Syndicate talk: 1072 ширхэг хувьцаа
Энэхүү дугаараар Монголчууд бид эрдэс баялгийнхаа эзэд нь мөн үү, иргэдийн 1072 ширхэг хувьцаа хэзээ арилжаалагдаж, ногдол ашиг хүртэх вэ зэрэг асуултын хариултыг хайж, уул уурхай болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа. Нэвтрүүлгийн зочноор уул уурхайн инженер, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Тулгат, Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооны ТУЗ-ийн гишүүн М.Алзахгүй, Ард санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар оролцлоо.
В.Ганзориг: Та бүхэн “алдарт” 1072 ширхэг хувьцааг иргэдэд хууль ёсны дагуу эзэмшүүлэх, өмчлүүлэх ёстой гэх үндэслэлээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг шүүхэд өгч байсан. Магадгүй тэр ажлын үр дүн нь гарч, тус компани IPO хийх тухай асуудал яригдаад эхэлчихлээ. Бидний 1072 ширхэг хувьцааны түүх хаанаас эхлэлтэй вэ. Шүүхэд очих болсон шалтгаан юу бэ. Одоо 1072 ширхэг хувьцаа ард иргэдийн өмч гэж бүртгэгдсэн үү?
Л.Наранбаатар: 1072 ширхэг хувьцааны түүх “Хувьцаа минь хаана байна” гэдэг асуултаас эхлэлтэй. Гэтэл хувьцаа, хэвлэсэн үнэт цаас, бүр бүртгэсэн газар ч байхгүй байсан. Ямар ч үнэлгээ байхгүй хэрнээ 1072 ширхэг хувьцаа гээд л яваад байсан. Үүнийг олон жил сонгуулийн шоу болгож явсан даа. Хүмүүс ойлгохдоо “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани ашигтай ажиллаад, ногдол ашиг авч байна гэж ойлгосон. Гэтэл үнэн хэрэгтээ Засгийн газар Монголбанкнаас мөнгө хэвлэх эсвэл иргэдийнхээ хувьцааг худалдаж аваад буцаад төрд төвлөрүүлэх ажиллагааг хийсэн байсан. Ингээд нэг мэдэхэд төрийн өмчийн хэмжээ нь 85 хувьд хүрсэн. Уг нь 50 хүртэлх хувийг иргэд эзэмшин, Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг нээлттэй засаглалтай, хувьцаат компани болчихсон байх ёстой байлаа. Гэтэл хэдийн 85 хувийг нь төр эзэмшдэг, 14.5 хувийг нь 2.5 сая иргэн эзэмшдэг, 0.5 хувийг нь 533 аж ахуйн нэгж эзэмшдэг аж ахуйн нэгж болчихсон.
Төр 85 хувиар давамгайлж байгаа болохоор шийдвэрээ гарган, ТУЗ-ийн гишүүдээ томилсон. Ийм л засаглалтай яваад байсан. Гэтэл хувьцаа эзэмшиж буй 2.5 сая иргэн компанийнхаа хуралд орж саналаа хэлэх эрх байгаагүй. Эндээс л асуудал үүссэн. Ард иргэдийн дуу хоолой хумигдаж, бидний өмнөөс хэн нэгэн дарга, улс төрч асуудлыг шийдээд явдаг байжээ. Тиймээс Ч.Ганхуяг захирал нэг өдөр над руу ярьсан юм. Чи нүүрсний салбарын инженер, эдийн засагч хүн. Хуульч Баяр гээд энэ чиглэлийн туршлагатай хүн бас байна. Хуульч, санхүүч, эдийн засагч гурав нийлээд энэ асуудлыг хөндвөл яасан юм бэ гэж ярилцсан. Тэгээд л асуудал эхэлсэн юм.
Ч.Ганхуяг: Бид энэ асуудлыг олны нийтэд мэдээлэх ёстой юм байна гэж үзээд өнгөрсөн жилийн хавар “Туушин” зочид буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Тэр үед олон нийтийн дунд ч бидэнтэй адил хүлээлт байгааг мэдэрсэн. Энэ асуудлаар бүгд нэгдэх ёстой гэж үзээд тус компанийн дүрэмд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, ТУЗ-д нь иргэдийн төлөөллийг оруулахыг зорьсон. 1072 ширхэг хувьцааны асуудал 2010 оноос хойш найман жилийн турш таван засгийн нүүр үзсэн. Сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улс төрчдийн хөзөр болчихсон байсан. Иргэд нь хувьцаа эзэмшиж байгаа мэт харагдах боловч хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх эсвэл худалдаж болдоггүй. Энэ хооронд 300 мянган хүн бурхан болсон. Тэр хүмүүсийн хувьцааг одоо яах вэ? Үүнийг хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Дээр нь энэ найман жилд хүн амын тоо багагүй нэмэгдлээ. Шийдвэрийн өмнөх ба хойдох иргэд гэж хуваагдах нь л дээ одоо!
Улс төрийн нам болгон мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, уул уурхайн баялгаа айл өрх бүрээр нь хуваарилна гэсэн гоё уриа лоозон барьдаг. Зүйрлэвэл,
гоё шилний цаана чихэр хийчихсэн. Зарим хүн шилний цаанаас хий долоогоод л. Яг дотор нь байгаа баялгаасаа хэн аваад байна гэхээр тодорхой бус.
ТУЗ-д нь хэн байдаг, санхүүгийн тайлан нь хэрхэн гардаг, хурал нь яаж болдог, захирлууд нь ямар хүмүүс байдаг, компани нь өртэй эсвэл өргүй гээд л бөөн хэрүүл болдог. Улс төрийн намууд сөрөг хүчин болохоороо л шүүмжилдэг атлаа өөрсдөө Засгийн эрхэд гарахаараа хөдөлдөггүй. Асуудлыг дараад л байгаад байдаг. Энэ байдлыг зогсоох үүднээс бид явсан. Энэ бол заавал шийдэх ёстой асуудал. Бид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон. Гэхдээ таалагдаагүй.
В.Ганзориг: Та бүхний суусан хурлаас ямар үр дүн гарсан бэ?
Ч.Ганхуяг: Бид гурав хурлаас гарч ирээд шүүхэд хандсан. Бүтэн жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард шүүхийн шийдвэр гарсан. Шүүхээс биднийг маш олон асуудал хөндсөн болохыг хэлж, заримыг нь Захиргааны хэргийн шүүхээр шийднэ гэсэн. Мөн компанийн дүрэмд зааснаар бид бүгд тус компанийн хувьцаа эзэмшигчид учраас холбогдох газар нь бүртгүүлэн, хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг эдлэх ёстой гэдэг түлхүүр шийдвэрийг гаргаж өгсөн. Бид компанийн удирдлагуудад шүүхэд давж заалдахгүйгээр хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг уриалсан. Тэд дараа нь хурал хийгээд дүрмэндээ өөрчлөлт оруулан, түүнийгээ олон нийтэд мэдэгдэж, асуудлыг дор нь шийдсэн.
В.Ганзориг: Одоо тэгвэл бид 1072 ширхэг хувьцааны албан ёсны эзэмшигч болж, саналын эрхтэй болсон гэсэн үг үү?
Л.Наранбаатар: Агаар дээр хаана ч юм байсан хувьцаа албан ёсоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайлан баланс дээр үнэлгээтэй болж бүртгэгдсэн. Нэг бүр нь 933 төгрөгийн үнэлгээтэй 1072 ширхэг хувьцаа эзэмшигч нэг сая төгрөгийн хувьцаатай гэсэн үг. Тус компанийн тайлан, балансад 2.5 сая иргэний хувьцаа хоёр их наяд төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь компанийн 14.5 хувийн хөрөнгө оруулалт гэж бүртгэгдсэн гэсэн үг. Нөгөө талдаа төр 85 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалт хийнэ. Төр 85 хувьтай тэнцэх хэмжээнийхээ мөнгийг Тавантолгойн ордоо үнэлэн оруулж буй юм. Энэ нь 9.8 их наяд төгрөг болсон.
Үндсэндээ энэ компани нийт 11.2 их наяд төгрөг буюу ойролцоогоор тав орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд балансын нөгөө талд эзний өмчөөр давхар бүртгэгдэж байгаа юм. Энэ бол ордоо үнэлж байгаа хэрэг. Ямартаа ч 2.5 сая иргэн маань албан ёсоор хувьцаатай, хувьцаа нь бүртгэлтэй, бүртгэлтэй хувьцаа нь үнэлэгдээд, үнэлэгдсэн хувьцаа нь компанийн санхүүгийн тайланд сууна гэдэг бол том амжилт.
В.Ганзориг: Гадаадад та энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн гээд гэрчилгээ өгдөг. Тийм зүйл байх уу?
Б.Тулгат: Хувьцааны бүртгэл хийгдсэн бол энэ дараагийн жижиг асуудал болох байх. Компанийн үйл ажиллагаа ашигтай үед хувьцаа үнэ цэнэтэй болдог. Эргээд түүхээ харахад Монголчууд бидний хувьд орчин үеийн уул уурхай 2000 оноос л эрчимтэй хөгжсөн. Ялангуяа, коксжих нүүрсний экспорт 2005 оноос эрчтэй өссөн байдаг. Харин “Эх орны хишиг” гээд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны эхлэлийг тухайн үеийн АН, МАН аль аль нь 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо тавьсан. АН нэг сая төгрөгийг “Эх орны хишиг” хувьцаагаар тарааж, байгалийн баялгийн өгөөжийг өгнө гэж амласан. 1072 ширхэг хувьцааны анхны түүх энэ. Тэгтэл МАН хэд хоногийн дараахан буюу яг сонгуулийн өмнөхөн 1.5 сая төгрөгийг иргэдэд тараана гэдгээ бас амласан байдаг. Аль аль нь л амласан. Тэр нь тухайн үед сонгогчдын саналыг татах хүчтэй зэвсэг үнэхээр болсон. Учир нь 2005 оноос эхэлсэн коксжих нүүрний экспорт уул уурхайн салбарыг хөөсрөлтийн байдалд оруулаад байсан.
Монголчууд дэлхийн анхаарлыг татаж байна, “Эрдэнэс Тавантолгой” гэх том уурхай чинь 6.4 тэрбумын тоннын том нөөцтэй юм байна, энэ бол дэлхийд тасарчихсан уурхай, нэг л гоё зүйл болох нь гэх зэргээр бүгд асар өндөр хүлээлттэй байсан.
Тухайн үедээ хөөсөрчихсөн байсан “Эрдэнэс Тавантолгой” 2012 онд Зүүн Цанхийг ашиглалтад оруулахын тулд маш өндөр үнэтэй Австралийн компанитай уурхайн операторын гэрээ байгуулсан. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 350 сая ам.долларын өр нэмж тавьж, Чалкотой гэрээ байгуулсан. Уг нь том уурхайн ажил эхлэх үед уурхайд өөрт нь гарааны асар их хөрөнгө хэрэгтэй болдог. Гэтэл 350 сая ам.доллар зээлээд, түүнийгээ иргэдэд бэлнээр тараачихсан. Үүний дараа үндсэн үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны бараг бүх банкнаас зээл авсан. Ингэж л их хэмжээний өртэй бөгөөд олборлолтын өндөр өртөгтэй уурхайг ажиллуулсан байдаг. Тухайн үед ийм том уурхайг Монголчууд өөрсдөө ашиглаж, ажиллуулж чадахгүй гэх бодол байсан. Үнэхээр ч тийм байсан. Ингээд явж байтал 2012 оноос нүүрсний салбар унаад эхэлсэн. Нүүрсний үнэ унаж байсан ч олборлолтын өртөг нь өндөр хэвээр л байлаа. Уурхайгаа зогсоохоор алдагдал хүлээнэ, олборлоод зарахаар бүр их алдагдал хүлээдэг маш хүнд байдалтай тулсан. Гэтэл 350 сая ам.долларын өртэй, олборлосон бүх нүүрсээ Чалкод хямдхан зарах үүрэгтэй ажилласан. Нэмээд арилжааны банкуудад өртэйгээс гадна ханшийн зөрүүний алдагдал гээд ерөөсөө нуман тулгуурт “Эрдэнэс Тавантолгой” орсон.
2013 онд энэ байдлаас гарах нэг арга нь Баруун Цанхийг дотоодын оператор компаниудын дунд тендер зарлах замаар хямд өртгөөр олборлолт хийлгэх байсан. Тухайн үеийн жишиг үнээс гурав дахин хямдаар Монгол аж ахуйн нэгжүүд нүүрс олборлож эхэлсэн. Ингэснээр ямар ч гэсэн амьсгаа авч, хаалгаа барихгүй байх боломжтой болсон хэрэг. Түүнээс хойш 2016 оны дунд хүртэл нүүрсний салбар хүнд хэвээр л байсан. Эргээд харахад өнгөрсөн хугацаанд энэ уурхай дандаа хүнд үеийг туулсан бөгөөд юун ногдол ашиг, өгөөж хүртээх байв шүү дээ. Одоо бол өөр. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө Чалкогийн бүх өрийг дарж дууссан. Сая хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар Хөгжлийн банкнаас авсан хамгийн сүүлийн зээлээ дараад, өнөөдөр ямар ч өргүй болсон гэдгээ зарлаж байна. Цаг хугацааны хувьд одоо энэ компани маань хэвийн үйл ажиллагаа явуулаад, дээр нь 2019, 2020 онд нүүрсний салбар тогтвортой байвал бодит үр өгөөжөө өгөхөөр дүр зураг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний хувьцааны үнэ цэнэ жинхэнэ утгаараа гарч ирэх боломжтой. Тиймээс та хэд 1072 ширхэг хувьцааны асуудлаар шүүхдээд, хувьцааг нь бүртгэлжүүлээд, үнэлгээг нь баталгаажуулж санхүүгийн тайланд нь суулгаж өгсөн нь үнэхээр цаг үеэ олсон хэрэг.
М.Алзахгүй: Миний бодлоор Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн суурь нь тавигдаагүй байхад шийдвэрүүд нь гараад явчихсан түүхтэй. Асуудал юунаас эхэлсэн гэхээр сууриа тавиагүй байж сэтгэлийн хөөрлөөр барилга барих гэж оролдсон. Барилга нурж унасны дараа сууриа цутгаж эхэлсэн. Санхүүгийн зах зээлийг энгийнээр хэлбэл мөнгө илүүдэлтэй болон дутагдалтай талуудыг холбож байгаа дэд бүтэц, үйл ажиллагаа юм. Энэ зах зээлийн нэг хэсэг нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгө оруулагчгүй хөрөнгийн зах зээл гэж байдаггүй. Бид хөрөнгө оруулагчаа бэлдээгүй байж хөрөнгийн зах зээлээ эхлүүлсэн. Эндээс алдаа гараад эхэлсэн.
Энэ алдаа сүүлийн 28 жил хийгдэж буй бүх зүйл дээр ажиглагддаг. Ялангуяа манай хөрөнгийн зах зээл дээр илүү ажиглагдсан. Хөрөнгө оруулагчаа бэлдээгүй байж ягаан, цэнхэр тасалбар гэж өгөөд л бүгдийг нь байхгүй болгосон. Дараа нь стратегийн орд гэж гаргаад, түүнийгээ бүгдийг нь хувьцаа гээд л өгчихөж байгаа юм. Энэ бүгд одоо засагдах гээд эхнээсээ шийдвэрүүд нь гараад явж байна. Тодорхой үр дүнд хүрч байна. Би 2010 онд Үнэт цаасны компанид ажилладаг байлаа. Тэр үед маш их үнэт цаасны компани үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол Улсын хөрөнгийн зах зээл хөгжлөө гэж бүгд баярлаад компани байгуулаад нийтээрээ шахуу орсон байдаг. Одоо найман жилийн дараа маш олон компани хаалгаа барьж, эдгээр залуус өөр бизнес рүү орчихсон байна. Энэ зах зээл хэсэг эвгүй байдалд орж, олон залуус шантарсан. Бид сууриа буруу тавьсан болохоор олон боломжийг ч дагаад алдсан.
Монгол Улс капиталист эдийн засагтай орон. Энэ эдийн засгийн төгс хувилбарыг би хувьдаа хувьцаа гэж хардаг. Яагаад гэвэл хувьцаа динамик зүйл. Хүн газар, үл хөдлөх хөрөнгө, техник, машин эзэмшиж болно. Хувьцаагаар энэ бүгдийг зэрэг эзэмших боломжтой. Дээр нь хувьцаагаа удирдах, хөгжүүлэх боломжтой. Хувьцааг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Үүний тулд 1072 ширхэг хувьцаа хөрөнгийн зах зээлд нээлттэй байж, ард иргэд хувьцаагаа хоёрдогч зах зээлд чөлөөтэй арилжих боломжтой байх ёстой.
Б.Тулгат: Тэгэхээр цэнхэр, ягаан тасалбарын түүх 1072 ширхэг хувьцаа дээр давтагдана гэдэг айдас байгаад байна. Ард иргэдэд үр өгөөжтэй байж чадаагүй, үнэ цэнээ өгөөгүй тэртээ 1990 оных шиг явдал давтагдах магадлал бий. Тэр үеийн цэнхэр, ягаан тасалбар, өнөөгийн хөрөнгийн зах зээл дээр юу болохгүй болоод зарим хүмүүс ийм айдастай байна вэ. Хөрөнгийн зах зээл хөгжих, хувьцаа нь яг бүрэн утгаараа эдийн засгийн чухал хөрөнгө болох гол зүйл нь компанийн засаглал байдаг. Манай компаниудын засаглал янз бүр байж болно. Тэр дундаа сайн засаглалтай, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаг компанийн хувьд хүмүүс тухайн компанид хөрөнгө оруулж эхэлдэг. Эс бөгөөс дээр ярьсан ягаан, цэнхэр тасалбар шиг түүх давтагдана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал хувьцаа эзэмшигч бидний санааг зовоохгүйгээр явж чадах уу гэдэг асуулт дараагийн шатанд зайлшгүй гарч ирнэ.
Л.Наранбаатар: Үүнтэй уялдуулаад ярихад цэнхэр, ягаан тасалбар гэдгээр айдас бий болгон хийсэн зүйл бол 1072 ширхэг хувьцаа юм. Өөрөөр хэлбэл, цэнхэр, ягаан тасалбар шиг хувьцаа өгөх юм бол шууд зарах эсвэл хөрөнгийн биржээр арилжаалбал хэн нэгэн олигархи, хэсэг бүлэг хүн хуу хамж аваад бид баялгаа алдана гэдэг тархи угаалт маш их явсан. Гэтэл хар л даа. Саяхан долоохон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “ЛэндМН” компани 2.5 тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад 44.5 тэрбум төгрөгийн илүү давхардсан захиалгад дарагдлаа. Өнөөдөр иргэд цэнхэр, ягаан тасалбарын үетэй харьцуулахад хөрөнгийн зах зээлийн харилцаанд хэдийн оролцоод сурчихсан байна. Өнөөдөр тэд мэдээллийн технологи ашиглаад бонд болон криптовалютын арилжаанд хүртэл орж байна шүү дээ. Гэтэл ийм нөхцөл байдалд дахиад өнөөх цэнхэр, ягаан тасалбараа ярьж, иргэдэд олговол үргүй зарцуулж дуусгана гэдэг айдсаар барихыг оролдож байгаа нь инээдтэй бөгөөд тэнэг хэрэг.
Б.Тулгат: Тодорхой хэмжээний болгоомжлол байх нь зөв байх аа.
Л.Наранбаатар: Энэ айдсаар өнөөх 1072 ширхэг хувьцааг арилжаалах ямар ч боломжгүй болгоод тогтоол усанд гацсан өмхий ус болгочихсон.
Ч.Ганхуяг: Өнгөрсөн түүхийг сая ярьчихлаа. Одоо илүү прагматик зүйлс ярилцъя. Энд дандаа залуу хүмүүс сууж байна. Залуу улс төрчид бас байна. Прагматик талаас харвал манай ах нарын гаргачихсан шийдвэрүүд бодит байдал 2.1 сая иргэнд гээд байгаа юм. 2.5 сая иргэн биш шүү! Өнөөдөр эдгээр хүмүүс компанийн 14.5 хувийг эзэмшдэг гэж байна. Гэтэл энэ хувийг нь иргэдэд баталгаажуулж өгсөн үү үгүй юу. Эсвэл энэ нөхдийг тэртээ тэргүй арчаагүй, найдваргүй тул зараад хувьцаагаа алга хийнэ өгөөд хэрэггүй гээд байгаа юм уу. Өнгөрсөн найман жилийн дотор 300 мянган хүн нас барсан бол тэр хүмүүсийн хувьцаа үр хүүхдэд нь шилжих юм уу. Аль нэгийг нь шийдэх ёстой болж байна. Товчхондоо, өнөөдөр шилний цаанаас биднийг долоолгоод байж болохгүй л гэж байгаа юм. Жорж Оруэллийн “Амьтны ферм” номонд гардаг шиг хүмүүсийг амлалтаар чирж залмааргүй байна. 1072 ширхэг хувьцааг сонгуулийн хөзөр болгомооргүй байна. Энэ бол эдийн засгийн хувьд найман жилийн өмнө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажил юм. Маш олон засаг дамжаад явчихсан шүү дээ.
Өнөөдөр түүхэн тохироо бүрдчихлээ гэж хэлээд байгаа нь коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдал нь алтан үе дээрээ оччихлоо. Энэ нь олон удаа давтагдаад байдаггүй. Удаан ч үргэлжлээд байдаггүй гэдгийг бид маш хүнд бөгөөд гашуун туршлагаасаа ойлгочихсон байгаа. Зах зээл дээр цаг хугацаа их чухал байдаг. Төмөр зам тавих, цахилгаан станц барих, тэр бусад орж ирэх орлогоос хийнэ гэдэг ажлаа хийх, ард иргэдийнхээ амьдралыг дээш нь татах, нөгөө иргэн бүр, айл бүрийн хаалгаар орох баялгийг хэзээ бий болгох вэ гэдэг асуудлыг бид ярьж байна. “Эрдэнэ Тавантолгой” компани 2017 онд 450 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж бүх өрөө дарлаа. Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад айлчилж зарим асуудлыг шийдлээ. Одоо Ерөнхийлөгч Хятадад айлчлал хийхээр төлөвлөж байна. Бүх хувьсгалын тохироо бүрдчихсэн. Одоо болгоомжилж байгаа зүйлсээ шийдэцгээе л дээ. Зах зээл тодорхойлогчдыг тогтооё. Хөгжлийн банк нь баталгаа гарга. Бүр савлагаа үүсгэхгүйн тулд хадгаламжийн даатгалын корпораци, тогтворжилтын сан, Сангийн яаманд байдаг сангууд хөрөнгийн зах зээлд интервенци хийхээр орох ёстой. Тэрнээс бус хязгаарлалт тавих нь дэмий юм шиг санагддаг. Хүнд өмчийг нь өгчихөөд зүгээр л хараад сууж, арилжих эсвэл бэлэглэж болохгүй гэж хэлмээргүй байна. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, зах зээлийн зарчимд тулгуурлаж ажиллана гэж хэлчихээд та нар мангар учраас энэ хувьцааг өгөхгүй гээд сууж болохгүй л дээ. Тэр ах нарын хуучин арга барилаас бид салах хэрэгтэй.
Б.Тулгат: Чөлөөтэй арилжих цаг нь болсон уу гэдэгт эргэлзээд байгаа юм аа. Хувьцаа өндөр эрсдэлтэй ч өндөр ашигтай байж болдог. Энэ нь эргээд баялгийн тэгш бус хуваарилалтыг тав, 10 жилийн дараа бий болгох үр дагаврыг гаргачих вий. Одоо хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг явуулан тодорхой болгох ажлыг хийх нь зөв. Үүний гол ач холбогдол нь “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашгаа тараах хэмжээний болно гэсэн үг. Харин компанийн ашгаа баяжуулах үйлдвэр барих эсвэл өөр зүйл зарцуулна гэвэл өөр хэрэг. Хамгийн гол нь компанийн үйл ажиллагааг иргэд буюу хувьцаа эзэмшигчид жинхэнэ утгаараа мэдрээд эхэлнэ. “Эрдэнэс Тавантолгой” гэдэг бидний компани юм байна гэж бодсон иргэд компанийн үйл ажиллагаа, зардал, орлогод хяналт тавьж эхэлнэ. Хуучин шиг Эрдэнэт үйлдвэрт дарга нарын хийдэг шахааны бизнес байхгүй болно. Энэ зүйлийг бий болгох нь маш чухал ач холбогдолтой.
Хувьцаа хоёр янзаар үр өгөөжөө өгдөг. Нэг нь хувьцааныхаа тухайн үеийн хөдөлгөөнөөсөө зарж, буцааж авч ашиг олох, нөгөө нь тогтвортой ногдол ашгаараа ашиг олох гэсэн хоёр зам бий. Одоохондоо шууд өндөр ашигтай эсвэл эрсдэлтэй зүйлд тавьчих нь зөв эсэхэд болгоомжтой хандах ёстой байх. Би бол ийм л байр суурьтай байна.
М.Алзахгүй: Хөрөнгийн зах зээлийг бүх иргэддээ зааж сургана гэвэл бидний нас хүрэхгүй. Бид ерөнхий ойлголтоо аваагүйгээс болж алдаа гараад байгаа юм. Одоо бид энэ 1072 ширхэг хувьцааг арилжиж болохгүй гээд түгжчих юм бол эдийн засгийн эргэлтэд орохыг үзэх нас хүрэхгүй. Угаасаа найман жил түгжигдсэн энэ хувьцааг одоо эргэлтэд оруулахгүй бол дахиж хэзээ ч оруулж чадахгүй.
Ч.Ганхуяг: Өнөөдөр 2018 он. Манайд нэг зовлон бий. Ирэх 2020 онд сонгууль болно. Харин 2019 он бол сонгуулийн өмнөх жил. Тэгэхээр өнөөх мөчлөгтөө орчихно. Бид тэмцэж, шүүхдэж үзлээ. Найман жил харсан шүү дээ, олон түмэн. Үүнийг овжин зальтай нөхөд, улс төрчид гарч ирээд ашиглаад байна. Энэ нөхцөл байдлыг хэн нэг нь гарч ирээд сүхээр цавчихгүй бол болохоо больчихсон. Тэгэхээр 2019 онд энэ асуудал хөндөгдөхгүй гэсэн үг. Сонгуулийн өмнө алдаа гаргахгүй гэдэг үүднээс шийдвэр гаргагчид том хөдөлгөөн хийхгүй нь тодорхой. Эдийн засгийн талаас нь авч үзвэл их азтай байна л даа. Шүүх эерэгээр шийдсэн. Нүүрсний үнэ өсч байна. Компани ашигтай ажилласан. Хөрөнгийн бирж сайн явж байна. Хөрөнгийн зах зээл дээр 10 биш юм аа гэхэд таван их наяд төгрөгийн үнэлгээтэй компани ороод ирэхэд л өнөөдөр 2.5 их наяд байгаа манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ шууд гурав дахин нэмэгдэнэ. Түүхэнд тодоор үлдэх үйл явдал болж бичигдэнэ. Бидэнд 1991 оны тэр том хувьчлалаас хойш болж байгаагүй үйл явдал болно.
Хүмүүсийг хувьцаагаа зарчихна гээд байх шиг байна. Энэ чинь гэнэтийн ашиг шүү дээ. Хувьцаагаа 100 мянган иргэн зарахад л зарсан мөнгөө эргээд л дотоодын эдийн засгийн эргэлтэд бараа, үйлчилгээ худалдан авах замаар оруулна шүү дээ. Манай эдийн засаг 25 их наяд төгрөг. Ийм жижиг эдийн засаг дээр нэг их наяд төгрөгийн нөлөө ороход л эдийн засгийн үржүүлэгчийн нөлөө нь хэд дахин өндөр байдаг.
Энэ бол эдийн засгийн хурдасгуур болно. Манай брокерийн пүүсүүдээр дамжуулан гаднаас хувьцааг худалдаж авах магадлал өндөр. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж. Сийменс, Сумитомо орж ирээд аваг л дээ. Эдгээр том хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийж байж татна гэдэг. Хэрэв бидэнд тийм мөрөөдөл байгаа бол яагаад бусад Хятад, Араб, Энэтхэг орноос дутаад хоцроод байна вэ. Яг үүгээр дутдаг. Өөрөөр хэлбэл, дотооддоо жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ асуудлыг шийдэхгүйгээр бид аль ч улсын бирж дээр гарч чадахгүй. Энэ асуудлаа өнөөдөр шийдэж байж дараа жил олон улсад гарч чадна. Манай засагт давхар бүртгэл хийчих боломжтой. Хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хоёр давхар бүртгэл хийх журмаа баталчихсан нь харуулж байна.
В.Ганзориг: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гэдэг бид нарын нэр дээр бүртгэгдсэн байгаа 14.5 хувийг нээлттэй болгох гээд байна уу, эсвэл 85 хувиас хэсэгчлэн стратегийн хөрөнгө оруулагчдад зарах асуудал яриад байна уу?
Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал дээр 85 хувиас 20 хувийг нь гаргаж олон улсын хөрөнгийн бирж дээр нэг тэрбум ам.доллар босгох тухай ярьсан.
В.Ганзориг: Тэгэхээр Засгийн газар 65 хувьтай үлдэнэ гэсэн үг үү?
Л.Наранбаатар: Гэхдээ энэ бол зөвхөн яриа. Яг бодит хөрсөн дээр биелэгдэх боломжгүй. Учир нь дотооддоо эзэмшиж байгаа хувьцааны асуудлыг шийдэж, эргэлтэд оруулах нь чухал. Хэдхэн хоногийн өмнө Австрали, Канад зэрэг хөрөнгийн биржүүдтэй харьцуулахад хамгийн шалгуур багатай Хонконгийн хөрөнгийн бирж дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Хамгийн бага шалгууртай Хонконгийн хөрөнгийн биржид гарахын тулд дор хаяж дотоодынхоо хөрөнгийн бирж дээр таван жил хувьцаагаа эргэлдүүлсэн байх шаардлага тавьчихлаа. Хамгийн бага шаардлага тавьдаг олон улсын хөрөнгийн бирж ийм болж байхад бид яах юм бэ?
Иргэдийн хувьцааг эргэлтэд оруулна гэдэг нь хөрөнгө босгохоос илүүтэй компанийн засаглалыг сайжруулах маш чухал зүйл. Мөн хөрөнгийн зах зээл дээр 2.2 их наяд төгрөгийн эргэлтийг бий болгоно гэсэн үг. Ингэснээр өнөөдөр маргааны гол сэдэв болоод буй банкууд зээлийн хүүг автоматаар бууруулж, хүүний хязгаар тавих хууль гаргах ёстой зэрэг асуудал зах зээлийн зарчмаараа шийдэгдэнэ. Өнөөдөр санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувь нь хэдхэн банкны монополь дээр тогтож байгаа. Үүнийг л задлах гэж улс даяараа хууль өргөн барьчихсан хэлэлцүүлэг өрнүүлж байна шүү дээ. Гэтэл шийдэл нь энд байна.
Хөрөнгийн зах зээл дээр 2.2 их наяд төгрөг хөдлөөд эхлэхээр тэнэг л биш бол хүмүүс мөнгөө банкуудад хадгаламжаар байршуулахгүй.
Яг үнэндээ зах зээлийн нөхцөл байдал маш сайн байгаа тул 1072 ширхэг хувьцаа эргэлтэд ороод эхлэхээр үнэд хүрнэ ээ. Хоёр дахь асуудал манай Тулгат сая маш зөв зүйл ярьж байна. Хувьцаа гэдэг чинь угаасаа хоёр талтай. Нэг нь үнийн өсөлт бууралтаас эрсдэлээ харж байгаад ашиг хийдэг, нөгөө нь үнийн өсөлтөд орохгүй хадгалаад компани ашигтай ажиллавал ногдол ашиг авна. Гэтэл төр цэнхэр, ягаан тасалбараар айдас бий болгож байгаад хувьцаа хөдөлдөг, компанийн засаглалыг сайжруулдаг, удирдлагыг хянадаг зүйлийг нь авч хаян зөвхөн ногдол ашиг гэдэг юмаар найман жил чихэр долоолгож ирсэн.
Яг иймэрхүү хаалттай нөхцөл байдлаас болж Монгол Улс асар их валют алдсан. Нэг дэх жишээ, 2011-2016 оны “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглалыг авч үзье. Энэ хугацаанд тав, зургаан захирал солигдсон. Бараг бүгдээрээ шахуу шоронд орсон. Маш их шахаа хийсэн. Хамгийн ноцтой нь компанийн эдийн засаг аймшигтай болсон. Зөвхөн үйл ажиллагаанаасаа 100 төгрөгийн орлого олохийн төлөө 136 төгрөг зарцуулдаг байсан. Тэр 36 төгрөг нь Хөгжлийн банкны бондын зээл гэх мэт эх үүсвэрээс орж ирдэг байсан. Чингисийн нэр хүндийг барьцаалаад олон улсын зах зээлээс босгосон мөнгөөрөө энэ алдагдлыг санхүүжүүлж байсан. Гэтэл Монголын ард түмэн энэ нарийн санхүү эдийн засгийн мэдээллийг компанийн эзэн нь болж хянаж чадахгүй байсан болохоор мэдэхгүй байсан юм билээ. Энэ нь яваандаа ордын нөөцийг иддэг систем рүү орчихсон. Хэрэв энэ ордын нүүрсийг 30 ам.доллараар зараад 2011-2016 оны үеийнх шиг менежментээр явах юм бол 7.6 тэрбум тонн нүүрснээс хэд нь эдийн засгийн үр ашигтай юм бол гэдэг асуулт гарна.
Мэргэжлийн хэллэгээр MPО буюу ил уурхайн оновчлолын тооцоог харах юм бол ердөө наймхан жилийн нөөцтөй байхгүй юу. Ердөө УИХ-ын сонгуулийн хоёр циклд 120 сая тонн нүүрсийг аваад л дуусаа.
Гэтэл баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцаа бариад, тоног төхөөрөмжтэй, масс уул уурхайгаар нь харах юм бол өртөг нь буурч болдог. Учир нь, чанар нь өссөнөөр дагаад үнэ нэмэгддэг. Үүгээр нь тооцвол зөвхөн Баруун, Зүүн Цанхиас 1.4 тэрбум тонн коксжих нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлоно гээд бод доо. Энэ нь ордын амьдралын хугацааг найман биш 70 жил болгож уртасгана. Яг энэ нөхцөлд хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийн хөрөнгө 10-20 дахин өснө гэсэн үг. Төр уг нь ийм менежмент хийх ёстой атал яг эсрэгээр нь хийсэн. Садаа болоод төмөр замыг нь бариулаагүй, засаглалыг нь сайжруулъя гэхээр “ягаан, цэнхэр тасалбар шиг идэж ууна” гээд 8-9 хүний хүрээнд засаглалыг бариад л суугаад байна. Ний нуугүй хэлэхэд 1.2 их наяд төгрөгийн орлого олдог компани бол улс төрийн намуудад маш амттай бялуу.
Б.Тулгат: Энэ асуудал дээр Наранбаатар сөрөг байр сууриар ханддаг л даа. Ер нь шинэ, том орд нээгдэхэд үүнийг цааш нь хөгжүүлэх янз бүрийн хувилбарууд байдаг. Нэг бол маш том баяжуулах үйлдвэр барьж, том хөрөнгө оруулалт хийх. Үүний тод жишээ нь “Энержи Ресурс”. Цогтцэций хороолол, усан санг дурдаж болно. Гаднаас нь харахад маш том бүтээн байгуулалт хийсэн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л хувилбар.
Нөгөө хувилбар нь “Эрдэнэс Тавантолгой”. Бүтээн байгуулалтыг бага багаар эхлэх. Одоо бол түүхийгээр нь зараад, зах зээлтэйгээ танилцаад явж байна. Миний харж байгаагаар аль нэг нь буруу гэхээсээ илүү аргачлалын асуудал болж таарч байгаа юм. Нэг нь шат дараатай эрсдэл багатай аргачлалыг сонгосон бол нөгөө нь томоохон хөрөнгө оруулалт татаад бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл цаг хугацаа яаж таарсан гэхээр 2012 оны дунд үеэс эхлээд нүүрсний зах зээл унахад “Энержи Ресурс” маш хүнд байдалд орчихсон. Өртөг нь өндөр болохоор зарагддаггүй, байгаа хэдээрээ баахан бүтээн байгуулалт хийчихсэн байдаг. “Эрдэнэс Тавантолгой” энэ үед аман дээрээсээ зараад өөрсдийгөө болгоод л байсан. Тэр үед нэг тонн нүүрсийг 15 ам.доллараар ухаж олборлоод машинд ачихад 30 ам.доллар хүрдэг байсан. Ашигтай байгаа биз дээ. Гэтэл үүнийг дагаад “нэг цонхны бодлого алга”, “Эрдэнэс Тавантолгой нүүрсний үнэ унагаагаад байна” гэх шүүмжлэл гарах болсон. Нэг талаасаа энэ үнэн мэт харагдаж болох л доо. Гэхдээ тэр үед жижиг Тавантолгой, “Ухаа худаг” нэг хэсэг зогсоод хүнд байдалд орсон шүү дээ.
Л.Наранбаатар: Наад асуудлын чинь нууц тайлагдсан Тулгат аа. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “Коксжих нүүрс ба дэлхийн зах зээл” сэдэвт хурал дөрвөн сард болсон. Энэ хуралд Чалкогийн дэд захирал Ли Хуан маш ноцтой мэдэгдэл хийсэн. “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний чанарыг харьцуулахад “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс “Энержи Ресурс”-ын угааж баяжуулсан нүүрснээс илүү чанартай байна гэсэн. Бичлэг нь байгаа. “Энержи ресурс”-ын баяжууулсан нүүрс 11 хувийн үнстэй байхад “Эрдэнэс Таван Толгой”-нх 10 хувьтай байх жишээтэй. “Энержи ресурс”-ын нүүрсний коксжих чанар нь 65 хувьтай байхад “Эрдэнэс Тавантолгой”-нх 85-92 хувьтай байдаг.
Гэтэл энэ бол үнэхээр түүхий нүүрс байсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Үгүй юм л даа. Энэ бол байгалиараа баяжсан л нүүрс. Байгалиараа баяжсан нүүрсийг 2011-2016 онд 30 ам.доллараар зарахад Ухаа худаг хажууд нь энд тэнд байгаа хогийг цуглуулаад баяжуулаад нэмүү өртөг шингээгээд 100 ам.доллараар зарсан л байхгүй юу. Тэр зөрүү 70 ам.доллар хаачсан бэ? Угтаа бол бидний ногдол ашиг шүү дээ. Засаглал нь харанхуй, хаалттай болохоор л ийм байна даа.
Ч.Ганхуяг: Сэдвээсээ хазайсан байж болох ч маш сонирхолтой сэдэв хөндье. Энэ сэдэв бол нийгмийг цочроодог, зарим нөхдүүдийн попрох дуртай сэдэв. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар бизнес хийх гэж байгаа юм уу эсвэл ашиг хийхийг зорьж байна уу. Ногдол ашиг гаргах гэж нүүрсээ угаагаад, зэсээ зараад байна уу эсвэл бүр хот барих гэж бизнес хийгээд байгаа юм уу?
Оюутолгой дээр бид Засгийн газраар дамжуулаад 34 хувьтай шүү дээ. Сүүлд бид маш хүнд байдлыг даван тууллаа. Нүүрс, зэс, алт ч бай бүгдийнх нь үнэ савладаг. Гэтэл бид хот барь гээд шаардаад байх жишээтэй. Ер нь Оюутолгой дээр бид бизнес хийх эсвэл хот барих гэж байгаа юм уу гэдгээ тодорхой болгох ёстой. Тэндээс бид татвараа аваад явах эсвэл ногдол ашгаа авах гэдэг дээр сонин гаргалгаа харагдах болно.
Одоо IPO-гоо яриад үндсэн сэдэв рүүгээ оръё. Хонгконг эсвэл Лондонд IPO гаргахад хүмүүс шуурч ирээд л авчихна гэж бодоод байх шиг байна. Гэхдээ улс төрийн хувьд нэг асуудал бий. Одоо 15 хувийнхаа асуудлыг шийдчихээд Лондон юм уу, Хонгконг руу гаргалаа гэж бодоход “Эрдэнэс Тавантолгой”-гоо бид оффшор бүс руу зөөх болно.
В.Ганзориг: Угаасаа гадаадын хөрөнгийн биржийн шаардлага нь тийм байдаг биз дээ?
Ч.Ганхуяг: Кайманы арал руу аваачина. Бие биенийгээ булшлаад байгаа хэцүү нэртэй арлуудад бүртгүүлж байгаад улс үндэстнээрээ оффшорчид болно. Бидэнд өөр сонголт байхгүй. Тиймээс эхлээд бид Монголынхоо хөрөнгийн бирж дээр бүртгүүлэн дараа нь “dual listing” буюу давхар бүртгэл хийх ёстой. Одоо нийгмийн сэтгэл зүйг харахад бид энэ сэдвийг ярих ямар ч боломжгүй болчихсонд асуудал байна.
Б.Тулгат: Оффшор гэдэг үг Монголд маш сөрөг утгаараа өлгийдүүлчихсэн.
В.Ганзориг: Заавал гаднын бирж дээр гаргаж мөнгө босгох албатай юм уу. Дотооддоо 15 хувиа амь оруулж байгаа юм чинь Монголын хөрөнгийн бирж дээрээ мөнгө босгоё л доо?
Б.Тулгат: Монголд итгэж, Монголын хөрөнгийн биржээс гадны хөрөнгө оруулагч хувьцаа авах эсвэл Хонгконг, Лондонгоос авна гэдэг хоёр өөр асуудал.
Ч.Ганхуяг: Тэр болохгүй байгаа орчинг нь бий болгож бүрдүүлье л дээ. Энэ бол ердөө хэдэн бичиг цаас, тогтворжуулах гэрээ, манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч очоод олон улсад мэдэгдэл хийх асуудал шүү дээ. Бид та нарыг манай хөрөнгийн бирж, компаниар дамжаад ороод ирвэл олон төрлийн шаардлага тавихгүйгээр шуурхай үйлчилье гэж болно шүү дээ. Үүн дээр Шинхуа, Сумитомо, Чалко мэтийн том гарууд орж ирвэл мэдээжийн хэрэг хэлэлцээ хийж, нөхцөл байдлыг тогтворжуулж байж орж ирнэ. Тэгвэл гэрээний нэг хэсэг дээр нь “Та нар тав эсвэл 10 хувиа манай хөрөнгийн биржээс ав” гээд зааж болно. Учир нь, тэд зарах гэж орж ирэхгүй. Зүгээр л өмч нь баталгаатай, төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь бүртгэлтэй эсэхийг шалгаад л хийчих асуудал.
Үүний эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө нь асар их. Бидний таван мянган төгрөгийн данс нээлгэх гээд яваад байдагтай ижил биш шүү. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа иргэддээ хувьцаагаа битгий зараарай гэдгийг хэлэх гэж л үүнийг яриад сууж байна. Үүнийг Засгийн газрын тэргүүн нь Эдийн засгийн форумын индэр дээрээс ард иргэддээ зөвөөр тайлбарлахад бүгд л хувьцааны данс нээлгэнэ гэж харж байгаа. Одоогийн байдлаар 600 мянган хүн л данс нээлгэсэн. Үүнээс хэд нь идэвхтэй, хэд нь идэвхгүй байдаг нь мэдэгдэхгүй. Сүүлийн 30 жилд үнэт цаасны данс 600 мянга л болж байна шүү дээ. Сая Ганбаяр гээд залуу твиттер дээр “Хэдэн хүн хувьцаа зарах вэ” гэж санал асуулга явуулахад 55 хувь нь зарахгүй, нэмж авна, харин 35 хувь нь зарах ч үгүй, авах ч үгүй гэж хариулсан байна лээ.
Б.Тулгат: Энэ сошиал сувгаар мэдээлэл авч байгаа хүмүүс ямар хүмүүс вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр сегмент бол өөр шүү дээ.
Ч.Ганхуяг: Тулгат аа, үүн дээр миний хариулт маш энгийн. Хэрвээ тэр мэдээллийг авахгүй байгаа бол хөрөнгийн бирж дээр дансаа нээсэн эхний өдрөө тэр хүмүүс зарахгүй. Цэнхэр, ягаан тасалбар гээд 30 жил зарж чадаагүй учраас. Өгч болох мэдээллийг бүх сувгаа ашиглаад олон нийт хүргэх л ёстой.
М.Алзахгүй: Техникийн болон хуулийн асуудлыг шийдсэний дараа засаглалын асуудал гарч ирнэ ээ. Одоо мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуулиар “Эрдэнэс Тавантолгой” гурван хараат бус гишүүнтэй байх ёстой. Хараат бус гишүүн нь ард иргэдээс хараатаар ороод төрөөс ангид бизнесийг удирдан, чиглүүлэхэд маш том оролцоотой хүн байх болно. Би төрийн оролцоог гурав болгоод хараат бус гишүүдийн тоог зургаа болгох ёстой гэж боддог. Учир нь, угаасаа хувьцааны хяналтын багц төрд байгаа шүү дээ. ТУЗ компанийн үйл ажиллагаанд ороод дураараа ажиллаж болохгүй. Тусдаа хуультай шүү дээ.
В.Ганзориг: Одоо хараат бус гишүүд нь ямар хүмүүс байдаг вэ?
Ч.Ганхуяг: Мэдэхгүй. Тэр нь нууц (Инээв). Гурван сая иргэнээ төлөөлөх хүн энд орох ёстой. Нам, засгийн шугамаар биш хувьцаа эзэмшигч олон түмнээс сонгох ёстой.
Б.Тулгат: Бараг сонгууль шахуу болох юм уу?
Ч.Ганхуяг: Аймаг, аймгаар багцалж ордог байж болно. Ингэж чадвал нийгэмд гайхалтай нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас хэлэхэд бид мөсийг хагалаад эхэлсэн. “Монгол Шуудан” компанийн 34 хувь дээр хувийн компаниуд нэгдэж орсон. 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хараат бус байх ёстой гээд ТУЗ ажлаа эхлүүлсэн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчийн төлөөлөл орон ажиллаж байгаа. Үр дүн ямар байгааг та бүхэн харж байгаа шүү дээ. Хараат бус төлөөлөл жинхэнээрээ хараат бус байх ёстой гэх ойлголтыг нийгэмд түгээгээд явж байна. Эдийн засгийн хувьд ямар өөрчлөлт гарсан гэхээр 12 тэрбумаар үнэлэгдэж байсан компани 60 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болоод 2.5 их наяд төгрөгийн үнэлгээтэй Монголын хөрөнгийн зах зээл дээр мэдэгдэхүйц том компани болчихоод байна. IPO болон RTO (Reverse takeover) гээд ярина гэж бодож байна. Үүнтэй холбоод хэлэхэд “Жинст Увс”, “Хөрөнгө оруулагч үндэстэн” гээд бид сая хийчихлээ.
В.Ганзориг: Reverse takeover гэдгийг маш энгийнээр тайлбарлаж өгнө үү?
Ч.Ганхуяг: Өнөөдөр 2.1 сая хүн хувьцаатай боллоо. Үүнийгээ хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчид гаргах ёстой. Ингэснээр зах зээл хөдөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл “Таны утсыг бүртгэлээ, одоо үүнийгээ зарж болно” гэсэн үг. Хууль дүрмийнхээ хувьд төвөгтэй зүйл байдаг юм шиг билээ. Та нар заавал IPO гаргаж мөнгө босгоод Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэсний дараа зөвшөөрөл ав гээд бүртгэлийг сунжруулдаг. Бид нарын тухайд энэ процессын дагуу жил хагас болсон. Үүний оронд хөрөнгийн бирж дээр байгаа хоосон компанийг ашиглана гэсэн үг. Хөрөнгийн бирж дээр байгаа бараг арилжаалагддаггүй 200 гаруй компанийн 60 хувь нь огт идэвхгүй, үйл ажиллагаагаа бараг зогсоочихсон компаниуд байгаа. Эдгээр компаниудыг ашиглан нийлүүлэх замаар хувьцаагаа хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх аргыг хэлж байгаа юм.
В.Ганзориг: IPO хийж цаг үрэхгүй шууд бэлэн биржид бүртгэлтэй компанийг ашиглана гэсэн үг байх нь.
Л.Наранбаатар: Ганхуяг захирал бол улс төр, зах зээлийн моментум, цонх хоёрыг алдахгүйгээр хэрхэн шуурхай хийх вэ гэдэг дээр санаа зовоод байна. Энэ нь RTO гэдэг дээр буугаад байгаа юм.
Ч.Ганхуяг: Гэхдээ хөрөнгийн бирж өөр байр суурьтай байдаг. Засгийн газар Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржтэйгээ зөвшилцөөд 2.1 сая иргэний хувьцааг төвлөрсөн хадгаламжийн төвд захиргааны аргаар шууд бүртгэх арга бий.
Ганзориг: Энэ нь олон улсын стандарт, Хонгконгийн хөрөнгийн биржийн шаардлагаас зөрөхгүй юу?
Л.Наранбаатар: Би бол энэ хувилбарыг дэмжээд байгаа юм. Яагаад гэвэл Монголын зах зээл дээр “Эрдэнэс Тавантолгой” том компани болчихлоо шүү дээ. Тэгсэн атлаа дотоодын хөрөнгийн бирж дээр гарахын тулд өөр компани ашиглана гэдэг нь нэр нүүрээ бодсон ч гэсэн онцгүй.
Б.Тулгат: Ер нь бирж дээр ямар ч компани гарахад тодорхой шаардлага тавигддаг. Энэ шаардлага нь тухайн компанийн засаглал, нягтлан бодлох бүртгэл нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төвшинд очсон эсэхийг шалгаж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” одоогийн байгаагаараа давхиж очоод хөрөнгийн бирж дээр гарчихаж болох уу үгүй юу л гэдэг асуудал байгаа юм.
Ч.Ганхуяг: Хувийн хэвшил учраас бид нарын бизнес ТУЗ, аудит нь хэн байхыг тодорхойлж, хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компанитай хамтрах ёстой. Мөн хууль эрх зүйн нийцлийг хариуцсан захирал, эрсдэлийн захирал, санхүүгийн захирал нь шууд ТУЗ-дөө тайлагнадаг байх зэрэг олон шат дамжлага дамждаг.
Машин, машинаар нь цаас зөөнө гэдэг шиг их ажил гардаг. Гэхдээ улс төр, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн хувьд маш гоё уулзвар дээр ирчихээд байгааг санах ёстой
. Найман жил хувьцаагаа амь орохыг хүлээсэн. Иймээс энэ асуудлыг одоо хүчлэх, улс төрийн гүүдвил болгох цаг нь болсон.
Л.Наранбаатар: Одоо улс төрийн амлалтаар 933 төгрөг гэдэг үнэлгээ хийчихсэн. 11.2 их наяд төгрөг гэсэн үг. Яг зах зээлийн зарчмаар нь харвал маш сонирхолтой тоо гарна. Түүхий нүүрс зардаг процесс ижил гэдэг утгаар нь “Жижиг Тавантолгой”-той харьцуулж үзэх ёстой. 140 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй, хөрөнгийн бирж дээр байгаа компанийн нэгж хувьцааг үнэлгээтэй нь үржүүлэхээр 530 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болж байна. 7.3 тэрбумын тоннын баялагтай компани бол 28 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрч болохоор байгаа юм.
Хэрэв яг энэ рационалийг ашиглавал шүү дээ. Үүнийг нэгж хувьцаанд хуваахад ногдол ашиг нь хоёр сая орчим төгрөг болох нь л дээ. Маш энгийн тооцоолол шүү дээ. Гэтэл бодит байдал дээр энэ компани ийм үнэлгээтэй биш. Ийм үнэлгээнд хүрч чадахгүй. Яагаад гэвэл энэ компанид дэд бүтэц, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц байхгүй.
Гэтэл бүгдийг шийдсэн “MMC” компанийг сайн компанийн засаглалаар нь харъя л даа. Тухайн үед буюу 2009 онд нэгж хувьцаа нь долоон Хонгконг доллар байлаа. Түүнээс хойш төмөр замыг нь булааж аваад бариулаагүй, улс төрийн өчнөөн бойкот хийгээд энэ компанийг хорлосон. Үүнээс болоод “MMC”-н үнэлгээ 47 дахин унасан. Гэсэн ч өнөөдөр “ММС” 200 сая долларын жилийн цэвэр ашигтай, 450 сая долларын борлуулалтын орлоготой, 780 сая долларын хөрөнгөтэй компанийг Хонгконг дээр бүтэхгүй улс төртэй монгол компани гээд 250 сая долларын үнэлгээтэй гэж харж байна л даа. Гэтэл энэ ордын эдийн засгийн үр ашигтай нөөц нь 330 сая тонн гэж үнэлэгдсэн байдаг юм.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” дээр баяжуулах үйлдвэр барьж ашигтай ажиллана гэж тооцоолоход гурав дахин өндөр үнэлгээтэй болчихож байгаа юм. Энэ нөхцөлд 500-600 сая ам.долларын бодит үнэлгээтэй компани болох магадлалтай. Ийм боломж бий. 47 дахин унагаж чадсан бол 47 дахин өсгөх хүч нь 65 суудалтай МАН-д бий.
Эхлээд иргэдийн эзэмшиж байгаа 2.2 их наяд төгрөгийн үнэлгээтэй хувьцааг дотоодын хөрөнгө бирж дээрээ арилжаалаад зах зээлийн бодит үнэлгээг нь гаргаж харах ёстой. Үүний дараа төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ хэрхэн барих тухай том мэдэгдэл хийхэд зах зээлийн үнэлгээ 2-4 дахин өснө. Тэгэхээр дээр дурдсан нэг сая төгрөгийн хувьцаа 10 сая төгрөг хүрэх бололцоо шийдвэр гаргагчдад байгаа юм. Энэ бололцоогоо олж хараач гэж л хэлэх гээд байгаа юм. Гэхдээ зах зээл биднийг хүлээхгүй. 2019 онд коксжих нүүрсний үнэ унах гэж байна. Энэ цонх үе дээр л ажиллах хэрэгтэй байна.
В.Ганзориг: Нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Сүүлийн асуултыг та бүхэнд тавья. Наранбаатар сая 1072 ширхэг хувьцааг идэвхжүүлье гэдэг фэйсбүүк групп нээгээд 24 цаг болоогүй байх шиг байна. Нийт хэдэн гишүүнтэй болчихов оо?
Л.Наранбаатар: Өчигдөр 21 цагийн үед нээсэн. 50 мянган гишүүнтэй болчихоод байна.
В.Ганзориг: Тулгат захирлын хэлснээр энэ тэгээд сайны ёр уу, муугийн ёр уу?
Л.Наранбаатар: Ямар ч байсан иргэд сонирхож байна. Би өчигдөр live хийхэд иргэдийг ийм өндөр хүлээлттэй байна гэж бодоогүй юм. 2.2 их наяд төгрөгийн хувьцаа ямар ч байсан баталгаажлаа. Дараагийн алхам “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгоод дотоодын хөрөнгийн бирж дээр эргэлтэд оруулахад хөрөнгийн зах зээлийг хөгжил үсрээд явах нь ээ гэдэг мэдээлэл өгсөн. Үүний дараа иргэдийн дунд хувьцаагаа эргэлтэд оруулах хүсэл эрмэлзэл бий болсон.
Ч.Ганхуяг: Ер нь Монгол гэлтгүй бүс нутагтаа харахад өчигдрийн оруулсан бичлэг бараг рекорд тогтоох байх шүү. Учир нь ямар ч спонсор, идэвхжүүлэлт хийгээгүй, Холливудын мундаг оддын скандал байгаагүй, өөрөө камераа бариад хийсэн бичлэг ингэж олон хүнд хүрнэ гэдэг бол...
Л.Наранбаатар: Засаг бодлогоо нэг болгожээ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгоно гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Харин хэрхэн гэдэг дээрээ үзэл бодлын зөрүү байх шиг байна лээ. Зөвшилцөлд хүрч болно. Иргэд богино хугацаанд дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хувьцаа маань хөдөлгөөнд ороосой гэж хүсч байгаа. Үнийн хөдөлгөөнөөс ашиг хүртэх эсвэл хадгалаад ногдол ашгаа авах эрх нь нээгдээсэй гэдэг хүлээлт байна. Үүнийг 50 гаруй мянган хүн нэг хүрэхгүй хоногийн дотор “1072 хувьцааг арилжаалах групп”-т нэгдэж байгаагаас харж болно.
В.Ганзориг: Нэрлэсэн үнэ нь ойролцоогоор нэг сая орчим төгрөг гэж тооцоход 50 мянган хүнээр үржихээр хэрэв ороод ирдэг бол маш том хөдөлгөөн болох юм байна даа?
Ч.Ганхуяг: Дийлэнх хүн зарахгүй нэмж авна гэсэн байна лээ.
Л.Наранбаатар: Нэмж авна гэсэн хүн ч их байгаа.
В.Ганзориг: Үнэтэй цаг зав гарган манай нэвтрүүлэгт ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь хамгаас том амжилтыг хүсье.