Сошиал медиа ба ёс зүй SYNDICATE TALK #3

А.Сэвжид
2016-07-01 03:07

В.Ганзориг: Сайн байцгаана уу? Өнөөдөр “Сошиал медиа ба ёс зүй” сэдвийг бид нар хөндөх гэж байна. Сошиал медиа  сүүлийн хэдэн жилд монголчууд ялангуяа залуус өдөр тутам мэдээлэл авдаг хэрэгсэл, бүр амьдралынх нь хэв маяг болжээ. Сошиал медиад байр сууриа илэрхийлээд хоригдох хариуцлага хүлээсэн. Өөр нэг жишээ гэвэл Фэйсбүүкээр Хас банкны захирал асан Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг тэрбум орчим төгрөг цуглууллаа. Гэх мэтчилэн олон тренд эерэг, сөрөг олон жишээ байна. Тиймээс энэ сэдвийг хөндөж чөлөөт ярилцахаар зочдоо урилаа. Манай зочид сэтгүүлч С.Батзаяа; судлаач, MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ; нийтлэлч Д.Түмэн-Өлзий (Артгаа), сэтгүүлч Э.Лхагва.

Сошиал медиа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогдох уу? Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл манайд “Зар сурталчилгааны хууль” гэх мэт хуультай. Тэгэхээр үнэн, худал янз бүрийн мэдээлэл цацсанаас гуравдагч этгээдэд мөнгөн болон мөнгөн бус хохирол учруулж эхэлсэн. Бид хүний эрх, эрх чөлөө гээд чөлөөтэй явах ёстой юу эсвэл тодорхой цензур байх ёстой юу? Хуулийн орчин бидэнд хэрэгтэй юу гэдэг асуултыг та бүхний дунд тавьж байна.

С.Батзаяа: Мэдээлэл түгээж байна гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтгаж үзэж болно. Хурдтай, тархац сайтай. Мэдээлэл эндээс тарж, бас мэдээллийг олж авч байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилтгаж авч үзэж байгаа учраас хуульчлах ёстой гэвэл миний хувьд хараахан болоогүй, учраас энэ тухай ярих нь утгагүй гэж үзэж байна. Харин зохицуулалтууд, жишээ нь ёс зүйн дүрмийн зохицуулалтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдөө хийж өгөх ёстой. Одоо НҮБ дээр дижитал код этик гээд яриад эхэлсэн байна, сая Европын холбоо ч ярьж байна. Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн код гэж байдаг шиг дижитал кодтой болъё л гээд байгаа юм.

Энэ дижитал кодод сошиал мэдиад байгаа олон нийтийг төлөөлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, улс төрчид, урлагийнхныг хамруулж ойлгоё. Бусад нь бол тухайн телевизийг үзэж байгаа үзэгчидтэй, сонин уншиж байгаа уншигчидтай адилхан. Жишээ нь, би тэр дотор аккаунт нээгээд хэрэглэж байгаа бол би хэрэглэгч болно. Тэгэхээр энэ дээр хариуцлага хүлээлгэх механизм байж болох.

Э.Лхагва: Саяхан Глоб интернэшнл-Нээлттэй нийгэм хүрээлэнд мэдээллийг ялган таних, мэдээллийн бичиг үсэгт тайлагдсан байдлаар хийсэн судалгаагаар Монгол улс их муу үр дүнтэй гарсан. Тэгэхээр энгийн хэрэглэгч, онлайн хэрэглэгчдийн хувьд мэдээллийн эх үүсвэрийг мэргэжлийн эсвэл хувь хүнийх гэдгийг ялган танихад бэрх болж байна. Үүнийг яаж зааглаж ойлгох вэ? Энэ хэм хэмжээ мэдээллийг яаж зохицуулах вэ гэдэг нь зөвхөн манай асуудал биш дэлхий нийтийн асуудал болж байна. Батзаяа сэтгүүлчийн хэлснээр ямарваа нэг зохицуулалт хэрэгтэй, хуулийн хатуу зохицуулалт орж ирлээ гэж бодъё. Хуулийг хэн хэрэгжүүлдэг билээ гээд бодвол эргээд үг хэлэх эрх, эрх чөлөө маань боогдох эрсдэлтэй. Уг нь бид нарт зохицуулалт нь байгаа. Фэйсбүүк, твиттерт анх хаяг нээхэд Terms and Conditions гээд бид нарын хэн ч уншдаггүй хамгийн хурдан Yes гэж дардаг хуудас бий. Гэхдээ түүнийг тойроод хүн гүтгэх, цахим дарамт, хууль бус, хүний ёсоос гажууд юмнууд сошиал орчинд байнга өрнөдөг. Үүнээс болж амь насаа алдах, эд хөрөнгө, нэр хүндээрээ хохирох явдал байнга гардаг.

В.Ганзориг: Бумаа захирал аа, сая сошиал медиагийн хэрэглээнүүдийг дэлхий болон Монголын талаар дотор нь ажиллаж байгаа хүмүүс ярилаа. Танай мэргэжлийн судалгааны байгууллага үнэхээр ингэж айхтар өсөлт байгаад залууст хэрэглээ болохоосоо гадна зарим нь бүр донтсон гэсэн хандлага байна уу?

Д.Бум-Эрдэнэ: Бодит судалгаа харцгаая.

2014 онд телевиз үзэгчид бусад медиа хэрэгслийн хэрэглэгчдээс илүү байсан. Харин 2015 онд хүмүүсийн интернетэд зарцуулж буй дундаж хугацаа 17%-иар нэмэгдэж 201 минут буюу телевизээс 60 минутаар илүү болов.  Ухаалаг хэрэгслийн хэрэглээ 20%-иар нэмэгдсэн. Үүн дотор зөвхөн гар утасных 43%-иар өссөн. Энэ бол асар том өөрчлөлт.

Интернетэд орж байгаа зорилгын 79% нь фэйсбүүк. Улаанбаатар хотод залуучуудын 90% нь фэйсбүүк хэрэглэдэг, орон нутагт 71% нь хэрэглэдэг. Сумын төв дээр 67% нь фэйсбүүк хэрэглэдэг. Улаанбаатарт цаг тутамд фэйсбүүкээ шалгадаг бол суманд өдөртөө нэгээс хоёр удаа шалгадаг байх жишээтэй. Түрүүн ярьсан донтолтын түвшинг бас ингээд гаргаад ирж болно. Нийт залуучуудын 42% нь би фэйсбүүкээ шалгахгүйгээр нэг өдрийг өнгөрөөж чадахгүй гэжээ. Харин 25% нь унтахдаа сошиал хаягуудаа заавал шалгадаг гэж байна.

В.Ганзориг: Зах зээлд эдгээр өөрчлөлт хэрхэн тусахаар байна вэ?

Д.Бум-Эрдэнэ: Одоохондоо онлайнаар зурагт үзэх нь бага байна. Гэхдээ судалгаанд оролцогчдын 41% нь цаашдаа онлайнаар үзэх сонирхолтой гэж хариулсан. Ер нь нийт телевиз үзэгчдийн 66% нь зурагт үзэж байхдаа давхар ямар нэгэн сошиал медиаг ашиглаж байна. Мөн 54% нь ямар нэгэн реклам, сурталчилгаа явахаар сувгаа сольдог, 29% нь жоохон үзэж байгаад сувгаа сольдог гэж байна. IPTV үздэг үзэгчдийн 94% нь зар сурталчилгааг гүйлгэх зорилгоор ухрааж үзэх үйлчилгээг ашигладаг. Энэ бүхнээс дүгнэхэд, сошиал медиагийн хэрэглээ бидний төсөөлснөөс ч илүү хурдтай жилийн дотор 40, 50%-иар өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад компаниуд зар сурталчилгааны бодлогоо өөрчлөх ёстой болж ирнэ. Медиа түгээгч нар бас бодлогоо өөрчлөх хэрэгтэй болж байна.

В.Ганзориг: Ингээд бодохоор сошиал мэдиа үнэхээр нийгэмд бодитой импакт өгөхөөр том хэрэгсэл болчихжээ. Зарим хүн лайк, шэйр, ретвитийн төлөө сенсаацтай, үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар зохиож болно. Хувь хүний ёс зүйг хуулиар зохицуулахад хэцүү ч өмнө гарсан  сөрөг жишээнүүдээ дахиж гаргахгүйн тулд бид нар юу хийх ёстой вэ? Бусдадаа юу гэж уриалах вэ. Ялангуяа өсвөр насныхан, хүүхдүүдэд. Эцэг эх нь ч гэсэн 100% хянаж чадахгүй.

С.Батзаяа: Ямар ч зүйлд сүүдэр байдаг. Тухайн хүний олон нийт рүү гарах хүсэл, уураа гаргах зэрэг бол хэрэгцээ нь. Тэгэхээр коммент бичсэн хүн болгонтой чи ингэж ярьж болохгүй гэх нь утгагүй харин бид үүнийг улс төрчидтэй, олон нийтийг төлөөлдөг хүнтэй ярьж болно. CNN сэтгүүлчиддээ таны твиттер сошиал хаяг манай байгууллагынх гэсэн үг тэгэхээр та энэ дээр ингэж биеэ авч явах ёстой гээд дижитал заалт оруулчихсан. Олон нийтийн татвараар санхүүждэг, дээрээс нь олон нийтийн итгэлийг хүлээсэн улс төрчид ийм ёс зүйн хариуцлагыг хүлээх ёстой буюу үүнийг хэрэглэгчид шаардах ёстой. Бусдаар Болдоос, Доржоос, тэдний ард суугаад байж байгаа хүнээс шаардах нь бол гүтгэлэг, гэмт хэрэг хийгээгүй л бол тэр хүний ямар ч байдлаар өөрийгөө илэрхийлж байгаад нь бид нар хариуцлага тооцох нь утгагүй бөгөөд боломжгүй асуудал.

Д.Түмэн-Өлзий: Болд, Дорж хоёрыг ёс зүйтэй бай гэж хэлэхээсээ илүү хүлээж авч байгаа массдаа мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээж авах тухай соён гэгээрүүлэх кампанит ажил байнга явах ёстой санагдаад байдаг юм.

В.Ганзориг: Боловсролын түвшинд гэсэн үг үү?

Д.Түмэн-Өлзий: Боловсролын түвшин гэхээсээ илүү мэдээлэл авах сурц юм уу даа. Хүн улаан гэрлээр гарвал машинд дайруулдаг шүү гэдэг шиг маш энгийн л ойлголт өгөх шаардлагатай. Манайд тэр нь байхгүй. Мэдээллийг мэдлэгтэйгээр хүлээж авах, нэг үйл явдлын тухай дор хаяж гурван өөр эх сурвалжаас авчихаад өөрийхөө бодлыг хэлж байвал ер нь зөв байдаг юмаа ч гэдэг юм уу. Яаралтай, зайлшгүй хийх ёстой л ажил даа, энэ. Мөн сошиал орчноос өөрийгөө хамгаалах, хүүхдээ хамгаалах гэдэг ойлголт бий болсон. Янз бүрийн үзэл бодолтой улсууд, хутга заазуур барьчихсан явж байгаатай адилхан. Тэгэхээр гэр бүл бүрд сошиал орчинд өөрийгөө хамгаалах боловсрол олговол олон гэр бүл нийлээд сошиал орчин болно.

С.Батзаяа: Үүнийг ТББ-ууд, олон нийтийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, эцэг эхчүүд хийх ёстой болохоос хууль гаргаж болохгүй. Гэхдээ кибер аюулгүй байдлын хэсэг нь ажлаа хийж байх ёстой.

Э.Лхагва: Хонконгод ардчиллын бослого болох үеэр хүмүүсийг 3G ашиглах боломжгүй болгомогц Fire chat гэдэг bluetooth мэссэнжер ашиглаад эхэлсэн. Жишээ нь, энэ хэрэгслээр би хүний нэр хүндэд халдвал манай шүүх юу гэх вэ гэдэг чинь цоо шинэ кэйс. Сошиал мэдиа биш шүү дээ. Саяхан манайд нэг компанийн захирал өөр нэг хаягаар улс төрчийг гүтгэж байсныг цагдаа анх удаагаа IP-гаар нь тодорхойлоод гаргаад ирсэн.

Тэгэхээр манайд хүчний байгууллагаас хүсэлт явуулбал хувийн операторууд бид нарын ухаалаг утасны дата, медиа дата, ярьсан дуудлага зэргийг бүрэн гаргаж өгөх боломжтой. Хүүхдийн хувьд бол наад зах нь ухаалаг төхөөрөмжүүдэд нь насны лок хийж өгөх хэрэгтэй.

Хүүхдүүдтэйгээ сошиал мэдиагаас чамд ямар аюул эрсдэл учирч болох вэ гэдгийг ярих хамгийн чухал.

Танхай эмээг олоод, бариад, хаавал та нар дэмжих үү, эсэргүүцэх үү?

В.Ганзориг: Одоо манай хуулиар би хэрэв сошиал мэдиагаар ор үндэсгүй гүтгүүлээд хохирвол цагдаа, шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байх нь тийм үү?

Э.Лхагва: Миний ойлгож байгаагаар тийм. Гэхдээ манай шүүхийн нэг онцгүй тал нь ихэнх тохиолдолд гүтгэсэн гэмт хэрэг дандаа улстөрчийн эсрэг болоод очдог. Уг нь тухайн улстөрчийг энэ гүтгэлэг гэдгийг нотол гэдэг. Манайд бол дандаа сэтгүүлч нь гүтгээгүй гэдгээ нотлох болдог. Манай шүүгч нар кибер орчины мэдлэгээ дээшлүүлэх маш их шаардлага гарч ирсэн.

В.Ганзориг: Нэг инээдтэй асуулт байна. Твиттерт алдартай хүн фэйсбүүк дээр, харин фэйсбүүкийн алдартан твиттерт явахгүй байгаа нь ажиглагддаг. Энэ тийм хоёр өөр орчин уу?

С.Батзаяа: Тэр байтугай инстаграмын хэрэглэгчид ч өөр байгаад байх шиг байгаа юм.

Э.Лхагва: Залуучууд, өсвөрийнхөн бол инстаграмд шоппинг хийж, хүнтэй танилцаж, зураг авах чадвараа илэрхийлж байна, Бүхэл бүтэн том ертөнц. Тэнд бас хэдэн зуун мянган хэрэглэгч байгаа.

Д.Түмэн-Өлзий: Твиттер бол маш олон онгорхой цонх, цонх болгоноос хүн цухуйгаад юм ярьж байдаг газар. Харин фэйсбүүк нь хэзээ ч юм нээгдчихсэн үзэсгэлэн шиг санагддаг. Хэзээний гэдэг нь мэдэгдэхгүй баахан зураг өлгөчихсөн юм шиг. Мөн дийлэнх нь ямар настайгаас болж боловсролын ялгаа гардаг.

Э.Лхагва: Надад твиттер дээр бид нар сонирхлоороо дагадаг. Фэйсбүүк дээр бол гэр бүл, найзууд ихэвчлэн. Пэйж ажиллуулдаг хүмүүс бол шал өөр болчих байх л даа.

Д.Бум-Эрдэнэ: Би групп чаат үүсгээд, онлайн оффис нээж төсөл хийдэг.

Д.Түмэн-өлзий: Онлайн оффисгүй байгууллага ер нь одоо байхгүй.

В.Ганзориг: Нэг асуулт асууя. Шударгаар хариулаарай. Та нарт давхар аккаунт байгаа юу?

Э.Лхагва: Ардчилсан улсад бол anonymous буюу нэрээ нуусан аккаунт байх ёстой гэж хэвлэлийн академик хүмүүс үздэг. Нэрээ нууцлах эрх. Надад бол давхар акаунт байхгүй, гэхдээ олон байгууллага төлөөлсөн бараг хорь гучаад пэйж байгаа. Тэгэхээр тэрийг нэрээ нуусанд тооцохгүй байх байгууллага юм чинь.

С.Батзаяа: Ер нь сошиал хөтлөхөд их зав цаг шаардагдана. Нууц аккаунт хөтлөх чинь маш их цаг, нерв.

Э.Лхагва: Нууц аккаунт мэнэжилж авч явна гэдэг чинь өөрөө хэцүү шүү дээ. Шинэ мэйл хаяг, шинэ IP.

Д.Түмэн-Өлзий: Надад бол нээгээд орхицон, нууц үгийг нь мартчихсан 2-3 аккаунт байна.

В.Ганзориг: Оффшор аккаунтууд байх нь тэгвэл.

Д.Түмэн-Өлзий: Хүний төрөлхийн чанар, хэрэгцээний тоонд жишээ нь архи ууж мансуурах хэрэгцээ ордог. Олон хүний өмнө гарч ярих чинь бас л нэг хэрэгцээ. Зөвхөн идэж уухаар хязгаарлагдахгүй. Гэтэл садар самуун юм ярих хэрэг гарч ч болно. Хуурамч акаунт нээх чинь тиймэрхүү л асуудал байх. Гэхдээ бид лифтэнд суух, 00-д суух, шүдээ угаах, бөглөрөх, өдрийн хоол идэх зуураа твиттердээд байгаа болохоос өдөржин утсаа тэврээд сууга юм биш. Тэгэхээр Заяагийн хэлсэн цаг завны асуудал тийм боломж олгодоггүй.

В.Ганзориг: Танхай эмээг олоод, бариад, хаавал та нар дэмжих үү, эсэргүүцэх үү?

С.Батзаяа: Эсэргүүцнэ.

Д.Түмэн-Өлзий: Эсэргүүцнэ.

Д.Бум-Эрдэнэ Эсэргүүнэ.

Э.Лхагва: Танхай эмээ гэдэг аккаунт бол улс төрийн satire буюу элэглэх хошигнох гэдэг жанрт багтана.

С.Батзаяа: Байдаг л төрөл, Тоншуул сонин шиг.

Д.Түмэн-Өлзий: Ер нь тийм авьяастан бидний дунд төрөөд байгаад бид баярлууштай. Хамгаалууштай.

В.Ганзориг: Батзаяа, “Монгол мөрөөдөл” клубээр сонин юу байна вэ? Нийгмийн сүлжээнээс төрөн гарсан ТББ шүү дээ.

С.Батзаяа: Одоогийн байдлаар бид сайн дураараа АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад оролцоод явж байна. АСЕМ-ыг бид их том түүхэн үйл явдал, ардчиллын баталгаа гэж харж байгаа. Мөн клубийнхээ үндсэн концепцийг түгээх зорилгоор Global shapers-ийнхэнтэй хамтарч эдийн засгийн чуулганд Монгол мөрөөдөл сэдвээр ярьж эхэлсэн байгаа. Эхэлнэ гэдэг өөрөө том юм л даа.

Д.Бум-Эрдэнэ: Энэ бол гоё нэгдэл байна. Гэхдээ сошиал медиа хүмүүсийг яг холдуулж байна уу, ойртуулж байна уу. Энэ дээр та хэд юу гэж бодож байгаа вэ?

Э.Лхагва: Viber, telegram, facebook зэрэгт групп мэссэнжэрт ороод хорин найздаа зэрэг зар түгээгээд цугларна гэдэг бол яах аргагүй ойртуулж байна. Гэхдээ хүүхэд нь хажууд тоглож байхад feed-ээ хараад суугаад байвал тэр чинь одоо...

Д.Бум-Эрдэнэ: Гэр бүлийн харилцааг холдуулаад байна.

В.Ганзориг: Та хэд яг ийм гомдол гэр бүлийнхнээсээ авдаг уу?

Э.Лхагва: Авна авна. Авч байсан.

В.Ганзориг: Яаж балансыг нь барьж байна, арга техник байвал донтсон гэж байгаа залуучуудтай хуваалцаач.

Д.Түмэн-Өлзий: Гэртээ очихоороо wi-fi ч хэрэглэдэггүй, 3G-гээ ч унтраачихдаг залуус байна. Тэр их зөв хүмүүжил. Харанхуй шөнө юу л болов гэж ер нь.

С.Батзаяа: Хамгийн сүүлд охиндоо зэмлүүлсэн. Хоол идэж байхдаа утсаа харж байгаад. Тэгэхэд багадаа хоол идэхдээ ном уншаад загнуулдаг байсан санаанд орсон. Орчин ингэж өөрчлөгджээ. Өөрсдөө л зохицуулах л асуудал.

Д.Бум-Эрдэнэ: Манайд ч бас асуудал байна. Манай 3 настай охин бол аймар хурдтай тасралтгүй үзэж байна. Намайг боль гэхээр уйлж байна. Уйлаад дийлж байна. Тэгээд би охиноо боль гэнгүүтээ өөрөө утсаа хараад. Ингээд асуудал үүсч байна. Бид нар энэ сошиал медиагаас юм аваад байна уу? Бид нараас юм хулгайлаад байна уу..

Э.Лхагва: Би эхнэртэйгээ хоёр энгийн дүрэм зохиогоод мөрдөх гэж хичээж байгаа. Орой орондоо сошиал медиа харж болохгүй яагаад гэхээр эрүүл мэндэд муу, дээрээс нь хоолны ширээн дээр хоёулаа утсаа харахгүй гэдэг дүрэм. Гурван настай хүү бас зөвхөн хоол идэхэд нь л телевизээр хүүхэлдэйн кино үзүүлэх. Хоол идээд дууссан бол унтраах. Өдөрт 20 минут л зарцуулах, хүүхдийн эмч нарын зөвлөгөөг л дагасан нь дээр байх.

Дашрамд түрүүн Батзаяа сэтгүүлчийн хэлсэн редакцын сошиал медиа дүрэм байх ёстой.

АНУ-ын нэг сэтгүүлч хүүхэн Африк явахдаа “Би Африк руу явж байна ДОХ тусвал яана аа” гэж твит бичээд 12 цаг цагийн дараа буухад ажил олгогч нь ажлаас нь чөлөөлчихсөн байх жишээтэй.

Бүтэн тивийг доромжилсон учраас. Тэгэхээр манайд бол төрийн албан хаагчдын сошиал медиа код гэж гаргах ёстой. Одоо манайд албан бичиг фэйсбүүк, твиттерээр л явдаг болсон. Тэгэнгүүт төрийн албанд фэйсбүүк, твиттер орохыг нь хаагаад байна. Хятад бүх юмыг хаасан ч гэсэн VPN суулгаад л эргээд ашигладаг. Юмыг хааж шийдэхгүй. Тэгэхээр төрийн албан хаагчийн ёс зүйн код, сэтгүүлч нарын баримталдаг нэг код, улс төрчдийн гэж бас нэг кодууд зайлшгүй байх ёстой болчихоод байна.

С.Батзаяа Манай хэвлэл өөрөө сошиал медиа буюу иргэний сэтгүүл зүйгээсээ ялгарахаа болиод байгаад би сэтгэл дундуур явдаг. Гал гарсан гэдэг мэдээг бид хаанаас ч авчихаж чаддаг болсон. Харин түүний шалтгаан, хэзээ гарав, ямар хохирол учрав гэх мэт мэргэжлийн сэтгүүлчийн ажил байхгүй болчихсон. Сонин, сайтууд ихэнх нь сошиал мэдиагаас л эх сурвалжаа олоод, тэндээ л амьдарч байна. Мэргэжлийн сэтгүүлчид л энэ ялгарлыг хийх ёстой.

Э.Лхагва: Технологи хайр найргүй хөгжөөд ikon.mn хэвлэлийн бага хурал болгон дээрээс шууд дамжуулж байгаа. Телевизүүдийг ажилгүй болгож байна. Үүнийг шууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнээс болоод өдөр болсон явдлыг хүн давтаж үзэх уйтгартай. Харин анализ тойм хийвэл илүү сонирхолтой байх.

С.Батзаяа: Гэхдээ миний хэлээд байгаа нь шууд дамжуулж байна гэхээсээ илүү цагийн дараа тэр хэвлэлийн бага хурал дээр ярьсан хүний нөгөө талаас, эсвэл тэр юмыг дүгнэж байгаа хөндлөнгийн мэргэжлийн экспертийн яриаг аваад гэх мэт явах ёстойг хэлээд байна.

Д.Түмэн-Өлзий: Өдөр нь тэр мэдээллийг авчихсан хүн орой дахиж зурагтаар гарахаар сонирхохгүй. Бодит шалтгаан нь зурагтаар гарч байгаа мэдээ өдрийн нэг жиргээнээс илүү гарч чадахгүй болсонд л байна.

В.Ганзориг: Хэт цэцэн цэлмэг зүйл бэлдэхэд цөөн хэрэглэгч хүлээж авдаг гэсэн шалтгаанаар сэтгүүлч олон хандалт авахын тулд тийм дутуу хагас боловсруулсан юм гаргаад байгаа  байж болох уу?

Э.Лхагва: Харамсалтай нь маш сайн боловсруулсан редакцийн мэдээний үзэлт ямар ч энтертаймэнт контентийг хэзээ ч гүйцэхгүй. Энэ ганц манай асуудал биш дэлхий нийтээрээ тийм байгаа. Buzzfeed 120 сая click авч байхад  New York Times 19 сая. Тиймээс ч фэйсбүүк дээр хэдэн мянган лайк, шэйр авч байгаа постууд тийм ухаалаг биш мэссэж байх нь зөндөө.

С.Батзаяа Нийгмийнх нь боловсролын төвшин фэйсбүүк, твиттер дээр ерөнхийдөө харагддаг гэдэг үнэн. Нэг твиттерчин залуу туршилт явуулаад сонин уншиж байгаа ямааны зураг фэйсбүүк дээр тавиад гэгээрсэн ямаан дээр лайк, шэйр өгөх юм бол та удахгүй баяжна гээд биччихсэн. Тэгээд тэрийгээ авч ирээд твиттерт тавихад төс өөр реакц гарсан.

Д.Түмэн-Өлзий: Насны л ялгаа байна.

Э.Лхагва Ямар нэгэн арга хэмжээ авах юм уу сайнаар үлгэрлэхгүй бол болохгүй.

Уржигдар Тайваний хаягдсан амьтан хамгаалах нийгэмлэгт ажилладаг малын эмч хүүхэн амиа хорлосон. Тэрээр сард 700 нохой нойрсуулдаг байж. Түүнийгээ Тайванийн нэг телевизэд ярилцлага өгөөд тэр нь сошиал медиад тавигдахад хүмүүс “алуурчин, эмэгтэй хядагч“ гээд баахан коммэнт бичсэн. Нөгөө охин үүнийг дийлээгүй “би нохойд хэрэглэдэг юмаа өөр дээрээ хэрэглэлээ” гээд өөртөө тарьсан байна.

Олон хүний сэтгэгдэл гэдэг ийм аюултай. Манайд өсвөр насны амиа хорлолт өндөр гарч байна гэсэн.

Д.Бум-Эрдэнэ Түрүүчийн яриандаа буцаж орж байна. Сошиал сүлжээнд хэрхэн зөв биеэ авч явах вэ гэдэг боловсрол хэрэг болж байна. Энэ хөтөлбөр нь тусгайвчилж хийгдэх ёстой. Нийтлэг гардаг кэйсүүдийг оруулаад энэ тохиолдолд шууд блоклоорой, энэ чамайг дээрэмдэх гэж байна, энэ чиний нэр хүндийг гутаах гэж байна гэх мэт. Арван жилийн боловсролын хөтөлбөрт орох ёстой байх.

Д.Түмэн-Өлзий: Мэргэжлийн сэтгүүлч нар, тодорхой төвшинд ойлголттой болсон улсуудын үүрэг роль их чухал. Нэг охин байшингаас үсрэх гээд байна гээд шуугисан. Тэгэхэд Батзаяа сэтгүүлч фэйсбүүкдээ “Энэ охины нэр ус, сургууль соёлыг нь битгий цааш нь төнхөөрэй дээ сэтгүүлчид ээ, энэ чинь сэтгүүлчийн ёс зүй шүү” гээд бичиж байсан юм. Ийм хандлага л сайтар дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Д.Бум-Эрдэнэ: Мэдээж цагдаагийн байгууллага нэг зөвлөмж гаргах ёстой байх. Кибер гэмт хэрэг гэдэг. Нөгөө талаасаа жишээ нь Сингапур бол хамгийн найрсаг улс гэж ярьдаг. Сингапурчууд бас сошиал ертөнц дэх найрсаг байдал ямар байна гэдгийг давхар судалгаа хийсэн. Бид нар тэр чигээр нь хуулаад манай сошиал ертөнцөд ямар байгааг үзсэн. Гэтэл Монголын хувьд нэлээн хүнд нөхцөлд орчихсон байна. Ямар нэг арга хэмжээ авах болсон гэсэн судалгааны үр дүн гарсан. Сингапурчууд бол кампэйн явуулж байна. Харин бид юу ч хийхгүй байна.

В.Ганзориг: Наадах чинь хувь хүн, ТББ-ын ажил биш болоод явчихлаа?

Д.Бум-Эрдэнэ Төрийн бодлогын асуудал явагдаж байна. Нийгмийн хариуцлагын ч асуудал. Хэвлэл мэдээллийнхэн мэдээж дэмжинэ.

В.Ганзориг: 2014 онд Монголоос sponsored гэдэг категороор фэйсбүүк рүү очсон мөнгө нь жилийн дөрөв билүү таван сая доллар болсон байдаг. Зар сурталчилгаа олгогч нар мөнгө сошиал медиа руу явуулчихдаг боллоо. Тэгэхээр та нарын өдөр тутмын амьдралд орлогын шилжилт мэдрэгдэж байна уу?

С.Батзаяа Авьяас, мэдрэмж байхад бараг мөнгө зарахгүйгээр хийж болох маркетингийн талбар чинь сошиал мэдиа болчихоод байна. Гэхдээ телевиз юугаараа татдаг вэ гэхээр сайтар бэлтгэсэн энтертаймэнт нэвтрүүлгүүд нь. Энд зар сурталчилгаа байршсаар л байгаа. Бид нарт бол яг мэдэгддэг.

Э.Лхагва: Энэ жилийн Телевизүүдийн чуулган дээр маркетингийн төлөв хандлагаа ярилцахад дижитал сурталчилгаа руу илүү мөнгө зарж байгаа талаар дурдагдсан. Бид нилээд ярилцсан. Гэхдээ Азийн телевизүүдийн чуулган юм уу, Каннын Телевизүүдийн фестиваль дээр лав ойрын 20, 30 жилдээ телевиз үзэлт буурахгүй гээд байгаа юм.

Д.Бум-Эрдэнэ: Гэхдээ ер нь телевизийн рекламыг төвлөрч үзэхээ больсон. Сошиалтай давхар хэрэглэдэг болсон. Гэтэл эсрэгээрээ сэтгүүл үзэж байхдаа давхар сошиал хэрэглэдэггүй анхааралтай үздэг. Бид сая Нийгмийн маркетинг гэж том форум хийсэн. Нэг гол сэдэв нь корпорэйт сошиал маркетинг буюу нийгмийн асуудалтай яаж арилжааныхаа сурталчилгааг холбох вэ гэж байсан. Ингэснээр нийгмийн асуудлаа ч шийдэж, өөрөө ч анхаарлын төвд орж байгаа юм. Тэгэхээр жишээ нь, нэг видео хийгээд хүмүүсийг цусаа хандивладаг болгож болж байна. Энэ бол нэг давуу тал олгож байна. Бидний хамгийн сайн мэдэх жишээ ice bucket challenge шүү дээ.

В.Ганзориг: Цаг гаргаж ирээд үзэл бодлоо чөлөөтэй нээлттэй хуваалцсан та нарт маш их баярлалаа.


  1. 122.212.32.* munguu 2016-07-15 09:31
    televiziin medeenuud ni social media aas yalgarah gol ontslog ni analyz hiigdsen medeelel tsatsah heregtei gedeg ni taalagdlaa.bas dan televiz , social media gej tusdaa yalgarch baihiin orond televizuud ni social mediagaa uurtuu negtgej nevtruulgee hiideg bolvol zugeer sanagddag. za tegeed tiimerhuu nevtruulguud ch baigaa doo. ulam hugjuuleh l heregtei.