Улсын их хурал

Төрийн төмөр нүүр

Б.Болор-Эрдэнэ
2019-01-02 09:32

Бид энэ дугаартаа Зөрчил хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх сэдвийг хөндөн хэлэлцэв. Нэвтрүүлгийн зочноор Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг, Улсын ерөнхий прокурорын газрын сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нар оролцлоо.

В.Ганзориг: Зөрчлийн болон эрүүгийн хянан шийдвэрлэх буюу процессийн хууль бүтэхдээ ямар зарчим дээр суурилсан бэ? Хуулийн үзэл баримтлал нь юу байсан бэ? Одоо яагаад нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна вэ?

Б.Энхбаяр: Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх энэ цогц хуулийн зорилго бол нийгмийн дэг журмыг сахиулах, хэрэг зөрчлийг хуулийн дагуу илрүүлэх, хараат бус шүүхээр шударга үнэнийг дэнслэх, буруутай этгээдэд цээрлэл үзүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн агуулга дээр суурилдаг. 2016 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг цогцоор нь шинэчлэн найруулж УИХ-аар батлуулсан. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энд хоёр үндсэн зорилго бий.

Нэгт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хүлээдэг. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас иргэд, байгууллагууд хохирдог. Энэ зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг барагдуулах асуудал нэлээд орхигдсон байдалтай явж ирсэн. Бидний судалгаагаар энэ шинэ хууль тогтоомжоос өмнө таван гэмт хэргийн хохирогч тутмын нэг нь л хохирлоо барагдуулж чаддаг байсан. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын дөрөв нь хохироод өнгөрдөг байв. Төр гэм буруутныг шийтгэхээс гадна гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн эрх ашгийг сэргээх, хохирлыг нь барагдуулах үндсэн үүрэгтэй байдаг.       

Хоёрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэгт хардаж сэрдэгдэж буй, гэмт хэргийн хохирогч хэн ч байсан ялгаагүй хүний эрх хангагдсан байх ёстой гэдэг суурь зарчмыг дэвшүүлж өгсөн. Ямар ч хууль хяналтын байгуулага хүний эрхийг зөрчих ёсгүй. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхад нэгэн хуулийн байгууллагаас “гэмт хэргийг илрүүлэх зорилгоор үйлдсэн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй” гэдэг санал ирж л байсан. Энэ чинь хулгай хийсэн хүнийг эрүүдэн шүүгээд алж болно гэсэн үг шүү дээ. Энэ хуулийг боловсруулахдаа аль нэг хуулийн байгууллагын хувийн амбиц, санаа сэдлийг удирдлага болгохгүйгээр шинжлэх ухааны үндэстэй, зөв чигч байр суурин дээр байж, аль нэг байгууллагын эрх ашгийг тэргүүнд бодолгүй боловсруулсан. Гол нь гэмт хэрэг илрүүлэх гэж байна гээд хүнийг хэлмэгдүүлэх, хохироох, олон дахин чирэгдүүлэх, авлига өгөхөөс өөр аргагүй байдалд оруулах, цаг наргүйгээр цагдан хорихыг халъя гэдэг суурь зарчим дээр энэ хууль боловсрогдсон. 

В.Ганзориг: Шүүх хурлыг урьдчилсан ба гэм буруугийн хэлэлцүүлэг гээд хоёр үе шаттай болгосон. Энэ нь шүүн таслах үйл ажиллагааг хэр үр дүнтэй болгосон бэ?

Ч.Хосбаяр: Шүүх хурлаар аливаа шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхийн тулд хангалттай хэмжээний бэлтгэл хэрэгтэй. Гэм буруу хэлэлцэх асуудал нэг өөр. Харин тэр гэм бурууг нотлож тогтоох, нотлох баримт хуулийн шаардлага хангасан эсэх, ямар талууд оролцох ёстой, өмгөөлөгч хэн байх ёстой, ямар хүрээнд нотлогоо явагдах зэргийг заавал тодорхойлж байж гэм буруугийн шүүх хурал үр дүнтэй явагддаг. Энэ ажиллагаанд бэлтгэх процесс хуучин хуульд ч байсан. Гэхдээ шүүгч дангаараа энэ шийдвэрийг гаргадаг байв. Харин одоо талуудыг оролцуулж байж шийддэг болсон. Ингэснээр бэлтгэл хангагдаагүй гэдэг шалтгаанаар хэрэг мөрдөн байцаалтад эсвэл шүүхийн өмнөх шат руу буцах, давтан дахин ажил гаргахгүй байх зорилготой. Энэ зорилгоо биелүүлж чадаж байгаа гэж би хэлнэ. Өмнөхөөсөө ахисан зохицуулалт мөн.

В.Ганзориг: Зөрчлийн хэрэг дээр прокурор хяналт тавьж эхлэснээс хойш улсын байцаагчдын хэрэг шийдвэрлэх ажилд хүндрэл учирч байна гэсэн яриа гарсан. Прокурорын хяналт ингэж орж ирснээр үүсч буй давуу болон сул талууд нь юу байна вэ?

Г.Оюунболд: Манайд 10 мянган цагдаа, улсын байцаагчийн эрхтэй 12 мянган хүн байдаг. Энэ бол маш их тоо. Ийм олон хүн хүний эрх, хуулийн этгээд рүү халдаж үйл ажиллагааг нь зогсоодог байсан. Гэхдээ өөр өөрийнхөө хуулиар ажилладаг байв. Жишээ нь, Гаалийн тухай, Татварын тухай, Төрийн хянан шалгалтын тухай хууль зэрэг зэрэг өөр өөр стандартаар хүний эрх рүү халдаж, торгож шийтгэдэг байсан. Энэ зүй тогтлыг нэг нотолгооны стандарт руу оруулж ирсэн. Энэ нь прокурор тэдгээр байгууллагын үйл ажиллагаанд оролцож байна гэсэн үг биш юм. Харин хэрэг шалгах процесс дунд хүний эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт тавьдаг. Тухайлбал, үндэслэлгүйгээр байгууллагын үйл ажиллагааг зогсоож, торгож байна уу гэдгийг хянах ажил юм. Хүнийг шийтгэж буй үйл явцад хяналт тавих үүднээс л прокурор оролцож байгаа юм.

Үзэмжээрээ акт тавьдаг, дураараа очоод аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоодог байсныг заавал баримт сэлтийг үндэслэн, прокурорын зөвшөөрөл авч хийдэг болсон. Ингээд ирэхээр дээр дурдсан олон мянган байцаагчдад төвөгтэй санагдаж эхлэх нь аргагүй. Хэнээс ч зөвшөөрөл авахгүй очоод уурхайн үйл ажиллагааг зогсоодог байв. Очоод ямар ч хамаагүй үйлдвэр эсвэл үсчний газрыг хаачихдаг байв. Үүнийг зөвшөөрөл авч байж хаана шүү, танд үүнийг хаах ямар хууль зүйн баримт байна, стандарт, дүрэм журам зөрчиж буйг та юугаар нотолж байна гээд шаардаад эхлэхээр дур зоргоороо, эсвэл өөрийн үзэмжээр буюу субъектив байдлаар ханддаг байсан нь хязгаарлагдаад ирэхээр энэ хариу урвал гарч буй хэрэг. Энэ бол хүний эрхийн том хамгаалалт болж чадсан. Зөрчлийн хуулийг янз бүрээр зарим аж ахуйн нэгж ярьдаг. Гэтэл энэ хууль чинь эдгээр аж ахуйн нэгжийн хамгаалалт нь шүү дээ. Хэн ч дураараа таны юмыг нэгжиж хураахгүй, үндэслэлгүй торгохгүй, үзэмжээрээ айлгаж ичээхгүй. Энэ процесст прокурор хяналт тавьж, үндэслэлгүй шийдвэрийг шүүх дээр хүчингүй болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ олон мянган улсын байцаагч, хуулийн албан тушаалтнуудын үйл ажиллагааг хуулийн систем, хуульчдын нотолгоо баримтын стандарт руу оруулж ирсэн хэрэг. Ийм соёлд дадаагүй байсан хүмүүс ийм хариу үйлдэл үзүүлэх нь бас аргагүй.

Зөрчлийн хуулиар маш олон хүн торгож байна гээд ярьдаг. Би танд хэдэн тоо хэлье. Зөрчлийн хуулиас өмнө жилд 100 мянган зөрчил бүртгэгддэг байв. Энэ бол хүн торгох эрхтэй нийт хүмүүсийн жилд гаргасан шийтгэлийн тоо. Харин өнөөдөр ганц жилд 1,2 сая зөрчил бүртгэгдэж байна. Бид хэдэн хүн амтай билээ? Бид өмнө нь зөрчлөө тоолдоггүй байсан гэсэн үг. Энэ 100 мянган зөрчил цагдаагийн л зөрчил байсан. Танхай, эрүүлжүүлэхээс авахуулаад гэр бүлийн хүчирхийлэл зэрэг тохиолдлуудаа бүртгээд бусдыг нь бид мэргэжлийн хяналт, замын хөдөлгөөний зөрчлүүдээ тоолдоггүй байсан.

Одоо жилд гардаг 1,2 сая зөрчлийн 80 хувь нь замын хөдөлгөөний зөрчил байдаг. Үлдсэн 10 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, танхай, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэргүүд байдаг.

Харин мэргэжлийн хяналттай холбоотой зөрчлүүд хамгийн ихдээ жилд 6000 гардаг. Гааль дээр 1400 зөрчил, татвартай холбоотой 4700 зөрчлийг шалгаж шийджээ. Өөрөөр хэлбэл, жилд 1 сая хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулдаг байх нь ээ.  

Жилдээ 300 орчим байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагч нар зогсоодог байсан. Энэ процесст прокурор зөвшөөрөл өгөөд эхлэхээр энэ тоо багасаад 200 болсон. Аж ахуйн нэгж дээр очин дураараа айлган сүрдүүлдэг, үйл ажиллагааг нь шууд зогсоодог явдал байхгүй болсон учраас энэ тоо ингэж буурсан.

Б.Батзориг: Урьд нь төрийн хянан шалгалт ба зөрчил шалгах үйл ажиллагаа хоорондоо холилдож явж ирсэн. Төрийн хянан шалгалт зөрчил илрүүлэх зорилгоор явдаг байсан. Уг нь хууль сурталчлан таниулах, ойлгуулах, стандарт, үйл ажиллагаа нь зөрөөд байвал түүнийгээ боловсронгуй болгох, зөвлөмж өгөх зорилготой байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гарснаар төрийн хянан шалгалт ба зөрчил шалгах үйл ажиллагаа салж эхэлж байгаа. Төрийн хянан шалгалтаар хууль тогтоомжоо зөв хэрэглэж буй эсэх, энэ хууль тань дээр зөрчигдөх гээд байна шүү гэж урьдчилан сануулах, танай дээр чанаргүй хоол хүнс зарагдах эрсдэл үүсч байна шүү гэх зэргийг шалгадаг. Энэ бол төр, бизнес эрхлэгчид, ба иргэд хоорондын жирийн харилцаа. Зөрчил шалгах процесс бол хууль зөрчигч ба төр хоорондын харилцаа. Өөрөөр хэлбэл, нэг нь хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажилладаг бол нөгөө нь хүнийг шийтгэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа юм.

Хүний шийтгэх гэж байгаа зорилтот үйл ажиллагаанд прокурорын хяналт нэмэгдэж орж ирсэн гэсэн үг. 12 мянган улсын байцаагч дээд шатныхаа удирдлагад угаасаа хянагдаад явж байгаа. Төрийн хянан шалгалт бол удирдлагын хяналт дор явагддаг захиргааны үйл ажиллагаа юм. Үүнтэй холбоотой асуудал маргаан үүсвэл захиргааны хэргийн шүүхээр явдаг. Харин хэн нэгэн хүнийг шийтгэх гэж байгаа үйл ажиллагаа нь хууль зүйн үр дагавартай ажилд тооцогдоно. Учир нь эндээс хүний эрхэнд халдаж эхэлдэг. Ийм учраас прокурорын хэрэг бүртгэл дээр хяналт тавин энэ процесс дээр орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын захиргааны хяналтаас гадна үндсэн хуульд заасан хууль зүйн хяналт нэмэгдэн орж ирж байна гэсэн үг.

В.Ганзориг: Хуулийн байгууллагынхан гүйцэтгэх ажлаар дамжуулан бусдыг “төмсөгддөг” гэдэг яриа байдаг. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар цуглуулсан материал шүүх дээр нотлох баримт болдог юм уу? Иргэн Доржзодовын гаргаж ирсэн гэх 60 тэрбумтай холбоотой хэрэг одоо юу нь мэдэгдэхээ болилоо шүү дээ.

Б.Батзориг: Гүйцэтгэх ажиллагаагаар цуглуулсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг нь өмнө шүүх дангаараа шийддэг тогтолцоо байсан. Хуульд нарийн зохицуулаагүй байсан. Гүйцэтгэх ажиллагаа бол дэлхий нийтэд байдаг л зүйл. Гэмт хэрэг өөрөө ил тод үйлдэгддэггүй. Нууц мөрдөн шалгах үйл ажилллагааг жирийн иргэн дээр хийдэггүй. Харин ноцтой аргаар үйлддэг гэмт хэрэг, үйлдсэн гэмээ нуудаг, гэмт хэрэг үйлдээд илрүүлэхгүй байлгахын төлөө янз бүрийн арга ашигладаг, хуулийн байгууллага шалгах явцад янз бүрийн байдлаар эсэргүүцдэг, заналхийлдэг, гэрчүүдийг устгахыг оролддог, тэр бүү хэл хэргийг шалгаж буй мөрдөгч, прокурорын амь насанд халдахыг оролддог гэмт хэргийг ил аргаар шалгах боломжгүй. Иймээс заавал нууц, далд аргаар ийм гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг хийх ёстой болдог. Гэхдээ нууц далд аргаар дураараа ажиллана гэсэн үг бас биш. Гүйцэтгэх ажил ч гэсэн өөрийн гэсэн дэг журамтай байх ёстой.

Шинэ хуулиар нууц мөрдөн шалгах үйл ажиллагаа гэж оруулсан байгаа. Өмнө нь гүйцэтгэх ажлын шугамаар баримт цуглуулж байсан ч тэр нь шүүх дээр очихоор маш эмзэг байдаг байсан. Өчүүхэн төдий зүйлээс болоод мэтгэлцээний явцад уначихдаг байв. Хууль зүйн зохицуулалт байхгүй байсны улмаас тэр баримтуудыг хамгаалахад тун төвөгтэй байдаг байсан. Харин одоо энэ нууц үйл ажиллагааны үр дүнг шүүх дээр хэлэлцдэг болох ёстой гэж ярьж эхэлсэн. Учир нь зарим хэргүүд дээр ил үйл ажиллагаа бараг байхгүй, ихэвчлэн нууц үйл ажиллагаа явагддаг. Иймээс нууц үйл ажиллагааны үр дүнг шүүх дээр хэлэлцдэг байя гэдэг концепц бариад төслийг оруулсан. Үүний дараа гүйцэтгэх ажиллагаа гээд нийтлэг нэртэй байсан ажлыг хуваах шаардлага үүссэн. Гүйцэтгэх ажиллагаа бол гэмт халдлагаас хамгаалах, урьдчилсан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Харин нууц мөрдөн шалгах ажиллагаа бол нэг хүнийг зориод гэмт хэргийг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, хүнийг хамгаалахад чиглэгдсэн ажиллагааны явцад нууцаар хийгдсэн ажлыг хүнийг буруутгахад чиглэсэн ажил дээр адилтгана гэхээр стандарт өөр болж эхэлсэн. Иймээс хуульдаа үүнийг салгах ёстой болсон юм.

Гүйцэтгэх ажлын шугамаар олсон мэдээллийг шүүх дээр ашиглах боломжийг шинэ хуулиар ерөнхийдөө хориглосон. Зөвхөн нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтыг ашиглаж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тодорхой нээгдсэн хэрэг дээр прокурорын зөвшөөрлөөр ажиллана гэсэн үг. Гүйцэтгэх ажил ч гэсэн прокурорын хяналт дор явагдах ч зорилго нь өөр. Нууц мөрдөх шалгах үйл ажиллагааны үр дүнг шүүх дээр хэлэлцүүлэх боломжтой болсон тул нотлох баримтын хэмжээнд дүгнэн шинжлэх асуудал гайгүй болсон. Харин үнэхээр хууль зөрчсөн асуудал байвал Хосбаяр шүүгчийн хэлснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүний эрх зөрчсөн эсэхийг, нотолгооны стандартыг хангасан эсэхийг нэлээд том мэтгэлцээн өрнүүлж, тэр ажиллагаанд оролцсон хүмүүсийг дуудан гэрчээр байцааж, тусгай тоног төхөөрөмж ашиглан бий болгосон материалыг шинжлээд нотолгооны стандарт хангасан эсэхийг магадлахаар шүүх рүү оруулдаг дамжлагыг бий болгосон.

Олон жил хэрэглээд дадсан стандартыг шинэчлэхээр гүйцэтгэх болон нууц мөрдөн шалгах үйл ажиллагааг хэрхэн хослуулан хэрэгжүүлэх вэ гэдэг дээр шинэ арга барилаар ажиллаж эхэлж байна. Тийм учраас гүйцэтгэх ажлын шугамаар бий болгосон баримтыг нотолгоо болгохгүй.

Нууц мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад тусгай техник хэрэгсэл ашигладаг. Үүгээр дамжуулан хувь хүний нууц руу халддаг. Ийм учраас энэ процесст тусгай хяналтууд орж ирдэг. Энэ хүчийг жирийн хүн авч ашиглахыг хуулиар хориглодог. Энэ тохиолдолд хууль бусаар мөрдөн мөшгих, гүйцэтгэх ажилын хүч хэрэгслийг хууль бусаар ашиглах гэдэг гэмт хэрэг болгож үндсэн үйл ажиллагааг нь хамгаалж өгч байгаа гэсэн үг. Хувь хүний орон зай руу нэвтэрч бичлэг хийж байгаа тохиолдол нь хориотой. Сэтгүүлч нарын хувьд энэ процессийн хууль маш ерөнхийгөөр хүний эрхийн хамгаалалт талыг хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хувьд энэ асуудлыг шийдэхийн тулд яаралтай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа өөрчлөх ёстой. Ингэж байж сэтгүүлчдээ хамгаална. Эрүүгийн болон эрүүгийн процессийн хууль том хамгаалалтаа хийж байгаа ч салбарын хуулиудаа зайлшгүй сайжруулж, холбогдох зохицуулалтыг хийх ёстой.

Ч.Хосбаяр: Яг энэ асуудлын хувьд шүүх дээр барьж буй бодлогын талаар хэдэн зүйл хэлмээр байна. Ер нь бол гүйцэтгэх ажиллагаа ба нууц мөрдөн шалган ажиллагааны үйл явцад бий болж буй материал нууц л даа. Гэхдээ шүүх нууц материалаар хүн яллахгүй ээ, нууц материалаа ил болго гэж шаарддаг. Нууц материалыг нь байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс мэдэхгүй, субъектив хүрээнд танилцуулагдсан материалаар хүн яллахгүй. Нууц материалыг нь өмгөөлөгч мэдэх ёстойгоос гадна хууль ёсны эсэх тал дээр саналаа хэлэх үүрэгтэй. Нууц материалыг ил болгохоор зовлон үүснэ. Ил болж буй материалыг дагаад нууц мөрдөн шалгах ажиллагаа хийсэн ажилтан, эх сурвалж, ашигласан техник хэрэгсэл, автомашин бүгд нээлттэй болдог. Нөгөө талаасаа иймэрхүү үйл ажиллагаа явуулах хүн хүч, тоног төхөөрөөмж, бусад нөөц хязгаартай байдаг. Иймээс тэр болгоныг илчлээд байх боломжгүй болдог. Иймээс нууц материалын алийг нь гаргах вэ гэдэг асуудал үүсч хүндрэлд ордог.

Бидний зүгээс нууц мөрдөн шалгах ба гүйцэтгэх ажиллагаа хийдэг байгууллагуудад хуулиар хамгаалагдсан өөрсдийн эрсдлээ хамгаал аа. Харин тэрийгээ илчлэхгүй гаргаж ирж байгаа баримтуудаа нээлттэй болго гэдэг. Ийм материалаар л хүн яллана. Нууц материалаа ил гаргаж чадахгүй бол нууц хэвээрээ л үлдэнэ. Тэр материалыг шүүгч уншихгүй бас танилцахгүй. Иймээс эдгээр нь шүүх дээр баримт болж чадахгүй шүү гэдэг шаардлага тавьдаг. Цэвэр гүйцэтгэх ажил явуулаад олсон материалыг баримт сэлт гэж ярьдаг. Нотлох баримтад тооцдоггүй гэсэн үг. Гэхдээ нууц мөрдөн шалган ажиллагааны явцад авагдаж байгаа баримтуудыг зөв хөрвүүлж, нууц байх ёстой зүйлийг нь алдахгүйгээр агуулгыг нь зөв тусгаж чадвал шүүх дээр баримт болж орж ирнэ. Ийм баримттай шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч бүгд танилцаж, энэ баримт хуулийн дагуу зөв авагдсан эсэх дээр саналаа хэлнэ. Үүнд нь шүүх хөндлөнгийн дүгнэлт хийдэг. Ийм байдлаар нууц материал үнэлэгдэх боломжтой болсон. Энэ бол хүний эрхийг хамгаалах талаар хийгдсэн шинэ хуулийн яах аргагүй нэг том давуу тал. 

Б.Батзориг: Хэрэгт тусгагдаагүй болон гүйцэтгэх ажиллагааны ямар нэгэн материалыг шүүгчид танилцуулахыг шинэ хуулиар хориглосон. Шүүгч хүнд шүү дээ. Ийм учраас хөндлөнгөөс ямар нэгэн нууц материал танилцуулахыг хууль дээр бичээд хорьчихсон гэсэн үг.

Б.Энхбаяр: Өмнө нь ингэсэн шүү гээд нууц материал шүүгчид үзүүлээд буцаагаад авдаг. Үүнийг нь шүүгдэгч, өмгөөлөгчийн хэн нь ч мэддэггүй өнгөрдөг. Гэхдээ шүүгчид үзүүлээд, наадах чинь гарцаагүй ингэсэн байхгүй юу гээд явчихдаг байсан.

Ч.Хосбаяр: Энэ нөхцөлд яллагдаж байгаа талын төлөөлөл орж ирж үгээ хэлэхгүй боломжгүй гэсэн үг. Шүүгч нууц материалыг хараад наадах чинь хууль бус тул тооцохгүй гэсэн ч хүн л юм хойно нөлөөлнө. Хууль бусаар хийсэн бичлэг дээр яах аргагүй гэмт хэргийн ул мөр, нотолгоо харагдаж байвал шүүгчид нөлөөлнө шүү дээ. Гэтэл үүний эсрэг үгээ хэлж, энэ баримтыг тестлэх хүн уг баримттай огт танилцахгүй, мэдэхгүй өнгөрнө гэдэг бол шударга биш.

Б.Батзориг: Ийм учраас хууль бус үйл ажиллагаагаар бий болгосон материалыг ашиглан бусдыг “төмсөгдөх” ямар ч боломжгүй болсон. Тэр “төмсөг”-ийг ялзруулахаас өөр аргагүй болсон.

В.Ганзориг: Прокурорын зөвшөөрөлгүй гүйцэтгэх ажиллагаа явуулж цуглуулсан материал шүүх дээр нотлох баримт болдог уу? Өмнө нь ямар байсан бэ?

Г.Оюунболд: Гүйцэтгэх ба нууц мөрдөн шалгах ажиллагаа бол нэг зүйл. Хийгддэг арга нь адилхан. Хүнийг тагнаж шалгах, утас холбоог нь чагнах зэргээр хийдэг ажлууд нь ижил. Гүйцэтгэх ажиллагаа бол урьдаас угтан тагнах ажиллагаанд тооцогддог. Ямар бүлэг бөөгнөрч байна, ямар эх сурвалжууд явж байна гэх зэргээр үндэсний аюулгүй байдалд учирсан эрсдлийг саармагжуулахын тулд тусгай албадын хийдэг үйл ажиллагаа юм. Энэ бол гэмт хэрэг мөрдөх ажиллагаа биш! Урьд нь гүйцэтгэх ажлаар энэ бүгдийг хийдэг байсан бол одоо нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг юмаараа л хий гэж байгаа юм. Тэгэхээр гүйцэтгэх ажлын үр дүн хэргийн нотлох баримт болохгүй.

Харин хэрэг гарсан бол хэргийн нь албан ёсоор нээж зөвшөөрөл аваад нууцаар мөрдөж шалгах ажиллагаа л гэж байгаа юм. Гүйцэтгэх ажил гэж нэг нэрээр бүх ажлаа хийдэг байсан хууль сахиулагчдын үйл ажиллагаа салсан. Прокурорын зөвшөөрөлгүй бол ямар ч ажил нотлох баримт болохгүй. Товчхондоо үзэмжээрээ ямар нэгэн ажиллагаа хийх боломжгүй болсон. Хуучин зарим тохиолдолд гүйцэтгэх ажиллагааг өөрийн үзэмжээрээ хийж болно гэдэг зүйл заалт байсан. Өөрөөр хэлбэл, дураараа хүний мэдээлэл цуглуулдгийг арай өөр төвшинд авч ирье гэсэн агуулга юм. Гэмт хэрэг бол араас нь явдаг зүйл. Голцуу үйлдэгддсэн хойно нь мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Өмнө нь ч байж болно. Гэхдээ бүгд хэргээ нээсэн хойноо, прокурорын зөвшөөрөл авч байж мөрдөн шалгаж, тагнаж чагнана аа л гэж байгаа юм. Ингэж байж шүүх дээр нотлох баримт болдог энгийн логик юм.

Б.Батзориг: Прокурорын зөвшөөрөл авдаг нь тэр баримтыг дараа нь прокурор өөрөө шүүх дээр барьж очоод хамгаалдаг. Хууль ёсны зөвшөөрөл нь нотлох баримтын хамгаалалт болдог. Дээрээс нь хууль бус мөрдөн мөшгөх үйл ажиллагаа явуулаад хэрэгт орохоос нь хууль сахиулагчаа хамгаалж байна гэсэн үг.

Г.Оюунболд: Хоёр салгаад ойлгочих. Тагнуулчдын хийдэг тагнах ажил тусдаа. Нөгөө нь цагдаа, хууль сахиулагчдын хийдэг ажиллагааг нууц мөрдөн шалгах ажил гээд нэрлэсэн. Энэ ажиллагааг хийхийн тулд журмын дагуу заавал зөвшөөрөл авах ёстой. 

Б.Энхбаяр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 2015 онд батлагдаад ёсчлогдоогүй.

В.Ганзориг: Батлагдаад ёсчлогдоогүй гэхээр яг юу гэсэн үг билээ?

Б.Энхбаяр: Алх тогшоогүй гэсэн үг. Тухайн үед гүйцэтгэх ажиллагаа хийх эрхтэй гурван байгууллагын удирдлага болох АТГ, тагнуул, цагдаагийн гурван дарга зэрэгцэн суугаад энэ хуулийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргасан байдаг. Энэ үйлдэл уг хуулийг батлагдах, ёсчлогдох процесст их нөлөөлсөн. Яагаад эдгээр байгууллагуудын эрх ашиг ийм хүчтэй хөндөгдөж гарч ирсэн бэ гэвэл саяны ярьж буй асуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, урьд өмнө нь прокурорын хяналттай, хяналтгүй, дураараа гэж хэлж болохоор хийдэг байсан юмыг хуулийн хяналтад оруулж, бусдыг “төмсөгддөг” ажлыг нь зөвшөөрөлтэй болгохыг зорьсон. Үүнийг тэд эсэргүүцсэн.

Одоо прокурорын зөвшөөрөлтэй болоод ирэхээр хэн нэгэнд хуудас цаас үзүүлээд, өөрийн чинь нэг ийм юм бидэнд байгаа шүү дээ гэж хэлэх боломжгүй болсон. Бүх юм хуулийн хяналтад орчихсон. Энэ хяналтын ачаар хэн нэгний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсон юм. Гагцхүү хяналттай явагдсан ажиллагаанаас бий болсон материал л шүүх дээр нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой болсон. Энэ бүх хуулийн шаардлагууд таны хэлж буй бусдыг “төмсөгдөх”, барьцаалах буюу хуулийн байгууллага өөрөө эрх нөлөөгөө ашиглан хуулиас гадуур ажиллан хувь хүний эрх чөлөөнд халдах, бусдын шийдвэр гаргах төвшинд оролцож нөлөөлөх замаар цаад утгаараа хуулийн дээр, цаашилбал төрийн дээр гарч хуулийн хонгил үүсгэдэг явдлыг таслан зогсоож хаахад чиглэгдсэн чухал хууль болсон.

Засгийн газар дээр ажлын хэсэг гаран энэ хууль дээр ажиллахад ний нуугүй хэлэхэд амаргүй байсан. Дээр дурдсан байгууллагуудын зүгээс нэлээд асуудалтай тулсан. Нэлээдгүй бэрхшээлийг туулан хүний эрх хангагдаж, хуулийн байгууллагын стандарт сахигдсан хууль болж чадсан юм шүү. Энэ үзэл санаа, зарчим цаашаа хэлбэрэлтгүй мөрдөгдөж явах ёстой гэж би боддог. Прокурорын хяналтад орчсоноор үр дүн гараад эхэлсэн. Тухайлбал, авилга, албан тушаалтай холбоотой томоохон хэргүүд өмнө нь ингэж олноор илэрдэггүй байсан. Прокурорын хяналтад орсноор гүйцэтгэх ажлын мэдээ баримтууд хууль ёсных болсон. Хэн нэгэн сэйфэндээ нууц баримтууд хадгалах боломжгүй болоод ирэхээр нуугдмал далд байдлаар үйлдэгддэг байсан хэргүүд ил болж эхэлсэн. Энэ хуулийн үзэл санаа нийгмийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд ажиллаж эхэлсэн.

В.Ганзориг: АТГ, цагдаа улстөрчдийг шууд цагдан хорьдог. Дараа нь сулладаг. Олон нийтийн дунд нөгөө хүн нь гэмтэй үгүй эсэх нь ойлгомжгүй үлддэг боллоо. Энэ процесс яаж явдаг юм бэ?

Ч.Хосбаяр: Өмнөх асуулт дээр нэг зүйл хэлмээр байна. Нууц мөрдөн шалгах үйл ажиллагааны зөвшөөрлийг хэн олгох юм бэ? Шүүх үү, эсвэл прокурор уу гэдэг маргаан үргэлж байсан. Энэ их чухал зөвшөөрөл. Шүүхийн байр суурь ямар байсан бэ гэвэл яллах байр суурь барьдаг прокурор биш шүүгч энэ зөвшөөрлийг өгдөг байя гэдэг шийдэл байсан. Энэ байр суурь явсаар байгаад шүүгч ч байж болно, эсвэл прокурор ч байж болно гэсэн хоёр хувилбараар хууль батлагчид дээр очсон. Хууль тогтоогчид прокурор гэж сонгосон. Хүний эрхэнд онцгой халддаг энэ процедурыг хэний хяналтанд өгөх вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж яригдаж ирсэн.

Б.Батзориг: Энэ хяналт улам боловсронгуй болоод шүүхийн хяналтанд орж болно шүү дээ яваандаа.

Ч.Хосбаяр: Магадгүй цагдан хорих хорионы зөвшөөрлийг шүүх хянадаг шиг кэйс байж болох юм. Энэ зөвшөөрлийг өмнө нь прокурор шийддэг байсан. Та сая цагдан хорих, таслах шийдвэрлэх арга хэмжээний талаар асуулаа. Сүүлд гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хүнийг аливаа гэмт хэрэгт холбогдуулан шалгахын тулд цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ авах шалгуур их өндөр болсон. Хуучин бол хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хангалттай холбогдол байвал шууд хорих эрх үүсдэг байсан. Одоо бол тийм биш. Өөрөөр хэлбэл, хүн гэмт хэрэг үйлдсэн тухай хэчнээн нотлох баримт байх нь чухал биш. Хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах процесс түр зуурынх байдаг. Энэ процессоор тухайн хүний үйлдсэн хэрэгт нь ял шийтгэл оногдуулаад байгаа юм биш. Шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдсоны дараа ял өгдөг. Харин хэргийг шалгах явцад нөгөө хүн маань цагаадаад гарч болно. Гэтэл тэр хүнийг анхнаас нь шууд хорьчих гээд байдаг. Хүнийг гэмт хэрэг үйлдсэний төлөө биш холбогдсон гэмт хэргийг нь шалгахын тулд авч байгаа арга хэмжээг ялгаж ойлгох ёстой. Харин тухайн хүн шалгах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой. Тухайлбал, тэр хүн оргон зайлах, нотлох баримт устгах, мэдүүлэг өгөх хүмүүст нөлөөлөх саад бэрхшээл учруулж болзошгүй бол цагдан хорьж, таслах шийдвэрлэх арга хэмжээг авахаас өөр аргагүй болдог.

Та АТГ улстөрчдийг хориод суллаад байна гэж асууж байх шиг байна. Энэ нь тухайн гэмт хэргийн онцлогтой холбоотой болов уу гэж би бодож байна. Одоо хүн хориход хэцүү болсон. Хорьж цагддаг улсууд нь “одоо хүн хорих боломжгүй болсон” гэж ярьдаг болсон шүү дээ. Албан тушаалаа урвуулан ашиглаад мөнгө, санхүүгийн асуудалтай холбогдсон хэргийн тухайд тухайн хэрэгт холбогдсон хүн өөрөө албан тушаалын нөлөө ихтэй байдагтай холбоотой болов уу. Энэ нөлөөлөөр тухайн хэрэг шалгах процесст саад болох, мөнгө санхүүтэй холбоотой баримтууд устгах аюул байдаг байх. Үүнтэй нь холбоотойгоор зарим хүмүүсийг шалгах явцад хориод байдаг болов уу. Үүнийг шүүх хянаж үздэг ба хангалттай үндэслэл байсан болоод л зөвшөөрөл өгч хорьж байгаа гэсэн үг. Тиймээс тухайн гэмт хэргийн онцлогтой холбоотойгоор зарим хүнийг АТГ дээр хорьж харагдаж байгаа байх. Тухайн хүнийг хорьж цагдаад тодорхой хэмжээний нотлох баримтаа цуглуулсны дараа баримтыг устгах, хэн нэгэн рүү чиглүүлэх аюулгүй боллоо гэж үзсэний дараа тухайн хүнийг сулладаг.

Г.Оюунболд: Урьд нь хорих байгууллага гүйцэтгэх ажиллагаа хийдэг байсан. Шинэ хуулиар энэ хаалттай байгаа. Зохион байгуулалттай хэрэг дээр, эсвэл хорих байгууллагууд дотор нь үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэхийн тулд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах хязгаарлагдмал хүрээ бол байгаа. Бусад тохиолдолд нууц мөрдөн шалгах буюу тагнах чагнах үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хоригдож буй хүн гадаад орчинтой холбоо барих, тэр бүү хэл сонгуульд санал өгөх эрх нь хүртэл хязгаарлагддаг шүү дээ.

Шинэ хууль гарснаас хойш манай прокурорын байгууллага судалгаа хийж үзсэн. Цагдан хорих үзүүлэлт гурав дахин буурсан байна. Үүнтэй холбоотойгоор нөгөө хууль сахиулагчид маань бид ажлаа хийж чадахаа болилоо гээд яриад байгаа. Урьд нь бүх хүнээ хорьж байгаад айлгаж ичээж байгаад ч юм уу шалгадаг арга барилтай байсан. Одоо хүнийг хорихдоо үндэслэл, баримттай хориорой л гэж байгаа юм. Урьд нь энэ зугтаж магадгүй гээд хувь хүн субъектив үнэлэмжээр хүн хорьдог байв. Одоо л шүүгч “энэ хүн зугтах гэж буйг илтгэсэн баримт чинь хаана байна вэ, тийм зүйл байхгүй бол энэ хүнийг хорихгүй” гэж хэлдэг. Хамгийн гол дэвшил бол хүнийг цагдан хорихын тул шүүгч, өмгөөлөгч уулзаад хурал хийдэг болсон нь шүү дээ.

Б.Батзориг: Шинэ хуулийн горимд тааруулаад хууль сахиулагчид илүү их техник технологи, ур чадвараа ашиглан хэрэг илрүүлэх стандарт руу явж байна. Хүнийг заавал хорьж байгаад, эсвэл сэжигтнээр тооцон хязгааргүй хугацаагаар битгий шалга. Хүнийг бүү сэжиглэ. Харин үндэслэл байвал яллагдагчаар тат. Үндэслэл байхгүй бол тэр хүний оролцоогүйгээр хэргийг шалга. Яллагдагчаар татсан ч хорихгүйгээр шалга. Хорьж шалгахгүйгээс болоод үнэхээр бусдын амь насанд халдах гээд байгаа, эсвэл яг оргох гээд тасалбараа барьчихсан, дахин гэмт хэрэг үйлдэх гээд байгаа, шүүгч, прокурорт заналхийлж буй, хэргийн нотлох баримтыг устгах оролдлого хийж буй баримт байвал хорино. Энэ бол тодорхой. 

Г.Оюунболд: Энэ процесс эхэндээ төвөгтэй л санагдаж байгаа л даа мөрдөгч, прокурор нарт. Хуралд очдог боллоо, ачаалал нэмэгдлээ гээд л.

Б.Батзориг: Тэр хүмүүсийг үүнд буруутгамааргүй байгаа юм. Учир тэр хүмүүс 30 жил энэ чиглэлээр сурч, энэ системээр ажиллаад хэвшил болчихсон. Хууль маань бас ч гэж орвонгоороо өөрчлөгдөөгүй шүү дээ. 30-40 хувь л өөрчлөгдсөн. Харин энэ шинэ орчинд дасгах ажлыг нь түргэн шуурхай хийх шаардлагатай.

В.Ганзориг: Хөөн хэлэлцэх хугацаа гээд чухал ойлголт байдаг. Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банкны хэрэг, С.Зоригийг хөнөөсөн хэрэг гээд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан ч юм шиг яригддаг. Шинэ хууль дээр энэ хугацаа ямар байдлаар туссан байгаа вэ?

Г.Оюунболд: Хөөн хэлэлцэх хугацаа МЭӨ Римийн эрх зүйн үед үүссэн байдаг. Энэ бол хүнийг барих хүртэлх хугацаа. Төр яагаад ийм ойлголтыг оруулж ирсэн бэ гэхээр ийм учиртай. Нэг хүнийг шалгахгүй хэдэн арван жил болж болж гэнэт хэргийг чинь шийднэ гэхээр нөгөө хүн зарга мэдүүлээд та нар энэ олон жилийн хугацаанд юу хийж байсан юм бэ, би байж л байсан шүү дээ гээд хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголт үүссэн. Өөрөөр хэлбэл, төр тэр хугацаанд ажлаа хийгээд хэргийг илрүүлж чадаагүй бол тэр хэргийн тухай дахиж авч хэлэлцэхгүй гэсэн ойлголт юм. Өөрийнхөө хариуцлагыг төр хүлээж байна гэсэн үг. Хэргийн хөнгөнөөс эхлүүлээд хүнд, онц хүнд гэмт хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай тогтоодог зүй тогтож эхэлсэн.

Хөөн хэлэлцэх хугацаа дээр хоёр том маргаан явдаг. Нэг нь, шүүхээр шийдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа байя. Өөрөөр хэлбэл, тэр хүнийг барьсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдсон хэвээр байна. Анхны үүсэл нь бол хүнийг барьсан л бол хэдэн жил ч хамаагүй тэр хэргийг шалгаад зохих ялыг нь оногдуулах шийдэл байсан. 2017 онд манай хуульд нэмэлт өөрчлөлт орох үед шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл гээд орсон. Үүнээс улбаалаад ямар асуудал үүссэн бэ гэхээр хэргээ шүүх дамжуулан сунжруулж хугацаа хожсоор байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж хэргийг хэрэгсэхгүй болгодог болсон. Уг нь үүнийг арилгах гэж л өөрчлөлт хийсэн боловч хүнийг барих хүртэл зохицуулж өгөхгүй бол тухайн хүнийг 10, 20 жилээр шалгах эрсдэл нөгөө талд үүсэх магадлалтай. Энэ өөрөө ийм их зөрөлдөөнтэй, маргаантай асуудал л даа.

Б.Энхбаяр: Засгийн газар хүнийг барих хүртэл нь хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор бодож УИХ-д хуулийн төслөө өргөн барьсан. УИХ дээр гишүүд санал гаргаад энэ буруу байна, шүүхээр шийдэх хүртэл нь хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой, хүнийг хязгааргүйгээр сэжиглэн яллагдагчаар тооцон явж болохгүй гээд өөрчилсөн. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газрын боловсруулсан төсөл дотор буцаагаад анх өргөн барьснаар өөрчлөх саналыг оруулж байгаа. Стандарт банкны хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж би ойлгохгүй байгаа. Би хавтаст хэрэгтэй танилцаагүй ч тэр бол мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг гэсэн ойлголттой байгаа.

Г.Оюунболд: Хөөн хэлэлцэх хугацаа дээр иргэдийн хувьд асуудал үүсч байгаа. Энэ хүн таныг зодсон гэм буруутай юм байна, гэхдээ өнөөдөр ингээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэргийг хаадаг. Тэр хүн шударга ёсны системд гайхаад үлддэг. Зодсон хүн нь байна, буруутай этгээд нь тодорхой байтал яагаад ял өгөхгүй байна гэхээр өнөөдөр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уучлаарай гэдэг. Энэ бол шударга ёсны тухай маш том үнэлэмж. Анхны үүсэл нь уг нь хүнийг барих хүртэлх хугацаа л даа.

Б.Энхбаяр: Би Засгийн газрын хуулийн төслийг л хамгаалах ёстой. УИХ дээр очсон олон хуулийн төсөл өөрчлөгддөг. Жишээ нь, татвараа нуун дарагдуулсан татварын гэмт хэрэг дээр УИХ гишүүд баялаг бүтээгчдийг дарамтлах гэлээ гээд хорих ялыг хуулиас аваад хаясан. Үүний сөрөг үр дагавар жилийн хугацаанд дараах байдлаар гарлаа. Хорих ялыг авчихаар торгох ял дээр хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил байдаг. Гэтэл татвараас зайлсхийх гэмт хэрэг танхай шиг үйлдэл дээрээ баригддаг хэрэг биш. Санхүүгийн баланс тайлангаа гаргасны дараа хяналт шалгалтаар илэрдэг. Татварын хяналт шалгалт хоёр жилийн давтамжтай хийгддэг. Одоо татварын байгууллагууд онц их хэмжээний зөрчил илрүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил гээд хэрэг үүсгэж чадахгүй байна шүү дээ. Гэтэл татвар төлөх гэдэг бол Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг.

Эдгээр татвартай холбоотой хэргүүдийн улсад учруулж буй хохирол нь хэдэн тэрбумаар яригддаг. Ийм том хэмжээний хулгайн үйлдлийг хуулийн байгууллага илрүүлчихээд улсын хохирлыг барагдуулж чадахгүй, хуулийн цээрлэлийг нь үзүүлж чадахгүй ноцтой үр дагаварт орчихоод байна. Иймээс бид татварын гэмт хэрэг дээр буцаагаад хорих ял оруулж ирж байгаа юм. Бид баялаг бүтээгчдээ хорих гээд байгаа хэрэг биш шүү дээ. Хорих уу, тэнсэх үү, эсвэл торгох уу гээд шүүх эрх мэдэлд угаасаас сонгох санкц нь байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах процесс зөвхөн энэ асуудлаас болоод зогсож байгаа. Эрүүгийн хууль тоглоомын хууль биш. Үүний цаана цогц шинжлэх ухаан явдаг. Хуулийн төсөл дээр нэг гишүүн санал гараад хуулийн энд тэндээс өм цөм авчихаар систем өөрөө бие биедээ гинжин урвал шиг нөлөөлдөг гэмтэй.

Г.Оюунболд: Энд их сонин логик байдаг. Татварын зөрчил татвар ногдох орлогын дүнгийн 50 сая төгрөгөөс доош бол зөрчил, 50 сая төгрөгөөс дээш бол гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил, эрүүгийн хэргийнх нэг жил байдаг. Энэ ямар сонсогдож байна? Тэр хүн зөрчлөөр явбал торгууль төлнө, хүү төлнө, таван жил шалгуулж явна. Гэтэл эрүүгийн хэргээр явбал тэр хүнд ашигтай болдог. Татвар, алданги ч төлөхгүй гэсэн үг.

Б.Энхбаяр: Том татварын хулгайч нараа хуулийн хариуцлагаас гаргасан гэсэн үг. Үүнийг засах санал манай хуулийн өөрчлөлтийн төсөлд орсон байгаа.

Б.Батзориг: Энэ хуулиудыг дизель ба бензин хөдөлгүүртэй машин гэж хэлж болно. УИХ-ын гишүүд дизель машинд дэлхийн хамгийн шилдэг карбюратор авч ирээд чихээд байдаг. Энэ нь эргээд машинаа эвддэг. Системтэйгээ зохицуулагдаад ороод ирж байгаа хуулийг энд тэндээс нь өөрчлөхөөр Энхбаяр дэд сайдын хэлдэг асуудал үүсдэг.   

В.Ганзориг: Эрүүгийн хууль дээр хүнд заавал хорих ял оноолгүй нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах зэрэг ялын сонголтууд орсон. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэрэглэх тоног төхөөрөмж, бэлтгэл, сургалт хангалттай хийгдсэн байгаа юу?

Б.Энхбаяр: Нийтэд тустай ажил хийлгэх ял өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр, гурван зүйл анги дээр байсан боловч түгээмэл хэрэглэдэггүй байв. Одоо бол 60 гаруй зүйл анги дээр байгаа. Шинэ тутам учраас төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа. Заавал хорих шаардлагагүй хөнгөн хэрэг хийсэн, өөрөө гэм буруугаа ухамсарласан, хохирлоо барагдуулсан, тэр хүний хувьд ёс суртахуун цээрлэл нь нэр хугарахаас яс хугар гэдэгтэй адил байдаг хүнд ийм цээрлэл хүлээлгэдэг. Гудамжинд цас цэвэрлүүлэх нь тухайн хүний хувьд хамгийн хүнд шийтгэл байж болно. Гудамжинд ингэснээс би хоригдъё гэдэг хүн байж болно. Саяхан нэг ийм тохиолдол гарсан. Яг энэ ялыг нэг багш эдэлсэн. Энэ багш үнэ төлбөргүйгээр хүүхдүүдийг элсэлтийн шалгалтанд бэлдсэн юм. Маш хариуцлагатайгаар тэдэн хүүхэд бэлдээд, тэдэн оноо авахуулаад, шалгалтанд тэнцүүлнэ гээд чин сэтгэлээсээ зорьсон. Хүүхдүүд нь ч шалтгалтандаа бэлдсэн, багш ч их хичээсэн. Бид яг ийм л зорилгоор энэ ялыг хууль дээр бичсэн юм.

Ч.Хосбаяр: Бас бас нэг тохиолдол хэлье. Увс аймгийн шүүх нэг хүнийг шийтгэсэн байдаг. Тэр нь гарцаар гарч байсан хүүхдийг гэмтээсэн ослын хэрэг байсан. Тэр хүнд оноосон ял нь яг тэр гарц дээр гурван сарын турш хүүхдүүдийн аюулгүй байдлыг нь ханган зам гаргасан. Тэр хүн дахиж хэзээ ч тийм ослын хэрэг гаргахгүй болтлоо энэ ажлыг гэмшин хийсэн байдаг.

Г.Оюунболд: Техник, тоног төхөөрөмж гэхээс илүү хуульч хүний хандлага чухал. Хүн дээр ирж байж хууль хэрэгждэг. Хуульч хүн тохирсон ял цээрлэлийг нь хүлээлгэдэг хандлага, мэдрэмжийн асуудал бий.

Б.Батзориг: Энэ нь шийтгэл заавал байх гэдэг хуулийн зарчмыг хэрэгжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүн шоронд орох, эсвэл торгууль төлөхөөс илүүтэйгээр шүүхийн шийдвэрийн дагуу нийгэмд тустай ажил хийж болно. Үүгээр дамжин тухайн хүн хүмүүжиж байдаг. Энэ албадлага нийгэмд ч, тэр хүндээ ч ашиг тустай байдаг.

Г.Оюунболд: Цахим гав гэж ярьдаг. Энэ ойлголт тэртээ 1986 онд ч гэсэн нутаг заах ял хэлбэрээр манайд байсан. Тухайн үед гавтай, гавгүй хийчихдэг л байсан.

В.Ганзориг: Сүүлийн үед ЖДҮ гэж нийгмээрээ шуугиад засаг төр ч огцрохоо шахлаа. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ дээр хатуухан мэдэгдэл хийсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүйгээр хэргийг нь шалгах боломжгүй байгаа байх. Тийм үү?

Г.Оюунболд: Үндсэн хуулийн цэц, УИХ-ын гишүүн гэх мэт халдашгүй эрхтэй, өндөр албан тушаалтай хүмүүс байдаг. Халдашгүй эрхэнд нь халдахгүй шалгах боломж эрүүгийн процессийн хуульд бий. Тэр хүний халдашгүй эрхийн хугацаа дуусахаар цугласан баримтуудыг үндэслэн тэр хүнтэй хэзээ л бол хэзээ хуулийн хариуцлага тооцох боломжтой. Хуучин хүнээр өөрөөр нь хэргийг нотлуулдаг байсан. Тухайлбал, хохирогч, гэрчээ дууд, баримтаа авч ир гэх мэт. Одоо бол тэр хүнээр оролдохгүйгээр бүх баримт сэлтийг нь цуглуулаад, эцсийн мөчид баривчлаад яллагдагчаар татдаг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль хэрэгжээд явж байгаа. 

Ч.Хосбаяр: Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгасаар ирсэн. Зарим хэрэг дээр нь шүүх ял шийтгэл оногдуулсан. Эдгээр хүмүүсийг шалгах ажлын хүрээ тодорхой хэмжээнд хязгаарлагддаг нь үнэн. Гэхдээ хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн хүнийг заавал цагдан хорихгүйгээр, эрхийг нь түтгэлзүүлэхгүйгээр шалгах боломж хангалттай бий.

Г.Оюунболд: Халдашгүй эрхэнд нь халдаж, эрхийг нь түтгэлзүүлэхгүйгээр төрийн өндөр албан тушаалтанд ял оноосон кэйс манайд байдаг шүү дээ. Шүүхээс энэ хэргийг шийдсэн. Энэ хэргийг би маш сайн санаж байна. Энэ халдашгүй эрхүүд бүгд хугацаатай. 4 жил, 6 жил гээд сонгуулийн циклээр явдаг. Энэ хугацаа нь дуусахыг дэлхийн ихэнх орны хууль сахиулах байгууллагууд тэвчээртэй хүлээж байгаад, албан тушаалаасаа буумагц нь шууд шалгаж ялыг нь оноодог. Манай нөхцөлд улс төрийн нөлөөгөөр хэрэг хянан шийдвэрлэх процесст оролцож нөлөөлөх эрсдэл нь нэлээд өндөр байдаг болов уу гэж би ойлгодог.

В.Ганзориг: Орчлон гээд Монгол залуу Гаагийн шүүхт ажилладаг. Хосбаяр шүүгчийг бас дэлхийн төвшинд өрсөлдөж байсан гэж би дуулсан. Дэлхий улам хавтгай болохын хэрээр шинэ төрлийн гэмт хэргүүд үүсч байна. Эдгээртэй тэмцэхэд бусад улс орны туршлагыг судлах, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

Ч.Хосбаяр: Олон улсын эрүүгийн шүүх л дээ. Гааг хотод хоёр шүүх байдаг. НҮБ-ын буюу олон улсын эрүүгийн шүүх Гааг хотод бий. Цөөн төрлийн гэмт хэргийг харъяалан шийдвэрлэдэг. Ямар тохиолдолд вэ гэхээр гэмт хэргийг тухайн улс орны үндэсний хууль тогтоомжоор шийдэхэд саад учирсан буюу хязгаар үүссэн тохиолдолд Гаагийн шүүх өөр дээрээ шилжүүлж авч шийдвэрлэдэг. Гэмт хэрэгтнийг тухайн улс яллахыг хүсэхгүй байж болно. Эсвэл өөрийн арга хэрэгсэл нь дутмаг учраас гэмт этгээдийг олж илрүүлж, баривчилж чадахгүй байж болно. Шинэ төрлийн гэмт хэрэг гэдгийн тухайд хүн төрөлхтний эсрэг, дайны, төрлөөр устгах, түрэмгийллийн эсрэг гэсэн дөрвөн төрлийн гэмт хэрэг бий болсон.

В.Ганзориг: Түрэмгийлэл гэхээр яг ямар гэмт хэргийг хэлж байна вэ?

Ч.Хосбаяр: Бусад улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдаж буй халдлага, гэмт хэргийг ойлгоно. Өмнө нь энэ ойлголт байсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нь тодорхойлоогүй байсныг 2017 оны 12 сард тодорхой болгосон. Терроризмийн гэмт хэрэг хүчтэй яригдаж байгаа ч олон улсын төвшинд хараахан шийдэгдээгүй байна. Олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаа, хөгжил дэвшилд Монгол Улс идэвхтэй оролцсоор ирсэн. Монгол Улсын Гадаад хэргийн яам, түүний дотор Бельги улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам жил бүр Гаагд болдог Ромын гишүүн орнуудын хуралд оролцож саналаа хэлж илтгэл тавьдаг. Мөн Нью Йорк хотод НҮБ дээр болдог хуралд манай байнгын төлөөлөгчийн газар тогтмол оролцдог. Шүүхээс мөн энэ мэтийн олон улсын арга хэмжээнд байнга идэвхтэй оролцдог.  

В.Ганзориг: Иргэн хүний хувьд би өөрөө маш их мэдээлэл авлаа. Маш чухал үзэл баримтлалтай хуулийн төслийн ач холбогдлыг мэдэж авлаа. Энэ ярьж байгаа өөрчлөлтүүд хэзээ батлагдаж амьдрал дээр хэрэгжих бол оо?

Б.Энхбаяр: Энэ процессийн хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оноос хэрэгжээд эхэлсэн. Энэ хуульд тодотгож оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн мэдээлэл Хууль зүйн яамны цахим хуудас дээр тавигдаад хоёр сар гаран болж байгаа. Одоо орж буй өөрчлөлтөөр зарим нэг практик нөхцөл байдал, хуулийн давхцалтай холбоотой холбоотой асуудлуудыг шийдэхээр зорьж буй. Гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг баривчлан саатуулах, гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоох хамаг ачааны хүндийг үүрдэг хүмүүс манай мөрдөн байцаагчид байдаг. Тэр дундаа цагдаа, АТГ, тагнуул гээд задраад явна. Шинэ хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш энэ хүмүүсийн ажлын ачаалал үнэхээр их байгаа. Эрүүгийн хууль тогтоомж үйлдэл болгоныг шалгадаг болсонтой холбоотой. Урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсныг бүгдийг нь хэрэг бүртгэл нээж шалгадаг болсон. Гэсэн атлаа орон тоогоо нэмээгүй. Дараагийн зүйл бол хэрэг түтгэлзүүлдэг юмыг байхгүй болгосон. Хэрэг түтгэлзүүлж байна гээд сейфэндээ дардаг юм байхгүй болоод зогсохгүй байнгын ажиллагаа хийгддэг болсон нь шинэ хуулийн гол онцлог зарчим. Энэ ажлын ачаалал, стрессээс болоод зарим нь бүр би ажлаа өгөөд гудамжны хэм журмын эргүүлийн цагдаа болъё гэж хүртэл орж ирж байна.

2016 онд энэ хуулийг Засгийн газар өргөн барихад УИХ дээр нэлээд олон зүйлс өөрчлөгдсөн. Анх оруулсан зүйлээ өөрөө танихгүй болсон гэдэг шиг өөрчлөлт хийгдсэн байдаг. Бүхэлд нь бодоод боосон хуулийн нэг жижиг зүйлийг өөрчлөхөд гажилт үүсээд яваад байдаг юм. Товчхондоо хэлэхэд анх санал болгож байсан хуулийн үзэл баримтлалаа дахин нэг зүтгүүлэх төсөл явж байгаа юм.

Ч.Хосбаяр: Хууль бол амьд бие организмтай адил. Бүрэн дүүрэн хүчээр эрүүл саруул ажиллахын тулд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах ёстой байдаг. Энэ системийн зарим хэсгийг нь авч хаяад шал өөр хэсгүүдээр орлуулбал систем ажиллахгүй шүү дээ. Үүнээс болж хуулийн системийн доголдол бий болдог.

Г.Оюунболд: Энэ хуулийн өөрчлөлт косметик шинжтэй мэт боловч хуулийн үндсэн үзэл санаагаа алдалгүй нэг жил хэрэглээд явлаа. Энэ хугацаанд гарсан жижиг алдаануудыг засчихвал цаашаа том хүндрэл бэрхшээлгүй явчих байх. Гол зүйл нь хуулийг хэрэгжүүлэх явцад буруу ойлгох явдал багагүй гардаг. Үүнийг Хууль зүйн яам сайн анхаараад бүтэц зохион байгуулалт дээрээ хүч нэмээд, бодлогын шинжтэй зөвлөмж заавар өгөөд явбал асуудалгүй байх аа.

Б.Батзориг: Миний докторын ажлын судалгааны зорилго хууль батлагдаад явдаг атлаа хуулиас гадуур хүчтэй практик журмууд яагаад оршдог юм бэ гэдгийг судлах байсан. Судалгааны явцад өмнө нь байдгаас илүү өвөрмөц зүйл ажиглагдсан. Шилжилтийн үед дасахын тулд, эсвэл мэдлэг мэргэжлийн хувьд алдаа гаргах асуудал өмнө нь байдаг байсан бол энэ удаагийн хуулийн хэрэгжилт дээр таалагдахгүй байгаа учраас хууль хэрэгжүүлэхгүй гэдэг хандлага ажиглагдсан. Бүр индэр дээрээс хэд хэдэн хүн ингэж хэлсэн шүү. Энэ хууль надад таалагдахгүй байгаа учраас би хэрэгжүүлэхгүй байгаа юм гээд хэлдэг болсон. Нэмээд хэлэхэд, энэ хуулийн хувьд сургалт хангалтгүй явсан. Ингэхээр хүмүүс хуулиа ойлгохгүйгээс гадна өөр хүмүүс энэ хуулийг гуйвуулаад хэрэгжүүлэхгүй байхыг уриалах хандлага бий болсон. Мөн олон жил ажиллаж дадсан бүтцээ хамгаалахын тулд өөрчлөлт хийж чадахгүй буцаад хуулийн байгууллагууд дээрээ зохиомол ачааллыг үүсгэж байна. Дэвшилттэй тал гэвэл манай судлаачид энэ чиглэлээр ном бичээд эхэлсэн. Хуулийг янз бүрээр хэлээд эхлэхээр энэ хууль удахгүй өөрчлөгдөх юм байна гэсэн сонин хүлээлт үүсдэг болжээ.

В.Ганзориг: Сүүлийн асуулт! Та бүхэн прокурорын зөвшөөрөлгүй ямар ч хууль сахиулагч дураараа ажиллах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн атлаа яагаад янз бүрийн бүлгэмүүд энд тэнд очоод уурхай хаагаад, үйлчилгээний газруудыг сүйтгээд яваад байдаг юм бэ? Энэ дээр хариуцлага тооцдог юм уу? Энэ нь сүүлдээ бахархал шахуу боллоо шүү дээ?

Г.Оюунболд: Дураараа аашлах хэрэг байдаг. Эрхгүй хүмүүс төрийн ажлыг хийгээд яваад байна шүү дээ.

Б.Батзориг: Судлаачийн хувьд хэлэхэд энэ бол үзэгдэл. Хууль сахиулах үйл ажиллагаа хэрэгжихгүй, шударга ёс алдагдахаар, шударга бус үйлтэй тэмцдэг хүмүүс ажлаа хийхгүй болохоор нийгэм супермэн, аалзан хүн, шилийн сайн эрс гэх мэт баатруудыг төрүүлдэг. Шилийн сайн эр бол гэмт хэрэгтнүүд шүү дээ. Хүний малыг хулгайлж бусдад өгдөг. Гэх мэтээр нийгэмд зөвтгөл хийгдээд яваад байдаг. Энэ бол ерөнхийдөө шударга ёсны гажуудал бий болсны илэрхийлэл.

Б.Энхбаяр: Хуулийн нэг кэйс байдаг.

1600 оны үед нэг баян этгээд шүүгчтэй хуйвалдаад Италийн Майкл Кохен гээд тариачин эрийн хоёр адууг үгүй хийсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхтэй заргалдаж явах зуур эхнэр нь нас бараад шударга ёсыг хүсэмжилж эхэлсэн байдаг. Эцэст нь би өөрөө шударга ёсыг тогтоохгүй юм бол өөр хэн ч тогтоохгүй юм байна гээд бослого үймээн гаргасан. Энэ бол болсон явдал. Энэ санаачилгыг нь олон иргэд дэмжээд маш олон айлыг галдан шатааж, олон хүнийг алж хядсан.

Эзэн хаан элч илгээн нөгөө нөхрийг урхидан баривчилж шүүхийн өмнө авч ирсэн. Ингэхдээ энэ том хэргийн сэжүүр болсон хоёр адууг буцаан хамгийн шилдэг хүлгээр төлүүлээд, харин тэр хүнийг айл өрх галдан шатаасан, хүн амины хэрэгт буруутган цаазаар авсан. Энэ шийдвэрийг гаргасан шүүгч индэр дээрээс “Энэ хүн өөрөө шударга ёсыг нийгэмд тогтоох гэж оролдсон. Гэхдээ хуулиас гадуур нийгмийн шударга ёсыг хэн ч тогтоохгүй” гэж хэлээд алх тогшсон. Энэ үг өөрөө орчин үеийн эрх зүйт нийгмийн үнэт зүйл болсон.

 

Таны хэлсэн янз бүрийн бүлгэмийн хүмүүс яагаад хуулиас гадуур аашлаад, өөгшөөд хуулийн хана хэрэм даваад байгаа вэ гэвэл тэднийг дээр нь өөгшүүлдэг төрийн албан тушаалтнууд байгаа юм, шуудхан хэлэхэд. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд! Тэднийг өөгшүүлж болно оо. Гэхдээ эцсийн эцэст хуулийн хана хэрэм тэр албан тушаалтнуудын дээр оршиж байгаа. Энэ хүмүүс хуулийн хана хэрэм давбал тэнд хууль очиж хуулийн цээрлэлээ зохих журмын дагуу үзүүлнэ. Энд эргэлзэх хэрэггүй!

Г.Оюунболд: Хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ таны хэлээд байгаа тохиолдол бүрийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Дуудаад асуудаг. Хариу нь бид санаандгүй тэгсэн, ёстой уучлаарай гээд шалгуулаад явдаг. Гэхдээ энэ үзэгдэл цаашаа хөөсөрвөл уулын уруу өнхөрч буй цасан бөмбөлөг шиг болно.

Б.Батзориг: Тэр хүмүүс одоо жижигхэн байгаа ч гэсэн нэг л цаашаа алхах юм бол ноцтой гэмт хэрэг хийх өндөр магадлалтай байгаа. Учир нь тэд сэтгэл хөөрлөөр яваад байгаа юм. Тэр хөөрөл нь тухайн үеийн нөхцөл байдал өөр нэг сэтгэл хөөрөлтэй тулбал шууд зөрчил үүснэ. Тэр зөрчил цаашаа ямар гал болж өсөхийг хэн ч таах аргагүй.

Ч.Хосбаяр: Энэ бол нийгэмд аюултай үзэгдэл. Яг өнөөдрийн байдлаар дээд шүүхт ирсэн хэрэг байхгүй байна. Хэрвээ шүүн таслах үйл ажиллагаанд ийм хэрэг ирвэл шүүх мэдээж хуулийн дагуу таслан шийдвэрлэж шударга ёсыг тогтооно.

Г.Оюунболд: Анхан шатны шүүх дээр ийм хэрэг зөндөө бий.

Б.Энхбаяр: Ер нь бол эдгээр нөхдүүд хууль хяналтын байгууллагын хяналтад байдаг юм. Манай улсад өнөөдөр яг ийм хэт үндэсхэрхэг чиглэлийн таван байгууллага байдаг. Энэ байгууллагууд бүгд хяналтанд байдаг.

В.Ганзориг: Маш хэрэгтэй чухал мэдээллийг манай үзэгч, уншигчдад өгсөн эрхэм зочиддоо баярлалаа.