SYNDICATE TALK: Хариуцлагатай аялцгаая!
Монголчууд гадаадын хэдэн улсад визгүй зорчдог бол? Хэзээ бид хүссэн улс руугаа чөлөөтэй аялдаг болох уу? Өндөр хөгжилтэй орны виз авахад гардаг хүндрэлүүд, та бидний гаргадаг асуудлууд, шийдэл, яагаад монгол хүмүүс хариуцлагатай аялах ёстой болсон тухай мэдээллийг манай баг шинэ дугаараараа хүргэж байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг, БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүг, фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группыг үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо.
В.Ганзориг: Хариуцлагатай аялцгаая аян эрчтэй явж байна. Энэ ажлыг зөвхөн Монголчууддаа зориулан хийж байна уу, эсвэл дэлхий даяар явж буй арга хэмжээний нэг хэсэг юм уу?
Л.Мөнхтүшиг: Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх ажил үе үеийн Засгийн газар, Гадаад харилцааны яамны тэргүүлэх зорилт байсаар ирсэн. “Хариуцлагатай аялцгаая” аян монгол иргэдийн визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлэх, визтэй орнуудын нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор хийгдэж буй ажлуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын энгийн пасспорттой иргэд дэлхийн 23 улсад визгүй зорчдог.
Эдгээр орны тоог нэмэгдүүлэх, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зорчиход тулгардаг визийн хүндрэлийг арилгах ажлуудыг дэс дараатай хийж байна. Яг үнэндээ энэ бол зөвхөн Гадаад харилцааны яамны ажил биш юм. Бусад орнуудтай харилцан зөвшилцөж хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ-ын визийн нөхцлийг хөнгөвчлөхөд манай иргэдэд яг ямар асуудал тулгардаг тухай америкийн талтай ярилцсан. Тэгэхэд манай иргэдийн хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, визийн хугацаа хэтрүүлдэг, хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг асуудлыг цогцоор нь ярих ёстой. Энэ бол ганцхан визний тухай асуудал биш гэж АНУ-ын тал өөдөөс санал тавьсан. Иймээс бид АНУ-тай хамтран иргэддээ уриалга гаргах нь зүйтэй гэж шийдсэн.
Монголчууд гадаадад визгүй зорчихын тулд иргэн бүрийн оролцоо ямар чухлыг бид ойлгох ёстой. Энэ зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” аяныг 2017 оны 10 дугаар сард Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран эхлүүлсэн. Гадаадад зорчдог манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Тэр дундаа БНСУ руу зорчих иргэд нэлээд өссөн.
Иймээс бид энэ аяндаа БНСУ-ын Элчин сайдын яамыг оролцох урилгыг хүргүүлсэн. БНСУ-ын тал урилгыг хүлээн аваад 2018 оны 9 дүгээр сард аянд нэгдсэн. Ингээд олон нийт рүү хандсан гурван талын ажил болоод явж байна.
Жэйсон: Гадаад улсын иргэдийг АНУ-д чөлөөтэй зорчуулах нь манай улсын Засгийн газрын бодлого. Ингэж хэлэхээр магадгүй олон хүн гайхах байх. Гэхдээ манай улсад аялахдаа хууль дүрмийг маань чанд баримтлах ёстой.
АНУ-ын цагаачлалын хуулийг мөрддөг, визний журмыг зөрчдөггүй жуулчид, бизнесийн болон шашны аялагчид, богино хугацаат болон урт хугацааны гэрээт ажилчид, ном ёсоор сурахаар тэмүүлж буй оюутнуудийг Монголоос хүсдэг.
Харамсалтай нь олон хүн ингэж аялаж чаддаггүй. “Хариуцлагатай аялцгаая” аян маш чухал. Яагаад гэвэл манай улсын хууль дүрмийг зөрчдөггүй Монгол хүмүүс л АНУ-д зорчих ёстой. Сайн дураараа хууль ёсыг маань даган мөрддөг иргэдийг эх орондоо зочлуулахыг бид үргэлж хүснэ. Үүний тулд бид тодорхой хэмжээний соён гэгээрүүлэх ажил хийж байна гэсэн үг.
Энэ аян бол зөвхөн виз болон цагаачлалын хуулийн тухай биш юм. Харин эдгээр хуулийг зөрчснөөс үүдэн гарах хохирол, үр дагаварыг олон нийтэд ойлгуулах тухай юм шүү. Эдгээр хууль, дүрмийг шууд зөрчөөгүй ч гэсэн танд дахин виз олгохгүй байх, уг хуулийг зөрчснөөс үүдэн таны гэр бүлийн гишүүд, найзууд, ирээдүйд АНУ-ыг зорих бусад монгол иргэдэд виз олгохгүй байх үндэслэл үүсдэг. Элчин сайдын яам танд виз өгч байна гэдэг нь олгогдсон визийн нөхцлийг дагуу хууль зөрчилгүй аялана гэдэгт танд итгэж буйн илрэл
юм. Энэ итгэлийг нэгэнт алдсан нөхцөлд дахиад тэр хүнд итгэж виз олгоход маш хүнд болдог.
Кил Кан Мүг: Итгэлцэл дээр суурилсан иргэдийн хариуцлагатай аялал улс хоорондын харилцааг дараагийн төвшинд гаргадаг
юм. БНСУ-ын Элчин сайдын яам яагаад “Хариуцлагатай аялцгаая” аянд нэгдсэн тухайгаа хоёр зүйлээр тайлбарлая. Нэгт, Цаг хугацааны хувьд үүнийг бид ирээдүй рүү чиглэсэн кампанит ажил гэж харж байгаа. Бид өнөөдөр хариуцлагатай байж чадвал ирээдүйд БНСУ ба Монгол төдийгүй АНУ ба Монгол Улсын хооронд иргэд улам бүр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Хоёрт, энэ аяны зорилгыг ирээдүйгээс бүр цаашаа буюу үе дамжин үр дүнг нь үзэх ажил гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, бид үр хойчдоо маш нээлттэй, харилцан итгэлцэл дээр суурилсан хоёр орны гайхалтай сайхан харилцааны суурийг бэлдэж өгч байна гэсэн үг. Иймээс аль ч талаас нь харсан “Хариуцлагатай аялцгаая” аян маш чухал кампанит ажил.
Ө.Батбаяр: “Дэлхийгээр аялагчид” групп яагаад энэ аянд нэгдэх болсныг тайлбарлая. 2015 онд групп үүсгэн байгуулагдснаас хойш судалгаа хийхэд монголчууд анх дэлхийн 20 гаруй улсаар л аялдаг байжээ. Харин одоо бидний харж байгаагаар дэлхийн 130 гаруй улсаар монголчууд аялаж байна. Ингэж аялахдаа санаатай гэхээс илүүтэй санаандгүй, тухай улсын хууль дүрэм, ёс уламжлалыг мэдэхгүйгээс болоод хохирдог асуудлууд зөндөө байдаг. Энэ асуудлыг хөндөх зорилгоор бид нэгдсэн. Хоёр дахь шалтгаан бас бий. Нэр хугарахаар яс хугар гэж монголчууд бид ярьдаг. Аливаа хувь хүн хилийн дээс алхаж гараад л Монгол гэдэг нэрээр овоглон улсаа шууд төлөөлдөг. Иймээс Монгол хүний нэр хүнд чухал бөгөөд ариун нандин байх ёстой.
Гуравт, цаашдаа бид яах билээ гэдэг асуулт байсан.
Манай группын гишүүдийн 92 хувь нь 18-аас 44 насны залуучууд. Эдгээрийн 60-аас 70 хувь нь 18-аас 30 насны залуус байдаг.
Эдгээр залуус ирээдүйд хүссэн улс руугаа асуудалгүй, нэр хүндтэй, чөлөөтэй аялах ёстой. Эдгээр зорилгын төлөө энэ аянд нэгдсэн. 2019 оны 2 дугаар сарын 17-нд бид Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үргэлжлүүлээд групп дээрээ “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, виз болон гадны улсуудын хууль дүрмийн тухай мэдээллийг гишүүддээ хүргэж байна.
Энэ аян зөвхөн АНУ эсвэл БНСУ-ын тухай биш шүү дээ. Монгол хүний аялаж буй орнуудыг өндөр хөгжилтэй, буурай хөгжилтэй гэж ялгахгүйгээр дэлхийн бүх улсын хууль дүрмийг мөрдөн хариуцлагатай аялахыг дэмжих нь бидний зорилго. Нөгөө талаас хувь хүн өөрөө хариуцлагатай аялах ёстой. Тухайлбал, бичиг баримт нь бүрэн, хаашаа, ямар зорилгоор, ямар эрсдэл үүрэн аялаж буйгаа мэддэг, тэрхүү аяллынхаа хариуцлагаа бүрэн үүрдэг байх ёстой. Энэ асуудлыг хөндөн ялангуяа сошиал медиа дээр манайх хамгийн хүчтэй ажиллаж буй групп гэж бодож байна. Манай үйл ажиллагааг дэмжээд монголын олон үндэсний компаниуд хамтран ажиллаж байгаа. 2018 онд давхардсан тоогоор 2.5 сая Монгол иргэн хилийн дээс алхан гадагш аялжээ. Энэ тоо жил бүр 200 мянгаас 300 мянгаар нэмэгдэж байгаа. Энэ бүх хүн гадагшаа аялахдаа хариуцлагатай байх тухай асуудал хүчтэй сөхөгдөж байна. Нөгөө талаас, Монгол Улс аялал жуулчлалын сайхан бүс нутагт тооцогддог. Бид өөрсдөө зун цагт Хөвсгөл, Завхан, Архангай, Өмнөговь зэрэг үзэсгэлэнт нутаг руу бөөнөөрөө аялдаг. Энэ аяллын явцад мөн л хариуцлагатай аялах тухай асуудал хөндөгддөг. Наад зах нь хог хаяхгүй, гол ус бохирдуулахгүй байх, байгаль орчноо хайрлах гэх мэт. Тал газраар дур зоргоороо машинтай давхих нь хүртэл хөрс эвдэж буй буруу үйлдэл шүү дээ.
Соёлт хүний амьдралын хэлбэр бол хариуцлага үүрэх тухай байдаг. Үүнийг л хэвшүүлэхийн тулд бид энэ аянд нэгдсэн.
В.Ганзориг: Саяхнаас Тайландын хааны ордонд хулгай хийсэн монголчуудын тухай гадны хэвлэлээр шуугиад эхэллээ. Хариуцлагатай аялахын тулд нэн тэргүүнд шийдэх ёстой хамгийн том асуудал юу вэ?
Л.Мөнхтүшиг: “Хариуцлагатай аялцгаая” аян монголчуудын визийн зөрчлийг бууруулах, зорчих улсуудын тоог нэмэгдүүлэх зорилготой ажил. Ажил эхэлсэний дараа цар хүрээ нь үүгээр хязгаарлагдахгүй илүү өргөн хүрээ рүү шилжиж байна. Анх бид очих газрынхаа хууль дүрмийг бүү зөрчөөрэй, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг хүний хариуцлагагүй үйлдэл дараа дараагийн монгол хүнд сөргөөр нөлөөлнө шүү гэж ярьж эхэлсэн. Харин одоо аяныхаа цар хүрээг хэрхэн өргөжүүлэх вэ гэж ажиллаж байна. Батбаяр захирал даруухан хэлж байна. “Дэлхийгээр аялагчид” группын гишүүдийн тоо 570 мянгад хүрсэн. Гишүүдийн тооноос гадна Монголын хамгийн хариуцлагатай, гэгээлэг зөв мэдээлэл өгдөг сошиал медиа суваг. Эд нартай хамтарч ажилласнаар зөвхөн Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамны сувгаар түгээгддэг байсан мэдээ, мэдээллүүд хамаагүй өргөн хүрээнд цацагдаж эхэлсэн. Аль болох олон монгол иргэнд энэ мэдээллийг өгөх нь чухал. Энэ аян анх гадагш зорчиж буй иргэдийн визний асуудалд чиглэж байсан бол одоо дотоодын аялал жуулчлал, ерөөсөө хариуцлагатай аяллын тухай агуулгатай болсон.
“Хариуцлагатай аялцгаая” гэдэг бол Монголчуудад зориулсан брэнд байх ёстой.
Бид хариуцлагатай байх цаг үнэхээр болсон. Гадаад харилцааны яамны Консулын газар зөвхөн визний асуудал хариуцдаггүй бөгөөд гадаадад буй, гадаадад зорчиж буй нийт монгол иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Гадаадад буй 43 элчин сайдын яамнаас өдөр бүр монгол иргэн гэмт хэрэгт холбогдлоо, нас барлаа гэх мэт манайд мэдээллүүд ирдэг. Зарим нэг тоо мэдээллээс хуваалцъя. Өнөөдөр гадаадын 43 улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байна. 2018 оны сүүлээр авсан мэдээллээр гадаадын 70 гаруй улсад 175 мянган монголчууд ажиллаж амьдарч байна. 2018 онд давхардсан тоогоор 2.5 сая иргэн гадаадад зорчжээ. Энэ тоо 2017 онд 2.4 сая байсан бол 2016 онд 2.2 сая байв.
Гадагшаа явах урсгал жил бүр нэмэгдэж байна. Үүнийг дагаад эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй монгол иргэдийн тоо ч үүнийг дагаад өсч байна. 2017 онд 1500, 2018 онд 1400 орчим монгол иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон. Энэ бол харьцангүй тоо. Учир нь гэмт хэрэгт холбогдсон хүн бүр элчин сайдын яаманд мэдэгдэхгүй байх тохиолдол бий. Эдгээр гэмт хэрэг, зөрчлүүдийг агуулга, хэлбэрээр нь задлаад үзвэл тал хувь нь хулгайн гэмт хэрэг байдаг. Үлдсэн талд нь бусад гэмт хэрэг орно. Үүнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн хүн амины хэргүүд ч бий. Товчхондоо гадаадад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн тал нь хулгай, үлдсэн нь архитай холбоотой хэргүүд байдаг. Энэ нөхцөлд бид өөрсдөө “Хариуцлагатай аялцгаая” аяныг хийж эхлэхгүй бол дан ганц визний тухай биш, Монгол Улсын нэр хүндийн асуудал болж хувирсан. Батбаяр гэдэг хүн хилийн дээс алхаад л хувь Батбаяр биш харин Монгол Улсын иргэн болж харагддаг. Ингэж том зургаараа харж, ярилцах цаг нь хэдийн болжээ. Тэгэхгүй энэ улс л бидний визийг чангалаад байна гэж ярьж болохгүй. Нэг хүний хийсэн буруу, хууль бус үйлдлээс болж гурван сая иргэний эрх ашиг хөндөгдөн хохирч буйг ойлгох ёстой.
БНСУ-ын Элчин сайдын яаман дээр хууль бусаар виз зуучилдаг, бичиг баримт хуурамчаар үйлддэг асуудлаас болоод виз олгогдох хугацаа сунаж байна. Энэ хүмүүсийг бид гадаадын элчин сайдын яамдуудтай хамтран хууль цагдаагийн байгууллагад өгч шалгуулдаг, буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцдог чиглэл рүү явж байгаа. Мөн гадаадад буй элчин сайдын яамдуудаар дамжуулан хилийн чанадад амьдардаг монголчууддаа зориулсан уриалга явуулж байна. Энэ аян ийм өргөн хүрээг хамарч байгаа учраас танай нэвтрүүлэгт орж хүмүүст мэдээлэл хүргэж байгаадаа баяртай байна.
В.Ганзориг: Хилийн чанадад үйлдэгддэг 1400 гэмт хэргийг улсаар нь ангилж гаргасан тоо байдаг уу?
Л.Мөнхтүшиг: Жил бүр хилийн дээс алхаж буй 2.5 сая монголчуудын 1.4 сая нь БНХАУ-д зорчдог. Гадаадад буй монголчуудын тоогоор БНСУ тэргүүлдэг.
2018 оны жилийн эцсийн байдлаар Өмнөд Солонгост 46200 монгол иргэн амьдарч байна. БНСУ-д зорчдог иргэдийн тоо нэмэгдсэн хэвээр байгаа. Энэ тоо 2017 онд 100 мянга байсан бол 2018 онд 120 мянгад хүрсэн.
Гэтэл хүмүүс виз чангараад байна, Солонгосын элчин виз олгохгүй байна гээд яриад байх юм. Яг ингээд тоог нь харахаар БНСУ-д зорчдог хүмүүсийн тоо жил бүр 10-аас 20 мянгаар нэмэгдэж байна. Энэ чинь тэр хэмжээний хүмүүс виз аваад л зорчиж байна гэсэн үг. Иймээс иргэд маань зөв мэдээлэлтэй байх ёстой.
Зорчиж буй тооноос хамаараад БНХАУ, БНСУ улсад манай иргэд хамгийн их гэмт хэрэг үйлддэг. Одоогийн байдлаар манай 178 иргэн гадны улсуудад ял эдэлж байна. Эдгээрийн тал нь хулгайн хэрэгтэй. Дийлэнх нь Хятадад байна. Сая Тайландын жишээ яригдлаа. Тайланд руу бид 2005 оноос хойш визгүй зорчдог болсон. МИАТ компани сүүлийн хоёр жил 11 дүгээр сараас 3 дугаар сарыг дуустал шууд нислэг үйлдэж байгаа. Өвөл манай иргэд Тайланд руу олноор зорчдог болсон. 2018 онд нийт 15 мянган монгол иргэн Тайланд руу аялсан. Шууд нислэгтэй болсноор хулгайн хэрэг нэмэгдэж байгаа хандлага бий. 2017 онд Тайландад 9 монгол иргэн хулгай хийсэн бол 2019 гарснаас хойш энэ тоо хэдийнэ 10 хүрчихээд байна. Тайландын хааны ордонд монгол иргэд хулгай хийсэн мэдээлэл үнэн. Тайланд улс 60 сая хүн амтай бөгөөд жил бүр 67 сая жуулчин хүлээн авдаг. Жуулчдын аюулгүй байдал алдагдах нь Тайланд улсын хувь маш том аюул бөгөөд нэр хүндэд нь сэвтэй асуудал. Иймээс хулгайн гэмт хэрэгтэй маш хатуу тэмцдэг.
Ө.Батбаяр: Мөнхтүшиг даргын үгэн дээр бяцхан тодруулга хийе. Шууд нислэгээс болоод хулгайн хэрэг нэмэгдэж байна гэж хүмүүс ойлгох вий. Зорчих урсгал нэмэгдэж буй нь сайн хэрэг. Энэ дунд далимдуулагчид гээд хэсэг нөхөд байна. Хувиа хичээсэн өчүүхэн сэтгэлтэй тэд цөөхүүлээ хэдий ч хийж буй бурангуй үйлдэл нь манай улсын нэр хүндэд шууд сөргөөр нөлөөлдөг. Хүмүүс янз бүрийн тайлбар хэлдэг л дээ. Манай улс ядуу, амьдрал хэцүү, утаатай, ажил олдохгүй байна гэх мэт. Асуудлыг ойлгож байна. Манайхан энэ мэтээр хэрэг, зөрчлөө хаацайлах гэж оролддог. Гэхдээ эдгээр асуудал хулгай хийх, хууль дүрэм зөрчиж буйн тайлбар огт биш.
Би жишээ нь Сингапур руу явж байхдаа Сеүлийн нисэх онгоцны транзит зааланд хулгай хийгээд баригдаад явж байгаа монгол залуутай тааралдаж байсан. Дараагийн нислэг рүү шилжих гээд ачаа тавих зуур л хулгай хийгээд баригдсан. Энэ мэт хүмүүсийн ганц буруу үйлдэл бүхэл бүтэн улс үндэстний нэр хүндийг тэр чигээр нь харлуулдаг. Ийм хууль бус үйлдлийг хэсэг бүлэг хүмүүс сайн эр гэх мэт есөн шидийн нэр томъёо зүүгээд бүр бахархалтайгаар яриад байгаа нь маш буруу зүйл. Үүнийг би онцгойлж хэлмээр байна. Тэр хүн, түүний гэр бүл, энэ гэр бүлд амьдарч буй хүүхдүүд ийм амьдралаас ичих ёстой. Хулгай бол ерөөсөө ч амьдралын зөв хэлбэр биш. Соёлт нийгмийн хувьд өчүүхэн төдий ч зөвтгөх ёсгүй зүйл.
Иймээс монголчууд бид хулгайг жигших ёстой, үзэн ядах ёстой, зогсоох ёстой. Гэхдээ би үүнд хүч хэрэглэх тухай яриагүй шүү.
Л.Мөнхтүшиг: Шууд нислэг болон хулгайн хэрэгтэй холбоотой зөв тайлбар хийсэнд баярлалаа. Тайланд улс руу өнгөрсөн онд 15 мянган хүн зорчсоноос 10 хүн хулгайн хэрэгт холбогдсон. Энэ дунд давтан хэрэгтэй хүн ч бий, тэр байтугай жирэмсэн эмэгтэй ч байгаа.
Жэйсон: “Хариуцлагатай аялцгаая” аяны хамгийн том асуудал миний хувьд энэ бүх мэдээ, мэдээллийг хэрхэн олон хүнд хүргэх байна. Учир нь бид Засгийн газрын агентлаг. Иймэрхүү арга хэмжээнд зориулсан төсөв байдаггүй. Иймээс бид Гадаад харилцааны яам, түнш байгууллагууд, ТББ-ууд, хэвлэл мэдээлэл, сошиал медиа сувгуудтай хамтран зорилтот бүлгүүдэд мэдээ, мэдээллээ үр ашигтай хүргэхээр ажиллаж байна. Нэмээд хэлэхэд энэ мэдээ, мэдээллийг хэрхэн ойлгомжтой, энгийн байдлаар монголчуудад хүргэх замаар хандлагыг өөрчлөх тал дээр сайтар ажиллах нь бидний өмнө тулгарч буй бас нэг сорилт гэж хэлмээр байна.
Кил Кан Мүг: “Хариуцлагатай аялцгаая” аян дэлхийн нийтээр явж буй арга хэмжээний нэг хэсэг үү гэж та асуусан. Бидний амьдарч буй нийгэм аль нэг улсын хил хязгаараас давсан хүн төрөлхтний шилжилт хөдөлгөөн бүхий орчил, цагаачлалын даяар эрин үе гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Цаг үеийнхээ энэ онцлогийг бид ойлгох ёстой. Жишээ нь, БНСУ-д жишээ нь өнөөдөр 2.6 сая гадаад иргэн ажиллаж амьдардаг. Монголын нийт хүн амтай бараг тэнцүү гэсэн үг. Хүмүүс хариуцлагагүй аялаад байгаа учраас энэ аянг эхлүүлсэн үү гэж та бас асуусан. Тийм биш. Учир нь аялагч, жуулчдын энэ том шилжилт хөдөлгөөн улс орнуудын хувьд шинэ сорилтыг бий болгосон. Хүмүүс шинэ оронд зочлох нь зүй ёсны хэрэг. Иймээс энэ аяныг хийх шаардлага үүссэн гэдгийг хэлмээр байна. Ийм аяныг хийдэг дэлхийн хоёр төрлийн жишиг байдаг. Нэгт, иргэдээ илгээж буй улс нь өөрийн иргэддээ зориулсан мэдээ, мэдээллийг түгээх. Хоёрт, тухайн гадны иргэнийг хүлээнх авч байгаа улс мөн энэ төрлийн аянг нутагтаа зохион байгуулдаг. Бид яриад байгаа “Хариуцлагатай аялцгаая” аян бол эхний төрөлд орох арга хэмжээ юм.
1900 оны эхэн үед Солонгос улс иргэддээ анх удаа гадаад пасспорт олгож эхэлсэн. Энэ үед гадаад пасспорт авахын тулд иргэд хариуцлагатай аялах тухай тусгай сургалтад заавал суудаг байв.
Харин одоо больсон. “Хариуцлагатай аялцгаая” аянг өнөөдөр төрийн байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд хамтран хийж байгаа боловч ТББ, олон нийтийн хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллага, таны “Синдикат ярилцлага” нэвтрүүлэг орж ирснээр бидний ажил улам утга учиртай болж байна. Дан төрийн байгууллагууд ажиллаад тэр болгон олон хүнд мэдээллээ хүргэхэд хүнд. Харин сайн дурын байгууллагууд энэ аянг дэмжин орж ирснээр илүү олон хүмүүсийг хамрах боломжтой болж байна. Та бүхэн энэ аянд оролцож буйд би маш их баяртай байна.
Би Монголд ирээд жил хагас болж байна. Ирснээсээ хойш хагас, бүтэн сайн өдөр амарч үзээгүй. Өглөөний 7 цагаас оройны 11 цаг хүртэл визний материал дээр ажиллаж байна. Манай консулын бүх ажилчид ингэж өндөр ачаалалтай ажиллаж байгаа хэрнээ л солонгосын визний хугацаа хойшлоод байна. Яагаад гээд судлаад үзэхээр хамгийн том асуудал хуурамч бичиг баримт болчихоод байна. Манайд өгч буй хуурамч бичиг баримтын тоо ихсэх тусам хариуцлагагүй аялах хүмүүсийг хариуцлагатай аялагчдаас ялгахын тулд яах аргагүй нарийвчлан шалгах шаардлага үүсдэг.
Виз олголтын хугацаа удааширч буй гол шалтгаан нь хуурамч бичиг баримт! Тиймээс хуучин нэг сарын дотор гардаг хариу гурван сар хүртэл хүлээгддэг болсон. Хуурамч бичиг баримтыг нягтлахын тулд ийм хэмжээний цаг зарцуулахаас өөр аргагүй байна гэсэн үг. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тиймээс “Хариуцлагатай аялцгаая” аянг бүх нийтээрээ дэмжих хэрэгтэй байна.
В.Ганзориг: Дэлхий даяарх шилжилт хөдөлгөөн, цагаачлал, хуурамч бичиг баримт, хулгай, архитай холбоотой гэмт хэрэг, хувь хүний соёл, хүмүүжил, мэдлэг боловсрол, ёс зүй гээд олон асуудлыг та бүхэн хэллээ. Одоо шийдлээ ярилцъя. Хэзээ, яаж бид хариуцлагатай аялдаг болох бол?
Л.Мөнхтүшиг: Маш хэцүү асуулт байна. Гэхдээ нөхцөл байдал хүнд байна гээд төрийн байгууллага, манай яам, элчин сайдын яам хойшоо суух эрх байхгүй. Монгол иргэдийн гадаадад зорчих боломжийг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа жижиг ажлын нэг нь энэ аян юм. Энэ аянг АНУ-тай хамтран эхлүүлээд дөнгөж нэг жил гаран л болж байна. Энэ богино хугацаанд хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, хандлагыг нь өөрчилнө гэдэг амар ажил биш. Гэхдээ зарим нэг эерэг үзүүлэлтүүд гараад эхэлсэн. АНУ-д зорчоод визийн хугацаа хэтрүүлдэг хувь буурсан. Энэ бидэнд маш том урам өгсөн. Харин БНСУ-ын хувьд энэ үзүүлэлтийг яг одоо хэлэхэд хэцүү байна. Хүн амтай нь харьцуулахад визийн зөрчилтэй иргэдийн тоогоор БНСУ дотор манай улс толгой цохидог. Энэ нь эдийн засаг, нийгмийн асуудал мэт боловч бидний зүгээс визэнд хандахад 10 материал шаарддаг байсан бол тэрийг нь найм болгох, Солонгос явахад барьцаа мөнгө нэхдэг байсныг хэмжээг нь багасгаж алсдаа байхгүй болгох зэрэг ажлуудыг хийгээд явж байгаа.
Бид өөрсдөө ийм байгаа нөхцөлд бусад улс руу зорчихдоо визгүй явна гэдэг бол харьцангүй асуудал. Гэхдээ алсдаа хүссэн улс руугаа визгүй зорчдог болох замын зураглал гаргаж буй нь энэ ажил юм. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудлыг ярилцсан. АНУ-тай ч гэсэн энэ талаар тохиролцоонд хүрсэн. Хамгийн гол нь бид визгүй зорчихын тулд биелүүлэх ёстой шаардлагуудыг одооноос эхлэн бага багаар биелүүлэх учиртай. Жишээ нь, Монгол Улс цахим пасспорт нэвтрүүлэх нь манай улсын пасспортын аюулгүй байдал, олон улсын стандартад нийцсэн аяллын баримт бичгээр гадаадад зорчих ёстой гэж дэлхий дахинд тавигддаг түгээмэл шаардлагад тооцогдоно. Монгол Улс тун ойрын хугацаанд цахим пасспорттой болох ёстой. Жил гараны өмнө гадаад пасспортын сунгалт хийхийг хориглосон. Энэ бас л олон улсын шаардлага байсан. Учир нь пасспортын хуудсан дээр гараар хугацааг нь сунгаж бичээд гарын үсэг зурж тамга дардаг жишгийг 2015 он гэхэд халах ёстой гэдэг зөвлөмж гарчихсан байсан. Бид энэ мэтээр олон улсын стандарт руугаа явж байгаа. Хулгайд алдсан, гээсэн пасспортыг бид интерполын сүлжээнд мэдэгдэх үүрэгтэй. Энэ мэт олон шаардлагуудыг бага багаар хангаад явж байна. “Хариуцлагатай аялцгаая” аян үндэсний хэмжээний кампанит ажил болж олон хүнд хүрээд, иргэд маань хариуцлагатай аялаад эхэлбэл бидний хүсээд байгаа хугацаа улам л багасна.
В.Ганзориг: Ойрын хугацаанд багтаад монголчуудын визгүй зорчдог 23 улсын тоо нэмэгдэх үү?
Л.Мөнхтүшиг: Энэ тоо хоёр, гуравхан жилийн өмнө 19 байсан. Хэлэлцээр албажиж эцэслэгдээгүй байгаа тул яг одоо тоо хэлэх боломжгүй байна. Энэ асуудал ганц манай талаас биш нөгөө улсын төрийн шийдвэрээс шууд хамаардаг. Визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх зорилго мэдээж бидэнд бий. Энэ талаар ажиллаж ч байгаа. Дипломат албан пасспортыг дарга нар зарим улсууд руу визгүй зорчихын тулд өөрсөддөө зориулдаг гэдэг яриа байдаг. Тийм зүйл байхгүй. Энэ бол хоёр улсын хооронд шат дараатай шийдэгдэж буй арга хэмжээ юм. Эхлээд дипломат, дараа нь албан, эцэст нь энгийн пасспорт визгүй болдог. Улс орнууд харилцан адилгүй шаардлага тавьдаг. Энэ бүхэн алсдаа монголын иргэн бүр тухайн улсууд руу визгүй зорчих чиглэл рүү л явж байна гэсэн үг.
Ө.Батбаяр: 2012 онд Нью Йорк хотод НҮБ дээр JCI байгууллагын нэгэн хуралдаанд сууж байсан юм. Тэр үед африкийн нэгэн төлөөлөгч “Your problem of today is my problem of tomorrow” буюу таны өнөөдрийн асуудал миний маргаашийн асуудал гэж хэлж байсан. Бид болж байна аа гээд асуудлаа тоохгүй орхиод яваад байвал маргааш хэн нэгний асуудал болж л таарна. Угаасаа ийм болоод эхэлсэн. Иймээс монгол хүн бүр нийлээд асуудлуудтайгаа тэмцмээр байна. Бид хамтын үнэ цэнэ буюу Shared Value-гаа бий болгох ёстой. Тухайлбал, монгол хүмүүс гадаадад гэлтгүй эх орондоо хийж буй үйл болгондоо хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Надаас болоод хэн нэгэнд асуудал үүсэх вий гэдгийг байнга боддог байх хэрэгтэй. Дор бүрнээ ярихаас гадна бүгдээрээ нийлээд ийм үйлдэл рүү бусдыг шахах ёстой. Нэг жишээ хэлье. Истанбул руу нисэхэд Бишкекээр дамждаг. Бишкекийн транзит заланд надтай цуг настай эмээ таягаа тулаад оочерлоод зогсож байхад хоёр монгол залуу шууд оочер дайраад хажуугаар орж ирсэн. Би шаардлага тавихад өөдөөс “Битгий тодроод байгаарай” гэсэн. Ингэж байхад хамгийн харамсалтай нь тэнд байсан нэг ч хүн намайг дэмжиж шаардлага тавиагүй. Би нэлээд нухацтай маргалдаад чи заавал оочерло, би та нартай цуг хойно оочерлоё гэж байхад тэнд байсан зарим хүн ам амандаа л “тийм шүү дээ, зөв шүү дээ” гэж бувтнаж байсан. Уг нь тэнд байсан хүмүүс заавал хэрэлдэхгүйгээр бүгдээрээ тэр залууст нүүрэн дээр нь шаардлага тавих ёстой байв. Ингэж байж бид хүмүүсийг зөв байдалд дасгана. Үүнийг би хамтын үнэ цэнэ үүсгэж буй хэлбэр гэж хэлнэ.
“Дэлхийгээр аялагчид” группээр дамжуулан бид ийм байцгаая гэдэг уриалгыг гаргаж байгаа юм. Тэрнээс бус бид асуудлыг шийдээд байгаа хэрэг биш. Хүмүүс сонссоор байгаад дасаад цаашдаа ийм л байх ёстой гээд үйлдэл хийж эхлэнэ. Манай үндэсний компаниуд нэг үеэ бодвол мундаг болсон. Бизнес эрхлэгчид маань хамтын үнэ цэнийг ойлгоод эхэлсэн. Гадаад харилцааны яам, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдууд өөрсдийн хэмжээнд ажлаа тултал хийж байгаа ч тэдэнд иргэдийн дэмжлэг асар их хэрэгтэй байгаа. Хувийн хэвшил, иргэд энэ ажилд сайн дураараа орж дэмжихгүй бол тэдгээр хүмүүс мянга яриад нэмэр байхгүй. Иргэд бусдыг шүүмжлэн янз бүрээр ярихаас илүүтэй өөрсдөө энэ ажилд оролцох ёстой. Эс үйлдэл хүнийг буруу зүйлийг дэмжигч болгодог. Иймээс ядаж эс үйлдэлгүй байх ёстой. Энэ аянг Энержи ресурс, Юнионпэй, ХасБанк, Хаан даатгал, Хера экюпмент групп, Туркиш эйрлайнс, АПУ компани, манай Дэлхийгээр аялагчид групп санхүү болон бусад нөөцөөр, өөрсдийн үйлдлээр дэмжиж байгаа. Эдгээр байгууллагуудад талархал илэрхийлмээр байна. Бусад компаниуд маань ч гэсэн заавал мөнгө санхүүгээр дэмжих албагүй өөрсдийн үйлдлээр Монгол хүний үнэ цэнийг бий болгох дээр ажиллах ёстой.
Шийдэл бол та бид нийлээд хамтын үнэ цэнэ бий болгох юм. Таны Монгол гэдэг нэрийг гутаагаад байгаа үйлдлийг эсрэг монгол хүн бүр тэмцэх ёстой. Тэр нь заавал гадагшаа аялахад байх албагүй шүү. Дотооддоо аялахдаа, бие биетэйгээ харьцахдаа ч тэр тийм л байх ёстой. Энэ мэт ажлууд бага багаар хийгдэж байна. Тодорхой хугацааны дараа энэ аян манай нийгэмд шал өөр нөлөөг залуусын дунд гаргах болов уу гэж найдаж байгаа. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд бид цуцалтгүй, шантрахгүй хамтдаа ажиллах ёстой. Бид заавал үр дүн гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ асуудал үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн байна.
Жэйсон: Таны өнөөдрийн асуудал бол миний маргаашийн асуудал гэж хэлсэн Батбаяртай санал нэг байна. Аль болох урт хугацааг харах, алсын бодолтой байх нь миний санал болгох шийдэл. Нэгэн түүх яръя.
Улаанбаатарт буусан нэг гадаад залуу нисэх дээрээс такси барьсан. Таксины жолооч яриа өдөөд та хаанас ирэв гэхэд залуу би АНУ-аас ирлээ гэжээ. Жолооч залуу зөрөөд ах хүү, та надад америкийн виз гаргаж өгч чадах уу? Би 5 мянган ам.доллар төлье гэж хэлсэн байдаг.
Энэ бол том асуудал. Яагаад гэвэл эрүүл ухаантай ямар ч хүн америкийн виз авахын төлөө 5 мянган ам.доллар төлөх ёсгүй. Магадгүй визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин суух хүсэлтэй хүмүүс л ийм үйлдэл хийх болов уу.
Иймэрхүү хүсэлт ирэхэд бидний хэлдэг зөв хариулт бол “Уучлаарай. Би таны хүсэлтийг биелүүлж чадахгүй. Яагаад гэвэл танд хариуцлагатай аялах ямар ч зөв хандлага алга. Иймээс таны хууль зөрчиж буй үйлдлийг дэмжин би өөрийн нэр хүндээрээ дэнчин тавихгүй. Үүнийхээ оронд та ердөө 160 ам.доллар төлөөд албан ёсоор визаа аваач дээ” гэж хариулдаг. Энэ мэтээр хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүйгээр бидний ажил амжилттай болж чадахгүй. Бидний хууран мэхэлж ашиг олохын тулд хууль бус үйлчилгээг үгсэн хуйвалдаад хийж байгаа хүмүүсийг бид өршөөхгүй. Тэгэхээр Синдикат ярилцлага шиг ийм контентуудаар дамжуулан аль болох олон хүнд мэдлэг, мэдээллийг түгээх нь энэ асуудлыг шийдэх шийдэл юм.
Кил Кан Мүг: Шийдэл дээр би гурван зүйлийг хэлмээр байна. Жишээгээр тайлбарлая. Олон хүн концерт үзэхээр театрт цугласан байна гэж төсөөлье. Эхний эгнээний хүмүүс үзвэрээ сайн үзэхийн тулд бүгдээрээ босоод зогслоо. Ингэмэгц хоёрдугаар эгнээний хүмүүст харагдахгүй болох тул тэд мөн босно. Үүний дараа гурав, дөрөвдүгээр эгнээ, улмаар зааланд цугласан бүх хүн босохоос өөр аргагүй болно. Уг нь бүгд суугаад үзэх боломжтой үзвэрийг нийтээрээ босч үзэж буйтай адил нөхцөл байдал үүснэ. Иймээс хүн бүр өөрсдийгөө энэ тоглолтын танхимд байна гэж үзээд, хэрвээ би ганц хууль бус үйлдэл хийх юм бол бусад бүх хүмүүс дагахаас гадна зүй бус үйлдэл бидэнд энгийн зүйл мэт болно шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний эхний зөвлөгөө бол надаас болж хэн нэгэн буруу зүйл хийчих вий гэдэг ёс суртахуунтай, болгоомжтой байх ёстой. Энэ хандлагыг хувь хүн бүр өөртөө суулгах нь маш чухал.
Хоёрт, яг та бүхэн шиг хүмүүс буюу нийгмийн идэвхтэй бүлэг энэ ажилд чухал нөлөөтэй. Монгол Улс гурван сая хүн амтай ч дэлхийн бусад улстай харьцуулахад их хүн амтайд тооцогдохгүй. Энэ жижигхэн улсад бие биенээ хуурдаг асуудал түгээмэл ажиглагддаг. Энэ маш харамсалтай зүйл. Хууль бусаар орлого олдог хүмүүс болоод яваад байдаг. Визний зуучлагч нарт мөнгө өгч байгаа иргэд маш их хөдөлмөрлөж байж уг орлогоо олсон байдаг. Гэтэл мөнгөө тэдгээр хууль бус үйлчилгээ үзүүлж буй хүмүүст аваачиж тушааснаар тухайн хүн асуудлаа шийдвэрлэж байгаа хэрэг биш шүү дээ! Үүнийг та нар шиг хүмүүс хараад энэ болохгүй, буруу зүйл шүү гэдгийг нь хэлж анхааруулж ойлгуулах хэрэгтэй. Энэ бол та нарын үүрэг байх ёстой.
Гуравт, та бүхэн бүхий л зүйлийг хууль ёсны дагуу, дүрмийнх нь дагуу хийж занших ёстой. Нэг харамсалтай жишээг би хэлье. Олон удаа зорчих визтэй хүний гэр бүлийн хүн энэ төрлийн визийн нөхцлийг шууд хангадаг. Үүнийг мэдэхгүйн улмаас нөхөр нь виз зуучлагч нар дээр очиж мөнгө төлсөн байдаг. Тэр хүн яагаад ийм хууль бус үйлдэл хийх болсныг бид мэдэхгүй ч энэ бүх мэдээлэл Элчин сайдын яамны консулын газарт ирдэг. Тэгэхээр тухайн элчин сайдын яамнаас гаргаж буй дүрэм, журамтай сайтар танилцаж, зөв мэдээллээ авч байх хэрэгтэй байна аа.
БНСУ-д хууль ёсоор ажил эрхлэх бүрэн боломж байдаг. Хоёр төрлийн боломж бий. Нэгт, гэрээт ажилтан. Энэ статусаар явбал 10 хүртэлх жил Солонгост хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхлэх боломжтой. Өнгөрсөн жил Монгол Улсад нийт даруй хоёр мянга гаруй гэрээт ажилтны квот олгогдсон. Гэтэл 800 хүн л явсан байдаг. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн квотоо ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Хоёрт, улирлын чанартай ажил буюу гурван сарын богино хугацаагаар ажиллах боломж байдаг. Тэгэхээр заавал болохгүй ангиллын виз авч ажиллахыг оролдолгүйгээр энэ байгаа боломжуудыг ашиглаж хууль ёсны дагуу ажил хийж болно шүү дээ. Иймээс элчин сайдын яамнаас тавигдаж буй шаардлагыг биелүүлж, журмын дагуу визний материалаа бүрдүүлбэл хүссэн визээ авахад хамаагүй хялбар байх болно.