SYNDICATE TALK: Онцгой олимп

Б.Болор-Эрдэнэ
2019-04-05 07:30

Арабын Нэгдсэн Эмират Улсаас манай баг тусгай дугаараа бэлтгэн хүргэж байна. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд, иргэдийн эрхийг хамгаалдаг, спортоор дамжуулан нийгэмшүүлэх асар том нөлөөг үзүүлдэг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн бол Тусгай олимп билээ. Энэхүү хөдөлгөөний тухай, Монголын тусгай олимпын түүх, Аби Дабигийн наадамд оролцож буй манай баг тамирчид, та бид хандлагаа хэрхэн яаж, яагаад өөрчлөх ёстой тухай та энэ нэвтрүүлгийг үзээд ойлгох болно. Нэвтрүүлгийн зочноор Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч М.Шамсияа, 25 дугаар тусгай сургуулийн багш Ц.Гансүх, Монголын тусгай олимпын хорооны сайн дурын ажилтан Д.Түмэн-Өлзий нар оролцлоо. Онцгой олимп нэртэй манай нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэхэд тусалж дэмжсэн СҮНДИЙ санд Монголын тусгай олимпын баг тамирчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

В.Ганзориг: Та бүхэн анх яаж тусгай олимптой холбогдож байсан бэ?

М.Шамсияа: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүмүүс ерөнхийдөө хүүхэд сэтгэхүйтэй байдаг. Хүүхэдтэй ажилладагийн минь хувьд бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж Монголын тусгай олимпын хорооноос надад анх санал тавьсан. Тэр дагуу 2015 онд нүдний үзлэг хийх сургалтад нь хамрагдаж, тэр жилдээ Лос Анжелесийн тусгай олимпын зуны наадамд бүх тамирчдад “Эрүүл тамирчин” үзлэгийг хийж хамтын ажиллагаагаа эхэлж байлаа.     

Ц.Гансүх: 2013 онд Монголд анх тусгай олимпын хөдөлгөөн эхэлж байсан. Тэр үед тусгай сургуулиудын бүх багш нарыг цуглуулаад анхны ойлголтыг өгч, оюуны хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг дэмжсэн энэ үйл ажиллагаанд оролцох ёстой юм байна гэсэн мэдээллийг авч байв. Мөн хүүхдүүдээ энэ хөдөлгөөнд хамруулж, хамтран ажиллаач ээ гэсэн саналыг надад мөн тавьсан. Ингээд манай сургууль төдийгүй бүх тусгай сургуулийн багш нар дэмжээд хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар 2015 оны Лос Анжелесийн тусгай олимпын зуны наадамд Монгол Улс албан ёсоор анх удаа оролцоход нь би багийн бүрэлдэхүүнд нь явсан.      

Б.Алтанцэцэг: 2017 оны 3 дугаар сард Монголын тусгай олимпын хорооны тэргүүн С.Оюун надад хамтран ажиллах саналыг тавьсан. Би улсад 30 гаруй жил ажиллаад тодорхой хэмжээний цаг завтай болсон байсан. Тусгай олимпын мэдээллийг тав, арван минутанд багтаан товч өгсөн хэдий ч яагаад ч юм болмоор санагдаад би саналыг нь эргэлзэх юмгүй шууд хүлээн авсан. Одоо би хоёр жил ажилласан ч энэхүү дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөний цогц мэдээллийг авч дуусаагүй суралцсан хэвээр л байна. Хувь хүн талаас минь намайг энэ олимп их өөрчилж байгаа. Иймээс энэ хөдөлгөөнд нэгдсэндээ би маш их баяртай байдаг.

В.Ганзориг: Энэ хөдөлгөөн анх АНУ-д үүсээд 50 жил болсон хэдий ч Монголд байгуулагдаад дөнгөж 5 жил болж байна. Тусгай олимпын үндсэн зорилгын нэг нь ялгаатай хөгжилтэй иргэдтэй харьцах олон нийтийн хандлагыг өөрчлөх байдаг. Энэ хөдөлгөөнд оролцоод явж байхдаа та нар өөрсдөө хэр өөрчлөгдөж байгаа вэ? 

Б.Алтанцэцэг: Манай тамирчин хүүхдүүдийн өөрөөрөө байж чаддаг байдал, ямар ч хүнийг ялгахгүй харьцдаг чанараас бид нар өөрсдөө суралцах хэрэгтэй байгаа. Бидний зарим маань өдий хүртэл энэ чадвар, чанарыг өөрсөддөө бий болгож чадаагүй л байна. Тэр утгаараа хүүхдүүд маань бидний дотоод ертөнцийг нээн, амьдралын утга учрыг илүү гүнзгий ойлгуулж өгдөг. Би өөрөө маш их өөрчлөгдсөн. Миний өөрчлөгдсөнийг эргэн тойронд байдаг хүмүүс маань ч хараад хэлдэг.

М.Шамсияа: Мэдээж өөрчлөгдөлгүй яах вэ. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмчлүүлэх гээд ирэхэд би анхандаа чухалчилж боддоггүй байсан. Харин өнөөдөр би тусгай олимпын үйл ажиллагааг бүх хүмүүстээ сурталчилж суудаг болсон.

Даунтай хүүхдээ дагуулаад сэтгэл санаа нь хямарсан аав, ээжүүд ирдэг. Тэр тоолонд би хэлдэг юм. Энэ бол бурхнаас заяасан бэлэг.

Хүүхдээ хөгжүүлэх ийм олон боломжууд та бүхэнд байгаа шүү, ийм сайхан хөдөлгөөн дэлхий даяар явдаг юм шүү гээд мэдээлэл урам өгдөг.

Д.Түмэн-Өлзий: Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд, тэдний гэр бүлтэй нь хэрхэн харилцах ёстойг би өдөр бүр суралцаж байна. Бид бүгдээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Бидний ихэнх нь дандаа авах, бусдыг ашиглах сэтгэлгээтэй, завгүй гэсэн нэрийн доор өөрөөсөө болон хийж байгаа ажлаасаа илүү гарч чадахгүй л яваад байдаг. Хийж байгаа зүйлээсээ хөндийрөөд энэ тухай нэг минут бодох ёстой юм билээ. Хүн өөрийн сайндаа эрүүл саруул төрөөгүй гэж би дандаа боддог. Бусдад өгнө гэдгийг би зүгээр хэдэн төгрөг өгөх тухай яриагүй. Цаг заваа эдгээр хүүхдүүдэд зарцуулж сурах хэрэгтэй байх, өөрсдөө бас сайн бодож ухаарах өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бусаддаа энэ талын мэдээллийг сайтар түгээхгүй бол олон хүмүүст үнэхээр энэ талын ойлголт, мэдлэг байдаггүйгээс болоод өвчтэй, муухай хүүхэд гэж боддог. Тэр байтугай хүүхдэд нь халдана гэж боддог хүмүүс байдаг. Бид ийм аймаар харанхуй, аймшгийн бодолтой байдаг юм билээ. Би өөрчлөгдөж чадвал миний хажуугийн хүн бага багаар өөрчлөгдөнө. Энэ маягаар цаашаа “халдварлаад” явах замаар нийгмээ эерэг зүг рүү өөрчлөх найдвар байгаа гэж би харж байна.   

Ц.Гансүх: Тусгай олимптой холбогдоно гэдэг нь л миний хувьд ч тэр, хүүхдүүдийн хувьд ч тэр маш том амжилт. Өмнө нь тусгай сургуулийн багш, хүүхдүүд тэмцээн уралдаан гээд жилдээ нэгээс хоёр удаа л уулзалддаг байлаа. Одоо бол шал өөр. Хүүхдүүд тусгай олимпын тухай мэддэг болоод зогсохгүй олимпод оролцож амжилт гарган медаль авахыг эрмэлздэг болсон. Энэ амжилтыг би өөрийн биш тэдний нүдээр харахыг хүсдэг. Хамгийн гол нь спортоор хичээллэх замаар нийгэмшиж чадна гэдэг нь агуу зүйл. Янз бүрийн оюуны бэрхшээл байдаг. Хөнгөн, хүнд гээд дотроо бас ялгаатай. Гэхдээ хүүхэд бүр өөрийн чадвартаа тохирсон спортоор хичээллэн эрүүл хүүхдүүдтэй тоглож болж байна. Амжилт гаргасан нь олимпод оролцож, дэлхийн олон улсын хүүхдүүдтэй танилцан найз болж байна. Хүүхдүүдийн хувьд энэ бол маш том амжилт, бас боломж юм.     

В.Ганзориг: Дэлхийн 192 улсын 8000 шахам тамирчид оролцож буй Абу Дабигийн олимп дээр хэдүүлээ ирсэн байна. Энэ зуны олимпод та бүхэн дор бүрнээ ямар зорилготой ирэв?

Б.Алтанцэцэг: Багаа ахалж яваа хүний хувьд хэлэхэд бид 7 аймаг, 4 тусгай сургууль, 3 ТББ, 1 спорт клубээс нийт 28 тамирчинтай ирсэн. Гол зорилго маань нэг их айхтар медаль гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдээ олимпод тэгш оролцуулах, нүдийг нь нээх, өөрийгөө олж авахад нь туслах, өөрсдийн онцгой чадвараа нээгээд буцаасай гэж хүсч байна. Хүүхдүүдээ өөрчлөхийн тулд заавал ийм олимпод оролцох шаардлагагүй. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд эх орондоо, орон нутагтаа спортын бүхий л төрлийн тэмцээнд оруулах боломжтой. Дэлхийн олимпод оролцоно гэдэг нь ховор завшаан. Үүнийг манай хүүхдүүд сайн ойлгож, маш өндөр хариуцлагатай байгаа. Хүүхэд бүрийн амнаас би чадна, би медаль авна гэдэг үгс байнга гарч байна.

М.Шамсияа: Би багийнхаа эрүүл мэндийн асуудлыг хариуцаж ирсэн. 28 тамирчныхаа эрүүл мэндийг ирж очих аяллын явцад, мөн тэмцээн уралдааны турш урьдчилсан сэргийлэх, бэртэл гэмтлээс хамгаалах зорилготой ажиллаж байна. Энэ зорилгоор тамирчин хүүхдүүдийнхээ тоглолтоос тоглолтын хооронд гүйж байна. Олимпын үеэр нүд, чих, ам, шүд, хөл, эрүүл ахуй, эрүүл хооллолт, булчингийн хөгжил гэх мэт долоон төрлийн эрүүл мэндийн үзлэг хийгддэг. Үүнд үндсэн болон дэмжин тоглогчид хамрагддаг. Шүдний хамгаалалт, хагардаггүй хамгаалалттай нүдний шил зэргийг хэмжээ хэвийг нь аваад л шууд хийгээд өгдөг. Энэ бүх үйлчилгээ бүгд төлбөргүй хийгддэг. Нэмээд эдгээр үзлэгийг хийлгэсэн бүх тамирчдад бэлэг өгдөг. Тэр нь цоо шинэ пүүз байна. Хүүхдүүд маань шинэ пүүзээ хайрлаад өмсөж чадахгүй байгаа. Эдгээр үзлэгийг бид Монголдоо бас хийж байгаа.

Лос Анжелесийн наадмын дараа манайхаас нүд, эрүүл амьдрахуйн чиглэлээр хоёр эмч сургалтад суусан. Бид төгсөж ирснээсээ хойш жилд хоёр удаа энэ үзлэгээ Монголдоо хийдэг. Зүүн азийн бүсийн тусгай олимпын хорооноос эрүүл мэндийн хоёр мэргэжилтэн Монголд ирж энэ үзлэгийн хамтран хийж, бидний үйл ажиллагааг бас давхар хянадаг. Цаашдаа ч жилдээ хоёр удаа хийсэн хэвээр байгаа бөгөөд энэ сургалт үзлэгээр хүүхдүүдээ шалгахаас гадна эмч бид нар өөрсдөө маш их юм сурч авдаг.

Д.Түмэн-Өлзий: Абу Дабид ирээд харахаар дэлхийн нэг хэсэг iPhone үйлдвэрлээд тасраад явж байхад манайх юу ч үйлдвэрлэхгүй үлдэж байгаатай адил санагдлаа. Хөгжлийн ялгаа ингэж харагдаж байна. Энэ улсын нийгмийн бодлого, үйлчилгээ нь яаж ийм мундаг болов? Ирланд улсаас ирсэн 21 настай Эми гэдэг сайн дурын ажилтан Монголын багийг хариуцаж байна шүү дээ. Энэ охин хоёр долоо хоног өөрийн ажил, сургууль гээд бүх юмаа орхиод л ирсэн. Хандиваар явдаг арга хэмжээ удалгүй унтрах тийшээ ханддаг. Харин тусгай олимп дэлхий даяар улам цэцэглэж, улам олон хүн оролцдог болж байна. Сайн дурын ажилтнаар хэдэн мянган залуус, оюутан, сурагчид ажиллаж байна. Хоёр жилийн дараа болох өвлийн олимпод оролцох сайн дурын ажилчдыг одооноос эхлээд бүртгээд эхэлсэн. Залуус бид өөрчлөгдөх хэрэгтэй байна.  

Ц.Гансүх: Тусгай олимпод оролцож буй хүүхдүүдтэй сэтгэлээ гарган ажиллах нь миний хобби, аз жаргал. Тамирчидтайгаа бэлтгэлээ хийж байхад би тэдний аав, ээжээс өөрцгүй болчихсон байдаг. Тэвэрч аваад л, үнсээд л, хүүхдүүд яг л нэг гэр бүлийн гишүүн шигээ биднийг хайрлаж хүндэлдэг. Хүүхэд бүрт ялалт байгуулах хүсэл, амжилт гаргах мөрөөдөл, медаль авах зорилго байдаг. Энэ бүх мөрөөдөл, хүслийг нь биелүүлэхэд нь туслах, чадах бүхий л зүйлээрээ туслах нь багш миний зорилго. Тусгай олимпыг хүмүүнлэгийн хөдөлгөөн гэдэг ч миний хувьд яах аргагүй спортын том тэмцээн. Өөр өөрийнхөө төвшинд уралдан тэмцэлдэж, ялахын төлөө өрсөлдөж, медаль авах зорилготой ирдэг шүү дээ бүх хүүхдүүд маань!

Д.Түмэн-Өлзий: Энэ маш чухал! Оюуны хөгжлийн ялгаатай хүүхдүүд багаасаа хаагдмал орчинд, бусдад тоогдож чадахгүй өсдөг. Ухаан ороод ирэхээрээ жирийн сургуульд орж чадахгүйгээ мэддэг. Гэтэл өөртэйгээ ижил хүүхдүүдтэй хамт олон болоод зогсохгүй хоорондоо өрсөлдөж алтан медаль аваад, бусдадаа болон олон нийтэд тоогдоно гэдэг нь тэдний хувьд цоо шинэ гайхалтай ертөнцийг үүсгэж байгаа юм. Монголдоо ирээд энэ тухайгаа тэд бусаддаа хэлж ойлгуулна. Манай нийгмийг эдгээр хүүхдүүд өөрчилж чадна шүү дээ.   

Ц.Гансүх: Гадаад улсуудын тусгай олимпын тамирчид улсынхаа нүүр царай нь болж байна шүү дээ. Гудамжаар нь дүүрэн самбар дээр зургийг нь тавьж хүндэлж байгаа нь жишээ нь энэ улс бол үнэхээр бодлогоор энэ хүмүүсээ дэмжиж байна, тэд энэ нийгмийнх нь үлгэр дууриал болж байна.

В.Ганзориг: Дэлхийн энэ мундаг улсууд шиг болохын тулд Монголд хэдэн жил шаардлагатай бол? Үүний төлөө бид дор бүрнээ ямар ажлууд хийх ёстой вэ?

Б.Алтанцэцэг: Манай олон нийт мэдээлэлгүй болоод л нийтээрээ сайн дэмжиж ойлгохгүй байгаа. Түүнээс бус бид нийгмээрээ муу эсвэл Монголчууд хүмүүнлэг бус хүмүүс биш ээ. Зөв мэдээллийг олон шугамаар, олон хүнд хүргэх ажлыг хийх хэрэгтэй байгаа. Үүнийг хийхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. АНУ-д анх үүсээд 50 жил болсон энэ хөдөлгөөнийг сүүлийн хэдхэн жилд Монголд амжилттай ойлгуулж нутагшуулж байгаа. Танай медиа багийн ачаар сүүлийн 10 хоног монголын хэвлэл мэдээллүүд, сошиал медиа Абу Дабигийн олимпоор амьсгалж байна шүү дээ. Миний гэр бүл, найзууд Монголд байгаа хэрнээ бид нараас дутахгүй мэдээлэлтэй байна лээ. Иймээс олон нийт рүү чиглэсэн чиглэсэн мэдээ, мэдээллийг улам сайн хүргэх ёстой. Мөн төр засаг, хувийн хэвшил, бусад ТББ-уудтай нягт ажиллах шаардлагатай байгаа. Ингэж байж манай нийгэм, хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө.   

Ц.Гансүх: Их спорт хөгжихийн хэрээр тусгай олимп яг адилхан дагаад хурдацтай хөгжиж байна. Тоног төхөөрөмж, хэрэгсэл, стандартуудад нь их спорттой яг л ижил шаардлага тавигдаж байна. Зарим тоног төхөөрөмжийг нь хараад ийм юм бас байнаа гээд гайхаад л явж байна. Өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ үнэхээр анхаарч чадаж байна. Манай монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүд ийм мундаг тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, бэлтгэл хийх боломж үнэхээр байхгүй л дээ. Ёстой багш бүрийн сэтгэлээр жигүүрлэн болохгүйгээс болох хүртэл нь ажиллаж байгаа. Хөгжлийн ийм зөрүүтэй хэдий ч манай хүүхдүүд дэлхийтэй өрсөлдөөд, өндөр хөгжилтэй орны тамирчдаас техник, тоглолтоороо дутахгүй амжилт гаргаж байна. 

Би нэг юманд эмзэглэж явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүл ихэнхдээ амьжиргааны доод төвшний өрхүүд байдаг. Бараг 70% нь нийгмийн эмзэг бүлэгт харъяалагддаг. Хүүхдүүдтэйгээ бэлтгэл хийж байхад тэд хоол ундгүйгээс болоод өлсдөг, хувцас хунар дутуу байдаг. Зааланд ороод бэлтгэл хийхэд пүүзтэй хүүхэд бараг байдаггүй. Энэ хүнд нөхцөл дундаас бид энд амжилт гаргаж байгаа шүү. Эдгээр хүүхдүүдтэй ажиллаж сурсан багш нар байдаг. Бидний хичээл сургууль, бэлтгэлийн нөхцөл боломжийг жаахан анхаараад өгвөл үүнээс илүү амжилт гаргах том ирээдүй бий. 

М.Шамсияа: Саяхныг хүртэл манайх аутизм гэдэг онош тавьдаггүй л байсан. Бид оюутан байхдаа дауны синдромын талаар бараг үзэхгүй л төгсөж байлаа. Харин одоо бид оношилдог болсон төдийгүй хооронд нь ялгаад ойлгодог болсон. Энэ бол бас нэг дэвшил.

Д.Түмэн-Өлзий: Одоо хүртэл компаниуд өөрийн брэндээ оюуны хөгжлийн ялгаатай хүүхдүүдтэй холбохоос цэрвэж байна. Хамтран ажиллая гэхэд энэ шалтгаанаар татгалздаг. Энэ бол бидний бодит байдал. Энгийн сургуульд өөрсдийн хүч хөдөлмөр, санаачилгаар нээсэн тусгай ангийг Боловсролын яам, холбогдох газраас нь хаалгах гэж оролдсон. Монголд ингэдэг гээд ярьвал хүй нэгдлийн ямар аймар улс вэ гээд дэлхий гайхна шүү! Хууль дүрмэнд заагаагүй ч гэсэн хүн нэг нэгэндээ энэрэнгүй байх ёстой биз дээ? Гэтэл дүрмэнд байхгүй тул боль гэдэг шийдвэр гаргадаг хүмүүс бидний дунд зөндөө байна. Энэ хүмүүс л хандлагаа өөрчлөөд, тэр сайхан мэдээ нь хэвлэл мэдээллээр цацагддаг болбол олон нийт энэ ойлголтыг мэдэж авахад дөхөм болно.

В.Ганзориг: АНЭУ-ын жишээнээс харахад оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийг эрхийг хамгаална гэдэг нь сайн дурын ажилтан, ТББ-ын цар хүрээнээс давсан асуудал байна. Арабууд бодлоготой, төлөвлөсөн нөөцтэй ажиллаж байна. Жишээ нь, энэ улс 2019 оныг “Хайр, хүндлэлийн жил” болгон зарлажээ. Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдэд зориулсан бодлого манай улсад бий юу? Тэр нь та бүгдэд мэдрэгддэг үү?

Б.Алтанцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль бий. Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлдэг газар байдаггүй. Харин саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг хариуцсан агентлаг байгуулагдсан. Хэрхэн яаж ажиллахыг нь харж байна. Мөн саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв гээд том барилга ашиглалтад орлоо. Энэ барилгын ашиглалтад бидний яаж хамруулж, хамтран ажиллахыг нь харж хүлээж байгаа. Бас ч гэж байрандаа хөдлөхгүй зогсохгүй байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд тодорхой хэмжээний ажлуудыг манай улс хийж байгаа. Энэ нь магадгүй бидний мэдээлэл өгсний ач болов уу. Төр, ТББ-ууд бие биенээ дэмжээд, ойлголцоод ажиллавал үүнээс илүү үр дүн гаргах бүрэн боломжтой байгаа.

Багийн ахлагчдын хурлын үеэр манай баг талархал хүлээж, хамгийн зохион байгуулалт сайтай багаар шалгарсан. Мөн насны хувьд хамгийн залуу, өхөөрдөм багт тооцогдсон. Эдгээр нь тэгш боломжийг нь хангаад өгвөл бид үүнээс илүү амжилт гаргаж чадна гэдгийг баталгаа юм шүү. Иймээс төр, хувийн хэвшил, олон нийтийн зүгээс улам их дэмжлэг хэрэгтэй байна.

Ц.Гансүх: Жирийн олимпоос медаль авсан тамирчдад манай төр засаг багагүй мөнгөн шагнал урамшуулал өгдөг. Хэрвээ би шийдвэр гаргадаг хүн байсан бол тусгай олимпоос медаль аваад очиж буй хүүхдүүдэд бэлтгэл хийхэд шаардагддаг хоол унд, хувцас хэрэглэлд нь зориулаад сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж өгөх байсан. Ингэвэл хүүхдүүд маань урамшаад, спортоор тогтмол хичээллэх замаар нийгэмшихийн сацуу улам олон оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд их спортод уруу татагдана. Энэ хамгийн том ач холбогдол нь шүү! Үүгээр дамжин бид хүртэл бие биенээ хүндлэх, хүндлүүлэх ёсоо “сурч” байна шүү дээ. Энэ бол тусгай олимпын гавъяа! Ийм учраас амжилт гаргасан хүүхдүүдэд сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж өгөөд байвал том асуудлыг та бид шийдэж чадна шүү гэж хэлмээр байна.

Д.Түмэн-Өлзий: Ухуулга сурталчилгааг тасралтгүй хийх маш чухал. Үүнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, спорт, соёл, шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам оролцох ёстой болно. Бид олимпын нээлтийн үеэр харсан шүү дээ. Олон орны хууль сахиулах, хүчний байгууллагын генерал, хурандаа нар ирээд хувцсаа иж бүрнээр нь өмсөж хүндэтгээд, олимпын бамбарыг хамгаалаад ямар гоё харагдаж байсан бэ? Үүнийг манайхан сонсвол тэд одоо яах гэж очдог байна аа гээд шоолохоор байгаа. Гэтэл дэлхий ертөнц ийм болчихсон байна. Хүмүүс сэтгэл, цаг заваа зориулдаг болжээ. Олон орны хууль сахиулах байгууллагынхан нийлээд 733 сая ам.доллар босгоод тусгай олимпын хөдөлгөөнд хандивласан байна.

Дэлхий ийм болжээ, хэдүүлээ адилхан болъё гэдэг ухуулга сурталчилгааг бид илүү хүчтэй хийх хэрэгтэй байгаа юм. Ийм ажлыг тасралтгүй бөгөөд тогтмол явуулахын тулд мөнгө санхүү шаардагддаг. Манай хувийн хэвшлийнхэн энэ асуудлаас цэрвэж, ичиж зовохоо больмоор байна. Энд бол жишээ нь Кока Кола, Ниссан, Тоёота гээд дэлхийн топ брэндүүд бүгд бахархалтайгаар оролцож байна шүү дээ. Тэд нэр төрийн хэрэг гээд ингэж дэмжиж байна шүү дээ. Бид яачихаад байгаа юм бэ? Манайхан бас ийм болох хэрэгтэй байна аа. Ингэж чадвал манай нийгмийн нөхцөл байдал харьцангүй сайжирч чадна.

М.Шамсияа: Манай хүүхдүүдэд тусалж дэмждэг улсын болон хувийн хэвшлийн олон эрүүл мэндийн байгууллагууд бий. Шүд гэхэд жишээ нь, Басхүү болон Удвал шүдний эмнэлгүүд манай хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийж өгдөг. Улсын нэгдүгээр эмнэлэг, Гэмтэл согог гээд бүгд дэмжиж хамтран ажилладаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцэг эхчүүд нь эмнэлгээр авч явахад хүндрэлтэй байдаг. Үүний оронд сургууль, цэцэрлэг зэрэг оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн төвлөрсөн газар нь эрүүл мэндийн байгууллагууд явуулаар очоод тогтмол үзлэг, шинжилгээг хийдэг болмоор байна. Энэ зорилготой эмч нарын багийг бэлдмээр байна. Энэ тогтмол үзлэгийг эмнэлгүүдийн хуваарьт албан ёсоор оруулаад, заавал хийх ёстой ажлуудын нэг болгомоор байна.

Ц.Гансүх: Тусгай олимпын энэ агуу үйлийг хүндэтгээд их спортын дэлхийн том одууд ирж байна. Тэд хүүхдүүдтэй зургаа авахуулах, тэднийг дэмжих, хамт тоглохын тулд хувийнхаа зардлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирж байна.

В.Ганзориг: Алтанцэцэг захирал яг энэ асуудлыг ирэхээсээ өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа цухуйлгаж байсан. Монголын алдартай урлаг, спортын хүмүүстэй хамтран ажилламаар байна, Монголын тусгай олимпын элч тамирчин болгомоор байна гээд ...

Б.Алтанцэцэг: Тусгай олимпыг сурталчлах, нэр нөлөөг нь ихэсгэхийн тулд дэлхийн том одууд идэвхтэй оролцон дэмждэг. Энэ жишгээр санаагаа би Ерөнхийлөгчид хэлсэн. Ерөнхийлөгч бидний санааг маш сайн ойлгосон. Энэ олимпоос буцаж очоод би Монголынхоо тамирчдад хандана. Хоёр жилийн дараа Швед улсад болох өвлийн олимпод Монголынхоо тусгай олимпын элч тамирчинг аваад явна гэж найдаж байгаа. Түвшинбаяр, Дагвадорж, Даваажаргал, Гүндэгмаа гээд уулзмаар байгаа тамирчид байгаа. Эд нарын нэг ядахдаа нэг нь биднийг дэмжээд хамтран ажиллах байх аа.

Д.Түмэн-Өлзий: Бид энд сая хөлбөмбөгийн дэлхийн супер одууд Дрогба, Кафу, уран гулгалтын мега од Мишель Кван, Game of throne-ын од Юлиус Хафтортай уулзсан.

В.Ганзориг: Хоёр жилийн дараа тусгай олимпын өвлийн наадам Шведэд, дөрвөн жилийн дараа зуны олимп Герман улсад зохион байгуулагдахаар тов нь гарчээ. Алтаа захирал маргаашнаас эхлээд л дараа дараагийн олимпын бэлтгэл ажилдаа орох байх даа?

Б.Алтанцэцэг: Бидэнтэй уулзахдаа Ерөнхийлөгч хамгийн түрүүнд та нар зардал мөнгөө яаж олов оо гэж асуусан.

Тамирчид, багш дасгалжуулагчид, эмч, багийн ахлагч гээд 40 хүнтэй багийн мөнгийг босгож чадсан гэдэг нь бидний монголчууд маань маш сайн дэмжсэн гэсэн үг. Хорь гаруй байгууллага, 10 гаруй хувь хүмүүс биднийг дэмжиж амжилт гаргахад минь тусалсан.

Та нартаа маш их баярлалаа гэж хэлэх ёстой. Та нарын ачаар энэ хүүхдүүд энэ их амжилтыг гаргаж, аз жаргалд умбаж байна. Дараа дараагийн бидний ажлыг үргэлжлүүлээд дэмжээсэй. Нэг удаагийн дэмжлэг битгий байгаасай гэж хүсч байгаа. Спонсорууд, дэмжигчиддээ баярлалаа гэж багийнхаа өмнө дахин хэлье!

Д.Түмэн-Өлзий: Хандлагаа өөрчлөх ёстой гэж бид зөндөө ярьсан. Үүний тулд зүгээр яриад суулгүй үйлдэл хийж эхлэх хэрэгтэй байдаг. Манай Бат Солюшн Партнерс компани Монголын дауны холбоо, Монголын тусгай олимпын хороотой байнга хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд контент бэлдэх зорилгоор тусгай олимпын наадамд оролцдог. Биднийг бусад компаниуд тусалж дэмждэг. Энэ жил манай медиа багийг Сүндий сан ивээн тэтгэж, тусгай олимпыг дэмжсэн. Энэ мэтээр бусад компаниуд дэмжээсэй. Одоо энэ олимп дуусаад хүүхдүүд маань гэртээ харихаар нөгөө хуучин орчин, дахиад нөгөө нүд үзүүрлэгдсэн байдал руу эргэж ороод байна. Уг нь энэ хүүхдүүд олимпоос олимпын хооронд инээд хөөр, аз жаргалаар жигүүрлэн амьдрах эрхтэй.

 В.Ганзориг: Зочиддоо баярлалаа! Нэвтрүүлгээ товч дүгнэе. Хүн төрөлхтөн арьс өнгөөр ялгаварлах үзлийг давж чадсан. Дараа нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хүчтэй хөндөгдөж гарч ирсэн. Харин одоо дэлхий нийт ялгаатай хөгжилтэй иргэдийг үл ялгаварлан гадуурхах, нийгэм нь хүлээн зөвшөөрөх сорилттой тулж байна. Та бидний хамгийн том сорилт бол хандлагаа өөрчлөх юм байна. Хамтдаа өөрсдийгөө өөрчлөн нийгэмдээ эерэг давалгааг үүсгэцгээе!

Онцгой олимп нэртэй манай нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэхэд тусалж дэмжсэн СҮНДИЙ санд Монголын тусгай олимпын баг тамирчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.