын улсуудтай харьцдаг эрхмүүдэд тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн синдикат ярилцлагын анхны дугаараа та бүхэнд толилуулж байна.
Анхны дугаарт Швейцари улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Оргил, “Бату групп” компанийн гүйцэтгэх захирал Ө.Батбаяр, “Ковер Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл болон Австрали улсын иргэн хуульч, сэтгүүлч Аллисон нар оролцлоо.
В.Ганзориг: Монгол улсын гадаад нэр хүнд гээд хүмүүстэй ярихад зарим нэг ойлголтын зөрүүн бидний дунд яваа байгаа нь анзаарагддаг. Жишээ нь, донж (image), нэр хүнд (reputation), ондоошил (identity) гэх мэт үгсийн утгыг нь бид зөрүүлж хэрэглээд буй мэт. Зүй нь бидний тодорхойлсон үндэсний ондоошил ба бусад хүмүүсийн харж ойлгож буй донжоор нь бидний, манай улсын нэр хүнд тодорхойлогддог юм болов уу? Бид өөрсдийгөө тодорхойлж буй тодорхойлт ба гадны хүмүүсийн биднийг харж тодорхойлж буй хоёрын хооронд зөрүү байна уу? Байгаа бол энэ зөрүүг хэдүүлээ хэрхэн багасгах ёстой вэ?
Л.Оргил: Би төр төлөөлж олон газар ажиллаж байсан. Энэ удаад би АСЕМ-ийн ажлын хэсэгт бас ажиллаж байна. Яг энэ асуудал буюу Монгол улсын имиж, нэр хүнд, үндэсний ондоошлын асуудал АСЕМ-аас болж төрийн түвшинд хэд хэдэн удаа хүчтэй хөндөгдсөн. Би анх удаа “Identity” гэдэг үгийг “Ондоошил” гэж Монголоор буулгасныг харж байна. “Identity” гэдэг бол таних гэсэн үг.
Өөрөөр хэлбэл чи юугаараа бусдад танигдаж байгаа юм бэ гэсэн үг. Сайн эсвэл муу нэр хүндтэй болохын тулд юуны түрүүнд бусдад танигдах л ёстой. Монголын хувьд бусдад хамгийн их танигдсан зүйл нь яах аргагүй манай агуу түүх. Хаана ч очсон Монголын эзэнт гүрэн, Чингис хааныг хүмүүс мэддэг. Дараагийн Монгол Улсын танил байдлыг тодорхойлдог зүйл бол их алс хол, ертөнцийн мухарт оршдог, өвөлдөө асар хүйтэн улс гэсэн ойлголт гадны хүмүүст байдаг. Эдгээр танил байдлууд эртнээс байсан. Харин сүүлийн 10-аад жил уул уурхай гэсэн танил байдал нэмэгдсэн. Сүүлийн үед бол Монгол гэхээр шууд л уул уурхай гэдэг үг бараг шахуу автоматаар хоршдог болсон.
АСЕМ-тай холбоотойгоор Монгол улсын танил байдал шал өөр буюу шинэ түвшинд яригдаж байна. АСЕМ-ын 50 гаруй улсын лидерүүд нөгөө алслагдсан Монгол, нөгөө Чингис хааны өлгий, нөгөө нүүдэлчдийн өлгий нутагт очиж Ази, Европ тив, тэр байтугай дэлхийн түвшний асуудлыг хэлэлцэх гэж буй нь Монгол Улсын танил байдлын шинэ хэмжүүрийг дэлхийн түвшинд гаргаж ирнэ. Энэ арга хэмжээг маш сайн зохион байгуулж чадвал бид Монгол улсын нэр хүнд гэдэг зүйлийг бид дэлхийн түвшинд дараагийн шатанд аваачих боломжтой.
Б.Мөнхдөл:Гадаадын хүмүүс Монголыг таамаглаж болдоггүй орон гэж үздэг.
Гадны хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлөө ойр ойрхон сольдог, том төслүүд дээрээ байн байн эргэж буцдаг учраас бизнесийн шийдвэр гаргахдаа тэд асар болгоомжилдог болсон. Монголыг байнга сонирхдог тодорхой тооны “үнэнч” хөрөнгө оруулагчид бий. Монголд хөрөнгө оруулсан бол уг нь ганц бизнесийн зорилгоосоо гадна улс нь өөрөө таалагдаж чаддаг. Монголд тэд дуртай болдог. Энэ жилээс эхлээд Монголыг сонирхож буй гадаадын бизнесменүүдийн тоо нэг үеэ бодвол арай гайгүй өсөлттэй байгаа нь анзаарагдаж байна. Үүний бараг цорын ганц шалтгаан нь Оюу Толгой төслийн явц гэж хэлж болно. Оюу Толгойн бүтээн байгуулалт хийгдэнэ, асар том хэмжээний хөрөнгө оруулалт орно, үүнийг дагаад бизнесийн маш олон боломж нээгдэнэ гэсэн хүлээлт гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагч, бизнесменүүдэд байгаа. Гэхдээ 2010, 2011 оны нөхцөл байдалтай харьцуулах түвшинд байж чадахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн манай төр засаг эдийн засгийн огцом өсөлтөөс илүүтэйгээр зугуухан өсөлт нь илүү хүртээмжтэй, тулхтай, өгөөжтэй гэдгийг маш сайн ойлгосон байх аа.
Би хилийн дээс алхаад явахаараа л Батбаяр биш монгол хүн болоод явдаг.
Ө.Батбаяр: Аливаа юм хоёр талтай. National Identity бол өөрөө их том ойлголт, дотроо олон хэсгээс бүрэлдэж байдаг зүйл. 1900-аад оны үед нэг япон хүн банкинд орж ирээд би өөрийнхөө нэр хүндийг барьцаанд тавиад танай банкаас зээл авъя гэсэн гэдэг. Бидэнд ч гэсэн за андгай буй заа, амласан амлалт, хүн чанар, жудаг гэдэг зүйл бий. Чухам эдгээр зүйлс л тухайн үндэстний суурь болдог болов уу. Тухайлбал, би монголчуудыг шашингүй үзэлтэй ард түмэн гэж боддог.
Бид хэдий буддист гэж ярьдаг боловч уг шашны үндсэн мөн чанар руу нь бараг ордоггүй. Ямар ч улсын нэр хүнд энгийн иргэнээсээ шууд шалтгаалдаг. Гадны хүмүүс монгол хүн гээд ярихаар хамгийн түрүүнд тэдний толгойд юу буух вэ? Бид дотроо итали, япон хүн гээд ярихаар шууд төсөөлөл буудаг шиг тухайн улсуудыг бид иргэнээр нь төсөөлдөг шүү дээ. Би хилийн дээс алхаад явахаараа л Батбаяр биш монгол хүн болоод явдаг.
Гадны бизнес эрхлэгчтэй харьцаад явахаар тэд биднийг Монголын хувийн хэвшил, бизнесийн түнш гэж харна. Төрийн албаны ажилчид маань гадны улсуудтай харьцахад тэд Монгол төр гэж харна. Эцсийн дүндээ эдгээр илэрхийлж буй илэрхийлэл нь монгол хүний өөрийнх нь характер, биеэ авч явж буй байдал, мэдлэг, хандлага, харилцаа, ааш авир нь болдог болов уу.
Аллисон: Хэрвээ яг надаас шууд Монгол улсын National Identity буюу үндэсний ондоошил нь юу вэ гэж асуувал би тийм ийм гэж тодорхойлж хэлж чадахгүй. Яагаад гэвэл үндэсний уламжлал ба орчин үеийн өндөр хөгжлийн хооронд зарим зүйлс гээгдээд, замбараагүй холилдоод том зургаа олж харахгүй байна уу гэж надад бодогддог. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй залуустай уулзаж ярьж байхад тэд хүртэл өөрсдөө энэ асуултад хариулж чаддаггүй. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн гадны жуулчид, хөрөнгө оруулагчидтай холбоотой төдийгүй монголчуудтай өөрсөдтэй нь холбоотой үндэсний хэмжээний асуудал. Монгол улсын түүхийг авч үзвэл нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан өв соёлоороо бусад улсуудаас ялгардаг. Гэвч яах аргагүй орчин цагийн хөгжил, суурин амьдралын хэв маягт энэ ялгаа нь бага багаар дарагдан бүдгэрсээр байна. Монгол улс хилийн чанад руу чиглэсэн нэгдсэн нэг имижийг яаралтай бүрдүүлэх нь маш чухал гэж боддог. Гэхдээ таны Монгол улсын имиж юу вэ гэсэн асуултад хариулбал би цэлмэг хөх тэнгэр, нүд алдам уудам тал гэж хэлнэ.