SYNDICATE TALK: Хөгжил бол хүний эрх

Б.Болор-Эрдэнэ
2019-09-10 13:09

“Syndicate Talk – Exclusive” мульти-формат шинэ контент Боловсрол ТВ болон Блью Скай зочид буудалтай хамтран төрж байна. Анхны нэвтрүүлгийн маань хүндэт зочноор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын (Office of the United Nations High Commissioner for Human Rights) Хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга Аюушийн Бат-Эрдэнэ уригдлаа.

В.Ганзориг: Таны албан тушаалаас харж байхад хөгжлийн эрх, хүний эрхийн дээд комиссарын газар зэрэг Монголд харьцангүй бага сонсогддог, шинэ үгнүүдтэй цөөнгүй тааралдлаа. Таны ажлын онцлог, үндсэн чиг үүрэг нь юу вэ?

А.Бат-Эрдэнэ: Намайг нэвтрүүлэгтээ урьсан та бүхэнд баярлалаа! Би анх удаа монголын хэвлэлд ярилцлага өгч байна. НҮБ-ын ажилтан бүр хэвлэл мэдээлэлтэй шууд харьцаж ярилцлага өгч болдоггүй дүрэм журамтай. Та бүхний хүсэлтийг харгалзан НҮБ надад зөвшөөрөл олгосноор бидэнд итгэл найдвар өглөө. Энэ ярилцлага бол миний хувийн үзэл санаа, бодол бөгөөд үүнийг НҮБ-ын албан ёсны байр суурь гэж ойлгож болохгүй, гуйвуулж монгол нэрийг эвдэхгүй байх гэж найдаж байна. Энэ тодруулгыг юуны өмнө онцолж хиймээр байна.

НҮБ 1986 онд “Хөгжлийн эрхийн тунхаглал”-ыг баталсан. Хөгжлийн эрх бол өргөн агуулгатай. Хүн бүр улс орныхоо хөгжлийн үйл явцад идэвхтэй (active), чөлөөтэй (free), утга төгөлдөр (meaningful) оролцох эрхтэй. Нэг жишээ дурдъя. Бид Швейцарийн загварыг авч аймгийн төсвийн зарцуулалтыг аймгийн иргэд хамтран шийдэж хянасан гэж сонссон. Тэд эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг, сургуульд хөрөнгө оруулахад чухалчлан анхаарсан байдаг. Сонгууль болж өөр нам гарч ирээд аймгийн даргад төсөв зарцуулах эрхийг шилжүүлсэн юм байна. Тэгээд л төсвийн хөрөнгө угталт үдэлтийн хаалга, хөшөө, одон тэмдэг цаас, найр наадам зэрэг арга хэмжээнд зарцуулагдсан байх.

Хөгжлийн эрхийн бас нэг чухал зарчим нь хөгжлийн үр шим шударга хуваарилагдаж хүн бүр хүртэх эрхтэй. Жишээ нь, Монголын эдийн засгийн өсөлт жилийн 17 хувьд хүрч байсныг та бүхэн санаж байгаа. Гэтэл манай ядуурлын хэмжээ буураагүй. Энэ бол хөгжлийн эрхийн зөрчил. Хөгжлийн үр шимийг шударгаар хуваарилна гэдэг нь хүн бүрт адил хэмжээний мөнгө тараана гэсэн ойлголт огт биш. Харин, тухайлбал, улс, аймаг, яамдын төсөв, сангийн зарцуулалт ил тод байж, татвар төлөгчид хянаж, ард олны эрүүл мэнд, боловсролд зориулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээл олгох зэрэг замаар ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх санаа агуулсан тунхаглал юм. Өөрөөр хэлбэл хөгжлийн ард, гадна хэнийг ч үлдээж болохгүй гэсэн үг л дээ.

Хөгжлийн үр өгөөжийг хүн амын цөөн хэсэг нь хүртсэнээр баян ядуугийн ялгаа ихсэж улмаар нийгэмд тэгш бус байдал үүсдэг. Үүнийг популист улс төрчид овжин ашигладаг.

Миний удирдаж байгаа хэлтэс хөгжлийн эрхийн хүрээнд цаг уурын дулаарал, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, авилга, сайн засаглал, даяаршил нь хүний эрхэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж, тухайн салбарын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Дээрх сэдвүүдээр Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын нэрийн өмнөөс жилд 15 орчим илтгэл бэлтгэж НҮБ-ын Ерөнхий Чуулган, Хүний Эрхийн Зөвлөлд оруулж хэлэлцүүлэн тогтоолууд батлуулдаг. Түүнчлэн жилд тав орчим олон улсын хурал зохион байгуулна. Бид Хөгжлийн Эрхийн тунхаглалыг дэлхийн олон улсад хэрэгжүүлэх тал дээр зөвлөгөө өгдөг юм. Ялангуяа хөгжиж буй улсуудад хөгжлийн эрхийг амжилттай хэрэгжүүлэх дээр анхаарал тавьдаг. Энэ эрхийн хүрээнд хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжиж арга хэмжээ зохион байгуулж, хэлэлцээрт нь тусалдаг.

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар нийт 1000 гаруй хүнтэйгээс 500 хүн нь Женевт,  үлдсэн 500 хүн нь дэлхийн 60 гаруй улсад ажилладаг. Бид дэлхий даяанд хүний эрхийг хамгаалж хэрэгжүүлэхэд гол дуу хоолой болж ажилладаг байгууллага юм. Хүний Эрхийн Дээд Комиссарыг НҮБ-ын Ерөнхий Чуулганаар баталж томилдог. Чилийн ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан хатагтай Мишель Бачелет одоо Дээд Комиссараар ажиллаж байна.

В.Ганзориг: Хүний эрх гэж сонсож байсан болохоос биш хөгжлийн эрх гэж бараг анх удаа би сонсож байна. Маш сонирхолтой байна. Хөгжил, хүний эрх, энхтайван гэсэн гурван зүйл ардчиллын суурь зарчим гэж НҮБ тодорхойлсон байдаг. Энэ гурван үзүүлэлтийн хэрэгжилт Монголд ямар төвшинд байна гэж та харж байна вэ?

А.Бат-Эрдэнэ: Хүний эрхийн талаар зарим хүн жаахан буруу ойлголттой байдаг. Хүний эрх дангаараа оршдоггүй. Заавал үүрэг, хариуцлагатай цуг байж гэмээнэ хүний эрх утгаараа оршин тогтнодог. Зөвхөн эрхээ эдлээд, үүрэг хариуцлагаа хүлээхгүй бол энэ хүний эрх биш! Иймээс хүний эрх гэж ярихдаа хамгийн эхлээд үүрэг хариуцлага ярих ёстой. Хариуцлага шударга тооцдоггүй нийгэмд хүний эрх утгаа алддаг. Хараат бус шүүх байж л хариуцлагыг шударга шийднэ. Хүн бүр тэгш эрх эдэлнэ. Хүний эрхийн зөрчил төр ба иргэний хоорондын харилцаанаас үүсдэг. Хүний эрхийг төр, засаг, бусад байгууллагууд мөн бизнесийн салбар хүндлэн, хамгаалж, биелүүлэх хариуцлага хүлээдэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж зүйр үг бий. Үүнтэй адил нэг хүний л эрхэнд аюул учирсан, зөрчсөн бол үлдсэн бусад хүн бүрийн эрх зөрчигдөх суурь үүсдэг. Иймээс үүний эсрэг дуугарч, тэмцэж, нэгдэж байгаа хүмүүсийг буюу хүний эрх хамгаалагчдыг хамгаалах ёстой. Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хуулийн төслийг манай улс боловсруулж байгаа. НҮБ-ын хараат бус шинжээчид тэр хуулийн төсөлд санал зөвлөгөө өгсөн. Манай тал хүлээн авч УИХ баталвал Монгол Улсын энэ хууль дэлхийд үлгэр загвар болох юм. Дээр нь энэ хуулинд байгаль орчин хамгаалагчид, авилгатай тэмцэгчдийг хамруулж хамгаалбал хүний эрх, байгаль орчин хамгаалах, авилгатай тэмцэх олон улсын хүч чармайлтад үлгэр жишээ болж түүхэнд бичигдэх чухал алхам болно.

Энхтайван, хөгжил, хүний эрх бол НҮБ-ын дүрмийн гол гурван тулгуур. Монгол Улс ямар нэг улстай сөргөлдөөнгүй, дотоодын үймээн, зэвсэгт мөргөлдөөнгүй тайван улс. Олон жил энх тайван, улс төрийн тогтвортой байдлыг хангаж байгаагаараа дэлхийд их үнэлэгддэг. НҮБ 17 зорилттой тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Улс орнууд энэхүү хөтөлбөрт өөрсдийн үндэсний хөгжлийн бодлогоо уялдуулж, 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хоорондоо хамтран бас өрсөлдөн ажиллаж байна. Хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр тодорхойлдог цаг аль хэдийнэ өнгөрсөн. Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван чиглэлээр тогтвортой хөгжлийг тодорхойлдог болсон. Энэ дундаа нийгмийн хөгжлийн чухал үзүүлэлт нь хүний эрх байдаг. Сая би амралтаараа 6000 км туулж, 11 аймгаар аяллаа. Орон нутагт суурин газруудад ядуурал байна. Сэтгэл өвдөж, нүд хальтирмаар ядуурал байна. Бид хүндээ анхаарал тавьж хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Ард түмний амьжиргааны төвшин хөгжлийг тодорхойлдог гол үзүүлэлт. Нөгөөтэйгүүр байгаль орчноо бид зөв зохистой ашиглан хамгаалж хойч үедээ үлдээх үүрэгтэй. Байгалиа сүйтгэн хөгжих тухай ойлголт байж болохгүй.

Хөгжлийг хэмжих өөр нэг үзүүлэлт бол эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, оролцоо. Олон жилийн турш олон оронд хийсэн судалгаанаас харахад нийгэмд үзүүлэх эмэгтэйчүүдийн нөлөө, өгөөж зарим талаараа эрчүүдээс илүү байдаг буюу эмэгтэйчүүдийн өргөн идэвхтэй оролцоо аливаа улсын хөгжлийг хурдасгадаг юм байна. Монголчууд бид эр хүний санаанд эмээлтэй, хазаартай морь багтана гэж ярьдаг. Тэгтэл эмэгтэй хүний ухаанд ээж аав, хадам, үр хүүхэд, найз нөхөд, дээр нь эр нөхөр нь нөгөө эмээлтэй, хазаартай морьтойгоо багтдаг гэж хэлж болно. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага их өндөр. Монгол эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлагыг ганц хоёр эмэгтэй сайд, эсвэл УИХ-ын гишүүнээр төсөөлөн харьцуулж болохгүй. Манай хүн амын бараг тал нь эмэгтэйчүүд. Гэтэл 21 аймгийн засаг дарга нар дунд нэг ч эмэгтэй хүн байхгүй байна. Энэ бол эмэгтэйчүүдээ ялгаварлан гадуурхдаг доголдолтой хөгжлийн нэг тод жишээ. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбар болон дээд төвшинд эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлагыг дэмжиж идэвхжүүлснээр хөгжлийн хурдац нэмэгдэнэ. Ийм учраас ихэнх хөгжингүй орнууд энэ асуудлыг хуулиар зохион байгуулж баталгаажуулсан байдаг.

Аливаа улс орны хөгжлийн бас нэг чухал үзүүлэлт бол залуучуудын идэвх, оролцоо. Сая ТВ-ээр Залуустай ярилцах цаг гэж нэвтрүүлэг гарч байна. УИХ-ын дарга залуусын төлөөлөлтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж байсан. Энэ бол маш зөв санаачилга. Учир нь эх орон ирээдүйд залууст л өвлөгдөнө. Монгол Улс өөрөө залуусын орон. Иймээс залуусыг төрийн бодлогоор бүх талаар нь бүх төвшинд дэмжих нь чухал. Ялангуяа мэдлэг, боловсрол, төлөвшил, ажлын байраар хангах.

В.Ганзориг: Та залуусыг улс төрд орохыг дэмждэг үү? Залуучуудад хандаж зөвлөгөө өгвөл та тэднийг юунд анхаар гэж захих вэ?

А.Бат-Эрдэнэ: Бүх иргэд нийгмийн идэвхтэй гишүүн байж хөгжлийн эрхээ эдлэх эрхтэй. Гэхдээ улс төрд орохын тулд мэдлэгтэй, төлөвшилтэй байх ёстой. Энэ нөхцлүүдийг хангаагүй бол улс төрд анхнаасаа ороод хэрэггүй. Төр засаг нь ард түмэн ялангуяа залуусыг нийгмийн идэвхтэй гишүүн байх боломжоор байнга бүрэн хангах үүрэг хариуцлагатай байдаг. Жишээ нь, ард иргэддээ хэвийн боов, эд зүйлс тараах ёсгүй. Энэ бол улс төрийн авилга. Тэгээд ч бид тэжээвэр амьтад биш. Харин иргэдээ хэвийн боов, хэрэгтэй эд зүйлсээ өөрсдөө худалдан авах орлого боломжоор хангах ёстой. Бас нэг жишээ дурдья. Ардчилал эхлүүлж байх үед манай улс социализмын бурангуй хуулиудыг ардчилан өөрчилж түүхэндээ том дэвшил хийсэн. Тухайлбал, ардчилсан хөдөлмөрийн шинэ хуулийн буянд би ажлаасаа чөлөөлөгдөж 1994 онд НҮБ-д ажилд орох боломжтой болсон. Асар их хүч чармайлтаар бүтээсэн ардчиллын амжилтуудаа бид сүүлийн хэдэн жил нураагаад байгаа юм шиг санагддаг болсон. Монголын залуус хойч үед маань дэвшин хөгжих боломж хумигдана гэдэг бол их харамсалтай. Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, олон хүнтэй танилцуулж, олон зүйл үзүүлж сонирхуулахсан. Нам бүлэглэл, авилга атаархал, хагарал хөөр, хийрхэл хэлбэрдэлт, хоосон омогшил, мухар сүсэг бишрэл, бөх, одон тэмдэг, тэнгэрлэг туйлшрал, уянгалаг залхуу, арчаагүй ажилгүй, мэдлэг боловсролгүй, сагсуу зэрэг хандлага залуусын маань тархийг угааж төлөвшлийг нь эвдсэн мэт хааяа санагддаг.

Манай аав хурандаа цолтой цэргийн албан хаагч, ээж эмнэлгийн түргэний тэрэгний жолооч байсан. Би айлын найман хүүхдийн нэг. Цагтаа хүнээс мөнгө зээлж, эд хогшлоо зарж зэрэг ар гэрээ тэжээж амьдралаа залгуулж л явлаа. Тэглээ гээд би зовж байна гэж бусдад ярьдаггүй байсан. Сурч хөдөлмөрлөж тэвчиж ажилтай мөнгөтэй болсон. Мөнгөгүй хүний зовлон гэж зарим хүн ярих юм. Үхэл хагацал, өвчин хоёроос өөр зовлон би хувьдаа мэдэхгүй юм байна. Энэ дашрамд залуустаа захихад мухар сүсэг бишрэлд амьдралаа битгий даатга; өөртөө даатга, итгэ; биеэ дайчил, сур, хөдөлмөрлө; тэвчээртэй бай; англи хэл сур – Интернэтээс ертөнцийг нээж амьдралаа залгуулах бүх боломж байна. Социализмын хаалттай хязгаарлагдмал нийгэмд, гар утас интернэтгүй орчинд миний үеийнхэн залуу насаа өнгөрөөсөн. Бидэнд байгаагүй асар их боломж та нарт байна. Дээр нь намайг залсан аав ээжийн сургаалиас хуваалцахад: Эзэн хичээвэл заяа хичээнэ; Эдээр биш эрдмээр биеэ гоёж чим; Бусдад тусла үгүй бол бүү гай бол; Худал бүү ярь хулгай бүү хий!

В.Ганзориг: Залуучууддаа үнэтэй сургамж өгсөн таньд баярлалаа! Монгол Улсын хөгжлийг бусад улстай харьцуулбал ямар төвшинд явж байна гэж та боддог вэ?

А.Бат-Эрдэнэ: Би ажил, амины шугамаар дэлхийн 80 гаруй улсад зорчлоо. Ерөнхийд нь харьцуулаад үзвэл Монгол Улсын хөгжил тийм ч муу биш. Бид хөгжихийн төлөө хичээж байна. Гэхдээ байгалийн баялаг, газар нутаг, дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших байрлал, залуу хүн ам, монгол хүний оюуны нөөц зэргийг авч үзвэл манай хөгжил, монголчуудын аж амьдрал амжиргаа одооны төвшингээс хэд дахин илүү байх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл нэг ч ядууралгүй улс байх боломжтой. Хөгжингүй улс оронтой Монголыг харьцуулж зүйрэллээ гэж зарим нь намайг жиргээ дээр шүүмжилдэг. Тэдний хэмжээнд хүрэх нөөц боломж бидэнд байгаа учир би харьцуулдаг. Сайнтай харьцуулж өөрсдийгөө өөд нь татмаар байна. Муутайгаа эвлэрсэн ард түмэн хэзээ ч өөдөлдөггүй. Үүнийг ойлгосон Африкийн улс орнууд нэгд, авилгагүй засгийн газар; хоёрт, хууль журмаа хатуу биелүүлэх; гуравт, сахилга бат сахиснаар хямралаас түргэн гарч байна.

В.Ганзориг: Яагаад энэ нөөцүүд одоо хүртэл бүрэн ашиглагдаж чадахгүй байна вэ?

А.Бат-Эрдэнэ: Улстөржилт, авилга манайд бүх шатанд арай л их байна. Нөгөө талдаа сайн засаглал алга. Хариуцлага тооцохгүй байна. Мэргэжлийн бус томилгооноос үүдэж асуудал, алдаатай шийд их гарч нийгмийг бухимдуулж байна. Мөн тархай бутархай байдал. Энэ бүгд хөгжлийн саад тотгор болж байна. Хөдөө явж байгаад сум, багаар ороход намын тугтай намын байрууд хамгийн түрүүнд миний нүдэнд тусч байв. Багийн хэмжээнд намаараа хуваагдсан нөхцөлд хөгжил ярих боломжгүй. Аймаг, сум, баг, бригад гээд засаг захиргааны олон нэгжид хуваагдах тусмаа хүч суларсан байдал анзаарсан. Энэ зохион байгуулалтыг өөрөөр харж өөрчлөн хүчийг нь нэгтгэх, хооронд нь хамтруулах, улс төржилтийг нь багасгах, ард олныхоо амьдрал амжиргааг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалт эхлүүлэх цаг хэдийнэ болжээ гэж харсан.

В.Ганзориг: Rule of law буюу Хууль дээдлэх ёс Монголд ямар төвшинд байна вэ? Үндсэн хуулийн өөрчлөлтийг юу гэж бодож байна?

А.Бат-Эрдэнэ: 1992 оны Монголын үндсэн хуулийг ардчилсан хуулийн нэгэн загвар гэж НҮБ-ын хүний эрхийн шинжээчид иш татан ярьж байсан удаа бий. Цаг хугацаа өөрчлөгдөж, хөгжил өрнөх тусам хууль цаг үеэсээ хоцрогдож болно. Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай бол энэ ажлыг аль болох улс төржүүлэхгүй байвал зөв гэж бодож байна. Улсынхаа үндэсний эрх ашиг, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүгд санаа нэгдэж энэ өөрчлөлтийг хийвэл бид бүгдэд ашигтай байх болов уу.  Шаардлагатай бол ард түмний санал хураалт хийх нь зөв. Энэ нь миний дээр тайлбарласан хөгжлийн эрх буюу улс орны амин чухал асуудал, хөгжилд ард олны идэвхтэй оролцоог хангана гэсэн үг.

Хууль дээдлэх ёсны гол тулгуур нь хараат бус шүүх засаглал. Биеэ даасан шүүх байж л зөв бурууг зөв ялган шийдэж, шударга ёсыг хангадаг. Шүүх засаглал бие даахын тулд шүүгчийг насаар нь томилох, өндөр цалин олгох зэрэг аргачлалыг хүний эрхийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтэйгүүр өндөр цалинтай насаараа томилогдсон шүүгч авилга авсан нөхцөлд ямар арга хэмжээ хэрхэн авах, хариуцлага яаж тооцох аргачлал, заавар, туршлагууд олон улсын хэмжээнд, НҮБ-д ч байдаг. Олон улсын хууль журам нь олон улс орны олон зуун жилийн алдаа, оноо, сургамж дээр үндэслэж хийгдсэн байдаг. Бид хууль дээдэлсэн улс байхыг зорьж байгаа бол олон улсын хуулиуд руугаа илүү хандаж явах ёстой. Мэдээж Монгол Улсын тодорхой онцлог нөхцөл бий. Үүнийгээ Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, заавар, журмын дагуу нийцүүлбэл бид алдаа гаргахгүй цааш хөгжих боломжтой. Түүнээс биш нэг хүн, хүчний эрх мэдэлд байсан шүүх засаглалыг засч байна гээд өөр хүн, хүчний эрх мэдэлд шилжүүлэх замаар асуудлыг шийдэхгүй. Энэ бол тогтвортой, шударга шийдэл биш. Энэ дашрамд дурьдахад, манай шүүх засаглалд хийсэн өөрчлөлтийг НҮБ-ын холбогдох шинжээчид шүүмжилж, Монгол Улс хууль дээдлэх ёс сахих үйлст том ухралт хийсэн гэж дүгнэсэн. Тэрээр энэ алдааг засч залруулах зөвлөмж гаргаж дэлхийд зарласан бөгөөд манай Засгийн газраас тайлбар хариу хүсч захидал илгээсэн байгаа. 

В.Ганзориг: Нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулахад хүнд байх. Хувь хүний суурь хүмүүжил, ёс зүй, төлөвшил гээд том ойлголт байгаа. Манай нийгмийн төлөвшил, ёс суртахууны төвшинг хэрхэн дүгнэж байна вэ?

А.Бат-Эрдэнэ: Энэ их сонирхолтой асуулт байна. Бага насны хүүхдийн хүчирхийллийн хэргийн улмаас Монголд нэг хэсэг цаазийн ялыг сэргээх тухай ярьсан. Би цаазийн ялыг хувьдаа дэмждэг байлаа. НҮБ-д анх ажилд ороход намайг цаазийн ял хариуцсан Хүний эрхийн зөвлөлийн тусгай илтгэгчийн туслахаар томилсон юм. Ингээд би олон улсын хэмжээнд цаазийн ялын асуудлаар бүтэн гурван жил ажиллав. Тэгээд би энэ ялын талаар их буруу бодолтой явснаа ойлгож гэмшсэн. Нэгд: цаазийн ял гэмгүй хүнийг хэлмэгдүүлдэг. Жишээ нь, АНУ-д гэмгүй олон хүн хилс хэргээр цаазлуулсан. Жинхэнэ хэрэгтнүүд нь хожим илэрсэн байдаг. Монголд Зоригийн хэргээр хүмүүсийг эрүүдэн шүүж хэлмэгдүүлсэн. Хэрэв манайд цаазийн ял байсан бол тэр хүмүүсийг хэдийнэ цаазалчихсан байж болох л байсан. Хоёрт: шударга бус нийгэмд хүчтэй, нөлөөтэй хүмүүс хэзээ ч цаазаар авахуулдаггүй. Харин хамгийн хүчгүй, нөлөөгүй, ядуу улсууд цаазаар авахуулдаг. Гуравт: цаазийн ялаар хүчирхийллийг шийдсэн түүх дэлхийн ямар ч улсад байдаггүй. Учир нь хүчирхийлэл гарах үндсэн шалтгааныг энэ ялаар устгах боломжгүй. Өөрөөр хэлбэл хогийн ургамлыг үндсээр нь сугалахгүй дээрээс нь тайраад байвал ургаад л байна шүү дээ. Дөрөвт: цаазийн ялыг зарим улс сөрөг хүчнээ дарах зэвсэг болгон ашигладаг. Иймээс цаазын ял их аюултай. Монгол Улс НҮБ-ын улс төр, иргэний конвенцийн хоёрдугаар протоколд нэгдэн орж цаазийн ялыг зогсоосон. Энэ хуульд нэгэнт нэгдэж орсон бол хожим нь цуцалж цаазын ял буцаан сэргээх ямар ч боломжгүй. НҮБ-ын Хүний эрхийн хороо энэ байр суурийг нотолж дүгнэлт гаргаад дэлхийн бүх улсад зарлан мэдэгдсэн. Иймд одоо цаазийн ялыг сэргээх тухай ямар ч ойлголт, яриа байх учиргүй. 

Нийгмийн аливаа сөрөг үзэгдэлтэй тэмцэхдээ тухайн асуудал үүсч буй шалтгааныг олж, засч, залруулж, багасгаж, арилгах замаар шийдвэл үр дүнтэй, тогтвортой байдаг. Энэ бол хөгжингүй орнуудын олон зуун жилээр шалгарсан сургамж туршлага юм. Хүчирхийлэл, гэмт хэрэг, архидалт, амиа хорлолт бүгдээрээ ядуурал, бухимдал, хүн төлөвшлийн доголдолоос үүсэлтэй. Ядуурлаас хурдан ангижирч, хүнээ төлөвшүүлье гэвэл хувийн хэвшлийг төр бүх талаар бүрэн дэмжих хэрэгтэй гэж боддог. Хувийн хэвшил ажлын байр, тогтмол орлого бий болгодог гол талбар. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих нь их чухал. Хүн хамт олон дунд ороод ирэхээр цаг барьдаг, хүнтэй зөв харьцаж сурдаг, илүү мэдээлэлтэй болдог. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийг дэмжих нь цаад утгаараа хүнээ төлөвшүүлж, ядуурлаа бууруулах чухал бодлого юм. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг орхиж хэзээ ч болохгүй. Монголын хөгжил удаан байгаагийн нэг шалтгаан гадаадын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаатай холбоотой. Дэлхийн хөгжингүй болон хурдтай хөгжиж буй улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хүчээр хөгжсөн байдаг. Жишээ нь, та нар мэдэж байгаа, Эмират, Катар улс элсэн цөл дээр сүүлийн 30 гаруй жил хөгжил цэцэглүүлж өнөөдөр эдийн засаг, нийгэм, хүн ардын боловсрол, эрүүл мэнд, амьдрал амжиргааны төвшин зэрэг үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орох болсон. Эмиратын нийт хүн ам 9,2 сая, түүний дотор 7,8 сая нь гадны ажилчид. Катарын нийт хүн ам 3 сая орчим, түүнээс 88% нь гадны ажилчид. Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж байх тэр цагт хэрэв энэ хөгжлийг зөв удирдан залвал дараагийн Катар гарч ирэх юм байна гэж барууны хэвлэл мэдээллээр шуугиж байсан. Эцэст нь хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгөний тухай асуудал огт биш. Энэ бол мэдлэг, технологи, удирдлага, сахилга бат, зохион байгнуулалт, хүн төлөвшлийн хамгийн орчин үеийн аргуудын цогц нийлбэр байдаг.

Хүн төлөвшлийг бид заримдаа боловсролтой хольж хутгадаг. Зөв төлөвшилтэй боловсролгүй нэгэн байна. Боловсролтой хэрнээ, жишээ нь харьцааны соёл төлөвшөөгүй хүмүүс байна. Төлөвшилгүй бол боловсролоо мөн өөрийгөө гутаадаг. Манайд зарим нэг нийгмийн хөдөлгөөн дэвшилт өөрчлөлтийг эхлүүлж байна. Тухайлбал, Жорлонгоо өөрчилье, Нэг хором, Хариуцлагатай Аялцгаая, Гялгар Уутгүй Монгол гэх мэт. Би эднийг сайшааж тууштай дэмждэг. Энэ мэт ухамсарт нөлөөлсөн хөдөлгөөн, ухуулга сурталчилгаа хүн төлөвшилд шууд нөлөөлдөг. Хоггүй Монгол Байгаль гэдэг цахим хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор би (@AyushBate) анх жиргээнд орсон түүхтэй. Байгальдаа ил хог хаяхгүй, хогоо түүхийг уриалсаар л байна. Би ээж, эмээгээ дагаад шүтлэгтэй хүн байсан. Хожим нь олон газраар явж, олон хүнтэй танилцан, олон зүйл уншиж судлаад бурхныг бишрэн шүтэхээс илүү хүндэлдэг болсон. Харин би байгаль орчныг бишрэн шүтдэг болсон. Миний хувьд байгаль орчин бурхан. Байгаль дээр ил хог хаяж, идээ хадаг тавьж, тос нялах нь бурхандаа бузар хийсэнтэй яг адилхан. Ажил чинь бүтэхгүй, амьдрал чинь өөдлөхгүй. Тиймээс би хөдөө явахдаа бололцоогоороо хог түүж, цэвэрлэж явдаг. Энэ утгаараа миний ажил үйлс өөдрөг явдаг гэж би итгэдэг.

В.Ганзориг: Улсын хөгжилд хувийн хэвшлийн үүрэг чухал тухай та дурдлаа. Харин Монголын ДНБ-нд төрийн эзлэх хувь зогсолтгүй өсч байгаа. Энэ сайн шинж биш юм байна. Ингэж дүгнэж болох уу?

А.Бат-Эрдэнэ: Болно. Аль ч хөгжингүй орныг харахад эдийн засаг дахь төрийн оролцоо нь хязгаарлагдмал байдаг. Миний бодлоор төр хувийн хэвшлээ сайн дэмжиж чөлөөтэй хөгжүүлээд, татвараа аваад л сууж байх ёстой. Мэдээж хувийн хэвшлийг зохицуулсан хууль дүрмээ батлан сахиулах үүрэг байна. Нэг тод жишээ дурдья, төрийн эзэмшилд байхдаа Говь үйлдвэр дампуурч байсныг миний үеийнхэн сайн мэднэ. Хувийн эзэмшилд очсоноор өнөөдөр өөдлөн өнгөжиж, монгол брэндийг дэлхийгээр тарааж, ноолууран хүрэм үйлдвэрлэдэг хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна.

В.Ганзориг: Саяхан IRIM-ын хийсэн нэг судалгаа харж байхад манай хүн амын талаас илүү хувь нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар сөрөг бодолтой байдаг тухай дурдсан байсан. Оюу Толгой, Рио Тинто үүний сонгодог жишээ нь болж чадна. Яагаад зарим хүмүүс тэс өөр ойлголт, шал өөр итгэл үнэмшилтэй, ялгаатай үнэ цэнэтэй байгаад байна вэ? Нийгмийн энэ зөрүүтэй байдал улам бүр холдоод байгаа мэт санагддаг болсон.

А.Бат-Эрдэнэ: Үүнийг би анзаарсан. Жуулчны салбараар жишээ авъя. Швейцар, Австри, Герман, Франц улсуудад цанын улирал гэж байдаг. Энэ улирал нь дөрвөн сар л үргэлжилдэг. Цанын баазууд дөрвөн сарын дотор тухайн тосгоны жилийн орлогыг хангаж өгнө. Тэнд Англи, Итали эсвэл уул цас багатай гадны улс хөрөнгө оруулдаг. Манайд жуулчны улирал таван сар үргэлжилдэг. Жуулчны салбараа гадны хөрөнгө оруулалтаар хөгжүүлж чадвал жилийн орлогоо нэг улирлын дотор элбэг хийнэ. Хамгийн чухал нь орон нутагт тогтвортой ажлын байр орлого бий болж хөгжил өрнөн ядуурлыг арилгах бүрэн боломжтой. Мөнгөндөө асуудал байгаа юм биш. Жуулчдыг зохион байгуулах тал дээр бид одоо хүртэл учир дутагдалтай байна. Ая тухтай ор, халуун ус эрүүл жорлон, сайн хоол гэсэн гуравхан зүйлд л анхаарах. Үйлчилгээний соёл (hospitality), зохицуулалт (management) шаардлагатай гэдэг нь мэдээжийн асуудал. Аялал жуучлалын салбарт бусдаар бараг юу ч хэрэггүй. Монголд аялах сонирхолтой жуулчид сая саяаараа л байна. Манай байгаль, түүх, нүүдэлчдийн амьдрал тэдний сонирхолыг татдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн заавал аялах ёстой 10 орны нэгт Монгол улс байнга багтаж байгаа. Монголд аялсан жуулчид сошиалаар их сурталчилгаа хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, сурталчилгаанд мөнгө зарах бараг шаардлагагүй. Ууланд алхах, дугуй, мотоцикль, бартаат зам, морь тэмээн аялал, зураг авах, говийн угалз салхи, шөнийн од харах, бүргэдийн баяр, уртын дуу морин хуурийн наадам гэх мэтээр аялал жуулчлалыг олон чиглэлээр төрөлжүүлж өргөжүүлэх асар их боломж байна. Үүнийг зөвхөн аялал жуулчлалаар мэргэшсэн гадны хөрөнгө оруулагчид утгаар нь хөгжүүлэхэд тусална.

Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг Оюу Толгой, Рио Тинто, Дубайн гэрээг тойрсон асуудалтай холбон зүйрэлж үгүйсгэж эсэргүүцвэл том алдаа болно. Уул уурхайн гэрээнүүд Монгол улсад ашигтай эсвэл ашиггүй хийгдсэн гэсэн асуудал гарсан. Энэ асуудлыг бид олон улсын жишигтэй харьцуулж нотолвол манай байр суурийг гадныхан түүний дотор холбогдох нөлөөтэй олон улсын төрийн бус байгууллагууд ч дэмжих болно. Жишээ нь, олон улсад тогтсон жишгээр тухайн хөрөнгө оруулагч тухайн улсад эхний 3 жил татвар төлдөггүй гэж бодъё. Гэтэл манай байгуулсан гэрээнд 4 жил гэж тогтоосон бол асуудал тавьж болох талтай. Нөгөөтэйгүүр тухайн цаг нөхцөлд нийцсэн шаардлага ч юм уу эсвэл магадгүй манай холбогдох төрийн байгууллагуудын залгамж халаа тогтворгүй байдлаас шалтгаалсан алдаа ч байж болох талтай. Энэ далимд дахин хэлэхэд, төрийн байгууллагуудын улстөржсөн болон мэргэжлийн бус халгаа сэлгээ, тогтворгүй боловсон хүчин манай хөгжилд асар их хохирол учруулсаар байгаа.

В.Ганзориг: Авилгатай холбоотой асуултыг таниас заавал асуух ёстой. Саяхан төрийн албаныхан авилга авч байсныг илрүүлсэн бичлэгийг нийтэд цацлаа. Авилгыг бүр байхгүй болгож чаддаггүй юм аа гэхэд яаж богино хугацаанд ядаж багасгах вэ?

А.Бат-Эрдэнэ: Авилгыг хоёр талаас нь хардаг. Нэгд, авилга хүний эрхийг зөрчдөг. Тийм учраас бид авилгатай хүний эрхийн төлөө тэмцдэг шиг тэмцэх ёстой. Хоёрт, авилгатай тэмцэхдээ эргээд хүний эрхийг зөрчиж болохгүй. Өөрөөр хэлбэл, авилга гэдэг нэрээр бусдыг хэлмэгдүүлж болохгүй. Авилга бол нийгмийн хорт хавдар! Бүх улс оронд авилга байна. Авилгын цар хүрээ тархалтаараа л ялгаатай. Манайд авилга бүх шатанд өргөн цар хүрээтэй байна. Энэ бол ноцтой аюул бөгөөд хөгжлийн хамгийн том саад тотгор. Үүнийг богино хугацаанд шийдэхэд төвөгтэй. Учир нь, нэгд, хариуцлага тооцох, хоёрт, хувь хүн нийгмийн төлөвшил хандлагатай шууд холбоотой.

Жиргээ зэрэг сошиал талбарт тэр сая, тэрбумаар нь авилга авсан өгсөн хэргийг эзэнтэй нь илрүүлсэн мэдээ, баримтууд гараад л байна. Гэвч эдгээр хууль бус үйлдэлд хангалттай хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага тооцохгүй байгаа учраас авилга авч өгч болно гэдэг сургамжийг нийгэмд өгч авилга газар авсаар байна. Авилгын мөнгөнөөсөө авилга өгөөд хариуцлагаас мултарч болно гэдэг ойлголт өгч байна бас. БНСУ, Бразил зэрэг улсууд том хэмжээний авилгын хэргүүдээ шударгаар шүүн, хариуцлага тооцоод эхэлсэн. Энд авилгын эсрэг олон нийтийн шаардлага, нийгмийн төлөвшил хандлага шууд нөлөөлснийг та нар мэдэж байгаа. Бид улс төрчид, УИХ-ын гишүүд, төрийн албаны хүмүүсийг луйварчин, хулгайч гэж шүүмжилж буруутгадаг. Харамсалтай нь тэднийгээ тойрон хүрээлж буруутайг нь мэдсээр байж хамгаалж, өөр хоорондоо хуваагдан талцаж байгаа нь бидний том дутагдал. Энэ бол буруу. Нам, нутаг, найз хамаагүй буруу юм бол буруу. Буруу зүйлийг бид нийгмээрээ эсэргүүцэж байх ёстой. Манай нийгмийн үүрэг, хариуцлага, төлөвшил сул дорой байна. Бид нийтээрээ зөв хандлагатай болж байж нийгмээ өөд нь татаж амьдрал амжиргаагаа сайжруулж явна.

Авилгын эсрэг асуудал хариуцсан НҮБ-ын тусгай байгууллага Вена хотод төвлөрч ажилладаг. Мөн Transparency International зэрэг төрийн бус байгууллагууд бий. Энэ байгууллагууд Монголтой хамтран ажиллаж сургалт зөвлөгөө өгдөг. Манайхан ч гадаадад явж хурал цуглаан сургалтад оролцож байгаа. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бид өөрийн арга барил болгон, үр дүнтэй хамтран ажиллах тал дээрээ илүү сайн анхаарах хэрэгтэй санагддаг. Авилгатай тэмцэх олон аргачлал бий. Жишээ нь, улс, аймаг, яамдын төсөв сангийн зарцуулалт олон нийтэд ил тод байх. Та бидний татвараар бүрдэж байгаа төсвийг юунд, яаж зарцуулж буйг бид сайн мэдэх эрхтэй. Мөн төрийн ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлэг ил тод байх гэх мэт. Хамгийн чухал нь дээд төвшинд, төрийн бодлого үйл ажиллагаанд өөрчлөлт хийх. Доор явагдаж буй үйл ажиллагааг дээд төвшинд дэмжихгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Төрийн хэмжээнд авилгыг өөхшүүлж байгаа бол доод төвшиндөө бүр ямар ч хяналтгүй авилга байх нь гарцаагүй.

Манай улс татвар цуглуулж авахдаа шинэлэг оновчтой арга нэвтрүүлж амжилтад хүрсэн.

Үүнтэй адилхан авилгын эсрэг шинэлэг аргаар эрчимтэй яаралтай тэмцэх хэрэгтэй байна.

В.Ганзориг: Манай баг оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрхийг хамгаалдаг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн болох Тусгай олимпын түнш юм. Сая бид Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон зуны олимп оролцоод ирсэн. Дэлхийн дээр нэг тэрбум хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 200 сая нь оюуны ялгаатай хөгжилтэй юм билээ. Хүний эрх гэж ярьж байгаа учраас ялгаатай хөгжилтэй иргэдийн асуудлыг хоёулаа заавал хөндөх ёстой байх.

А.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бусад нь бараг ойлгодоггүй юм билээ. Манай найзын эхнэр нь тэргэнцэртэй явдаг. Тэрээр гар нь нэлээд булчинтай болсон байхаар нь би найзыгаа фитнест явдаг юм байна гэж эхэндээ бодсон. Нэг удаа эхнэрийг нь би тэргэнцэртэй нь хотоор түрж яваад ойлгосон. Шулуун зам дээр түрж явахад л багагүй хүнд байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлд ямар хүнд байдгийг тэгэхэд би биеэрээ ойлгосон. Сая орон нутгаар явж байхад тэргэнцэртэй хүмүүсийн орцны зам гээд 45 бүр 50 хэмийн налуутай, явахын арга байхгүй, бараг үхлийн зам гэмээр юм хийсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомат тэргэнцэр ч гэсэн лав тийшээ гарч чадахгүй, бууж ч чадахгүй. Сүхбаатарын талбай дээр ийм стандарт бус зам хийгээд тавьчих хэрэгтэй. Хүмүүс тэргэнцэр дээр суугаад бие биенээ ээлжилж түрээд тэр замын өөд уруу өгсч буух гэж үзэх хэрэгтэй. Ингэж байж бид тэргэнцэртэй нэгэн тэднийг түрдэг нэгнээ бие сэтгэлээрээ ойлгоно.

Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Гэрлээ гээд бүсгүй бий. 19 настайдаа 100 хувь хараагүй болсон тэрээр хоёр дээд сургууль төгссөн. Нэгийг нь бүр АНУ-д төгсөөд англиар чөлөөтэй ярьдаг. Одоо ажлаа хийгээд явж байгаа. Би Гэрлээг Швейцарийн Женев хотод өөрийнхөө удирдан зохион байгуулсан НҮБ-ын нэг хуралд урьж оролцуулсан. Зочид буудлын зардлыг нь хэмнэх үүднээс Гэрлээг туслахтай нь хамт гэртээ урьж байрлуулсан юм. Тэрээр хэмнэсэн мөнгөөрөө хараагүй хүүхдүүдэд зориулсан тусгай дэвтэр худалдан авч тээж явсан. Тэр нь манайд олдоц муутай бас үнэтэй гэсэн. Ачаа нь 30 кг хэтэрч, би онгоцны компанитай ярилцаж үнэгүй тээвэрлэсэн. Би энэ эмэгтэйг үнэхээр биширч хүндэтгэдэг. Хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс арчаагүй, залхуу байгааг хараад энэ хүнтэй харьцуулж өөрсөддөө дүгнэлт хийгээсэй билээ гэж би боддог. Гэрлээ шиг хүмүүсээ манай улс төр нийгэм дутуу үнэлж байна. Хувиа хичээдэггүй, хүнлэг сэтгэлтэй, хөдөлмөрч, мэдлэг боловсрол ухамсартай ийм хүмүүсийг дэмжиж нэрийг нь дэвшүүлж сайд эсвэл УИХ-д сонговол бидний бухимдал багасч амьдрал дээшлэх нь гарцаагүй. 

В.Ганзориг: Freedom of speech буюу Үг хэлэх эрх чөлөө ардчилсан улсын дархлааны тогтолцоо гэж ярьдаг. Монгол Улс хэр дархлаатай вэ?

А.Бат-Эрдэнэ: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний нэгэн амин чухал эрх буюу ардчилалын нэг дархлаа. Энэ эрхийг хязгаарлаж шийтгэвэл айдастай нийгэм бий болдог. Шүүмжлэх эрхгүй ийм айдастай нийгэмд алдаа их гарна, хариуцлага устна, дарангуйлал хүчээ авч ноёлно. Гүтгэлэг цуурхал худал мэдээ доромжлолыг зогсоох нэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Яагаад гүтгэлэг цуурхал худал мэдээ их гарч байгаа шалтгааныг бид олж засах ёстой л доо. Төр засаг ард иргэдээ бодит мэдээллээр хангах үүрэг хариуцлагатай байдаг. Бодит мэдээлэл авах нь бас хүний эрх. Хөгжлийн эрхийн нэг чухал зарчим нь ард иргэд хөгжлийн үйл явцад утга төгөлдөр оролцох. Утга төгөлдөр гэдэг ухагдахуунд бодит мэдээлэлээр хангах шаардлага хамрагддаг. Бохир мэдээлэлтэй орчинд бодит шийдвэр гаргах боломжгүй. Нөгөөтэйгүүр миний дээр дурьдсан хувь хүн, нийгмийн төлөвшил боловсрол хандлага үүрэг хариуцлага ядуурал бухимдал зэрэг нь гүтгэлэг цуурхал худал мэдээ гарах үндэслэлтэй бас шууд хамааралтай.

В.Ганзориг: Манай улсад хүний эрхийн өөр ямар ямар асуудлууд байгаа вэ?

А.Бат-Эрдэнэ: Эрүүл мэнд, амьд явах эрх манайд ноцтой асуудал болсон байна. Эрүүл мэндийн үйлчилгээ дөхөм (accessibility), хүртээмжтэй (availability), боломжтой (affordability), чанартай (quality) гэсэн дөрвөн шаардлага хангаж байж эрүүл мэндийн эрхийг хангадаг. Өвчлөлтийн шалтгааныг олох засах багасгах устгах, урьдчилан сэргийлэх асуудал дээр их дутмаг анхаарч байна. Тэр шалтгаануудад агаар хөрсний бохирдол, эрүүл хүнсний асуудал орно. Миний бодлоор эдгээр нь улс үндэстний аюулгүйн байдлын төвшинд хүрсэн хурц асуудал болчихоод байна. Улаанбаатар бол хүн амьдрах эрүүл орчин яагаад ч биш. Бид чинь Хятад шиг их хүн амтай, Япон шиг бага газар нутагтай улс биш. Хөгжингүй улс орнуудын туршлагаас харахад хотоо сийрэгжүүлж, ногоожуулах нь тогтвортой шийдэл юм байна. Гэр хороололыг багасгахын тулд зээл олгож орон сууцанд оруул гэнэ. Гэтэл орон сууцтай олон айл гэр хороололд хашаатай байна. Татвар нэмж хотоос гаргах, унаа тэргийг цөөлөх, хөнгөлттэй шуурхай нийтийн тээвэр, тойрог татаж гал түлэхийг хориглох гэх мэт аргачлал байж болно.

Агаар хөрсний бохирдол баян ядууг ялгахгүй.

Бид бидний хойч ирээдүй бүгд хохирох болно. Иймд энэ асуудлыг улс төржүүлэхгүй, үндэсний зөвшилд хүрч, эв нэгтэй яаралтай зоригтой шийдэж зохицуулах нь чухал гэж бодож байна.    

Боловсролын эрх бас нэг хурц асуудал болсон байна. Ялангуяа боловсролын чанар, хүртээмж, тогтвортой байдлыг төр засгийн газар хангах үүрэг хариуцлагатай. Мэдлэг боловсролыг үнэлдэггүй нийгэм ядуу байна. Ядуу нийгмийн хөрсөн дээр ямар ч төрлийн хогын ургамал ургана. Мухар сүсэг, үндэсний үзэл, цэвэр цус гэх мэт төөрөгдөл газар авна. Энэ нь оюуны хямрал. Оюуны хямрал нь улс төр, эдийн засаг, эрх зүйн хямралаас илүү ноцтой сөрөг үр дагавартай байдаг. Энэ дашрамд хэлэхэд, боловсролыг бид их дээд сургуультай шууд холбож ойлгодог нь их буруу. Техник мэргэжлийн сургууль сургалт боловсролын чухал хэсэг. Жишээ нь, Швейцарьт залуусын 75% нь техник мэргэжлийн сургуульд орж төгсч шууд ажилтай залгаж байна. Эмч хуульч цэвэрлэгч зөөгч гэж ялгахгүй эрхэлсэн ажилтай л бол тухайн хүнийг хүндэтгэдэг нийгмийн төлөвшилтэй улс юм. Харин эрхэлсэн ажилгүй нэгэндээ дургүй. 6 сараас илүү ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. Энэ хугацаанд дахин сургалтад хамруулж боловсруулж ажлаар хангах жишээтэй.

Дараагийн нэг асуудал бол өвөл ба хаврын хүүхдийн морины уралдаан. Энэ бол хүүхдийн эрхийн зөрчил гэж НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо дүгнэж, энэ уралдааныг хорих ёстой гэж Монгол улсад хэд хэдэн удаа сануулга өгч шүүмжилсэн. Харин үндэсний уламжлалт баяр наадмын үеэр буюу зуны улиралд уралдах асуудал энд хамрагдаагүй. Гол нь хүүхдүүдээ хамгаалалтын иж бүрэн хувцастай уралдуулахыг зөвлөсөн. Жиргээн дээр энэ талаар би хүмүүстэй санал солилцож байхад хүүхэд өөрөө морь унъя гэдэг юм гэж зарим нь тайлбарлаж байсан. Хүүхэд 18 нас хүртлээ өөрөө бие даан шийдвэр гаргаж чаддаггүй, бусдын асрамжинд байдаг. Ийм учраас Хүүхдийн эрхийн конвенц гэж тусдаа байдаг. Энэ конвенцоор хүүхдийн эрхийг тусгайлан авч хамгаалдаг. Бид үүнд анхаарах ёстой. Өвөл ба хаврын улиралд хүүхдүүдийнхээ цус, нулимсаар бооцоо тавьж наадна гэдэг бол Монгол хүний ёс суртахуунд нийцэхгүй гэж би хувьдаа боддог.

Манайд ялгаварлан гадуурхагдахгүй байх хүний эрх их асуудалтай байна. Нутаг жалга намын харьяалал хүйс бэлгийн чиг хандлага гэх мэт байдлаар бие биенээ ялгаварлан гадуурхаж байна. Жишээ нь, ижил хүйстний асуудалд бид эмзэг ханддаг. Тэдгээр хүмүүс бид ижил хүйстэн учраас та нар бас ийм бай гэж сурталчлаагүй. Тэд нийгэмдээ ялгаварлан гадуурхагддаг учраас тэгш эрхээ хамгаалж намайг хүн гэдэг утгаар хүлээн ойлгооч гэсэн зорилготой тэмцдэг. Тэдэнд сонголт байсан бол ижил хүйстэн болж нийгэмдээ гадуурхагдах сонирхол байх уу? Мөн хот хөдөө, баян ядуугаар нь ялгаварлан гадуурхаж бас болохгүй. Сонголт нь байсан бол ихэнх нь хотод эсвэл баян айлд төрж өсөх сонголт хийж болох байсан гэх мэт. Хамгийн адгийн арчаагүй дорой хүмүүс бусдыг арьс өнгө нүүр царай эр эм ижил хүйс нутаг жалга хөгжлийн бэрхшээл баян ядуу гэх мэтээр ялгаварлан гадуурхдаг. Энэ нь тэдний хүн төлөвшил мэдлэг боловсролын түвшинг шууд илтгэдэг шалгуур юм л даа. Тэдэнд бусдын анхаарлыг татах өөр ямар ч үнэ цэнэ байхгүй. Бие биенээ хүндэтгэдэг хүнлэг хүлээцтэй нийгэм болж төлөвшвөл бид бүгдэд ашигтай.

В.Ганзориг: Монгол хүнийг та ямар үгээр тодорхойлдог вэ?

А.Бат-Эрдэнэ: Эрх чөлөө гэдэг үгээр би монгол хүнийг тодорхойлно. Хөдөө явахад л эрх чөлөөг утгаар нь мэдэрнэ. Бидний цусанд энэ байдаг байх. Гэхдээ үүрэг хариуцлагагүй бол эрх чөлөө гэж хэзээ ч байдаггүй. Анархи л байдаг. Гадаадад олон жил ажиллаж амьдраад бас нэг зүйл ойлгосон. Монгол бичиг, морин хуур хоёр монгол хүний дархлаа мөн бахархал юм байна. Гадаад харилцааны яаманд ажиллаж байхад монгол бичигт шилжинэ гээд сургалт явуулж байсан. Тэр үед надад тээртэй санагддаг байсан. Одоо харамсдаг. Гэхдээ монгол бичгээр бичиж, морин хуураар ганц хоёр ая тоголдог болж сурна гэж бодож байгаа. Маргааш үхнэ гэж амьдар, насаараа амьдарна гэж суралц хэмээн Махатма Ганди сургасан байдаг. 

В.Ганзориг: Гадаадад байгаа монголчуудын эрхийн талаар та юу боддог вэ? Та өөрөө Монголоос гараад хэр удаж байгаа билээ?

А.Бат-Эрдэнэ: Эх орноосоо гараад гэж бас хэлж болохгүй юм байна аа. Би нийслэлд 33 дугаар дунд сургуулийг төгсөөд дараа нь Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дүүргэсэн. Үүний дараа Гадаад Харилцааны Яаманд дөрвөн жил ажиллаад НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт ажиллах шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд НҮБ-ын урилгаар Швейцар улсын Женев хотод Хүний эрхийн байгууллагад туслах ажилтнаар орсон. Түүнээс хойш олон шалгуурыг давж туулан гурван удаа албан тушаал дэвшиж одоо ахлах ажилтан буюу хэлтэс удирдан даргалж байна. Нийтдээ 25 жил ажиллаж байна. Үүний нэг жил гаруйд нь би Нью Йорк хотод ажилласан.

Манай элчин сайдын яам, байнгын төлөөлөгчийн газрууд гадаадад буй монголчуудтайгаа хамтран ажилладаг. Тэд сүүлийн үед сошиал медиагаар дамжуулж эх оронтойгоо ойрхон болж байгаа. Би хүртэл жиргээ ашиглаад цаг үеийн мэдээллийг шуурхай авдаг. Харамсалтай нь ихэнх нь бухимдалтай мэдээ байдаг. Бидний зарим нь гадаадад гарсан нэгнээ эх орноосоо урвасан гэж шүүмжилдэг. Хүний газар амьдрах тийм амар биш. Ихэнх нь хань ижил үр хүүхэд аав ээжээ орхиод гарсан. Тэднийхээ амьдралыг залгуулах гэж хөлс гаргаж хөдөлмөрлөсөн мөнгөө өөрөөсөө хэмнэж Монгол руу илгээдэг (2017 онд гэхэд нийт 135 сая америк доллар Монгол руугаа шилжүүлсэн гэсэн тооцоо хэвлэгдсэн байсан). Амжиргаанд нь хүрэлцэхүйц цалинтай ажил Монголд хангалттай байдаг бол тэд эх орон гэр бүлээ орхиж гадаадад гарахгүй байх гэж би боддог. Энд нэг асуулт тавья, амжиргаатай амьдрал хайж гадаадад дүрвэн гарсан иргэд буруутай юу эсвэл иргэдээ гадаадад дүрвэх хүртэл төвшинд улс орныхоо байдлыг муутгасан цаг цагийн эрх баригчид улс төрчид буруутай юу? Буруу сонголт хийсэн хар масс гэж бид бие биенээ бас шүүмжилнэ. Тэгвэл сонголтгүй сонгуулийн золиос болсон ард олон буруутай юу эсвэл сонголтгүй сонгуулийг ард түмэндээ тулгасан улс төрчид буруутай юу гэж бас асууж болно. Хортой хүнс урьдаас орж ирлээ гээд Хятадын эсрэг сурталчилгаа явуулдаг. Гэтэл тэр хүнсийг монголчууд бид өөрсдөө хямдаар нь оруулж ирдэг. Манай тогтолцоонд бүх буруу байна гэж зарим хүмүүс ярьдаг. Тогтолцоог хүмүүс бүтээсэн. Тэр тогтолцоог хүмүүс л өөрчилнө. Өөрөөр хэлбэл тэр тогтолцооны цаана хүмүүс л байна. Тогтолцоогоо өөрчилье гэвэл тэр хүмүүсийг эхэлж өөрчил. Би энэ бүгдийг яагаад тоочоод байна вэ гэвэл бүгдээрээ эхлээд сайн мууг ялган салгаж сурья, тэгээд дараа нь дүгнэлт хийж шүүмжилдэг бол нийгмийн хандлага зөвширч төлөвшинө гэж би бодож байна.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн 80 гаруй орноор зорчиж явахдаа би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нь аливаа улсын үнэт баялаг ард түмэн нь байдаг юм байна. Үүнийг би яс махандаа шингэтэл ойлгосон. Төлөвшил, боловсрол, мэдлэгтэй, эрүүл ард түмэнтэй улс хүчтэй байна. Тэр утгаараа гадаадад буй 100 гаруй мянган монголчууд Монголын баялаг. Манай эдийн засаг эрчимтэй хөгжиж байхад гадаадад байсан маш олон монголчууд эх орон руугаа буцсан. Харин одоо тэд буцаад Монголоос гарч байна. Бид гадаадад дүрвэн гарсан иргэдээ буцаан татахын тулд дотоод байдлаа сайжруулах, эдийн засгаа хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг баримтлах, авилгаа устгах ёстой. Мөн хоёр иргэншлийг зөвшөөрч болно. Энэ асуудлыг Монголын нөхцөл шаардлагад уялдуулан манайд ашигтай хэлбэрээр зохицуулах боломжтой. Олон орны олон туршлага аргачлал бий. Энэ бүгдийг яаралтай шийдэхгүй бол цаг алдах тусам оройтно. Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж хүндэлж хайрлахгүй юм бол биднийг өөр хэн ч дэмжиж хүндэлж хайрлахгүй.

В.Ганзориг: Маш сонирхолтой байлаа. Бидний урилгыг хүлээн авч чухал яриа өрнүүлсэн танд баярлалаа!

А.Бат-Эрдэнэ: Анхаарал тавьсанд баярлалаа!

Нэвтрүүлгийн видео хувилбарыг эндээс хүлээн авч үзнэ үү.