SYNDICATE TALK: Оюуны өмч

Б.Болор-Эрдэнэ
2018-11-16 03:31

Оюуны өмч, компанийн биет бус хөрөнгө гэж юу вэ, эдгээрийг бий болгохын тулд ямар их хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт ордог тухай, оюуны өмчийг хэрхэн хамгаалж бусдыгаа хүндлэх ёстойг энэ дугаараар хэлэлцлээ. Нэвтрүүлгийн зочноор “Монос Групп”, Монголын Инновацийн Холбооны ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Монголын оюуны өмчийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал У.Тамир, шог зураач С.Цогтбаяр оролцлоо.

В.Ганзориг: Өнгөрсөн сард БНХАУ-ын Тяньжин хотод Зуны Давос болж өндөрлөсөн. Хятадын төр, засгийн тэргүүнүүдийн үгэнд оюуны өмч гэдэг үг маш олон давтагдлаа. Энэ улс 10 жилийн өмнөөс инноваци дээр суурилсан эдийн засаг бүтээнэ гэж зарласан. Үүнийхээ хүрээнд ирэх жилүүдэд оюуны өмчийн хамгааллаар дэлхийд тэргүүлнэ гэж байна. Монголын хувьд оюуны өмчтэй холбоотой асуудал хэр байдаг вэ? Уран бүтээлч, үйлдвэрлэгч, контентийн бизнес эрхлэгч, төрийн байгууллагын төлөөлөл та бүхэнтэй энэ сэдвээр асуудал болон шийдлийг ярилцмаар байна.

С.Ганзориг: Оюуны өмчийн газар 2010 оноос эхлэн телевизийн сувгийн үйл ажиллагаа явуулж буй газруудад шалгалт хийж эхлэсэн. Эхний шалгалтууд хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой явж байсан бол 2011 оноос эхлээд зөрчил гаргасан телевизүүдэд хариуцлага ногдуулах, контентийн зөрчилтэй телевизүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн. Үүний үр дүнд тухайн үетэй харьцуулахад телевизийн контентийн зөрчил 80 хувиар багассан. Зөрчилтэй цахим сайтуудыг 2011 оноос эхлэн блок хийдэг болсон. Контентийн эрх даяарчлагдсан, хэн ч хаанаас ч юу ч олоод үзэх боломжтой нөхцөлд ийм шалгалт хийж, бүх зөрчлийг арилгана гэдэг амар ажил биш. Бид хааж бооно гэхээс илүү тухайн уран бүтээлчдийн бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах, зохих зөвшөөрлийн дагуу үзэгчдэд хүргэх ажил руу далайцтай орсон нь 2010 оноос эхтэй.

Өнөөдөр уран бүтээлчид, үзэгчид зохиогчийн эрх гэдэг зүйлийг мэддэг болсон. Телевиз, сайт нэг үеэ бодвол арай цэгцэрч буй мэт боловч Facebook, YouTube зэрэг сошиал медиа сувгууд дээр энэ зөрчлийг арилгаж чадахгүй хэвээр байгаа. Facebook компанийн Монголыг хариуцсан хүмүүс сая манайд айлчилсан. Зохиогчийн эрхийн зөрчилтэй контент байвал уг бүтээлийн зохиогч нь Оюуны өмчийн газарт гомдол гаргасны дагуу бид Facebook рүү уг гомдлыг албажуулан явуулж, зохиогчийн эрхийн зөрчилтэй контент түгээгч аккаунтыг хаах, блоклох боломжтой болж бий.

Шинэ бүтээгдэхүүн, бүтээл судалгааны шатнаасаа эхлэн манай Оюуны өмчийн газраас патент аваад зах зээлд гарах хүртлээ инноваци болж явдаг.

Энэ инновацийн үйл ажиллагааны турш бүтээгдэхүүн, бүтээлээсээ хамаараад патент болон оюуны өмчийн хэд хэдэн эрхийг хамгаалах ёстой болдог. Улс орны эдийн засагт нөлөөлдөг нэг чухал зүйл бол инноваци. Инновацийг зөвхөн аж үйлдвэрийн салбараар төсөөлж болохгүй. Уран бүтээл, контентийн асуудлууд давхар хөндөгддөг. Оюуны өмчийн газар 2018 оны тавдугаар сараас бие даан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа.   

Л.Хүрэлбаатар: Манайд оюуны өмч гэхээр уран бүтээлийг голцуу ойлгож ярьдаг. Харин аж үйлдвэрийн салбарын оюуны өмч, эрдэмтдийн бүтээлийг хамгаалах тодорхой ажлууд хийгдэж байгаа ч гэсэн санаанд хүрдэггүй. Эрдэмтэд маань ч өөрсдөө энэ талын ойлголт муутай. Баахан мэдлэг бий болгосон атлаа патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, эзэмших эрхийн талаар ойлголт тун тааруу. Бид 1990-ээд оноос үйлдвэрлэлээ эхлэсэн. Аньс, чацарганы витамин анх хийж байхдаа энэ талын ойлголт муутайгаас болж брэнд нэрээ өгч чадахгүй, барааны тэмдэг, патентаа авч чадахгүй, ер нь ойлгохгүй хэсэг явсан.

Сүүлийн жишээ гэвэл кларитромицин гээд антибиотик байна. Энэ бол хамгийн орчин үеийн антибиотикт тооцогдоно. 2009 онд патентийн хугацаа нь дууссан тул аль ч улсад үйлдвэрлэж болно. Стандарт нь угаасаа нийтийн өмч байдаг. Бид Монголдоо үйлдвэрлэх гээд бүх стандарт, нөхцөл, технологио боловсруулаад стандартаа батлуулж ядаж байтал өөр газар үйлдвэрлээд эхлэдэг. Бид энэ хооронд технологийг нь боловсруулах, бүтээгдэхүүнийг нь стандартын дагуу хийх гэж хичнээн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан гэж бодно. Энэ мэт ойлголт муугаас гадна хууль эрх зүйн хэрэгжилт хангалтгүй байгаа. Ийм учраас оюуны өмчийн асуудал дээр сургалт, сурталчилгаа маш чухал. 

В.Ганзориг: Та бүхнийг ном ёсоор нь зөвшөөрөл, патентаа авах гээд хүлээж байх хооронд өөр газрууд энэ бүх процессийг алгасаад үйлдвэрлэлээ шууд эрхлээд явчихсан гэсэн үг үү?

Л.Хүрэлбаатар: “Монос Групп” Оюуны өмчийн газартай маш ойрхон ажилладаг. Бид 50 гаруй патент, барааны тэмдэгтээ баталгаажуулсан. Энэ утгаараа оюуны өмчийн талаар хамгийн сайн ойлголттой, инновацилаг компаниудын нэг гэж өөрсдийгөө ойлгодог. Гэхдээ л алдсан юмнууд бий. Хоёр, гурван жилийн өмнө Орост явж байхад тэд манай Читамоны жороор чихэр өвс, тарваган шийртэй ханиадны бэлдмэл хийчихсэн байсан. Учир нь бид бүтээгдэхүүн дээрээ Монголд л патент авснаас биш хилийн чанадад энэ ажлыг хийж чадаагүй байснаас ингэж алдах жишээтэй. Иймээс дэлхийн зах зээлд гарна гэж бодож л байвал шилдэг бүтээгдэхүүн, бүтээлүүд дээрээ одооноос олон улсад патент авах ёстой.

С.Цогтбаяр: Оюуны өмч гэхээр үнэхээр хүмүүс голцуу уран бүтээл, дуу, кино, ном зохиол, зураг гэж хардаг. Эдгээрээс гадна эрдэмтдийн бүтээл гэж чухал зүйл бий. Миний хувьд энэ асуудлаар хууль эрх зүйн хангалттай орчин нь байгаа гэж хардаг. Тэр хуулийг нь хэрэгжүүлэх ёстой төрийг төлөөлсөн байгууллагатай. Харин хэрэглэгч, бүтээгч, төрийг төлөөлсөн байгууллагын харилцан ойлголцол, ажлын уялдаа холбоо сул, оюуны өмчийг ойлгох зөв дадал нийгэмд тааруу байна гэж хардаг. Угаасаа 1990 оноос хойш хувийн өмч гэдэг ойлголт учир дутагдалтай явсаар ирсэн түүхтэй. Дөнгөж хувийн өмчтэй болсон улсууд оюуны өмч чөлөөтэй байдаг юм байна гэж боддог байлаа шүү дээ. Гэхдээ энэ бол засч болохгүй зүйл биш. Тал талаасаа нийлж ажиллаад, олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хийж чадвал богино хугацаанд зөв дадал бий болгож болно. Тухайлбал, ном хэвлэлийн салбарт ерөнхийдөө оюуны өмчийн асуудлууд цэгцэрчихсэн. Москвад явж байгаад нэг ном аваад Монголдоо ирээд орчуулж хэвлэдэг тэнэг хүн бараг байхгүй болсон. Ингэвэл хүмүүс ч бараг гайхахаар болсон. Хуучин ийм байгаагүй. Одоо хэвлэгдэн гарч буй бүх ном зохиогчийнх нь зөвшөөрөлтэй гардаг.

Хувийн хэвшлийн санаачилга чухал. Телевизийн салбарын хувьд Юнивишн IPTV үйлчилгээ гаргахдаа олон зүйл дээр бусдыгаа манлайлж, Оюуны өмчийн газартай нягт хамтран ажилласан. Дараа нь Монгол ТВ олон улсаас контент худалдан авч оюуны өмчийн асуудлыг олон нийтэд улам ойлгуулж өгсөн. Энэ мэтээр бусаддаа нөлөө үзүүлснээр телевизийн салбар одоо л нэг зөв гольдрол руугаа чиглэж байна. Хуучин бол Холливүүдэд нээлтээ хийж амжаагүй байгаа киног манай телевизийнхэн цацдаг байсан. Ийм ичгэвтэр байдал одоо байхгүй. Гэхдээ л олон хүмүүсийн тархи толгойноос энэ ойлголт салахгүй байгаа нь тэдний буруу дадлын алдаа юм. Нүүдэлчид эрх чөлөөт хүмүүс. Малын бэлчээр сул байвал очиж малаа бэлчээгээд тэр газраа минийх гэж ойлгодог, иргэншсэн хүмүүсээс арай өөр нэг чөлөөт сэтгэлгээ. 1940-50 оноос иргэншин, суурин соёлоор амьдарч эхлэсэн гэж үзвэл бид хотын амьдралд шилжээд 100 жил ч болоогүй шүү дээ.

Энэ асуудлыг хариуцдаг төрийн байгууллага нь хувийн хэвшилтэй улам нягт ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшилд угаасаа энэ талын эрэлт нь их өндөр байгаа. Санаачилгыг нь дэмжээд өгчихөд л энэ асуудал бараг өөрөө шийдэгдэхээр. Нөгөө талаас уран бүтээлчдийн хувьд яг өөрт нь л асуудал үүсэхэд энэ талаар дуугардаг болохоос биш нийтлэг эрх ашгийн төлөө бас тэр бүр хөдөлдөггүй. Энэ талаараа нийгмийн идэвх их сул. Хамтдаа нийлээд олон нийтийг соён гэгээрүүлэх ажлаа хийж чадвал оюуны өмч дээр ахиц гарна аа. Ийм боломж, бололцоо хангалттай бий.

В.Ганзориг: Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо хэзээ байгуулагдсан вэ? Одоо ямар ажлууд хийж байгаа бол?

У.Тамир: Медиа салбарт оюуны өмчийг дээдлэе гэдэг санаачилга гарган ажиллаж буй Юнивишн, Монгол HD телевизийг та бүхэн яриандаа дурдлаа. Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо медиа салбарт ажиллаж буй байгууллагуудын санал санаачилгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар телевизүүдээс гадна IPTV-ийн хоёр компани, контент үйлдвэрлэгчид гээд найман гишүүнтэй. Бидний гол зорилго өргөн нэвтрүүлгийн салбарыг зохиогчийн эрхийн зөрчилгүй болгох. Сүүлийн долоо, найман жилд тодорхой ахиц гарч байгаа хэдий ч манай гишүүн байгууллагуудын өөрсдийнх нь контентийн эрхийг хамгаалах, Холливүүдийн студиудээс IPTV-үүдийн худалдан авсан киног бусад телевиз хулгайгаар гаргах зөрчил бүрэн арилаагүй. Бид Монголын бүх телевизүүдийн эфирт хяналт, монитор хийдэг. Ялангуяа манай гишүүн байгууллагуудын албан ёсоор худалдаж авсан контентийг хулгайгаар гаргаж байгаа эсэхийг бид сүүлийн есөн сарын турш өдөр бүр хянаж байгаа.

Энэ хяналтын ажиллагааны үр дүнд дүгнэлт хийж, арга хэмжээ авдаг. Оюуны өмч зөрчсөн газруудад бид эхлээд сануулга өгч, өрсөлдөөнд зөв оролцон бусдыгаа хүндлэхийг уриалдаг. Энэ захидал авсан газруудын ихэнх нь зөрчлөө зогсоодог. Гэхдээ хэн нэгэн хүн хэлэхгүй л бол гурав, дөрвөн сарын дараа зөрчлөө давтаад эхлэдэг. Иймэрхүү зөрчил гаргадаг телевизүүдийн тоо гарын 10 хуруу дотор багтдаг болсон.

Бид оюуны өмчийн нэлээд сайн хуультай. Зөрчлийн тухай хуулиар ч тэр торгууль тавихаас гадна үйл ажиллагааг нь зогсоох боломжтой. Гэхдээ энэ бүхэн амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Зөрчил гаргасан байгууллагуудын мэдээллийг бид Оюуны өмчийн газарт дамжуулдаг. Улсын байцаагчид арга хэмжээ авах бүх эрх нь бий. Гадаад киноны зөрчлийг шийдэхэд асуудал үүсдэг. Та хэд энэ киноны эзэмшигч биш тул иймэрхүү гомдол гаргах эрхгүй гэдэг санаа хуулийн хэрэгжилт дээр яваад байдаг. Энэ санаагаар оюуны өмчийн эзэмшигч нь биш болохоор хохирогч биш болох гээд байдаг. Өндөр үнээр гаднаас кино худалдан авсан байгууллагууд яг иймэрхүү асуудалтай тулаад хуулийн хүрээнд гацаад байх шиг байгаа юм.

С.Цогтбаяр: Эзэмшигч гэдэг статус байж болно. Учир нь тухайн контентийг тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж аваад бусдад түгээх эрх авдаг. Юнивишн, Скаймедиа Холливүүдийн компаниудаас ингэж л авч байгаа биз дээ?

У.Тамир: Оюуны өмчийн гэрээний төрлүүдээс хамаардаг. Том продакшнуудаас өргөн нэвтрүүлгийн телевизийн эфирээр гаргах, эсвэл digital right буюу IPTV-ийн видео санд тавих эрхийг голцуу манайхан худалдаж авдаг. Энэ нь контент худалдаж аваад цаашаа олон нийтэд түгээх эрх. Гэтэл контент эзэмшигчийн хувьд тэр киног нь хулгайгаар Монголд гаргасан нөхцөлд хэн энэ хэргийн араас хөөцөлдөж явах тухай эрх нь орхигдсон байдаг. Энэ эрхийг тухайн студиуд өөр тусдаа компаниудад өгдөг. Жишээ нь, сая дурдсан кэйс гарвал тухайн студийн Монголыг хариуцсан компани энд зарга үүсгээд явах ёстой. Манай холбоонд энэ эрх нь байдаггүй учраас тэдний өмнөөс оюуны өмчийг нь хамгаалан итгэмжлэгдсэн төлөөлөгч байдлаар ажиллах боломжгүй болдог.

Хулгайгаар гарч буй контентийг бид Оюуны өмчийн газарт мэдээлж, студитай нь харьцаж баталгаажуулдаг. Манай гишүүн байгууллага энэ контентийг танайхаас худалдаж авсан. Харин энд гаргаж буй телевиз танайтай гэрээ хийсэн юм уу гэдгийг нь бид продакшн, студиэс нь давхар лавладаг. Ийм эрх, зөвшөөрөл аваагүй гэсэн хариу ирмэгц, энэ тухай албан захидлыг гадны студиуд зөрчил гаргасан телевизүүд рүү өөрсдөө шууд явуулдаг. Харамсалтай нь энэ и мэйлээр голцуу ирдэг албан захидалд манай зөрчил гаргасан телевизүүд бараг хариу өгдөггүй. Хулгай хийснээ мэддэг ч ингээд л байгаад байдаг нөхцөл бидэнд хүндрэл учруулдаг.    

Л.Хүрэлбаатар: Бидэнд хууль эрх зүйн мэдлэг үнэхээр дутагдаж байна. Уг киног монгол хэл дээр орчуулаад гаргаж байна. Тэгэхээр тэр киноны монгол хэл дээрх эрх дээр тодорхой хэмжээгээр оюуны өмчийн эзэмшигч нь болж болно. Контентийн үндсэн эзэмшигчтэй нь яриад, монгол хэл рүү хөрвүүлсэн зардлаа үнэлээд, энэ хувилбар дээр нь эзэмшигч болох асуудал байж болохоор. Эсвэл та нар шиг мэргэжлийн холбоод, дундын зуучлагч байгууллагуудтай гэрээ хийж болно.

Монголын хамгийн хүнд асуудал бол оюуны өмчийн үнэ цэнийг мэддэггүй байдал.

Пикассо Франц улсад явж байхдаа нэг бүсгүйн зургийг зурсан түүх байдаг. Кофе уунгаа 30 минутын дотор нөгөө бүсгүйг зурсан. Бүсгүй Пикассогоор зургаа зуруулсандаа баярлаад үнийг нь асуухад 40 мянган франк гэжээ. Та яагаад 30-хан минут зурсан зургийг 40 мянгаар үнэлж байгаа юм бэ гэж асуухад би таны зургийг 30 минутанд багтаан ийм гоё зурж сурахын тулд амьдралынхаа 40 жилийг зарцуулсан гэж хариулсан байдаг. Үүнтэй адал “Монос” компани жилдээ тэрбум гаран төгрөгийг эм судлалын хүрээлэндээ зориулж оюуны өмчийг бүтээхэд шууд зарцуулдаг. Үүнээс гадна шууд бус зардал болох гадаадад хийлгэж буй захиалгат судалгаа, ажилчдын сургалтын зардлыг дурдах ёстой. Энэ хөрөнгө оруулалт, оюуны өмчийг манай үнэлж чадахгүй байна. Ард түмэн оюуны өмчийн үнэ цэнийг мэдэх ёстой.

Бид “Монос хүнс” компаниа нээлттэй хувьцаат компани болгохоор ажиллаж байна. Үүний тулд компанийн үнэлгээгээ хийлгэсэн. Гэтэл компанийн биет бус хөрөнгө буюу оюуны өмчийг маань үнэлж чаддаггүй ээ. Зөвхөн байшин, тоног төхөөрөмжөөр нь компани үнэлэх гээд байх юм. Жишээ нь, Экос гээд зөвхөн манай эмийн сангуудаар зарагддаг ус бий. Энэ бол зөөлөн шүлтлэг ус. Ходоодны шарх эмчилдэг Монголын хамгийн сайн хужрыг найруулж шүлтлэг ус бүтээсэн. Монголчууд мах их хэрэглэдэг учир ходоодны хүчил ихэдсэн байдаг. Энэ усыг хоёроос гурван сар тогтмол уугаад ирэхээр ходоод халуу оргих, цээж рүү хорсох явдал арилж, тодорхой хэмжээгээр ходоодны шарх эмчлэгддэг. Одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадалдаа баригдаад энэ усаа бид их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй тул зөвхөн эмийн сангуудаар зардаг. Хүмүүс хэдийнэ мэддэг болсон авдраар нь аваад өдөрт хоёроос гурвыг уугаад явдаг болсон. Тэгээд энэ усныхаа үнэ цэнийг үнэлэх гэхээр үнэлж чадахгүй байна. Би үнэлгээний компанитай маргаж үзсэн. Дэлхийн шилдэг 50 компанийн 80 хувь нь биет бус хөрөнгө дээр суурилдаг. Google, Amazon, Facebook гээд ярихаар тэнд яг ямар өмч хөрөнгө байдаг вэ? Тэдний технологи, патент, биет бус өмч нь ингэж өндөр үнэлэгдэж байгаа хэрэг шүү дээ. Алдартай уран бүтээлчид, эрдэмтдийн бүтээл ямар их үнэ цэнээр бүтдэг болохыг бид ард түмэнд сайн ойлгуулах ёстой юм билээ. Арван минутад зурсан зургийн цаана хүний авъяас, хөдөлмөр, олон жилийн хүч, өөртөө зарцуулсан хөрөнгө оруулалтыг ойлгох ёстой.

Бид өөрсдөө ч гэсэн оюуны өмчийн асуудал дээр бусдыг манлайлж явъя гэж боддог. Microsoft компани саяхан Монголд төлөөлөгчийн газартай болсон. Эдний програм хангамжийг яг мөнгийг нь төлөөд албан ёсоор хэрэглэдэг газар Монголд маш цөөхөн. MCS хамгийн түрүүнд гэрээ хийсэн. Одоо манайх гэрээгээ хийж байна. Тооцоод үзэхэд манай компани нийтдээ 450 гаруй компьютер хэрэглэдгээс 200 гаруй эдний програм хангамжийг хэрэглэх шаардлагатай. Гадны оюуны өмчийг бид өөрсдөө үнэлж, амьдрал дээр бусаддаа үлгэр жишээ үзүүлэх ёстой. Мөн бие биеийнхээ оюуны өмчийг харилцан хамгаалах, үнэлэх хэрэгтэй. Энэ тал дээр нэлээд сайн ухуулга сурталчилгаа явуулах ёстой гэж боддог.

В.Ганзориг: Монголын нийт оюуны өмчийг мөнгөн дүнгээр нь үнэлж тооцсон барагцаа тоо байдаг болов уу?

С.Ганзориг: Үнэлгээ тогтоосон нэлээд хэдэн тохиолдол бий. Тэдгээрийг базвал 22 тэрбум орчим төгрөг болдог. Энэ нь үнэлгээ тогтоолгосон бүтээгдэхүүний нийт үнийн дүн гэсэн үг. Өнөөгийн эрх зүйн орчинд энэ дүн оюуны өмчийн баталгаатай үнэлгээ гэж хэлэхэд хэцүү. Учир нь Хөрөнгийн үнэлгээний хууль, Оюуны өмчийн газрын үнэлгээний журам дээр орлогын, зах зээлийн хандлага, эсвэл өртгөөр нь гэсэн үнэлгээний хэд хэдэн өөр аргачлал бий. Сая ярьсан Пикассогийн зургийг үнэлэх арга аргачлал хууль журам дээр байхгүй. Байгаа патентийг зөвшөөрөлгүй ашиглан ашиг олсон хүнээс хохирол нэхэмжлэх харилцааг зохицуулсан зохицуулалт өнөөдөр бидэнд байхгүй. Зөрчил, эрүүгийн хуулинд хохирлыг үнэлнэ гэж бий. Байцаагч үнэлнэ гэсэн заалт байдаг. Байцаагч хэнээр, яаж үнэлгээ хийлгэх вэ? Хохирлын үнэлгээний холбоо гэж байдаг ч тэд хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн боломжгүй. Тэд өөрсдөө сайн дураараа салбараа хөгжүүлэх гээд л явж байгаа. Биет бус хөрөнгийн үнэлгээнээс гадна оюуны өмчийн асуудлаас үүдэлтэй хохирлыг үнэлэх үнэлгээ гээд тусдаа өөр ойлголтууд бий. Үүний нийлбэр нь ч, тус тусдаа хувилбар нь ч манайд байхгүй.

Л.Хүрэлбаатар: Үнэлүүлье гэхээр ийм үнэлгээг хийдэг мэргэжилтэн нь байхгүй байна шүү дээ. Олон компаниуд IPO хийгээд эхэллээ. Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг нь үзэхээр бараг л зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр, ашгаар нь компанийг үнэлэх заавартай. Биет бус хөрөнгийг маань үнэлээд өгөөч гэхээр Санхүүгийн зохицуулах хорооны дүрэмтэй зөрчилдөөд байна гэдэг. Энэ асуудал дээр бид зайлшгүй хамтарч ажиллах ёстой, шинэ дүрэм журам гарах ёстой, үнэлгээний хүмүүсээ сургах ёстой.

С.Цогтбаяр: Баруунд салбартаа нэр хүндтэй үнэлгээний итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд энэ ажлыг хийдэг. Дуудлага худалдааны үеэр эдгээр хүмүүс түрүүний уран зургийн жишээ шиг үнэлгээг хийдэг. Үүний тулд тэд маш өндөр мэдлэг, чадвар, туршлага, мэдрэмжтэй байх ёстой болдог. Ийм хүмүүс ховор. Урлагийн бүтээлийг үнэлэх аргачлалыг стандарт болгоход хэцүү. Мөнгөн аягыг орсон мөнгөний орцоор нь үнэлж болохгүй. Мөнгө өөрөө тийм үнэтэй метал биш. XVII зуунд урласан Дарьганга хийцийн мөнгөн аяга ба шинэ хийсэн мөнгөн аяганд орсон мөнгөний орц бараг адилхан. Гэтэл үнэ нь хэдэн зуу дахин ялгаатай. Энэ тохиолдолд эртний эдлэл, хийц маяг, домог болсон урласан хүнийг үнэлж чаддаг мэргэшсэн хүмүүс хэрэгтэй. Хуучин соёлын яам гэж байхад Экспертийн зөвлөл байсан. Тэд сүм хийд, музейн үл хөдлөх хөрөнгө, үзмэр, соёлын дурсгал, хосгүй үнэт зүйлсийг үнэлэхэд оролцдог мэргэжлийнхэн.

Зах зээлийн харилцаанд орох тусмаа бид энэ асуудлыг сонирхохгүй байхын аргагүй боллоо. Японд амьдардаг, дэлхийд нэртэй болж чадсан уран бүтээлч Заяасайханы жишээг би авмаар байна. Сүүлийн үед түүнийг бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглан хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүн ихээр хийж байгаа. Сайн тал нь Заяасайханыг брэнд, түүний бүтээл тренд болсныг баталж байна. Хүмүүсийн хандлагаас хамаардаг. Жишээ нь, “Гоёо” компани албан ёсоор хүсэлт тавиад, мөнгийг нь төлөөд бүтээлийг нь ашиглан загварын шинэ коллекцио гаргаж байна. Харин нэлээд том косметикийн компанийн эзэн бүсгүй өөрөө асар үнэтэй импортын бүтээгдэхүүн ашигладаг хэрнээ бүтээлийг нь хулгайгаар ашигласан байдаг. Олон жил бизнес хийж, гадаад дотоодын хүмүүстэй харьцдаг энэ хүмүүст хүртэл оюуны өмчийн зөв дадал суугаагүй л байна. Халаасны хулгайг бид үзэн яддаг. Оюуны өмч дээр үүнтэй адил ойлголттой болж чадвал асуудал шийдэгдэнэ. Хандлага өөрчлөгдөхгүй бол асуудал оршсоор л байх болно.

Л.Хүрэлбаатар: Монгол зургаар зурдаг Ундрал гээд залуу зураач бий. Түүний хатдыг зургийг нь бид гэрээ хийгээд Моносын гоо сайхны бүтээгдэхүүн дээрээ чимэглээд гадагшаа гаргахад бараг тосноос нь илүү зургийг нь сонирхож байсан. Үүнд энэ уран бүтээлч маш дуртай таатай байгаа. Заяасайхны бүтээл шиг түүний бүтээл ард түмэн түгж эхлэж байна. Зураач маань тодорхой хэмжээний орлоготой болсон. Үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүний өнгө үзэмж сайжирч, экспорт хийх үед монгол төрх гарч ирдэг. Оюуны өмчийг ингэж зөв хэрэглэж ёстой.

С.Цогтбаяр: Ингэж хэрэглэх хэцүү биш. Гүюг, Хүлэг гээд брэндийг манай уран бүтээлч найзуудад захиалга өгч дизайн бүтээлгэсэн. Ингэж харилцан ашигтай хамтран ажиллахад ямар ч асуудалгүй. Гэтэл интернэтээс дурын зургаа аваад брэнд хийдэг хүмүүс байна. Үүнийгээ маш олон тоогоор үйлдвэрлэн өөрсдийн сайхан явж байсан нэр хүндээ унагадаг. Миний хувьд энэ үнэхээр ойлгомжгүй асуудал. Оюуны өмчийн энэ асуудал хил даваад явчихаар бидний хувьд том асуудал үүсдэг. Хянаж хөөцөлдөж чаддаггүй. Ийм учраас төр төлөөлсөн байгууллагын хамтын ажиллагаа хэрэгтэй болдог. Хятадын, Өвөр Монголын оюуны өмчийн байгууллагатай монгол бүтээлийг харилцан хамгаалах гэрээ хийх ч байдаг юм уу. Монгол зураачдын бүтээлээр Хятадад гар утасны кэйс хийгээд хаа байсан Сөүлийн Монголтаунд зараад байдаг. Түүнийг нь монголчууд хоорондоо арилжаад зогсож байдаг. Ингээд хил дамнаад явчихаад хянах хэцүү болдог. Ийм байдлаар бизнес болоод ирэхээрээ уран бүтээлчдийн эрх ашиг зөрчигдөөд эхлэдэг.

Дараагийн нэг үл ойлголцдог зүйл бол уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлдэггүй асуудал. Ялангуяа гэрэл зурагчид дээр.

Би олон гэрэл зурагчин найзуудтай болохоор зовлонг нь мэддэг. Яаж зовч зүдэрдэг, нэг сайхан кадр авахын тулд хэдэн зуун км туулдаг, бензин тосонд өчнөөн сая төгрөг зарцуулдаг, хүйтэнд хөрч, халуунд халж зураг авдгийг гадарлана. Ийм байхад ганц хуанлийн зураг өгчих л дөө, юун сүртэй юм бэ гэдэг хүмүүс байдаг. Тэгээд дараа нь нөгөө зураг нь хаа сайгүй явж байдаг. Үүнд уран бүтээлчдийн өөрсдийнх нь мэдлэг, мэдээлэл бас нөлөөлж байгаа. Урчуудын эвлэлийн хороо, гэрэл зурагчдийн клубтэй хамтран уран бүтээлч нараа чадавхижуулах хэрэгтэй. Хуулийн боломж, эрхүүдийг нь хэлээд заагаад өгвөл ихэнхи нь бүр дуу алдана шүү!

У.Тамир: Хүмүүсийн хандлагыг өөрчлөх олон ажил хийх хэрэгтэй. Бид хоёр сарын аян сая хийж үзсэн. Санамсаргүй хэрэглээний дадлаасаа болоод хүний оюуны өмчийг зөрчдөг. Үүнийгээ мэддэггүй явдаг байдал түгээмэл ажиглагдсан. Ялангуяа цахим орчинд. Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүтээлүүд хэдийн цахим орчин руу шилжсэн байна. Аяныхаа хүрээнд бид 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд танилцуулга мэдээлэл хийсэн. Залуус маш их сонирхсон. Би зураг зурдаг. Зургаа сошиалд оруулаад эрхээ, өмчөө хамгаалъя гэвэл яах ёстой вэ гэх мэтээр их асууж байсан. Хүүхэд байхаас нь зөв хандлагыг бий болгох нь маш чухал гэдгийг эндээс ойлгосон. 

С.Цогтбаяр: Ичдэг болох хэрэгтэй. Би хөгжим сонирхдог учраас дуртай хамтлагийнхаа пират бичлэгийг урьд нь авчихдаг байсан. Одоо хуулбар бичлэг авахаа больсон. Өөрөөр хэлбэл ичдэг болсон. Хувь хүнээр ярьбал би бас энд хүмүүжээд байна. Албан ёсны бичлэг, цомгийг нь тэр үнээр нь худалдан авах нь надад таашаал өгдөг болсон. Энэ хүмүүжил, тэр хандлага, дадалд нь бид нөлөөлж, эерэг өөрчлөлт хийх ёстой. Манайх шиг жижиг зах зээл дээр үүнийг шийдэхэд том асуудал биш гэж би боддог. Баахан монгол зураачдын зурагтай гар утасны кэйс мэдэхгүй бөөндөөд авчихлаа. Би одоо үүнийг яах вэ гээд над руу хүмүүс Facebook-ээр хандсан. Тэр хүмүүс мэдэхгүй авчихсан байгаа юм. Оюуны өмчийн тухай асуудлыг мэддэг байсан бол тэр хүн хэзээ ч тэр кэйсүүдийг авахгүй байх байсан. 

С.Ганзориг: Хүн хүч цөөн хэдий ч Оюуны өмчийн газраас жил бүр уран бүтээлчдэд хандсан арга хэмжээ, сургалтыг чадах чинээгээрээ зохион байгуулдаг. Өнгөрсөн жил би ерөнхий боловсролын долоон сургуулийн 7-9 дүгээр ангийнханд хичээл заасан. Маш дуртай байдаг. Миний өмсөж байгаа малгай оригинал мөн үү, миний зүүсэн цаг зүгээр болов уу гэх мэтээр асуудаг. Албан ёсны эрхтэй газруудаас худалдан авалт хийх ёстой, үүнийг дагаад чанарын баталгаа, засвар үйлчилгээ дагалддаг тул хүүхдүүдийн дунд энэ ойлголтыг хэрэглээгээр нь дамжуулаад тренд болгох ёстой санагдсан. Оюун өмчийн газар өдөр тутмын үйл ажиллагаандаа олон улсын конвенциудыг мөрдөж ажилладагаараа онцлогтой. Уран бүтээлийн патент олон улсын конвенцид нэгдэн орсон бүх улсад ижил үйлчилдэг бол аж үйлдвэрийн инновацийн патент дээр зарим бүс нутгийг онцгойлон зааж өгч болдог.   

Бид мөн “Монос” компани, жишээ нь 50 патент, 15 барааны тэмдэгт эзэмшдэг, тэдэн компанид хөрөнгө оруулсан гэдгийг нь Facebook хуудас дээрээ мэдээллээд явж байгаа. Үүнтэй адил АПУ, Эрдэнэт хивсний жишээг хэлж болно. Гэх мэтээр сүүлийн нэг сар бид олон нийтэд мэдээлэл өгөн, давхар соён гэгээрүүлэх ажил хийж байгаа.

В.Ганзориг: Моносын жишээ нь энэ 50 патентийг мөнгөөр үнэлсэн мэдээлэл нь байдаг уу? Таны хэлсэн 20 гаруй тэрбум төгрөг гэдэг бол миний хувьд асар бага тоо санагдаж байна.

Л.Хүрэлбаатар: Энэ дүн бол компаниуд өөрсдөө хүсээд хийлгэсэн үнэлгээний нийлбэр байх. Бид бас сая олон нийтэд нээлттэй компани болохын тулд үнэлгээгээ хийлгэж байна. Гэтэл нөгөө улсууд маань ийм үнэлгээ хийсэн дадлага туршлагагүйгээс хэт бага үнэлж бидний хооронд үйл ойлголцол үүсч байна. Үүнтэй уялдаад нэг юм би боддог юм. Тухайлбал, музейд байдаг Занабазарын уран баримлууд хэдээр үнэлэгдсэн байдаг юм бол гэж. Хэдэн сая доллар, хэдэн тэрбум төгрөгөөр үнэлж чадах юм бол тэр газрын харуул хамгаалалт эрс сайжирна. Сүүлийн үед сүм хийд, музейгээс маш олон урлагийн бүтээл алга болох, хуурамчаар солигдож буй мэдээлэл сонин хэвлэлээс авч байна. Үнэлгээ нь өндөр болбол ийм байдал үүсэхгүй. Үнэтэй бүтээл үзэхийн тулд хүмүүс зорьж музей үздэг болно. Миний бодлоор Цагаан дарь эх дор хаяж 100-200 сая ам.доллараар үнэлэгдэнэ. Энэ бүтээлийг алга хийсэн хүнтэй бид жишээ нь одоо хариуцлага яаж тооцох вэ?

Бид Монголдоо байгаа соёлын өвүүдээ хамгийн түрүүнд үнэлэх ёстой. Монголын уламжлалт анагаах ухааны 10 гаруй мянган жор бий. Гадаад дотоодын хүмүүс дураар аваад хэрэглэчих гээд байдаг. Эдгээрийг үнэлээд үнэ цэнийг нь гаргачих юмсан. Уг нь бүгд Монгол улсын өмч. Үнэлбэл хэн үнэлэх үү, яаж үнэлэх юм, зардлыг хэн нь гаргах уу гэдэг дээр тулаад гацаад эхлэсэн. Бид өөрсдөө үнэлж чадахгүй бол жишээ нь гаднаас мэргэжилтэнг нь авч ирээд Занабазарын Цагаан дарь эхийг үнэлүүлж болох уу?

С.Цогтбаяр: Одоо байгаа музейн үзвэрүүдэд дансны үнэ гэж байдаг.

Л.Хүрэлбаатар: Тэр чинь өрөвдөлтэй юм байгаа шүү дээ!

С.Цогтбаяр: Би марк цуглуулах гэж оролддог. 1940, 50-аад оны маркууд номинал үнээрээ л байж байдаг.

С.Ганзориг: Соёлын газрын үеийн тийм журам байдаг юм билээ.

С.Цогтбаяр: Өндөр гэгээний бүтээлүүд үнэд хүрээд буй шалтгаан нь сүүлийн үеийн ойрхон ойрхон дуудлага худалдаанаас эхлэлтэй. Дөрвөн сая гаруй евро, 7 сая ам.доллар хүрсэн. Сүүлд Бээжинд ийм үнэ хүрсэн. Үүнээс болж Хятадад Занабазарын ном, альбомыг хүртэл хэвлэн гаргасан байдаг. Яг одоо ямар ч халаалтгүй, зориулалтын бус орчинд нөгөө 21 дарь эх чинь хадгалагдаж байгаа. Хүрлээ захирлын хэлснээр нэг нь л 100 сая ам.доллар гээд үнэлбэл юу болох бол? Энэ бол бидэнд дамжиж ирсэн асар үнэтэй өв. Газрын доорх баялгаа бид мөнгөн дүнгээр үнэлж ярьдаг. Гэтэл барилгачдын талбай дээр 100 жилийн өмнө дэлгүүрийн зориулалттай баригдсан царай муутай байшинд Монголын хамаг өв хадгалагдаж байна. Ямар ч үнэлгээгүй! Богдын музейн ямар ч халаалтгүй байшинд хамгийн үнэтэй өв нь байна. Эдлэл хэрэглэлүүд нь өвөл нь тас хөлдөөд л, зун нь чийгтээд л байж байна шүү дээ.

Л.Хүрэлбаатар: Барилгачдын талбайд жижиг модон байшин бий. Тэр бол 1921 онд байгуулагдсан Монголын анхны эмийн сан. Энэ эмийн санг тухайн үедээ олзны, эмийн сургуулиа арай төгсөөгүй хоёр унгар байгуулж, эмийн сангийн дүрэм журмыг баталж, Орос, Унгараас эмээ захин авч ирдэг байсан. Тэр барилга маань одоо яг нурах нь ээ. Энэ барилга бас л оюуны өмч, Монгол Улсын соёлын өв шүү дээ!

С.Цогтбаяр: Бидэнд материаллаг сонирхол аль ч төвшинд хэт давамгайлчихжээ. Тийм учраас мөнгөөр үнэлэгдэж байгаа зүйлд л ач холбогдол өгдөг. Уран бүтээл, оюуны өмчийг үнэлэх үнэлэмж байхгүй болохоор сул хаячихаад байна. Хотын хамгийн муу байшингуудад хэдэн зуун дамнан цуглуулсан ном судар, музейн үзмэрүүд хадгалагдаж байна.

В.Ганзориг: Төр, хувийн хэвшил, уран бүтээлчид нийлж байгаад олон улсад итгэмжлэгдсэн үнэлгээчин нэн тэргүүнд бэлдэх ёстой юм биш үү? Монголд ийм хүн байдаг уу?

У.Тамир: Сайн дураараа үнэлгээ хийдэг хүмүүс л бий.

С.Ганзориг: Яг тийм хүн байхгүй ээ. Үнэлгээчдийн холбоо, хохирлын үнэлгээний холбоо гэж бол бий. Харин эдний гаргасан үнэлгээг нийтэд, дэлхийд хүлээн зөвшөөрөх үү гэвэл жаахан асуудал үүснэ.

С.Цогтбаяр: Хэцүү хэцүү! Оюуны өмчийн асуудал шүүх дээр очиход үнэлгээ яригддаг. Олж болох байсан орлогыг ярьдаг. Үүнийг үнэлнэ гэхээр бүр хэцүү. Спортын салбарт дэлхий даяараа нийлээд ажиллаж чадаж байна. Монгол шүүгч нар Олимп, Азийн аваргын тэмцээнийг шүүж байна. Үүнтэй адил монгол эксперт буддын шашны дурсгал, өвийг дэлхийн том дуудлага худалдаан дээр үнэлдэг цаг ирэх ёстой.

Оюуны өмчийн газрын хийж буй сургалт сурталчилгаа хэсэг бүлэг хүмүүс зориулагдаад, олон нийтэд хүртээмж муутай байна. Хүртээмжтэй байж болох дэд бүтцүүдийг ашиглаач ээ. Сошиал медиа гээд жишээ нь бэлэн үнэгүй суваг байна. Цагдаагийн ерөнхий газар та нартай ойролцоо чиг үүрэгтэй, бас л адилхан төсөв хөрөнгө муутай. Тэгэхэд тэд сая Unfriend гээд том аян сошиал медиа дээр маш амжилттай хийж цахим гэмт хэргийн эсрэг том нөлөөг нийгэмд үзүүллээ. 

У.Тамир: Оюуны өмчийн газар олон нийтийн харилцааны ажил хийхээс илүүтэйгээр хариуцлага тооцох механизмаа сайн сурталчилах хэрэгтэй гэж бодож байна. Патент, зохиогчийн эрхээ авсан байгууллагуудаа нийтэд зарлаж байгаа бол тэдгээрийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн газруудын мөн зарлаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Манай холбоо нэг жилийн хугацаанд 20 гаруй мэдэгдэл өгсөн. Эдгээрээс дөнгөж нэг л телевизийг би торгуулж чадсан. Бусдад нь хариуцлага тооцуулж чадаагүй. Надад бүр хариу ч өгөхгүй байна. Үүнийгээ ч нийтэд зарлах сонирхолгүй байна, та нар. Энэ талаас нь би Оюуны өмчийн газрын шүүмжилж байна.

Уг нь бол бидний өгсөн мэдээллийн дагуу арга хэмжээ аваад, түүнийгээ олон нийтэд зарладаг болох нь олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа хүргэж буй хэлбэр гэж би ойлгоод байгаа. Хариуцлага ярихаар дан Оюуны өмчийг газрыг ойлгож болохгүй. Шүүхэд бид хандсан хэд хэдэн тохиолдол бий. Өмгөөлөгч авах гэхээр оюуны өмчөөр мэргэшсэн, сайн судалсан нь ховор, шүүгчдийн ойлголт нь муу, шүүх дээр хэдэн кэйс гараад яаж шийдэгдсэн тухай мэдээлэл олдохгүй байна. Төрийн хариуцлагын тогтолцооны мэдээлэл олон нийтэд ерөөсөө хүрэхгүй байна. Зөрчил гаргадаг хоёр телевизийг торгоход л нөгөө 10 телевиз зөрчлөө арилгах л байхгүй юу. Ийм хариуцлагын тогтолцоо бидэнд үгүйлэгдэж байна аа.

С.Ганзориг: Олон нийт руу хандах ёстой гэж Цогтбаяр ахын хэлснийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ ажлыг төлөвлөөд эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа. Оюуны өмч, зохиогчийн эрхээ ялгаж чадахгүй байгаа хүмүүст бид гэнэт ахисан төвшний мэдээллийг энгийн байдлаар өгөх хүндрэлтэй байгаа. Хуульч, шүүгч нар нь ч ийм ойлголттой нь цөөхөн. Эхний ээлжинд оюуны өмчийг дээдэлдэг компаниудаа олон нийтэд танилцуулж сурталчлах ажлуудыг хийж байгаа юм.

В.Ганзориг: Дэлхийн инновацийн индекс гэж байдаг. 2017 оны байдлаар Монгол Улс 52-р байрт жагсжээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдээллээр бол 2017 онд худалдагдсан нийт бараа үйлчилгээний орлогын 30 хувьд биет бус хөрөнгийн үнэ цэнэ шингэдэг болжээ. Энэ хувь жил ирэх тусам өсч байна. Энэ хувь тренд Монголд эсрэгээр байна. Яаж энэ харьцаагаа дэлхийн жишиг руу аваачих вэ?

Л.Хүрэлбаатар: Дэлхийн шилдэг компаниуд нийт орлогынхоо дунджаар 12.5 хувийг инноваци, шинэ бүтээл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ зарцуулдаг. “Монос” компанийн хувьд энэ харьцаа 14-15 хувь байгаа. Эмийн компанийн маань ашиг 10 орчим хувь. Зөрүү, хасах гарч байгаа 4-5 хувийг бид бусад бизнесийн салбараасаа татаас байдлаар авч санхүүжүүлдэг. Ийм байдлаар дэлхийн жишиг рүү тэмүүлэхийг зорьж яваа. Оюуны өмчийг зүгээр нэг хүн бүтээдэггүй. Бид ийм хүмүүсийг бэлдэх ёстой. Манайд жишээ нь 20 гаруй доктор, дөрвөн академич, хоёр төрийн шагналт, гадаадад мастер, докторт сурч буй 10 гаруй хүмүүс ажиллаж байна. Бид хүмүүст хөрөнгө оруулах ёстой. Оюуны өмч гээд ярихаар нүдэнд харагддаггүй олон зүйлсийг ярих болдог. Тиймээс компаниа бүхэлдээ оюуны өмчийг ойлгодог, хүндэлдэг, үүгээр амьсгалдаг хүмүүсээр бүрдүүлэх нь чухал. Бид энэ чиглэлээр оюуны өмчийн тусгай баг компани дээрээ байгуулсан байдаг. Энэ баг цаашаа задраад тус тусын хэлтэс дээрээ хүмүүсээ сургадаг. Ингэж л дэлхийн жишиг руу явах хэрэгтэй.

У.Тамир: Олон нийтийн хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтрах ёстой. Энэ тал дээр Оюуны өмчийн газартай хамтраад бодлогын хүрээнд ажиллах хэрэгтэй байна. Төрийн бус байгууллагууд ч гэсэн энэ чиглэл дээр хүчээ нэгтгэх шаардагатай байгаа. Оюуны өмчийн асуудал медиа салбарын өрсөлдөөн ямар нөлөө үзүүлж буй бодитой судалж гаргаж ирэх ёстой. Энэ судалгааны ажлыг заавал хийх ёстой. Ийм тоо бидэнд байдаггүй. Хариуцлага тооцдог болбол оюуны өмчийг дээдэлдэг, үнэ цэнийг нь ойлгодог, худалдаж авч чаддаг тоотой хэдхэн телевиз л зах зээл дээр үлдэнэ.

С.Цогтбаяр: Зөв моральтай нийгэм бий болоход л энэ бүх асуудал шийдэгдэнэ. Бүх юмны суурь нь ёс зүй шүү дээ. Хичнээн мөнгөтэй байгаад моральгүй бол асуудал хэвэндээ л байна. Зовлонгийн шалтгааныг таслах хэрэгтэй. Мунхаг, мэдлэг, мэдээлэлгүй байдлыг халж, хүмүүсээ гэгээрүүлэх ёстой. Оюун ухааныг дээдэлсэн нийгэм рүү бид алхах ёстой. Зах зээл рүү шилжээд зэрлэг капитализм гэдэг шиг материаллаг ахуйд бид хөл алдаж байх шиг байна. Гэхдээ энэ үзэгдэл бол түр зуурынх. Урт хугацаанд энэ жижиг зах зээлийг зохистой хөгжүүлэхэд асуудал харагдахгүй байгаа. Нөгөө талаас оюуны өмчийн асуудал хэдийнэ даяар асуудал болсон. Хятад, Америкийн худалдааны дайны нэг гол шалтаг нь оюуны өмчийн хулгай байгаа шүү дээ. Дэлхий ингэж байхад бид энэ асуудал дээр нухацтай анхаарахаас өөр сонголт байхгүй. Бидний хувьд оюуны өмчийн асуудал бол хотын соёл гэдэг шиг л шинэ бөгөөд зөв дадал шүү дээ. 

С.Ганзориг: Бид оюуны өмчтэй орой бүр цэнхэр дэлгэцээр контент үзэн, өдөр бүр ундаа ус, бараа үйлчилгээ худалдаж авах байдлаар шууд холбогддог. Дэлхийн том компаниуд тухайн улсынхаа Оюуны өмчийн газар барааны тэмдэгт, патентаа баталгаажуулж байж зах зээл рүү нь нэвтэрдэг. Энэ соёл, бизнесийн ёс зүйг жижиг гэлтгүйгээр манай улстөрчид, шийдвэр гаргагчид сошиал медиад зүй зохистой хэрэглэж заншмаар байна. Зөрчилтэй бичлэгийг шэйр хийхгүй байх, хувь хүний бичлэгийг зөвшөөрөлгүй тараахгүй байх зэргээр нийгмийн манлайлагчид өөрсдөө бусаддаа үлгэр жишээ болмоор байна.

В.Ганзориг: Үнэтэй цаг зав гарган манай нэвтрүүлэгт ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ нэвтрүүгээ дуусгаад бид Синдикат ярилцлагын оюуны өмчөө хурдан бүртгүүлж авах ёстой юм байна аа.