SYNDICATE TALK: Үндсэн хуулийн өөрчлөлт
Нийгмийн хүсэл шаардлагыг биелүүлэхийн тулд заавал Үндсэн хуулиар оролдох ёстой юу, парламентийн засаглал зөв шийдэл мөн үү, ерөнхийлөгчийн засаглал илүү байж чадах уу, манай нийгмийн үнэт зүйл, суурь философи, монгол хүн гэж хэн болох, хэн болохыг хүсээд байгаа тухай сэдвийг шинэ дугаартаа онцлон ярилцлаа. Нэвтрүүлгийн зочноор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, хуульч Д.Миеэгомбо, судлаач Ж.Сүхбаатар, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян нар оролцлоо.
В.Ганзориг: Сүүлийн хэдэн жил улс төрийн намууд, шийдвэр гаргагчид Үндсэн хуулийн өөрчлөлт гэж байнга ярих боллоо. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч Намрын чуулганы нээлт дээр тогтолцооны реформ хийх ёстой гэж зарлалаа. Тогтолцооны өөрчлөлт гэдгийг та бүхэн юу гэж ойлгож байна вэ?
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн байр суурийг анхааралтай сонссон. УИХ-ын дарга байр сууриа мөн илэрхийлсэн. Тэдний санал огтолцож байна гэж ойлгосон. Төрийн бодлогын тогтвортой байдал амин чухал асуудал болжээ. 1990 оноос тоолвол сүүлийн 28 жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгөөр ажилласан хүмүүсийн тоо 40 давжээ. Эдгээр хүмүүсийн нэг нь ч нэр цэвэр ажлаа өгөөгүй. Болж бүтэхгүй хүмүүс л Монголын төрийг удирдаж байсан мэт болж дуусдаг. Улмаар төр нэр хүндгүй, тэнд алба хашиж буй хүмүүс шүншиггүй болсон. Үүний улбаа нь чөтгөрийн тойрог шиг бие биеэ татаж унагадаг байдал. Ийм байдлаар цаашаа явахгүй юм байна гэдэг дээр улс төрийн намууд санал нэгдсэн юм байна. Аль нэг талдаа гарч энэ асуудлыг шийдье гэдэг нь тогтвортой байдлын асуудлыг ярьж буй болов уу. Тогтвортой байна гэдэг нь хүн тогтвортой байх уу, эсвэл бодлого тогтвортой байх уу гэдгээс шалтгаалж өөр ойлголт. Үүнийг 50:50 хувьтай авч үзэх ёстой.
Хүнээс хамаарч бодлогын тогтвортой байдал 100 хувь алдагддаг юм биш.
1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн, энэ хуулийг бүрэн шинэчлэх ёстой гэж ярьдаг хүмүүс энэ хуулийн ачаар гадаад улс руу зорчиж, бизнес эрхэлж хөрөнгө хуримтлуулж, сонгох, сонгогдох эрхээ эдэлж төрийн өндөр албан тушаалыг хашиж байгаа.
Иймээс бүх асуудлыг бодлого руу, Үндсэн хууль руу чихэх нь байж болшгүй асуудал. Иймээс хүн ба бодлогын асуудлыг ижил тэнцүү ярьж байж бид төрийн тогтвортой байдлыг асуудлыг ярих боломжтой.
Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн үг тодорхойгүй байсныг хүмүүс хэлж байна лээ. Юу нь тодорхойгүй байв гэхээр улс төр, засаглалын тогтолцоо маань нийгмийн асуудлуудыг зохицуулах чадвараа бүхэлд нь шавхчихлаа. Гэхдээ Үндсэн хууль санаачилж батлуулсан хүмүүстээ баярлалаа, баяртай гэж хэлж байна гэж ойлгогдохуйц байсан. Санаа зовоож, болгоомжлол төрүүлж буй асуудлууд байна. Улс төр, засаглалын тогтолцоо гэж ярьж байгаа бол бид нэр томъёогоо бодох ёстой. Улс төрийн тогтолцооны өөрчлөлт, засаглалын өөрчлөлт бол тусдаа ойлголтууд.
Засаглал гэдэг дотроо улс төр ба төрийн удирдлагын тогтолцоог багтааж байвал ойлгож болохоор. Засаглалын тогтолцоо болохоо байсан гэж байгаа бол улс төрийн тогтолцоогоо ялгаж ярих ёстой. Үүнд нам, төр, сонгуулийн институци, хүний эрх, иргэний нийгэм, улс төрийн соёл, орчин гээд олон зүйл багтдаг. Тэгэхээр улс төрийн тогтолцооны өөрчлөлт гэхээр энэ бүх зүйлийг ярьж байна уу гэдэг асуулт гарч байгаа юм.
Өөрчлөлт гээд ярихаар бас нэг асуудал үүснэ. Байгаагаа засаад өдөр тутам сайжруулдаг, эсвэл тодорхой цаг хугацаанд явуулдаг үйлдлийг бид шинэчлэл гэж ярьдаг. Бүр радикал хэлбэр нь хувьсгал болдог. Судалгаа, төлөвлөгөөтэй аажуу явдаг хувилбарыг нь шинэтгэл буюу реформ гэдэг. Ингээд ярихаар реформ гэдгээ аль хэмжээнд авч үзэж буй нь Ерөнхийлөгчийн үгэнд тодорхойгүй байлаа. Нөгөө талаас төрийн удирдлагын тогтолцооны асуудал төрийн байгуулалттай холбогдоно. Төрийн байгуулалтын асуудал үндсэн хуулийн байгуулалтай холбогддог. Үндсэн хуулийн байгуулал маань өөрөө нийгэм, төрийн байгуулал, хүний эрхийн асуудал, засаг төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог бэхжүүлж өгдөг. Хэрэв ингэж ойлгосон бол Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд Үндсэн хуулийн асуудал, төрийн байгуулалтын асуудалд хөндөгдөж байгаа хэрэг. Ингэж үзвэл байгаа тогтолцоогоо эргэн хянан үзэх асуудал тавигдаж, Монгол Улсын үнэт зүйл, Үндсэн хуулийн аюулгүй байдалтай холбогдоно. Үүний дараа олон асуудал гарч ирнэ. Тухайлбал, бид үнэхээр Үндсэн хуулийн, улс төрийн хямралд орсон уу, орсон бол шалтгаан нь юу байв, намуудын хямрал юм биш үү гэх мэт. Ингээд бодохоор хэмжигдэхүүн, шалгуурууд тодорхойгүй байна.
Үндсэн хууль, өнөөгийн төрийн байгуулал 1992 оны Үндсэн хуулийн үнэт зүйл гэдэгтэй бид санал нэг байдаг. Энэ бол Монгол Улсын тогтвортой байдлын суурь. Бид төрийн бодлого тогтворгүй байна гэж ярих нэг хэрэг. Тогтворгүй байна гээд Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санааг эргэн харах оролдлого нь бодит тогтворгүй байдал руу оруулах эрсдэлтэй. Бид сэтгэлзүйн хувьд өөрсдөө тогтворгүй үедээ байгаа. Синдикат ярилцлагын гадны зочин орсон “Гранд стратеги” гээд дугаарыг үзэж байхад хэлж байна билээ. Сэтгэл гутралтай, тогтворгүй үедээ хүн айдаст автдаг. Ирээдүйдээ итгэлгүй болдог. Ийм байдалд орохоор хүмүүс өмнөх цаг үеэ дурсаж, хуучин өөрөө удирдаж болдог байсан орчноо үгүйлж эхэлдэг. Энэ сэтгэлзүй дээр нь улстөрчид тоглодог гэж Саймон хэлсэн. Үндсэн хуулийн хэм хэмжээ норматив асуудал бол маш сайн бэхжүүлж өгсөн зүйл. Үүгээр нь оролдоно гэдэг бол шал өөр асуудал шүү.
Д.Миеэгомбо: Бид энэ асуудлыг өнөөдөр энд ярьж байгаа нь, сүүлийн хэдэн парламент дамнан яригдаж байгаа нь ч гэсэн энэ асуудлын эрэлт хэрэгцээ нийгэмд бодитой байгааг харуулж байна. Би энэ асуудлыг гурван төвшинд ярих нь зүйтэй гэж бодож байна. Нийгэм, манай иргэдийн төвшинд энэ асуудал юугаар дамжин илэрч байна вэ? Хууль хамгаалах тогтолцоо нураад унасан, нийгэмд шударга ёс үгүйлэгдсэн, баялгийн хуваарилалт, хуулийн өмнө эрх тэгш байдал үгүй болсонд иргэд бухимдаж байгаа. Төрийн удирдлагын дээд төвшинд, ээлжилж эрх барьж байгаа намуудын төвшинд энэ намууд маань өөрсдөө бүгд найрамдах засаглалтай парламентийн хэлбэрт тэнцэн зохицож ажиллаж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Энэ хөгжилтэй хамгийн ойрхон байгаа иргэний нийгмийн хамгийн том төлөөлөл уг нь улс төрийн нам. Нам өөрийн үзэл баримтлал байх, байх ёстой хэм хэмжээндээ байж чадахгүй байгаатай холбогдож Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөж байна. Төрийн удирдлагыг хэрэгжүүлж буй парламент, гүйцэтгэх байгууллага, шүүх, Үндсэн хуулийн цэц гэсэн төрийн дээд байгууллагуудын төвшинд бие биеэ үгүйсгэдэг, гацаадаг, шийдвэр гаргадаггүй нөхцөл бодитой үүссэн.
Улс төрийн намууд төрийн албыг өөрийн хавсарга болгосон. Шуудхан ний нуугүй хэлэхэд, төрийн албыг наймаалж улс төрийн намын лангуун дээр гаргаж зараад төрийн албаа нураачихсан. 1990-ээд оны дундаас энэ завхрал анх цагдаагийн байгууллагаас эхэлсэн. Дараа нь шүүх, прокурор руу орсон. Худалч хүнд АТГ эхнээсээ бараг шахуу улс төрийн зорилготой байгуулагдсан. Одоо Үндсэн хуулийн цэцийг улс төрийн байгууллага болгоод хувиргачихлаа. Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулга, түүний хүрээнд гарсан хуулиудыг гаднаас нь харахад үүргээ гүйцэтгээд яваад буй мэт ойлгогддог. Ингэж ойлгуулж, тайлбарлахыг хичээдэг. Үнэн чанартаа тийм биш байгааг бүгдээрээ харж байна. Ийм эрэлт хэрэгцээ байгаа учраас нь энэ асуудал яригдаж байна. Харин хэрхэн, зөв хийх вэ гэдэг чухал. Сайн сайхан юм хүсээд Үндсэн хуулиараа оролдоод хүсээгүй үр дагаварт хүрчих вий гэдэг болгоомжлол бий. Иймээс нийгмийн зөвшилцлийг хамгийн сайн хангах ёстой. Өөрөөр хэлбэл, 1990 оны эхээр бидний өмнөх үе цуглаж хийсэн юмыг цувж яваа бид нар хийж чадах уу гэдэг асуулт хувь хүн миний хувьд байдаг.
Э.Эрдэнэжамъян: Үндсэн хуулийн зарим зохицуулалт буруу хийгдсэн. Зөв хийсэн зохицуулалтууд нь ажиллахаа больсон.
Шулуухан хэлэхэд улс төр бол эдийн засаг. Эдийн засаг бол улс төр. Өнөөгийн эдийн засаг маань Монголын гурван сая иргэнд хүртээмжтэй байж чадаж байна уу, Үндсэн хуульд заасан хүмүүнлэг нийгэм, нийгмийн баримжаатай зах зээлээ бид байгуулж чадсан байна уу? Ингээд харахаар бидний анхны зорьсон зорилго биелээгүй. Ард түмний амьдрал дорой, дундаж цалин бага байна. Орлого муугаас болоод нийгэмд олон асуудал үүссэн. Ингэхээр энэ сэдэв бол өөрөө нийгмийн захиалга.
Шийдвэр гаргагчид шийдвэр гаргахад тогтолцоо болохгүй байна гэж байна. Мөн гаргасан шийдвэр нь тогтворгүй байна гэж ярьж байна. Энэ бүхэн макро эдийн засгийн бодлоготой уялдана. Жишээ нь, байгалийн баялаг, газар, ашигт малтмалыг хэрхэн ард түмэнд өгөөжтэй хүртээх тухай. Энэ дээр хоёр том бодлого явж байна. Нэг нь ард түмэнд илүү өгөөжтэй ашиглуулах ёстой, нөгөө нь аль түрүүлж авч чадсан нь, эсвэл хөрөнгө чадалтай нь ашиглах ёстой.
Том төслөө хөдөлгөх ёстой гэж олон хүмүүс ярьдаг. Том төсөл хөдлөхдөө ард түмэнд ашигтай, эсвэл цөөхөн хүнд ашигтай гэсэн хоёр хувилбарын аль нэгээр нь л хөдөлнө. Том төсөл яг хэнд ашигтай вэ гэдгийг хэзээ ч ярьдаггүй. Том төсөл хөдөлж л таарна. Гэхдээ ард түмэндээ ашигтай байдлаар, Скандинавын улсууд шиг, Норвеги шиг хөдлөх үү, эсвэл зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид, тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй цөөн хэдхэн гэр бүлд л ашигтай хөдлөх үү гэдэг дээр нь бүгд маргаж байгаа. Үүнийгээ л шийдэж чадахгүй болохоор бие биенээ гацааж байгаа юм. Нэгэнт хөдөлчих юм бол дараа нь дийлдэхгүй гээд ард түмэн бойкот тавьж байгаа. Нөгөө талдаа ард түмэнд өгье гэдэг хэсгээ популист гэж муулж гацаадаг. Үүнийг бид Үндсэн хуулиараа шийдэхгүй л бол одоогийнх шиг явахад хэцүү.
Үндсэн хуулийн өөрчлөлт дээр гурван ялгаатай санал явж байна гэж харж байгаа
. Манай намын санаачилсан төслөөр байгалийн баялаг ард түмний л мэдэлд байх ёстой. Хувь хүн, компани, түүний цаана байх хэдхэн гэр бүлд ашиглагдах ёсгүй. Энэ баялгийг тэд бүтээгээгүй. Тийм учраас Монголын ард түмний дундын баялаг байх ёстой. Энэ үүдээс эдийн засгийн бодлогоо тодорхойлох учиртай. Та нар ард түмэнд таалагдах гэлээ гэж биднийг муулдаг. Ард түмэнд хэрэгтэй болоод л таалагдана шүү дээ. Энэ утгаараа бид зөв зүйтэй зүйл хийж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим хэсэг хүмүүс өөрсдийн хийсэн алдаагаа тогтолцоо руу чихээд уснаас хуурай гарах гэж байна. Үндсэн хуулийг юуг өөрчлөх, ямар үр дүнд хүрэхээ ярихгүй бол бид хэт онолын зүйл яриад байна. Ний нуугүй хэлэхэд бидний зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн. Өнөөдөр том төсөл ярьж байгаа хүмүүст ч зовлон бий, түүнийг эсэргүүцэж буй хүмүүст ч зовлон байгаа. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бид шинээр нийгмийн зөвшилцөл хийх хэрэгтэй. 1990-ээд онд ийм том ордууд нээгдээд, эдийн засгийн эргэлтэд оруулна, тэрийг нь хэдхэн гэр бүл авна гэж тэр үеийн хүмүүс төсөөлөөгүй байсан байх.
Байгалийн баялаг төрийн мэдэлд байна гээд уг нь заасан. Өнөөдөр байгалийн баялаг хаана төрийн өмчид байна? Хэдхэн хувийн компани хэдийнэ авчихсан. Ард түмэн байгалийн баялгаа мэдэж байгаа юм юу байна? Юу ч байхгүй! Иймээс өнөөдрийн Үндсэн хуулийн зарим хэрэгтэй заалт нь ажиллахаа байсан, заримыг нь анхнаас нь буруу хийсэн. Буруу хийсэн гэдэг дээр тодорхой жишээ хэлье. Тогтолцооны өөрчлөлт, ерөнхийлөгчийн эсвэл парламентийн засаглал гээд бид маргаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бүгд ард түмнээс сонгогддог, бие биедээ хяналт тавьдаг байх ёстой. Ингэж гэмээнэ тогтвортой төр бий болно. Одоогийн Үндсэн хуулиар УИХ ард түмнээс сонгогддог. Засгийн газар нь энэ УИХ-аас сонгогддог. Үүнээс болж давхар дээлийн асуудал үүсдэг.
Уг нь засаг ард түмнээс сонгогдох ёстой. АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч засгийн газраа толгойлдог. Шүүх засаглал бас ард түмнээс сонгогдох ёстой. Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ, Засгийн газартайгаа нийлээд Ерөнхийлөгчтэй ярьж, Ерөнхийлөгч томилж байна. Энэ Ерөнхийлөгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшиж сонгогддог. УИХ-ыг бүрдүүлж буй намууд гүйцэтгэх эрх мэдэл, ерөнхийлөгчийн эрх мэдэл, нэмээд шүүхийн засаглалын эрх мэдлийг авчихдаг. Тулгын гурван чулуу шиг тогтвортой байх зүйлийг ингэж нэг юман дээр овоолж хаяснаас болж давхар дээл, төрийн тогтворгүй байдлын асуудал үүссэн. Бүх эрх мэдэл, төсөв мөнгө, хяналтыг нэг байгууллага дээр ингээд төвлөрүүлээр тэр байгууллага хэврэг байхгүй яах юм бэ! Учир нь үүнийг бүрдүүлж буй нам жинхнээсээ ашиг сонирхлын үзүүр дээр очдог. Энэ намыг л эзлэчих юм бол шүүгч томилохоос эхлүүлээд бүхнийг хийх боломжтой. Иймээс намын их, бага хурал руу мөнгөтэй, шуналтай, нөлөөтэй болгон дайрдаг. Намын хямрал гэж үүнийг л хэлээд байгаа юм. Бүгд ард түмнээс сонгогддог, шүүгч нь хугацаатай томилогддог, засгийн газар нь тусдаа байсан бол хэчнээн муу хүн гарлаа гэхэд нөгөө хоёр нь эрхбиш хязгаарлана. Энэ бол Үндсэн хуульд буруу суусан тогтолцоо юм!
В.Ганзориг: Тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх ёстой гэдэг дээр та нар бүгд санал нэгдэж байгаа юм байна. Энэ өөрчлөлтийг хийвэл бид бараг 10 жил тутам Үндсэн хуульдаа гар хүрдэг жишигтэй болох нь. Үүнийг дагаад хүний эрх, сонгуулийн систем, төрийн байгуулалт гээд маш олон зүйл дагаж өөрчлөгдөнө. Онолын болон макро төвшинд энэ өөрчлөлтийг хийх ёстой гэж хэлсэн ч та бүхэн өөрсдийн өнцгөөс маш энгийн жишээгээр үүнийг дахин тайлбарлаж өгөөч.
Б.Энхбаяр: Шударга ёсны хүсэмжлэл, итгэх итгэл суларсан гээд Миеэгомбо хэлсэн. Үүнтэй санал нэг байна. Хууль зүйн яам уг нь бол шударга ёсны яам шүү дээ. Өнөөгийн нөхцөлд шударга ёсыг иргэд хэнээс нэхэх ёстой вэ? Засгийн газраас уу, Хууль зүйн яамнаас уу, эсвэл Ерөнхийлөгчөөс үү? Засгийн газарт цагдаа л байдаг. Харин шүүгч, прокурор зэргийг Ерөнхийлөгч томилоод байдаг. Парламент нь Засгийн газраар дамжуулж гүйцэтгэх эрх мэдлээ томилж байна. Иргэдийн шударга ёсны хүсэмжлэлийг хангахгүй байгаа шүүх, прокурор, мөрдөгчтэй холбоотой хариуцлагыг хэнээс нэхэх вэ? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хэн нь хариуцлага үүрэх юм бэ? Аль нэг нь хариуцлага үүрэх ёстой. Асуудал үүсэхээр шүүгчийг би томилдоггүй гээд Засгийн газар хариулна. Ерөнхийлөгч болохоор надад эрх мэдэл дутаад байна, бүх асуудал Засгийн газарт байна, АТГ-ын удирдлагыг бид томилдоггүй, УИХ томилдог гээд ард түмнээс сонгогдсон төрийн өндөрлөгүүд ярьдаг. Асуудал үүсч, хариуцлага яригдахаар бүгд ингэдэг. Тэгвэл хэнд нь эрх мэдэл төвлөрч байж эцсийн хариуцлагыг хэн нэгэн хүлээж шударга ёс тогтох юм бэ? Ийм асуудал үүссэн байгаа. Улстөрчид хариуцлагаас бултдаг, хүссэн үедээ Үндсэн хуулиар олгогдоогүй эрх мэдэл рүү гар дүрж ордог асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна.
Одоогийн Үндсэн хууль өөрийнхөө бүрэн нөөцийг шавхчихаагүй байгаа. Үндсэн хуулиа амилуулах, бодитой хэрэгжүүлэх тал дээр сүүлийн 28 жил бид бас яг юу хийсэн юм бэ? Тухайлбал, шүүх эрх мэдлийг томилдог Ерөнхийлөгчийн тайланг хэдэн удаа сонссон бэ? Парламент тайланг нь хэлэлцэнэ гээд Үндсэн хуульд бий. Хууль зөрчсөн шийдвэр гаргавал парламент түүнийг нь хүчингүй болгоно гээд байгаа. Нэг удаа Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг хянасан тохиолдолд байгаа юм уу? Эдгээр нөөцийг бүрэн шавхаагүй байж Үндсэн хууль руу дайрч болохгүй. Үндсэн хуулиас гадуур олгосон бүх мэдлээсээ Ерөнхийлөгч болих хэрэгтэй.
В.Ганзориг: Тэр нь ямар эрх мэдлүүд байгаа вэ?
Б.Энхбаяр: Арав гаруй хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл олгоод хаан болгочихсон. Хэрэг дээрээ Ерөнхий сайдын дээд талын Ерөнхий сайд болгосон. Жишээлбэл, Зам тээврийн сайдыг томилох процессийг хэлж болно. Ерөнхий сайд хэнийг сайдаар томилж, чөлөөлөхөө Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг заалт Үндсэн хуульд байхгүй. Гэтэл үнийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн хуулиар Ерөнхийлөгчид олгочихсон. Уг нь Ерөнхийлөгчтэй зөвхөн Засгийн газрын бүтэц, орон тоог зөвшилцөх ёстой. Харин одоо Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг сайд нартай нь өрөөндөө дуудаад чи таалагдахгүй байна, чи болж байна гээд дотоод үйл ажиллагаанд нь оролцоод эхэлсэн. Эдгээр хуулиар олгосон эрх мэдэл манай улсыг хоёр Ерөнхий сайдтай болгосон. “Нэг Ерөнхий сайдтай” болохын тулд бусад хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрх мэдлийг Үндсэн хуульд гар дүрэхээс авчих ёстой байгаа юм.
Ж.Сүхбаатар: Иргэдийг бухимдуулж, тэдний хүсч буй зүйлс олон байгаа. Эдгээрээс яг ямар нь Үндсэн хуультай холбоотой вэ гэдэг нь тусдаа асуудал. Үүнийг ялгаж салгаж авч үзэх ёстой. Төрийн удирдлагын байгууллагуудын болох УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, шүүх зэрэг байгууллагууд яаж ажиллах ёстой, эдгээрийн эзлэх байр суурь гэж өөр нэг асуудал бий. Улс төрийн тогтолцооны реформ гээд ярихаар энэ бүхнээр тус тусдаа хийх шинэтгэл болж таарна. Сонгууль, засгийн газар, захиргааны шинэтгэл гээд бүгд задарч юун Үндсэн хууль байтугай нүсэр асуудал болно. Жишиж хэлбэл Үндсэн хууль гэдэг нь ширээний хүрээ. Ширээний хүрээн доторх бүх агуулга, нийгмийн амьдралын төвөгтэй харилцааг олон тусдаа шинэтгэлээр сайжруулдаг. Улс төрийн соёл, иргэний боловсрол, сургалтын асуудлыг заавал хөндөх ёстой. Би Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг судлах ажлын хэсгийн ахлагчаар 2008-2012 оны парламентад ажилласан. Ингэж ажиллаж байхдаа 40 мянган хүний дунд тандалт судалгааг хийсэн. Үндсэн хуулийн нарийн мэдлэг олон иргэдэд байхгүй ч гэсэн ухамсарынхаа төвшинд хэрхэн хүлээж буйг мэдэх гэсэн хэрэг.
Судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой гэсэн дүн гарч байсан. Эндээс Үндсэн хуулийг өөрчлөх нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны шаардлага юу гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. Шинэ Үндсэн хуулийн ачаар иргэд хувийн өмчтэй болж, мөн иргэний нийгмийн салаа мөчрүүд тэлж, төрийн бус байгууллагууд бэхжин, гэр бүл, шашин зэрэг олон янзын клуб, нийгэмлэг, холбоод бий болжээ. Өөрөөр хэлбэл оюун санааны өөрчлөлт манай нийгэмд гарч, баталсан Үндсэн хуулиа бид хэрэглэж, түүгээрээ амьсгалж амьдарч, үнэт зүйл бий болжээ. Ингэж харвал бид 1992 оноос хойш ухамсарын хувьд үнэхээр шинэ төвшинд гарсан.
Нөгөө талаас улс төрийн хувьд маш төвөгтэй асуудлууд үүсч эхэлсэн. Хуучин бид улс төрийн намыг улс орныг жолооддог гэж ойлгож ирсэн. Гэтэл одооны бидний философиор нам улс орныг жолоодохгүй. Нам төрийн бодлогоор дамжуулж буюу төр улс орныг удирдана буюу нам – төр – улс орон. Ингээд ирсэн нам дээр асуудал гарч эхэлсэн. 1992, 2005 онд Улс төрийн намын тухай хуулиуд гарсан. Үүгээр хуучин МАХН буюу одоогийн МАН-ын хуучин зохион байгуулалт, бүтэц, арга барилыг бэхжүүлсэн шинжтэй хуулиуд болсон. Намын удирдах зөвлөл дээр төрийн бүх асуудлууд урьдчилж хэлэлцэгдэн шийдэгддэг. Үүнийг нь төр ёсчилдог газар хэвээр байсаар байна. Намд бүлэг этгээдүүд цугладаг. Нам албан тушаал хуваарилдаг. Нам тендерт холбогддог. Намын оролцохгүй юм Монголын сум, баг, хороонд алга. Нам аль төвшин хүртэл асуудалд оролцох юм бэ гэдгээ бид ярих ёстой.
1992 онд Монголын хүн ам 2.1 сая орчим байсан. 2000 оны тооллогоор 2.3 сая болсон. Харин өнөөдөр 3.2 сая хүнтэй болсон. Өөрөөр хэлбэл 1992 оноос хойш нэг саяар нэмэгджээ. Энэ нь манай нийгмийн давхаргад асар том өөрчлөлт болсон. Үүнийг дагаад тэдний эрэлт, шаардлага, хүсэлт 1992 оныхоос шал өөр болсон. Хувьсгалчид ба реформистууд гээд хоёр том хандлага байдаг. Би бол реформ талдаа хүн. Гэхдээ энэ процесс их төвөгтэй. Жишээлбэл, Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудал 20 жил үргэлжилдэг. Тунис, Марокко, Египт зэрэг улсад өнгөт хувьсгал гарлаа. Марокко хэдхэн сарын хугацаанд шинэ Үндсэн хуулиа хийгээд явчихсан. Тунис Үндсэн хуулийн төслөө гурван жил боловсруулсан. Балба улс шилжилтийн Үндсэн хуультай найман жил явсан. 2011 онд Унгар улс шинэ Үндсэн хуулиа гаргасан. Байгаль орчны хямрал, цагаачлалын том асуудал дунд тэд Үндсэн хуулийн үнэт зүйлээ дахин бататгасан. Тэд улсынхаа оршихуйн үндсийг Үндэстэн улс – Гэр бүл гэж бататгасан. Үүнийхээ суурийг сүсэг бишрэл, үнэнч чанартай холбон христийн шашнаар дамжуулж үнэт зүйлээ тодруулан гаргасан. Балба улс өөрийн онцлогтой. Өлсгөлөн, цэвэр усны том асуудалтай учир Үндсэн хуулиараа өлсгөлөнгөөс хамгаалах эрх, иргэдийнхээ цэвэр ус хэрэглэх боломжийг нь бататгасан байдаг.
Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт янз бүрээр яригдаж ирсэн. Энэ талаар хамгийн их судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээл туурвисан нь Б.Чимэд багш. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хуулийн дагуу ном журмаар нь хийх ёстойг хэлдэг байсан. Ингээд Үндсэн хууль өөрчлөлт оруулах журмын тухай хууль гарсан байдаг. Үүгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ямар хүрээнд авч үзэхийг тодорхойлсон. Үндсэн хуулийн 1/3-ээс дээшгүйд нь өөрчлөлт хийж болно. Үндсэн хуулийн үнэт зүйл болсон зарчмуудад өөрчлөлт оруулж болохгүй. Жишээ нь, УИХ-ын бүрэн эрхийг танах, шүүх эрх мэдлийг хасах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэх мэт. Манай Үндсэн хуулийн үнэт зүйл бол хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоох. Энэ бол Монголын ард түмний туйлын хүсэл
. Монгол Улсын үндэсний хэл монгол хэл байна. Төрийн байгууламж нь нэгдмэл байна гэх мэт зүйлийг оролдох ёсгүй. Нам, сонгуультай холбоотой өөрчлөлтүүдийг харин хийх ёстой
. Нам өнөөдөр бүх будлианы эх үүсвэр болсон. Намууд өнөөгийн нийгэм, улс төрийн системтэй зохицож чадахаа больсон. Үндсэн хуульд гар хүрэхгүй шийдэж болох олон асуудал бий. Э.Эрдэнэжамъян даргын хэлснээр уул уурхайтай холбоотой асуудал дээр бид үндсэн хуулийнхаа заалтыг ашиглаж чадахгүй л байна шүү дээ. Ашигт малтмалын хууль дээр төрийн эзэмшлийн хувь оролцоо гэж орсон. Энэ нь барууны өгүүлбэрийг шууд хуулбарласан. Манайд төрийн эзэмшлийн хувь оролцоо гэж байхгүй. Байгалийн баялаг төрийн өмчид байх заалттай улс. Тэгэхээр төр байгалийн баялгийн асуудалд оролцох, эс оролцох гэсэн асуудал байхгүй. Оролцох нь маш тодорхой. Харин өмчлөлийн хувь нь ямар байх вэ гэдэг асуудал бий. Эзэмшлийн хувь биш шүү! Хувийн хэвшил давамгайлсан гадны улсууд эзэмшил гэж ярьдаг. Энэ нэр томъёоноос болж уул уурхайн төслүүд дээр будилж байгаа. Тэрнээс биш Үндсэн хуулиас болж энэ асуудал үүсээгүй гэх мэт өөрчлөлтүүдийг дэс дараатай, бага багаар хийх нь зөв. Бүхэл том өөрчлөлтийг нэг дор хийнэ гэвэл бид хяналтаа алдана аа.
Э.Эрдэнэжамъян: Өөрчлөлтийг хэн хийхээс шалтгаална. Хянаж чадах хүмүүс нь хийвэл хянаж л таарна шүү дээ. Ард түмэндээ итгэх хэрэгтэй. Нэг юм хийвэл хяналтаа алддаг ард түмэн биш л дээ. Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх ёстой. Компьютер нэг л вируствал форматладаг шүү дээ. Түүнтэй адил жижиг засваруудыг энд тэнд хийгээд нэмэргүй.
Б.Энхбаяр: Шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн гурван өндөрлөгийн бүх албан тушаалыг хашсан намын даргатай нам зарчмаа нульж байна шүү дээ. Би үүнийг ойлгохгүй байна.
Э.Эрдэнэжамъян: Би яриагаа дуусгая. Жижиг заалт хүртэл маш чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, хүн цалин авах эрхтэй гээд Үндсэн хуульд бий. Бусад улсын Үндсэн хуульд хүний амьдрал ахуйд хүрэлцэхүйц хэмжээний, шаардлагатай бол нэмж арвижуулсан цалин авах эрхтэй гэж заасан байдаг. Өнөөдрийн Монголын цалин, тэтгэвэр ард түмнийг хүний зэрэгтэй амьдрахад нь хүрэлцэхгүй байна. Бүгд зээлтэй. Энэ бол Үндсэн хуулиар тодорхойлсон эдийн засгийн бодлого болохгүй байгаагийн дохио.
Нэгэнт болохгүй байгаа зүйлийг даруйхан өөрчлөх ёстой. Намууд, дарга нарын асуудал бол түр зуурын зовлон. Дарга явлаа л бол зовлон тэр даргынх биш дараагийн даргын зовлон болдог. Энэ бол ард түмний зовлон биш. Харин ард түмний зовлон бол ядуурал, ажилгүйдэл, стресс, гэмт хэрэг. Эдгээрийг Үндсэн хуулиараа дамжуулан төрийн тогтвортой байдлыг хангах замаар засах ёстой. Засахын тулд хоёрын хооронд косметик засвар хийж, нэг даргын эрх мэдлийг багасган нөгөө даргын эрхийг нэмэх хэрэггүй. Бид шинэ Үндсэн хууль хийх ёстой.
Д.Миеэгомбо: Та хэд бүгд найрамдах төр буюу парламентийн засаглалтай байх ёстой гэдэг санал дээр байгаа юм уу, үгүй юу? Та засгийн газар, парламент, шүүхийг ард түмнээс сонгон байгуулна гээд түрүүнд хэлсэн дээ. Бид Ж.Сүхбаатар судлаачийн байр суурьтай бүрэн нийлж байна. Учир нь Монгол Улс бол үндэстэн улс. Ардчилал, хүний эрхээр нэгддэг АНУ, ханз бичиг ба Күнзийн суртлаар нэгддэг Хятадтай адилгүй. Монгол хүн бол Монгол Улсын үндэс. Ийм учраас бид хүний тухай асуудлыг ярих ёстой юм. Монгол хүн ямар байх ёстой, ийм үндэстэн улсын төр нь ямар байх ёстой, эдгээрт нөлөөлөх олон нөлөөлөл болох газарзүйн байршил, хоёр хөршийн харилцаа, соёл, уламжлал гээд олон юм бий. Бидний сонгож авсан парламентийн бүгд найрамдах улсын хувьд амин чухал тулгуур болсон улс төрийн намын тухай ярихаас өөр аргагүй. Төр удирдлагаа хэрэгжүүлэхдээ ямар байдлаар зохион байгуулагдах ёстой юм бэ гэдэг нь бас л уламжлал болон өнөөгийн нөхцөл байдалтай уялдах ёстой.
Нийгмийн баялгийг хуваарилахад төрийн оролцох оролцоо, төр өмчтэй байвал ямар хэлбэртэй байх тухай, иргэн ба төр зэрэгцэн орших хэм хэмжээг нөгөө талдаа бид бас ярих хэрэгтэй. Үндсэн хууль руу өнөөдөр олон асуудлыг чихэж байна. Ерөнхийлөгчөөс шударга ёсны тухай асуултыг асуухаас өөр аргагүй болж байгаа нэг шалтгаан бий. Шүүхийн захиргааны хуулийг тухай үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд байхаа өөрөө санаачлаад батлуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийг Хууль зүйн яамнаас бүрдүүлж байсан түүхтэй, Дээд шүүхийн мэдэлд ч байлгаж байсан түүхтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг бол шүүгчдийг сонгож шалгаруулж томилох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл 2014 оны Шүүхийн захиргааны хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч бие даан шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулдаг болсон. Ингэснээр шүүгчдийн мэдлэг, чадварыг үнэлж дүгнэдэг, ажлыг нь хянаж шалгадаг, хооронд нь сэлгэж ажиллуулдаг, хаана ажиллахыг нь бие даан шийддэг эрх мэдлүүдийг аваад эхэлсэн. Ингэж шүүх эрх мэдэл Ерөнхийлөгчийн бүрэн хараанд орсон. Энэ эрх Үндсэн хуульд байгаа юу гэвэл байхгүй! Үндсэн хуульд байхгүй эрх олгосон энэ мэт асуудлуудыг цэгцлэх ёстой.
Үүнийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ялгаж салгах ёстой.
Эрх барьж буй хоёр том нам сүүлийн 20 жил явлаа. Энэ хоёр намын хооронд эхний зөвшилцөл, ойлголцол заавал бий болох ёстой. Хүссэн, эс хүссэн үүнээс өөр гарц байхгүй. Дээрээс нь нэмээд ард түмэндээ итгэх ёстой.
В.Ганзориг: Хоёр том нам зөвшилцөхөөр чинь МАНАН болчихоод байгаа юм биш үү?
Э.Эрдэнэжамъян: Хуйвалдахыг МАНАН гэж байгаа юм.
В.Ганзориг: Л.Мөнх-Эрдэнэ судлаач “Тэргүүнгүй төр” гээд ном гаргажээ. Монголын төр хэн нь ч хариуцлага хүлээдэггүй гурван өндөрлөгтэй тул номоо ингэж нэрлэсэн гэж бичжээ. Энэ асуудлын шийдэл бол АНУ маягийн ерөнхийлөгчийн засаглал гэсэн байна. Ерөнхийлөгчийн засаглал уу, эсвэл парламентийн засаглал уу гэдэг маргаан явж байна. Ерөнхийлөгчийн засаглал дотор ялгаатай хувилбарууд байх шиг байна. Энэ засаглалын хэлбэр дээр та бүхний санал ямар байна вэ? Дээр ярьсан бүх асуудлуудын шийдэл нь тэгвэл юу вэ?
Э.Эрдэнэжамъян: МАХН-аас шинэ үндсэн хууль буюу Дээд хуулийг санал болгож байгаа. Үүгээр бид парламентийг хоёр танхимтай болгоно. Их хуралдай нь бүх сум, хорооноос нам бус хүмүүс сонгогдоно. Бага хуралдай нь байнгын ажиллагаатай парламент байх бөгөөд намын жагсаалтаар сонгогдоно. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдоно. Шүүгчийг мөн ард түмнээс сонгоно. Сая Хятад, Тайваньд хийсэн шиг хяналтын засаглалыг бий болгож, үүнийг мөн ард түмнээс сонгоно. Гүйцэтгэх засаглал буюу Ерөнхий сайдаа парламентаас сонгож байна уу, ард түмнээс сонгож байна уу гэдгээс хамаарч засаглалыг ялгаа үүсдэг. Бид хариуцлага хүлээдэг хүнээ тодорхой болгохын тулд ард түмнээсээ засгийн газрын тэргүүнээ сонгодог Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гэж харж байгаа.
Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс байх уу, эсвэл парламентийн бүгд найрамдах улс байх уу гэдэг эцсийн сонголт хийх хүчтэй сонголт үүсээгүй гэж би боддог. Парламентийн бүгд найрамдах улсынхаа асуудлын бид нарийн ярилцаж, харьцуулж үзээгүй байгаа. Өөрийн орны онцлог, явж ирсэн замаа нэгтгэж бодоод, посткоммунист улсуудтай харьцуулж харах хэрэгтэй.
Ингээд харвал ихэнх улсууд парламентийн, зарим манайх шиг парламент, ерөнхийлөгчийн холимог, харин Азербайжан, ОХУ ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Б.Чимид багшийн олон жил ярьсан нэг зүйл бий. Үндсэн хуулийн үнэт зүйлсийг ярихад уг хуулийг боловсруулсан хүн, үндэслэгч эцгийн үзэл санааг голлодог. Энэ үзэл санаа үндэсний өв болж үлддэг. Бид бүгдийг няцааж үгүйсгэнэ гэдэг нь сүүлийн 30 жилд хийсэн бүх юмаа үгүйсгэнэ гэсэн үг. Бий болгосон зүйлээ эргээд харах хэрэгтэй. Ахуй амьдрал, төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаа үнэлэх хэрэгтэй. 1994 онд П.Жасрай гуайн засгийн газрын протоколыг уншиж байсан. Гүрж компаниас 50 мянган доллараар ногоон цай авах гээд мөнгө байхгүй, Л.Цогт сайдад аргалаад зохицуул гэж хэлж байсан засагтай улс байсан. Харин бид өнөөдөр ямар байдалд хүрчихээд байна гээд яривал ярина л даа.
Парламентийн бүгд найрамдах улсын хүрээнд ярьж байгаа асуудалтайгаа холбогдуулж хэлэхэд бодлого хэн тодорхойлж, эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгээр ялгагддаг.
Манай улсын хувьд парламент ард түмний төлөөлөгчдийн байгууллага. УИХ 76 гишүүнээс бүрдэж буй мэт харагддаг. Үүнээс гадна сумын иргэдийн хурлын 7704 төлөөлөгч, дүүргийн иргэдийн хурлын 295 төлөөлөгч, нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч, бүгд 8044 хүн дээр УИХ-ын 76 гишүүн, мөн Ерөнхийлөгч нэмэгдээд, Монгол Улсыг нийтдээ 8121 хүн төлөөлдөг.
Институцийн хувьд иргэдийн хурал, УИХ, Ерөнхийлөгч гэсэн гурван байгууллагатай. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог боловч баталгаажуулах хуулийг УИХ гаргадаг. Нэмээд Засгийн газрыг парламент байгуулдаг. Энэ эрх мэдлээ парламент сонгогчдоос олж авсан. Энэ бол парламентийн засаглал.
Америк маягийн ерөнхийлөгчийн засаглал бол муж улсын онцлогт тохирсон. Тавин муж улсаас гадна хотууд нь бие даасан хуультай. Үндсэн хуульдаа муж улсын эрх хэмжээнд халдаж болохгүй гээд заасан байдаг. Муж улсын өөрөө удирдаг ёсыг нь нарийвчилж хуулиар зохилцуулж болдоггүй заалттай. Ийм холбооны улс хэдэн зуун хотуудын нийлбэр. Иймээс үндэсний хэмжээнд үүнийг зангиддаг хүчтэй засаг захиргаа байх ёстой болдог. Америк бол бүх юм нь эс төвлөрсөн нүсэр улс. Зангиддаг юм нь үндэсний хэмжээнд Ерөнхийлөгчийнх нь засаг захиргаа байдаг. Ийм хэлбэр Монголд байх шаардлагагүй
. Манай парламент сумын цэцэрлэг сургуулийн засварын ажил ярьдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Ерөнхийлөгч ийм асуудал ярьдаг хүн болох уу? Ингэж бүх юманд хутгалдаа явбал Ерөнхийлөгч яаж шүүмжлэлээс ангид байх юм, нийгмийн эсэргүүцэл бухимдлыг яаж ганцаараа үүрэх юм, яаж бүх хариуцлагыг дааж чадах юм? Эцэст нь тэр хүн надад эрх мэдэл дутаад байна л гэж хэлнэ. Хүнд үнэмлэхүй эрх мэдэл өгөхөөр буруутан хайж эхэлдэг. Эрх мэдэлтэй хүн ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явна гэж байдаггүй. Явуулах гэж тамаа цайдаг. Киркизийн жишээ бэлэн байна.
Дэлхийн улс орнуудыг харахад парламентийн бүгд найрамдах улсаас ерөнхийлөгчийнх рүү шилжиж буй нь байхгүй. Эсрэгээр ерөнхийлөгчийн засаглалаас парламент руу шилжиж буй хандлага бий. Нэмээд парламентийн хоёр танхимтай улс орнууд нэг танхимтай болох юмсан гэж судлаачдын хүрээнд ярьж байна. Гучин жил энэ талаар судалгаа хийсэн хүн үүнийг хэлж байсан. Иймээс миний хувьд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал суусан парламентийн удирдлагын хэлбэр Монгол Улсын оршин тогтнохуйн үндэс гэж заасныг дэмждэг. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дэмжиж буй зүйл нь сумын засаг даргыг иргэд нь сонгодог байх ёстой, аймгийн засаг даргыг Ерөнхий сайд мэддэг байя гэсэн саналууд.
Нэгдмэл улсын хувьд бид ингэж төвлөрсөн удирдлагаа хүчтэй болгох нь зөв. Иргэд, иргэний нийгэмд хяналтын ямар эрх мэдэл өгөх ёстой вэ гэдэг дээр харин нэмэх зүйл миний хувьд байгаа. Сум, дүүргүүд иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн цэцэд субьектийн хувьд гомдол гаргах эрхтэй байх ёстой. Гадны улсуудын жишгээр 30 эсвэл 50 мянган сонгогчийн гарын үсгээр цугласан хуулийн төслийг УИХ албан ёсоор хэлэлцдэг байх ёстой. Эдгээр зүйлийг ярихгүй байна. Арван мянган хүний гарын үсэгтэй хуулийн төслийг иргэд заавал УИХ-ын гишүүнээр дамжуулж буй өөрсдөө шууд хэлэлцүүлэх иргэний нийгмийн боломжоо эдлэх хэрэгтэй. Японд сонгуультай зэрэгцэн дээд шүүхийн ерөнхий шүүгчид итгэл үзүүлэх эсэх санал асуулга явдаг. Энэ мэтээр улсын ерөнхий прокурор, дээд шүүхийн ерөнхий шүүгчид хариуцлагын тогтолцоог бид оруулж өгөх ёстой. Ард түмэн эдгээр өндөр, чухал албан тушаалтнуудад итгэхгүй байгаа бол албан тушаалаас нь зайлуулдаг байх ёстой гэх мэтийн асуудлуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн саналаар огт ярихгүй байгаа.
Д.Миеэгомбо: Ерөнхийлөгчийн засаглал, хоёр танхимтай парламент гэж удаан явж байгаа ярианы уг шалтгааныг бид хайх ёстой. Хоёр танхимтай парламент нь нам, намаас дэвшүүлсэн нэр дэвшигч тэр орон нутгийг төлөөлж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар гэдэг нэг тусдаа улс, хөдөө орон нутаг гэдэг жалга дов бас тусдаа улс болчихдог. Мөн бидний нүүдлийн ахуй, ёс уламжлал маань өнөөдрийн бидний суурин амьдралтай нийцэхгүй байгаа. Биесээ үгүйсгэдэг, нэгнээ эвддэг байдалтай болчихсон. Үүний шийдлийг олоогүйгээс дээрх яриа яваад байгаа гэж би хувьдаа боддог. Үүнийг хүмүүс орон нутаг, биднийг төлөөлөн эрх ашгийг маань хамгаалдаг нэг хүн хэрэгтэй байна гэж хараад хайгаад байна. Улс төрийн нам уг нь энэ асуудлыг шийдэх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлж, иргэдийн төлөөлөл болж чадахгүй байна. Асуудлын шалтгаан нь ердөө энэ. Парламентийн хоёр танхим ихэвчлэн холбооны улсад байдаг. Харин бид нэгдмэл улс.
Ерөнхийлөгчийн засаглал гэж яриад байгаа нь хүмүүс хариуцлага хүлээх эзэн байж, шударга ёсыг хүсэмжилж буй хэлбэр. Энэ бол улс төрийн намуудын төлөвшлийн асуудалтай дахиад холбогдоно. Шуудхан хэлэхэд төрийг тогтворгүй байлгадаг хулгайч нартай шууд холбоотой. Яагаад ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд ингэж хүчийг авав аа? П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн таван ерөнхийлөгчийн нүүр үзжээ бид. 1992 оноос эд нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад дараагийн хүн нь гарч ирэх тоолонд хоёр зүйл анзаарагддаг. Нэгдүгээрт, тэд намтайгаа муудалцдаг. Хоёрдугаарт, тэд бүх юмны эзэн болоод буудаг.
П.Очирбат гуай харьцангүй сул байсан. Н.Багабанди гуай чангарсан. Дараагийн ерөнхийлөгчид ямар явж ирснийг бүгд мэдэж байгаа. Одоо үүнийг нууж хаагаад, айж ичээд байх юм байхгүй. Улс төрийн намын төлөвшил, төрийн албаны уналт, төсвийн зарцуулалт, ашигт малтмалын хууль, уул уурхайгаас хамаарсан эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, нүүрсний үнэ, том төслүүд гээд олон асуудлууд байгаа. Энэ болгоны цаана төсвөөс хулгайлсан хулгай байдаг. Ийм хулгай байдаг учраас, ийм хулгайч улстөрчидтэй улсад АТГ-ыг өөрийн саналаар байгуулдаг, прокурорыг нь томилдог, шүүхийг харьцангуй байснаа одоо бүр туйлын байдлаар удирддаг Ерөнхийлөгч энэ улсад эзэн хаан нь байхаас өөр ямар ч сонголт байхгүй.
Энэ бүх асуудлыг зангилаагаар нь ярьж байж, монгол хүн гэж хэн байх тухай, үнэт зүйл нь юу байх тухай, соёл ба сэтгэлгээний онцлогоо бодоод цаашаа хэн болох вэ гэдгээ бодох ёстой. Улс орны хувьд ч гэсэн яг адил. Өнгөрсөн түүхээр ингэж явж ирсэн бол ирээдүйд ямар улс байхаа ярих ёстой. Үүний тулд төр, улс төрийн нам нь ямар байхаа хэлэлцэх ёстой. Яг одоогийн тогтолцоогоор сонгогдон УИХ-д орж ирж байгаа 76 хүн төрийн албыг өөрөөсөө долоон дор хүмүүсээр бүрдүүлээд байхаар бид яаж цаашаа явах билээ дээ! Засгийн нас яаж богиносч буйг бүгд харж байна. Хуучин дөрвөн жилээ барьдаг байсан. Дараа нь хоёр жил болсон. Одоо нэг жил болох уу? Тэр болгон нь мөнгөтэй. Одоо Ардчилсан нам л атар онгон юм яриад байгаа болохоос биш өөрөө огт ялгаагүй шүү дээ. МАН-ын 60 тэрбум гээд л ярьдаг. Хэрэгжсэн үгүйг нь мэдэхгүй ч энэ бол өчигдөр юм уу, өнөөдөр үүссэн асуудал биш. Энэ бүгд 1996 оноос эхлэсэн. Одоо нэг нь ариун сайхан, нөгөө нь үзэшгүй муухай гэсэн юм байхгүй ээ!
Энэ бүхэн өнгөрсөн 30 жилд засагласан улсуудын хамтын бүтээл. Одоо харин сэхээрэх юм уу, үгүй юу? Энэ үндэстний асуудал болчихоод байна. Өөрийн чинь сүүлийн үед яриад байгаа амин чанар гэдэг юм уу, үндэсний ижилсэл гэдэг асуудлуудыг нь бүхэлд нь авч үзэж байж сэхээрэхгүй бол дэлхий дахины хурд, хоёр хөршийн томорч буйг харвал бид жижиг жалга довны юмаа болих ёстой болчихоод байна аа.
Б.Энхбаяр: Үндсэн хууль аль ч ард түмний хувьд бурхан шүтээн нь байдаг. Үндсэн хууль хэн нэгэн хүн, эсвэл аль нэг намын өмч биш. Энэ бол ард түмний үнэт зүйл.
1924 онд анхны Үндсэн хууль батлагдсан. Удахгүй 100 жилийн ой нь болох гэж байна. Энэ хууль манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг тунхагласан. Энэ бол бидний тусгаар улс гэдгийг нотлон дархлаажуулж буй үнэт зүйл юм. Энэ үнэт зүйлээ бид хайрлаж гамнаж хөгжүүлж явах учиртай. Энэ утгаараа бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд болгоомжтой хандах ёстой.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг удаагийн ээлжит сонгуульд таалагдах гэж намын мөрийн хөтөлбөр байдлаар хийж болохгүй. Тухайлбал, одоо явж буй төсөл дээр төрийн албаны зөвлөлийг илүү бие даалгавал Монгол төр сайхан болчих юм шиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог гурав байсныг долоо болгохоор шүүх эрх мэдэл шударга болчих ч юм шиг, УИХ-ын гишүүн хурууны хээгээр санал өгөхөөр хууль тогтоомж сайхан болчих юм шиг сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг яриад яваад байгаа. Өөрөөр хэлбэл бусад хуулиар битгий хэл ёс зүйгээр шийдэж болох асуудлыг Үндсэн хууль руу нялзааг буйд болгоомжтой хандах ёстой. Ийм асуудлыг болих ёстой.
Үндсэн хуульд суусан амин сүнс, үнэт зүйлээ харин илүү баталгаажуулах ёстой. Нийт ард түмний төлөөлөл байна шүү гэж харагдахын тулд парламентийн хоёр танхимыг асуудал яригддаг. УИХ-ын гишүүдийн 90 хувь нь бизнесмэнүүд болчихсон учраас парламент ард түмний төлөөлөл болж харагдахгүй байна.
Парламент төлөөллийн байгууллага хэдий ч төлөөллийн хэв шинж ч алдагдсан. Нүүдлийн ба суурин соёл зэрэгцэн оршдог манай улсын хувьд малчдын төлөөлөл байна уу, тэднийг парламентад хэн төлөөлж байна? Ц.Намхайнямбуу гуай л хуучин ганцаараа байсан. УИХ-ын гишүүн С.Жавхлан монгол дээлтэй, монгол гэрт амьдардаг. Хоёр жил болохдоо хоёр удаа хуралд суусан. Нэг ч хууль санаачлаагүй ч гэсэн яагаад нэр хүнд нь сайн байгаад байна вэ? Дээл өмсөөд хүн амын 50 хувийг нь төлөөлж буй мэт суухаар чинь тэр хүн нэр хүндтэй, дархлаатай байгаад байна шүү дээ. Нөгөө хэд нь дан бизнесмэний төлөөлөл. Харахаар л мөнгө, ашиг сонирхол, авилга төлөөлдөг болчихсон. Нийгэм маш олон өнгөтэй, олон сонирхлын бүлэгтэй болсон. Энэ бүх бүлгийн төлөөлөл тэгш орж байж парламент гоё харагдана. Дан бизнесмэнүүдээс бүрдсэн УИХ-ын гишүүд бие биеэсээ ялгарах гээд сүүлдээ бүр алиалагч болоод дууслаа. Парламент цирк болоод хувирсан. Үр дүнд нь популизм хөөсөрч, хөгжлийг арагш татаж эхэлж байна. Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр бусад хуулийн боломжоо сайтар шавхан, хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, үүнийг дэмжин элементүүдээ баталгаажуулах ёстой байгаа.
Э.Эрдэнэжамъян: Дэд сайдаас лавламаар байна. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилж түвдэхгүй бол сонгуулиа мөнгөнөөс салгаад өгчихмөөр байна. Сонгууль мөнгөнөөс салаагүй үед эрдэмтэд, инженерүүд, барилгачин, тариачин, малчид хэзээ ч улс төрд орохгүй. Зөвхөн наймаачид л орж байна. Үндсэндээ манай төр наймаачдын улс болчихлоо шүү дээ.
Ж.Сүхбаатар: Сонгуулийн шинэтгэл гэж тусдаа зүйл байгаа. Энэ бол дахиад нарийн асуудал. Жишээ нь, пропорциональ системтэй болоод таван тойрогт улс орноо хувааж олон мандаттай сонгууль хийж болно. Дээрээс нь саналаа дугуйлахдаа зөвхөн нам дугуйлахгүй, илүүд үзэж буй нэр дэвшигчдийг хэдийг ч хамаагүй дэмжиж болно, мөн хэнийг ч дэмжихгүй байгаагаа илэрхийлж болдог туршлагууд бий. Сонгууль, нам, захиргааны шинэтгэл гээд энэ бүгд Үндсэн хуулиас тусдаа маш том асуудал. Цаашаа олон ч задарна. Яг үнэндээ бидэнд Үндсэн хуулийн шинэчлэлээс илүүтэйгээр эдгээр асуудлуудын шийдэл чухал байгаа. Ингэж байж төрийн үйлчилгээ сайжирна.
Д.Миеэгомбо: Улс төрийн намын эрх зүйн орчныг ярья. МАН, МАХН хоёр нэрээ булаацалдаж байхад Улс төрийн намын тухай хуулинд “Улс төрийн намын дотоод маргаанд шүүх оролцохгүй” гэсэн заалт нэмж орсон. Нэг талаас харахад намд их эрх мэдэл өгсөн мэт боловч Улсын дээд шүүх нам бүртгэх, бичиг баримтад орсон өөрчлөлтийг бүртгэдэг. Эрүү, иргэн, захиргааны процессийг нарийн журамласан хэм хэмжээ энэ бүртгэл дотор юу ч байхгүй. Үр дүнд нь улс төрийн намын хувь заяа Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгчийн бүрэн мэдэлд шууд очиж байгаа юм. Энэ шүүгчийг хэн атгадаг тухай бид түрүүн ярьсан даа. Тодорхойгүй байдал асуудлыг юу ч биш болгож хувиргадаг. Ийм эрх зүйн орчинд улс төрийн нам яаж байх юм бэ?
Өнөөдөр Төрхурахын аманд МАН-ын Их хурлын бид хийж байна гээд 20 залуу хуралдаад, асуудал шийдэж байгаа хүнтэй тохирч чадвал шүүх дээр өргөдөл өгч бүртгүүлээд л өнөөдрийн намыг даргыг дуусгах боломжтой.
Б.Энхбаяр: Манай бүртгэлийн байгууллагаас 242 намын нэр авагдсан байна лээ. Бүр Нам бусчуудын нам гэж бүртгүүлсэн байсан.
В.Ганзориг: Цаг байсан бол үргэлжлүүлээд ярилцмаар л байна. Нэвтрүүлгээ товч дүгнэхийг зөвшөөрнө үү. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой тодорхой хэмжээний реформыг хийх шаардлагатай юм байна. Гэхдээ нийгмийн хүсэл шаардлагыг биелүүлэхийн тулд заавал Үндсэн хуулиар оролдох уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал юм байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлынхаа цар хүрээг эхлээд маш сайн тодорхойлох ёстой
юм байна. Эцсийн дүгнэлт бол нийгмийн үнэт зүйл, суурь философи, монгол хүн гэж хэн болох, хэн болохыг хүсээд буйг манай нийгэм бултаараа тодорхойлж чадаагүй байсаар байна. Магадгүй өнөөдрийн ярьсан бүх асуудлын гогцоо үүнд байх магадлалтай гэж дүгнэгдлээ.