Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн

Б.Болор-Эрдэнэ
2017-06-15 10:45

Монгол улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний сэдвийг хөндөн манай баг 10 дахь дугаараа бэлтгэлээ. Нэвтрүүлгийн зочдоор намуудын мэтгэлцээн зохион байгуулах ажлын хэсгийн дарга нар болох АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, МАН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нарыг урьсан боловч харамсалтай нь Ардчилсан намын төлөөлөл тодорхой шалтгааны улмаас оролцож амжсангүй.

 

В.ГАНЗОРИГ: Магнай дарга та гурав сүүлийн хэд хоног яагаад сошиал медиагаар муур, хулгана болж тоглов? Ямартаа ч байсан гурвуулаа уулзсан байх шиг байсан. Уулзаад нэр дэвшигчдийн мэтгэлцээнээ хамтдаа хийх тохиролцоонд хүрч чадсан уу?

 

Б.ТУЛГА: Намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзалдаад бид гурвыг мэтгэлцээн зохион байгуулах ажлын хэсгийн даргаар томилсон. Цагийн хувьд жаахан буруу ойлголцоод цаг зөрсөн тохиолдол гарсан. Сонгуулийн ажил ид байгаа завгүй үед бүгд цагаа зохицуулж уулзах нь амар байгаагүй ч бид уулзалдсан. Уулзалтаар мэтгэлцээн хийх нь зөв юм аа, олон нийтэд ийм хүлээлт аль хэдийн бий болсныг ярилцсан. Энэ сонгууль бол реклам хийдэг видео студиудын, урлагийн хүмүүсийн уралдаан, өрсөлдөөн биш. Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд мэтгэлцээн зайлшгүй байх ёстой. МАХН-ын хувьд ерөнхийлөгчийн ажлын цар хүрээ, хариуцлагыг нь харгалзан таван удаа мэтгэлцээн хийх саналыг тавьсан ч гурван удаа хийх нь цаг хугацааны хувьд илүү зохимжтой юм байна гэж санал нэгдсэн. АН-ын хувьд хөдөө, орон нутгаар их явах тул гурав биш нэг л удаа мэтгэлцээн хийе, хийхдээ зөвхөн Монгол HD телевиз дээр хийх саналаа хэлсэн. Бид хоёр хэвлэлийн бага хурал хийж энэ саналаа эргэж харахыг АН-д уриалсан.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Сонгуулийн сурталчилгааны хугацаа асар бага. Нэр дэвшигчид бүх аймаг, сум, хороогоор явах ёстой ба нэг газраа ороод хэлэх юмаа хэлээд л гарахаас өөр аргагүй байна. Үүнээсээ болоод сонгогчид нь асуулт асуух ч эрхгүй болчихоод байна. Энэ бол 2,1 сая сонгогчийн эрхийг хөндөж байгаа асуудал юм. Монгол улсын төрийн тэргүүн бол эв нэгдлийг илэрхийлэгч, үндэсний зэвсэгт хүчний ерөнхий командлагч, үндэсний аюулгүй байдлын дарга юм. Энэ том албан тушаалтны сонгууль бидний зөвхөн ирэх дөрвөн жил бус арав, арван таван жилийн ажил, амьдралд шууд нөлөөлнө. Иймээс мэтгэлцээн хийх ёстой гэдгийг хэвлэлийнхэн, ард иргэд бүгдээрээ тал талаасаа нийлж шахах ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлаар нэр дэвшигчид ямар байр суурьтай байгааг бид яриулж, мэдэхээс өөр аргагүй. Тэрнээс биш хэдхэн хормын сурталчилгаа, мессежээр сонголтоо хийж болохгүй. Энэ бол дэндүү хариуцлагагүй явдал болно.   

 

В.ГАНЗОРИГ: Монголд мэтгэлцээний соёл нь бүрэлдэж амжсан уу? Улс төрийн мэтгэлцээний арга аргачлал, дүрэм, зарчмыг улс төрийн намууд гаргах уу, эсвэл олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь түлхүү гардаж удирдах ёстой байдаг юм уу?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Одоогоор мэтгэлцээнээ төлөвлөж болохгүй байна. Гурван нэр дэвшигчээс нэг нь хариу өгөхгүй, удаад цаг алдаад байна. Өнөөдөр Монголын телевизүүдийн холбооноос бидэнд бичиг ирүүлсэн. Арав гаруй ТВ-р мэтгэлцээнийг дамжуулъя гээд. Үүнийг бол бид дэмжиж байгаа.  

 

В.ГАНЗОРИГ: Наад санал чинь тэгвэл намуудын аль нэг нь энэ ТВ-р орно, тэрүүгээр бол орохгүй гэдэг маргааныг тасалж байгаа юм биш үү?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тийм. Гэхдээ би нөгөө л асуултаа асуусан. Та нарын зохион байгуулах энэ мэтгэлцээнд АН орох юм уу гээд. Тэд орно гэж хэлсэн. Нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээнд нэг намын төлөөлөл нь оролцохгүй бол амаргүй байх болно. Хуулийн хүрээнд нэг нэр дэвшигчгүй мэтгэлцээнийг хийж болох л байх. Гэхдээ ач холбогдлын хувьд утгагүй, ойлгомжгүй байдал үүсэнэ.

 

Б.ТУЛГА: Нэг сарын өмнөөс мэтгэлцээн хийх тухай бид ярьж эхэлсэн. Ийм учраас мэтгэлцээнд ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн бэлтгэгдсэн байгаа. Мэтгэлцээн зохион байгуулах нь зөвхөн гурван намын асуудал биш. Энэ бол Монголын 3 сая иргэн, 2,1 сая сонгогчдын мэдэх эрх, сонгох эрхийн асуудал. Иймээс аль нэг нам, аль нэг ТВ гэхээсээ телевизүүд өөрсдөө нийлээд ийм санал гаргаад зохион байгуулах гэж байгааг би маш зөв гэж харж байгаа. Сурталчилгааны хугацаанд бид нэр дэвшигчээ дагуулаад сум болгонд, хороо болгонд очиж амжихгүй ний нуугүй хэлэхэд. Тэгэхээр ямар нэг урлагийн засваргүй, үнэтэй видео студийн рекламгүйгээр нүүр нүүрээ харж иргэдийн асуултанд хариулах ёстой. Өргөн уудам нутагт тархай бутархай суурьшсан манай орны хувьд мэтгэлцээн нь иргэдийн хувьд сонголтоо хийх хамгийн зөв арга юм.

 

В.ГАНЗОРИГ: Олон ТВ-үүдээр зэрэг дамжуулах телевизүүдийн холбооны саналаар намуудын телевиз сонголт дээр маргалдаад байсан асуудлыг шийдэж болж байна. Харин хөтлөгч дээр та бүхэн ямар бодолтой байна вэ? Ikon.mn сайтын санал асуулгад тэргүүлсэн Энхбат, Жаргалсайхан, Лхагва гуравтай танай намууд ажиллахад бэлэн үү?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Манай намын хувьд мэтгэлцээнээ хийх нь л хамгийн чухал байгаа. Хөтлөгчдийн хувьд мэдээж аль нэг нэр дэвшигчийн талд илт орвол өөрөө эвгүй байдалд орохоор нэр хүндтэй, олонд танигдсан хүмүүс байвал зүгээр. Таны хэлсэн гурван эрхэм бол бүгдээрээ л боломжийн хүмүүс байна. Намууд өөрсдөө хөтлөгчөө сонгох ёсгүй. Тэгвэл нөгөө хараат бус хэвлэл, шударга мэтгэлцээн гэдэг асуудал байхгүй болно.

 

Б.ТУЛГА: Бид Монголын телевизүүдийн холбоо гээд энэ төрийн бус байгууллагадаа итгэе л дээ. Мэргэжлийн байгууллагуудад итгэх ёстой. Мөн сонгогчиддоо итгэнэ. Мэтгэлцээнийг хөтлөх хүмүүсийн ёсзүйд итгэж байна. Харин хөтлөгчид тавигдах шаардлага байх ёстой. Тэр нь туршлагатай, ярьж байгаа сэдвээрээ мэдээлэлтэй, хэт нэг талыг барьдаггүй гэх мэт.

 

В.ГАНЗОРИГ: Мэтгэлцээн их олон төрөл байдаг юм байна. Улс төрийн мэтгэлцээний хувьд эхлээд сэдвүүдээ сонгоод, энэхүү сэдвийг няцаах эсвэл батлах нэр дэвшигчдээ тохироод, энэхүү байр сууриа нэр дэвшигчид маань баримт нотолгоо, итгэл үнэмшлээрээ хамгаалаад, нэр дэвшигчдэд энэхүү сэдвийн судалгаа, байр сууриа хамгаалах бэлтгэл хийх хангалттай цаг өгөөд, цаг барилт, мэтгэлцээний дүрмээ тохирох дэс дараалал байдаг бололтой. Энэ бүх бэлтгэлийг танай нэр дэвшигчид хангаж амжсан уу?

 

Б.ТУЛГА: Бидэнд сонгуулийн сурталчилгааны арван наймхан хоногийн хугацаа байгаа тул амжуулах л ёстой. Өөр сонголт байхгүй.

 

В.ГАНЗОРИГ: Бид гадаадын улсуудын мэтгэлцээнийг шагшран магтдаг атлаа өөрсдийн хийж байгаагаа байнга шахуу шүүмжилдэг. Хөтлөгч нь муу байна, шалгалтанд орж байгаа хүүхэд шиг хариулж байна гэх мэт. Энэхүү шүүмжлэлүүдийг бид хэрхэн багасгах вэ? Үүний тулд хэн, юу хийх ёстой вэ?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Намууд бол нэр дэвшигчдээ л бэлдэнэ шүү дээ. Мэргэжлийн байгууллагууд нь мэтгэлцээнээ удирдах ёстой. Мэтгэлцээнд би маш их ач холбогдол өгч байгаа болохоор таны нэвтрүүлэгт оролцож байна. Сонгогчид байнга ярьдаг. Мөнгөний улс төр боллоо, УИХ-д орсон атлаа хуулиа уншдаггүй гишүүд байна, ажилдаа ирэхгүй байна, халдашгүй байдлын эрхийг авахын тулд гишүүн болж байна, бизнес ба улс төр хэт холилдоод байна, сайн засаглал байхгүй боллоо гэх мэт. Ард иргэд эдгээр асуултыг л хамгийн түрүүнд нэр дэвшигчдээс асуухыг хүсэх байх. Үүнийг мэтгэлцээнээр л шийдэх боломжтой. Улс төрийн намуудын нэр дэвшигчид нь хамтдаа мэтгэлцээнээ хийж чаддаггүй ийм практик дэлхий дээр байхгүй. Би лав сонсож байгаагүй. Мэтгэлцэх нь зүйтэй гээд байхад сонгогчдын мэдэх эрхийг хүндэлдэггүй, улс төрийн соёлгүй улс манайхаас өөр дэлхийд байхгүй байх.

 

Б.ТУЛГА: Мэтгэлцээндээ бэлдэх гэсээр байтал сонгуулийн хугацаа дуусах гээд байна л даа. Улс төрд шинэ соёл бий болгоё, нийт сонгогчдын сонгох эрхийг нь хүндэтгэе гэвэл хүссэн хүсээгүй мэтгэлцээн хийх ёстой. Жижиг сажиг алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнийгээ хамтдаа засаад л цаашдаа жишиг болгоод явах ёстой. Одоо цаг тулсан гэж гомдоллох утгагүй. Намууд энэ асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Долоо хоногийн өмнөөс уулзалдаж эхэлсэн шүү дээ.

 

В.ГАНЗОРИГ: Датакомын Энхбат гуай хэд хоногийн өмнө жиргэсэн байсан. Монголд мэтгэлцээн болдоггүй. Учир нь бүх асуулт, хариултууд урьдчилан бэлтгэгдэж тохиролцсон байдаг гээд. Бидний улс төрийн соёлын энэхүү шилжилтийн үе хэзээ дуусах бол?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шилжилтийн үеийг дуусгамаар л байна шүү дээ. Улс төр ба эдийн засгийн шилжилтийг бидэнтэй цуг эхэлсэн улсууд бүгд л урагшаа даллаад сэлж байна. Бид л ганцаараа буруу тийшээ нохой самардаж сэлсэн улс үлдлээ. Үүний жишээ нь бид мэтгэлцээнээ ч хийж чадахгүй байна. Мэтгэлцэж чадахгүй байсан юм бол яах гэж ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм бэ? Нийт сонгогчиддоо хүндэтгэлтэй хандаж, улс төрийн хариуцлагатай хандаач ээ гэж уриалмаар байна.

 

Б.ТУЛГА: Монгол улсыг гадаадад төлөөлөх гол хүнээ бид сонгох гэж байна. Гадаадын олон улсуудын тэргүүнүүдтэй энэ хүн ажлаа аваад Монголынхоо төлөө мэтгэлцэх болно. Иймээс миний дээр дурдсан сэдвүүдээр цуврал мэтгэлцээнийг нэр дэвшигчид зайлшгүй хийх ёстой.

 

В.ГАНЗОРИГ: Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн нуруу нь тухайн нэр дэвшүүлж буй намууд дээрээ боловсруулагдаж байгаа байх. Хэн нь ч ерөнхийлөгч болсон бай намаасаа түтгэлзэх ёстой. Гэтэл намын мөрийн хөтөлбөртөө уягдаж хүлэгдээд, “жинхнээсээ” түтгэлзээд ажлаа чөлөөтэй хийж чаддаг болов уу?

 

Б.ТУЛГА: Энэ бол 1992 оны үндсэн хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа бидний дагаж мөрдөх ёстой дүрэм. Нөгөө талаасаа энэ бол улстөрчдийн ёсзүйн асуудал юм. Үнэхээр ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нам бус байж чадах л хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрийн хувьд хуулиараа намууд ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлдэг. Тэрнээс биш компаниуд, өрх гэрүүд биш. Иймээс тухайн сонгогдсон хүний ёсзүй асуудал маш чухал. Ёсзүйтэй байхад одоогийн хууль дүрмээрээ явахад болохгүй асуудал бараг байхгүй. Гэхдээ харамсалтай нь ингэж чадахгүй байгаа гэдгийг бид мэднэ.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Мэтгэлцээний сэдвээсээ бид халиад явлаа. Ерөнхийлөгчийн институци, эрх мэдлийн салангид байх зарчим гээд яривал дахин ийм ярилцлагын том нэвтрүүлэг болно. Та түрүүн байхгүй байгаа АН руу дайраад байх шиг байна гээд дуугарч байна. Тийм биш юм. Энэ бол аль нэг нам, өнөөдөр ирээгүй Магнай даргын асуудал ердөө биш. Мэтгэлцээн хийхгүй бол хийхгүй гэдгээ л хэлчих хэрэгтэй. Мэтгэлцэхгүй болохоор АН муухай харагдана, гэхдээ мэтгэлцэж болохгүй шүү гээд АН-ын удирдлага Магнай даргад үүрэг өгсөн гэж би таагаад байна.

 

В.ГАНЗОРИГ: Тав дахь ерөнхийлөгчөө бид сонгох гэж байна. Өмнөх дөрвөн удаагийн сонгууль дээр мөн л хэд хэдэн удаа мэтгэлцээн явсан. Эдгээр мэтгэлцээн сонгогчдын саналд нөлөөлөх хэмжээнд болж чадсан гэж та бүхэн боддог уу?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нэг том ялгаа байгаа. Хуучин сурталчилгааны хугацаа 45 хоног байсан. Энэ хугацаанд нэр дэвшигч сонгогчидтойгоо хангалттай уулзаж чаддаг байсан. Одоо арав гаруйхан хоногийн дараа сонгууль дууслаа. Бид агуулгаа сайн ойлгохгүй нэг л назгай, мааз сонгууль хийгээд байна гэж харж, бас санаа зовоод байгаа юм.

 

Б.ТУЛГА: Францын элчин сайдтай бид сонгуулийн сурталчилгааны нилээд өмнө уулзаж мэдээлэл солилцсон юм. Тэгэхэд бид сая шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж бүтэн нэг жил бужигналаа. Төрийн тэргүүн хүнээ таньж мэдэхийн тулд олон нийт, хэвлэлийн маш их ажилласан. Танайд энэ жил ер нь ерөнхийлөгчийн сонгууль болох юм уу гэж асууж байсан. Тэгэхээр бид назгай тайвандаа биш юм. Энэхүү хуулийг баталсан нөхдүүд шинэ хүн гаргахгүйн тулд, өрсөлдөгчөө олон нийтэд таниулах хугацаа өгөхгүйн тулд албаар энэ хуулийг баталж сонгуулийн сурталчилгааны хугацааг ингэж багасгасан. Хууль баталдаг хүмүүс маань өөрсөддөө зориулж хууль баталдаг гэдгийн жишээ.

 

В.ГАНЗОРИГ: Сурталгааны дөч гаруй хоногийг хэзээ, аль нам, их хурал ингэж өөрчилсөн юм бэ?

 

Б.ТУЛГА: Саяны сүүлийн УИХ шүү дээ.

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнгөрсөн парламентаар сонгуулийн багц хуулиудыг өөрчилсөн. Бусад улсуудын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэг жил үргэлжилдэг. АНУ-д бол бүр хоёр жил байдаг. Ихэнх улсад дор хаяж гурван сар байдаг. Мэдээж шууд том улсуудтай жишихэд хэцүү л дээ. Иймээс 18 хоногийн хугацаанд мэтгэлцээн зайлшгүй байх ёстой.

 

В.ГАНЗОРИГ: Маазарсан сонгууль болох гээд байна гэдгийн хувьд тодорхой хэмжээнд би бас санал нэг байна. Шалтгаан нь магадгүй сонгогчдын сонгуулийн боловсролын түвшин болон нэр дэвшигчдийн дэвшүүлж буй шийдэл нь уран сайхны, употи маягтай байгаад буйтай холбоотой байх уу?

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тийм учраас л мэтгэлцээн хэрэгтэй байгаа юм. Сонгогчдын боловсролын түвшин манайд ийм гэлтгүй дэлхий даяар яг адил. Бүгд юм уншихаа байсан, мэтгэлцээн үзэж байгаад л саналаа өгнө гэдэг болсон. Гэтэл бид одоо хүчтэй студийн видео шторк, фотошопдсон зурганд хууртаж саналаа өгөх гээд байна.

 

Б.ТУЛГА: Бид энэ сонгуулиар видео студи сонгох гээгүй шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар нэр дэвшигчид олимпийн аваргууд ч гэдэг юм уу, нэр алдартай хүмүүсийн ард нуугдчихаад өөрсдөө гарч ирэхгүй байна. Тиймээс мэтгэлцээн хийж байж эдгээр хүмүүсийн нүүрний багийг хуулж, жишээ нь Монгол улсын гадаад бодлого одоо ямар байна, яах ёстой юм, нөгөө нэр дэвшигчтэйгээ санал нийлэхгүй бол яагаад вэ гээд яриулах ёстой. Ялангуяа энэ гурван нэр дэвшигчид өмнө нь хэзээ ч ерөнхийлөгч байгаагүй учраас шал өөр суурьтай, өнцөгтэй, мэдээлэлтэй байгаа. Иймээс ерөнхийлөгч болбол ямар бодлого, байр суурь баримтлах вэ гэдгийг бид заавал сонсох ёстой. Ингэж мэтгэлцэж чадахгүй бол сонгох эрхээ эдэлж чадахгүй, морины уралдаан үзэж  байгаа мэт л болно. Гоё реклам үзээд сонголтоо хийж болно. Гэхдээ видео студи Монгол улсыг төлөөлөхгүй л дээ.

 

В.ГАНЗОРИГ: Маш их үнэтэй цагаа зарцуулан манай нэвтрүүлэгт ирсэн та хоёрт баярлалаа. Ирж чадаагүй Магнай даргын хувьд бид бүгд харамсаж байна. Удахгүй бүгд хоорондоо уулзалдаад мэтгэлцээнээ хийх шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.