THE PROFESSIONAL Геофизикч Б.Хүрэлтулга: 'Газрын тосны салбар эргээд сэргэж байна'
Газрын тосны салбарт үндэсний мэргэжилтэн тасарч, гаднаас мэргэжилтнүүд олноор нь авчирч ажиллуулж байсан цаг саяхан. Тэгвэл үндэсний мэргэжлийн боловсон хүчний залгамж болон гарч ирсэн Б.Хүрэлтулгатай ярилцлаа. Тэрбээр дан ганцхан салбартаа ажиллах бус цаашид олон салбарт ажиллаж мөрөө үлдээх том зорилго тавьж буй залуу боловсон хүчний нэг юм.
Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
Намайг Боргилчулууны Хүрэлтулга гэдэг. 1988 онд Дорнод аймагт төрсөн. Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд наймдугаар анги хүртлээ суралцсан. Физикийн хичээлд дуртай, улс, аймаг, бүсийн олимпиадад их оролцдог хүүхэд байлаа. Тиймээс ахлах ангиа МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицейн физикийн гүнзгийрүүлсэн ангид орж төгссөн. Суралцсан чиглэлээрээ МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн Геофизикийн ангид орж, 2010 онд геофизикч мэргэжлээр төгсөөд, “Хэт” компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд 2012 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэн магистраар суралцаж 2014 онд эх орондоо ирсэн. Одоо “Магнай трейд” компанийн газрын тосны хайгуулын төсөл дээр ажиллаж байна.
Геофизикч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
Бага байхдаа хөдөө явах дуртай хүүхэд байсан. Манай аав тээврийн жолооч хүн л дээ. Тэгээд аавтайгаа цуг явж байгаад, нэг уул харвал энэ уулан дотор юу байдаг бол, тэг дундуур нь зүсвэл дундаас юу гарч ирэх бол гэж боддог байсан. Дээрээс нь физикийн хичээлд бүр орчихсон, дурлачихсан байсан. Тэгээд л энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Геофизик гэдэг өөрөө дэлхий судлал шүү дээ.
Тэгвэл сонгосон мэргэжилдээ сэтгэл ханамж 100 хувь биз?
Тийм. Яагаад гэвэл хүн тухайн мэргэжлээ эзэмшээд ажиллаад, үүнээс нь тодорхой хэмжээний үр дүн гараад ирэхээр урам авдаг.
Тиймээс мэргэжилдээ маш дуртай.
Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн гэлээ. Тэр үеэ дурсвал?
Тус улсад дата аналист судлаачаар хоёр жил гаруй хугацаанд судалгааны ажил хийж, мастер хамгаалсан. Мэдээж өндөр хөгжилтэй улс гэдэг утгаараа сургалт, судалгааны орчин сайн, хөгжил дэвшлийн хувьд өөр. Ер нь гадны оронд нэг сураад, ажиллаад үзэхэд амьдралын том туршлага болох юм байна гэж санагдсан.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт оюутан, Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан гэх мэт олон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан болохоор чинь онц сурлагатан байж дээ гэж бодсон?
Онц сурлагатан гэж үү /инээв/. Гэрийн даалгавраа идэвхитэй хийдэг л хүүхэд байсан байх. Тэрнээс айхтар онц сурлагатан бол байгаагүй ээ. Тэтгэлгүүдийн тухайд мэдээж хамрагдаж чадвал ар гэрийн амьдралд хэрэгтэй. Гэхдээ одоо сурч байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд тэтгэлэгт хамрагдах нь хаана хаанаа тус нэмэртэй ч гэлээ жил болгон тэтгэлэг аваад байхаар хүний гар харамтгай муу зуршилтай болчихдог. Солонгост очоод хүний нутагт таниж мэдэх хүнгүй газар биеэ даагаад амьдрах үедээ энэ сул талаа илүү анзаарсан л даа.
Ихийг мэдэж оюунаа тэлэхийн хэрээр хийж чадах зүйлийн потенциал өснө
Тодорхой үр дүн гараад ирэхээр хүн түүнээсээ урам авдаг гэсэн. Тэгэхээр таны хувьд гаргасан үр дүн амжилтаасаа дурьдаач?
Газрын тосны салбар өртөг өндөртэй, том салбар л даа. Тэгэхээр олон компани ийшээ зориглож орж чаддаггүй, үндэсний ганц, хоёрхон компани байдаг. Ихэнхдээ гадны компаниуд олборлолт, хайгуул, судалгааны ажил дээр орж ирдэг. Харин хайгуулын салбарт “Хэт”, “Эрдсан” компаниуд бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай. 2010 онд сургуулиа төгсөөд манай ангийн хэдэн оюутнууд “Хэт” компанид ажилд орсон юм. 1990-ээд оны үеэс энэ салбарт ажиллах дотоодын мэргэжилтэн ховордчихсон байсан.
Тэгээд гаднаас мэргэжилтэн авчирч биднийг сургаж эл салбарт ажиллах үндэсний мэргэжилтнүүд болгож бэлдсэн дээ. Тэгээд сурсан мэдсэн бүхнээрээ үр дүн гаргаж, хэд хэдэн хайгуулын төслүүд дээр оролцож, дата боловсруулалт хийгээд, өрөмдлөгө явуулж, түүнээсээ үр дүн харж сууна гэдэг тухайн үед дөнгөж төгссөн шинэ боловсон хүчний хувьд маш том дэвшил, үр дүнгээ өгсөн олзуурхууштай хэрэг болсон.
Үргэлжлүүлээд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд оролцох завшаан тохиолдоод, үүнийгээ Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж танилцуулж байсан. Тэгээд судалгааныхаа хүрээнд бусад улсын адил үйлдвэрүүдтэй танилцаж чамгүй туршлага хуримтлуулж байлаа. Яг тэр үеэр надад мэргэжлийн амбиц төрж эхэлсэн.
Би энэ салбарт дээд тал нь 40 жил ажиллалаа гэж бодоход, энэ хугацаанд Монгол орондоо болоод би өөртөө юу хийчихсэн байх хэрэгтэй вэ, энэ мэргэжлээр би аль хүртэл явж чадах вэ гэсэн мэргэжлийн амбиц төрж эхэлдэг юм билээ.
Тиймээс цаашлаад дахиад ч сурах хэрэгтэй юм байна гэж бодож, би илүү их зүйл сурч мэдвэл миний хийж чадах зүйлийн потенциал дагаад өснө. Магадгүй энэ ч утгаар гадагшаа явах судалгааны хөтөлбөр, тэтгэлгийг илүү хөөцөлдөж олж авсан байх.
1990-ээд оныг бодвол одоо үед эл салбарын дотоодын нарийн мэргэжилтнүүд цөөнгүй болсон биз?
Тэгэлгүй яах вэ. Манай залуучууд олноор сонирхож суралцах болсон. Энэ хэрээр ч мэргэжлээ улам бататгаж дээшлүүлэхийн тулд гадны оронд суралцаж байгаа залуус ч их байна. Гэхдээ дотоодын нарийн мэргэжилтнүүд олон болж буй ч бас нэг дутагдалтай тал ажиглагдах болсон. Энэ нь манайд нарийн мэргэжлийн зах зээл бараг байхгүй буюу маш жижиг.
Гадны оронд нэг чиглэлээр суралцаад, нарийн мэргэжил эзэмшээд, эх орондоо ирж ажиллах гэхээр тэр зах зээл нь манайд байдаггүй. Хэдийгээр Монгол оронд газрын тосны хайгуул, олборлолт хийгдээд байгаа юм шиг боловч яг нарийн мэргэжлийн түвшинд манайд зах зээл нь байхгүй, түүгээр суралцсан залуусыг ажлын байраар хангах боломжгүй болж байгаа хандлага ажиглагдаж байна.
Ингэхэд та хэр амбицтай хүн бэ?
Амбиц гэдэг үгний утгыг манайд буруугаар хэрэглээд байх шиг санагддаг. Эрх мэдэлд дурласан, албан тушаалд тэмүүлсэн гэж ойлгоод байгаа боловч угтаа бол ямар нэгэн зүйлийг хийж бүтээх хүчтэй хүсэл эрмэлзэл гэсэн утгатай. Маш сайхан үг байгаа биз дээ. Тиймээс сайхан утгаар нь бодоод үзвэл би маш том амбицтай хүн.
Интеллект гэж ямар хүнийг хэлэх вэ. Хүн ер нь хэзээ интеллект болдог вэ?
Их хүнд асуулт байна. Миний бодлоор өөрийгөө тодорхой хэмжээнд таньсан хүнийг интеллект гэх болов уу. Өөрийгөө таньсан хүн бусдыг таньж, ойлгож эхлэх байх л даа. Харин өөрийгөө таних үйл явцыг Германы философич Давид Прехт “Би хэн бэ, Тийм гэвэл хэдэн би вэ” гэдэг номондоо өөрийнхөө оюуныг өөрийнхөө оюунаар таних аялал нь элсэн цөлийг мотоциклоор туулахтай адил гэсэн байдаг. Түүнийхээр бол хүн хэзээ ч бүрэн интеллект болж чадахгүй гэсэн мэт боловч тус номын төгсгөл хэсэгт “Амьдралын утга учрыг оллоо. Энэ бол үнэндээ тийм ч онц гойд зүйл биш юм байна. Хүмүүст эелдэг хандахыг хичээ, тостой хоолноос зайлсхий, хааяадаа сайхан ном уншиж бай, зочин гийчин хүлээн авч бай, бүх л үндэстнүүдтэй эвсэг амьдрахыг хичээ” гэж элэглэсэн маягтай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүн заавал бүх юмны учир шалтгааныг ойлгоно гэхгүйгээр эерэг хандлагатай байвал болоо юм биш үү гэсэн санааг илэрхийлдэг.
Залуу боловсон хүчний хувьд та Монгол орныхоо өнөөгийн байдлыг юу гэж дүгнэдэг вэ. Залуу хүний нүдээр харахад Монгол Улс хөгжиж байна уу?
Хөгжил гэдэг өөрөө маш том ойлголт. Хэрвээ хялбар ойлголт байсан бол өдийд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл ойлголт гарчих байсан биз. Хөгжих боломжтой орон гэж тэгш боломжоор хангагдсан иргэдтэй улсыг хэлэх болов уу гэж боддог. Нэгэнт тэгш боломжоор хангагдсан иргэдтэй улс цаашлаад хөгжих явц нь шулуун дардан, нээлттэй болоод ирнэ.
Манай орныг өдгөө хоёр том нам зонхилон удирдаж байна. Өнгөрсөн зуны сонгуулийг ажиглаж байхад сонгуульд оролцож байгаа ихэнх иргэд маань саналаа хоёр намд хуваагаад өгчихөж байна. Гэтэл нөгөө хоёр нам маань улс төрийн намын шаардлагыг хангахуйц улс төрийн институц мөн үү гэвэл бас учир дутагдалтай.
Гол ялгарч байгаа зүйл нь нэг үгээр хэлэхэд өнгөөрөө л ялгарч байна шүү дээ /улаан, цэнхэр/. Миний бодлоор болдог бол олон нийтийн сонгуульд дэвшигч нараас нам харгалзалгүй арай илүү боловсрол, мэдлэгтэйг нь сонгоод байвал яваандаа олон нийтийн удирдлагын олонлогийн ерөнхий чанар дээшлэх болов уу гэж хардаг. Мөн үүнийг дагаад намуудын дотоод шинэчлэл ч оновчтой явагдах болов уу.
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Хүний тархи, сэтгэл судлалын талаар сонирхолтой ном, сэтгүүл унших дуртай. Одоогоор Daniel Kahneman “Thinking, Fast and Slow” номыг уншиж байна. Залуустаа ч бас энэ номыг уншаарай гэж зөвлөх байна. Энэ номон дээр хүний оюун ухааны талаар маш ойлгомжтой дурьдсан байдаг, их сонирхолтой ном. Ер нь гоё орчин бүрдвэл хэдэн ч цагаар хамаагүй ном уншаад суучихдаг. Мөн гадаа цаг агаар тааламжтай үед ууланд алхах дуртай. Бас завиар аялах клубын гишүүн болохоор хааяа аялаад алга болчихдог /инээв/. Ер нь мэргэжилтэйгээ холбоод ярихад ч тэр би байгальд илүү хайртай, аялах хоббитой нөхөр дөө.
Номын орчуулга хийж байсан гэсэн. Энэ хоббины хүрээний ажил уу?
Ер нь хүн нэг зүйл л хийгээд байвал хайрцаглагдах гээд байх шиг санагддаг.
Хийж үзмээр зүйл маш их байдаг. 2015 онд Германы философич Эрих Фроммын “Хайрлах урлаг” гэдэг номын орчуулгын багт орж ажилласан. Энэ номын орчуулгын багт орж ажиллах завшаан олдсонд маш их баярласан. Миний хувьд тус бүтээлийн барууны орнуудын хайрын завхрал, үнэгүйдэл гэдэг хэсэг дээр нь ажилласан юм. Мэргэжлийн салбараас маань тэс өөр салбарт олон мундаг залуустай хамтарч ажиллаж, тэднээсээ ч их зүйл сурсан даа. Тухайн номны талаар бага зэрэг тайлбарлахад, нэрнээсээ буюу “Хайрлах урлаг” гэхээр хүмүүс хайрын зөвлөгөө юм болов уу гэж ойлгодог. Гэхдээ энэ ном маань яг ч тийм утга агуулгатай биш. Энэ бол философийн ном. Эрих Фромм өөрөө философич, социологич хүн учраас хайр гэсэн сэдэвт судалгааны үүднээс авч үзсэн байдаг. Мөн одоогийн нийгэм хүмүүс хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлж, хөгжил дэвшил гэж нэрлээд байгаа энэ цаг үед бид юугаа алдаж байгааг түлхүү авч үзсэн ном. 1950-аад онд хэвлэгдэж, хэвлэгдсэн цагаасаа хойш 17 орны хэл дээр орчуулагдаж, бест селлэр болсоор ирсэн ном доо.
Ярилцсанд баярлалаа.