SYNDICATE TALK: Нийгмийн энтрепренершип

Б.Болор-Эрдэнэ
2019-04-04 06:12

Зориг сан, Америкт төгсөгдчийн холбоо, АНУ-ын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан “Social Entrepreneurship Bootcamp хөтөлбөрийн хүрээнд манай шинэ дугаар бэлтгэгдлээ. Энэ дугаараар бидний дунд ид трэнд болоод буй нийгмийн энтрепренершип гэж юу болох, уламжлалт бизнесээс юугаараа ялгаатай, яагаад дэлхий даяар энэ ойлголт хүч түрэн орж ирэв, Монгол болон дэлхийн кэйсүүдийг хэлэлцлээ. Нэвтрүүлгийн зочноор “MMCG” компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ, “Educated” энтерпрайзийг үүсгэн байгуулагч О.Энхзул, “Ньюком” группын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон, “Unread”-ийг үүсгэн байгуулагч А.Ундрал нар оролцлоо.

В.Ганзориг: Сошиал энтрепренер гэдэг үг сүүлийн үед моданд оржээ. Ер нь бизнесмэн хүн болон сошиал энтрепренер хүний ялгаа юу юм бэ?

Д.Бум-Эрдэнэ: Нийгэм, соёл, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилготой, ашиг олж болохуйц бизнесийн загварыг сошиал энтерпрайз гэж нэрлэдэг. Ийм аж ахуйн нэгжийг удирдан авч яваа хүнийг сошиал энтрепренер гэдэг. Энгийнээр хэлбэл, зөвхөн ашиг олохын төлөө ажиллаж буй хуулийн этгээдийг компани гэдэг бол нийгмийн асуудлыг шийдэх зорилготой ажиллаж буй ашгийн төлөөх байгууллагыг сошиал энтерпрайз гэж болно

В.Ганзориг: Заавал компани байх албагүй биз дээ?

Д.Бум-Эрдэнэ: Албагүй. Төрийн бус байгууллага гээд хэлбэр нь ямар ч байж болно.

О.Энхзул: Хүн төрөлхтний хөгжил, аж үйлдвэрийн нэг, хоёр, гуравдугаар хувьсгалын үед үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниуд мөнгөн ашгийг эн тэргүүнд тавьдаг байсан. Гэтэл энэ мөнгөн үр ашгийг хүртэгч нийгэм, тогтвортой хөгжлийн асуудал хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн тэгш боломж, баян ядуугийн ялгаа гэх мэт нийгэм, эдийн засаг, байгаль орчны том асуудлууд үүссэн. Нийгмийн энтрепренершип гэдэг ойлголт дөнгөж шинээр гарч ирж буй зүйл биш. 1970-аад оноос эхлэн аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үр дүнг дүгнэх үеэс эхлэлтэй. Хүмүүс машин шиг ажиллаж байгаа хэрнээ юуны төлөө ингэж ажиллаж буйдаа асуулт тавьж эхэлсэн. Энэ үеэс эхлэн АНУ-ын тэргүүлэх судалгааны байгууллагууд нийгмийн энтрепренершип гэдэг ойлголтыг судалж эхэлсэн. 1980 онд гэхэд энэ ойлголт төр, нийгэм, хувийн гэсэн гурван салбартай болсон. Түүнчлэн энэ гурвыг холбож байдаг Impact economy буюу үр ашигт бус үр нөлөөнд суурилсан эдийн засаг гэсэн ойлголт үүссэн. Энэ орчилд түүчээлэн оролцож буй хувь хүмүүсийг нийгмийн энтрепренер, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн энтерпрайз гэж нэрлэдэг.

Үр ашигт суурилж ажилладаг хүнийг бизнесмен гэдэг бол үр нөлөөг чухалчилж ажилладаг хүнийг нийгмийн энтрепренер гэдэг. Мөн

бизнесмен хүн боломж хайж явдаг бол энтрепренер хүн өөрөө шинэ боломжийг бий болгодог.

 Гол ялгаа нь энэ. Харин нийгэм, эдийн засаг, байгаль орчны бүх асуудлыг нийгмийн энтрепренер хүн гэдэг ойлголт дээр багтааж чадаж байгаа юм уу гэдэг маргаан байдаг. Энэ утгаараа нийгмийн буюу сошиал энтерпрайзийг Impact venture гэж бас нэрлэдэг. Уламжлалт бизнестэй харьцуулбал эдгээр хүмүүс асуудлыг хайж олоод өөрсөддөө болон нийгэмд хэрэгтэй шинэ боломжийг өөрсдийн гараараа бий болгодог. Ердийн бизнесменүүд байгаа боломжийг тултал ашиглахыг эрмэлздэг. 

Э.Орчлон: Нийгэмд тодорхой хэмжээний хэрэгцээ үргэлж байдаг. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бизнес үүсч, анхны компаниуд төрсөн түүх байдаг. Тухайлбал, тосгоныхоо талхны хэрэгцээг хангах зорилгоор цех байгуулж бизнесээ эхлүүлэх гэх мэт. Компани үүсгэн байгуулахын тулд тухайн хүн бизнесийн эрсдэл үүрч өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргах ёстой болдог. Энэ эрсдлийг давж туулсны дараа ашиг хүртэх эсвэл алдагдал хүлээх гэдэг онол дээр суурилсан тогтолцоо шүү дээ. Одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй эртний компаниудыг би сонирхож үзлээ. Тэдгээрийн ихэнх нь буюу 300, 400 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компаниуд Японд байдаг юм байна. Хамгийн ууган компаниудын ихэнх нь барилга эсвэл зочид буудлын бизнесийн салбарт байна лээ. Эндээс тухайн үеийн болон одооны нийгмийн хэрэгцээг бид тольдож болно. Өөрөөр хэлбэл, ажиллаж амьдрах барилга үргэлж манай нийгмийн суурь хэрэгцээ байсаар л байна гэсэн үг.

Нийгмийн энтрепренер ашгийн төлөө ажиллах ёсгүй гэдэг ойлголт Монголд мэр сэр байх шиг байдаг. Үүнийг би буруу гэж боддог. Бизнесмен, энтрепренер, нийгмийн энтрепренер хүний ялгаа тэд бизнесээ хэр урт хугацаанд харж байна гэдэг дээр харагддаг. Бизнесмен хүний нийтлэг төрх бол бэлэн байгаа зах зээлийг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ дор хаяж хоёр нугалж зараад таван жилийн дотор өөртөө үр өгөөж гарах байдаг.

Ихэнх бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын өгөөж харж буй хугацаа нь 5-10 жил байдаг. 10 жилийн дараа энэ бизнес ашигтай байж чадахгүй ээ гэвэл тэд хөрөнгө оруулалт хийдэггүй.

Харин энтрепренер хүн энэ хугацааг хамаагүй уртаар хардаг. Зах зээл нь бүрэлдээгүй ч хандлага зөв зүгт явж байгааг мэдэрсэн тэд 10-20 жилийн дараах үр нөлөөг харж эрсдлээ үүрэн алсын хараатай шийдвэр гаргадаг. Үүнээс цаашихийг хардаг, мундаг тасархай хүнийг би нийгмийн энтрепренер хүн гэж боддог. Бизнес дээр ингэж хувьсал явж байна. Сошиал энтрепренер хүн дээр нэмж хэлэхэд аливаа бизнес байгаль орчин, нийгэмд ээлтэй байж гэмээнэ ирээдүйд буюу 20, 30, 40, 50 жилийн дараа үр нөлөө, үр ашиг нь баталгаажих юм байна гэдгийг ойлгосон байдаг. Өөрөөр хэлбэл богино хугацаанд баяжих боломж байгаа ч урт хугацаанд бизнес нь тогтвортой явахгүй юм байна гэдгийг харж ойлгоод шийдвэр гаргаж чаддаг хүмүүс юм. Сошиал энтрепренер мөнгө олно. Гэхдээ олж буй мөнгөний урсгал нь бизнесийн концепц дээрээ суурилдаг. Үндсэн бизнес нь ашиг олж чадахгүй бол нийгэмдээ хичнээн туслая гээд хэн ч чадахгүй шүү дээ.

Amazon гээд компанийг бид мэднэ. Старт ап буюу жаахан компаниар эхэлдэг хүнийг энтрепренер, том компани болохоор бизнесмен болж хувирдаг гэсэн бас нэг ойлголт яваад байдаг. Миний хувьд Амазоныг үүсгэн байгуулагч Jeff Bezos энтрепренер, тэр дундаа сошиал энтрепренер хүн. Өнгөрсөн жил гэхэд л компаниасаа авсан ногдол ашиг болох хоёр тэрбум долларыг Blue Origin гээд сансар судлалын төсөлд оруулсан. Зорилго нь 30, 40 жилийн дараа хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэгнэж, бусад гараг руу аялах нь тодорхой юм байна. Иймээс үүнд одооноос бэлдэж би хөрөнгө оруулах ёстой гэж бодсон нийгмийн энтрепренер хүний тод жишээ болов уу.   

А.Ундрал: Бүгдтэй нь санал нийлж байна. Тухайн бизнесийн үр дүн, нөлөөг юугаар, яаж хэмжиж байна вэ гэдгээр нь бизнесмен ба сошиал энтрепренер хүнийг ялгах боломжтой. Хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнэ, хувьцааны үнэлгээ, өгөөжийг хамгийн өндөр төвшинд байлгах шалгуураар бизнесийг хэмждэг. Харин сошиал энтерпрайзийг орлогоор нь шууд хэмжин үнэлдэггүй. Тухайлбал, Blue Origin гээд сансар судлалын төсөлд үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд л асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Харин энэ төслийг нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, ажлын байр зэрэг мөнгөн бус өөр хэмжүүрээр үнэ цэнийг нь хэмжиж байна. Энэ утгаараа сошиал энтрепренершип гэдэг нь төвөгтэй ойлголт. Үүнийг яг таг тодорхойлсон тодорхойлолт одоо хүртэл байхгүй л байна. Зорилго, хэмжүүрээсээ хамаараад салбар бүр дээр өөр өөрөөр ойлгогддог.

Д.Бум-Эрдэнэ: Орчлон захирал нийгмийн гэхээр л ашиг олох ёсгүй гэж бид боддог буруу шүү гэж хэлсэн. Энэ бол маш чухал ойлголт. Манай найзын эхнэр гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан номын сан байгуулсан. Энэ төвийг ажиллуулахын тулд цахилгаан, ахуйн зардал гээд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх шаардлагатай болсон. Урсгал зардлаа нөхөх орлоготой ажиллах гэхээр хүүхдүүдийн нэр барьж баяжих гэлээ гээд хүмүүс буруугаар хэлсэн байдаг. Нийгмийн асуудлыг мөнгө ярихгүйгээр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Аливаа төсөл үйл ажиллагаагаараа ашиг орлого олоод, түүнийгээ буцаад өөртөө хөрөнгө оруулалт хийснээр урт хугацаанд тогтвортой ажиллаж, нийгмийн асуудлыг тогтмол шийдэж явах боломж бүрддэг. Ийм төслүүд бизнес талаасаа амжилттай явах тусмаа л нийгмийн асуудлуудыг сайн шийдэж чаддаг. Үүнийг л манай үзэгч, уншигчид маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Энэ манай нэвтрүүлгийн гол зорилго нь байгаа болов уу.

Мөн Ундралтай санал нийлж буй зүйл нь яг энийг сошиал энперпрайз гэнэ, эсвэл чи бол энтрепренер биш гэж ярих нь утгагүй. Гол нь нийгмийн асуудлыг шийдэх зорилго байх ёстой. Гэхдээ асуудлыг шийдэхийн тулд бид бүгдээрээ гудамжинд гараад хүүхэд болгонд бэлэг тараагаад явах ёсгүй. Харин өөрсдийн хийж буй бизнесийнхээ хүрээнд нийгмийн ямар асуудлыг шийдэж болох вэ гэдгийг харж чадаж буй хүнийг нийгмийн энтрепренер гэх болов уу. Ашиг гээд ярихаар бид дандаа бусдаас авах юмаа л боддог. Харин бусдад өгөх талын юмаа түрүүлж бодож чаддаг хүнийг сошиал энтрепренер гэж хэлэх ёстой. Нийгэмд хэрэгтэй, бусдад өгөх ажил хийж байгаа хүний бүтээгдэхүүн, үйлчилгээг угаасаа хүмүүс дуртайяа мөнгөө төлөөд л авна.   

Хэт нийгэм рүү хандсан загвар бас бий. Энэ бол Билл Гэйтсийн сан. 00-ийн асуудлыг шийдэхээр багагүй хүч, хөдөлмөр зарцуулан ажиллаж байна. Харин Элон Маск уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд арилжааны зорилгоор цахилгаан машин болох Теслагаа хийж байна. Энэ мэтээр кэйс бүрээр яривал бидний яриа улам сонирхолтой болохоор байна.

В.Ганзориг: Бидэнд яагаад сошиал энтерпрайз хэрэгтэй вэ гэдэг асуултад зочид маань хариуллаа. Учир нь тэд шинэ боломжийг бий болгодог аж. Хартай асуулт байна. Угаасаа зах зээл нь ханасан, боломжууд нь дуусах шахсан өндөр хөгжилтэй орнууд энэ нэр томъёог ашиглаад хөгжиж буй орнуудын зах зээлийг эзлэх санаа яваад байгаа юм биш байгаа?

О.Энхзул: G8 гэгддэг өндөр хөгжилтэй орнууд даяар үр нөлөө үзүүлэх ажлын хэсгийг 2000 оны сүүлээр хамтраад байгуулсан. Мөн мянганы хөгжлийн зорилтууд, тогтвортой хөгжлийн 17 зорилтуудыг НҮБ-ын 193 улс баталсан. Эдгээрийн нэгтгээд дүгнэвэл сошиал энтерпрайз цаг үеийн шаардлагаар гарч ирж байна гэж би боддог. Энд дурдсан асуудлуудын зарим нь хөгжилтэй гэхээс илүү хөгжиж буй улсуудын эн тэргүүний тулгамдсан асуудлууд байдаг. Орчлон захирлын хэлсэн нэг зүйлтэй би санал нийлэхгүй байна. Тэр нь сошиал энтрепренерууд заавал 40, 50 жилийн дараахийг заавал харах албагүй. Мэдээж алсын зорилготой байх ёстой ч үр дүнг нь заавал тэр хойно үзэх албагүй. Би боловсролын салбарт ажилладаг сошиал энтрепренер. Яг энэ ойлголтыг Монголдоо, Азийн бусад улсуудад ойлгуулах, хэрэгжүүлэх тал дээр нилээд идэвхтэй ажиллаж байна. Уламжлалт ойлголтоор тусдаа явсаар ирсэн төрийн, хувийн, нийгмийн гурван салбарын холбож, дундын хамтын ажиллагааг хангаж ажиллаж байна.

Өндөр хөгжилтэй орнууд нөөцийн хувьд илүү боломжтой тул нийгмийн энтрепренершипийн судалгаа, хэрэгжилтийн тал дээрээ арай түрүүлж алхаж байгаа. Гэхдээ хөгжиж буй орнуудад хамгийн их сошиал энтерпрайз байгуулагдаж байгаа. Учир нь энэ бүс нутагт л хамгийн их асуудал байна гэсэн үг. Эдгээр улсуудад бүр Social Business School буюу Нийгмийн Бизнесийн Сургууль хүртэл байгуулагдсан. Асуудлаа боломж гэж харах байдлаар сэтгэлгээгээ өөрчилж чадвал Монгол Улс нийгмийн энтерпрайзаар дэлхийд тэргүүлэх улс болох боломжтой.

Э.Орчлон: Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын 70-80% нь хүссэн хүсээгүй сошиал энтерпрайз гэж би бодож байна. Учир нь бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтэц нь өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хараахан очоогүй, төлөвшөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компани цөөн байна. 2010 онд хүртэлх Монголын хамгийн том сошиал энтерпрайзийг би Мобиком корпораци гэж боддог. Учир нь 1994 үүсгэн байгуулагдснаас хойш 15 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчддээ ямар ч ногдол ашиг тараагаагүй. Энэ хугацаанд бүх ашиг, орлогоо сүлжээгээ сайжруулах, Монгол хүн бүрийг үүрэн холбоогоор хангахад зориулсан. Гэхдээ Мобиком анхнаасаа ашгийн төлөө байгуулагдсан бизнес. Бид заавал нийгмийн тэр бүлгийг дэмжинэ, эсвэл ашгийнхаа тодорхой хувийг бусдад хандивлана гэдэг байдлаар нийгмийн асуудлыг шийдэх албагүй. Иймээс сошиал энтерпрайзийг шууд тодорхойлоход хүнд гэдэгтэй санал нэг байна. Ямар ч бизнес нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж байж л оршин тогтноно. Иймээс аливаа бизнесийн зарчим нийгмээ сайжруулах эрхэм зорилготой байх ёстой. Олон хүнд бизнесийн эерэг нөлөөгөө хүргэхийн тулд тухайн бизнес өөрөө томрох ёстой. Бизнес томрохын тулд мөнгөн урсгалын орлого нь хангалттай, эерэг байх ёстой. 1994 онд анх Мобиком байгуулагдаж байхад Монголын харилцаа холбооны зах зээл ингэж тэлнэ гэж хэн ч бодож байгаагүй. Гар утас тухайн үед 100 ам.доллар, сарын төлбөр 50 ам.доллар байсан шүү дээ. Сошиал энтерпрайз томорч байж л олон нийтэд үр дүн нь улам хүртээлтэй очдог.

Би хувьдаа тухайн бизнест хэр их мөнгө эргэлдүүлэх боломжтой вэ гэдгийг эхэлж харахыг хичээдэг. Намайг их сургуулиа төгсөж байхад сошиал энтрепренершип гэдэг ойлголт ид мода болж байсан. Оюутан болгон шахуу сургуулиа төгсөөд л шууд нийгмийн энтрепренер болно гэж ярьдаг байсан. Ингэж тренд хөөж бизнес эхлэх нь буруу. Эсрэгээрээ зөв бизнесийн санааг эхэлж олоод, түүнийгээ тогтвортой авч явах, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх загвараа гаргах хэрэгтэй. Ингэж чадвал энэ өөрөө нийгмийн энтерпрайз болно.   

А.Ундрал: Нийгмийн энтрепренершип гэдэг ойлголт анх гарч ирсэн, мөн тренд болж байсан үетэй өнөөдрийн нийгэм, хөгжлийн хурдцаа харьцуулж харах ёстой. Мэдээллийн урсгал, технологийн нөлөө, хөгжлийн үе шатуудыг том зургаар нь харвал таван жилийн өмнөх нөхцөл байдлыг хүртэл өнөөдөртэй харьцуулах боломжгүй шахуу болсон. Бид асар хурдацтай өөрчлөгдөж байна. Иймээс сошиал энтрепренершип гээд ярихаар энэ бүх хөгжлийн зааг байхгүй болж байна миний хувьд. Өөрөөр хэлбэл, Монгол эсвэл АНУ-д байхаас үл хамааран бидний авч буй мэдээллийн урсгал улам бүр нэг болж байна. Иймээс бид асуудлыг харах тэгш боломжтой болж байна. Энэ хэрээр нийгэмдээ хувь нэмэр оруулах сэдлийг хүмүүст жигд өгч байна. Энэ сэдлийг бодит ажил хэрэг болгох арга хэрэгслүүд нь бараг гар дор бэлэн байдаг болсон. Боломжгүй гэж боддог байсан бүхнийг боломжтой болгох технологийн хөгжил дэвшил хүн бүрийн өмнө нээлттэй байна. Нийгмийн энтерпрайзийг би Social oriented буюу Нийгэм төвтэй бизнес гэж хэлмээр санагддаг. Ийм бизнесүүд байж гэмээнэ хөгжиж буй орнууд хөгжилтэй орны жишиг рүү явдаг байх гэж би боддог. Бизнесийн тэлэлт хийхгүй л бол хичнээн сайхан зүйлс яриад хүмүүст хүргэхэд хүнд. Нөгөө талаасаа хэрэглэгчид хүлээж авахгүй л бол мянга гоё ажил хийгээд ямар ч нэмэргүй. Иймээс нийгэм рүү чиглэсэн ажил, бизнес хийхээс өөр аргагүй байдал руу тал талаасаа орж байна гэж дүгнэмээр байна. Өөрөөр хэлбэл, технологийн хөгжил ба зах зээлээ бэлдэх гэсэн хоёр суурь асуудал зэрэг хөндөгдөнө.

О.Энхзул: Мобиком зэрэг монополь, олигополь тоглогчдийн хувьд мэдээж хэрэг шинэ зах зээлийг нээж өгсөн давуу талтай боловч нэг ялгааг бид олж харах ёстой. Уламжлалт ба нийгмийн бизнесийн нэг гол ялгаа бол ашиг дээр суурилдаг. Олон нийт, засгийн газрын зүгээс зах зээлийн дийлэнхийг атгасан том компаниудад олж буй их хэмжээний ашгаасаа нийгэмдээ зориул гэдэг шаардлагыг тавьж эхлэснээр компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголт бий болсон. Энэ ойлголтын үндэс суурь нь компанийн ашиг бөгөөд үүнтэй холиод эдгээр компанийг нийгмийн энтерпрайз гэвэл нэлээд маргаантай асуудал болдог. Учир нь компанийн нийгмийн хариуцлага болон филантропийн ажлууд тогтвортой бус, голцуу нэг удаагийн байдаг. Олон нийтийн шаардлагад автаж, шуудхан хэлэхэд тэднээс оноо авахын тулд ийм ажлыг ихэнх компаниуд хийдэг. Харин нийгэм, байгаль орчин, эдийн засгийн ямар нэг асуудлыг шийдье. Энэ бизнесийн загвар нь тогтвортой орлого, ашигтай байх ёстой. Ингэж байж төрийн бус байгууллага, буяны сангуудаас ялгардаг. ТББ-ууд спонсоруудаас хараат байдаг тул цөм зорилгоо тэр бүр биелүүлж чаддаггүй. Тийм учраас энэ дундаас нийгмийн энтрепренершип гэдэг ойлголт үүссэн.

Монгол Улс дундаж орлоготой орны статуст шилжсэнээс хойш олон байгууллагын донор, спонсорууд байхгүй болсон.

Дэлхийн Зөн байгууллага үүний нэг жишээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр асар их ажил хийдэг ч санхүүжилт зогссоны улмаар тэд нийгмийн энтерпрайз болохоос өөр сонголтгүй болж байна. Яг энэ хувьслыг би хэлээд байгаа юм. Энэ бол үр нөлөөнд суурилсан эдийн засаг.

Хэрэглэгч байж гэмээнэ нийгмийн энтерпрайз амьдарна гэж Ундралын хэлсэн үнэн. Deloitte компани жил бүр залуу үеийнхний дунд судалгаа хийдэг. Өнгөрсөн жил судалгаанд оролцсон шинэ үеийн залуучуудын 60 гаруй хувь нь нийгэм, байгаль орчинд ээлтэй, бид нарын асуудлыг шийдэлцэж байгаа компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авна гэж хариулсан. Тэгэхээр одоогийн компаниуд хүссэн хүсээгүй стратегиа өөрчлөн мөнгөн ашгаас гадна нийгмийн үр нөлөөнд суурилсан загвар руу (Problem oriented not profit oriented) шилжих ёстой болж байна.

Д.Бум-Эрдэнэ: Энхзулын хэлсэн нэн шинэ залуу үеийнхний судалгааг Nielsen компанийн судалгаа мөн баталсан байдаг. Бизнес хэрэглэгчдэд л зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Иймээс зах зээл талаас сошиал энтерпрайзийн эхний шаардлага гарч ирж байна. Хоёрт, хөрөнгө оруулагчид ийм шаардлага тавиад, нийгэм суурьтай төслүүдийг л санхүүжүүлнэ гэдэг хандлага улам бүр хүчтэй болсон. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд асар их мөнгө төсөвлөгддөг болсон. 2100 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтөөс болж 43 ихнаяд ам.долларын хохирол бид нийтээрээ амсахаар байгаа. Харин 2030 он хүртэл энэ асуудлыг шийдэхийн тулд төсөвлөж буй хөрөнгө оруулалтын сангуудын дүн 30 ихнаяд ам.доллар гэсэн тооцоо бий. Том зургаар нь ингээд харвал ногоон чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь ашигтай болж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сангууд нүүрс рүү мөнгө хийхээ болиод эхэлсэн.

Нийгмийн маркетингийн форумыг бид жил бүр хийдэг. Эндээс харж байхад Монголын компани бүр сошиал энтерпрайз байхгүй бол болохгүй нь ээ гэж харагддаг. Бүтээгдэхүүн эсвэл маркетингийнхаа ямар нэг элементийг нийгмийн аливаа асуудалтай холбохгүй л бол арилжааны сурталчилгаа олон нийтийн дунд явахаа байсан шүү дээ. Манай компанийн хийсэн судалгаагаар Мобиком, Юнител компанийн функциональ үнэ цэнэ нь хоорондоо бараг ялгаагүй болсон байсан. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал бүдгэрэх тусам хэрэглэгчид компанийн нийгмийн хариуцлагыг нь их анхаарч эхэлдэг. Иймээс цаашдаа хэрэглэгчид улам бүр компаниуд нийгэмд ямар ээлтэй үйл ажиллагаа хийж байгаагаар нь үйл ажиллагааг нь дүгнэдэг болно. Тухайлбал, Мобиком хүүхдэд ээлтэй утас ажиллуулдаг нь давуу тал болж байна гэдэг ч юм уу. Ашиг хамгийн их байгаа цэг бол нийгмийн асуудал хамгийн их төвлөрсөн цэг гэж Жак Ма хэлээд байгаа. Тэр утгаараа Улаанбаатрын утаан дээр суурилсан бизнес хамгийн ашигтай бизнес байх учиртай. Технологигүйгээр, уламжлалт аргаа бид нийгмийн асуудлуудыг тэр бүр шийдэж чадахаа больж байна. Инновацигүйгээр бид шийдэл олоход улам бүр хүнд болж байна.

В.Ганзориг: Асуудалтай газар ашиг байдаг гэж та бүхэн хэллээ. Тэгвэл манай Монголын нийгмийн хамгийн том асуудал юу вэ? Тэрийг шийдэх шийдэл нь та бүхний бодлоор юу байж болохоор байна? Монгол сонгодог нийгмийн энтерпрайз, энтрепренер хүн байна уу?

А.Ундрал: Энэ ойлголтын тодорхойлолт нь өөрөө хүнд учраас харьцангуй ойлголт болоод байна. Монголд асуудлууд зөндөө бий. Сонгодог сошиал бизнес үүсэх үе нь яг одоо л Монголд бүрэлдэж байна гэж би хувьдаа харж байна. Тэрнээс биш шууд кэйс болгоод ярих жишээ одоохондоо арай манайд төрөөгүй байна. Оролдлогууд маш их байгаа хэдий ч нөхцөл нь хараахан бүрдээгүй юм болов уу. Гэхдээ нийгэм төвтэй бизнесүүд Монголд маш их байгаа. Зориг сангийн зөндөө олон төслүүд бизнес болоод явж байна. Старт ап Монголиагийн олон төслүүд утаа, замын түгжрлийг шийдэх зорилготой үүсч байна. Сошиал энтерпрайзийн нийгэмд үзүүлэх нөлөө нь шууд илэрдэггүй, урт хугацааны дараа гардаг учраас тодорхой хэмжээний хугацаа бидэнд хэрэгтэй болов уу.

Э.Орчлон: Нийгмийн энтрепренершипийг компанийн нийгмийн хариуцлагатай андуурах тохиолдол гардаг. Миний хувьд 1990-ээд он эхэлсэн бизнесүүд бүгдээрээ нийгмийн энтерпрайзууд. Нийгэмд тодорхой хэмжээний хэрэгцээ байсан болохоор л энэ эрэлтийг хангахаар үүсч хөгжсөн бизнесүүд гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа үүнийг өөр өөрөөр үнэлж байна. Өнөөдрийн сошиал энтерпрайз 50 жилийн дараа хүн болгоны дургүйг хүргэсэн бизнес болохыг үгүйсгэхгүй. Би жишээ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг. Ньюком групп саяхан хоёр дахь салхин паркаа ашиглалтад орууллаа. Дахиад нарны эх үүсвэр ашиглалтад оруулахаар явж байна. Яагаад гэвэл би, эсвэл манай компани та нараас илүү сайхан сэтгэлтэйдээ биш юм аа. 20 жилийн дараа үүнийг бизнес талаас нь харвал эрчим хүч өөрөө асар том бизнес байхаар байгаа юм. Гар утас, автомашин гээд одоо юм болгон эрчим хүч дээр суурилж байгаа шүү дээ. Нийгмийг авч явах, дэлхийн хөгжлийн түргэтгэх гол суурь бол эрчим хүч юм байна гэж бид хардаг. Тэгвэл эрчим хүчний төрлүүдээс алийг нь сонгох ёстой вэ гэдэг асуулт гардаг. Ирээдүй бол сэргээгдэх эрчим хүч юм байна гэж бид үзсэн юм. 20 жилийн дараа сэргээгдэх эрчим хүчээр Монголоос Азийн аль ч улсыг хангах амбицтай бид ажиллаж байгаа. Ийм итгэл үнэмшилтэйгээр би өглөө бүр босоод ажилдаа эрч хүчтэй явдаг. 50 жилийн дараа сэргээгдэх эрчим хүч гэдэг нэр томъёо бараг байхгүй болчих байх аа. Учир нь зардал нь нүүрснээс хямд болсон эрчим хүч өөрөө угаасаа л сэргээгдэх эрчим хүч болсон байх болно. 

О.Энхзул: Өөрсдийгөө нийгмийн энтерпрайз гэж тодорхойлдоггүй атлаа нийгмийн энтрепренершипийн жишээнүүд цөөнгүй байна. Монголын гар аргаа бяслаг урлаачдын холбоо нэг жишээ нь гэж бид боддог. Маку гээд брэнд бий. Өөрсдөө үүнийгээ анзаарахгүй эсвэл мэдэхгүй яваад байна уу даа гэж хардаг. Судалгааны байгууллагууд сошиал энтерпрайз гурван төрлийн ашигт ажиллагааг хангах ёстой гэж үздэг. Үүнд, эдийн засгийн үр ашигтай байдал, байгаль орчинд ээлтэй байх, нийгмийн хариуцлагатай байх ордог. Бяслагны Маку брэнд энэ гурван шаардлагыг хангаж чадаж байгаа юм.

Д.Бум-Эрдэнэ: Оны эхэнд Тесла мундаг мэдэгдэл хийсэн. Тэр нь цахилгаан машиныхаа технологийг олон нийтэд нээлттэй болгосон. Энэ мэдэгдэл нь тэд зөвхөн өөрсдөө цахилгаан машин хийж зарж мөнгө олох бус уур амьсгалын өөрчлөлттэй нийтээрээ тэмцэх Теслагийн эрхэм зорилгыг бататгасан. Энэ бол сошиал энтерпрайзийн сонгодог жишээ. Үүнээс гадна нийгмийн тусын тулд аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, процесстоо нэлээд сайжруулалт хийж байгаа кэйсүүд харагдаж байгаа. Жишээ нь, Levis жийнсний үйлдвэр нэг өмд үйлдвэрлэхэд зарцуулдаг 30-40 литр усны хэрэглээг багасгахын тулд шинэ технологи дээр ажиллан одоо нэг өмд хийхдээ 1 литрээс бага ус зарцуулдаг болоод байна. Хамгийн гоё нь энэ технологио мөн л дэлхий нийтэд нээлттэй зарлаж, бусад компаниудыг ашиглахыг уриалсан. Энэ нь эргээд брэндийн үнэ цэнэд шууд эерэгээр нөлөөлдөг.

Манай компаниудын эрхэм зорилгыг харахаар жаахан худлаа талдаа байдаг. Нийтээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө гэж томъёолсон байдаг ч яг ямар сайн сайхан гэхээр маш тодорхойгүй байдаг. Уг нь үүнийгээ брэндийн зорилго талаасаа харвал зөв суух болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл миний брэнд юуны төлөө зорьж байгаа вэ гэдэг асуултад хариулах ёстой. Брэндийн гэгээн зорилго гэдэг ойлголт бий. Теслагийн гэгээн зорилго бол уур амьсгалын өөрчлөлийг бууруулах гэдэг маш тодорхой харагддаг. Манай брэндүүд үүн шиг гэгээн зорилготой байх ёстой. Эс бөгөөд олон нийтэд ойлгогдохоо больдог. Чиний брэнд надаас мөнгө л авах гэж байгаа бол уучлаарай. Танай брэнд миний асуудлыг анхаарч байгаа бол би танай брэндийг хүндэлнэ гэдэг хандлага руу орчихсон. Бид Маркетингийн холбоон дээрээ Каннын зар сурталчилгааны наадмын шилдэг бүтээлүүдийг жил бүр үздэг. Тэндээс харж байхад дэлхийн шилдэг 10 сурталчилгааны 9 нь нийгмийн ямар нэг асуудлыг заавал хөндөж үндсэн агуулгатайгаа холбосон байдаг. Ингэж байж хүмүүс дунд хурдацтай тархдаг. Pedigree гээд нохойны хоол үйлдвэрлэдэг компани жил бүр Каннаас шагнал авдаг. Өнгөрсөн жилийн шагнал авсан бүтээлийг хэлье. Хүн настай болох тусам үр хүүхэд нь тусдаа гарч, орон гэр нь хоосордог. Үүний оронд та нохой тэжээ гэдэг компанит ажлыг энэ компани хийсэн. Энэ компанит ажил нь Шинэ Зеландын нохой үржүүлгийн бизнесийг 824 дахин өсгөсөн байдаг. Мөн золбин нохойг шинэ эзэдтэй болгох замаар энэ нохойны хоолны компани өөрийн зах зээл 16 хувиар өсгөж чадсан.

 В.Ганзориг: Филантроп, компанийн нийгмийн хариуцлага, нийгмийн энтрепренершип гэдэг гурван ойлголтыг хүмүүс нэлээд их хольж сольдог гэж та бүгд хэллээ. Эдгээрийг ялгааг маш товчхон тайлбарлаж өгнө үү.

Д.Бум-Эрдэнэ: Филантроп гэдэг нь олсон орлогоосоо илүү гарсан хэсгээр нь нийгмийн сайн сайхны төлөөх төслийг санхүүжүүлж буй хэлбэр. Филантропийн сонгодог бодлого нь ийш тийшээ олон газар мөнгө өгөхөөс илүүтэйгээр нэг сэдэв, ТББ, төслийг сонгож аваад үр дүн гартал нь урт хугацаанд дэмжих байдаг.

О.Энхзул: Нийгмийн энтрепренершип дээр нэмж хэлэхэд хөрөнгө оруулагч гэхээр заавал хувийн хөрөнгө оруулагчид байх шаардлагагүй. Төр, нийгмийн аль ч салбараас хөрөнгө оруулж болно. Хамгийн гол нь эдгээр тоглогчдын төвд нийгмийн асуудал орших ёстой, түүнийг шийдэх зорилгоор л эдгээр байгууллагууд хамтардаг. Ийм учраас Тайланд, Австрали улсуудад сошиал энтерпрайзийг тусдаа хуулийн этгээдээр бүртгэдэг болсон.

Э.Орчлон: Та өөрийгөө 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна гэдэг бол миний хамгийн дургүй асуулт. Дургүйдээ биш би үнэхээр 10 жилийн дараа хаана байхаа мэдэхгүйдээ байгаа юм. Бизнес ба энтрепренершипийг би бизнес, асуудал, шийдлээ хир удаан хугацаанд харж буйгаараа л ялгагддаг гэж хардаг. Элон Маск бол 5, 10 биш 50 жилийн дараахийг харж бизнесээ хийж байгаа. Тесла цэвэр сайн сайхны төлөө ажилладаг гэдэгтэй би санал нийлэхгүй. Элон Маск 50 жилийн дараах дэлхийн хамгийн том машины компанийн эзэн болох амбиц дээрээ суурилсан энэ бизнесээ хийж байгаа болов уу. Европт эхнээсээ дизель түлштэй машинуудыг хориглоод эхэлсэн шүү дээ. Иймээс 50 жилийн дараа одоо бидний магтаад байгаа Элон Маск хүний болгоны үзэн яддаг машины монополь том компанийн эзэн болчихсон байхыг үгүйсгэхгүй.

Филантроп Монголд соёлын хувьд таардаггүй юм уу гэж боддог. Гудамжинд явж байгаад хүнд мөнгө өгөхөөр сүр сүлд унана, хуучин хувцсаа хүнд өгвөл аз харина гэдэг юм уу сэтгэлгээ манайхны дунд элбэг байдаг.

Филантроп гэдгийг өөртэй нь шууд холбоогүй зүйлд хөрөнгө гаргаж, нийгэмд эерэг нөлөө үзүүлтэл дэмжих гэдэгтэй санал нэг байна.

А.Ундрал: Нэмээд хэлэхэд нийгэм төвтэй бизнес гэж байх ёстой юм байна. Ийм бизнесүүд байгаа. Эдгээрийгээ бид илүү сурталчилж, зөв талаас нь нийгэмд ойлгуулах хэрэгтэй байна.

В.Ганзориг: Маш хэрэгтэй сэдвийг хөндөн чухал зочидтой хөөрөлдөх боломж олгосон Корпорэйт конвенш төвд талархаж байна. Нэвтрүүлгээ дүгнэе. Аливаа бизнес, ажлыг эхлэхэд зорилго хамгийн чухал байдаг ажээ. Асуудал бугшсан газар хамгийн их боломж байдаг юм байна. Энэ бол энтрепренерүүдийн ажлын үндсэн талбар байх нь ээ. Технологи гээд орчин цагт бид хаашаа ч зугтаж чадахгүй том хүч гараад иржээ. Иймээс технологийг бид аль болох өөртөө ашигтай, мөн ёс суртахуунтай зөв ашиглах ёстой болжээ. Эцэст нь бизнесмен ба энтрепренер хүний ялгаа нь нэг нь боломжийг ашигладаг бол нөгөө нь шинэ боломж бий болгодог юм байна. Бумаа захирлын хэлснээр хүнээс байнга юм авах бус бусаддаа хааяа өгч эхэлбэл энэ нь аяндаа нийгмийн энтрепренершип болдог ажээ.