SYNDICATE TALK: Улс төрийн эрсдэл

Б.Болор-Эрдэнэ
2018-03-30 07:40

Сингапурын үндэсний их сургууль, Цюрихийн их сургуулийн доктор, профессоруудыг оролцуулсан “Манайлал” сэдэвт дугаараа бид өнгөрсөн онд толилуулсан. Тэгвэл энэ удаад эдийн засаг, улс төр, физикийн шинжлэх ухааны дөрвөн доктортой ярилцсан шинэ дугаараа бид Улс төрийн эрсдэл сэдэвт зориуллаа. Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлж, ер нь тэгвэл ардчилал гэж юу юм гэдэг асуултаар төгссөн манай багийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ дугаарын зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга, доктор А.Ундраа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Warwick&Roger компанийн гүйцэтгэх захирал, доктор Робин Гарсиа нар байлаа.

В.Ганзориг: Хэдхэн хоногийн өмнө БНХАУ үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, одоогийн Төрийн тэргүүн Си Жиньпинд бүх насаараа хятадыг удирдах боломжийг олгов. Мөн ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж Владимир Путин ялалт байгуулж Йосиф Сталинаас хойш оросуудыг хамгийн удаан удирдсан хүн болж байна. Мөнхийн хоёр хөршийн удирдагчид ийм тогтвортой байгаа нь Монголд сайн уу, муу юу? Энэ нөхцөл байдлыг та бүхэн хэрхэн дүгнэж байна вэ?

А.Ундраа: Дэлхийн хэвлэлүүд Си Жиньпин даргыг өөрийн вант улсыг байгуулах боломжтой боллоо гэж дүгнэсэн байсан. Тогтвортой байдал маш чухал. Яагаад гэвэл тогтвортой засаглалтай улсын ирээдүйг тодорхой хэмжээнд алдаа багатай таамаглах боломжтой. Улс орны бодлого тогтвортой байна гэдэг нь тухайн улсын нийгэм, эдийн засагт төдийгүй, хөрш орнуудтай харилцах бодлого, бүс нутгийн хэмжээнд эерэг нөлөөтэй. Асуудал гарсан ч түүнийг шийдэх шийдэл нь урт хугацаанд ойлгомжтой харагддаг. Хятад бол АНУ-ын хувьд худалдааны хамгийн том түнш нь. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Тэр утгаараа Хятадын нийгэм, эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүд хүссэн, хүсээгүй дэлхийд, бидэнд шууд нөлөөлнө.

Г.Робин: Тогтвортой байдал нь ирээдүйг таамаглах боломжийг олгодог гэдэгтэй санал нэг байна. Тиймээс аливаа улс өөрийн зорилгоо дотооддоо төдийгөө дэлхийн хэмжээнд огцом өөрчлөлт хийж, гэнэтийн хэлбэлзэлгүй, бусдад “сюрприз” барихгүй үргэлжлүүлэх боломжтой. Си Жиньпин даргын хувьд дотооддоо намаа улам бэхжүүлэх, Коммунист намаа Хятад улсын цөм болгох ажлуудаа түлхүү хийх болов уу. Бүс нутгийн төвшинд, ялангуяа Зүүн өмнөд Азийн хувьд аюулгүй байдал, гео улс төрийн тоглолтууд мэдээж хийнэ. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан гээд том асуудал байна. Дэлхийн төвшинд Хятад улс гол тоглогч болох зорилгоо “Нэг бүс-Нэг зам” төслөөр дамжуулан улам хүчтэй хэрэгжүүлнэ. Хятад улсын эдгээр бодлогыг дэмжих, эс дэмжих нь хөрш болон бүс нутгийн улсуудын худалдааны бодлого, дотоод улс төрөөс шалтгаалдаг. Филиппин улсын иргэний хувьд хэлэхэд, манай улсын Ерөнхийлөгчөөр Дутерте байгаа цагт Хятад улстай одоо байгаа түншлэлийн найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ.

АНУ шинэ ерөнхийлөгчтэй болоход дэлхийн улс төр хэрхэн өөрчлөгдөж буйг бид харж байна. Иймээс Си Жиньпин улсаа насаараа удирдах боломжтой болсон гэдгээс нь илүүтэйгээр Хятадын Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд дэлхийн орнууд хэрхэн хандаж буйг судлах нь чухал. Ямар ч тохиолдолд Хятадыг бид анхаарлын гадна үлдээх боломжгүй бөгөөд урт хугацааны бодлогыг нь ямагт анхааралтай ажиглах хэрэгтэй.

Б.Түвшинтөгс: Би мэргэжлийн эдийн засагч хүн тул тэр бүр улс төр яриад байдаггүй. Монгол, Хятадын харилцааны үндэс нь эдийн засгийн харилцаа юм. Доктор Робинийн хэлсэнчлэн “Нэг бүс-Нэг зам” төсөл бол Си Жиньпин даргын санаачилга. Хүн болгон шахуу энэхүү аварга төслийн тухай ам уралдан ярьж буй хэдий ч төслийн яг нарийвчилсан, техник, эдийн засгийн дэлгэрэнгүй мэдээллүүд гараагүй л байна. Мэдээж тогтвортой, тасралтгүй бодлого нь таамаглахуйц байдлыг үүсгэдэг гэдгээрээ эерэг зүйл. Хятадын хувьд улс төрийн тогтвортой байдал нь баталгаажснаар эдийн засгийн томоохон бодлогууд нь тун удахгүй улам тодорхой болно гэж харж байгаа. Иймээс бидний хувьд эерэг хүчин зүйл юм.

Нөгөө талаар энэ нь огт эрсдэлгүй гэсэн үг бас биш. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө Хятадууд гэнэт хилээ хааж, манай эрдэс баялгийн экспорт дээр том асуудал үүсгэсэн. Нүүрсний экспортын хувьд бид энэ хэдхэн хоногийн хугацаанд багагүй хохирол улсаараа амссан. Хятадын одоогийн удирдлага хэвээр байгаа цагт дахиад ийм асуудал гарахгүй гэх баталгаа бас байхгүй юм. Иймээс бид өөрсдөө маш ухаалаг, мэдрэмжтэй байх ёстойгоос гадна манай эдийн засаг Хятад улсаас хэт их хамааралтай гэдгээ мартаж болохгүй. 

Р.Амаржаргал: Монгол Улсын хувьд тогтвортой байдал маш чухал зүйл. Манай хөрш орнуудын улс төр нь тогтвортой, эдийн засаг нь хүчирхэг, бүс нутаг, дэлхийн хэмжээнд харилцдаг, оролцдог байх нь бидэнд бүр хамаатай. Гэхдээ улс орны тогтвортой байдлыг ямар нэг институци бий болгоод байна уу, эсвэл хэн нэгэн хувь хүн бариад байна уу гэдэг нь хамгийн чухал. Хувь хүний харизм гээд чухал ойлголт байна. БНХАУ ба ОХУ-ын хувьд сая дурдсан хувь хүн болон институцийн харилцан хамаарал байгаа. Тиймээс манай хөрш улсуудын тэргүүнүүд хугацаагүй шахуу улиран сонгогдож байгаа нь Монголын хувьд том асуудал биш. Нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны бодлогын хувьд хөрш улсуудын маань Монголд баримтлах бодлого нь тогтвортой байх тусам бидэнд ашигтай.

В.Ганзориг: Сүүлийн хэдэн жилд дэлхийн улс төрийн тавцанд багагүй өөрчлөлт гарлаа. Хойд Америк, Европын холбоо, Азийн зарим орны жишээг энд дурдаж болж байна. Популизмын эрин үе гэж зарим судлаачид томъёолсон. Энэ Монголд ч хамаатай асуудал. Популизмын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг та бүхэн хэрхэн харж байгаа вэ?

Г.Робин: Юуны түрүүнд популизм гэдгээ бид нэгдсэн байдлаар томъёолох ёстой санагддаг. Ихэнх улсад сөрөг утгаар ойлгогддог.

Популизм бол улс төрийн амлалт дээр дулдуйдан ард түмэнд зориулан хийдэг технологи. Энэ технологиор хэн нэгний эсрэг, эсвэл бидний эсрэг ямар нэг дайсан гаргаж ирдэг. Энэхүү дайсныг хэрхэн бий болгох, юу гэж тодорхойлохыг мэдээж тухайн улстөрч шууд шийддэг

. Филиппинийн ерөнхийлөгч Дутертегийн хувьд хар тамхины наймаачдыг нийгмийн дайснаараа зарласан. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувьд дайснаараа АНУ-ын эрх ашгийн эсрэг бүхий л этгээдийг зарлаж байсан. Тэр ч утгаараа “America First” гэдэг бодлогыг гаргаж ирсэн. Дэлхийн улс төрийн тавцанд тоглож байгаа популизмыг анхааралтай ажиглавал хоёр төрлийн популизм байгааг олж харах боломжтой.

Нэгт, улс төрийн популизм. Цагаачдын асуудал, арьс өнгө, үндэс угсааг ашиглан улс төрийн тоглолт хийж буй этгээдүүдийг энд оруулж болно. Монголын хувьд Хятадын эсрэг үзлийг дэвэргэх байдлаар хоосон улс төр хийдэг хүмүүсийг ажигласан. Өөрөөр хэлбэл зарим улстөрч нийгмийн дайсанг зохиомлоор үүсгэх, улс оронд айдас үүсгэх замаар ард түмний саналыг цуглуулдаг. Монголын хувьд энэ дайсан нь Хятад болж таарч байх шиг байна. Магадгүй Орос ч байж мэдэх юм. Эсвэл барууны улсууд, бүр хувь хүмүүс ч “дайснаар” тодорч болно. Нэгэнт сонгогдсон улстөрч энэ айхтар амлалтаа биелүүлэхийн тулд төрийн бодлого болгодог. Үүнээс болж ямар том асуудал болж байгааг Трампын жишээнээс харж болно. АНУ ба Мексикийн хооронд хана хэрэм барина гэж хүртэл яриад төсөл нь явж байна шүү дээ.

Хоёрт, эдийн засгийн популизм гэж байна. Улс төрийн эдийн засгийн судлаач Дани Родрик энэ талаар гүнзгий судалдаг хүмүүсийн нэг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах нэрийдлээр зарим улстөрчид популизм хийдэг. Жишээ нь, АНУ гадаадаас авдаг гангийн импортын татвар, тарифаа аажим өсгөсөөр байна. Үр дүнд нь бизнесийн ямар ч дархлаагүй дотоодын үйлдвэрлэгчид үүсэх эрсдэлтэй.

Улс төрийн ба эдийн засгийн популизм нь хоорондоо ялгаатай боловч нэг зоосны хоёр тал юм. Иймээс популизм гэдгийг ойлгохын тулд энэ хоёр өнцгөөс асуудлыг харж, улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцоолох ёстой болдог. Манай бусад зочин надтай санал нийлэх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд Европ, Хойд болон Өмнөд Америк, Филиппинийн кэйсүүдийг харж судалж байхад ийм дүгнэлт гардаг юм.

Б.Түвшинтөгс: Популизм гэдгийг маш ойлгомжтой тодорхойлж, томъёолох ёстой гэдэгтэй санал нэг байна. Эдийн засгийн хувьд нэлээд хамааралтай тул Монголын дайсан Хятад гэж бодохгүй байна. Харин ч бид эдийн засгаа солонгоруулж, уул уурхайн салбартаа хэт дулдуйдан амьдарч байгаагаа тэнцвэржүүлж, ганц улстай голлох худалдаа хийдгээ багасгах хэрэгтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн нэг улсаас хамаарах хамаарал нь 34 хувиас дээш байж болохгүй гэж бичигдсэн байдаг санаж байна. Мэдээж бид нэг улсаас хэт хамааралтай байх нь эрсдэлтэй гэж мэднэ. Гэхдээ энэ хамаарлын “аюултай” хувийг ямар аргачлалаар, хэн, хэрхэн тогтоосон нь сонин байдаг. Товчхондоо хэлэхэд Монгол Улс бол Хятадын эсрэг, нэг улсын эсрэг байдаг юм биш шүү.

А.Ундраа: Популизмыг хувь улстөрчдийн олон нийтэд таалагдахын тулд хийж буй үйлдэл гэж бас хэлж болно. Тэгвэл олон нийтийн таалж буй, ард түмэнд таалагдаж буй бүхэн зөв байдаг уу, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг юм уу гэдэг асуулт гарна. Магадгүй ихэнх тохиолдолд зөв байж болно. Гэхдээ зарим тохиолдолд эсрэг үр дүнг авчирдаг. Зарим улстөрч улс орны эрх ашгийн эсрэг, урт хугацааны эдийн засгийн зорилго, үр дүнг золиослох замаар, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж ард түмэндээ таалагдахын тулд богино хугацааны “ашиг” харан зориудаар популист үйлдэл хийж, өрсөлдөгчөөсөө давуу талтай болдог. Үүнийгээ улс төрийн сонгуулийн үеэр ч хийнэ, мөн нам доторх сунгаа, өрсөлдөөний явцад ч ашигладаг. Улс төрийн нам хүртэл институцийн хэмжээнд популизм хийдэг. Жишээ нь, худал амлалт, бэлэн мөнгө тараах гэх мэт нь популизмын сонгодог жишээнүүд юм.

Намаараа талцан уралдаж популист үйлдэл хийх нь улс төрийн хувьд маш хариуцлагагүй үйлдэл. Үндсэрхэг үзэл хаа сайгүй газар авч байгааг олон улсын жишээнээс харж болж байна. Энэ хэрээр улс орнууд дотоодын эдийн засгаа хамгаалах, даяаршлыг эсэргүүцэх хөдөлгөөнүүд эрчээ авлаа. Хэдий дэлхий хавтгай болсон, улс хоорондын худалдаа өмнө байгаагүй хэмжээгээр чөлөөтэй эргэлдэж урсдаг болсон гэдэг ч хамгийн хүчирхэг гэгдэж байсан Европын холбоо хүртэл ганхаад эхэлсэн. БРЕКСИТ-ийн дараа Европын холбоо хэр удаан нэгдмэл байдалтай байх эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байна. Франц, АНУ-ын сонгуулиудын үр дүнг жишээгээр авч болж байна. ОХУ-ын хувьд ч гэсэн улс орноороо бахархдаг үзлийг нь ашиглан улс төрийн тоглолтууд хийж байгааг үгүйсгэхгүй.

Г.Робин: Ундраа гишүүний ажиглалт, дүгнэлттэй санал нэг байна. Популизмын нэг хэмжүүр нь нийгмийн уур амьсгал. Бэлэн мөнгө тараахыг нийгэм тэр чигээрээ таашааж байгаа нь асуудал. Энэхүү ард түмний популист хүсэл нь төрийн бодлого болж батлагдаад хэрэгжээд явах нь том эрсдэл. Харин даяаршлын ач холбогдол буурч байгаа гэж хэлсэнтэй тань санал нийлэхгүй байна. Улс орнуудын худалдааны түншлэл, АСЕАН зэрэг бүс нутгийн эдийн засаг, улс төрийн холбоодыг харвал ихэнх улс хоорондоо бүх төрлийн харилцаанд, ялангуяа худалдааны саад тотгорыг багасгах, үгүй хийхийг л зорьж байгаа. Товчхондоо эдийн засгийн чөлөөт худалдаа, бараа, үйлчилгээний харилцан солилцоог урьд өмнөхөөсөө ихээр хүсч байгаа, тийм хэрэгцээ нь бодитой оршиж байгаа гэж би хардаг.

Ийм учраас эдийн засгийн болон улс төрийн популизм гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой гэж би хэлээд байгаа юм. Улс орнуудын дунд үндсэрхэг үзэл эрчээ авч байгаа гэдгийг судлаачийн хувьд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ үзэл нь доошоо буугаад эдийн засгийн харилцаанд орохоор цагаачлал, нийгмийн халамжийн бодлогуудтай шууд тулдаг.

Р.Амаржаргал: Монгол Улсын хувьд та хэдийн ярьж байгаагаас нөхцөл байдал нь багахан ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой шүү. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгийг ашиглан популизм хийх нь манай улстөрчдийн гаршсан ажил. Би хувьдаа популизмыг үндэс сууриас нь эхлүүлэн судлахыг хүсдэг. Богино хугацааны улс төрийн акцыг популизм дээр суурилан хийдэг. Монголын хувьд улс төрийн систем нь өөрөө популизмтай шууд холбогддог. Одоо байгаа манай сонгуулийн систем популистуудын амьдрах таатай орчин нь яах аргагүй болчихсон. Түүнчлэн сүүлийн үед сошиал медиа популистуудын үндсэн шахуу дэд бүтэц нь болоод байна.

Ерөнхийд нь дэлхий нийтийн хандлагыг ажиглахаар рационал хандлага гэдэг зүйл ажиллахаа больчихлоо. Эмоци дээр суурилсан бараг бүх зүйл ард түмний дэмжлэгийг авдаг болчихлоо. Эсрэгээрээ асуудалд энгийн логикоор ханддаг хүмүүс улам бүр цөөрч байна. Сүүлд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан судлаачид ч үүнийг батлаад байна. Хүмүүс рационал хүлээлттэй байдаг боловч бүх хандлага, үйлдэл эмоци дээр суурилан хийгддэг бөгөөд хүн иррационал юм аа гэдгийг хэлээд байна л даа. Үүнийг бид зайлшгүй анхаарч судлах ёстой. Рационал асуултанд эмоциор хариулаад байгаа популист хүмүүстэй өрсөлдөх улам бүр хэцүү болж байна. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Улс төрийн систем, тухайн улсын соёл, уламжлал, зан заншил, эдийн засгийн орчин нөхцөл гэх мэт. Миний бодлоор улс төрийн шинжлэх ухааны судлаачдын хувьд популизмын суурь шалтгаан, энэ систем хэрхэн ажилладаг, нийгэм, эдийн засагт нөлөөлөх нөлөө гэдэг агуулгаараа Монгол Улс хамгийн сонирхолтой судалгааны бааз суурь, кэйс нь болж чадна гэж боддог.   

Миний л мэдэхийн популизм өнөөг хүртэл Монголд ямар ч эерэг үр дүн авчраагүй. Ер нь Монгол Улсад эерэг нөлөө үзүүлсэн популизмын жишээ байна уу гээд би гайхаад хайгаад яваад байгаа юм, сүүлийн үед.

Б.Түвшинтөгс: Миний бодлоор ардчиллын 27 жилийн эхний 10 жилд бид хүссэн нийгмээ цогцлоож чадаагүй. Бидний ардчилалд суралцах, шилжилтийн сорилттой үе байсан. Хүүхдээр бол нярай үе. Харин дараагийн 10 жилд бид хэнийг сонгох ёстой юм, яаж сонгох ёстой юм гээд сонссон мэдээллээ мэдлэг болгох процест суралцсан. Өнөөдрийг хүртэл сонгогчид өдрөөс өдөрт ардчиллын үнэт зүйлст суралцсаар л байна. Ардчилал гэсэн улс төрийн системд орохын сацуу бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн систем рүү хос шилжилт хийсэн. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл социалист эдийн засгийн механизмыг буцааж хэрэглэх санаа, санаачилгууд гарсаар л байна. Тухайлбал, зээлийн хүү, товаарын үнэд дээд хязгаар тогтоох гэх мэт. Өөрөөр хэлбэл бидэнд зөндөө асуудал байна. Яагаад гэвэл бид ардчилал, зах зээлийн орчилд нялх хэвээрээ л байсаар байна.

Р.Амаржаргал: Саяхан бид Ирландын нэг профессорыг урьж БРЕКСИТ-ийн талаар лекц уншуулсан юм. Түүний үндсэн мессеж уг нь бол бүх улстөрч БРЕКСИТ-ийн эсрэг байр суурьтай буюу ИБУИНВУ Европын холбооноос гарахын эсрэг байсан. Түүний судалгаагаар бол бараг бүх бизнесийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөл мөн л БРЕКСИТ-ийн эсрэг байсан. Британийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн БРЕКСИТ-ийг огт дэмжихгүй байсан. Гэтэл санал хураалтын үр дүн эсрэг гарсан.

В.Ганзориг: Яагаад тэр вэ?

Р.Амаржаргал: Хэн ч үүний учир шалтгааныг бодитой тайлбарлаж мэдэхгүй байна. Популизм, даяаршил, эмоци дээр суурилж буруу шийдвэр гаргадаг сэдвүүдтэй холбохыг оролдож байгаа хэдий ч яг баталгаатай шалтгааныг гаргаагүй л байна. Та нар бод л доо, 400 жилийн парламентын соёл, уламжлалтай Их Британи улс Европын холбооноос гарах шийдвэр гаргалаа шүү дээ. Гэтэл бид ардчиллын дөнгөж 27-хон жилийн туршлагатай сууж байна. Тэгж бодохоор магадгүй Монголын популизм байх л зүйл мэт санагддаг юм аа, хааяа. 

Г.Робин: Монголын кэйс маш сонирхолтой. Хоёр том мөнхийн хөрш нь улс төрийн хувьд магадгүй хамгийн ардчилсан буст тооцогдоно. Энэ том хоёр хүчний дунд Монгол өнөөг хүртэл яаж ингэж явахаар барахгүй ардчиллын өлгий нутаг, тусгаар бие даасан улс байгаад буй нь маш сонирхолтой кэйс. Үүнээс үүдээд аливаа улс ер нь ардчилалд бэлэн байдаг юм уу гэсэн философийн асуулт гарч байна л даа, миний хувьд.

Р.Амаржаргал: Монгол Улсын хувьд ардчилал гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхээс гадна үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар улсын чухал сэдэв юм аа. Монгол өөрөө ардчилсан улс байж гэмээнэ бусдын сонирхлыг татаж байгаа юм. Тийм биш байсан бол биднийг өнөөдөр хэн сонирхож, тоох юм бэ? Бие даасан тусгаар улс учраас ардчилсан байгаа юм. Ардчилсан байгаа учраас олон улсын эдийн засаг, глобал зах зээлтэй ойлголцож чадах ёстой юм.

Г.Робин: Таныхаар бол ардчилал бол улс орны хөгжлийн тулгуур юм байна, зөв үү?

Р.Амаржаргал: Эдийн засгийн өсөлт, популизмтай холбоотой асуудлууд, ардчиллын сорилтууд бидэнд багагүй бий. Гэхдээ ардчиллын жинхэнэ утга учир нь эдийн засгийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, сонгох, сонгогдох эрх, улс төрийн эрх чөлөө биш юм аа. Энэ бол тусгаар улсын эрх чөлөө, бие даасан байдлын тухай асуудал юм.

А.Ундраа: Нүүдэлчдийн эрх чөлөөт хэв маягтай холбогдоод ардчилал нь монголчуудын хувьд их ойрхон үнэт зүйл нь гэж би боддог. Нээлттэй байдал, үзэл бодлоо илэрхийлэх болон хаана, хэзээ, юу хийх эрх чөлөө нь бидний цусанд байдаг чанар мэт санагддаг. Гэхдээ үүнийг улс төрийн систем руу хувиргаж харвал арай өөр дүр зураг харагдана. АНУ-д судлаачаар цөөнгүй жил ажилласан хүний хувьд монгол хүн хуучин социалист улсуудын иргэдээс төрөлх зан чанар, хандлагаараа тэнд илт ялгардаг. Тухайлбал, аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар, асуудлаас өөрийгөө авч гарч байгаа байдал гэх мэт. Үүний шалтгаан нь нүүдэлчин ардын хэв маяг уу, эсвэл ардчилсан нийгмийн үнэт зүйлс болсон нээлттэй, чөлөөтэй байдал, түүнийгээ илэрхийлэх чадвар уу? Би сайн хэлж мэдэхгүй байна.

Сүүлийн үед ардчиллын үнэт зүйлс болон утга учир нь юу билээ, ямар байх ёстой билээ, одоо ямар байна вэ гэх зэргээр асуудлууд ойр ойрхон гарах болсон. Ерөнхийд нь хэлэхэд бид ардчиллын суурь зарчмыг үнэт зүйлсээ болгоод, олон улсын тавцанд багагүй нэр хүнд олж авч чадсан гэж боддог. Гэвч сүүлийн жилүүдэд Амаржаргал гуайн хэлснээр ардчилсан зарчмаар мэт боловч популист шийдлээр улс орон удирдагдах гээд байдаг болчихлоо. Тийм ч учраас олон хүн ардчилал гэдэг чинь яг зөв систем мөн үү гэж асуугаад эхэлчихлээ л дээ. БРЕКСИТ-ийн жишээг харвал шийдвэр гаргагчид өөрсдөө хүсээгүй боловч ард түмнийхээ хандлагыг дагаад, тэдэнд таалагдахын тулд тийм шийдвэр гаргасан. Хэрэв одоо Британийн иргэдээс одоо байгаа нөхцөл байдал чинь БРЕКСИТ-ийн өмнөх үеэс ямар байна гээд асуувал нэлээд сонирхолтой үр дүн гарна даа.

Г.Робин: Ундраа гишүүн маш чухал өнцгүүдийг хөндөж байна. Яг ийм нөхцөл байдлын улмаас Хятад зэрэг ардчилсан бус орон “мода”-нд ороод эхэлсэн. Олон орны жишээнээс бид ардчилсан гэхээс илүүтэйгээр диктатур маягийн системийг тухайн нийгэм хүсэмжлээд эхэлснийг харж болно. Тийм учраас Монгол Улс одоог хүртэл энэ хоёр дэлхийн сүпер хүчний дунд хэрхэн ардчилсан улс байж чадаад байгаа нь олон улсын төвшинд маш сонирхолтой кэйст тооцогдоно шүү.

Хуучин коммунист байсан Вьетнам, Лаос, Камбож улсуудыг харвал Хятадын явуулж буй ардчилсан бус систем үүсгэх оролдлого нь тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжээд байдаг. Тийм учраас миний хувьд Монголын кэйс, нөхцөл байдал маш сонирхолтой байгаад байна.

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Монголын хамгийн том эрсдэл улс төр гэсэн байсан

В.Ганзориг: Нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-ын төрийн томоохон түшмэл “Монгол Улс бол ардчиллын баянбүрд” гэж хэлсэн билүү?

А.Ундраа: Хэдэн жилийн өмнө УИХ-д С.Оюун гишүүнийг байхад бид хамтраад “Олон улсын эмэгтэй манлайлагчдын чуулган”-ыг Монголд зохион байгуулсан. Ардчилсан нийгмийн төлөөллийн хувьд бид эмэгтэйчүүдийн оролцоогоо олон улсад харуулахыг давхар зорьсон юм. Энэ зорилгоор Польш, АНУ зэрэг улсын Гадаад хэргийн яам, Төрийн департменттай холбогдсон. Бидний санаачилга, яриа хэлцэл амжилттай болж АНУ-аас Хиллари Клинтон хүртэл ирсэн. Тэр үед Хиллари парлемантад “Ардчиллыг мэдэрье гэвэл Монголд ир” гэсэн утгатай үгээ хэлсэн юм. Энэ бичлэг нь одоо ч Youtube-д байдаг. Гэхдээ бидний өнөөгийн байдал энэ хэлсэн үгийг баталж чадаж байна уу гэж би хааяа боддог юм.

В.Ганзориг: 2017 оны тавдугаар сард Филиппин улсын Ерөнхийлөгч Монгол ба Турк улсыг АСЕАН-ын гишүүн болоход нь дэмжиж тусална гэж мэдэгдэж байсан. Дутерте Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийг та бүхэн юу гэж ойлгосон бэ? Газарзүйн байршлын хувьд Монгол АСЕАН-ын гишүүн болоход асуудалгүй юу?

Г.Робин: Яг үнэндээ Монгол АСЕАН-ын бүс нутгийн форумын гишүүн аль хэдийнэ болсон. Энэ нь АСЕАН-ын олон салбар байгууллагуудын нэг гэсэн үг. 2015 оны хувьд Монгол Улс Филиппинтэй хамтраад АСЕАН-ын бүс нутгийн форумыг хамтдаа даргалан удирдсан юм. Энэ форум нь маш өндөр ач холбогдолтой. Учир нь эдийн засаг гэхээс илүү бүс нутгийн аюулгүй байдлыг голчлон хэлэлцэж шийдвэр гаргадаг юм. Хятадын хүч чадал өдөр ирэх тусам Зүүн болон Зүүн өмнөд Азид өсч байгаагаас шалтгаалж энэхүү бүсийн лидер байсан Япон улс бодлогоо эргэж харах ёстой болсон. Энэ форумд 20 гаруй улсын төлөөлөл багтдаг бөгөөд энэ том хурлыг Монгол Улс даргалан удирдсан гэдэг бол яах аргагүй чухал үйл явдал.

А.Ундраа: Робин, ноён Амаржаргал 1990-ээд оны сүүлээр Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Таны яриад байгаа форумд Монгол Улс нэгдэн орох шийдвэрийг энэ хүн гаргаж байсан юм.

Р.Амаржаргал: Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд олон улсын байгууллагуудын гишүүнчлэл чухалд тооцогддог. Ийм ч учраас НҮБ-аас авахуулаад бүс нутгийн холбоод, байгууллагуудад бид маш идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахыг чармайдаг. Миний үед бид АСЕАН-ын гишүүн болох хүсэлтээ тавьсан боловч арай л эрт байна. Гэхдээ бүс нутгийн форумын (ASEAN Regional Forum) гишүүн болооч гэж урьж байсан юм. Одоог хүртэл Монгол Улс АСЕАН-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэл хэвээр бөгөөд үүнд Монголын газарзүйн байршил хамаагүй. Нэмээд бид манай бүс нутгийн чухал байгууллага болох АПЕК-ийн гишүүн болох зорилготой байдаг. Ингэснээр бид бүс нутаг, олон улсын төвшинд дуу хоолойгоо шууд хүргэх боломжтой болох юм.

Намайг Монгол Улсын Ерөнхий сайд байхад Монгол Улс Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) гишүүн болж байсан. Тэр үед олон хүн яахаараа Монгол Улс хаа байсан Европын банкны гишүүн болдог юм гээд гайхаж байсан. 

А.Ундраа: Гэтэл одоо ЕСБХБ нь Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болсон байна.

Р.Амаржаргал: Тухайн үед бид аль болох олон улсын байгууллагууд, холбоодын идэвхтэй гишүүд, тэдгээр байгууллагын салшгүй нэг хэсэг байхыг зорьж байсан.

В.Ганзориг: Робин, Дутерте Ерөнхийлөгчдөө биднийг мэндийг дамжуулангаа Монгол Улс АСЕАН-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтэй хэвээрээ шүү гэдгийг дамжуулаарай. (Инээлдэв)

Г.Робин: АСЕАН-ын бүрэн эрхт гишүүн болохын тулд заавал бүс нутгийн гэх шаардлага байхгүй. Салбар байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжин энэ байгууллага руу нөлөөлөх, оролцох боломжтой.

Р.Амаржаргал: Яг үнэн. Урилгаар оролцдог, эсвэл ажиглагч гишүүний статус гэж байдаг.

В.Ганзориг: Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг ойлголоо. Гэхдээ Монгол Улс АСЕАН-ын бүрэн эрхт гишүүн болбол Монголд наалдах нийгэм болон эдийн засгийн үр нөлөө юу байх вэ?

Р.Амаржаргал: Бүс нутгийн чөлөөт худалдаа.

Г.Робин: Бүс нутгийн худалдаа магадгүй АПЕК-тай илүү холбогдох байх. Азийн улсуудын нэгдлээс гадна АНУ-ын санаачилга шахалтаар энэ төрлийн байгууллагатай өрсөлдөхүйц институциуд байгуулагдаад явж байгаа. Гэхдээ аль байгууллагад харьяалагдах нь тухайн улсын сонголт. Товчхондоо хэлэхэд, эдийн засгийн харилцаа эдгээр байгуулагын оршин тогтнох үндэс нь гэж хэлж болох байх аа.

В.Ганзориг: Ярилцлагын сэдвээ жаахан хумих саналтай байна. Монголын талаар ярилцъя. Өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдлыг та бүхэн хэрхэн дүгнэж байна вэ? Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Монголын хамгийн том эрсдэл улс төр гэсэн байсан. Үнэхээр тийм бол шийдэл юу вэ?

Г.Робин: Гаднын хүний хувьд Түвшинтөгс докторын ярианаас Монголын эдийн засаг Хятадаас нэлээд хамааралтайг ойлгосон. Хэрэв нэг өдөр Хятад Монголоос бүх төрлийн худалдааны харьцаагаа тасаллаа гэж бодвол яах вэ? Энэ бол улсын хэмжээнд асар том эрсдэл.

Р.Амаржаргал: Яагаад Хятад ийм үйлдэл гаргана гэж?

Г.Робин: Хятад улс яг ийм үйлдэл гаргах эсэхийг мэдэхгүй ч хэрвээ ийм тохиолдол болбол гэж ярьж байгаа юм.

Р.Амаржаргал: Монгол бүс нутаг, дэлхийн төвшинд аль болох бүх салбарт идэвхтэй, хариуцлагатай тоглогч байхыг хичээсээр ирсэн. Тийм учраас Монгол Улс алдаатай бодлого явуулсны улмаас хөрш орнууд маань бидний эсрэг бодлого явуулахад дэлхий нийтээр харна, мэднэ. Өнөө үед бусдын алдаан дээр тоглож байгаа улсыг бусад улсууд нь хараад нэг их талархаж дэмжихгүй гэж бодож байна. Тэгэхээр Монгол Улс өөрөө дэлхийн хэмжээнд хариуцлагатай, нямбай тоглогч байх ёстой болж байгаа юм.

Г.Робин: Би Хятадтай холбоотой ийм үйл явдал болно гэж хэлээгүй ч хэрвээ болбол гэж тооцоод үр нөлөөг нь ярихыг хүссэн юм. Яг үнэндээ ижил төстэй үйлдлийг Хятад Филиппин улсад хийсэн юм аа. “Бананын кэйс” гээд улс төр болон эдийн засгийн алдартай кэйс Филиппин ба Хятадын хооронд байна. Хятад ба Монголын харилцаанд ийм зүйл тохиолдохгүй байх магадлалтай ч онолын хувьд боломжтой гэдэг утгаар нь хэлсэн юм.

Р.Амаржаргал: Монголын эрсдэлийн цөм нь дотоодын улс төр, түүний тогтворгүй байдал гэж Ганзоригийн хэлсэнтэй санал нэг байна. Ардчиллын хөгжлийн шатаар яривал Монгол нь шилжилтийн насандаа яваа улс. Тэгвэл улс төрийн тогтворгүй байдлын эрсдлийг яаж бууруулах вэ гэдэг асуулт гарна. Миний хувьд хариулт нь улс төрийн институциудыг бэхжүүлэх, төрийн ба иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах гэж хэлнэ. Үүнийг амархан ажил гэж хэлэхгүй ээ. Ийм учраас улстөрчид өөрсдөөсөө эхлээд хамгийн хариуцлагатай хувь хүмүүс байх ёстой болоод байгаа юм. Дотоодын улс төр нь тогтвортой болчихвол эдийн засаг аяндаа сэргээд ирнэ. Цаашилбал хөрш орнуудтай харилцах харилцаа ч дараагийн төвшинд гарна.

А.Ундраа: Би УИХ-д олонх болсон намыг төлөөлж байна. МАН парламентийн 76 суудлаас үнэмлэхүй олонх буюу 65 суудлыг нь эзэлдэг хэдий ч саяхан Засгийн газраа унагааж шинэ Засгийн газар байгуулсан. Засгийн тогтвортой байдал гэдэг утгаараа би Засгийн газрыг өөрчлөхийн эсрэг саналтай байсан. Нэг нам, нэг зорилготой мэт боловч явцын дунд бид санал хуваагдан зарим нь шинэ Засгийн газар бүрдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Ардчилсан нийгмийг сонгосноос хойш бид маш олон Засгийн газрын нүүр үзэж байгаа. Тийм ч учраас одоо Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг асуудал яригдаад эхэлсэн. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь гаднаас бус бидний дотоодын үйл ажиллагаанаас шууд хамаатай гэдгийг энд хэлэх ёстой.

Эцсийн дүндээ Монголын улс төрийн намууд хөгжиж, чанаржина гэдэгт найддаг. Бид ардчилсан улс. Улс төрийн намууд институтийн хувьд бэхжиж чадвал мерит дээр суурилсан төрийн бодлого тодорхойлох асуудлууд аяндаа шийдэгдэнэ гэж би хувьдаа хардаг. Би физикч хүн учраас системийн шинж чанарыг дүн шинжилгээний төсөөлөлтэй байдаг. Систем зохион байгуулалттай буюу замбараатай ажилладаг нөхцөлд систем өөрийн гэсэн тодорхой шинж чанар, зүй тогтолтой байдаг. Эсрэгээр систем эмх замбараагүй үед өөр шинж чанар үүсгэж, хэв маягаа өөрчилдөг. Манай өнөөгийн нийгэм эмх замбараагүй системийн шинж чанарыг илэрхийлж, бараг хаос санамсаргүйн онолд захирагдаж байна. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттай байх үеийн системийн шинж чанараас улам бүр холдож байна.

Улс төрийн намууд төлөвшөөгүй нөхцөлд ард түмэн үргэлж сэтгэл хангалуун бус байна. Харин улс төрийн намууд төлөвшсөн нөхцөлд ард түмэнд сонголт бий болж, тэднийг хооронд нь харьцуулж шийдвэрээ гаргах боломжтой  болдог.

В.Ганзориг: Та хэдийн яриаг сонсоод ингэж дүгнэж болж байна уу? Улс төрийн намууд нь төлөвшиж амжаагүй юм байна. Тэр утгаараа Монгол Улс өдийг хүртэл өөрийн гэсэн үнэ цэнэ, нэгдсэн зорилгогүй яваад байна гэж ойлгож болох уу шууд утгаараа?

А.Ундраа: Монгол Улсыг өөрийн гэсэн зорилгогүй гэж хэлж болохгүй. Зорилго мэдээж байгаа. Үе үеийн парламент, Засгийн газрууд улсынхаа урт хугацааны зорилгыг тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэхээр явж байгаа. Харин энэхүү зорилгоо хэрэгжүүлэх явцад системийн эсвэл хувь хүнээс хамааралтай алдаанууд гарах, багаар ажиллах чадвар, сэтгэл дутагдах, бие биенийхээ давуу ба сул талыг хүлээн зөвшөөрч сурах дээрээ одоог хүртэл алдаж, энэ алдаанаасаа суралцсаар яваа гэж харж байна. Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрсдийн нөхцөлд илүү таарсан хөгжлийн зорилгоо болгон 2030 он хүртэлх зорилгоо тодорхойлж, тэр зорилтын хүрээнд бага биш ажлуудыг хийгээд байгаа шүү дээ. Үүнийгээ үгүйсгэж болохгүй.

Энэ зуур мэдээж монгол зорилго гэж байх ёстой юу, байвал тэр нь юу байх ёстой вэ гээд нийгмийн эрэл хайгуул явж буйг анзаарч байгаа. Энэ нь цаад утгаараа Монгол Улсын ижилсэл, монгол хүний үнэ цэнэ, эдийн засгийн солонгорол, нийгмийн чанартай үйлчилгээ гээд олон асуудалтай холбогдоно.

Б.Түвшинтөгс: Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа бол нэг л эх сурвалж. Түүнтэй адил бизнесийн орчинг судалдаг маш олон судалгааны эх үүсвэр байгаа. Эдгээрийг базаад хэлбэл сүүлийн 5-7 жил манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсангүй, харин ч улам бүр дордоод байна. Мэдээж биднээс үл хамаарах хүчин зүйл буюу уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлий үнэ гэж бий. Энэ үнэ сүүлийн жилүүдэд тогтворгүй, уналтын байдалтай байгаа. Нөгөө талаасаа манай улсын тогтвортой болон тасралтгүй бодлогын нөлөө гэж байна.

Та сая манай улс нэгдсэн зорилгогүй юм биш үү гэж асууж байна. Магадгүй Засгийн газар болгон нэг ижил зорилготой байдаг байх. Гэхдээ энэхүү зорилгоо хэрэгжүүлэх бодлого нь өөр өөр байдаг болов уу. Тийм учраас тогтвортой бодлого гэдэг асуудал өөрийн эрхгүй үүсээд байна. Сайд болгон өөрийн зорилготой хэдий ч тэдгээр зорилгуудын ач холбогдлын эрэмбэ нь байнга өөрчлөгддөг. Зорилгоо ийм ойр ойрхон өөрчлөөд түүнийгээ хэрэгжүүлэх бодитой чадвар нь байна уу гээд харахаад үнэндээ байдаггүй. Улс төрийн намууд гэлтгүй төрийн төвшинд бидний чадвар, нөөц хязгаарлагдмал гэдийг би энд онцломоор байна. Тийм ч учраас төрийн бодлогын тасралтгүй чанар гэдэг асуудал байн байн үүсээд байдаг юм.

Бодлогын тасралтгүй чанар гэдэг бол манай институтиудын гол сул тал. Амаржаргал гуайн хэлснээр ардчиллыг бэхжүүлэх нэг арга нь институтиудын чадавхийг бэхжүүлэх юм. Тэр утгаараа бид бодлогын тогтвортой, тасралтгүй байдлыг хангахын тулд ямар нэг механизм хэрэглэх ёстой ч юм уу гэж хааяа бодогддог.

В.Ганзориг: Төрийн бодлогын тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор тусгай хууль гаргаад хүчилж болдоггүй юм уу?

Р.Амаржаргал: Та хэдийн ярьж буй зүйлсийг дэмжиж буй боловч зарим нэг ньюансыг бид анхаарах ёстой. Энэ бол төрийн үйлчилгээ! Хэрэв мерит дээр суурилсан төрийн жинхэнэ албыг бий болгож чадвал засаг хэчнээн солигдож байсан ч бодлогын хэмжээнд ямар ч өөрчлөлт гардаггүй. Иймээс төрийн хүчирхэг, мэргэжлийн, шударга институцийг байгуулах нь төрийн бодлого тогтвортой бөгөөд тасралтгүй хэрэгжих үндсэн суурь нь болов уу.

Б.Түвшинтөгс: Байнга солигддог төрийн алба ба түүний албан хаагчдын сэлгээнээс болж төрийн албаны чанар жил ирэх тусам муудаж байна. Яамны хамгийн доод албан тушаалтны сэлгээ ч системийн чанарт шууд нөлөөлдөг. Ямар ч системд санах ой гэж байдаг. Бид институцийн санах ойгоо алдсаар байна.

А.Ундраа: УИХ Төрийн албаны тухай хууль баталсан. Энэ хуулийн зорилго нь төрийн албаны залгамж чанарыг хадгалах, тогтвортой байдлыг хангах, мерит дээр суурилсан шаардлагыг стандарт болгох замаар төрийн санах ойг баталгаажуулах юм. Хэсэг хугацааны дараа бид энэхүү хуулийн хэрэгжилт болон зорилгодоо хүрсэн эсэхийг мэдэх байх аа.

Г.Робин: Бид институтийн хөгжлийн талаар нэлээд ярилцаж байна. 1990-ээд оны үеэд энэ сэдэв их хүчтэй яригддаг байсан. Учир нь тэр үе ардчилал руу шилжих алтан үе байлаа. Одоо бид эргээд институцийн чадавхаа хэрхэн сайжруулж чадсан бэ, тухайн үеийн зорилгоо биелүүлж чадсан уу гэдгээ дүгнэх ёстой. Институтийн чанар, чадавх гээд ярихаар олон хүмүүс Япон улсыг жишээ авч ярьдаг. Үүнийг судлахаар хоёр зүйл дээр очоод зогсдог. Эхнийх нь төвийг сахигчийн статус. Өөрөөр хэлбэл хүнд суртал гаргах боломжгүй төрийн албыг үр ашигтай, бүтээмжтэй, чанартай ажиллуулах сисем юм. Хоёр дахь нь өрсөлдөх чадвар. Өөрөөр хэлбэл хэдий аль нэг тал руу туйлширдаггүй, төвийг сахисан ч ур чадвар байхгүй бол төрийн үйлчилгээ явахгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээс эдгээрийг хялбархан харж, тухайн улсыг дүгнэж болно. Харамсалтай нь Филиппин улс үүгээрээ сайн жишээ байж чадахгүй. Гоё юм ярьдаг ч хэрэгжүүлж чаддаггүй. Тэгэхээр энэ тал дээрээ Монгол Улс ганцаараа гэсэн үг биш шүү. (Инээлдэв)

В.Ганзориг: Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлсэн нэвтрүүлгээ би ардчилал гэж юу вэ гэдэг асуултаар дуусгахыг хүсч байна. Улс төрийн эрсдэл дээр олон хүчин зүйлийг бид ярилцлаа. Тэгээд ер нь ардчилал гэж яг юу юм бэ?

Р.Амаржаргал: Таны наад асуултад би хариулж чаддаг ч болоосой гэж хүсч байна.

А.Ундраа: Энэ асуулт тань их философийн шинжтэй асуулт байна.

Г.Робин: Энэ бол өнөө цагт маш ярвигтай, шууд хариулахад хүнд асуулт. Нийгэм, эдийн засаг, улс төр судлаачдын хувьд одоог хүртэл нэгдсэн байдлаар ардчиллыг яг таг томъёолсон тодорхойлолт байдаггүй. Миний хувьд ардчиллыг эрх чөлөөний үнэ цэнэ гэж хэлнэ. Сайн муу, зөв буруу ч бай хүн ямар нэг сонголт хийж л байвал тэр ардчиллын нэг хэлбэр болов уу.

Р.Амаржаргал: Ардчиллын индексийн судалгаагаар дэлхийн 167 улсаас Хятад 137-д жагсч байхад Монгол Улс түүнээс хамаагүй дээгүүр эрэмблэгдэж байсан. Гэсэн ч ардчиллын индексийг хэрхэн тодорхойлж байгаа нь бүрхэг байгаа юм. Бүр судалгааныхаа төгсгөлд судлаач эдийн засагчид бидний ардчиллыг томъёолох тодорхойлолт 100 хувь тодорхой биш бөгөөд нэгдсэн юниверсал ойлголт одоогоор байхгүй гэж бичсэн байсан. Гэхдээ энэхүү индексийг гаргахдаа чөлөөт сонгууль, ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан байсан. Гэхдээ тухайн улсуудын улс төрийн намуудын чанар, бүтцийг ухаад үзэх юм бол олигтой юм юу ч гарахааргүй байдаг юм. Иймээс ардчилал гэдгийг тодорхойлоход хэцүү байна.

Ардчиллыг Америкууд нэг өөрөөр тайлбарлаж ойлгож байхад Хятадууд шал өөрөөр ойлгож орчуулж хэрэглэж байдаг юм шүү дээ. Монголын ардчилал гэдэг үүнтэй агаар нэг өөрийн улсын онцлогийг шингээсэн байх ёстой юм болов уу гэж боддог.

Эдийн засагч хүний хувьд би ардчиллыг орлогын төвшингөөр тодорхойлохыг хүсдэг. Хүний орлого тодорхой төвшинд хүрмэгц энэ ойлголт амьдрал дээр биелэлээ олдог болохоос биш идэх хоол, өмсөх хувцасгүй хүнд хэчнээн ардчилал гэж яриад нэмэр байхгүй шүү дээ.

Б.Түвшинтөгс: Ардчилал гээд ярихаар миний хувьд Жон Лок, Томас Жефферсоны тодорхойлолт санаанд буудаг. Эдгээр нь хувь хүний эрх чөлөөнөөс эхэлдэг боловч тэгээд цаашаа гээд асуухаар би улстөрч биш болохоор үнэхээр хариулж мэдэхгүй байна.

В.Ганзориг: Үнэхээр мэргэжлийн эдийн засагч хүн шиг хариулж байна шүү!

Р.Амаржаргал: Хүний амьжиргааны наад захын хэрэгцээ хангагдаж байж нийгэм, улс төрийн асуудал тэдний хувьд асуудал болж харагдаж эхэлдэг. Гэдэс чинь хоосон, орох оронгүй хүмүүс таны хүслийг биелүүлж өгье гэсэн дурын улстөрчийг сонгох маш өндөр магадлалтай шүү дээ. Тийм учраас популизм дэлгэрээд байгаа гэж бодож байна. Эдийн засаг хөгжөөд буй мэт боловч эдийн засгийн бүтэц нь буруу, баялгийн хуваарилалт нь шударга бус болохоор нийгмийн ялгаа үүсч байна.

А.Ундраа: Би та бүхэнтэй санал нийлэхгүй нь гэж санаа зовж байна. Миний хувьд ардчилал гэдэг нь ард түмний дундын сонголт, тэдний хамтын үнэ цэнэ юм. Өөрөөр хэлбэл хэдий цөөн өөр саналтай байсан нь олонхийн шийдвэрийг хүндэтгэн дагах соёл юм.

Р.Амаржаргал: Манайд яг наад яриад байгаа институци нь байхгүй байна шүү дээ.

А.Ундраа: Тийм л дээ. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ээс үл хамааран энэ систем ингэж ажиллах тухай хэлсэн юм аа.

В.Ганзориг: АНУ-ын нэгэн эдийн засагчийн судалгаараа бол хүний жилийн орлого 70 мянган долларт хүрэхээр энгийн хэрэгцээ бүрэн хангагддаг гэж тооцсон байна лээ.

А.Ундраа: Таны жилийн орлого 70 мянган доллар биш байсан ч та олонхийн гаргасан шийдвэрийг дагах тухай л хэлээд байна. Энэтхэгийн удирдагч асан Ганди гуай улс орноо гаднын колонийн статусаас тусгаар улс болгох том ажлыг хийсэн. Ингэхдээ нэг хүнд ногдох орлогоос үл хамааран ардчиллыг сонгосон. Одоо хүртэл магадгүй нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээр Монгол Энэтхэгийн дээр байгаа байх шүү. Би ардчиллын үнэт зүйлд итгэдэг.

В.Ганзориг: Баярлалаа та бүхэнд! Нэвтрүүлгээ товч дүгнэхийг зөвшөөрнө үү. Эмоци ба рационал байдлын тулаан гэж хэлмээр байна. Улс төрийн эрсдэлийн төвшинд аль нь дийлэхийг бүгдээрээ харахаас өөр сонголт алга даа.