PERSPECTIVE: Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид Засгийн газар ба захиргааны шүүхийн тухай

Б.Болор-Эрдэнэ
2018-06-25 14:19

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томьёоллыг боловсруулж тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал Засгийн газрын шийдвэрийг шүүх хянах боломжгүй болж иргэн, хуулийн этгээд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах боломжгүй болно хэмээн хуульчид үзэж байна.  Тиймээс Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан Хуульчдын форумд гаргасан зөвлөмжийг санал нэгтэйгээр баталж, УИХ болон Засгийн газарт хүргүүлжээ. Тэгвэл чухам яагаад энэ төслийг хуульчид эсэргүүцэж байгаа болон энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ямар сөрөг үр дагавар гарахыг Монголын хуульчдын холбооны гишүүн хууль зүйн доктор Д.Сүнжидээс тодрууллаа.


Засгийн газрыг захиргааны шүүхийн хяналтаас гаргах тухай асуудлыг ихэнх хуульчид эсэргүүцэж байна. Тэгвэл Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Засгийн газар янз янзын шийдвэр гаргах нь ч байна.  Үндсэн хуулийн субъект учраас магадгүй бодлогын шинжтэй шийдвэр гаргана.  Тухайн гаргасан шийдвэрийг нь  Үндсэн хуулийн дагуу шүүхээс хянах ёстой. 

Ер нь Засгийн газрын шийдвэрийг хоёр ялгаж байна. Хэрвээ бодлогын шинжтэй улстөрийн шийдвэр юм бол тэрийг шүүх хянахгүй, харин хуулийн дагуу хянаж болох шалгууртай захиргааны шийдвэр юм бол үүнийг захиргааны шүүх хянана. Жишээлбэл сая Оюунтолгойгоос усны татвар авахгүй гэсэн асуудал яригдаж байсан.  Энэ бол хууль зөрчсөн асуудал. Нэгдүгээрт байгалийн баялаг, хоёрдугаарт орон нутгийн өмч, гуравдугаарт иргэдээс аваад байгаа мөртлөө яагаад аж ахуй нэгжээс авахгүй юм бэ гэсэн асуудал гарч ирнэ.

Тэгвэл хаашаа хандах вэ гэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой ч тус хууль батлагдсанаараа энэ асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй болгох гээд байгаа юм. Тийм учраас өчигдөр 19-нд хуульчдын нэгдсэн форумд оролцсон 500 орчим хуульчийн 98 хувь нь Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргахыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

 Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж хуулийнхан ярьж байна. Яг ямар зүйл заалтыг зөрчиж байна вэ?

Хамгийн эхлээд төрийг бид яах гэж байгуулж байгаа гэхээр  бидний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлээд, хамгаалаад, зохион байгуулаад өгөөч л гэж төр байгуулж байгаа юм.

Тэгвэл төрийн үндсэн үүрэг нь ердөө л хууль дээдлэх.  Тэгэхээр яг ямар хууль заалтыг зөрчиж байна гэхээр Үндсэн хуулийн 1.2-т заасан хүний эрх чөлөөг хангах,   19.3-т заасан Монгол улсын иргэний ёсыг баталгаатай хангах, эрх нь зөрчигдөх юм бол түүнийг сэргээн эдлүүлэх, хохирлыг нь барагдуулах тухай заалтыг, мөн 16.14-р зүйл дэх Монгол улсын иргэн шударга шүүхээр шалгуулна гэсэн заалтыг зөрчиж байна. Ерөөсөө иргэнд ямар эрх байна гэхээр хэрвээ миний эрх зөрчсөн гэж үзэж л байгаа бол шүүхэд хандах эрхтэй. Тэрийг нь төр хангах үүрэгтэй. Мөн  Шүүхээ байгуулсан байх, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх журмаа баталсан байх хэрэгтэй. Тэгэхээр төрийн аль нэг институт давуу эрхтэй байна гэсэн юм байхгүй бүгдээрээ хуульд захирагдана. Хуульд захирагдахдаа зүгээр нэг сохроор захирагдахгүй.

Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго чиг үүрэг нь юу вэ?

Бид 2002 оноос өмнө бол ердийн шүүх гэж нэрлэгдэг эрүүгийн шүүх, иргэний шүүх гэсэн  шүүхтэй л байсан. Тэгээд 2002 онд шинэ хууль батлаад 2004 оноос эхлээд захиргааны хэргийн гэдэг шинэ шүүхтэй болсон юм. 

 

Энэ шүүхийн зорилго бол ерөөсөө захиргаанаас гарч байгаа шийдвэрүүдийг хууль ёсных мөн эсэхийг л хянаад хэрэв зөрчсөн байвал түүнийг тогтоогоод эрхийг нь сэргээх үүрэгтэй захиргааны хэргийн дагнасан шүүх юм. 

 

Захиргааны хэргийн шүүхийн аливаа иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалж байсан нэг жишээ дурдаач?

Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад одоо 14 жил боллоо. Энэ хугацаанд хамгийн их гардаг нь газрын маргаан. Дараагийнх нь тусгай зөвшөөрөл авахад миний эрхийг зөрчлөө гэх хэрэг гардаг.  Дараа нь сонгуультай холбоотой нэмэгддэг нэг асуудал бол төрийн албаны халаа сэлгээний асуудал.  Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халдаг оронд нь өөрийн хүнээ томилдог. 

Хамгийн сүүлд 2017 оны захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг харахад 1908 нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэсэн юм байна.  Тэгээд түүний талаас илүү хувийг буюу 57 орчим хувийг хүчингүй болгосон.  Эндээс харахад 50-аас илүү хувийн хүний эрхийг зөрчсөн, шийдвэрийг захиргааны байгууллага гаргачихсан байна. Үүнийг ингэж тодорхойлно гэдэг нэлээд хэдэн хүний, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг барагдуулж эрхийг нь сэргээсэн байна гэж харж болно.

 Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа үндэслэл нь юу юм бэ?

Хоёрхон зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа юм. Үр дагавар удаан үргэлжилж магадгүй бөгөөд нийтэд хамаатай маш ноцтой сөрөг үр дагавар үзүүлж магадгүй учраас хуульчид нэгдэж эсэргүүцэж байна.

Магадгүй захиргааны шүүхийн хуульд боловсруулах зүйл заалтууд байгаа байх. Гэхдээ одоо биш, ийм байдлаар биш.  Хэрэв аливаа зүйл нэмэлт өөрчлөлт оруулах гэж бол үндэслэл байх ёстой.   Нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг харахад:

Нэгдүгээрт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байна.  Хоёрдугаарт том бүтээн байгуулалтын ажилд шийдвэр гаргахад саад болж байна гэсэн тайлбар байгаа юм. Нэмээд бас нэг хүчилсэн тайлбар байсан нь “Төрийн  гүйцэтгэх дээд байгууллага бол Засгийн газар юм. Захиргааны ерөнхий хуульд оруулахдаа төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг  төв болон орон нутгийн байгууллага гэж оруулсан учраас гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар хамаарахгүй  гэсэн байсан. Энэ бол итгэл үнэмшил төрүүлэхүйц дорвитой тайлбар биш.  

Д.Сүнжид: Засгийн газар хуулийн хяналтаас гарах гэж байгаа нь улс төрийн шалтгаантай

Засгийн газар яагаад ямар ашиг сонирхлын үүднээс  захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарах гээд байгаа юм бэ?

 Мэдээллүүдээс харахад Засгийн газар хуулийн хяналтаас гарах гээд байгаа нь улс төрийн л шалтгаантай гэж харахаар байна.

Нэгдүгээрт, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал юм шиг байгаа юм. Энэ бол миний таамаглал.   Нөгөө нь  том том бүтээн байгуулалттай холбоотой.  Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь том том бүтээн байгуулалтад саад болж байна гэж үзээд байх шиг байна.  Жишээлбэл:

Хөшигтийн хөндийд нисэх буудал барих гээд шийдвэр гаргасан. Энэ том бүтээн байгуулалт мөн үү мөн. Гэтэл энэ дунд хэн нэгэн иргэний газар эзэмших эрх зөрчсөн байна гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүх үзэж бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа нь маш их эдийн засгийн хор хохирол учруулж байна

гэдэг асуудлыг ярьдаг. Гэхдээ үүнийг шийдвэрлэх гарц нь Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарах биш.  Яагаад гэвэл Засгийн газрын шийдвэрийг хууль зүйн үүднээс хянах  ёстой газар нь захиргааны хэргийн шүүх. Засгийн газар хуулиас дээгүүр шийдвэр гаргана огт гэж байхгүй.

Түрүүн таны хэлсэнчлэн Засгийн газраас ийм хууль өргөн барьж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад буцааж худалдан авах УИХ-ын тогтоолын хэрэгжилттэй холбоотой байх магадлалтай. Засгийн газрын хэрэгжүүлэх алхмууд, мөн Засгийн газрын шийдвэрүүд захиргааны хэргийн шүүх дээр унадаг. Тэгвэл хэрвээ шүүх нөлөөлөлтэй ажиллаж байна гэж үзвэл УИХ-аас гаргасан тогтоол, бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар улстөржсөн шүүхийн нөлөөллөөс ангид ажиллахын тулд эрхзүйн ямар зохицуулалт шаардлагатай вэ?

 Хэрэв шүүх дээр тийм асуудал байгаа гэж үзвэл шүүгчийн эрхзүйн тухай хуулиар зохицуулах хэрэгтэй. Үнэхээр зөрчилтэй шийдвэр гаргачхаад байгаа юм бол шүүгчийн ёс зүйн хороонд мэдэгдэх хэрэгтэй. Ер нь Төрийн байгууллага аль нэг газраа заавал хянагдана. Дураараа дургиад ганцаараа шийдвэр гаргах боломжтой субъект гэж Монгол улсад огт байхгүй

Аль ч улсад хувь хүн хуулийн этгээдийг төрийн хүч албадлагын дор хуульд захируулдаг бол зөвхөн эрх зүйт төртэй улсад хувь хүн хуулийн этгэд төдийгүй ЗГ-ын үйл ажиллагааг хараат бус шүүхийн хяналтад оруулах замаар хуульд захируулдаг гэдэг. Тэгвэл хараат бус шүүх гэж юу болох мөн эрх зүйт төр гэж юу болох тараад товч тайлбар өгөөч?

Үндсэн хууль төлөвшсөн ардчилсан орон заавал хяналт байх ёстой. Ялангуяа төрийн байгууллагад.

 Анх 18-р зууны үеэс эхлээд хаан хэмжээлшгүй эрхтэй байхад татвар гувчуур их хурааж аваад, авсан татвараа хаана, яаж зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй ард иргэд нь ядуураад байдаг ойлгомжгүй байдалтай байсан. Тиймээс хааны энэ эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй  гэж л хяналт гарч ирсэн. 

 Ингээд  эдийн засгийн хуваарилалтыг шударга байлгах үүднээс төрийг зохион байгуулахдаа хяналт тавих ёстой юм гэх зарчмыг баримталж ирсэн. Тийм учраас институц гэдэг юм тогтоогоод төрд хэн  ч гарч ирсэн хянагддаг байх ёстой гэдэг  механизмыг тогтоож өгч байгаа юм. Энэ нь өнөөдрийн эрх зүйт төрийн суурь үндэс нь болсон гэж үздэг.

Эрх зүйт төр гэдэг товчхондоо хэн нэгэн хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллага төр, нийгэмд байгаа бүхий л бүлэг хэсгүүд  хуулинд л захирагдана.  

Хууль л бүхнийг зохицуулагч нь байх ёстой.  Төр нь арай давуу эрхтэй, иргэн арай доогуур эрхтэй гэсэн юм байхгүй. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдгийг тунхагладаг. Ерөөсөө эрх зүйт төрийн гол шинж нь хууль тогтоогч нь тусдаа, хэрэгжүүлэгч нь тусдаа, үүнийг хянадаг субьект нь тусдаа гэж ойлгож болно.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр захиргааны хэргийн шүүхийн хяналтаас  ЗГ-ыг гаргах  асуудлыг Цэц их хурлаараа шийдвэрлээгүй байхад саналаа урьдчилан хэлсэн нь цэцийн даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна. Ер нь цэцийн даргын эрх мэдэл юугаар хязгаарлагддаг вэ?

Зөрчсөн. Үндсэн хуулийн цэцэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Тэр хуульд  дарга ямар эрхтэй тухай заасан байгаа. Гэхдээ даргад илүү давуу эрх олгосон юм байхгүй. Хэргийг зохицуулагч зохион байгуулагч гэдэг утгаар нь авч үзнэ түүнээс дарга бусдаас илүү давуу эрхтэй байна гэсэн заалт байхгүй. Тэгэхээр энэ хүн бас хуульд захирагдах үүрэгтэй. Хэрэв хамтын хуралдаанаар шийдэх ёстой асуудал бол хамт хуралдаж байж шийдвэр гаргана.

 Энэ асуудалд  УИХ-ын гишүүдийн санал маш их нөлөөлнө. Үүнийг хэлэлцэх асуудал 7 хоногоор хойшилсон гэх мэдээлэл байна. Хуульчдын гаргасан уриалгыг дэмжих болов уу ?

Үүнийг  нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд ийм хоёр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулна гээд санал гаргачихсан юм байна. Одоо УИХ нь байнгын хороогоороо хэлэлцэх гээд оруулчихсан чухам яаж шийдэхийг нь ёстой хэлж мэдэхгүй байна. Найдаж байгаа нь зөвхөн өнөөдрөөр дуусчихгүй харилцаа учраас түүнийгээ бодоод зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Ер нь хууль тогтворгүй байх нь зөвхөн хуулийн салбарын тулгамдсан асуудал биш, нийт ард түмэн энэ асуудлаас болж хохирдог гэдгийг бодоосой.

Засгийн газрын үйл ажиллагааг Захиргааны шүүх хянадаг болсноос хойш олон маргаан явж байгаагийн дотор унаач хүүхдийн эрх зөрчсөн асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан ч байна. Мөн Засгийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Үүнд хяналт тавьдаг гол субъект нь Захиргааны хэргийн шүүх. Гэтэл энэ хуулийг төсөл батлагдчихвал эдгээр асуудлууд яах бол?

Муугаар бодоход энэ нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль нь батлагдчихвал Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахгүй. Товчхондоо энэ. Эндээс хамгийн уршигтай нь Засгийн газрын шийдвэрийг ишлээд гаргасан бүх шатны шийдвэр бас захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй. Тэгэхээр магадгүй татварын акт ч юм уу газар өмчлөлийн асуудал Засгийн газрын тогтоолыг үндэслээд гарчих юм бол тэрийг бас хянах эрх байхгүй. Шууд хэлэхэд тус хуульд өөрчлөлт оруулах нь батлагдвал зөвхөн хэн нэгэн этгээдэд, тодорхой хэдэн асуудал дээр л ашигтай шийдвэр гаргана. Нийгэмд олон нийтэд, хуулийн этгээдэд ямар ч  сайн үр дагавар гарахгүй.  

Ер нь шүүхийн хараат бус байдал алдагдсан талаар дээр дооргүй ярих боллоо. Шүүхийг хараат бус байна гэж үзвэл хараат бус шүүх ЗГ-ыг хянаж байх эрсдэл юу вэ? Мөн ийм байдлаас гарах арга замуудын талаар таны бодол?

Шүүх үнэхээр хараат бус байна уу гэдэг дээр янз бүрийн судалгаа байдаг л даа. Олон улсын судалгаагаар манайх тийм сайн биш.  Тэгвэл шүүх юунаас хараат бус байгаа юм гэхээр хоёр л юм ярьдаг.  Нэг нь улстөрийн нөлөө, хоёр дахь нь эдийн засгийн нөлөө. Гэхдээ яг одоо батлагдаж нотлогдсон зүйл алга. Үнэхээр шүүгчид ямар нэгэн хүн нөлөөлөөд байгаа бол шүүгчийн эрх зүйн байдал, шүүгчийн эрхийн хуулиа, томилдог системээ өөрчил. Хэн томилдог юм. Хэн нөлөөлөх боломжтой вэ гэдэгт хариулт өг.

Чухам яагаад улс төрийн нөлөөнд ороод байгаа юм түүнийг нь олж устга. Хамгийн ойрын жишээ гэхэд л Үндсэн хуулийн цэцийн томилгооны асуудал байна.  Энэ бүхнийг хуулиараа дамжуулж залруулана.

 

 


  1. 162.158.88.* Д.Гантѳгс 2018-12-30 16:07
    Шүүх улс тѳрѳѳс мѳнхийн хараат байна. Гарц нь хѳндлѳнгийн иргэдийн шүүх байгуулах юм даа