SYNDICATE TALK: Финтекийн дайралт
Финтек гэж юу вэ, Монголд wallet буюу сонгодог цахим хэтэвч байна уу, цахим мөнгө гаргах замаар үүрэн операторууд банк санхүүгийн бодит өрсөлдөгч болсон уу, бид дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байна уу, төлбөр тооцооны эрсдэл юу вэ зэрэг сэдвийг хөндсөн манай шинэ дугаар танд хүрч байна. Энэ дугаарт санхүү, технологи, хиймэл оюун ухаан, блокчэйн, олон улсын төлбөр тооцооны дэд бүтцийн компанийн төлөөлөгчид уригдлаа. Нэвтрүүлгийн зочноор “МОСТ Финтек” компанийн гүйцэтгэх захирал А.Сүхдорж, “Ард Кредит” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, “UnionPay International” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Батбилэг, “МобиФинанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал, “Андууд Лаб”-ын гүйцэтгэх захирал М.Эрхэмбаатар нар оролцов.
В.Ганзориг: Төр, хувийн хэвшлийн хийж буй ажлуудаас харахад бид технологийн хөгжлөөс тэгтлээ хоцроогүй гэж харагддаг. Финтек гээд тухайлан яривал үүний ач холбогдлыг нь бүрэн ойлгож амжаагүй атлаа үр дүнг нь бид өдөр тутмын амьдрал дээр шууд болон шууд бусаар хүртээд эхэлжээ. Финтек (Finance ба Technology гэдэг үгний хослол) гэдэг нь технологи дээр суурилсан санхүүгийн бизнес юм уу, эсвэл санхүү дээр суурилсан технологийн бизнес юм уу?
А.Сүхдорж: Финтекийн тодорхойлолтыг энд ярихаас илүүтэйгээр бид зорилгоо тодорхойлмоор байна. Зорилго гээд ярихаар энэ үйлчилгээ хамгийн түрүүнд түргэн шуурхай буюу онлайн байх ёстой. Дараа нь хэрэглэхэд хялбар дөхөм байх ёстой. Өөрөөр хэлбэл, ийм үйлчилгээг хөгшид хөвөөгүй ашиглах бололцоотой байх ёстой. Гуравт, энэ үйлчилгээ хямд төсөр байх ёстой. 2017 онд бид банк санхүүгийн байгууллагуудын мэдээлэл дээр суурилсан судалгаа хийсэн. Банкны заалаар үзүүлж буй үйлчилгээний жилийн өртөг финтекээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд үзүүлж буй яг ижил үйлчилгээний өртгөөс 10.2 дахин өндөр гарсан.
10.2 дахин хямд үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна гэдэг нь disruptive буюу бүтээлч устгалыг хэлээд байгаа юм. Үүнийг бид энд финтекийн дайралт гэж ярилцаж байна. Энэ том өөрчлөлт, технологийн хөгжлийг хүлээж авахгүй бол банк, санхүүгийн байгууллагууд оршин тогтнохгүй.
Финтекийн дайралтыг өргөн нийт таашаан хүлээж авах ёстой. Миний сая хэлсэн гурван нөхцөл магадгүй ард олны хувьд шууд таашаан хүлээн авах нөхцөл нь биш байж магадгүй. Технологи хэчнээн хөгжсөн ч үүнийг нь олон нийт шууд хүлээн авдаггүй эрсдэл байдаг. Тэгэхээр энэ олон хүчин зүйлсийг харгалзан амьдрал дээр хэрэгжүүлэх чухал. Тэгэхгүй бол нэр нь мянга финтек байгаад нэмэр байхгүй. Тэгэхээр бид зорилгоо юу гэж тодорхойлсон юм, тэр зүг рүүгээ явж чадаж байна уу гэдгээ сайтар бодох хэрэгтэй байна.
В.Ганзориг: Та финтек гэдгийг технологи талын ойлголт шүү гэж хэлэх гээд байна. Зөв үү?
А.Сүхдорж: Технологигүй финтекийн ямар ч асуудал шийдэгдэхгүй.
В.Ганзориг: Кэнди (Candy) Монгол банкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авсан. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ Мөнхжаргал захирал аа?
Ч.Мөнхжаргал: Кэнди цахим мөнгөний тусгай зөвшөөрөл Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр шинэ ойлголтыг бий болсон. Үүнийг тайлбарлахын тулд кэндиг анх эхлүүлсэн түүхээ ярих ёстой. 2008 оноос эхлээд Мобиком корпорац цахим мөнгөний бизнесийг эхлүүлж, ирээдүйн хэрэглэгчид зөвхөн гар утсаа ашиглаад бүх төрлийн санхүүгийн хэрэгцээ хангах ёстой юм байна гэж үзээд төслийн багаа байгуулж байсан түүхтэй. Тухайн үед бид “МОСТ” компанитай хамтран ажиллаж байсан. 2010 оноос бид ББСБ байгуулж гар утсан дээр суурилсан төлбөр тооцоо, тэнд байгаа дансыг хэрэглэгчдэд хэрхэн өргөнөөр ашиглуулах вэ гэдэг дээр түлхүү ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ “Моби экспресс” нэртэйгээр цахим мөнгөний үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байлаа. Харин 2014 оноос энэ бүтээгдэхүүн дээрээ ребрэндинг хийж “Кэнди” хэмээн нэрийг нь өөрчилсөн. Түүнчлэн хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд лояалти функцтэй уялдуулсан. Энэ үеэс эхлээд манай цахим мөнгөний үйлчилгээ одоо энд яригдаж буй финтек шинж рүү орсон.
Санхүүгийн үйлчилгээ дээр илүү суурилан, технологио хэрэглэгчдэд хүргэснээр банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын үндсэн үйлчилгээтэй төстэй болж байгаа.
Мобиком корпорац мобайл банк үйлчилгээг санал болгодог. Энэ нь санхүүгийн үйлчилгээ дээр тулгуурлаад технологийг нь бэлдэж өгч буй хэрэг юм. Ингээд эхлэхээр технологи түрүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хүсэлт шаардлагыг технологиор дамжуулаад анализ хийсний үндсэн дээр хэрэглэгчийн эрэлтэд тохирсон санхүүгийн үйлчилгээг санал болгож эхэлж байгаа. Үр дүнд нь технологийн тусламжтайгаар хэрэглэгчийг урьдчилан таних боломжтой болсон бөгөөд хуучин шиг нүүрийг нь улайтал хамаг юмыг нь яриулж, нотлох баримт шаардах хэрэггүй болж байна. Товчхондоо
манай зах зээл 2008 оноос хойш технологийн хөгжлийг ашиглаад хэрэглэгчдэд бусад үйлчилгээг хүргэх чиглэл руу явж эхэлсэн.
Зохицуулах байгууллагууд, хэрэглэгчид, оролцогч талууд бүгд энэ хандлагыг олж харсан. Үр дүнд нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Энд цахим мөнгө гэдэг ойлголтыг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр, биет бус байдлаар зах зээл дээр санхүүгийн үйлчилгээг хүргэх боломжтой гэж анх удаа хуульчилж өгсөн. Энэ хуулийн дагуу бид Монгол банкнаас кэнди цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авч төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр хүргэж байна.
В.Ганзориг: Мобиком корпорац арилжааны банкны бизнес руу орж, тэдний бодит өрсөлдөгч болж байна гэж хэлж болох уу?
Ч.Мөнхжаргал: Шууд утгаараа тийм биш. Банк, банк бус санхүүгийн байгууллага, цахим мөнгөний төлбөр тооцооны хамрах хүрээ тус тусын онцлогтой.
Хуулиа дагаад цахим мөнгөний журмууд гарсан. Эдгээр журмаар цахим мөнгөнд тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьж өгсөн. Тухайлбал, гүйлгээний дүн, дансанд байршуулах мөнгөний хэмжээ, хадгаламж татах боломжгүй байдал гэх мэт. Гэхдээ хэрэглэгч технологийн дэвшлийг ашиглан гар утсаараа санхүүгийн анхан шатны үйлчилгээг авах боломжийг уг хууль бий болгосон. Иймээс зах зээлийн эрэлтийг хангах зорилгоор үйлчилгээгээ хүргэж байгаа юм.
В.Ганзориг: Ард Кредит ББСБ өнөө маргаашгүй IPO хийж, олон нийтэд нээлттэй банк бус санхүүгийн байгууллага болох гэж байна. АРД дижитал банк гээд та хэд яриад байна. Та хэд банк юм уу, ББСБ юм уу, эсвэл технологийн компани билүү? Дижитал банк гэдэг концепцоор яг юуг зарлах гээд байна?
Ч.Ганзориг: Бид өнөөдөр “Ард” дижитал банкинг гээд аппликэйшнээ зах зээлд гаргалаа. Ард Кредит бол Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт дор үйл ажиллагаагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага. Гэхдээ бид өнөөгийн технологийн хөгжлийн давуу талыг ашигласнаар банкны төвшинд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг та бүхний гар утсан дээр аваачин үзүүлэх боломжтой болж байна
. Уламжлалт санхүүгийн байгууллагууд асар их хүний нөөц дээр тулгуурлаж ажилладаг. Хүнтэй холбоотой зардал өндрөөс гадна хүн алдаа гаргах магадлал өндөр байдаг. Харин финтекүүд энэ бүх асуудлыг шийдэж байна. Тухайлбал, хүний зээлийн үнэлгээг автоматаар хийж байна, хиймэл оюун ухаан ашиглагдаад эхэллээ. Энэ хэрээр хүнтэй холбоотой гардаг алдаа багасч, үйл ажиллагааны зардал буурч байна. Үүнийг дагаад яваандаа хүү, шимтгэлийн зардал ч гэсэн буурах ёстой. Сүхдорж гуайн хэлснээр санхүүгийн үйлчилгээ улам бүр амар хялбар болох ёстой. Заавал банкны салбар дээр биеэр очих шаардлагагүй. Таны гар утсан дээр банкны салбар орж ирж байна гэсэн үг.
В.Ганзориг: “UnionPay International” нь виза болон мастер картууд, тэдгээрийн төлбөр тооцооны системтэй дэлхийд өрсөлддөг. Энэ байгууллагын Монгол дахь салбарыг тэргүүлдэг хүний хувьд Монгол Улс финтекийн дайралтад бэлэн үү?
Д.Батбилэг: Манай байгууллага төлбөрийн карт гэхээс илүү Global payment network буюу олон улсын төлбөр тооцоо, санхүүгийн дэд бүтцийн компани юм. Бид олон улсын төлбөр тооцооны стандарт, технологи дээр суурилсан бизнес хийдэг. “UnionPay International” бол финтек компани. Банкуудыг ч гэсэн финтек гэж би хувьдаа хардаг.
Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад банкууд цэвэр технологи дээр суурилаад санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр финтек маягаар ажиллаад эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө нөхцөл байдал өөр байсан. Тэгэхээр би финтек гэдгийг технологи дээр суурилан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг оролцогчдын цогц гэж хэлнэ.
М.Эрхэмбаатар: Сэтгэлгээний ялгаа бидний дунд оршсоор байх шиг санагддаг. Тухайлбал, бичиг цаас, хүн дээр суурилсан уламжлалт хэлбэрээрээ явах уу, эсвэл орчин үеийн технологийн бүх давуу талыг ашиглаад бага зардлаар хурдтай хөдлөх үү гээд. Финтекийн үндсэн үйлчилгээтэй цуг дагалдах үйлчилгээнүүдийг нь арчилж сайн гаргаж ирэхгүй бол салбараараа богино хугацаанд урагшлахад хүнд. Жишээ нь, төрийн зарим үйлчилгээнүүдийг дурдаж болно. Мөн нотариатийн жишээг хэлмээр байна. Хоёр тал гэрээ хийхдээ цаасан дээр буулгаж, түүнийгээ заавал нотариатаар баталгаажуулдаг. Дөнгөж сая л иргэний цахим үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэдэг журам гарлаа. Финтекийн үндсэн үйлчилгээ хэдий сайжирч байгаа ч дагалдаж хийгддэг төрийн болон бусад дэд үйлчилгээнүүд хоцрогдсон хэвээр байна.
В.Ганзориг: Түүхээ эргээд саная. Нэлээд хэдэн жилийн Мобиком, Скайтел хоёр хоорондоо мессеж бичиж болдоггүй байв шүү дээ. Төрийн байгууллага хүчилж байж болгосон. Саяхныг хүртэл банкуудын төлбөр тооцооны систем тусдаа байлаа. Нэг банкны ПОС, АТМ бусад банкны картын хүлээж авдаггүй л байсан шүү дээ. Та нарын тус тусдаа хөгжүүлээд байгаа системүүд надад үүнтэй агаар нэг харагдаад байна. Нөгөө амьдралыг амар хялбар болгоно гэсэн чинь энэ олон ялгаатай системүүд эсрэгээрээ хэрэглэгчдэд дарамт болоод байгаа юм биш үү? Та бүхэн том зургаараа экосистемээ харж байгаа юу. Шийдэл нь юу байна?
А.Сүхдорж: Хэрэглэгч гар утсаараа дүүрэн аппликейшнтэй болсон. Үүнийг яах ч аргагүй. Манай финтекийн хөгжилд саад болж буй амбиц, инерци гэсэн хоёр л зүйл байна.
Үүрэн операторуудын харилцан холболтыг асуудлыг бид шийдсэн. Нэг газар дүүрэн байдаг АТМ, ПОС-ын асуудлыг Монгол банк 2009 онд шийдэж чадсан. Үүнтэй адил энэ системүүдийн харилцан холболтын асуудлыг шийдэж чадвал амбицийг саад тотгор биш хөгжлийн хөдөлгүүр болгон ашиглах бололцоо нээгдэнэ. Үүний тулд төр оролцох эсвэл хувийн хэвшлийнхэн нийлээд төрийн бус байгууллагын шугамаар журамлах уу гэдгийг нэг замаар шийдэх л хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил. Системүүд тус бүрдээ явах хэдий ч хоорондоо холбогдох ёстой. Эцсийн хэрэглэгч хэнийг ч сонгосон үйлчилгээгээ орон даяар авч чаддаг байх хэрэгтэй
.
Ч.Ганзориг: Энэ олон бүтээгдэхүүнээс цөөн хэд нь зах зээл дээр үлдэнэ гэж би харж байгаа. Ирээдүйд хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж өгдөг дэд бүтэц улам хөгжинө. Энэ дэд бүтцийг ашиглан санхүүгийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөх болов уу. Түүнээс биш тус бүрдээ дэд бүтэц байгуулж, түүндээ зориулж хөрөнгө оруулалт хийхээ болино. Компаниуд дэд бүтцээрээ биш үйлчилгээгээрээ өрсөлдөнө гэж харж байгаа.
А.Сүхдорж: Харилцан холболтын асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Дэлхий тэгж л явж байгаа. Инноваци, өрсөлдөөнийг хэн ч хязгаарлаж чадахгүй ч бие даасан системүүд харилцан холбогдож, протоколоо тохирох ёстой.
Ч.Мөнхжаргал: Энэ бол цаг хугацааны асуудал. Кэндигийн хувьд анх хөгжүүлж эхэлж байхдаа зөвхөн мобикомын хэрэглэгчдийн лояалти хэлбэртэй байсан. Гэхдээ системийн сууриа цахим мөнгө хэлбэрээр авч явж ирсэн. Цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авснаар аль ч операторын хэрэглэгч түрийвчиндээ бэлэн мөнгө, банкны карттай явж байгаатай адил Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгттэй дүйцэхүйц үнэ цэнэтэй бэлэн бус төлбөр тооцооны цахим мөнгө ашиглах боломжтой болсон. Үүнийг дуртай газраа хүссэн бүхэн ашиглах боломжийг бид бүрдүүлмээр л байгаа. Харамсалтай энэ бол дан хэрэглэгч талтай үйлчилгээ биш. Цахим мөнгийг төлбөр тооцоонд хүлээн авч байгаа үйлчилгээний байгууллагууд буюу мерчантууд энэ процесст оролцох ёстой. Зарим үйлчилгээний газрууд ашиглахгүй болохоор манай үйлчилгээ хаалттай юм шиг харагдаад байж магадгүй. Үйлчилгээний байгууллагуудын систем онлайн болж технологийн дэвшлийг ашиглавал төлбөр тооцоог цахим хэлбэрээр авахаас өөр сонголтгүй болно.
Нэг эхэлсэн хойно тэд ашиглаж заншина. Иймээс бидэнд багахан цаг хугацаа хэрэгтэй болов уу. Түүнээс биш бие биедээ хаалт тавих явдал энэ салбарт ажиллаж буй байгууллагуудын дунд ажиглагдахгүй байгаа.
Д.Батбилэг: Финтек гээд яривал асар олон үйлчилгээ байгаа. Үүнээс төлбөр тооцооны хэсгийг онцлон товч яръя. Яг одоо Alipay, WeChat Pay гээд QR төлбөр тооцоо Хятадад тэсрэлт болж байна. Зөвхөн Хятадад биш олон улсад энэ системээрээ дамжуулаад гүйлгээ хийх боломжтой болчихлоо.
Энэ нь “UnionPay International”-ын зах зээлд нөлөөлж эхэлсэн. Олон улсын төлбөр тооцооны системийн стандартыг тогтоодог EMV гээд байгууллага бий. Энд виза, мастер, амекс, юнион пэй бүгд нэгдэн орсон. Эндээс санаачилга гараад олон улсын төлбөр тооцооны QR стандартыг өнгөрсөн жил баталсан. Яг одоогийнх шигээ манай финтек компаниудын төлбөр тооцооны систем тусдаа яваад байвал хэдэн жилийн өмнөх шигээ нэг мерчант дээр хэд хэдэн өөр компанийн замбараагүй олон QR кодууд наалттай байдаг болно. Дээрээс нь тэр бүгд зөвхөн Монгол дотроо л гүйлгээ хийх боломжоор хязгаарлагдана.
“UnionPay International”-ын хувьд Монголын зах зээл дээр дотоодын финтек компаниудтай өрсөлдөхгүй, харин хамтарч ажиллана гэдэг чиглэл барьж байгаа.
Өөрөөр хэлбэл, бид Монголын финтек компаниудтай хамтраад олон улсын EMV стандартын QR-ыг хэрэгжүүлж болно. Бид Монголд хийж байгаа гүйлгээнээс ямар нэг шимтгэл авахгүй ба зөвхөн олон улсад хийж буй гүйлгээн дээр шимтгэл яригдана. Тэгэхээр манай финтек компаниуд зөвхөн Монгол дотроо төлбөр тооцоо гүйцэтгэхээс гадна дэлхийд гарах боломжтой болно. Түүнчлэн гаднын QR кодтой олон улсын хэрэглэгчид Монголд ирээд манай финтек компаниудын систем, дэд бүтцээр үйлчлүүлэх боломж нээгдэх юм шүү.
В.Ганзориг: Финтекээс болоод ирээдүйд төлбөрийн хуванцар карт хэрэглээнээс гарах, устаж алга болох “эрсдэл” олон улсын хэмжээнд байна уу?
Д.Батбилэг: Түрүүн хэлсэнчлэн “UnionPay International” бол төлбөрийн картын байгууллага биш. Бид технологи дээр суурилсан төлбөр тооцооны байгууллага. Төлбөрийн хуванцар карт манай нэг үндсэн бүтээгдэхүүн мөн. Манай байгууллага олон улсын төлбөр тооцооны дэд бүтэц институт юм. Тэр утгаараа дэлхий нийтийн чиг хандлагыг судлаад манай инновацийн газраас QR стандарт, цахим хэтэвч, биометрик төлбөрийн дэд бүтэц дээр илүү анхаарч ажиллаж байна.
В.Ганзориг: Блокчэйн, хиймэл оюун ухаан дээр суурилсан бизнес хийдэг хүний хувьд Эрхэмбаатар захирлын компани эдгээр тоглогчдыг холбодог холбоос нь болов уу гэж бодож байна. Цахим төлбөр тооцооны нэгдсэн экосистем бүтээх чиглэлд хийж буй ажил байна уу?
М.Эрхэмбаатар: Бид ажиллаж байгаа. Ид явж байгаа нэг төслийн талаар мэдээлэл өгье. Бүх үйлчилгээний ард контракт, гэрээ дагалдаж явдаг. Хэрэглэгч өөрийгөө батлаад, үйлчилгээ авах хүсэлтээ явуулсны дараах процесс нөгөө л цаасаараа явдаг хэвээр байгаа. Нөгөө л төрийн байгууллагууд дээр очих ёстой хэвээр байна. Блокчэйн технологи энэ бүх асуудлыг шийдсэн. Онлайнаар бичиг баримт баталгаажуулах, цахим гэрээ хийх, энэ бүгдийг блокчэйн дээр баталгаажуулах үйлчилгээг гарган ид туршиж байна.
Гэрээний процесс хурдан болвол цахим үйлчилгээний хурд шууд нэмэгдэнэ. Энэ үйлчилгээ байхгүй болохоор хэрэглээ байхгүй мэт харагддаг. Төр, хувийн хэвшил жаахан манлайлахад л цахим үйлчилгээ дороо л ард нийтийн хэрэглээ болно. Гар утсан дээрээ хэдхэн товч дараад л замын түгжрэл, утаа, бичиг цаасанд зарцуулдаг цаг, мөнгөө хэмнэж, стресснээс салах боломжтой юм байна гэдгийг бид харуулахыг зорьж байгаа.
Ч.Ганзориг: Уг нь цахим гарын үсгийн тухай хууль гарсан байгаа. Гэхдээ энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа. Хүн бүр тусгай төхөөрөмж заавал авах ёстой. Тэр төхөөрөмжийг нь ард иргэдэд хэрхэн тарааж, үнэ өртгийг тогтоох гээд асуудал байгаа. Уг нь хууль эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Харин үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшил хамтран ажиллах ёстой. Финтекийн хамгийн тулгамдсан асуудал бол зайнаас гэрээ хийх ажил яах аргагүй мөн.
Хур, дан гээд төрийн цахим үйлчилгээнүүд гарсан ч Дан систем рүү орж хүн мэдээллээ авах үед зайлшгүй цахим гарын үсэг хэрэгтэй. Цахим гарын үсгийн хэрэглээг шийдэж чадвал нотариатийн үйлчилгээ шаардлагагүй болно.
В.Ганзориг: Цахим хэтэвч буюу Wallet гэж яг юу юм бэ? Монголд цахим хэтэвч жинхэнэ утгаараа байна уу?
А.Сүхдорж: Цахим хэтэвчний талаар янз бүрийн олон тодорхойлолт байдаг. “МОST money” 2012 онд үйлчилгээнд нэвтэрч олон түмний хэрэглээ болж чадсан цахим түрийвч. Манай энэ үйлчилгээнд Wallet гэдэг тодорхойлолтод орсон функцуудаас гадна ороогүй олон бүтээгдэхүүнүүд бий. Энэ утгаараа бид финтекийн хөгжлөөр дэлхийд дээгүүр явж байгаа. Бид цахим түрийвч гэдэг тодорхойлолтоос хамаагүй өргөн хүрээнд асуудалд хандаж байна. Хүн өөрийн халаасанд байгаа гар утсаараа хүссэн үйлчилгээгээ авахыг хүсдэг. Иймээс цахим хэтэвчний тодорхойлолт, боломжийн хувьд ямар нэг хязгаар байх ёсгүй. Хүний хүссэн бүхий л үйлчилгээг гар утас руу нь оруулах ёстой.
В.Ганзориг: Та Мостмони (MOST Money)-г цахим хэтэвч гэж тодорхойлж байна уу?
А.Сүхдорж: Тийм. Бүр “more than wallet” буюу цахим хэтэвчнээс илүү бүтээгдэхүүн гэж хэлнэ.
Ч.Мөнхжаргал: Бид ч ялгаагүй “Candy Pay”-г цахим хэтэвч гэж ярьж байгаа. Миний хувьд ямар ч хэлбэрээр бэлэн мөнгө биедээ авч явахаа больсон. Цүнхэнд явдаг түрийвчний хэмжээ улам жижиг болж байгаа. Гэхдээ уламжлалт хэтэвчийг орлох бүхий л зүйлийг цахим хэтэвч орлох хараахан болоогүй байна.
Уламжлалт хэтэвчийг огт хэрэглэхгүй гар утсаараа төлбөр тооцооны асуудлаа шийдээд явдаг болсон цагт сонгодог цахим хэтэвчтэй болсон гэж үзнэ.
Иймээс цахим хэтэвч манай нөхцөлд төгс хэлбэр рүүгээ очих арай болоогүй байгаа. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.
Ч.Ганзориг: 2011 онд биткойн анх гарч ирж байх үед wallet буюу цахим түрийвч гэдэг нэршил анх үүссэн. Үүнээс хойш интернет банк, мобайл банк гэж ярьдаг байсан финтекүүд энэ нэр томьёог хэрэглэж эхэлсэн. Цахим хэтэвчний сонгодог тодорхойлолтыг хэлэхэд хэцүү. Миний харж байгаагаар манай финтекүүдийг гаргасан аппликейшн цахим хэтэвчнээс даваад явчихсан. Тухайлбал,
гар утсаараа дэлгүүрээс худалдан авалт хийхээс гадна зээл авах, криптовалютаа хянах, хувьцааны арилжаанд оролцох, бусад хөрөнгө оруулалтаа удирддаг болсон
. Өөрөөр хэлбэл, wallet гэдэг үгний утгаас хэдийн давсан. Ард Кредит ББСБ-ын аппликейшн буюу цахим түрийвч саяхан нээлтээ хийлээ. Гар утсаа ашиглан харилцах, хадгаламжийн данс нээлгэх, лояалти хөтөлбөрт хамрагдах, хувьцаа, криптовалютын арилжаанд орох, зээл авах, тэтгэврийн сангаа хянах, дэлгүүрээс худалдан авалт хийх зэрэг маш олон боломжийг харилцагчиддаа өгч байгаа. Бид үүнийг All in one буюу санхүү, төлбөрийн бүхий боломжийг нэг дороос гэж ярьж байгаа.
А.Сүхдорж: Нэг зүйлийг бид сэтгэл зүйн хувьд хүлээн авах ёстой. Санхүүгийн үйлчилгээг технологи, интернет, гар утсаар дамжуулан хүргэх тухай ярьдаг. Одоо бид шал өөрөөр ярьж эхлэх хэрэгтэй. Санхүүгийн үйлчилгээг технологиор дамжуулан авч байгаа, авах ёстойг бид стандарт болгох ёстой.
Үүндээ хэвших хэрэгтэй. Банкны салбар дээр очиж санхүүгийн үйлчилгээ авдаг соёлыг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, банкин дээр биеэрээ очин гар утасны үйлчилгээ авах эрхээ нээлгэдэг баймааргүй байна. Үндсэн суваг нь дижитал байх ёстой.
Д.Батбилэг: Бодит буюу биет түрийвчинд байдаг бүх зүйлс цахим түрийвчинд байдаг болсны дараа сонгодог утгаар нь цахим хэтэвч гэж ярих ёстой. Энэ зүйл Монголд хөгжлийнхөө эхний шатанд явж байна. “UnionPay International”-ийн хувьд цахим хэтэвч гэхээс илүү QR стандарт, төлбөр тооцоо дээр суурилсан аппликейшн гаргасан. Энэ аппликейшн одоо 100 гаруй сая хэрэглэгчтэй. Бид гишүүн банкуудтайгаа хамтран энэ үйлчилгээгээ дэлхийн бусад улсуудад нэвтрүүлж байгаа. Энэ аппликейшнийг шууд хэрэглэхээс гадна зарим банкууд өөрсдийн мобайл банкны аппликейшн дээрээ нэмэлт функц байдлаар оруулж байгаа.
М.Эрхэмбаатар: Банк иргэдэд данс нээгээд мөнгийг нь өөр дээрээ хадгалдаг. Криптовалют эсрэгээрээ төвлөрсөн бус системээр ажилладаг бөгөөд хүн өөр дээрээ мөнгөө авч явдаг. Үүнээс үүдээд wallet буюу цахим хэтэвч гэдэг үг моданд орсон болов уу.
В.Ганзориг: Финтек гээд ярихаар хувь хүний нууцлал, кибер гэмт хэрэг гээд эрсдлүүд хөндөгддөг. Та бүхэн өөрсдийн систем дээрээ энэ эрсдэлийг яаж хаадаг вэ?
А.Сүхдорж: Грэйп Сити, Мост Финтек компаниуд Монгол Улсын банк санхүү, төлбөр тооцооны салбарын мэдээллийн технологийн хөгжлийн нүүр царай болоод явж байгаагийн хувьд энэ асуудалд хамгийн их анхаардаг. Монголын арилжааны банкуудын түүх бидэнд цуг явж ирсэн. Гэхдээ эрсдэл бий. Эрсдэлээс хамгаалахын тулд нийтлэг стандарт гаргаж, аудит хийж, лиценз олгодог хэлбэр рүү Монгол Улс удахгүй орох байх. Өөр арга байхгүй. Олон улсын шаардлага нь ч ийм байдаг.
Ч.Мөнхжаргал: Энэ их эмзэг асуудал. Байгууллага дотор байгаа дата мэдээлэл нэг хэрэг. Харин үүнийг бусдад дамжуулах үеийн хууль эрх зүйн орчин манайд төдийлөн бүрэлдээгүй байгаа. Төлбөр тооцооны хэрэгсэл дундын дэд бүтэц мэт боловч бусад үйлчилгээний байгууллага, хэрэглэгчидтэй харилцахдаа бид мэдээллийг нууцалж явуулдаг.
Технологийн давуу тал бол хэрэглэгчийн харьцдаг газрууд, ордог байгууллагууд, хийсэн үйлдлүүдийг бүртгэж аваад ойлгож чаддаг. Бусдад тайлбарлах шаардлагагүй болтол технологи хэрэглэгчийг таньж чаддаг болсон. Хэрэглэгч үүнийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Хоёр хүн хоорондоо санхүүгийн гүйлгээ хийсэн энэ хоёр хүний хооронд мэдээлэл дамжина. Харин энэ мэдээлэл гуравдагч этгээдэд очихгүй байх бүх нөхцөлийг бид системийн болон хуулийн хүрээнд хамгаалдаг.
Кэнди цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авахын тулд бид мэдээллийн системийн аюулгүй, тасралтгүй, найдвартай байдлыг хангах Монголбанкны маш өндөр шалгуур, шаардлагыг давсан. Нэмээд олон улсын байгууллагаар аудит хийлгэж ISO стандартын гэрчилгээ авсан. Иймээс дотоод үйл ажиллагаа, өөрсдийн систем, нэмээд хуулиараа хэрэглэгчдийн эмзэг гэж нэрлэгддэг мэдээллийг хадгалж хамгаалдаг.
Ч.Ганзориг: Харилцагч талаас нь нэмээд хэлэхэд өөрсдийн пин код, нэвтрэх нэрийг маш сайн хадгалах хэрэгтэй. Нэмээд хэрэглэгч цахим гарын үсэг хэрэглээд эхэлбэл үүнийгээ бас өөрсдөө хамгаалах үүрэгтэй болно. Манай харилцагчид энэ тал дээрээ жаахан сул, хайнга харагддаг.
Д.Батбилэг: Бид дээр дурдсан EMV, EMV чип, EMV QR стандартыг мөрдөж ажилладаг. Энэ системээр мэдээлэл, санхүүгийн гүйлгээ өндөр нууцлалтайгаар токеноор дамжин явагддаг. Мөн картаар үйлчлэгч байгууллага бүрт эрсдэлийн удирдлага, харилцагчийн гомдол маргаан шийдвэрлэх систем ажилладаг. Өнөөдрийн байдлаар WeChat, Ali Pay-ийн QR төлбөр тооцооны систем тодорхой хэмжээний эрсдэл байна гэж тооцогдож байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартад хараахан ороогүй гэсэн үг. Иймээс Хятадын төв банк, Санхүүгийн зохицуулах байгууллагуудаас журам гарган мөрдүүлж ажиллаж байгаа. Энэ журмын дагуу нэг удаагийн гүйлгээний дүнд хязгаар тавих, эхний ээлжид Хятад дотроо зөвхөн UnionPay International-ийн сүлжээгээр гүйлгээ хийх гэх мэт зохицуулалтууд ажиллаад эхэлсэн. WeChat, Ali Pay, UnionPay International хамтраад цахим төлбөр тооцооны аюулгүй байдлын хөгжүүлэлт дээр ажиллаж байна гэсэн үг.
М.Эрхэмбаатар: Онлайн ертөнц хоёр туйлд хуваагдсан. Facebook, Google зэрэг компаниуд хэрэглэгчдийг мөшгөж байна гэж үздэг.
Үүнийг технологийн ул мөр гэж ярьдаг. Энэ бүхэн хувь хүний мэдээлэл учраас нууц байх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Ийм хүмүүст зориулсан үйлчилгээ эхнээсээ гараад эхэлсэн байна. Энэ өөрөө дэлхий даяар хамгийн маргаантай асуудалд тооцогдсон хэвээр байгаа.
В.Ганзориг: Маш хэрэгтэй чухал мэдээллийг манай үзэгч, уншигчдад өгсөн технологи, санхүү, төлбөр тооцоо, үүрэн холбооны операторын салбарын эрхэм зочиддоо баярлалаа! Товч дүгнэхэд, технологийн дэд бүтэц бидэнд хангалттай байгаа юм байна. Бид дэлхийн хөгжлөөс хоцроогүй юм байна. Тодорхой хэмжээний хэрэглээ үүсээд эхэлсэн юм байна. Харин хэрэглэгч бид өөрсдөө илүү ухаалаг, илүү хариуцлагатайгаар финтекийн үйлчилгээг авах ёстой юм байна гэж бодогдлоо. Бүгдээрээ хариуцлагатай ухаалаг хэрэглээгээ хэвшүүлье.