SYNDICATE TALK: Монгол улсын гранд стратеги
Синдикат ярилцлагын тусгай дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн зочноор Саймон Анхолт уригдлаа. Тэрбээр ИБУИНВУ-ын иргэн бөгөөд стратегич, бодлого судлаач, дэлхийн тэргүүлэх сэтгэгчдийн нэг юм. Улс орнуудын имиж юунаас бүрддэг, улсын брэндийг яагаад чухалчлах тухай судалгааг сүүлийн 30 жилийн турш хийж байна. Антропологийн судалгаанд үндэслэсэн дэлхийн улс орнуудын нийтлэг үнэт зүйлс, зан чанарын судалгааг анх хийж эхэлсэн тэрбээр Nations Brand, City Brand болон Good Country индекцийн эцэг юм.
Ванчигийн Ганзориг: Бидний урилгыг хүлээн авч Монгол Улсад зочилж буй танд баярлалаа! Улс орнуудын брэндийг бүтээх, имижийг дээшлүүлэх, үндэсний ижилслийн (National identity) талаар хэд хэдэн ном бичсэнийг тань бид мэднэ. Улс орны имиж (image), нэр хүнд (reputation), ижилсэл (identity) гэсэн нэр томъёодын ялгаа болон тодорхойлолтыг маш энгийнээр тайлбарлаж өгөөч.
Саймон Анхолт: Та маш хүнд асуултаар ярилцлагаа эхэлж байна шүү (Инээв). Энэ асуултад шууд хариулмааргүй байна. Яагаад гэдгээ тайлбарлахыг зөвшөөрнө үү. Учир нь улс орны имиж (image), нэр хүнд (reputation), үндэсний ижилсэл (identity) гэсэн нэр томъёодын утгын ялгаа маш бага. Техникийн бяцхан ялгаа л бий. Та надаас Монгол Улсын имиж, нэр хүнд, ижилсэл нь дэлхийд хэрхэн харагдаж үнэлэгддэг тухай асуух гэсэн байх. Эдгээр ойлголт, үнэлгээг бараг нэг ижил зүйл гэж ерөнхийд нь хэлж болно. Аливаа улс бусад улсад хэр гоё харагддаг бол гэж бодож санаа зовох нь үнэндээ илүүц зүйл гэж би үздэг
.
Улс орон гэдэг бол хувь хүнтэй яг ижил шүү дээ. Хэрвээ өөрийгөө бусдад ямар харагддаг бол гэж байнга бодон санаа зовж явдаг нэгэнтэй таарвал хоромхон хугацаанд л та тэр хүнийг ямар хэцүү, “азгүй нөхөр” болохыг нь мэддэг.
Тийм хүмүүс ийм хувцас надад зохих болов уу, би аятайхан харагдаж чадаж байгаа болов уу гэж үргэлж өөртөө санаа зовж өнгөц чанар, аминч үзэл, дутуугийн комплексын дарангуйлалд өөрсдийгөө хүчээр оруулдаг юм.
Улс гүрнүүд хувь хүмүүс шиг ингэж өөртөө хий дэмий санаа зовох огт шаардлагагүй. Харин ингэх юм бол дэлхийн дэвжээн дээр тун аюултай тоглоомоор тоглож эхэлж буйн дохио шүү. Учир нь тэд асуултын агуулгаа яг эсрэгээр нь гаргаж тавьж буй хэрэг юм. Зүй нь аливаа улс бусад орнуудад хэрхэн тоогдох вэ гэж хоосон санаа зовохоос илүүтэйгээр бид өөрсдөө бусад улс орны төлөө, дэлхий дахинд нэмэртэй юу хийж чадах вэ гэж асуух ёстой.
Ванчигийн Ганзориг: Чухам ийм учраас та Nation brands, Good country гэх мэт дэлхийн улсуудыг эрэмбэлдэг индексийг санаачилсан байх. Энэ ажлуудыг хэзээнээс, яагаад эхлүүлсэн юм бэ?
Саймон Анхолт: 2005 онд би анх Nation Brands индексийг гаргаж ирсэн. Харин одоо би яах гэж брэнд гэдэг үгийг ашиглав даа гэж толгойгоо шаадаг юм.
Ванчигийн Ганзориг: Яагаад тэр вэ?
Саймон Анхолт: Удахгүй энэ талаар тайлбарлана аа. Брэнд гэдэг бол маш ярвигтай, барьцгүй утгатай үг. Хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг осолтой. 2005 онд миний гаргасан Nation Brands индексийн санаа нь улс орны брэндийг тухайн улсын бараа үйлчилгээтэй нь зэрэгцүүлж авч үзэхийг зорьсон юм. 21 дүгээр зууны даяаршлын эрин үед аливаа улсын оршихуй имижээс нь хамаарна. Бараа бүтээгдэхүүн зах зээлд үлдэж чадах эсэх нь ч имижээс нь шууд хамаардаг. Би Nike-ийн гутал авдаг. Учир нь би эдний имижд нь дуртай. Харин би Adidas-ийн имижийг таалдаггүй. Өнөө цагт бараа үйлчилгээ худалдан авах, хүн ажилд авах, дэлхийн аль нэг улс руу аялах, аль нэг улстай түншлэн бизнес хийх нь тэдгээр бараа, хүн, улс, компанийн имиж, нэр хүнд, нийтэд тогтсон ойлголт, нийгмийн бүлгүүдийн үзэл бодлоос шууд хамаардаг гэдгийг би батлахыг хүссэн. Энэ хамаарлыг би сая хэлсэн индексээр хэмжихийг оролдсон юм.
Энгийнээр хэлбэл Nations Brand индекс гэдэг нь олон нийтийн санаа бодлын том олонлог юм.
Би судалгааныхаа түнш болох GFK-тэй хамтран хамгийн багадаа 25, ихдээ 38 улсыг сонгон, тус бүрээс нь 1000 хүний түүвэр үүсгэж, урьдчилж бэлдсэн 50 улс, 50 хотын тухай 50 орчим асуултыг жил бүр асуудаг юм. Nations Brand индекс бол дэлхий тухайн улсыг хэрхэн харж, ойлгож, дүгнэж, үнэлж буйг илтгэсэн газрын зураг юм. Энэ индексийг би 2005 оноос хойш жил бүр тасралтгүй хийж байгаа ч 2014 оноос эхлэн дэлхийн улс орнуудыг эрэмбэлэх арай өөр хэмжүүрийг гаргаж ирэхийг хүссэн. Энэ шинэ хэмжүүр нь агуулга ба ач холбогдлын хувьд маш чухалд тооцогдоно. Учир нь шинэ индексээр улс орнуудын талаарх бусдын санаа бодлыг биш тухайн улсын өөрийнх нь бодит байдлыг хэмжихийг зорьсон. Өөрөөр хэлбэл тухайн улс дэлхийн нэг хэсэг болохын хувьд нийт хүн төрөлхтөн, хөрш улс, бусад тивийн улс орнуудын төлөө хийж буй үйл, хувь нэмрийг нь хэмжиж эхлэсэн хэрэг. Үүнийг би Good County index буюу Сайн улсын индекс гэж нэрлэсэн. Аливаа улсын нэр хүндийг бусдын үгээр биш бодит байдлаар нь хэмжиж дэлхийн бусад улсуудтай харьцуулан эрэмбэлнэ
гэсэн үг.
Улсуудын мэдээллийг НҮБ болон бусад олон улсын байгууллагуудаас цуглуулахаас гадна бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглан дэлхийн бүх улсуудын бодит байдлын тайлан тэнцлийг гаргадаг. Тухайлбал, танай улс өөрийн хилээс гадна орших бусад улсууд, дэлхийн нийт хөгжлийн төлөө ямар хувь нэмрийг хэрхэн, ямар хэмжээгээр оруулдаг вэ гэдгийг тооцож гаргадаг. Жишээ нь би Good Country индекст жагссан Монгол, Франц, Грийнланд улсуудыг хараад “Ээ бурхан минь, ямар азаар эдгээр улсууд дэлхий дээр оршдог юм бэ гэж бодох ёстой юу? Эдгээр улс бусдынхаа төлөө бодитой эерэг үйл хийж хүмүүнлэг ардчилсан зарчмаар мөр зэрэгцэн хамтран оршиж чаддаг уу?” гэж өөрөөсөө асуудаг. Өнөөгийн нийгэмд энэ маш чухал асуултад тооцогдоно. Дээрх ялгаатай хоёр зорилгоор энэ хоёр индексийг би гаргаж ирсэн юм.
Ванчигийн Ганзориг: 21 дүгээр зууныг даяаршлын эрин үе гэдэг боловч зарим улс эсрэг туйл руу нь зориод байх юм. Тухайлбал, өдөр ирэх тусам газар авч буй үндсэрхэг үзлийн хэдэн жишээг дурдаж болж байна. Энэ ярвигтай дэлхий ертөнцийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ? Хөгжиж буй Монгол Улсын хувьд энэ хавтгай, хурдан дэлхийн нэг хэсэг нь болж явах ёстой юу эсвэл туургаа тусгаарлан өөрсдийгөө “хадгалах” уу?
Саймон Анхолт: Аль алийг нь тэнцвэртэй авч явах ёстой гэж хариулмаар байна. Аль ч тусгаар улсын хувьд олон улсын системээс ангид орших боломжгүй, тийм сонголтгүй цаг үед та бид амьдарч байгаа. Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий, асар том газар нутагтай, хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг АНУ хүртэл ганцаараа дэлхий дээр хэн ч биш болсон цаг үед бид оршиж байна. Учир нь орчин цагийн дэлхий ертөнц хоорондоо нягт холбоотой болохын хэрээр улс орнууд бие биеэсээ улам бүр хамааралтай болсоор байна. Энэ нь ямар ч улсын хувьд яах аргагүй ярвигтай асуудлыг үүсгэнэ.
Нэг талыг баримталсан үзэл ажиллахаа болиод удаж байна. Хэдий ийм боловч аливаа улс энэ орчилд өөрийн үндэсний ижилслээ алдах, иргэд нь эх оронч үзлээ гээх ёстой гэсэн үг биш юм шүү! Хэт үндсэрхэг үзэл гаргалгүйгээр эх орноо хайрлах зөндөө олон арга байдаг. Үндсэрхэг үзлийн хэд хэдэн төрөл байдаг. Хэт түрэмгий үндсэрхэг үзэл гэж байна. Тэр нь өөрөөсөө бусдыг бүгдийг нь дорд үзсэн, өөрсдийгөө дэлхийд байхгүй хосгүй нийгэм гэж үздэг үзэл. Энэ бол улс үндэстний маш эвгүй эмгэг өвчин. Жинхнээсээ энэ бол эмгэг судлалын том судлагдахуун шүү. Арай өөр төрлийн нийгмийн эмгэг бол шашинд суурилсан үндсэрхэг үзэл юм. Энэ нь манай шашин бусдынхаас илүү, төгс төгөлдөр учир бусад улс биднийг дагах ёстой, бид хүчээр дагуулах ёстой гэдэг үзэл. Эдгээр үзэл бол буруу, муухай, хамгийн гол нь нийгэмд аюултай суртлууд юм.
Ванчигийн Ганзориг: Та бие биенээ хүлээн зөвшөөрөхгүйн комплексийг яриад байна аа даа?
Саймон Анхолт: Нийгэм хооронд үүсдэг хэн нь мундаг, тэргүүлэгч, төгс байхын төлөөх утгагүй бөгөөд үр дүнгүй өрсөлдөөнийг би хэлж байгаа юм. Нөгөө талаасаа аль нэг улс өөрийн нийгмээ хайрлаж хүндлэх олон бодитой шалтаг байдаг. Өөрийн улсаа хайрлахаас гадна бусад улсыг хүндлэх олон шалтгаан бас байдаг. Өөрсдийгөө болон бусдыг хайрлахын төгс зохицлыг бид олох, бий болгох ёстой.
Үндсэрхэг үзэл газар авч буй гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ дэлхий ертөнцийг өөр эерэг талаас нь харж чаддаг хүмүүс цаг үргэлж оршсоор ирсэн. Хүн айдастай байхдаа, өөртөө итгэлгүй болохоороо, ялангуяа санхүүгийн хувьд баталгаатай бус болоод ирэхээрээ жаахан хүүхдийн гаргадаг араншинтай адил төрөлх рефлексээрээ шууд амиа бодон хойшоо ухарч эхэлдэг. Энэ мөчөөс эхлэн хэн нэгэн хүчтэн эсвэл шидтэнийг хайж, өөрийн мэддэг хуучны “аюул эрсдэлгүй”, өнгөрсөн сайхан цагаа хүсэмжилж эхэлнэ. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд тэр хүний амьдрал боломжийн, өөрөө удирдаж болохуйц байсан хэрэг. Харин ирээдүйгээ төсөөлөхөөр л болж бүтэх юм байхгүй санагдаад буй хэрэг. Өөрөөр хэлбэл ирээдүйн тодорхой бус байдал ихэнх хүнд сөрөг мэдрэмж төрүүлдэг юм. Хүн ийм нөхцөл байдалд яагаад ийм араншин гаргаж буйг ойлгоход хэцүү биш. Гол нь энэ нөхцөлд хүмүүс маш эмзэг болж, өөрийн бодолгүй шууд “хүний хүн” болоход бэлэн болдог. Ингэж тэд популист, эх оронч царайлсан улстөрчдийн бэлэн хоол нь болдог. Ийм нөхцөл үүсмэгц тэр улстөрчид гадны хөрөнгө оруулагчид, даяаршил, үндэсний цөөнх, бусад шашныг үгүйсгэж, болж бүтэхгүй байгаа бүхний буруутан мэтээр олон нийтэд сурталдаж, ард түмний айдас ба сэтгэл зовнилыг нь өөрсдөдөө ашигтайгаар удирдаж эхэлдэг. Энэ бол үнэхээр шударга бус бөгөөд нийгэмд асар хортой үйлдэл юм.
Өнөөдөр ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт бидний эргэн тойронд тодорхой бус байдал оршсоор л байна
. Ийм учраас улс болгоны шахуу улстөрчид энэ байдлыг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байна. Энэ нөхцөл байдлыг цоо шинэ зүйл гэж дүгнэхгүй. Даяаршлын эрин үед бүх зүйлс харилцан хамааралтай болж байна. Муу зүйл улс, тив дамнан вирус мэт хурдан тархдаг болжээ. Энэхүү тархалтын хурд бол бидний хувьд шинэ зүйл. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй. Би хувьдаа үндсэрхэг үзэл, овог аймгаар хуваагдах зэрэг жалга довоороо тусгаарлах явцыг тухайн улс, ард түмэн өөрийнхөө амийг хорлож буйтай адилтгадаг. Учир нь 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн асар том асуудлуудтай аль хэдийнэ нүүр тулаад байна. Тухайлбал, цаг уурын өөрчлөлт, тив дамнасан цагаачлалын том урсгал, терроризм, халдварт өвчин, хүний наймаа, цөмийн зэвсгийн аюул
. Эдгээр асуудлыг ямар ч улс дангаараа шийдвэрлэж чадахгүй. Яагаад гэвэл дэлхий тийм л хавтгай бөгөөд харилцан хамааралтай болсон гэсэн үг. Тиймээс хүн төрөлхтөн одоогийнхоосоо нягт хамтран ажиллаж байж гэмээнэ эдгээр асуудлыг шийдэж чадна.
Үндсэрхэг үзэл бол энэ трендийн яг эсрэг чиглэл нь. Учир нь бусдын асуудал надад хамаагүй гэж үздэг. Энэ бол дэлхийн иргэний хувьд гаргаж боломгүй авир юм. Яагаад гэвэл чамд хамааралгүй бусдын асуудал гэж хэдийнэ байхаа больсон. Иймээс би баян, ядуу орны улстөрчид, хөгжилтэй, хөгжиж буй улсуудын засгийн газар, бизнесийн байгууллагуудад нэг л зүйл зөвлөдөг. Тэр нь та улс орныхоо шийдвэр гаргах төвшинд хүрсэн бол дэлхийг удирдах багийн нэг гишүүн болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл та өөрийн улсын эрх ашгаас гадна дэлхий нийтийн эрх ашгийг давхар бодолцон шийдвэр гаргах том хариуцлага хүлээж байгаа юм.
Ванчигийн Ганзориг: Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп “Америк бүхний түрүүнд, бусад нь дараа нь” гээд сурталдаад байгаа шүү дээ?
Саймон Анхолт: “America First” кампанит ажлыг талаар анх сонсоод шоконд орсон. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд дотоодын асуудлаа эн тэргүүнд тавьсныг би хувьдаа ойлгож байна. Трампаас өмнө олон ерөнхийлөгч иймэрхүү утгатай уриа дэвшүүлэн сонгогчдын саналыг авахыг хичээдэг байсан. Гэхдээ харамсалтай нь энэ мессеж олон улсад америкчууд үргэлж түрүүнд байх юм бол бусад улс байнга хойно нь байх ёстой гэж шууд ойлгогдоно. Америк бусад улстай зуузай холбон олон салбарыг тэргүүлэх боломжтой. Өнгөрсөн түүхийг сөхвөл америкчууд өөрийн улс төдийгүй бусад улсын төлөө маш олон гайхамшигтай ажил хийсэн байдаг. Гэхдээ үүнийгээ даацтайгаар тогтмол хийж чаддаггүй. Яг одоо бол бүр эсрэг чиглэлд тэд явж байна. Гэхдээ энэ байдал нь удаан үргэлжлэхгүй ээ.
Ванчигийн Ганзориг: БРЕКСИТ буюу Их Британи Европын холбооноос гарах болсонтой агаар нэг нөхцөл байдал юм аа даа?
Саймон Анхолт: Ерөнхийд нь тэгж дүгнэж болно. Брексит олон ч хүнийг шоконд оруулсан.
Ванчигийн Ганзориг: Уг нь британичууд харьцангүй өндөр боловсролтой, рациональ буюу наанатай цаанатай юмыг бодож шийдвэр гаргах боломжтой хүмүүс гэж ойлгогддог хэдий ч яаж яваад ийм үр дүн гарчихав аа?
Саймон Анхолт: Их Британи Европын холбооноос гарахыг британичууд 100 хувь дэмжээгүй гэдгийг онцолмоор байна. Санал өгсөн хүмүүсийн бараг нь тал нь дэмжиж, тал нь эсэргүүцсэн. Энэ бол яах аргагүй ардчилсан нийгмийн сонгуулийн нэг “сул тал” юм даа. Европын холбооноос гарах ёстой гэж санал өгсөн хүмүүсийг би рациональ сонголт хийсэн гэж дүгнэдэг. Тэд тэнэг болохоор, эсвэл муу хүмүүс болохоороо тийм сонголт хийгээгүй. Учир нь тэд үргэлж худал хэлдэг улстөрчдөөс залхсан. Мөн Их Британи Европын холбоонд байсны давуу талыг мэдрээгүй. Эрх баригчид, шийдвэр гаргагчдын бодлогыг эсэргүүцсэн байдлаа энэхүү сонгуулиар илэрхийлсэн гэж би дүгнэдэг.
Дараагийн асуудал нь Европын холбоо гээд институтитай өөртэй нь холбоотой. Европын холбоо үүссэн цагаасаа эхлэн асуудалтай байсаар ирсэн. Европын холбооны гишүүн улсууд алдаатай шийдвэр гаргах тоолондоо бурууг Европын холбоонд өгч, зөв азтай шийдвэр гаргах бүртээ гавьяаг нь Европын холбоонд бус хувь улстөрчид өөрсдөдөө тохож байсан. Их Британийн барууны, зүүний, төвийн ялгаагүй бүх улстөрчид сүүлийн 40 жилийн турш Европын холбооны хамаг муу муухай, сул талыг сонгогчдод сурталдаж ирсэн. Өөрөөр хэлбэл тэд асуудалд орохоороо, эсвэл буруу шийдвэр гаргахаараа бүх бурууг Европын холбоо руу чихдэг байв. Ийм байсан улсууд 40 жилийн дараа нэг нартай өдөр Европын холбоо бидэнд хэрэгтэй, эндээс гарах ёсгүй шүү гээд яриад эхлэхээр ард түмэнд ямар санагдах нь ойлгомжтой биз дээ?
Британичууд сонголтоо нэгэнт хийсэн ч би энэ сонголтод маш их харамсдаг. Хувь хүний хувьд надад европын айдентити маш чухалд тооцогддог. Манай улс Европын холбооноос гарснаар миний Европ “овог“ хулгайд алдагдсан мэт санагдаж, үүнээсээ болж багагүй бухимдсан.
Ванчигийн Ганзориг: Даяаршлын эрин үед зарим улс үндэсний ижилслээ алдаж эхэлж буй тухай ярьлаа. Улс орон өнгөрсөн түүх, өөрийн уламжлалаа ирээдүйтэйгээ хэрхэн хослуулах ёстой вэ? Ер нь хослуулах шаардлага байна уу?
Саймон Анхолт: Шаардлагатай гэж бодож байна.
Ванчигийн Ганзориг: Монголын хувьд хэдэн онцлог бий. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан нийгэм маань өнөөдөр уул уурхайн салбараас бараг шахуу хараат болчихлоо. Уйгаржин монгол бичгээ хаяад крилл үсэг рүү бид шилжсэн. Эдгээр өөрчлөлт хувь хүмүүсийн амьдралд эерэг нөлөөлж байгаа юу гэвэл тийм. Гэсэн хэдий ч зарим хүн нүүдэлчин ахуй, ёс уламжлалаа зайлшгүй хадгалж үлдэх ёстой гэж хүчтэй маргадаг. Залуучууд орон нутгаас хот руу зогсолтгүй шилжин ирж байна. Тэдгээрийг буруутгахад хэцүү юм.
Саймон Анхолт: Хүмүүс өөрчлөгддөг. Улс орон ч гэсэн өөрчлөгддөг
. Хүний амьдралын хэв маяг ч үргэлж өөрчлөгддөг. Шинэ үеийнхний сонгосон амьдралаас илүү ардчилсан, шударга сонголт гэж энэ дэлхий дээр байхгүй. Залуучууд уламжлалаа орхин шинийг сонгож буйг буруутгах аргагүй. Энэ бол тэдний ухаалаг сонголт нь. Монгол залуус эх хэлээрээ ярих уу эсвэл франц хэлээр ярих уу гэдэг нь тэдний сонголт. Тэд үндэсний хөгжмөө сонсох уу, эсвэл Грийнландын аялгууг дээдлэх үү гэдэг нь тэдний эрх чөлөө. Манай нийгэм, соёл ингэж л бүрэлдэж, өөрчлөгдөж, хөгжиж ирсэн.
Нийгмийг бид байсан байранд нь “түгжиж” болохгүй. Бид хүмүүсийн хүссэн сонголтоо хийхийг хорьж чадахгүй.
Аливаа соёл маш олон зүйлийн бүрдлээс тогтдог учир тухайн соёлыг “байранд нь хөлдөөх”, эсвэл тэр чигээр нь мөнхөд хадгалах ямар ч боломжгүй.
Монголын уламжлалт соёл гэдэг үгний уламжлалт гэдэг тэмдэг нэр тухайн соёлыг тэр цаг үед нь царцаасан мэт сонсогдож байгаа ч тийм биш шүү дээ. Монголын уламжлалт соёл нь бусад улсуудтай адил жил бүр хөгжин өөрчлөгдсөөр байгаа. Энэ дэлхийн бүх соёл холимог байдлаар үүссэн. Ямар ч “хольцгүй” цэвэр соёл дангаараа үүссэн түүх үгүй. Байсан соёл нь нийгмийн хөгжилтэйгөө нийцэхээ болиод ирэхээр задарч, бусад соёлтой нэгдэх замаар тухайн нийгмийнхээ эерэг төсөөлөл, уран сэтгэмжийг тээн хөгжиж ирсэн.
Ингэж хөгжиж ирсэн соёлын сонгодог жишээ бол яах аргагүй монгол соёл гэж би боддог. Төв Ази хэдэн мянган жилийн турш дэлхийн хүн төрөлхтний огтолцох цэг нь байсаар ирсэн
. Ялгаатай олон овог аймаг, хэл, уламжлал, шашин энэ тал нутагт сүлэлдсэн. Тэд бусдаасаа суралцахаас гадна зарим нь бусдыгаа дууриан хөгжсөн. Амьдралын ялгаатай асар олон хэв маяг, хоол, хувцас, хэл гээд бүгд энэ олон мянган жилийн турш холилдсон.
Соёлын энэхүү хөгжил, нэгдэл, хүн төрөлхтний бие биеэсээ хамаарах хамаарлыг хэн ч яаж ч зогсоож чадаагүй, чадахгүй ч үгүй. Үүнтэй адил өнөөгийн манай нийгмийн нөхцөл байдал даяаршлаас шууд үүдэлтэй. Бидний хоорондын хамаарал улам бүр хүчтэй болж байгаа. Аль нэг соёл бусдыгаа илт давамгайлах ёсгүй гэж боддог. Үүнтэй холбон хэлэхэд сүүлийн 40-70 жилийн хугацаанд гарсан нэг гажуудал бол барууны соёл гэгдэх Хойд Америк болон баруун Европын эдийн засаг ба технологийн нөлөө юм. Энэүү нөлөөнөөс болж дэлхий даяар сонголтгүй шахуу нэг зүг рүү тэмүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, Америк ба Европын соёлд бусад соёл шахагдаж эхэлсэн. Гэхдээ одоо энэ нөхцөл байдал илт өөрчлөгдөж байгаа.
Ванчигийн Ганзориг: Та дэлхийн олон оронд зочилсон хүн. Анх удаа Монголд ирж байна уу?
Саймон Анхолт: Анх удаа гэж бодож байна (Инээв).
Ванчигийн Ганзориг: Анх удаа ирж байгаа бол Монгол орон ямар санагдав? Гаднын хүний нүдээр Монголын үндэсний ижилслийг тодорхойлоод өгөөч.
Саймон Анхолт: Хүнээр дүүрэн гайхалтай улс байна (Инээв). Бусад улстай яг л ижил хүн гэдэг бодгалиас бүрдсэн сайхан нийгэм байна.
Ванчигийн Ганзориг: Азийн бусад улсаас ялгагдах зүйл анзаарагдав уу?
Саймон Анхолт: Мэдээж ямар ч улс бусдаас ялгагдах онцлогтой байдаг. Монгол Улс өөрийн гэсэн соёл, түүх, хоол, газар нутагтайгаас гадна Чингис хаан гэдэг бахархалтай. Мөн хөрш улсуудтайгаа холилдсон соёлтойгоос гадна огт холилдоогүй өөрийн гэсэн дан соёлтой. Энэ бол дэлхийн бүхий л улсуудад байдаг л зүй тогтол. Аливаа улсад зочлоход тэдний соёл нь бусдаасаа эрс ялгаатай байхад зарим элементүүд нь хөрш эсвэл бусад улсынхтай холилдсон байдаг. Монголын хувьд ч яг л адил харагдаж байна.
Ванчигийн Ганзориг: Миний хувийн бодлоор монголчууд бид өнгөрсөн түүхтэйгээ хэт их зууралддаг. Маш цөөхөн хүн ирээдүйн тухай ярьж санаа зовдог. Түүнчлэн хүн л болсон хойно бидэнд давуу, сул тал байдаг ч сул талаа бидний олонхи хүлээн зөвшөөрч чадахгүй л яваад байгаа шиг санагддаг юм. Ийм учраас бид алсын хараа, урт хугацааны стратеги гэдэг зүйлээ бататгаж чадахгүй яваад байна. Энэ нь хөгжиж буй улсуудын нийтлэг зовлон уу, эсвэл бид өөрсдөө ямар нэг зүйл буруу хийгээд байна уу?
Саймон Анхолт: Та нар ямар нэг зүйл буруу хийсэн гэж огт бодохгүй байна. Монголтой адил олон улс орон дэлхий нийтийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэх вэ, оролцоогоо яаж нэмэгдүүлэх вэ, даяаршлаас хэрхэн өгөөж хүртэх вэ гэж өөрснөөсөө асууж байгаа. Энэ бол хэдэн зуу, магадгүй мянган жил үргэлжлэх процесс ч байж болно. Даяаршил, технологийн хөгжлийн хурд, дэлхий нийтийн түгээмэл асуудлууд бүх улсыг өөрийн эрхгүй нэгтгэн, хамтран ажиллахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл бүх улс дэлхий гэдэг ганц л завьтай. Монгол Улсын хувьд энэ завин дээр ямар үүрэг оролцоотой байхаа тодорхойлох ёстой болов уу. Үүний тулд олон улсын тавцанд Монгол Улс хаана, яаж, яагаад байрших ёстой вэ гэдэг хэцүү асуултыг өөрсөндөө эхлээд тавих хэрэгтэй.
Эхлээд хариулт олоход хүнд байж болно. Учир нь олон улсын төвшинд шийдвэр гаргалцахад оролцохын тулд тухайн улс тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй байх ёстой. Үүнд, хүчтэй эдийн засаг, хүчирхэг цэрэг арми, том газар нутаг, хүн амын тоо зэрэг хатуу хүчний бодлого гэж ярьдаг хүчин зүйлсийг ихэвчлэн ойлгодог. Гэхдээ 2018 онд бид амьдарч буйн нэг гайхамшиг бол энэхүү хатуу хүчний бодлогын тоглоомын дүрэм хэдийнэ эвдэрсэн. Манай үеийнхэн нэг бодлын азтай. Яагаад гэвэл ямар ч дүрэмгүй тоглоомонд бид оролцож байна. Учир нь ямар нэг улс бүү хэл нэг албан байгууллага, бүр хэн нэг хувь хүн ч өнөөдөр уламжлалт хатуу хүчний бодлогогүйгээр дэлхийд чөлөөтэй нөлөөлөх боломжтой болсон.
Ванчигийн Ганзориг: Монгол Улс дэлхийд нөлөөлөх бүрэн боломжтой болсон гэж хэлэх гээд байна уу?
Саймон Анхолт: Ялангуяа Монгол Улсыг би онцолмоор байна. Учир нь Монголын түүх, соёл, үндэсний ижилсэл нь та бүхний төдийгүй дэлхийн баялгийн нэг бүрдэл хэсэг юм. Магадгүй дэлхий нийтээрээ барууны соёлоос дайжин Монгол шиг орчлыг хайгаад яваа болов уу. Дэлхийн хүчний шилжилт баруунаас зүүн рүү зогсолтгүй явж байна. Энэ бол хэвийн үзэгдэл. Угаас сүүлийн арван зууны наймд нь дэлхийн хүчний төв Азид байсаар ирсэн. Тэр утгаараа Азийн соёл, зөөлөн хүчний бодлого дэлхийг удирдаж эхлэхэд гайхах зүйл байхгүй. Энэ зуур нэлээд түрэмгий эхэлсэн Англо-Саксон маягийн капитализмын сул талууд ч бодитой харагдаад эхэллээ. Улс хоорондын өрсөлдөөн ширүүссээр байгаад улс хоорондын хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг мартахад хүрсэн байна.
Аль нэг улсын эдийн засаг ба улс төрийн давамгайлал болон түрэмгийлэл нь бараг эмгэг хэлбэртэй болчихсон байна. Ийм вакуум орчинд АНУ жишээ нь өөрөө өөрийгөө дотроосоо идээд эхэлсэн. Шинэ ерөнхийлөгч нь улсаа ангал руу чирээд гүйж байгааг бид харж байна. Миний дээр хэлсэнчлэн хэт үндсэрхэг болон хэт эх оронч үзэл бол амиа хорлолттой ижил зүйл. Ийм байдлаар орчин цагт улсыг удирдах боломжгүй. Удирдлаа ч маш богино хугацаанд л ийм боломж гарах болов уу.
Өнөөдөр АНУ биш Хятадын ерөнхийлөгчийн зүгээс эерэг бөгөөд ухаалаг үйлдлүүд гарч байна
. Дорнын үнэ цэнэ, соёлын үндсэн элемент болох харилцан ашигтай хамтын ажиллагаа, анд нөхрийн нөхөрлөл, бусадтай нийцтэй зохицон амьдрах жаягийн дагуу улс орон дотоодын хариуцлагаа олон улсын хариуцлагатай тэнцвэржүүлж эхэлсэн. Ямар ч улсын засгийн хувьд өөрий хүн ам, газар нутгаа хамгаалах үүрэгтэй хэдий ч олон улсын тавцанд ижил хэмжээний үнэ цэнэ, эерэг хувь нэмэр, бодит оролцоо бий болгохын чухлыг ойлгох ёстой. Энэ өнцгөөс асуудлыг харвал дэлхийн нэг өнцөгт АНУ-ын ерөнхийлөгч Трамп хана хэрэм барьж байхад БНХАУ “Бүс ба Зам” төслийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл нэг нь дэлхийг хувааж байхад нөгөө нь нэгтгэж байна. Ийм орчилд Монголын олон улсын тавцанд эзлэх байр суурь, оролцоо, хариуцлага, боломж, хэрэгцээ нь маш чухалд тооцогдоно.
Ванчигийн Ганзориг: Таны сүүлд бичсэн номыг би гүйлгэж харсан. Тэнд “Үндэсний брэнд” гэдэг зүйл огт байдаггүй гэж бичсэн байсан. Тэр өгүүлбэрийг би ойлгоогүй. Та яагаад тэгэж бичсэнээ тайлбарлаж өгнө үү.
Саймон Анхолт: 1990 онд анх Үндэсний Брэнд (Nations Brand) гэдэг холбоо үгийг хэрэглэж эхэлсэн. Нэг зүйлийг маш сайн анхаараарай. Бид Үндэсний Брэнд гэж ярьж байгаа болохоос бус Үндэсний Брэндинг гэж огт хэлээгүй шүү.
Ванчигийн Ганзориг: Брэнд болон Брэндинг гэдэг үгний ялгаа нь яг юу гэж?
Саймон Анхолт: Гуравхан үсэгний л ялгаатай (Инээв). Үндэсний брэнд (Nations Brand) гэдэг бол зүгээр нэг ажиглалтын үр дүн юм. Би энэхүү ажиглалтыг хийхдээ улс орнуудын имижийг судалсан. Мэдээж даяаршлын эрин үед улсын имиж хөгжилтэй нь шууд хамааралтай маш чухал хүчин зүйлд тооцогдоно. Сайн имижтэй улсын хувьд бүх зүйл нээлттэй, амархан бас өртөг бага болдог. Эсрэгээрээ муу, тааруу имижтэй улсуудын зардал өсч, бусадтай хамтарч ажиллахад хүндрэл үүсдэг. Үүнээс үүдэн тухайн улсын нэр хүнд унаж, эдийн засаг, худалдаа ба соёлын үйл ажиллагааны хүрээнд дэлхийн тавцанд гарахад хүнд болдог. Би улсын брэнд имижийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь харьцуулж судалсан. Учир нь энэ хамаарал чухал бөгөөд хэрэгтэй санагдсан хэрэг.
Брэндинг (Nation Branding) гэдэг бол шал өөр ойлголт
. Аливаа улсын имиж нь болохгүй байвал, эсвэл өөрчлөхийг хүсвэл энэхүү өөрчлөлтийг хийх, сайжруулах арга хэрэгсэл, техник ажлыг брэндинг гэдэг ойлголтод хамруулдаг. Үндэсний Брэндинг гэдэг бол нэг талаар амлалт юм. Өөрөөр хэлбэл, одоо байгаа танай энэ сул, тааруу имижийг эерэг, хүчтэй болгоно гэдэг амлалт. Харамсалтай нь энэ амлалтыг биелүүлэх боломж амьдрал дээр байхгүй. Танай улсын имиж мэдээж маш чухал боловч түүнийг механикаар өөрчлөх ямар ч боломжгүйг сүүлийн олон арван жил би цөөнгүй улсын Засгийн газарт зөвлөхдөө ойлгосон. Тийм учраас Үндэсний Брэндинг гэдэг ойлголт бол үлгэр домог, тийм зүйл амьдрал дээр байдаггүй гэж би номондоо бичсэн
Би сүүлийн 25 жил энэ чиглэлээр судалгаа хийн, 50 гаруй улсын засгийн газартай хамтран ажиллахдаа аливаа улсын тааруу имижийг маркетинг, ПР буюу олон нийтийн харилцаа, брэндинг хийгээд, эсвэл лого зураад, эсвэл уриа үг зохиогоод, эсвэл үнэтэй сурталчилгаа хийгээд сайжруулсан нэг ширхэг жишээ болон кэйсийг олж чадаагүй. Би одоо хүртэл ийм кэйсийг хайсаар л явна. Харин маш олон улс татвар төлөгчдийнхөө мөнгийг утгагүй лого, инээдтэй уриа үг, улсынхаа брэндинг хийж байгаа нэртэй өгөөжгүй маркетинг, ПР-ийн ажилд зарцуулж буйг хажуугаас нь харж байсан. Тэд улсынхаа имижийг өнгөц байдлаар хүчээр өөрчлөх гэж оролдож байснаас бус суурь шалтгааныг нь тоохгүй, сонирхохгүй, судлахгүй явсаар байсан.
Олон улс орны засгийн газрын төлөөлөгчид ирээд надаас нэг л зүйл асуудаг. Тэр нь “Өөрийн улсаа хэрхэн нэр алдартай, мундаг имижтэй болгох вэ” гэдэг асуулт. Би зөрөөд асуулт тань буруу байна. Та уг нь “Бид бусдад хамаатай байж сайхан харагдахын тулд юу хийх ёстой вэ” гэж асуух ёстой гэдэг. Өөрийгөө мундаг, сайхан гэж хэчнээн олон сувгаар яаж ч сурталчилсан гэсэн таныг хэн ч тоохгүй. Яагаад гэвэл та тэдэнд огт хамааралгүй хэрэг. Энэчлэн ихэнх улс бусад улс орныг нэг их нухацтай сонирхож судалдаггүй. Та нар жил бүр 100 сая доллараар “Монгол гоё” гэж сурталчилсан ч гэсэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Учир нь тэр мессежийг авч байгаа хүмүүс чинь Монголд амьдардаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл “Монгол гоё” гэдэг мессежээс тэр хүмүүст “наалдаж” буй бодит өгөөж, хамаарал юу ч байхгүй гэсэн үг. Магадгүй тэд жуулчлалаар Монголд ирж болох юм. Энэ бол аялал жуулчлалын салбарын ажил. Аялал жуучлалын салбарынхан сурталчилгаа хийж бүтээгдэхүүн сурталчлах л ажил. Тэрнээс бус “Монгол гоё” гэдэг ойлголтыг өгөх, хандлагыг өөрчлөх асуудал шал тусдаа ажил юм шүү. Ямар ч үйлдэл хийлгүй ингэж сурталдахыг пропаганда гэдэг.
Засгийн газар дотоодын хэвлэл мэдээллийн бүх сувгийг бүрэн хянаж удирдаж байгаа нөхцөлд пропаганда гайхалтай үр дүн үзүүлдэг.
Сталин, Гитлерийн үед тэдний пропаганда дотооддоо маш үр дүнтэй ажилласан. Өнөөгийн Хойд Солонгосын Ким Жон Ун ч амжилттай ашиглаж байгаа. Мэдээ, мэдээллийн сонголт байхгүй нөхцөлд ямар ч ард түмэн өмнөө байгаа түүхийг харж итгэж хурцлагдаж амьдардаг. Гэвч ийм пропагандаг олон улсын төвшинд хийх, дотоодын хэвлэл мэдээллийн сувгуудаа шигээ дэлхийн хэвлэлийг хянах ямар ч боломжгүй. Хэрэв олон улсын төвшинд пропаганда ажилладаг байсан бол би Европын холбоонд хэзээ ч итгэхгүй, харин Нацист Германд бүх итгэл үнэмшлээ өгөх байсан. Учир нь тэр үед Геббельсээс өөр хэн ч пропаганда, үндэсний брэндинг гэдэг зүйлийг төгс хийж чадахгүй байсан. Олон улсад пропаганда ажилладаг байсан бол олон хүмүүс одоо хүртэл ЗХУ-д итгэсэн хэвээр байх байлаа. Учир нь тэр үед Сталинаас өөр пропагандаг ингэж сайн хийж чадах хүн байгаагүй. Ийм схем ажилладаггүй юм. Хайран мөнгө, цагийн гарз болдог.
Ванчигийн Ганзориг: Ийм учраас та Үндэсний Брэндинг проблем болохоос шийдэл биш гэж хэлсэн байх нь ээ? Тэгвэл шийдэл нь юу юм бэ?
Саймон Анхолт: Тийм ээ. Шийдэл гэвэл бид хандлагаа өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн улс дэлхий дахинд ямар нэг хувь нэмэр оруулах чин хүсэлтэй болох, өөрийн болон бусад улсад эерэг нөлөө бүхий бодит тус хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгох чадвартай болох гэдгээс шийдэл эхэлнэ. Олон улсын тавцанд ямар ч манлайлагч зөвхөн өөрийн улсын ашиг сонирхлыг яриад хол явж чаддаггүй. Тиймээс “бид мундаг, манай бараа бүтээгдэхүүн чанартай, манай улсын түүх агуу” гэж ярихаасаа өмнө бид дэлхийн бусад улсад юу өгч чадах вэ, Монгол Улс юуны төлөө оршин тогтнож байгаа билээ гэж өөрснөөсөө асуух хэрэгтэй. 10 юм уу 30 жилийн дараа дэлхийн аль нэг буланд хэн нэгэн “Ээ бурхан минь, ямар азаар Монгол Улс дэлхий дээр байдаг юм бэ” гэж дуу алдах ёстой юм. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүс
Монгол Улс байдаг гэж мэдэх төдийгүй байгаад нь баярладаг, Монгол Улс өөрөө олон улсын төвшинд ийм чухал хамаатай болох ёстой гэдэг санааг юм. Монгол Улсыг хэн ч яаж ч ПР-даад, маркетинг сурталчилгааны том кампанит ажлууд хийж, хүссэн мессежээ дэлхийд цацаад цацаад ийм болгож чадахгүй
. Энэ бол Монгол Улсын үндэсний стратегийн төвшний асуудал юм. Үүнийг брэнд биш харин гранд стратеги гэж нэрлэдэг.
Гранд стратеги гэж 19 дугаар зуунаас дэлхийн улсууд ярьж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хувьд бүс нутаг, дэлхийн төвшинд үүрэг оролцоо, хариуцлага нь ямар хэмжээнд байхаа эхлээд тодорхойлох ёстой гэсэн үг. Олон улсын төвшинд ийм оролцоотой болохын тулд Монгол Улс юу хийх ёстой вэ гэдгээ дараа нь томъёолдог. Ингэж байж гэмээнэ дэлхийн нэг хэсэг болж, бусад улс Монголыг хүлээн зөвшөөрч, мэдэж, зэрэгцэн оршин буйдаа талархах учиртай юм аа. Үр дүнд нь Монголын нэр хүнд дээшилж, имиж нь дэлхийд тамгалагдана. Үүний жишээг Норвеги, Канад, Америкаас харж болно. Бусдын төлөө эерэг үйл хийх тусам таны нэр хүнд, имиж автоматаар “чимээгүй” өсдөг. Гэтэл зарим улсын Засгийн газар бусдын төлөө ямар ч үйлдэл хийхгүй атлаа хий дэмий улсынхаа имижд санаа зовон, механикаар олон улсын тавцанд дээшлүүлэх үр дүнгүй арга хэрэглэх гээд байдаг. Сайн имиж зөв үйлийг даган өөрөө ирдэг жамтай.
Ванчигийн Ганзориг: Компаниудын алсын хараа, эрхэм зорилготой төстэй юм уу даа? Үүгээр компани юуны төлөө яах гэж оршин тогтнож буйгаа тунхагладаг шүү дээ.
Саймон Анхолт: Бага зэрэг төстэй. Гэхдээ компани бараа бүтээгдэхүүн зарж ашиг олох гол зорилготой байдаг бол улс гүрний хувьд энэ зорилго эрс өөр байдаг. Аливаа тусгаар улс оршин тогтнож буйн зорилго нь дэлхийн хүн төрөлхтний нэг хэсэг нь болж, даяар хөгжилд хувь нэмрээ оруулах шүү дээ.
Ванчигийн Ганзориг: Энэ гранд стратегийг хэн боловсруулах ёстой вэ? Засгийн газар уу, эсвэл ард түмэн үү? Эвсэл нийгмийн бүх бүлэг заавал хамтдаа оролцох ёстой байдаг уу?
Саймон Анхолт: Үүнийг тайлбарлавал урт түүх болно.
Ванчигийн Ганзориг: Улстөрчид энэ стратегийг гаргах ёстой гэж би бодохгүй байна. Зөв үү?
Саймон Анхолт: Тийм. Улстөрчдөд найдах хэрэггүй. Тухайн орны олон улсын тавцанд хүлээх үүрэг, оруулах хувь нэмрийг тодорхойлох нь дан улстөрчдийн хийх ажил үнэхээр биш. Хувийн хэвшил, иргэний нийгэм, ард иргэдийн оролцоо, дуу хоолой зайлшгүй хэрэгтэй. Иймээс бүх талууд хамтран ажилладаг. Энэхүү стратегийг гаргахын тулд ардчилсан зарчмын дагуу нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулах учиртай. Иймээс аливаа улс дэлхийн тавцанд ямар хэмжээнд оролцоотой байх эсэх нь тухайн улсын иргэдийн шийдэх асуудал гэсэн үг. Энэ тийм амар ажил бас биш шүү.
Ванчигийн Ганзориг: Хоёулаа маш сонирхолтой чухал асуудлуудыг хөндөж байна. Та 50 гаруй улс орны брэнд, үндэсний ижилслийн төсөл дээр ажилласан туршлагатай. Үндэсний брэндийн төслийн хамгийн амжилттай бас амжилтгүй жишээнүүдээс хуваалцаж болох уу?
Саймон Анхолт: Бүгд ер нь амжилттай хэрэгжсэн гэж хэлмээр байна. Нэг бодлын би азтай хүн. Тавь гаруй улсын төрийн болон Засгийн газрын тэргүүнтэй хамтран хүсэл мөрөөдөл, зорилго, айдас, эрсдэл, олон улсын тавцанд баримтлах бодлого зэргийг нь хэлэлцдэг ийм сонирхолтой төслүүд дээр ажиллах боломж ховор. Энэ бол нэр төрийн, нөгөө талаасаа өндөр хариуцлагатай ажил. Нэг бяцхан нууц задлахад, сүүлийн 25 жил ингэж ажиллахдаа тэд надаас биш, би тэднээс илүү их зүйл суралцсан шүү. Яг бодитой үр дүн гээд шууд ярьвал жаахан сэтгэлээр унах гээд байдаг. Өнөөдрийг 20 жилийн өмнөхтэй харьцуулбал ихэнх улсууд уралдан хөгжиж, улсын стандартууд улам бүр төстэй болсоор байна. Гэсэн хэдий ч харамсалтай нь ихэнх захиалагч улсууд дотор миний өгсөн зөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, улсын бодлогоо өөрчилсөн нь цөөхөн. Ихэнх харилцагчид маань миний зөвлөгөөг ойлгон, сайшаан магтдаг боловч гэрээт ажил дуусаад намайг тухайн улсыг орхин явсны дараа буцаад л хуучин хийж байсан юмаа хийгээд эхэлдэг.
Ванчигийн Ганзориг: Яагаад тэр вэ?
Саймон Анхолт: Үүнийг би таталцлын хууль гэж нэрлэсэн. Ихэнх орны улс төрийн систем одоо хэр нь хуучинсаг хэвээр байгаа бөгөөд энэ нь улсынхаа хамгийн эрсдэлтэй хүчин зүйл нь болдог. Өнөө цагт олон хүн улстөрчдийг шунахай авилгачид, боловсролгүй бүдүүлэг, өөдгүй амьтад гэж нэрлэдэг болсон ч миний харилцаж байсан улстөрчид өөр хүмүүс байсан. Миний харилцаж, хамтран ажиллаж байсан олон орны улстөрчдийн 99.9 хувь нь нэр төртэй, шударга, боловсролтой, ёс зүйтэй, нийгмийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүс байсан. Гэвч эдгээр улстөрчийн гаргадаг шийдвэрүүд нь үргэлж л хүндхэн асуудлуудыг хөнддөг. Гаргасан шийдвэр нь хэдэн сая хүний ахуй амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс тэд алдаа гаргахаас айдаг. Алдаа гаргахгүйн тулд дандаа эрсдэлгүй, уйтгартай шийдвэрүүдийг голчлон гаргадаг юм. Энэ бол маш буруу. Ямар ч эрсдэлгүй гэж бодсон уйтгартай шийдвэрүүд нь тэднийг нийгэмд ухаалаг, чухал улстөрч гэж харагдуулдаг гэж тэд боддог.
Аливаа улсын, улстөрчдийн бодлого нь “уйтгартай” буюу бүтээлч биш, шинийг санаачлаагүй, ирээдүй рүү чиглээгүй, том зургаа хараагүй байх юм бол хөгжил гэж ярих боломжгүй. Миний ажилласан олон төсөл дээр энэ зүйл ажиглагддаг юм. Өөрөөр хэлбэл ихэнх тохиолдол улстөрчид зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй. Учир нь тэд өөртөө эрсдэлтэй алхам хийж олны хэл аманд орохыг хүсдэггүй. Харин ч бүтэн нойртой хононгоо ирэх сонгуулиар зардал багатайгаар дахин сонгогдохыг, хамгийн багадаа одоо байгаа албан тушаал, эрх мэдэлдээ шигдэж үлдэхийг л хүсдэг. Ихэнх орны улс төрийн амьдралын мөчлөг иймэрхүү л хэлбэртэй.
Ванчигийн Ганзориг: Улс төрийн энэ чөтгөрийн тойрог ирээдүйд өөрчлөгдөх болов уу? Эсвэл бид өөрсдөө өөрчилж чадах уу?
Саймон Анхолт: Энэ систем өөрчлөгдөх боломжтой. Миний бодож шаналж явдаг нэг сэдвийн нэг. Ажлынхаа шугамаар би шинэ улсад очих тоолондоо энэ төсөл бол улс төр биш шүү, харин танай улсын үүрэг оролцоо, хариуцлагыг олон улсын тавцанд гаргах ажил. Иймээс энэ төслийг улс төрийн хүрээнээс давуулж хараарай гэж захидаг. Хуучны уламжлалт улс төрийн чиг баримжаа болох баруун, зүүний, эсвэл төвийн үзэл баримтлалтай намуудын ялгаа, ач холбогдол өдөр ирэх тусам алга болж байна. Магадгүй ийм учраас сонгуулийн ирц жил ирэх тусам буурч байгаа болов уу. Учир нь нийгмийн дундаж давхарга өсөхийн хэрээр хуучны ажилчин анги, эсвэл чинээлэг давхарга гэж өөрсдийгөө тооцдог хүмүүсийн тоо багасч байна. Түүнчлэн ард иргэд ганц нэг идеалогид хууртан “тархиа угаалгах”, эсвэл нэг эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргахаа больсон.
Залуучууд өнөөдөр дуу хөгжмийн цомог буюу СD худалдаж авахаа хэдийнэ болиод цахим файлыг нь авдаг болсон. Улсын бодлоготой бид үүнийг жишиж харах ёстой юм л даа. Би өөрөө хүртэл сонгуульд санал өгөх сонирхолгүй болсон. Учир нь аль нэг улс төрийн нам үзэл суртлаараа нөгөөгөөсөө илүү гарч бидний амьдралыг сайжруулах зөв шийдвэр гаргана гэдэгт би итгэхээ больсон. Энэ бол манай нийгмийн ямар нэг юм өөрчлөгдөх ёстой болсны дохио. Ийм учраас хүссэн хүсээгүй дэлхийн өнцөг булан бүрт өөрчлөлтийн давалгаа эхэлж буйг бид харж байна. Ямар ч өөрчлөлт тухгүй, айдастай, тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэхдээ нөгөө талдаа өөрчлөлт бүрийн цаана том боломж нуугдаж байдаг.
Ванчигийн Ганзориг: Үндэсний брэндийн амжилттай, бас амжилтгүй болсон төслүүдээ нэрлээгүй л байна.
Саймон Анхолт: Өө уучлаарай.
Ванчигийн Ганзориг: Бусдын алдааг бид давтах ёсгүй тул би таниас эдгээр жишээг асуугаад байгаа юм шүү.
Саймон Анхолт: Өмнөд Солонгос, Чили, Шинэ Зеланд улсуудыг би шилдэг жишээгээр нэрлэнэ. Эдгээр улс бусад улсад чиглэсэн хандлагаа өөрчилж чадсанаар нэр хүндээ дахин өсгөж чадсан ба дэлхий тэднийг өөр нүдээр хардаг болсон. Nations Brand индексийг харвал Өмнөд Солонгосын нэр хүнд жил ирэх тусам өссөөр байгаа. Үүнд олон зүйл нөлөөлсөн хэдий ч голлож тус улс бүс нутаг, олон улсын тавцанд маш идэвхтэй тоглогч болж гарч ирсэнд оршино. Хөгжиж буй улсуудад тусламж үзүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдэнтэй харьцах хандлагаа өөрчилж дэлхийн хөгжилд хувь нэмрээ бодитой оруулж эхэлсэн. Би энд дан ганц эдийн засгийн хүчин зүйлийг огт яриагүй шүү. Соёлын асуудал ч орно. Ганнам стайл трэндийг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол дэлхийн иргэдийн хүсч, хүлээж, дутагдаж, цангаж байсан контентийг бүтээн амжилттай түгээж чадсан жишээ юм. Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газар үндэсний хоолоо дэлхийд бодлогоор сурталчилсан. Олон улс солонгос хоол гэж мэддэггүй байсан нэг амсч үзээд амтанд нь орсон. Өөрөөр хэлбэл солонгосууд бусад орны хүмүүст дуртай амтыг нь өгч чадсан. Эцэст нь Өмнөд Солонгос улс Умард Солонгос улстай хийх энхийн хэлэлцээрээ сэргээж, үүн дээрээ идэвх гарган барууны ертөнцтэй харилцах гүүр нь болж чадсан.
Нөгөө талаасаа Өмнөд Солонгосын алдартай брэнд бүтээгдэхүүнүүд тус улсын имижтэй шууд холбогдоно. Жишээ нь, Самсунгийг дурдах ёстой. Самсунг брэнд Өмнөд Солонгос улсын үндэсний брэндийн нүүр царай нь болж чадсан. Гэх мэтчилэн том, жижиг хүчин зүйлс улсын имиж, брэндэд нөлөөлдөг боловч голлох хүчин зүйл нь тухайн улсын өөрийнх нь гаргаж буй араншин, бусдад өгөх хандлагаа хэрхэн эерэгээр өөрчлөгдөж чадсанд оршдог. Зарим улс үүнийг ойлгохгүй яг эсрэг үйлдлийг хийдэг нь харамсалтай. Тухайлбал, АНУ байна. Хана хэрэм барих, худалдааны дайн өдөөх зэргээр бусад улсыг заналхийлсэн, түрэмгийлсэн “America First” бодлогыг хэрэгжүүлж байна. Миний хийсэн судалгаагаар чухам эдгээр үйлдлээр нь дэлхийн бусад улс АНУ-ыг дүгнэн харж, имиж ба нэр хүндийг нь тодорхойлдог. Хэдэн жилийн өмнө Америкийн Nations Brand индекс маш өндөрт байсан. Дэлхийн ихэнх улс АНУ-ийг хайрладаг, хүндэлдэг байсан. Учир нь тэр үед бусад улсын иргэд АНУ-ын дэлхийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж бахархдаг байв. Харин одоо яг эсрэг дүр зураг харагдаж, өмнө нь бий болгож бүтээсэн АНУ-ын эерэг, хүчтэй имижийг унагаж байна. Хэдийгээр нэгэнт бүрдүүлсэн сайн имижийг тийм ч амархан унагаахгүй ч хэрэв Трамп дахин сонгогдвол, эсвэл энэ хүнтэй төстэй хүн улсыг нь үргэлжлүүлж удирдвал ирэх 10 жилд АНУ-ын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж дордоно. Бусад улстай хийх худалдаа, соёлын солилцоо, эдийн засаг ба дипломат харилцаа нь асар хүнд байдалд орно. Товчхондоо хэн ч америкуудтай хамтран ажиллахыг хүсэхгүй болно. Энэ бол амиа бодсон үйлдэл гаргаснаар өөрийн имиж, нэр хүндээ унагаж байгаагийн сонгодог жишээ.
Ванчигийн Ганзориг: Компанийн эсвэл улсын хандлагыг өөрчлөх явцад манлайлал асар чухалд тооцогдох байх. Буруу манлайлал үзүүлэх, эсвэл огт манлайлж чадахгүй байсаар ямар ч өөрчлөлт хийж чадахгүй унах тохиолдол зөндөө байдаг.
Саймон Анхолт: Олон улсын төвшинд манлайллын вакуум үүсээд удаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө улсуудын төрийн ба Засгийн газрын тэргүүнүүдийг хараад үнэхээр манлайлагчид юм байна гэж бодогддог байсан. Тухайлбал, Нелсон Мандела, Лула да Силва, Тони Блэйр зэрэг өөрийн улс төдийгүй дэлхийн асуудалд санаа зовж шийдэл гаргадаг эрхмүүд байсан. Өнөөдөр ийм төвшний дэлхийн манлайлагчид миний нүдэнд харагдахгүй байна. U2 хамтлагийн ахлагч Боно мэтийн тэтгэвэртээ гарсан поп одууд хүртэл даяар манлайллын дутагдлыг нөхөхөөр оролдож байна. Энэ бол маш гунигтай зураглал. Учир нь барууны орнуудаас манлайллын сайн жишээ дуулдахаа больсон. Харин энэ цаг үед бодитой мэдрэгдэж байгаа манлайлал яах аргагүй Хятадын лидерээс гарч байна. Энэхүү манлайллын зайлшгүй нэг нөхцөл нь барууны болон бусад улсын Хятадын эсрэг үзэлтэй нь шууд холбогдох байх.
Том зургаар харвал бид цаг үе, түүхийн маш сонирхолтой хэсэгт амьдарч байна. Дэлхийн орнуудыг эвлүүлдэг тоглоомтой адилтган үзвэл нэг сахилгагүй жаал хайрцагтай эвлүүлдэг тоглоомыг дээшээ шидчихсэн
. Хайрцаг задраад тоглоомууд нь тараад газраар нэг хөглөрсөн хэдий ч тоглоомын зарим хэсгүүд одоог хүртэл газарт унаагүй агаарт байна. Энэ хэсгүүд тоглоомын хөлгийн хаана л бол хаана буух боломжтой. Дээрх хэлсэнчлэн улс орны хүчирхэг, чухлыг томъёолдог дүрэм хэдийнэ ажиллахаа больсон. Чухам ийм учраас дүрэмгүй тоглоом бүхий, бужигнаж буй олон улсын тавцанд Монгол шиг “старт ап” улс гарч ирээд шинэ дүрэм зохиох, эсвэл шинэ дүрмээр манлайлан тоглох бүрэн боломж нь байна
. Монгол Улсад өгөх миний зөвлөгөө бол Чингис хаанаа хэт их битгий дурс, их хаанаа дэлхийн хүн бүр мэддэг, бүр мэдэх ёстой гэж бүү санаа зов. Яагаад гэвэл бид өнгөрснийг биш ирээдүйгээ бүтээх гэж байна.
Хэрвээ монголчууд олон улсын тавцанд богино хугацаанд хүчтэй гарч ирэн, дэлхийд нэрээ тамгалъя гэвэл өөрсдийгөө бүгдийг тэгээс эхэлж байгаа гарааны бизнес, дөнгөж өчигдөр байгуулагдсан энтрепренер улс гээд төсөөлөөрэй. Энэ тохиолдолд хүмүүс зөвхөн ирээдүйгээ бодож, юу хийх ёстой, олон улсад яаж байрших тухайгаа хэлэлцдэг. Учир нь тэдэнд өнгөрсөн байдаггүй. Яагаад хэн нэгэн тав эсвэл 10 жилийн дараа Монгол Улс гэж дэлхийд байдагт баярлан талархах ёстой юм бэ? Монголын олон улсад тавцанд оруулах хувь нэмэр нь юу вэ? Эдгээр асуултад хариулах асар олон хариулт, боломжууд та бүхэнд бий. Учир нь тив дамнан, дэлхийг хэрсэн олон асуудлууд дэлхийн орнуудын санааг зовоож, бодитой хохирол учруулаад удаж байна.
Эдгээр даяар асуудлуудын нэгээс гурвыг нь Монгол Улс “амлаж” аваад шийдэл боловсруулан бусад улсуудыг түүчээлэх хэрэгтэй.
Жишээ нь, цаг уурын өөрчлөлт, масс цагаачлал, тогтвортой хөгжил, хоол тэжээлийн дутагдал, байгаль орчин хамгаалах зэрэг асуудал дээр Монгол Улс манлайлан ажиллах боломжууд байна. Товч хэлэхэд үндэсний брэндийн төсөл бол улс төр биш, өнгөрсөн түүх бүр биш харин дэлхийн бусад улс, ирээдүйн тухай төсөл юм. Энэ бол дотогш чиглэсэн бус гадагшаа тэмүүлсэн үйл ажиллагаа.
Ванчигийн Ганзориг: Таны хэлсэнтэй би санал нэг байна. Гэхдээ эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд шийдвэр гаргагчдын зүгээс багагүй зориг гаргах ёстой санагдлаа.
Саймон Анхолт: Яг үнэн. Ямар ч улсын гранд стратегийг боловсруулахад ирээдүйг харсан шийдвэр гаргах эр зориг ба хэн болохыг хүсч буй амбицаа илэрхийлсэн уран сэтгэмжит төсөөлөл маш чухал байдаг.
Ванчигийн Ганзориг: Бид шийдвэр гаргах эр зориг, улс төрийн манлайллын талаар ярилцсан. Харин уран сэтгэмж бүхий төсөөлөл гэдэгт та яг юуг хэлээд байна?
Саймон Анхолт: Төсөөлөл гэдгийг би бүтээлч санаа гэж тайлбарлана. Бүтээлч байна гэдэг нь уйтгартай байж болохгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл үнэ цэнэтэй, чухал, хэрэгтэй үйлийг монголчууд газар нутаг дээрээ ард түмнийхээ төлөө хийхээс гадна бусад улс, ард түмний төлөө хийх ёстой. Үүний тулд нэлээд бүтээлч санаа хэрэг болно. Учир нь дээр дурдсан үндэсний болон олон улсын ялгаатай ашиг сонирхлыг хооронд нь зохистойгоор нийцүүлэх ёстой. Та бүхний одоо хийж байгаа, ирээдүйд тогтмол хийх ажлууд чинь энгийн бус, таамаглахад хэцүү, шинэлэг, асар бүтээлч, зоригтой байх хэрэгтэй. Ингэж хийж чадсан ажилд сурталчилгаа, маркетинг, ПР огт шаардагддаггүй.
Бид сошиал медиагийн эрин үед амьдарч байна. Өнөөдөр хэн нэгэн маркетингд мөнгө зарцуулж байгаа бол тэр хүн өнгөрсөн мянганд амьдарч байгаа хүнд тооцогдоно. Хийж байгаа ажлуудыг чинь дэлхийд үнэгүйт үгээж өгөх бэлэн сошиал сувгууд бидэнд бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд бидний хэнд ч ийм аугаа боломж байгаагүй. Сошиал медиагийн хэрэглэгчид амнаас ам дамжин яригдах гайхалтай түүх л хүлээж байдаг.
Монгол Улс гайхалтай үйл хийж эхэлбэл, өөрийн онцлог ялгаагаа хуваалцаж эхэлбэл, улсынхаа ирээдүйн зорилгоо зарлавал, олон улсын тавцанд зогсох байр сууриа дэлхийд илэрхийлэхийг хүсвэл сошиал медиад татвар төлөгчдийн нэг ч төгрөгийг үрэхгүйгээр маркетинг, PR-аа хэрэгжүүлэх боломжтой
. Сайн түүх өөрөө өөрийнхөө сурталчилгаа болдог. Үүнийг уран сэтгэмжит төсөөлөл, бүтээлч санаа гээд байгаа юм.
Дээр хэлсэн эр зориг ялгаагүй чухал үүрэгтэй. Эдийн засаг, хүн амын тоогоороо Монгол жижигхэн улс. Харин хорвоо дэлхий уужим, асар завгүй бас замбараагүй. Саяхан тоо харж байхад 200 гаруй улсууд дэлхий дээр зэрэгцэн оршиж байна. Энэ бүх улс бие биенийхээ анхаарлыг татахын тулд, дэлхийн нийтийн төвд орохын тулд хоорондоо зогсоо зайгүй өрсөлддөг. Энэ мөнхийн өрсөлдөөнийг улсын тэргүүнүүд дутуу үнэлэх л юм бол асар том эрсдлийг өөрсдийн нуруу дээрээ авч ирж буй хэрэг болно. Монгол дэлхийн нэг хэсэг, гэхдээ онцлог ялгаатай гэдгээ бусад улсад мэдрүүлэхийн тулд шинэлэг, бүтээлч, өмнө нь хэн ч хийж байгаагүй зоригтой акцуудыг тогтмол хийх хэрэгтэй болно. Ингэж байж дэлхий нийтийн анхаарлын төвд орно.
Ванчигийн Ганзориг: Ямар ч төрлийн үйл ажиллагаа, акц гэсэн үг үү? Заавал эдийн засаг, санхүүтэй холбоо сэдэв байх албагүй биз дээ?
Саймон Анхолт: Албагүй. Ямар ч салбар байж болно. Гэхдээ хийсэн бүх ажил, үйлдэл чинь монголчуудаас гадна дэлхийн бусад орны иргэдэд хамаатай, тэдэнд шууд болон шууд бус эерэг нөлөө үзүүлэхүйц байх ёстой. Эс бөгөөс байдаг л нэг хэвлэлийн мэдээ болчихно. Бусдад өгөөжтэй, хамаатай зүйл хийх нь ПР-ийн компанит ажлаас асар том ялгаатайг ойлгох хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл глобал асуудлыг шийдэх бүтээлч шийдэл гарган гардан хэрэгжүүлэх замаар аюулгүй, аз жаргалтай дэлхийг бүтээлцэх ёстой гэсэн үг.
Дараагийн чухал зүйл бол эдгээр хийж байгаа үйлдэл бүр чинь танай улсын гранд стратегитай холбогдох ёстой. Нэг өдөр цаг уурын өөрчлөлтийн эсрэг ажил хийгээд, маргааш нь хоол тэжээлийн дутагдалтай тэмцээд, нөгөөдөр нь дэлхий нийтээрх боолчлолын эсрэг тэмцээд гүйгээд байж болохгүй л дээ. Нэгдсэн бодлогогүй, учир нь олдохгүй олон юм руу үсчсэн хүнийг ойлгоход бэрх байдагтай агаар нэг. Ийм улс өөрийгөө бусдад ойлгуулахын тулд багагүй хугацаа зарцуулаад ч үр дүнгүй болох нь бий. Иймээс хийж буй үйлдэл бүр чинь стратегийн цөмтэй нийлэх ёстой гэдгийг сайн анхаараарай.
Эцэст нь эдгээр зөв, эерэг үйлдлүүдээ тогтмол хийх ёстой. Нэг том ажил хийчихээд хэдэн жил алга болж болохгүй. Харамсалтай нь ихэнх улс энэ алдааг голчлон гаргаж хоёроос гурван гайхалтай акц, сэтгэл хөдөлгөм үйлдэл хийчихээд орхичихдог. Таван минутын турш хүмүүс шагшиж байгаад шууд мартаж эхэлдэг.
Олон улсын тавцанд нэр хүнд олох, улсынхаа имижийг дээшлүүлэх ажил бол 100 метрийн гүйлтийн тэмцээн биш харин холын зайн буухиа уралдаан юм. Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил бүгдээрээ хамтарч энэ холын зайн буухиа уралдаанд бие биедээ тугаа өртөөлүүлэн дамжуулж гүйх ёстой. Өөрөөр хэлбэл олон салбарыг энэхүү ажилд оролцуулахдаа нэгний хийсэн ажлын төгсгөл дараагийнх нь хийх ажлын эхлэл нь болох учиртай. Төсөл амжилттай болбол үр дүнд нь би Лондон дахь оффистоо суугаад сонин уншингаа, интернэт оронгоо сар бүр Монголтой холбоотой ер бусын гайхалтай түүхийн гэрч болж, дэлхийн хөгжилд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг том, жижиг гэлтгүй бахархан шагших болно. Гэхдээ энэ бүх ажлыг нэг улс дангаараа хийх албагүй. Хэврэг эдийн засагтай, хүний нөөц дутмаг жижиг улс ямар юмаараа дэлхийн дулааралтай тэмцэх юм бэ гэж хүмүүс асуух байх. Мэдээж Монгол Улс ганцаараа дэлхийн дулааралтай тэмцэж чадахгүй, тэгэхч албагүй. АНУ, Хятад хүртэл дангаараа энэ том асуудлыг шийдэж чадахгүй. Харин эдгээр улс бүгд хамтдаа хүчээ нийлүүлэн тэмцвэл асуудлыг шийдэж чадна. Улс улсын хувийн хэвшлийнхэн нэг зорилгын дор нэгдэж, хувь хүмүүс нь хамтарч, урлаг, спортын төлөөлөл нийлбэл амжилтад хурдан хүрдэг.
Ванчигийн Ганзориг: Бид тэгээд Хятадуудтай хүртэл заавал хамтрах ёстой хэрэг үү (Инээв)?
Саймон Анхолт: Ялангуяа хятадуудтай заавал хамтрах ёстой. Улс хоорондын хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл хангалттай төвшинд байж чадахгүй хэвээр л байна. Дэлхий нийтийн манлайллыг АНУ-д найдаад хариуцуулбал ямар ч ирээдүй байхгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Тусгаар улсын хувьд монголчууд чухам энэ цаг үед бүс нутгийн, дэлхий нийтийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэн манлайлах боломжтой, ингэн шаардлага үүсч болохоор байна. Ийм ажлыг өөрөө санаачлан олон улсын төвшинд хариуцлага хүлээгээд эхлүүлэх нь чухал байдаг. Бусад улсыг урьж, шахан энэ үйл ажиллагаанд оролцуулан улс, тив хоорондын хамтын ажиллагааны гүүр нь болох ёстой.
Ванчигийн Ганзориг: Эдгээр сэдвээр хүүрнэхэд хүн болгон шахуу угаасаа л ийм байх ёстой гээд санал нийлдэг атал яагаад дэлхий даяар популизм газар авах гээд байна аа? Уг нь үр дүн нь эсрэг баймаар юм?
Саймон Анхолт: Ирээдүйд үр дүн нь эерэг байх болно.
Ванчигийн Ганзориг: Эсвэл хүн төрөлхтөн хэдийнэ өөр өөрийн зэрэгцээ ертөнцөд ажиллаж амьдардаг болчихов уу?
Саймон Анхолт: Хүмүүсийн дунд тэдний өөрийн гэсэн зэрэгцээ ертөнц хэзээнээс байсан. Өнгөрснөө санагалзан хуучныг байнга дурсдаг нэгэн байхад ирээдүйгээ төсөөлөн зоригтой шийдвэр гаргаад урагш алхдаг нэгэн ч бидний дунд байсаар л ирсэн. Энэ бол нэг их том асуудал биш. Энэ бол хүний байх ёстой ялгаатай зан чанарууд. Хүн бүр цагаачдад таатай хандан тэдний эх нутагтаа тэврэн угтахгүй. Дэлхийн бүх иргэн заавал олон улсын асуудалд санаа зовдог байх албагүй. Дэлхийн хүн амын дийлэнх нь ч ийм байх шаардлагагүй. Гагцхүү популист болон эх оронч царайлдаг улстөрчдийн дуу хоолой дэлхийн нийтийн дуу хоолой болж, олон улсын төвшинд гарч хэрхэвч болохгүй юм. Тэд нийгмийн цөөнх байхад асуудалгүй, олон ургальч үзэл талаасаа бараг тийм ч байсан нь дээр. Бүх цаг үеийн туршид популистууд оршсоор ирсэн. Ерөөс улс төр гэдэг бол популизм дээр суурилсан бизнес шүү дээ. Уугуул хүн амыг дээдлэх буюу nativism үзэл ч гэсэн байдаг. Үүний буруутгах хэцүү ч энэ үзлийг баримталдаг хүмүүс улс төрийн тавцанд төдийлөн амжилт гаргаагүй л байна. Хүн сайн, муу туршлагыг амсаж байж л мууг нь таягдан хаяж сайныг нь аваад цаашаа хөгждөг. Улсын хувьд ч ялгаагүй.
Популизм газар авч буйн гол шалтгаан нь популизмыг эсэргүүцэх, буруу гэдгийг нь баталж чадаж байгаа логик үндэслэл сайтай, зоригтой сөрөг хүчин байхгүй
байна. Үүнээсээ болоод хэт үндсэрхэг үзэл гаарах шинж ажиглагдаж байгаа. Улс төрийн намууд одоог хүртэл баруун ба зүүний үзэл баримтлалаар хуваагдан өрсөлддөг боловч үндэсний үзэл ба даяар үзлээр хоорондоо өрсөлддөггүй. Учир нь улстөрчид энэ өнцгийг анзаарч ойлгож амжаагүй байна. Их Британи Европын холбооноос гарах үед хэн, ямар улс төрийн нам үүнийг сөрж зогссон бэ? Баруун, зүүний намуудын төлөөлөл бүгд жигдхэн Европын холбооноос гарахыг дэмжиж ба эсэргүүцэж байсан. Иймээс бидэнд даяаршлыг өөр өнцгөөс нь үнэлэн хардаг, итгэл үнэмшилтэй шинэ номлол хэрэгтэй болсон нь харагдаж байгаа юм. Сүүлийн 40-50 жилийн хугацаанд даяаршлын үр шимийг дэлхийн улсууд жигд хүртэж, ижил тэгш оролцоотой байж чадаагүй нь үнэн. Ёс зүйгүй улстөрчид, шунахай корпорациуд тоглоомын дүрмийг өөрсдөдөө ашигтайгаар зохиож хяналтгүй удирдаж байсан. Ийм учраас даяаршил гэдгийг шинэ утгаар нь эхлүүлэх цаг хүн төрөлхтний өмнө хэдийнэ ирсэн. Дэлхий даяар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, даяаршил гэдгийг ирээдүйд чухам юу гэж, хэрхэн томъёолж, цар хүрээг нь хаагуур татахыг дахин ярилцах ёстой болчихсон. Би хувьдаа даяаршлыг зогсооно гэдэгт итгэдэггүй. Мөн энэ нь зөв зүйл гэж боддоггүй. Даяаршилыг бид зогсоож дийлэхгүй. Учир нь энэ бол хүний төрөлх араншин.
Африк тивээс хүн төрөлхтөн салж тусдаа овог аймаг байгуулсан. Бидний түүх бол анх нэг цэгээс салсан хүн төрөлхтөн буцаж тэр цэг дээрээ нийлэн нэг овог аймаг болох тухай юм. Өнөөгийн технологийн хурдацтай хөгжил, интернэтийн ачаар дэлхий хавтгай болохын хэрээр хүн төрөлхтөн улам бүр цул болж байна. Бид арагшаа ухарч болохгүй. Хүн төрөлхтөн хойшоо ухардаггүй. Хоорондоо хамтардаг, эвсдэг нь хүн бидний байгалийн чанар шүү дээ. Өнөөдөр бидэнд Даяаршлын хоёрдугаар хувилбар хэрэгтэй байна. Бид энэ хэлэлцүүлгийг нэн даруй эхлүүлэх ёстой. Энэ ажлыг ямар нэг ТББ эсвэл аль нэг буяны байгууллага хийхгүй байх. НҮБ, эсвэл бусад олон улсын байгууллагууд ч хийж чадахгүй. Учир нь тэдэнд гишүүн орнуудаас нь өгсөн хязгаарлагдмал эрх мэдэл л байдаг. Харин дэлхийн улс гүрнүүдийн их эвсэл, шууд хамтын ажиллагаа асуудлыг шийдэж чадна. Үүний тулд эдгээр улс өмнөө шинэ зорилго тавьж, даяаршлын шинэ хэлбэрээс хохирол амсахгүй харин өгөөж хүртэх ёстой. Би сайн улсын жишиг болсон ижил зорилго, үнэ цэнэ бүхий хэдэн зуун сая хүнээс бүрдсэн виртуал улсыг цахим хэлбэрээр үүсгэсэн. Яваандаа энэхүү “цахим” улс уламжлалт тусгаар улсуудыг олон асуудал дээр сорих болно. Учир нь одоогийн уламжлалт Засгийн газруудын хийж чадаагүй, чадахгүй байгаа олон ажлыг энэхүү “цахим” улс шийдэж ажил хэрэг болгох боломжтой.
Ванчигийн Ганзориг: Чухам ийм цаг үе л Монгол Улсын үндэсний ижилслээ томъёолох, эсвэл дахин тодорхойлох ёстой алтан мөч нь болох нь дээ?
Саймон Анхолт: Санал нэг байна. Нүүдэлчин ахуйтай холбоотой сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. Хүн төрөлхтөн эргээд дэлхийг хэрсэн орчин цагийн нүүдэлчид болж хувираад удаж байна. Монголтой адил нүүдлийн уламжлалт ахуйтай Казакстан улсад би өнгөрсөн жил ажилласан юм. Нүүдлийн ахуйн зарим элементүүд орчин цагт улам бүр үнэ цэнэтэй болж байгааг би тэнд анзаарсан. Тухайлбал, хүн газар заавал өмчлөх шаардлагагүй гэх мэт. Хүнд нэгэнт өмчилсөн газар байхгүй болоод ирэхээр тухайн газарт буй бүх хүн тэр нутгийн зочид болдог. Ингэснээр бие биенээ ялгаварлан гадуурхах үзэл ч огцом буурдаг. Энэ мэт нүүдлийн соёлын зарим концепциуд 21 дүгээр зууны орчин цагийн амьдралын хамгийн чухал философи болж эхэлж байна. Магадгүй энэ өнцөг Монгол Улсын дэлхийн хөгжилд оруулах бодитой хувь нэмэр нь байж болох шүү дээ!
Ванчигийн Ганзориг: Магадгүй юм шүү! Сонирхолтой яриа өрнүүлж, үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа! Хэрэв Монгол Улс таны зөвлөгөөг бүрэн дагаад хэрэгжүүлж чадвал ямар хугацааны дараа бид гранд стратегийн бодит үр дүнг мэдэрч чадах бол? Үндэсний брэндийг хэлээд байгаа юм шүү.
Саймон Анхолт: Nation Branding буюу Үндэсний брэндинг гэдэг ойлголт байхгүй
шүү. Би дээр яриандаа маш тодорхой тайлбарласан. Ер нь энэ үгийг маргаашнаас эхлээд хэрэглэхийг хориглох хэрэгтэй (Инээв). Учир нь маш эрүүл бус утгатай нэр томъёо болчихсон. Монгол Улс дэлхийн төвшний тоглогч болж, олон улсад нэрээ цуурайтуулан, тэр хэрээр улсынхаа имижийг өсгөх ажлыг нэг жилийн дотор хийж болно. Энэ ажлыг хийхэд урт хугацаа шаардлагагүй. Харин хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд багагүй цаг хугацаа хэрэг болдог. Нэр хүнд ба бодит байдал хоёрын хооронд үргэлж зөрүү үүсдэг. Улсын нэр хүнд гэдэг бол ирээдүйн бодит байдал юм. Дэлхий дээр 200 гаруй улс байна. Тэдгээр улс яг үнэндээ бие биенээ нэг их сонирхдоггүй. Учир нь тэдний өдөр тутмын амьдрал эдгээр гадаадын улсад нэг их хамаагүй. Тиймээс аль нэг улс өөрчлөгдөж байгааг дэлхийн бусад 199 улс бараг анзаардаггүй ба анзаартал нэлээд урт хугацаа шаардагддаг.
Монгол Улс шуудхан л дэлхийд алдартай, олон улсын тавцанд нэр хүндтэй болохын тулд та бүхнээс багагүй тэвчээр гарна.
10, магадгүй 20 жил болохыг ч үгүйсгэхгүй. Үүний оронд өөрийн хилэээс гадуур, бусад улсад өгөөжтэй ажил хийх, түүнийгээ мэдрүүлэх, дэлхийн ачааллаас хуваалцах, олон улсад тулгамдаж буй асуудлуудаас шийдэлцэх хэрэгтэй. Ингэж чадвал Монгол Улсын иргэн бүр энэ дэлхийд ямар чухал, хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч эхэлнэ. Харин энэ ажлыг та бүхэн хамтдаа ердөө ганц жилийн дотор л хийж чадна.
Ванчигийн Ганзориг: Нэмээд та бас өнгөрсөн түүхээ мартсан нь дээр гэж хэлсэн билүү?
Саймон Анхолт: Өнгөрснөө заавал мартах албагүй ээ. Гэхдээ өнгөрсөн түүхээрээ түрий барьж бусдаар хүчээр хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын тавцанд тоглох гэж оролдох хэрэггүй. Ийм боломж орчин цагт байхгүй гэдгийг ойлгоорой.
Ванчигийн Ганзориг: Манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа!