Хөгжмийн багш Ричард Азнар: Монгол хүүхдүүд дэндүү их авьяастай

Bolor Rose
2017-08-31 08:38

Испанид олон улсын хөгжмийн наадам, төгөлдөр хуурын олон улсын уралдаан, мастер класс сургалтыг уйгагүй зохион байгуулж, монгол хөгжимчин залуусынхаа мэргэжлийн ур чадварт үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй танилцахад нь тусалж, хөгжмийг олон нийтэд түгээхэд өөрийн амьдралаа зориулсан эрхэм хүндтэй хүн бол Ричард Азнар. Ричард Азнарыг Монголын бахархал болсон, олон улсын гоцлол төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн гэр бүлийн хүн гэдгээр нь урлагийн хүрээнийхэн сайн мэддэг. Оросын сонгодог урлаг, хөгжмийн яруу тансаг боловсролыг эзэмшихээр Москвад сурч байхдаа тэд учирсан гэдэг.  

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг нэгэн ярилцлагадаа “Хүнд хань нөхөр гэдэг маш чухал. Учир нь, надад найз нөхөд бараг байдаггүй. Хүнтэй танилцаад, найзлаад байх зав олддоггүй юм. Өглөө босоод хөгжмийнхөө ард суугаад, олон цагаар давтдаг. Хэдэн хоногоор ч хамаагүй нөхрөө, хүүхдээ орхиод л тоглолтоор явдаг. Тийм учраас энэ амьдралыг дааж авч явах ханьтай байна гэдэг маш хэцүү. Тэр болгоныг ойлгож чаддаг болохоор миний хань сайн хүн” хэмээн нөхрийнхөө тухай ярьсан удаатай. Тэрбээр нөхөртэйгөө хамтран хөгжмийн сургууль байгуулсан бөгөөд хөгжингүй орнуудаас сурагчид ирж тэдний сургуульд сурдаг ажээ. Харин Монголоос хүүхэд сургах гэхээр Испаний элчин сайдын яамнаас гурван сарын хугацаатай л виз олгодог учраас богино хугацааны сургалтанд л хүүхдүүд сургаж байгаа гэнэ. Ингээд нэрт төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн нөхөр Ричард Азнартай сонгодог урлаг болоод монгол хүүхдүүдийн хөгжмийн боловсролын талаар ярилцсанаа толилуулж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчидтай эхнэртэйгээ танилцсан түүхээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Танд ч гэсэн энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Бид хоёр Москвад сурч байхдаа танилцсан. Саяа маань Москвад Чайковскийд сурдаг би Гнесны сургуульд сурч байсан үед л дээ. Монгол охидтой анх Москвад танилцсан. Монгол охид бусад ази охидоос нэлээн ялгаатай шүү. Саяатайгаа танилцаад маш хурдан дурласан. Тэр маань үнэхээр чадалтай сайн төгөлдөр хуурч, сайн багш. Монголд төдийгүй бусад оронд ч дээгүүрт орох төгөлдөр хуурч. Түүнийхээ хайрыг татаж эхнэрээ болгосондоо би өөрийгөө маш их азтайд тооцдог.

Та эхнэртэйгээ хамт яагаад төгөлдөр хуурчийн тэмцээн зохион байгуулж эхэлсэн бэ?

Бид сургуулиа төгссөнийхөө дараа Испани руу нүүж, төгөлдөр хуурын сургууль байгуулсан. Тухайн үед хүүхдүүдэд төгөлдөр хуур заадаг байсан. Шавь нараа аваад өөр уралдаан тэмцээнд очоод оролцохоор хүүхдүүд маань түрүүлчихдэг, маш олон шагнал авдаг байлаа. Саяа маань гайхамшигтай багш. Ганц Монголд ч биш, бусад оронд ч дээгүүрт ордог голцол төгөлдөр хуурч. Шавь нар маань дэлхийд нэр хүндтэй шагналууд хүртэж байхад бид яагаад өөрсдөө тэмцээнээ зохиож болохгүй гэж бодоод би мужийнхаа засгийн газраас дэмжлэг хүссэн. Ингээд бидэнд туслахаар болсон юм даа. Хамгийн түрүүнд Монгол хүүхдүүдийг багштай нь урьсан. Бид 1999 онд Уэска хотод анхны тэмцээнээ зохион байгуулж байсан бол одоо удахгүй 20 жилийн ой маань болох гэж байна. Дараа нь тэмцээнээс тэмцээний хооронд бас өөр зүйл хийх хэрэгтэй юм байна гэж бодоод фестиваль, хөгжмийн наадам зохиож эхэлсэн. Анх 2010 онд фестивалаа хийж эхэлсэн. Мөн удахгүй 10 жилийн ой маань болох гэж байна. Ганц төгөлдөр хуурчаар зогсохгүй, өөр хөгжимчдийг урьдаг. Бидний урьж Испанид авчирсан Монгол морин хийлч залуу одоо Европт ажиллаж, амьдарч байна. Бид хүүхдүүдийг нь гэртээ байлгаж, Саяа маань хичээлийг нь зааж давтуулдаг. Тун удалгүй фестивалиа эртний цайзад зохион байгуулдаг болсон. Байгалийн үзэсгэлэнт газар, эртний цайзад хөгжмийн фестиваль болно гэдэг ямар гайхамшигтай гэж санана. Төгөлдөр хуурч, хөгжимчдийн хувьд 5-6 өдөр хамтдаа сургуулилт хийгээд, сүүлийн 2-3 хоногт нь тоглолтоо үзүүлдэг уламжлалтай.

Оросын сонгодог урлаг, хөгжмийн яруу тансаг боловсролыг эзэмшихээр Москвад сурч байхдаа тэд учирсан

Танай фестивалийг олон хүн ирж үздэг үү? 

Газар газраас маш олон хүн ирдэг. Испанийн өнцөг булан бүрээс л ирнэ дээ. Өнгөрсөн жил бүр Австралиас нэг хос ирсэн. Зөвхөн бидний наадмыг үзэх гэж ирсэн гээд боддоо. Хамгийн чухал нь бид мундаг багш, профессоруудыг залуу хөгжимчидтэй танилцуулж, ажлын санал тавих зэрэг уран бүтээлчдийнхээ карерьт нь чухал нөлөө үзүүлэхийг зорилгоо болгодог. Мөн Монголоос ирж фестивалд  оролцож байгаа хүүхдүүд сэтгэл өндөр байгааг харахаар Саяа бид хоёрт үнэхээр сайхан санагддаг. Би хүүхдүүдийн тэр их баяр баясгаланг үгээр дүрсэлж хэлж чадахгүй байна. Хүүхдүүдийн нүдийг нээж, жинхэнэ хөгжимчин болох хүсэл тэмүүллийг нь бадрааж өгдөгтөө баяртай байдаг.

Монгол дахь урлагийн салбарын талаар үзэл бодлоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

Анх Монголын тухай юу ч мэддэггүй байлаа. Зөвлөлт засгийн нөлөөгөөр Монголд сонгодог урлаг ийм сайн хөгжсөн гэдгийг мэдээгүй байсан. Гэхдээ Оросууд явснаас хойш Монголын сонгодог урлаг болон соёлын салбарыг чухалчилж авч үзэлгүй орхисон. Одоо бидэнд хөгжмийн концерт тавья гэхэд зориулалтын танхим алга, театр байгаа ч гэсэн концертод тохиромжгүй. Танхим маш чухал л даа. Гаднаас сайн жүжигчид урьж сайхан тоглолт хийе гэхээр өсгөгч залгах ёстой болдог. Корпорейт зочид буудал том танхим байгуулсан ч бас л микрофон ашиглах ёстой. Хөгжмийн концертод өсгөгч, микрофон ашиглах ёсгүй. Тэгвэл амьд хөгжим сонсохын хэрэг юу байна. Youtube-ээр сонсож болно шүү дээ.

Манай тэмцээнд Монгол хүүхдүүд олноороо ирж оролцдог. Монголд багш нар дэндүү муу цалинтай учраас ажлаа гэсэн чин сэтгэл нь унтарсан юм шиг санагдсан. Монголын төр, Засгийн газар энэ салбарын тухай, тэр хүмүүст ажиллах урам зориг өгөх тухай бодох хэрэгтэй. Сүүлийн үед Оросод сонгодог урлагийн багш нарын цалин мэдэгдэхүйц сайжирсан. Магадгүй Монголын шинэ ерөнхийлөгч энэ асуудлыг шийдэхэд тусалж чадах ч юм билүү.

Та Монгол хүүхдүүдийг бусад орны хүүхдүүдээс юугаараа онцлог гэж боддог вэ?

Монгол хүүхдүүдэд хангалттай авьяас чадвар байна гэж би хардаг. Монголчууд цөөхөн гэхдээ авьяастай. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд үнэхээр их хичээдэг, хамгийн сайн багшид шавь оруулахыг зорьдог юм шиг санагддаг. Испанид бол хүүхдүүд байгаа зүйлээ нэг их тоодоггүй. Монголд хүүхдүүд байгаа зүйлээ үнэлж, хичээж сурч, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чаддаг. Монгол хүүхдүүд дэндүү авьяастай.

Хөвсгөл далайн эрэгт хөгжмийн фестиваль зохиох мөрөөдөл бий

Та Монголд ийм фестиваль зохион байгуулъя гэж боддог уу?

Мэдээж энэ тухай их боддог. Гэхдээ хэцүү. Монголд Хөвсгөл далайн эрэгт хөгжмийн фестиваль зохиох юмсан гэж их хүсдэг. Дэд бүтцээ бодохоор хотод хийх нь дээр санагддаг л даа. Бидэнд дэмжлэг олдвол Монголд фестиваль зохиох хүсэл маш их байна. Европоос юм уу, холоос ирж байгаа зарим хүмүүсийн замын зардлыг нь гаргах ёстой гээд шийдэх зүйл их бий л дээ. Бид энэ тухай их боддог.

Испани Улсад хөгжимчдийг яаж дэмждэг вэ? 

Испани бол Итали, Францтай харьцуулахад доогуур орох ч тоглолт болоход танхим дүүрэн байдаг. Жижиг том гэлтгүй бараг бүх хотод театр бий. Мадрид, Барселон шиг том хотод бол өдөр бүр тоглолттой. Жижиг хотуудад долоо хоногт нэгээс хоёр тоглолт болдог бол зул сар дөхөөд ирэхээр тэрнээс ч олон тоглолт зохиогддог. Испаничууд хөл бөмбөг, спортод дуртайн адил урлагт ч гэсэн хайртай үндэстэн. Төрөөс урлагийг чухалчилж үздэг учир хөгжимчдөд гадаадад сурах тэтгэлэгийг ихээр олгодог. Мөн бидэн шиг хүмүүст янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ Испанид эдийн засгийн хямрал удаан үргэлжилсэн нь хөгжимчид, уран бүтээлчдийг хамгийн түрүүнд дайрсан гэж хэлж болно. Фестивалиуд, хөгжмийн наадмууд, тэмцээнүүд өмнөх шигээ зохиогдохоо больсон. Гэхдээ хямрал арилаад салбар маань эхнээсээ сэргэж эхэлсэн. Испанийн боловсролын тогтолцоонд бага ангийн хүүхдүүд хялбар хөгжмийн зэвсгээр хичээллэх хөтөлбөр ордог. Дунд ангид хөгжмийн түүх судална. Бетховен гэж хэн байсан бэ гэх мэтчилэн. Испанид Хөгжим бүжгийн коллеж шиг ийм тусгай сургууль байхгүй. Хүүхдүүд урлагаар хичээллэх бол хичээлээ тараад балет юмуу төгөлдөр хуурын хичээлдээ явдаг.

Монголын сонгодог урлагийн салбар өнөөдөр хүнд байдалд байгаа ч уран бүтээлчид дуу хоолойгоо илэрхийлж, төр засгийг шүүмжилдэггүй. Хөгжим өөрөө уран бүтээлчдийг ийм тэвчээртэй болгоод байна уу?

Би яагаад гэдгийг мэдэхгүй байна. Үнэхээр таны хэлдгээр шийдвэр гаргагчдыг шахаж, шаардахгүй бол тэд хөдлөхгүй шүү дээ. Монголын хөгжимчдийн төрөлх чанар ийм юм болов уу, мэдэхгүй юм даа. Коллежийн залуу багш нар нөхцөл байдлыг зүгээр л байгаагаар нь хүлээж авдаг, тэд тэмцэхгүй байна. Уг нь уран бүтээлээрээ дамжуулаад төр, засагт үгээ хэлдэг байх ёстой. Магадгүй Монголын ардчилал залуу байна. Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж дуусаагүй байгаа болов уу.

Өнөөдөр Монголд хөгжмийн салбарын боловсон хүчин бэлтгэх сайн сургууль байна. Эцэг эхчүүдэд ч хүүхдээ хөгжмийн боловсролтой болгох сонирхол их байна. Таны бодлоор Монголын сонгодог урлагийн хөгжилд ахиц дэвшил авчрахын тулд юу хийх ёстой вэ?

Монголд хүмүүс сонгодог урлагийг жинхэнэ утгаар нь хэрэглэж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол багаас нь хөгжмийн боловсролыг нь сайн өгдөггүйтэй холбоотой гэж үзэж байна. Испани хүүхдүүд урлагийн философийг багаасаа ойлгож сурдаг. Монголд өнөөдөр бүх юм байна. Шавхагдашгүй авьяастай хүүхдүүд, сайн багш нар ч байна. Миний бодлоор олон арван жилийн өмнө байгуулсан тэр системээ одоо шинэчлэж, сайжруулах хэрэгтэй. Саяа бид хоёр чадах бүхнээ хийж байна. Удахгүй Солонгос Улсад хүүхдүүдтэйгээ очиж тэмцээнд оролцоно, дараа нь Москвад гэх мэт. Тэр хүүхдүүдийг хөгжүүлэх нь уг нь төрийн ажил шүү дээ. Хөгжимчдийн цалинг нэмэх ёстой. Урлагийн салбарын төсвийг нэмэх хэрэгтэй. Өнөөдөр урлагийн салбарынхны нийгмийн олон асуудлыг шийдэж байж цаашид хөгжлийн талаар ярина гэж үзэж байна. Энэ бүх нөхцөл бололцоо бүрдэж байж сонгодог урлаг жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ. Урлагаар дамжуулан хүмүүс оюун санааны их амар амгалан, зүрх сэтгэлийн энэрэнгүй зөөлөн чанарыг олж авахаас гадна нийгэм эрүүл байх үндэс тавигддаг.

Ярилцсанд баярлалаа.