Syndicate Talk: Бодлого захиалъя
Монгол Улс албан ёсны Засгийн газаргүй бараг хагас сар болох гэж байна. Бидэнд ер нь улс орны хөгжлийн бодлого гэж байна уу, бодлогыг хэрхэн томъёолох ёстой юм, манай бодлого хэр тогтвортой байдаг юм, цаасан дээр буулгасан ажил яагаад хэрэгждэггүй юм, төр яагаад мерит зарчмаар ажиллаж чаддаггүй вэ зэрэг асуудлуудаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, эдийн засагч С.Дэмбэрэл, “Саян” корпорацийн ерөнхий захирал Д.Сайнбаяр, www.trends.mn сайтын ерөнхий эрхлэгч Б.Болор-Эрдэнэ нартай ярилцлаа.
В.ГАНЗОРИГ: Сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээнд “Бодлого захиалья” хаштаг трэнд болж байна. Үүнийг Болор-Эрдэнэ манлайлж санаачилж явж байх шиг байна. Чухам яагаад энэ сэдвийг хөндөж, трэнд үүсгэх болов оо. Ямар үр дүнд хүрнэ гэсэн зорилго ба хүлээлттэй байна вэ?
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Бодлогын захиалгыг бид энэ хэдхэн хоногт хийх гэж байгаа юм биш ээ. Ард түмний амьдрал өөрөө бодлогын захиалга байдаг.
Аливаа сэдвийг нийгэм хүлээж авах хугацаа гэж байх шиг байдаг. Бодлогын асуудлаар тинк танкууд, судалгааны институциуд ажилладаг. Манайх жишээ нь, сүүлийн гурван жил энэ асуудал дээр ажиллаж байна. Одоо нэгэнт засаг солигдож байгаа энэ цаг хугацаанд эдгээр ажлуудад нэгдсэн шошго зүүгээд, тал талаасаа хүчээ нийлүүлээд сонсох ёстой хүмүүст нь хүргэх цаг үеийн шаардлага гэж ойлгож болно. Төр бол уулын орой дээрээс том зургаа хараад бэлд нь болж байгаа амьдралыг удирдан, стратеги гарган, бодлогоор зохицуулах ёстой. Гэтэл манайд төр нь уулнаасаа бууж ирээд бэлд бид нартайгаа холилдоод зодолдоод гүйгээд байх юм. Уулын орой дээр хүн үлдсэн үү, хэн том зургаа харж чадаж байна вэ гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй байдалд бид хүрээд байна.
Уулын орой дээр хүн үлдсэн үү, хэн том зургаа харж чадаж байна вэ гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй байдалд бид хүрээд байна.
В.ГАНЗОРИГ: Нийгмийн зүгээс давалгаа үүсэх, энэхүү асуултыг шийдвэр гаргагчдад тавих бодитой нөхцөл байдал нь үүссэн гэж бодож байна уу?
Д.САЙНБАЯР: 1990-ээд онд манайх шинэ улс төрийн систем сонгосон. Улс төрийн сонгууль, өрсөлдөөн гэдэг бол тэр чигээрээ бодлогын өрсөлдөөн. Мөрийн хөтөлбөрийг нь уншаад хүнийг нь, намыг нь сонгож байгаа сонгогчид одоо ч гэсэн манайд ховор байгаа. Улс төрийн намууд бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх арга зам, стратегиараа өрсөлдддөг. Хүчирхэг үндэстнийг бий болгох, ДНБ-ээ өсгөх зэрэг зүйлээ ч ойлгож чадахгүй явсаар өдийг хүрлээ. Харин сүүлийн ганц, хоёр сонгуулийг харахаар сонгогчдын маань тодорхой хэсэг нь намуудын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг нь уншдаг, цензур тавьдаг болсон. Тиймээс одоо л манай намууд мөрийн хөтөлбөр чухал юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Хуучин мөрөөдлийн жагсаалт гаргадаг байсан. Засаг толгойгүй байгаа энэ үед Болор-Эрдэнэ зөв санаачилга эхлүүлж байна. Олон нийтийн сүлжээний том талбар бий болчихжээ. Твиттерт бүртгэлтэй 200 мянган хэрэглэгчийн 50 мянга нь идэвхтэй жиргэж байх шиг байна. Фэйсбүүкт 1.5 сая буюу хүн амын тал хувь нь идэвхтэй байна. Энэ дэд бүтэц дээр иргэний сэтгүүлзүй хөгжөөд эрх барьж байгаа нам, эвслээс бодлого нэхэж эхэлж байна. Дараа нь бодлогод нь, хэрэгжилтэнд нь хяналт хийж, дүн тавьж эхэлнэ шүү дээ. Үүнийг эхлүүлсэн Болор-Эрдэнэдээ болон дэмжиж буй сошиалын залуустаа баяр хүргэе. Энэ бол шинэ давалгаа.
Х.БУЛГАНТУЯА: Техник технологи их боломжийг нээж өгч байна. Арван жилийн өмнө иргэдээс санал сонсохдоо зар гаргаад соёлын төвд нь очиж уулздаг байсан. Харин өнөөдөр иймэрхүү хууль гаргавал яах вэ гэж асуухад нийгмийн хэсэг бүлгийн санаа бодлыг хялбархан авч чадаж байна. Гэхдээ сошиал орчин Монгол Улсын нийт массыг хамрахгүй нь ойлгомжтой. Магадгүй дийлэнх нь Улаанбаатар хотод байгаа залуучууд болов уу. Нэг үеэ бодоход намууд мөрийн хөтөлбөртөө маш их анхаардаг болсон.
Намын мөрийн хөтөлбөр нь тэр чигээрээ Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болж, жил бүрийн үндсэн чиглэл дээр сууж өгдөг. Манайд дутагдаж буй нэг зүйл нь мөрийн хөтөлбөрт анализ хийдэг бодлого судалгааны хүрээлэнгүүд юм. Өнөөдөр намуудын гаргасан мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар судалж шалгаад тодорхой хэмжээний дүгнэлтийг гаргадаг. Гэхдээ энэ нь миний бодлоор хангалттай биш. Жишээ нь, татвар нэмэхгүй гэж байгаа юм бол эдийн засгийн өсөлтөө хаанаас яаж гаргахаа тайлбарла гээд нэхэж шаардах ёстой. Дээр нь мөрийн хөтөлбөрөө олон нийтэд ойлгуулах тал дээрээ ч намууд сул. Нийгэм популист амлалтуудыг сайн хүлээж авдаг атлаа тооцоо судалгаатай саналуудыг нэг их тоодоггүй харамсалтай. Миний сурч байсан АНУ-ын их сургууль их улстөрждөг.
АНУ-д үргэлж л сонгууль явагдаж байдаг. Багш, оюутнууд мөрийн хөтөлбөрийг нь шүүрч аваад л, эдийн засгийнх нь тооцоо судалгааг хийж ажилладаг. Хоёр хуваагдаж, мэтгэлцээн өрнүүлдэг. Иймэрхүү маягаар бид ч гэсэн намуудын мөрийн хөтөлбөр дээр үнэлэлт дүгнэлт өгдөг байх нь их чухал. Улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Гэтэл намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад иргэдийн оролцоо хэр байна гэдэг нь чухал. Яг үнэнийг хэлэхэд дутмаг байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байхад би гар бие оролцож л байсан. Иргэдтэй уулзалт хийхэд ахмадууд л маш идэвхтэй ирдэг. Залуус бараг оролцдоггүй. Гэтэл хүн амын ихэнх нь залуус байгаад байдаг.
Иргэдтэй уулзалт хийхэд ахмадууд л маш идэвхтэй ирдэг. Залуус бараг оролцдоггүй. Гэтэл хүн амын ихэнх нь залуус байгаад байдаг.
Д.САЙНБАЯР: Намаа муулсан л гэх байх. Гэхдээ АН мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхдээ гишүүддээ хугацаа бараг өгөөгүй. Үндэсний аудитийн газарт өгөхөөсөө өмнөхөн л танилцуулаад, түүнийг нь уншиж судалж санал өгөх хугацаа бараг байгаагүй. МАН арай эрт бэлдэж эхэлсэн сураг байсан. Намууд мөрийн хөтөлбөр гаргахдаа нэг иймэрхүү л ханддаг нь харагдаж байна л даа.
Х.БУЛГАНТУЯА: МАН эрт эхэлсэн. Жил гаруйн өмнөөс салбар салбарын мэргэжилтнүүдийг оруулсан ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ л учир дутагдал харагддаг. Олон улсын байгууллагууд маш их судалгаа хийдэг. Тэд улстөржихгүй гэдэг шалтгаанаар хийсэн судалгаагаа танилцуулж, намуудтай хамтарч ажилладаггүй. Зарим нэг салбар улстөржих дургүй байдаг. Жишээлбэл, эрүүл мэнд болон боловсролын салбар байна. Эд бол уулзаж санал авахад амаргүй салбарынхан юм. Харин ахмадууд өөрсдийнхөө асуудлыг маш сайн ойлгуулж чаддаг. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй чаддаг. Өөрөөр хэлбэл зарим салбараас бодлогын захиалга, судалгаа авах механизм нь болохгүй байна гэж хараад байгаа. Үүнийг яаж боловсронгуй болгох вэ гэдгийг сайн ярилцах ёстой. Өнөөдрийн трэнд болоод байгаа сошиал бол маш том үзэгдлийн ил болж гарч ирж байгаа нэг хэсэг гэж бодож байна. Ялангуяа залуус дуу хоолойгоо нэгтгэж байгаад баяртай байна. Гэхдээ саналыг нь сошиалаар авах гээд байгаа залуус нийгмийн хэдэн хувийг төлөөлж чадахыг бид бас сайн тооцож бодолцох ёстой.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Энэ сэдвийг ярихаар төр биднээр бодлого заалгах гээд ч байгаа юм шиг, бид заах гээд ч байгаа мэт ойлгогдох вий. Бодлого тодорхойлдог яамдууд бий. Бид бодлогоо гаргаад удирдаач ээ, засаглаач ээ гээд сонгоод эрх мэдлийг нь өгөөд, татвараараа дамжуулаад төсөв захиран зарцуулах эрхийг нь өгсөн. Мөрийн хөтөлбөр гээд ярихаар мөрийн хөтөлбөрийг нь бид тэдний өмнөөс бичих гээд ч байгаа юм шиг. Эргээд процессыг нь харахаар мөрийн хөтөлбөртэй гэсэн атлаа байхгүй юм шиг л харагдаад байгаа юм. Намуудын мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харж байхад аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд биччихсэн байдаг. Энэ бол мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө, зорилт биш. Зүгээр л монгол хэлээр бичсэн өгүүлбэр. Тэгэхээр анхнаасаа энэ бодлого гэдэг зүйл хаана байгааг асуух гээд байна л даа. Дэмбэрэл ах бол их туршлагатай, өөрөө бодлогын асуудлыг дэвшүүлдэг хүн. Бодлого гаргаад явахаар нь юу нь болдоггүй юм, яагаад хэрэгждэггүй юм гэдэг дээр та өөрийн туршлага, бодлоо бидэнтэй хуваалцаач!
С.ДЭМБЭРЭЛ: Энэ бол маш чухал сэдэв. Хүмүүс яагаад бодлого захиалдаг юм бэ? Монгол Улс яагаад 400 гаруй бодлогын баримт бичигтэй атлаа бодлого захиалаад байгаа нь өөрөө их сонирхолтой
сэдэв. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа бид бодлого захиалах эрхтэй, бас үүрэгтэй
ч байх. Нөгөө талаас батлагдсан янз бүрийн мөрийн хөтөлбөр, бодлогууд нь нийгмийн захиалгыг биелүүлж чадахгүй байна. Учир нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх механизм нь явж өгдөггүй. Юу захиалж байгааг нь харахаар хүмүүс өөр өөр өнцгөөс, мэргэжлийн шинж чанартай олон саналыг өгч байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн эдгээр саналууд нь мөрийн хөтөлбөрт тусаагүй учраас тэр хүмүүс ярьж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн баталсан бодлого дотор энэ хүмүүсийн хэлээд байгаа бодлого нь байхгүй байна л гэсэн үг. Бүх салбарт! Тэгэхээр бодлогын мөн чанар, хамрах хүрээ нийтийн эрх ашигт нийцэж чадахгүй байна. Тийм учраас аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэх мэт тунхаглалын шинж чанартай үг гардаг.
Яагаад гэвэл Үндсэн хуулиараа бид бодлого захиалах эрхтэй, бас үүрэгтэй.
Бид бол хөгжиж байгаа үндэстэн. Хөгжилтэй орнуудын бодлого захиалгын процессийг нь харахаар өөр байдаг. Бодлого судалгааны хүрээлэнгүүд нь хүчтэй үүрэгтэй оролцдог, сонгуулийн процесс шударга, сонгогдсон улстөрч нь нэг худлаа ярьсныхаа төлөө огцордог гэх мэт энэ бүх процесс нь бодлогын чанарыг нь сайжруулсан байдаг. Би УИХ-ын гишүүн болчихоод 2012 онд нэг бодлого захиалсан юм. УИХ-ын Тамгын газрын судалгааны хэлтэст Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гаргалтын замын зургийг гаргаж өгөхийг хүссэн. Бид бодлого захиалж болно, маш гоё санаа гаргаж болно. Гэвч засаглалын механизм маань үүнийг хүлээж авдаггүй. Хүлээж авсан ч хэрэгжүүлдэггүй. Бидний захиалсан бодлого хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь том асуудал. “Жижиг үндэстэн боловсрол өндөртэй байх ёстой. Боловсролгүй байх тансаглалыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гээд жиргээ дээр гоё эшлэл явж байсан. Жижиг орнууд хүн ам цөөтэйгээс гадна нам нь төрийн дээр гарчихдаг асуудал байдаг. Тэгэхээр л төрийн албаны мерит зарчим утгаа алддаг. Энэ ч утгаараа төрд хэн ч ажиллаж болдог. Ёстой л нөгөө нутгийн, найз нөхдийн, намын томилгоо гээд явж өгнө. Тэгээд бидний захиалж байгаа бодлого маань энэ хүмүүсийн хэн нэгэн дээр л очно. Тэр хүн нь мэдээж ойлгох чадваргүй байдаг. Ойлголоо гэж бодоход засаглалын бодлого шийдвэр дотроо оруулаад, урт хугацаанд бодитой ажил болгон хийж чадах уу гэдэг нь чухал. Би бас засгийн газраас тендерийн замын зураг яаж явдгийг мэдье гэж захиалж байсан.
Х.БУЛГАНТУЯА: Тендер гээд яривал дахиад тусдаа нэвтрүүлэг болно шүү!
С.ДЭМБЭРЭЛ: Би дээр хэлсэн. Төрөл бүрийн салбарыг зохицуулсан 400 орчим төрийн бодлогын баримт бичгүүд байдаг юм. Хүн, цаг, хүчээ зарцуулаад батлуулсан эдгээр бодлогууд хэрэгждэггүй. Яагаад хэрэгжихгүй байна гэвэл манай засаглалын технологи нь болдоггүй.
Хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа бүтээмжийг үнэлж дээшлүүлдэг дээ. Төр яагаад чаддаггүй юм бэ? Засаглалынх нь технологи нь хуучирсан юм уу, орчин үеийн шинэ технологи нь байхгүй юм уу? Үүнийг бодлогын захиалга гэнэ. Орчин үеийн хэллэгээр PPP буюу төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэл, хоорондын хамтын ажиллагааны механизмыг бид энд санал болгож байна шүү дээ.
Төрөл бүрийн салбарыг зохицуулсан 400 орчим төрийн бодлогын баримт бичгүүд байдаг юм. Хүн, цаг, хүчээ зарцуулаад батлуулсан эдгээр бодлогууд хэрэгждэггүй. Яагаад хэрэгжихгүй байна гэвэл манай засаглалын технологи нь болдоггүй
Д.САЙНБАЯР: АН сая ялагдаад намаа шинэчилнэ гээд нэлээд үзлээ. Бидний дэвшүүлсэн шинэчлэлийн таван зарчмын нэг нь бодлого суурьтай нам болох асуудал байсан. Өнөөдөр засаг унах, унахгүй, ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн, зөрчөөгүй гэдэгт хүүхдийн мөнгөний асуудал гарч ирсэн. Манайхан сонгуульд оролцохдоо хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй гэх утгатай зүйлийг л бичиж ордог. Уг нь энэ бол улс үндэстний, хүн ам зүйн бодлого, нийгмийн халамжийн нэг хэрэгсэл байх ёстой шүү дээ. Хүн ам нь өсөх ёстой, олуулаа болох ёстой гэдэг ч юм уу. Гэтэл улс төрийн амлалт, сонгуулийн хахуулиар ард түмнээс саналыг нь авахын тулд л ашигладаг болсон.
Ийм болохоор Үндэсний бодлогын хороог шинээр байгуулья, үүнийг намын дүрэмдээ оруулъя гэж ярьж байсан юм. Салбар бүрийн 300 хүн цуглаж суугаад улс үндэстний 50, 100 жилийн алсын харааг хараад, урт, дунд, богино хугацааны бодлого дэвшүүлээд явах ёстой. Ингээд харахаар бага хурал шиг юм болно л доо. Эцсийн дүндээ гаднын тогтолцоог харахаар нам бодлого тодорхойлдог боловч судалгаа хийдэг байгууллага биш байдаг. Засаг ч гэсэн ялгаагүй. Гэхдээ судалгаа захиалагч тал юм. Судалгааны институцийн хөгжил, төлөвшил манайд хэцүү талдаа байгаа. Бараг хувь хүн болгон тинк танк байгуулдаг моод гарсан байна. Энэ зөв трэнд.
Яагаад гэвэл одоо эхлэхгүй бол хэзээ эхлэх юм бэ? Судалгааны байгууллагуудад тодорхой төсвийг нь өгөөд намууд судалгаагаа хийлгүүлэх ёстой. Манайх эсрэгээрээ байдаг.
В.ГАНЗОРИГ: Бодлого судалгааны институциудтай төр заавал хамтран ажиллах ёстой гэж хуульчилж өгөх ёстой юм уу? Жишээ нь, БНСУ-д KDI (Korea Development Institute) –р бүх асуудал нь орж шүүгдэж байж бодлого болж, хууль батлагддаг гэсэн.
С.ДЭМБЭРЭЛ: KDI гээд бид 1990-ээд оноос хойш ярьж байгаа. Үнэндээ нэмэр болдоггүй юм аа. Манай судалгааны институци огт байхгүй биш л дээ. Гол нь тэдний гаргасан хийсэн зүйлсийг шийдвэр гаргагчид уншиж байна уу гэдэгт асуудал бий. Өнөөдөр би жишээ нь 2006 онд хэсэг эрдэмтдийн хийсэн Монголын өсвөр насны 7-14 насны охид хөвгүүдийн өсөлтийн судалгааг олж аваад үүнийг эдийн засагтай холбох гэж оролдоод сууж байна. Энэ судалгааг эрүүл мэнд болон Сангийн сайд нь мэддэг байх ёстой. Жижиг үндэстэнд боловсрол хэрэгтэй. Боловсролтой хүмүүсийгээ төрдөө сайн шүүж авч чаддаг механизм хэрэгтэй байдаг юм. Манайд намууд төрийн дээр гарчихаар хүний нөөц, хөгжлийн процесс нь мэргэжил туршлагад нь суурилдаггүй, танил талын шалгуур тавиад явчихдаг. Цөөхөн хүн амтай болохоор боловсролтой хүн нь ч цөөн. Тэр боловсролтой хүмүүс нь нийтийн бүтээгдэхүүнийг олонд хүргэх ёстой байтал шийдвэр гаргалцах тойргийн гадаа үлддэг. Төрөө муулж байгаа юм биш шүү. Бодит байдлыг л ярьж байна. Шийдвэр гаргах түвшинд янз янзын шугамаар оччихсон нөхдүүдээс болоод аливаа бодлого, эдийн засгийн хөгжил үр дүн саармагжиж ирдэг. Бид баялгын хараал гэж ярьдаг. Миний харж байгаагаар бол Монголд хүн ам зүйн хараал болчихоод байна. Төрийнхөө дээр нь нам нь гарчихаад хүн амынхаа нөөцийг буруу хуваарилснаас болоод төрийн үйл ажиллагааны үр ашиг нь доошилдог. Бодлого захиалга гээд ингээд яриад сууж байгаа нь ер нь бол бид аргаа бараад, цөхөрчихөөд сууж буйг илтгэж байна шүү дээ.
В.ГАНЗОРИГ: С.Дэмбэрэл гуайн хэлж байгаагаар боловсролтой хүмүүс Монголд байхгүй биш байгаа. Харин тэднийг төр нь зөв ашиглаж чадахгүй байна гэж дүгнэх үү?
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Засаглалын технологи гэж гоё томъёоллоо. Технологи нь болохгүй байгаа зүйлээс бид юм шаардахаас илүүтэйгээр нөгөө хийгдээд захиалаад ирсэн бодлого хаана очиж түгжрээд гацаад байна гэдэг рүү яриа маань орж байна. Ингэхээр бид дэд бүтэц, диктатур, механизм, системээ ярих хэрэгтэй болно. Тэр дунд гарцаа байхгүй хоёр том нам руу ордог. Нам маань гэтэл хүн байдаг. Яах аргагүй эргээд боловсон хүчний бодлого буюу хүнтэйгээ асуудал эргээд холбогддог. Бидний энд ярьж байгааг бодлого боловсруулж байгаа намууд өөрсдөө вакуумаасаа гараад гаднаас нь харж, түгжээ гацаа хаана байгааг олж, дүгнэлт хийх ёстой. Солонгос мэтийн улсад олон нийтийн хөдөлгөөнөөс үүдэж нийгмийн захиалга өрнөж, тэр дунд медиа нь дундын хяналтын механизмаар ажиллаад ирсэн жишээ байна. Нөгөө талдаа Дэмбэрэл даргын яриад байгаа боловсон хүчний бодлогоо нам өөрөө түрүүлж хараад зөв хийж эргээд ард түмнээсээ оноогоо авдаг, үр дүнгээ үзэж, захиалгаа авдаг болмоор байна. Мерит зарчмаар шинэ засгаа бүрдүүлж чадвал, яг боловсон хүчний шударга зарчмаар явж чадвал юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг тийм цаг үе ирж байгаа юм уу
даа гэж бодогдож байна.
В.ГАНЗОРИГ: Төрийн мерит зарчим алдагдсан, засаглалын технологи доголдсон гэж оношлоод байх шиг байна. Эрх барьж байгаа намын төлөөллийн хувьд Булгантуяа дэд сайд та үүнтэй санал нийлж байна уу?
Х.БУЛГАНТУЯА: Мэдээж Монгол Улс хөгжлийн бодлогогүй байна гэж байхгүй. Иргэдийн оролцоог хууль боловсруулах түвшинд оруулах талаар хууль эрхзүйн тал дээр нэлээн том ахиц гарсан гэж боддог. Гэхдээ төр гэдэг бол бүхнийг мэддэг мэргэн бөөдий гэж хэлж болохгүй. Биднийг хэдэн жилийн өмнө намын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байхад хараагүй нөхцөл байдал гэнэт үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бүгдэд нийгмээс мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Монгол Улс 2020, 2030 онд ийм болно гэдэг том бичиг баримт бий. Харамсалтай нь үүнийг улс төрийн намууд дөрөв дөрвөн жилээр засаглахдаа тууштай авч явж байна уу гэдэгт асуудал бий. Дээр нь дөрвөн жилийн дараа ямар ахиц гарсан гэдэг бодит дүгнэлт чухал. Дээр нь улс төрийн намуудын амлалтууд барьцгүй, хэмжиж болохооргүй байдаг. Том дүр зургаараа гайгүй ахиц гарсан байхад зарим жижиг зүйл дээр алдсаныг нь тэр чигээр нь урвуулаад л сөрөг пи ар хийгээд энэ дөрвөн жил завхарсан гэх зүйл рүү явуулчихдаг. Жишээ нь, монгол хүн Монголдоо сайхан амьдарна аа гэдэг. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд тийм болсон уу, үгүй юу гэдгийг хэмжихэд эргэлзээтэй байдаг.
Яг тоо баримттай, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ийм болно ч гэдэг юм уу, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр төрийн ажлыг хэмжих ёстой. Төр ямар ч үед орчноо мэдрээд тухай бүрт нь хамгийн зөв шийдвэрийг гаргаад явах нь чухал. Үүний тулд мэдээж төрийн байгууллагуудад чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Бид үүнийг яриад эхлэхээр өөрийн эрхгүй улс төрийн намуудын тухай хууль, намуудын санхүүжилтийн тухай хуулиудыг ярих шаардлагатай тулгардаг. Нэг хэсэг нь улс төрийн намуудыг арчиж хаях ёстой, өмч хөрөнгөгүй байх ёстой гэдэг мөртлөө нөгөө талаараа улс төрийн намууд мундаг бодлого гаргах ёстой, мундаг боловсон хүчинтэй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл тэр бүхнийг гаргаж ирэхийн тулд улс төрийн намуудад чадварлаг мэргэжилтнүүдийг авч ажиллуулах санхүүжилт, боловсон хүчнээ бэлтгэх зорилго, бодлого байх хэрэгтэй. Энэ хоёр талын зөв тэнцвэрийг олох нь их чухал. Мэдээж улс төрийн намуудыг хэтэрхий томруулаад төрийнхөө дээр гаргах нь буруу. Өөрийн эрхгүй таван жилийн өмнөөс бодлого судалгааны хүрээлэнгүүд олноор байгуулагдаж байна. Арван жилийн дараа эдгээр институциуд илүү хүчтэй болж, улс төрийн намуудад хяналт тавьдаг болно. Төр болж байгаа эсэхийг нь дүгнэж, анализ хийж олон нийтэд хүргэдэг чадвартай болно гэж би харж байна. Энэ бол ахиц юм. Намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа бид маш их ажилладаг. Тэгсэн атлаа тухайн үедээ эрх барьж байгаа нам нь нөгөө намтайгаа мэдээлэл солилцдоггүй. Үүнээс болж дутуу дулимаг мэдээлэл дээр намын мөрийн хөтөлбөр боловсрогдож гарч ирдэг. Түүнээсээ болоод амьдрал дээр хэрэгждэггүй. Тэгэхээр үүнд бас анхаарах хэрэгтэй.
Д.САЙНБАЯР: Санал нийлж байгаа хоёр зүйл дурдагдаж байна. Үндсэн хууль руу буруу чихэж байна гэж ойлгогдох вий. Гэхдээ энэ бол дөрвөн жилийн циклийн асуудал. Монгол төрийн бодлого яагаад хэрэгжихгүй байна гэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог парламенттай учраас. Үүнийхээ эхний жилийг нь попроод, бал сараа тэмдэглээд өнгөрөөдөг. Дараагийн жилээс нь дахин сонгогдохын тулд бас л попордог. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сая буухаасаа өмнөхөн ямар шийдвэр гаргасныг бүгд мэдэж байгаа. Уг нь МАН хамгийн тогтвортой, дэглэмтэй нам шүү дээ. Гэсэн атлаа жил гаруйн хугацааны дараа Засгийн газраа огцруулж байна. Манайх шиг жижиг оронд урт хугацааны бодлого, стратеги хэрэгтэй. Гаднын маш олон хөрөнгө оруулагч, гадны байгууллагууд ч гэсэн манай улс төрийн бодлогын тогтворгүй байдлыг ярьж байна. Бодлого хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй байдаг. Энэ хугацааг улс төрийн намууд, бүлэглэлүүд бие биедээ олгохгүй байна. Бидний жишээ авах дуртай Сингапур ч гэдэг юм уу улс орны түүхийг харахад засаг нь тогтвортой байсан. Оросын эдийн засгийн гайхамшиг гээд л ярьдаг. Энэ нь Путины засаглалын үе шүү дээ. Манайх шиг нэг, хоёр жил болоод л ингээд солигдоод байвал ерөөсөө хөгжихгүй л дээ. Улс төрийн систем маань ардчилал гээд нийгмийнхээ хөгжлөөс түрүүлээд явчихсан. Магадгүй нийгэм нь хүчтэй гараар удирдуулаад явсан бол бодлого нь хэрэгжээд, алдаа оноо нь дэнслэгдээд явчих байсан байх. Засгийн ажил битгий хэл бизнесийн томоохон групп байгууллагуудын хувьд ч гэсэн том, дунд хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд нэг, хоёр жил хангалттай хугацаа биш шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааг яаж хэмжих ёстой юм бэ? Мөрийн хөтөлбөр дээр нь тоо байдаггүй байхгүй юу. Аль аль намд нь. Шинэ засгийн газарт би бодлого захиалмаар байна л даа. Шинэ засаг надад ийм л зүйл хэлчихэд болчих гээд байна. Сайнбаяр аа, одоо 11.6 тэрбум байгаа эдийн засгийг 13, 14 тэрбум ам.долларын эдийн засаг болгоно. Гадаадын хөрөнгө оруулалтын түвшинг 50 хувиар нэмнэ. Шинээр төрж байгаа аж ахуйн нэгжүүд, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа таныг гааль, татвараас чөлөөлнө гэдэг ч юм уу ийм тодорхой бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байна. Банкны өндөр хүүтэй зээл, барьцаа хөрөнгөд баригдсан бид яаж Хятад зэрэг орны үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх юм бэ? Манай улс ядуу орон болохоор хэдэн буман асуудал байгаа. Засгийн газар зуун ажил жагсаагаад байх шаардлагагүй. Таван зүйл байхад л болно. Тэргүүлэх хамгийн чухал гэсэн зүйлээ л хийх ёстой. Хамгийн чухал ажлын нэгт өнөөдөр цэцэрлэгийн асуудал орчихсон л байна. Бид хаа очиж бүгд цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэтэл өнөөдөр 50-60 мянган хүүхэд цэцэрлэггүй хүмүүжиж байна шүү дээ. Хүн ам зүйн бодлого хаана байна? Зарагдаагүй өчнөөн орон сууц байна. Нэг давхруудыг нь яагаад төр түрээслээд концессын зүйл хийж болохгүй байгаа юм? Гэтэл өнөөдөр цэцэрлэг барих талбай олдохгүй байна шүү дээ. Үүнийг бодлого гэдэг. Үүнийг Засгийн газар хоёр гуравхан жилийн дотор хийж болох зүйл байхгүй юу.
С.ДЭМБЭРЭЛ: Би та нарт нэг түүх ярьж өгье. Нэгт, УИХ-ын гишүүд төрөл бүрийн тойргийнхоо санал бодлыг авч байж нэг юм төсөв, төлөвлөгөө баталдаг. Баталсаны дараа сонин зүйл болдог. Дөрвөн жилийн дараа тайлан бичнэ. Жил бүр гүйцэтгэлээ бичдэг. Гэтэл үнэндээ түүнийг нь хэн ч уншдаггүй юм. Маш их цаас гарзаддаг. Яагаад вэ гэдэг нэг асуулт гарна аа даа! Би өөрөө УИХ-д сонгогдож байсан. Гаргасан шийдвэрийнхээ үр дүнг нь үнэлэх, хэмжих зэрэг ямар ч хариуцлагын тогтолцоо, механизм байдаггүй. Хоёрдугаарт, улс төрийн нам яагаад төрийн дээр гарчихдаг юм бэ гэдэг асуулт гарна. Үндсэн хуульд тийм заалт байхгүй шүү дээ. Гэтэл бид улс төрийн намд харьяалагдсан байдаг тул УИХ дээр үүний сөрөг тал маш хурцаар илэрдэг. Намын бүлэг гэдэг зүйл бий. Найман хүнээс дээш бүлэг байгуулах эрхтэй болчихдог. Одоо 65 хүн байгаа учраас зүй нь 65 санал орж ирэх ёстой. Ард түмний мандат, тойрог бүрээс гэсэн үг. Тэр 65 хүн нэг удаа төсвийн алдагдлыг есөн хувиар батлах гэсэн намын шийдвэр гарчихвал тэрийгээ л дагана. Гэтэл тэр дунд алдагдлыг гурван хувиар батлах хүн байж л байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр төр ба намын хөдөлмөрийн хуваарийг харуулж байгаа юм. Үүнийг төрийн болон намын холбогдох хуульд зааж өгөөгүй. Миний бодлоор Үндсэн хуульд ганцхан л өгүүлбэр орох ёстой. Хуулиар зааснаас бусад үйл ажиллагаанд нам төрийн ажилд орохыг хориглоно. Ингээд л боллоо.
Өөрөөр хэлбэл, ийм тодорхой болгосон, хориглосон зүйл байлгахгүй бол бидний ярьж байгаа асуудал байнга үргэлжилнэ. Дөрвөн жил болоод л нэг нэгнээсээ өшөө авах механизм ажиллана, нэг нэгнээ гудамжинд хөөж гаргана, тэрэндээ омогшин баярлана. Улс төрийн намуудын энэ мэт авир төрх, үйлдэл нийгмийг үймүүлдэг. Үүнийг арилгах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд хийж өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, Сайнаа чи хүчтэй гар хэрэгтэй гэж ярилаа. Яг ийм бодол үүсдэг л дээ. 1990 онд ардчилал, хүний эрх гээд бид их том зүйлийг давсан. Хүчтэй гар гэдэг нь хатуу дэглэм л гэсэн үг шүү дээ. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүд муу, сайн ч гэсэн, мангар, тэнэгээрээ дуудуулдаг ч гэсэн ард түмнээсээ сонгогддог. Харин манайд жижиг, том можаритар систем таарахгүй байна. Яагаад гэвэл бид хүчтэй засаг, хүчтэй парламенттай байж чадахгүй байна. Тиймээс Монгол Улсын парламентын засаглалыг төлөвшүүлэхийг бодож байгаа бол сонгуулийн пропорционал систем руу орох хэрэгтэй. Ядаж 38:38 байх ёстой. Би жишээ нь тойргоос сонгогдоогүй болохоор өөрийн тойрогтоо мөнгө суулгах гэж Сангийн яамыг хэзээ ч зовоож байгаагүй
. Энэ системийн зохистой балансыг бид олох ёстой. Эцэст нь ер нь гадаадын хөрөнгө оруулалт сайтай, нөөцөөр баян улсуудад яагаад хүмүүс улстөр рүү тэмүүлж, тэнд улстөрчдийн дуршил хүчтэй байдаг юм бол? Тэгвэл энэ төрийн дуршлыг нь байхгүй болгочихвол яадаг юм? Жишээ нь, Эрдэнэс-Тавантолгой ерөнхий контрактороор л ажиллах ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төр нүүрс ухахгүй. Харин төрийн нэрийн өмнөөс туслан гүйцэтгэгч нартай гэрээ хийх ёстой. Төр яах вэ гэхээр Сайнбаяраар ажлаа хийлгээд, өөрөө бодлогоо гаргаад дэмжээд явах үүрэгтэй. Ийм маягаар улстөрчдийн дуршлийг хязгаарлаад өгвөл засаг руу тэмүүлэх, тэрний дараа хувааж иддэг зүйл алга болно. Газар дор баялаг байгаад, тэрийг нь төр удирдаж байгаа болохоор л ийм зүйл болоод байна шүү дээ. Манайхтай ижилхэн нөөцөөр баялаг улсууд бишгүй бий. Тэд чухам яадаг юм бол доо?
Бодлого явагдах хөрс нь нийгмийн эрүүл захиалга
Д.САЙНБАЯР: Бид олон том сэдвийг өнөөдөр хөндөж байна. Төрийн албаны тухай хууль, улстөржилт гээд АНУ-ын Ерөнхийлөгч Вилсоны бичсэн “Төрийн алба ба улстөрийн зааг” гээд судалгаа, ном байдаг. Манайд ялсан нам нь гарч ирээд төрийн албан хаагчдаа хоморголон халдаг. Үүнийг цэгцлэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуультай холбоотой. Манайд төрийн залгамж халаа байхгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Би авторитар дэглэмийг яриагүй шүү. Хамгийн гол нь байнга солигдоод байгааг яаж тогтвортой байлгах вэ гэхээр холбооны улсуудад хэрэгждэг системийг Монголд хэрэгжүүлж болохоор санагддаг. Энэ нь House of Representative буюу сенаторуудын төлөөлөгчдийн танхим. Солигдохдоо зургаан жилээр байдаг. Манайхаар бол 100-300 гишүүнтэй болох юм шиг байгаа юм. Тэдгээрийн 20-30 хувь нь хоёр жил тутам ротациар солигддог. Пропорционал системтэй үед бол энэ манайд бүр боломжтой зүйл. Сая ХҮН намыг байхгүй болгохын тулд манай намын дарга байсан З.Энхболд нөгөө талтайгаа нийлж мажоритар систем руу орчихлоо шүү дээ. Энэ бол тусдаа асуудал. Миний хэлэх гээд байгаа зүйл бол ядаж зургаан жил болгооч ээ, Ерөнхий сайд нь хүчтэй сайд байгаач ээ
гэж байгаа юм. Компаниар бол гүйцэтгэх захирал ажил хийх гэхээр л ТУЗ нь хуралдаад солиод байвал ажил явахгүй шүү дээ.
Х.БУЛГАНТУЯА: Шинэ засаг байгуулагдаад хэдхэн сарын дотор дараа оныхоо төсвийг бодож эхэлдэг. Мөн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулдаг. Гэвч Засгийн газар болон УИХ-ын гишүүд нь өөрсдөө шинэ байдаг учраас энэ чухал асуудал дээр заримдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй. Яг үнэнийг хэлэхэд хуучин гишүүд л өнөөдөр үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ач холбогдол өгч анхаардаг. Гишүүдийн хамгийн анхаардаг зүйл бол төсөв. Яагаад гэвэл уншихад амарханаас гадна тэр сум, аймагт төсөв нь суусан суугаагүйгээ л харахыг хүсдэг. Энэ бол улс орны хөгжлийн үзүүлэлт биш шүү дээ. Үнэндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төдийлэн анхаардаггүй байснаа хоёр жилийн дараа энэ үнэхээр чухал юм байна гэдгийг зарим гишүүн нь ойлгож эхэлдэг. Гэтэл асуудал аль хэдийн хөдлөөд явчихсан байдаг. 2016 оны хавар 2015 оныхоо гүйцэтгэлийг хэлэлцүүлэх ёстой байсан ч хэлэлцүүлээгүй чуулганаа хаачихсан. Тэгээд 2017 оны төсвөө оруулж ирж гурван төсөв зэрэг хэлэлцэгдэж байсан. Бараг л ордон дотор хонож өнжсөн дөө. Ийм л орчинд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаад гарч байна. Үүнийг ард түмэн ч, тинк танкууд ч, ТББ-ууд ч төдийлэн анхаардаггүй. Би гайхдаг. Жишээ нь, би Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн байсан бол яг өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах байсан. Хэн салбарыг удирдаж байгаа юм, хэдэн төгрөгийн төсөв тавьж байгаа юм гэдгээс эхлүүлээд хяналт тавих үүрэгтэй шүү дээ.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Олон тодорхой санал гарч ирж байна. Уул уурхайн баялаг бол эдийн засгаар бол бусад өмчтэй адилхан өмч шүү дээ. Өмч хувьчлалаар гэхэд бусад улсын сайн практик байна, гэтэл хийнэ гэхээр буцаад засаглалын ханаа мөргөнө. Мөргөөд буцахаар Үндсэн Хууль. Энэ 65 бол олон жил яригдсан өөрчлөлтийг яг хийвэл хийдэг дээрээ нэг намын цул шийдвэр гаргах боломжтой нөхцөлд байна шүү дээ. Тэгээд одоо хийхгүй бол хэзээ энэ реформ шинэчлэлийг хийх юм бэ гэдэг асуултад очно оо доо?
Одоо ажиглаад байхад хийлгэхийн тулд олон нийтийн захиалга нь өөрөө эрүүл байх хэрэгтэй
. Жишээ нь, тойргуудын эрээн алаг төсөв баталсаар байгаад нийлээд Монгол Улсын хөгжлийн бодлого нь бантан болчихдог. Ямар ч улстөрч хүний мөн чанар нь буцаад тойрогтоо очиж оноогоо авах шүү дээ. Тэгэхээр пропорционал систем гарцаагүй шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэхээр идэж уух хүнийхээ тоог нэмлээ л гэнэ. Гэтэл наймхан хүн дээр бүлэг үүсээд л төрийн бодлого руу нам, бүлэглэлийн лобби яваад орчихдог. Үүнийгээ медиа олон нийтэд зөв ойлгуулдаггүй. Иймээс өнөөдөр цэцэрлэг барихаас илүүтэй урт хугацаагаа хараад энэ системийг засаглалаа янзлахгүй бол болохгүй гэдэг зүйлийг олон нийт ойлгохгүй бухимдах нь аргагүй. Ойлгуулах нь гэтэл хэний хариуцлага юм бэ? Бодлого хийж байгаа нам нь өөрөө захиалгаа өгөөд төсвөө гаргаад, медиа ч хариуцлагаа биелүүлээд олон нийтэд эрүүл эрэлт үүсгэхийн төлөө л ажиллах ёстой баймаар. Одоо бол улстөр муухай гээд хэвлэл мэдээллийн байгууллагууд, судалгааны байгууллагууд нь улс төр ярихгүй байхаар нөгөө болдоггүй хэд нь бидний хувь заяаг шийдээд байдаг. Ийм л нөхцөл байдалтай байна шүү дээ.
В.ГАНЗОРИГ: Бодлого амжилттай эсвэл амжилтгүй хэрэгжиж байна уу гэдэг нь иргэдийн амьдралын чанараар хэмжигдэх байх. Тэр нь явж явж эдийн засаг болдог. Цалин мөнгө нь тогтвортой байгаа эсэхээс эхлүүлээд ам.долларын ханш, инфляци гэх мэтчилэн. Жаахан макро төвшинд аваад үзэхээр валютын нөөц, төрийн мөнгөний болон сангийн бодлого нь ямар байгаа юм гээд л явах байх л даа. Манай Монголбанкинд бодлого байна уу?
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Хувийн бодлоо хэлэхээр АН-ыг шүүмжлэх болчихоод байна. Шүүмжилж байгаад АН-ын даргад Твиттерт блоклуулсан(инээв).
Д.САЙНБАЯР: Шүүмжил шүүмжил. Хамтдаа зөв талаас нь шүүмжлэх ёстой. Би ч гэсэн өөрөө блоклуулсан байгаа.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: 2012-2016 онд Монголбанкны бие даасан байдал алдагдсан. Ерөнхийлөгч нь энд тэндэхийн байгууллагуудтай янз бүрийн гарын үсэг зураад л явж байдаг. Энэ гэхдээ нэг хүний идсэн уусан, амарч зугаалж яваа тухай асуудлаас илүү нөгөө л тогтолцоо, инстүүцийн асуудал. Монголбанкны тухай хууль нь захирагч буюу ерөнхийлөгчийн гарын үсгээр юу хийж шийдэх болох, болохгүйг заасан байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд бие дааж ажиллан мөнгөний бодлогоо хийж чадаж байна уу? Хий гэж тавьсан шүү дээ. Лүндээжанцан гуайн яриаг санаж байна л даа. Анхнаасаа яагаад ийм олон толгойтой зүйл хийчихэв ээ гээд Үндсэн хуулийн талаар ярьж байсан. Оросууд УАЗ-469 гээд маш сайн машин бүтээсэн хэрнээ хүн суухыг тооцоолоогүй гэдэг шиг. Монголбанкны тухай хууль, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн засаглал гэдэг дээр хэн гарч ирж хэрэглэх вэ гэдэг хүнтэй, хариуцлагатай холбоотой зүйлийг нь тооцоогүй юм шиг байгаа юм.
В.ГАНЗОРИГ: Тэгэхээр таны ярьж байгаагаар бол Монголбанкны бие даасан байдал алдагдсан гэх гээд байна уу?
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Тийм. Одоо ОУВС-тай хамтарч ажиллаад бие даасан байдлыг нь бэхжүүлэх гэсэн хандлага руу хуулийн шинэчлэл явах гээд байна гэж харж байгаа. Үүнийг дэмжиж ажиллах талдаа байх ёстой гэж бодож байна.
Х.БУЛГАНТУЯА: Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл” гэж бий. Зөвлөл дээр Монголбанктай холбоотой нэлээд олон өөрчлөлтийг хууль, журамд нь оруулахаар ярьж байгаа. Гол асуудал нь Монголбанк, төлбөр тооцоотой холбоотой хуулийн ихэнх нь 1990-ээд онд боловсруулагдсан хуулиуд байдаг ба одоо болтол бид үүнийг нь мөрдлөгө болгож ажилладаг. Бидний өнөөдөр Үндсэн хуульд гар хүрэхээс аргагүй нөхцөл үүслээ гэдэг шиг 1990-ээд оны хуулиар 2017 оны санхүүгийн нөхцөл байдлыг зохицуулахад хүндрэл бол байдаг.
Энэ хуулийн зохицуулалт хэрэгжүүлэлттэй холбоотой асуудлууд нь эдийн засгийн хүндрэл асуудлын нэг шалтгаанд орно. Энэ ганц Монголбанкны ч асуудал биш. Яг адил нөхцөлд байдал нөгөө гурав дахь, дөрөв дэх засаглал байх ёстой гэгддэг шүүх, хэвлэл мэдээллийн салбарт үүссэн. Харин нэг зүйлд их олзуурхаж байгаа. Твиттер гэдэг зүйл хэн нэгэн хүнд баригдахаа байжээ. Сонин, телевизийг улс төрийн, мөнгөтэй хүмүүс мөнгө төгрөгөөрөө барьж болдог байсан бол сошиал медиаг барьж дийлэхээ байсан байна. Дээр нь өнгөрсөн гурван сонгууль бол мөнгө тарааснаараа, гоё ПР хийснээрээ ард түмний саналыг авдаггүй юм байна гэдгийг харууллаа. Ард түмэн ямар ч байсан миний амьдралд, хүүхдийнх нь ирээдүйн амьдралд юу сайн сайхнаар тусч болохыг хардаг болжээ. Манай хүн амын 60 гаруй хувь нь 35-аас доош насны залуус, хүн амын 39 хувь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 29 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байгаа. Залуус мөрөөдөмтгий. Хөгжлийн бодлого гэдэг зүйл бол ард түмний мөрөөдлийнх нь томъёолол. МАН, АН гэлтгүй ямар ч намын хувьд энэ зорилго адилхан ч зорилгодоо хүрэх арга зам, биелүүлэх механизм нь л өөр байх ёстой. Татвар, нийгмийн халамжийн бодлогууд зэрэг бодлого тодорхойлохын тулд барьж авч “тоглодог” хэдхэн л параметрүүд байдаг шүү дээ. Ялангуяа энэ асуудал дээр хэвлэл мэдээллийг би нийгмийг чиглүүлэгч хүч байгаасай гэж хүсдэг. Сонин, сэтгүүлүүд бол өнөөдрийн нөхцөл байдлыг л тоймлоод, улстөрчдийн хэрүүлийг бичээд байдаг. Англид юу болоод байна, Канадад ерөнхий сайд нь ямар бодлого хэрэгжүүлээд байна гэх зэргээр цогцоор нь судлан шинжилж хэвлэл мэдээлэл маань улстөрчид, төр засгийнханыг ичтэл нь тэдний урд манлайлж яваасай гэж хүсдэг. Төр бол АНУ-ын Үндсэн хуульд заасан шиг (For the people and by the people) ард түмэндээ үйлчилдэг байгууллага байх ёстой. Ямар үйлчилгээ авахаа бид захиалдаг, болохгүй бол дүнгээ тавьдаг байх ёстой. Дөрвөн жил гэдэг бол үнэхээр богино хугацаа. Ажилтайгаа танилцаж амжаагүй байж байтал дараагийн сонгуулийн цикл эхэлдэг. Үүнээс болж дараагийн засагтаа хүндэрсэн төсөв өгдөг. Ийм л цикл рүү орчихоод байна. Олон ч жил явлаа, болохгүй байна гэдгийг дүгнээд гаргаад ирлээ шүү дээ.
С.ДЭМБЭРЭЛ: Саяхан телевиз үзэж байсан чинь УИХ-ын гишүүн Чинзориг асууж байна л даа. Энэ одоо үндсэн чиглэл батлахад ард түмний амьдрал хаана байна вэ гэж. Энэ бол маш зөв санагдсан. Улс төрийн намууд, УИХ, Засгийн газар бол эцсийн дүндээ ард иргэдийнхээ сайхан амьдрах боломж, таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Шууд мөнгө тараах биш шүү. Гэхдээ сүүлийн үед мөнгө тараах чинь бас зөвтгөгдөөд байна уу даа? Финланд зэрэг улсад туршилт хийгдээд яваа сонсогдсон. Хамгийн гол нь Чинзоригийн тэр асуулт бидэнд өгч байгаа ёжтой мессеж юм л даа. 2017 оны эхний хагас жилээр ДНБ-ий өсөлт 5.3% гарлаа. Улирлын нөлөөг нь хасахаар 1.4% байсан байх. Задаргааг нь хийгээд үзэхээр өрхийн эцсийн хэрэглээний зардал 1.8 хувь л байна. Энэ тренд сүүлийн жилүүдэд тогтмол муудаж байгаа. Нөгөө талаас өрхийн бодит орлогын өсөлт хасах дүн рүү орчихсон. Гэтэл ард түмэн гэж хамгийн их ярьдаг 76 гишүүн маань энэ асуудлыг сонсдог уу гэвэл сонсдог, ард түмэнтэйгээ уулзалт хийдэг үү гэвэл хийдэг. Тэгэхээр үндсэн чиглэл хэлэлцэх үед нэг гол зүйлийг УИХ-ын гишүүдээс их шаардах ёстой. Тэр нь юу гэхээр гишүүд бодлогоо томъёол гэж болохгүй шүү дээ.
тул цэцэрлэг барина гэж бичиж Сонгогчид цэцэрлэг бариулахыг хүсч байгаа. Бодлого томъёолох гээд байгаагаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр томъёолно гэдэг бол их чухал байдаг юм. Хоёрдугаарт нь, бид яагаад төсвийг алдагдалтай батлав? Тэгсэн атлаа төсвийн тогтвортой байдал гээд эрх зүйн баримт бичиг байхад яагаад эвдээд байдаг юм гэж асуухаар УИХ дээр бүх гишүүд л өөдөөс адилхан өрийн тухай ярьж санаа зовдог. Тэгсэн атлаа төсвөө алдагдалтай батлаад байдаг. Сангийн яамныхныг их зовоодог доо. Төсвийн алдагдал нь төлөвлөж байсан макро эдийн засагтайгаа тохирохгүй болоод ирэхээр тэрийг нь буцааж тохируулах гэж шөнөжингөө суугаад маргааш нь энэ Булганзаяагийн нүд нь улайчихсан хурал дээрээ ирдэг байх жишээний. Энэ юуг харуулаад байна гэхээр бодлогын соёл алдагдсан байна. Ард түмэн гэж ярьдаг. Энэ ард түмэн чинь бодлого захиалаад суух ёстой. Би бол бодлого захиалж байна гэж бодож байна. Өрийн тухай асуудалд санаа зовдог гуравхан байгууллага бий. Нэг нь Сангийн яам, нөгөө хоёр нь Монголбанк, ОУВС юм. Монгол Улсын төсвийн ачааллаас 10 дахин давсан концессийн төслүүдийг яамдууд батлуулах гээд орж ирдэг байсан. Ер нь энэ улсад өрийн мэдрэмж гэж байна уу? Гэтэл ОУВС-гийнхан Монголын яамдаас илүү Монголын өрөнд санаа зовоод байх юм.
В.ГАНЗОРИГ: ОУВС биднээс илүү бидний өрөнд санаа зовж буй нь зөв зүйл үү?
С.ДЭМБЭРЭЛ: Зөв байлгүй яах вэ. Гэхдээ энд бидэнд юу дутагдаж байна гэхээр бодлогын соёл гэдэг зүйл дутагдаж байгаа нь харагдаж байна. Хүний нөөцийн хангалттай нөөцгүй, төрийн дээр нам нь гарчихсан, түүнийг тохируулсан институцийн хууль эрх зүйн орчин нь дутуу зэрэг том асуудлууд байна. Чиний асуулт бол шулуухан асуулт байсан. Хариулт бол Монголбанкинд бодлого байгаа. Нэлээд сайн бодлого байна. Төрийн институцийн дундаас хамгийн сайн бодлоготой нь Монголбанк гэж бодож байна. Яагаад гэвэл судалгаа, шинжилгээн дээр суурилж мөнгөний бодлогоо хийдэг. Өнгөрсөн дөрвөн жилийг энд яриад яах вэ! Өөрөөр хэлбэл бодлого хэрэгжүүлэх, боловсруулах хандлага маань зөв байвал төрийн ямар ч институци сайн байна. Өнгөрсөн дөрвөн жил Монголбанкийг янз янзаар ярилаа. Алдаа, оноо байсан байх. Харамсалтай нь хувь хүн бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэдэг. Гэхдээ институцийнхээ хувьд оноо нь их байсан. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг давахын тулд уламжлалт бус арга хэрэглэсэн. Гэхдээ алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Төв банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан. Энэ бол хоёр тусдаа ойлголт. Зорилгын ба үйл ажиллагааны бие даасан байдал гээд тусдаа ойлгуултууд байгааг бид задалж зохицуулах ёстой санагддаг. Бие даасан, хараат бус гэдэг нь хоршоо үг биш хоёр тусдаа ойлголт шүү.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Тэгэхээр эргээд л төрийн үйл ажиллагааны мэдээлэл, иргэдэд хүрч байгаа байдал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг хариуцлагын асуудал руу орж байна даа.
Х.БУЛГАНТУЯА: Саяхан Монголбанкны төлбөр тооцооны тухай хууль орж ирсэн. Банкны тухай ярьдаг, мэддэг хэдхэн л гишүүд байдаг. Үнэнийг хэлэхэд зарим гишүүд асуудлуудаа ойлгохгүй мөртлөө Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг нь аваачаад л загнаад эхэлдэг. Ингэхээрээ л асуудал буруу тийшээ хазайж эхэлж байгаа юм. Үндсэн чиглэл яригдаад нөгөө талаасаа төсөв, мөнгөний бодлого хоёр зэрэгцээд ороод ирдэг. Мөнгөний бодлогод ач холбогдол өгдөггүй хэрнээ төсөв дээр хамаг анхаарлаа манай УИХ-ын гишүүд тавидаг. Аль байгууллагыг хэн толгойлж байна гэдгээс бас их зүйл шалтгаалдаг.
Нэг л бодлого захиалмаар байна: ШУДАРГА ЁС!
Д.САЙНБАЯР: Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд харуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үүнээс нь болж манай хувийн хэвшлийн салбарынхан хоногийн дотор 10-20 хувийн алдагдал хүлээж байлаа. Нэг өссөн ханш буухдаа удаан байдаг. Ерөнхийдөө өөрийнхөө санааг дүгнээд хэлэхэд манай Монгол Улсад бодлого төлөвлөх, бодлогоо хэрэгжүүлэх, бодлогоо хэрэгжүүлсний дараа дүгнэлт хийх, тайлагнах, үнэлэх процесс харагдахгүй байна. Тодорхой хэмжээнд зарим салбарт байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтдээ бодлогын соёл бий болоогүй байна. Яагаад? Яагаад гэхээр улс төрийн намууд нь өөрөө бодлого суурьтай болж чадаагүй. Хандив, мөнгө хөрөнгө, танил тал, хамаатан садан дээр суурилсан засаглал аль аль намд явж байна. АН-ын араас МАН явж байна. Маш чимээгүй байдаг байсан олон жилийн түүхтэй Монголын төрийг авч явж байсан энэ нам өнөөдөр алдаа дутагдлыг ярьж эхэлж байна. Үүнд би баяртай байна. Сайн шинэчлэгдээсэй гэж хүсч байна. Гэхдээ аль аль нам нь бодлого суурьтай нам болж чадаагүй учраас, авилгын системээр мөнгө тарааж гарч ирсэн учраас тараасан мөнгөө яаж олох тухай л ярина уу гэхээс үндэстэний амбиц, хөгжлийн зорилтын тухай тэд мэдэх ч үгүй. Би шууд хэлье! 2050 онд Монгол Улс ямар байх тухай ярьж, бодож байгаа улстөрчид маш цөөхөн байдаг.
Бид бодлогыг боловсруулах ёстой. Хяналт тавих ёстой. Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой. Засгийн газар нь тогтвортой байх ёстой. Магадгүй Үндсэн хуульдаа бид зургаан жилийн хугацаатай парламентын тогтолцоо гэж засах ёстой. Манайх шиг жижиг улс парламентын тогтолцоотой байх хэрэгтэй. Харин сонгосон тэр Ерөнхий сайддаа танхимаа өөрөө байгуулах эрхийг нь өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыг муу ажилласан гэж муулахаас илүүтэй ажил хийх боломжийг нь олгохгүй байна шүү дээ. Энэ засгийн үед тодорхой ахиц гарсан шүү дээ. Ажил, бодлогыг хэмжих нэгжүүд гэж баймаар байна. Нэг хүнд ногдох орлого, инфляцын түвшингөөр нь хэмждэг аргууд байдаг шүү дээ. Сургуулийн хүртээмж жишээ нь хэдэн хувиар сайжирсан юм гээд ядаж тоогоор, хувиар ярих хэрэгтэй байна. Зөв хүнээ зөв газар нь тавих төрийн хүний нөөцийн бодлого, шударга ёс, авлигаас ангид байх асуудлуудыг зөв цогцоор нь шийдэж чадсанаар Сингапур өнөөдрийн хөгжилдөө хүрсэн байдаг. Би хувиасаа нэг л бодлого захиалмаар байна. Энэ бол шударга ёс, шударга ёс, шударга ёс.
2050 онд Монгол Улс ямар байх тухай ярьж, бодож байгаа улстөрчид маш цөөхөн байдаг.
Бид бодлогыг боловсруулах ёстой. Хяналт тавих ёстой. Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой. Засгийн газар нь тогтвортой байх ёстой. Магадгүй Үндсэн хуульдаа бид зургаан жилийн хугацаатай парламентын тогтолцоо гэж засах ёстой.
В.ГАНЗОРИГ: Үнэтэй цагаа гарган ирсэн та бүхэнд баярлалаа! Нэвтрүүлгээ товч дүгнэе! Бидэнд бодлого байдаггүй биш байдаг юм байна. Гэхдээ харамсалтай нь бодлого нь тогтвортой байж ажил хэрэг болж чаддаггүй. Дараагийн зүйл нь бид зөв, сайн хүмүүсээ хэрэгтэй газар нь байршуулж ажиллуулж чаддаггүй, магадгүй хүсдэггүй байх нь. Үүний үр дүнгээр ард түмний амьдрал, улс орны хөгжил шууд хэмжигдэж байна. Хотын соёл гэж ярьдаг шиг нийтээрээ бодлогын соёлд суралцах цаг нь болжээ.
-
66.181.191.*
Зочин
2017-09-25 17:22
шинэ хүргэн шааж өгч бн аа0 0 Хариулах
-
64.62.232.*
erka
2017-09-25 13:36
Би тэнэг уяраас ингэж боддож байна. Бодлогоос өмнө тогтолцоо байх ёстой. Толгойгүй хүнтэй адил юм.0 0 Хариулах
-
64.62.232.*
erka
2017-09-25 13:36
Би тэнэг учраас ингэж боддож байна. Бодлогоос өмнө тогтолцоо байх ёстой. Толгойгүй хүнтэй адил юм.0 0 Хариулах