ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД: Токиогийн их сургуулийн магистрант Б.Ундармаатай ярилцсан нь

А.Сэвжид
2016-08-23 03:31

ШИНЭ ЗУУНЫ ИНТЕЛЛЕКТҮҮД цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Токиогийн их сургуулийн магистрант Б.Ундармааг урилаа.  Түүний хувьд Улаанбаатар хотоо утаагүй болгохыг хүссэн багын мөрөөдөлдөө хөтлөгдөж утаа гаргалгүйгээр эрчим хүч гаргадаг цөмийн энергийн чиглэлийг сонгон суралцсан аж. “Миний мөрөөдөл, зорилгын эцсийн зогсоол бол эх орон минь” гэж хэлэх тэрээр сурсан мэдснээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулах тухай бодож явдаг нь сэтгүүлч надад тод мэдрэгдэж байлаа. Түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлага оюутан, залуучууд та бүхэнд ч гэсэн нэгийг бодогдуулах нь дамжиггүй.

Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу ?

Намайг Баатархүү овогтой Ундармаа гэдэг. “Шинэ Монгол” ахлах сургуулийн төгсөгч. Одоо Токиогийн их сургуульд “Цөмийн инженерчлэл ба менежмент” гэсэн чиглэлээр магистрт сурч байна. Бакалавраа төгсөхдөө хэрэглээний физикээр сурсан.

Ер нь яагаад цөмийн физикийн салбарыг сонгох болов. Байгалийн ухаан, тэр дундаа цөмийн инженерчлэлээр сурч байгаа нь маш сонирхолтой санагдаж байна ?

Анх дунд сургуульд байхдаа атомын энергийн тухай сонсож байлаа. Утаа гаргадаггүй мөртлөө цахилгаан болон дулаан гаргадаг гэж бодохоор тэр үед маш сонирхолтой санагдаж байсан. Магадгүй зөвхөн сайн талуудыг нь хараад сэтгэл их татагдсан байх. Тэгээд тэр сонирхолдоо хөтлөгдөөд дунд сургуулиа төгсөөд МУИС-ын цөмийн технологийн ангид элсэж ороод хагас жил сурсны дараа Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж Токиогийн их сургуульд сурахаар болсон. Намайг Токиод сурахаар очиход хэрэглээний физик болон цөмийн эрчим хүч гэсэн хоёр сонголт байсан. Тухайн үед туршилт хийх нь сонирхолтой байсан учраас хэрэглээний физикийг сонгоод дөрвөн жил сурсан даа.

Хэдэн онд Япон руу явсан бэ ?

2010 онд. Эхний нэг жил хэлний бэлтгэлд сураад бакалаврт дөрвөн жил, магистрт хоёр дах жилдээ сураад одоо бараг зургаан жил болох гэж байна.

Миний санаж байгаагаар 2011 онд Японд маш том цунами болсны улмаас Фукушимагийн цөмийн цахилгаан станц дэлбэрсэн. Мэдээж энэ үйл явдал таны мэргэжилтэй холбогдох байх. Тэр үед та Японд байсан уу ?

Тийм. Тэр үед би Японд, Фукушимагийн цахилгаан станц дэлбэрэхийг зурагтаар харж байлаа. Тухайн үед маш аймшигтай санагдсан. Энэ үйл явдлын дараа тэнд  технологийн гэхээс илүүтэй нийгэмд нь маш олон асуудлууд гарч эхэлсэн. Дэлбэрэлт болсон газрын ард иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх, Япон улс ирээдүйд цөмийн эрчим хүчийг хэрэглэх ёстой юу, үгүй юу гэх зэргээр олон асуудлууд ар араасаа гарч ирсэн нь Европын олон орнуудад нөлөөлж цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэрийг гаргахад хүргэж байсан. Үүнийг хараад цөмийн эрчим хүч гэдэг чинь маш том цар хүрээтэй салбар гэдгийг ойлгоод магистрт сурахдаа цөмийн инженерчлэл ба менежментийн чиглэлээр сурахаар болсон нь үүнтэй холбоотой. Илүү бодлогын тал руугаа гэсэн үг. 

Таны хувьд төгсөөд эх орондоо ирээд ажиллах сонирхол хэр байгаа вэ. Эсвэл Японд ажлын санал ирвэл үлдээд ажиллах уу ?

Мэдээж уг мэргэжлийг сонгох болсон эцсийн зорилго нь эх орондоо хэрэгжүүлэх ажил байгаа учраас л сонгосон. Тиймээс түүнийхээ төлөө эхлээд тэндээ үлдээд эрчим хүч, байгаль орчны салбарт ажиллана.

Яагаад ?

Учир нь би одоо эх орондоо ирлээ гэхэд,чадах зүйл маш дутмаг, сургуульд үзэж харсан хичээлээрээ дамжуулаад олж авсан мэдлэг л байна. Гэтэл хүмүүсийг удирдах эсвэл томоохон төсөл дээр ажиллахад туршлага илт дутна.

Бага байхдаа л сайн сураад сургууль төгсөөд улсын байгууллагад ажиллаад  асуудлыг шийдээд эх орноо хөгжүүлчихнэ гэж боддог байсан.

Гэхдээ тийм биш гэдгийг сурч байх хугацаандаа ойлгоод эх орондоо ирээд нийгэмд нөлөө үзүүлж чадахаар ажил хийнэ гэвэл эхний ээлжинд тодорхой хэмжээний ажлын туршлага хуримтлуулж, олон хүнтэй харилцаж үзчихээд өөрийн гэсэн тодорхой танилын хүрээллийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Бас өөрийгөө хамгийн гол нь таньж мэдэх нь чухал. Маш өргөн хүрээгээр харвал “бид” түүний дотор би хаана нь явна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тийм учраас эхлээд Японд ажиллаад, боломж нь гарвал олон улсын байгууллагад ч гэсэн монгол хүн гэдэг утгаараа ажиллаж үзэх сонирхолтой байгаа.

Хүнийг хэмждэг хэмжүүр нь зөвхөн мэдлэг боловсрол биш

-Мэдээж гадаадад сурна гэдэг эх орондоо сурахаас амаргүй зүйл. Анх очиход хүндрэлтэй талууд тулгарсан нь мэдээж. Тэр бүхний ард хэрхэн гарсан бэ ?

Миний хувьд Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан учраас сургууль болон байрлах газар маань тодорхой байсан. Мөн сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг авдаг, тэр нь хэрэглээнд маань хангалттай хүрдэг байсан учраас хувийнхаа зардлаар сурч байгаа залуучуудын хажууд зовлон ярих нь жаахан тийм байна. Гэхдээ асуудлын хувьд мэдээж байлгүй яахав. Эхний нэг жил хэлний бэлтгэлд сурсан ч тухайн орны хүүхдүүдтэй хамт хичээл цуг үзээд эхлэхэд бүрэн ойлгож байсан гэхэд бол учир дутагдалтай. Эхлээд 50 хувьтай ойлгож байгаад л 60, 70, 80 болж дээшилсэн. Бас утас, компьютертой болох хүртлээ гэрээ их санаж байлаа.

Гэхдээ тэр бол цаг хугацаа өнгөрөхөд шийдэгдэх асуудал учраас гайгүй байсан. Хамгийн том асуудал нь хувь хүн өөрөө байсан. Тэр нь юу гэхээр мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асуулгүйгээр өөрөө болгох гээд амархан зүйл дээр хэтэрхий их цаг хугацааг зарцуулсан юм шиг бодогддог. Эргээд харахад. Тэгээд түүнээс болж ганцаарддаг болсноор эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд минь маш зузаан хана үүсч эхэлсэн. Миний хувьд энэ зангаа хаяж чадахгүй нэлээд удаан явсан нь асуудал байсан гэж бодогддог. Харин үүнээс олж авсан сургамж гэвэл чи мундаг эсвэл тийм биш ч байж болох ч бусдаас дутуу байна гэдэгтээ хэзээ ч бууж өгч болохгүй. Мэдэхгүй зүйлээ хүнээс асууж, чадахгүй гэдгээ шууд хэлэх нь ичмээр зүйл биш. Магадгүй одоо мэдэхгүй байгаа нь ичмээр зүйл биш, харин мэдэхгүй чигээрээ дуусах нь ичмээр зүйл.

-Сайхан хэллээ. Тэгэхээр надад ийм нэг асуулт байна. Гадаад сурч байгаа хүнийг тухайн орны залуучууд болон хамт сурч байгаа бусад орны оюутнууд зөвхөн Ундармаа гэдэг хувь хүн талаас нь харахгүй нь мэдээж. Харин таны гаргаж байгаа үйлдэл, бусадтай харилцах харилцаа зэрэг чинь эх орноо давхар харуулж байгаа үйлдэл болно. Үүнийг талаар хэр их анхаарч явдаг вэ?

Мэдээж энэ бол маш чухал. Тухайлбал Японд гэхэд би маш олон хүний хувьд анхны уулзсан Монгол хүн нь байх магадлал маш өндөр. Тэр хүн миний дараа хэдэн монгол хүнтэй уулзахыг би мэдэхгүй. Тийм учраас үүнийг би маш чухалчилж үздэг.

Японд очсоны дараа манай элчин сайд оюутнуудтай уулзалт хийж байхдаа “Хүн болгон Монголын элчин сайд” гэж хэлсэн нь миний сэтгэлд маш тод үлдсэн. Тийм учраас бүх үйлдэл, яриагаа хянаж ирсэн.

Хэрвээ Япон хүнтэй уулзахаар цаг тохирсон байлаа гэхэд унтчихаад хоцорч очоод маш олон шалтгаан хэлээд эсрэг талын хүндээ зөвөөр ойлгуулаад тухайн байдлаас эвтэйхэн гарж болох ч миний хувьд тэгэхийг хүсдэггүй. Харин ч эртхэн очоод хүлээгээд суухыг илүүд үздэг.

-Ер нь монгол оюутнууд бусад орны залуучуудтай харьцуулахад сурлага, мэдлэг, ур чадварын хувьд хэр вэ ?

Мэдээж мэдлэг чадвар, оюуны потенциалын хувьд монгол залуучууд хаана ч дутахгүй. Гэхдээ хүнийг хэмждэг хэмжүүр нь зөвхөн энэ зүйл биш. Харин ч биеэ авч явах байдал болон ёс суртахууныг илүүд чухалчилж үздэг. Бусад хүмүүс Ундармаа гэдэг хувь хүн талаас нь намайг ямар ч байдлаар хүлээж авахад зүгээр байж болох ч улсынхаа нэрийг доош нь оруулахгүй гэж бодохоор илүү хичээж зүтгэдэг. Миний хувьд хамт суралцаж байгаа бусад орны оюутнуудад төдийлөн анхаарлаа төвлөрүүлээд байдаггүй. Чиний өрсөлдөгч бол чи өөрөө. Бас өмнө чинь байгаа хичээл, шалгалтууд.

Тиймээс Вьетнамууд ажилсаг, Хятадууд хичээнгүй гэх зэргээр бусдад анхаарлаа сарниулах шаардлагагүй гэж боддог. Нэг агуу тамирчны хэлэхдээ “Аваргууд ялах дээрээ анхаарлаа хандуулдаг бол ялагдагчид аваргуудад анхаарлаа хандуулдаг” гэсэн байдаг. Тэр маш чухал гэж бодогдож байна. Өөрөөр хэлвэл биеэ авч явах байдал болон хичээл, ажил уруугаа чиглэсэн хандлага дээрээ би Монгол хүн гэдэгтээ анхаараад хэнээс ч дутахааргүй л байх ёстой. Харин ажил мэргэжил, хичээлийн хувьд эргэн тойрны хүмүүстэйгээ өөрийгөө харьцуулахаасаа илүүтэй өөрөө өөрийнхөө өрсөлдөгч болж өмнөх ажилдаа анхаарлаа 100 хувь төвлөрүүлэх хэрэгтэйболов уу гэж бодогддог.

-Японд сурч байгаа хүнээс энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байна. Энэ тухай маш олон хүмүүс ярьдаг. Тэгэхээр тухайн улс орны боловсрол олголтын түвшин ямар байгаагаас улс орны хөгжил нь шууд хамаарах хандлага дэлхий нийтэд ажиглагдаад байна. Сайн боловсон хүчингүй бол дэлхийд өрсөлдөх чадвараа алдаж байна. Таны хувьд энэ талаар юу гэж бодогддог вэ ?

Ер нь ямар ч мэргэжлээр сурсан эхлээд хэнд хэрэгтэй, юу судалж байгаагаа ойлговол сурахад хялбар гэж бодогддог. Тухайлбал миний сурч байгалийн ухааны салбарын сургалтын орчинд материаллаг бааз яалт ч үгүй дутмаг. МУИС-д сурч байхад хуучин Орос улсын багажууд дээр туршилт хийж байсан бол Японд бүх зүйл нь бэлэн. Арван жил болсон багаж, төхөөрөмжийг шууд актлаад шинээр авах боломжтой. Мэдээж үүнийг шууд л эх оронтойгоо харьцуулах нь учир дутагдалтай. Ерөнхийдөө одоо байгаа боловсролын түвшин чадварлаг багш нарынхаа хүчинд л тогтоод байгаа юм шиг санагддаг.

-Монголд боловсрол олгох чиг хандлага нь тухайн цаг үед орлоготой байгаа салбараас шууд хамаарч байгаа болов уу гэж бодогддог. Нэг хэсэг уул уурхайн салбар моодонд орж байхад эцэг эх болгон нь л  хүүхдээ уул уурхайн мэргэжлээр сургаж байх жишээтэй...

Мэдээж сонголт хийж байгаа хүүхдүүдийг буруутгах аргагүй. Тиймээс нөгөө талд массаар нь мэргэжлийн ур чадварыг нь ашигласан ажлын байрыг бий болгохын тулд аж үйлдвэр хөгжих хэрэгтэй. Тэр нь сайн хөгжөөгүй учраас маш нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд энд байх орон зай байхгүйн болов уу гэж харагддаг. Эсвэл нөгөө талдаа технологид суурилсан аж үйлдвэр хөгжөөд ирвэл гадаадад байгаа маш олон чадварлаг боловсон хүчнийг эх орон руу нь татаж чадах байх. Ингэвэл залуучуудын хандлага ч өөрчлөгдөж, гарын арван хуруунд л багтах тодорхой хэдхэн мэргэжил рүү туйлшрах үзэгдэл багасна.

Бусдыг дуурайж гаргасан зорилго бол хүний газар дээр гэр барьсантай адил

-Монголд ирэхээрээ мэдээж найзуудтайгаа уулздаг байх. Суугаад ярилцаад үзэхээр ер нь ямар байдаг вэ ?

Миний хувьд энд байгаа найзуудыгаа бодвол ажил хийж нийгэмд гараагүй, бас амьдрал зохиогоогүй гэдэг хоёр зүйл дээр үеийнхэн дундаасаа хоцорчихсон байдаг. Ярилцаад суухаар надад байгаа нь маш том хүсэл мөрөөдөл. Магадгүй ажил хийгээд, амьдрал зохиочихсон найзуудын маань зүгээс харахад нэг л их физик, хүсэл мөрөөдөл ярьсан амьдралгүй хийсвэр санагддаг байх л даа. Бас нэг талд гадаадад сурч байгаа хүмүүсийн хувьд амьдрал дээр гарахаар яг нарийн төлөвлөгөө байхгүй, хүмүүс хоорондын харилцаа зэргийг ойлгоогүй явж байдаг. Гэвч нөгөө талд найзууд маань багадаа ярьдаг байсан сайхан мөрөөдлөө мартчихсан. Өнөө маргааш тийм хүнтэй уулзаад ийм ажил бүтээчихвэл, жаахан мөнгөтэй болчихвол гэсэн зүйлүүдийг ярьж байхтай тааралддаг. Мэдээж тэр чухал ч миний хувьд мөрөөдөл, зорилгодоо хүрэх нь илүү чухал.

-Тийм зүйлүүдийг харчхаад би арай буруу замаар яваад байна уу даа гэж бодогдох үе бий юу ?

Мэдээж тийм зүйл хааяа бодогддог ч сурч байгаа зүйл маань эх оронд минь хэрэгтэй гэдэгт итгэдэг учраас зорилгоо марталгүй сурч байна.

-Одоо эргээд харахад сэтгэлдээ анх  зориод сонгосон мэргэжлийн зорилго одоог хүртэл хэвээр байгаа биз дээ. Эсвэл өнгөрсөн хугацаанд сарниад алга болчихсон уу ?

Үгүй. Одоог хүртэл сэтгэлийн угд миний зорилго байгаа. Мэргэжлийнхээ нүдээр харахаар эх орондоо хийж өөрчлөх зүйл маш их бий. Эхний ээлжинд байгалийн ухааны салбарыг залуучуудад дур сонирхолтой, МУИС-ыг илүү сайн материаллаг баазтай сургалтын орчинтой болгохыг төлөө байгаа. Түүнчлэн байгаль орчны салбарын хууль, дүрмийг цэгцлэх талаар маш их боддог. Тухайлбал олон жил үргэлжилсэн ураныг туршилтаар олборлосон Улаанбадрах сумын асуудал гэх мэт,  гадаадын компаниар дотоодын хууль тогтоомжоо мөрдүүлж чадахгүй байна гэдэг маш том асуудал. Хэдий эдийн засагт сайнаар нөлөөлөх чадвартай салбар байлаа ч түүнээс нь болоод хүмүүс хохирно гэдэг бол утгагүй. Ер нь хүн мөнгөтэй байгаад эрүүл биш бол аз жаргалтай байх боломжгүй. Тийм учраас уул уурхайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй бол хүн болгон байгаль орчноо хамгаалах тогтолцоо маш чухал гэж боддог. Эцсийн дүндээ уул уурхайн олборлолтоос хүний эрүүл мэнд хохирч байгаа нь харамсалтай санагддаг. Тийм учраас өөрийнхөө сурч байгаа мэргэжлээрээ дамжуулж тэдгээр хүмүүст туслахыг зорьж явдаг.

-Хүн бүр өөрт байгаа боломжоороо нийгмээ өөрчилж хөгжүүлж байж өөр ирээдүй бий болох байх...

Олон улсын валютын сангаас гаргасан нэг судалгааг уншиж байсан. Тэр судалгаанд баян ядуугийн ялгаа ихсэх тусам өнөө маргаашдаа биш ч гэсэн дунд эсвэл урт хугацаанд нийгмийн тогтворгүй байдал үүсдэг гэсэн байдаг. Нөгөө талд баялгийн тэгш хуваарилалт гэдэг нь ядуурлаасаа дутахааргүй том асуудал болоод дэлхийн түвшинд судлагдаж байна. Тиймээс өнөөдрөө хараад байх биш 20-30 жилийн дараа эх орон маань ямар байх ёстой тухай л бодох хэрэгтэй.

Сар руу тэмүүлэхээр дээвэр дээр буудаг, нар руу тэмүүлэхээр саран дээр буудаг гэсэн үг бий. Бусдын хувьд зүгээр л том мөрөөдөлтэй, хийсвэр, бүтэшгүй зүйл шиг сонсогдож байгаа боловч миний хувьд амархан бүтчихээр зорилготой явснаас дээр гэж боддог.

Мэдээж 100 хувь мөрөөдөл маань биелнэ гэсэн үг ч гэсэн биш. Бас заавал хэн нэгнээс баталгаа авах шаардлагагүй, гол нь чиний зорилго яагаад, хэнд хэрэгтэй гэдгийг л бодох хэрэгтэй. Хэн нэгнийг дуурайж гаргасан зорилго бол хүний газар дээр гэр барьсантай адил. Тийм болохоор ямарваа нөхцөл байдалд бусдын үгийн дагуу барьцгүй байж болохгүй. Гол нь өмнөө тавьсан зорилгодоо өөрөө итгэх хэрэгтэй.

-Нэг мэдсэн бид хоёрын ярилцлага нэлээд бодлогын түвшин рүү орчихлоо. Тэгэхээр ийм нэг асуулт байна. Жил болгоны есдүгээр сард хот руу хөврөх залуучуудын цуваа эхэлдэг. Тэр дунд мэргэжлээ зорилгоо болгоод сонгосон, эсвэл улсын сургууль учраас ямар ч хамаагүй анги сонгочихсон, зарим нь аав ээжийнхээ шахалтаар хүсээгүй мэргэжлээ сонгосон зэрэг маш олон төрлийнх бий. Тэгээд сурч байх хугацаандаа зарим нь няцаж, шантарснаас болж сургуулиа хаях, эсвэл мэргэжлээ солих зэрэг асуудлууд гардаг. Миний бодлоор энд хандлагын л ялгаа байгаа юм. Эцэг эхчүүдийн тэр, оюутнуудын хувьд ч гэсэн ялгаагүй. Үүнийг юу гэж боддог вэ ?

Манай эцэг эхчүүдэд байдаг нэг нийтлэг хандлага нь ямар ч байсан хүүхдээ дээд боловсролтой болгоно гэж боддогоос биш хүүхдээ юунд дуртай гэдэг тал дээр тааруу болов уу. Магадгүй нөгөө талд ажил олгогч хүмүүс ажлын шаардлагадаа дээд боловсролтой гээд заачихдаг нийгмийн шаардлага ч нөлөөлдөг байх. Гэхдээ ямар ч мэргэжил байсан түүнийгээ сайн сурчихсан байхад заавал хэрэг болдог.

Бас заавал бусдын адил нийтлэг мэргэжил сонгохоос өмнө эргэн тойрноо хараад би юунд дуртай, юу хийхийг хүсэж байгаа гэдгийг хараад бодитоор бусдад хэрэг болох шийдвэр гаргавал өөрт ч гэсэн хэрэгтэй байх.

Бас зарим оюутнуудын хувьд сурах орчин нь энэ тэр гээд гомдолдог. Гэтэл интернетээр хүссэн бүхнээ хийх боломжтой үед сурч байгаа учраас хайлт хийгээд л хэрэгтэй мэдээллээ цуглуулаад суралцах боломжтой. Тиймээс зорилго байгаа л бол түүнийхээ төлөө маш олон аргыг сэдэж олоод алдаж ч гэсэн үзэх хэрэгтэй. Оюутан хүний хувьд үндсэн ажил нь сурах.  Энэ цаг хугацаа хүний амьдралд өөр байхгүй. Тийм учраас өөрийн гэсэн сурах арга барилыг ч гэсэн үүсгэх зэргээр боломжуудыг ашиглах хэрэгтэй.

-Өөрийн тань хувьд Японд байхдаа хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ ?

Мэдээж тэнд байгаа оюутнуудын дунд цагийн ажил хийдэггүй хүн гэж байхгүй. Бүгд л хийдэг. Миний хувьд ихэнх санхүүгээ тэтгэлгээрээ шийдсэн учраас заримдаа л цагийн ажил хийдэг. Тэр нь хэрэгцээнд маань хангалттай хүрдэг.

Мэдээж зургаан жил болсон хүний хувьд тухай улсын хэлийг бол маш сайн сурсан байх. Харин өөр хэлийг давхар сурсан уу ?

Япон хэлнээс гадна англи хэлтэй. Одоо сурч байгаа чиглэлд 30 хувийг гадаад оюутнууд эзэлдэг тул хичээлээ англиар заадаг. Фүкүшимагийн ослын дараагаар гадаадын орнуудаас энэ чиглэлээр сурах оюутны тоо эрс нэмэгдсэн. Тийм учраас хичээл англиар, бусадтай харилцахдаа ч англиар ярих шаардлагатай. Ер нь хаана ч гэсэн магистрт сурч байгаа бол судалгааны материалаа өөр хэлээр хайх шаардлага байнга тулгардаг.

-Удахгүй хичээлийн шинэ улирал эхлэх гэж байна. Тиймээс шинээр оюутан болох гэж буй болон гадаад улс руу суралцах гэж байгаа дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна вэ ?

Хүн зорилготой байх хэрэгтэй. Гэхдээ шугам шиг дардан замаар алхсаар зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Уул руу маш олон янзын замаар авирч болно шүү дээ. Тийм болохоор чадахгүй зүйл гарч ирэх, нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх зэрэг түр зуурын хүндрэлүүд гардаг ч түүнээс болоод зорилгоосоо битгий шантраарай гэж хэлмээр байна. Миний хувьд ч хоёрдугаар курсдээ шантраад, гэрээ санаад хичээлдээ явалгүй хэд хонож үзсэн. Гэвч надад итгэж байгаа хүмүүс миний ард бий гэдгийг санах бүрт л өөрийн эрхгүй л сурч байсан. Үнэхээр жаахан ул суурьтай бодоод үзвэл намайг сургаж байгаа нь зүгээр л эрхлүүлж байгаа зүйл биш. Үүний ард эцэг эхээс авахуулаад маш олон хүмүүсийн итгэл найдвар байдаг гэдгийг ойлгодог.

-Ярилцсанд баярлалаа.


  1. 172.69.252.* Sanjaa 2020-11-22 14:35
    Ene huntei holbogdoh hayg bval uguuch ih surguuliin tuhai zuvluguu avah gsn ym
  2. 203.91.115.* Зочин 2017-09-02 20:29
    Mundag bn shan yriltsalga bolson bn oshoo ih amjilt gargaarai dvv mini
  3. 150.31.24.* Sora 2016-12-16 14:53
    Jaahan suuldej unshlaa. Mash saihan yariltslaga bolson bn! Undaaktaa tsaashdiinh ni ajil uils surlaga hudulmurt undruus undur amjilt husey! Bid hamtdaa gar niilvel bugdiih ni muruudul biylene gedegt itgeltei bn!!
  4. 27.123.214.* Zaya 2016-09-13 12:38
    Mundag bn shuu! Tsumiin injenerchleliin chigleleer Japanii Kobe hotiin Kobe ih surguuliin doctoriin zzereg hamgaalsan Nandia geed bas bgaa. Minii medehiin odoo 11 jil bolj bgaa. Mergejleeree Japan kompanid ajillaj bgaa. Unendee Mongold aj uildver tehnologiin salbart hurungu oruulj shinjleh uhaanch handlagaar buteen baiguulaltiig erbimjuulsneer gadaadad mergeshsen injeneruudee ajliin bairaar hangaj bolovsosn huchnee beltgeh zailshgui shardlagatai bgaa yum.
  5. 103.5.140.* M! 2016-09-05 21:05
    Uhaantaigaas gadna hunii tuluu gsn setgeltei! Yapondah oyutnii holboond 6 jil ajilsan! Holboonii dargaar ch bas ajilj uzsen! Olon saikhan Mongoliig taniltsuulah ajluudiig ahalj zohion baiguulsan! mundag ohin shuu! Hundelj yawdag humuusiin maan neg! Amjilt husei!
  6. 59.153.115.* Зочин 2016-09-04 12:50
    ter enkhboldiin hamaatang undraag ene ohinoor solichihiimson
  7. 182.160.38.* Сайхан нийтлэл болсон байна. нэг л юм их анзаарагдлаа : Улсынхаа нэрийг томоор бичиж мэддэггүй эээ???? Хүний нэртэй адил аль ч улсын нэрийг томоор биздэг дээ 2016-09-01 14:07
    Монгол
  8. 202.9.44.* Зочин 2016-09-05 11:26
    Баярлалаа, засварлалаа.
  9. 160.39.143.* Tuvshin 2016-09-01 08:12
    Уул нь магистрантур гэвэл сургалтыг нь, харин магистрант гэвэл магистрантурт сурч байгаа хүнийг нь хэлнэ байх.
  10. 202.70.46.* Лхагваа 2016-09-01 00:16
    Амжилт хүсье ундакаа. Үнэхээр цэгцтэй ярьж. Бас сонирхолтой_ зөв юм хийжээ. Баярлалаа
  11. 209.95.60.* Зочин 2016-08-31 23:31
    Ундармаа #2
  12. 114.181.202.* Zochin 2016-08-31 13:25
    Ih tsegtstei zuv yaridag mundag emegtei bna. Bidend iim l ireedui heregtei bh. Amjilt husie
  13. 122.201.24.* kinomuugii 2016-08-31 11:18
    bayr hurgie jpand surch baigaa oyuntanuudaar bi urgelj bahrahdag mongoliig oorchloh huch mohgoloo avrah humuus ed nar yum shuu busad orond surch baigaa oyuntanuudiig bi medehgui bolhoor yu helhev edgeer huuheduud uh huraliin gishuudees ondor haritslagtai uls oron oo gesen setgeltei ih mordooldtei shine ue amjilt husie