SYNDICATE TALK EXCLUSIVE: Нөлөөллийн хөрөнгө оруулалт

Б.Болор-Эрдэнэ
2020-03-11 12:01

Синдикат ярилцлагын тусгай дугаар Токио хотоос та бүхэнд хүрч байна. Энэ онцгой дугаарын зочин ноён Таками Юүичи байлаа. Бизнесмен, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, олон төрийн бус байгууллагад сайн дураар хүчээ өгдөг, товчхондоо сонгодог нийгмийн энтрепренер эрхэм. Нийгмийн энтрепренер (Social entrepreneur) гэж хэн болох, нөлөөллийн хөрөнгө оруулалт (Impact investment) гэж юу болох тухай хөөрөлдсөн бидний ярилцлагыг хүлээн авна уу. 

В.Ганзориг: Японы хөгжлийн нууц юу вэ гэж Монголчууд бид хоорондоо хэлэлцэн ярилцдаг. Дайны дараа маш богино хугацаанд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж чадсан Япон Улсын хөгжлийн нууцыг бизнесмен хүний хувьд та юу гэж тодорхойлох нь сонин байна.

Таками Юүичи: Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Намайг Таками Юүичи гэдэг. Япон хүний хөдөлмөрч байдал, өнөө цагт хамгийн чухалд тооцогдож буй багийн тоглолт, нийгмийн ёс зүй гэсэн гурван зүйл Японы хөгжлийн нууц гэж боддог. Энэ бүхэн нийлж үнэ цэнээр нэгдсэн нийгмийг бий болгодог. 

В.Ганзориг: Япон Улсын үндэсний ижилслийг юу гэж боддог вэ?

Таками Юүичи: Японд эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ бусдад хэзээ ч бүү төвөг болоорой гэж захидаг. Хүмүүст төвөг удахгүй байхыг зорьдог нь Японы үндэсний ижилсэл гэж хэлмээр байна. Японы улс төр, хаант засаг, засаг захиргаа гээд том зургаар нь харвал өөр өнцөг гарч магадгүй мэт боловч тэр бүх хариултын цөм нь миний сая хэлсэн бусдад төвөг болохгүй ажиллаж, амьдрах үзлээс эхлэлтэй.

В.Ганзориг: Таны хэлснийг Японд байх цаг мөч болгондоо би мэдрээд явж байна. Тэгвэл Японы нийгэмд тулгамдаж буй хамгийн том асуудал юу вэ?

Таками Юүичи: Инновацийн дутагдалд ороод байгааг онцолмоор байна. Ялангуяа улс, орны суурь асуудлуудыг шийдэх нийгмийн инновацийн хурд буурч зогсонги байдалд орсон.  

В.Ганзориг: Японы хөгжлийн нууцын нэг нь ёс зүй гэж та хэлсэн. Бизнесмен хүний хувьд та өнөөдрийг хүртэл ямар зарчмыг баримтлан ажилласан бэ?

Таками Юүичи: Таны асуултанд хоёр төвшинд хариулмаар байна. Нэгт, компани хооронд байгуулдаг бизнесийн гэрээ гэж байдаг. Нэгэнт байгуулсан гэрээгээ яг таг мөрдөх нь бизнесийн ёс зүйн эхний хэсэг. Хоёрт, бизнесийн мөн чанараа эрэмблэх ёстой. Үүний тулд эхлээд бизнесийн нийгэмд үзүүлэх нөлөө, дараа нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд өгөх өгөөж, эцэст нь ажилтан, албан хаагчдад очих ашиг тусыг бодож бизнесийн зарчмаа тодорхойлдог. Sustainable Development Goals (SDG) буюу Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн зарчим энэ гурван суурь дээр тогтдог.

Бизнесийг гурван талаас нь харах ёстой гэдэг бичигдээгүй хууль Японд байдаг. Тэр нь аливаа бизнес компанийн эзэн, хэрэглэгч, нийгэмд аль алинд нь өгөөжтэй, эерэг нөлөөтэй байх ёстой. Энэ зарчмыг баримтлан бизнес хийх ёстой. Үүнийг японоор САНПОЁШИ гэдэг.      

В.Ганзориг: Орчин цагийн бизнесийн утга учрыг та юу гэж боддог вэ? Та анх бизнесээ эхлэхдээ баримталж байсан зарчмаасаа гажилгүйгээр өнөөдрийг хүртэл явж чадаж байгаа юу?

Таками Юүичи: Орчин цагийн бизнесмен НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бизнестээ хамгийн түрүүнд мөрдөн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүс хүчирхийлэл үйлдэн үйлдэн эгшин зуур нүдэнд харагдаж, гарт баригдах ашгийн төлөө улайран явсан үе бий. Харин өнөөдөр хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ сүйтгэх хэмжээнд хүртлээ өндөр хөгжжээ. Одоо хөгжлөө удирдаж чадахгүй шахуу болж байна. Ийм учраас 21 дүгээр зууны бизнес ямар байх ёстой, цаашид яах ёстой гэдгийг чиглүүлж өгч буй зүйл нь Тогтвортой хөгжлийн зорилт юм. Sustainable development буюу тогтвортой хөгжил гэдэг үгийг зүгээр нэг хэлээгүй юм шүү. Японд 20 жилийн өмнөөс байгаль орчны бохирдол, доройтлоос үүдэлтэй өвчин үүссэн. Энэ өвчний үндэс нь үйлдвэрлэлийн хог хаягдал байсан. Би 16 настай байхдаа Минаматагийн өвчин гарсан Митамата хотын үйлдвэр дээр очиж үйлдвэрлэлийн хог хаягдал, үнэр, хүмүүс хэрхэн хордож байгааг нь харж, бүх хор уршигийг нь биеэрээ мэдэрсэн. Минамата нь хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг мөнгөн ус, химийн бодисуудаас үүсэлтэй өвчин юм.

Мөн 16 настайдаа Окинавагийн ойролцоох цав цагаан элстэй байгалийн үзэсгэлэнт жижиг арал дээр амарч байв. Гэтэл газрын тос ачиж явсан хөлөг онгоцны танк задран, нөгөө сайхан цагаан элстэй арлыг хормын дотор нүдэн дээр минь үгүй хийсэн. Байгалийн гамшиг, хүний санаатай болон санаандгүй үйлдлүүд бидний амьдралд ямар том хор уршиг авч ирдгийг эндээс ухаарч, үүнээс хойш байгаль орчныг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж эхэлсэн.

В.Ганзориг: ЖАЙКА хүртэл эрхэм зорилго дотроо НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг оруулсан байсан. Гэхдээ хөгжиж буй орнуудын хувьд энэ зорилгын утга учрыг ойлгож байгаа ч өндөр хөгжилтэй орнуудтай адил хөрөнгө, нөөц хуваарилж чадахгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудын шийдэл хөгжиж буй орнуудад “дарамт” болохгүй юу? Монгол Улсын хувьд энэ асуудлыг яаж харж байна вэ?

Таками Юүичи: Хөгжиж байна гээд байгаль орчноо сүйдэлж болохгүй ээ. Хөгжиж буй, өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ адилхан сайн, сайхан нийгмийг цогцлоох эцсийн зорилготой. Эдгээр улсуудын хооронд хөгжлийн том ялгаа бий хэдий ч нөөцөндөө таарсан инновацийг улс бүр хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, Монгол Улс эрчим хүчээ бараг бүгдийг нь нүүрснээс гарган авдаг. Энэ том тал нутгаа ашиглан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломж байна. Гэтэл гүйцэтгэгч байгууллага, нийгмийн ухамсар, асуудалд хандаж буй хандлага, ирээдүйн шийдлийг харж буй чадварын асуудал үүсдэг. Япон Улс эрчим хүчнийхээ 22 хувийг нүүрснээс гарган авдаг. Бидэнд технологи, боломжууд байсан атлаа л нүүрснээс ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн хэвээр байна. Хэрэв бид инноваци хийж чадвал нүүрсний хэрэглээг халах бүрэн боломжтой. Гэвч Япон урт хугацааны үр дүн биш богино хугацааны үр ашгаа харж шийдвэр гаргадаг улс хэвээр байсаар л байна.

В.Ганзориг: Нууц биш бол таны үндсэн бизнес юу юм бэ?

Таками Юүичи: Бизнесийн хувьд хоёр чиглэлээр ажиллаж байна. Эхнийх нь, дээр хэлсэн сайхан нийгмийг бүтээхийн төлөө нөлөөллийн хөрөнгө оруулалтын (Impact investment) чиглэлээр ажилладаг. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, амжилт гаргаснаар ер нь сонгодог бизнесийн хөрөнгө оруулалтыг чиглэлийг өөрчлөх, мөн чанарыг нь шинэчлэх, өгөөжийг нь улам сайжруулах зорилготой. Хоёрт, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг Earth Kids, Studio Sora гээд хоёр ч компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан. Эдгээр компаниуд маань өнөөдөр 14 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд ADHD буюу анхаарал сарнил, хэт хөдөлгөөний дутмагшил, LD буюу сурахуйн бэрхшээл, аутизмын хүрээний эмгэг гэсэн гурван чиглэлд төвлөрч ажилладаг. Холливүүдийн алдарт жүжигчин Том Круз жишээ нь сурахуйн бэрхшээлтэй гэж яригддаг. Японд хүүхдүүдийн хоёр хувь нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй гэж тооцдог. Хамгийн сүүлд Боловсролын яамны гаргасан статистикээр нийт хүүхдүүдийн 6.5 хувь нь оюуны ялгаатай хөгжилтэй болсон байсан. Нийт хүүхдүүдийн 8.5 хувь нь энэ бүлэгт ордог гэсэн үг. Энэ бол яах аргагүй манай нийгмийн хувьд шийдэх ёстой асуудал болж хувирсан. Энэ асуудлыг Япон улс дөнгөж арван жилийн өмнөөс л анхаарч шийдэх гэж оролдож эхэлсэн.

Таками Юүичи: Эрх мэдэлтэй болмоор байвал Ерөнхий сайд бол, мөнгөтэй болмоор байвал бизнесмен бол

В.Ганзориг: Та зүгээр нэг хөрөнгө оруулалт хийдэггүй, харин нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг дэмжин, бүх талуудад эерэг нөлөө үзүүлэх импакт хөрөнгө оруулалтыг хийдэг юм байна. Тэгэхээр та бизнесмэн гэхээс илүү нийгмийн энтрепренер (Social entrepreneur) хүн юм биш үү?

Таками Юүичи: Таны хэлсэнчлэн би нийгмийн энтрепренер хүн мөн. Би өмнө нь улстөрч байсан. Хүний амьдрал маш богинохон. Энэ богинохон хугацаанд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хурдан шийдэхийн тулд бодитой сонголт хийн би улс төрд орсон. Өөрөөр хэлбэл, өөрт байсан багахан боломжиндоо тулгуурлан асуудлыг хамгийн үр дүнтэй, бодитой, хурдан шийдэж болох шийдэл нь улс төрч болох байсан юм. Би 19 настайдаа хог хаядлыг дахин боловсруулах иргэний хөдөлгөөний үүсгэн байгуулж, олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж байлаа. Энэ зурагт хуудсан дээр 150 жилийн өмнө Мэйжигийн хувьсгалыг хийсэн Сакамото Рёома гэдэг хүний хэлсэн үг байна. Энэ хүн Японы хамгийн анхны хувьцаат компанийг үүсгэн байгуулсан. Тэрхүү хувьцаат компанийн уриа нь энд бичигдсэн байгаа юм. Би 19 настайдаа иргэний хөдөлгөөн өрнүүлж байхдаа энэ уриа үгийг алсын хараагаа болгож байсан. Одоо хүртэл миний бизнесийн зарчим хэвээрээ байгаа. Энэ уриа үгийг орчуулбал “Санхүүгийн бие даасан байдал хувь хүний эрх чөлөөт бодол ба олон уургалч үзэл санааны үндэс” гэсэн утгатай болно. 

Одоогоос 45 жилийн өмнө буюу 19 настайдаа би иргэний хөдөлгөөн үүсгэн байгуулаад явж байхдаа өндөр хөгжлийн үр дүн болсон аж үйлдвэрлэл, түүний бохирдол, хаягдлаас үүдэлтэй байгаль орчны асуудалд шууд төвлөрсөн. Гэхдээ тэр үед жирийн иргэн хүн ийм зүйл яриад, хийгээд явахаар тэр болгон нийгэм ойлгодоггүй байсан. Чи улаантан юм уу, социализм байгуулах гээ юу гээд нэлээд эсэргүүцэлтэй тулдаг байв. Тэр үед би манай нийгэмд тулгамдаад байгаа энэ асуудлыг шийдэнгээ хоолоо залгуулж, улмаар бизнес болгон нийгмийн энтерпрайзийг (Social entreprise) заавал байгуулна гэж найзууддаа амласан. Тэр үед хүмүүс байгаль орчин хамгаалах ажлыг зөвхөн сайн дурын ажил мэтээр ойлгодог байсан. Мөн нэг удаагийн, богино хугацааны ажлуудыг төлөвлөн гүйцэтгэдэг байв. Харин миний арга барил өөр байсан. Би нийгмийн энтерпрайз байгуулах замаар асуудлыг бизнес болгон ажиллаж, нийгмээ системээр нь үзэл суртал, хэвшмэл ойлголттой хамтад нь өөрчлөхийг зорьсон. Үүндээ ч бат итгэлтэй байсан. Социализмын улаантан гэгддэг байсан имижээ бий байгаль орчноо хамгаалдаг ногоонтон болгоно гэж өөртөө амлаад бизнесээ эхлүүлж байлаа. Эхний бизнесээ маань органик хүнсийг фермер айлууудаас цуглуулан авч хүргэн зардаг ложистикийн салбарт эхлүүлсэн. Энэ маань амжилттай болсноор байгаль орчин, хүн ардад ээлтэй бизнес хийж болохыг харуулж, амлалтаа биелүүлсэн. Энэ үтгаараа би нийгмийн энтрепренер байхаас гадна Social Designer буюу Нийгмийн дизайнер нь байж амьдарч, ажиллаж буй орчноо урлан бүтээгч байхын төлөө хичээдэг.

В.Ганзориг: Сошиал энтерпрайз гэж яриад таны хийж буй бизнесийн мөн чанарыг сайн ойлголоо. Харин Японы өнөөгийн залуус, япон компанийн залуу захирлууд тань шиг бодож сэтгэн, бизнесийн бодитой үйлдэл хийж чадаж байгаа юу?

Таками Юүичи: Манай залуус хараахан болоогүй байгаа. ESG (Environmental, social, and governance) хөрөнгө оруулалт гэж байдаг. Япон одоогийн байдлаар 240 тэрбум иэнийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийгээд байна. Энэ бол маш бага тоо. Мөн RE100 буюу сэргээгдэх эрчим хүчний санаачилга гээд нэлээд том ба чухал төсөл байдаг. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт хамрагдан хариуцлага үүрч буй японы дөнгөж дөчин компани л байна. Эндээс харахад Япон тэгтлээ сайн хичээхгүй, илүү зүтгэхгүй байгаа нь харагдана. Уг нь Япон улсын одоогийн нөөц боломжоор бид аж үйлдвэрийн парадайм шилжилтийг хийх бүрэн боломжтой ч илүү боловсронгүйгээр нийгмийн асуудлыг шийдье гэсэн шийдэл инновацийн төвшинд гарч ирэхгүй байна. Иймээс SDG гэх мэт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх бизнесийн горим руу хараахан шилжиж чадаагүй гэдгийг хэлмээр байна.  

В.Ганзориг: Нийгмийн энтерпрайзийн эрхэлж буй чиглэлийг харахаар байгаль орчин, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал гээд хөврөх юм. Үнэндээ энэ бүхэн төрийн хийх ёстой ажил биш үү? Төр татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүх асуудлыг шийдэх үүрэгтэй бус уу? Хувь иргэн үүнийг бизнес болгоод явахаар чинь та засаг, төрөө ажилгүй болгоод байгаа юм биш биз? Бизнес дэх төрийн оролцооны талаар та юу боддог вэ?

Таками Юүичи: Мэдээж төрийн оролцоо чухал. Төр ба хувийн хэвшлийн оролцоо хөгжлийн хос хөдөлгүүр. Энэ хоёр хөдөлгүүр харилцан бие биенээ дэмжих үүрэгтэй бөгөөд бие биенээ тулж, бас хамтарч байж урагшаа явдаг. Үүний тулд боловсрол маш чухал. Би боловсролын салбарыг нэлээд анхаарч, бас хөрөнгө оруулалт хийдэг. Мөн олон хүнд ментор хийдэг. Улмаар би улс төрд орсон. Бизнесийн салбарт одоо ажиллаж байна. Үүний сацуу нийгмийн сайн сайхны төлөө олон төрийн бус байгууллагуудад сайн дураараар ажилладаг. Энэ бүх туршлагаасаа эргээд харахад дан ганц улс төр, эсвэл хувийн хэвшил гэж байдаггүй. Ялангуяа эдийн засаг, улс төр, боловсрол гурав нийлж байж нийгмийн шинэ философийг бий болгодог. Ийм философи бүрдсэний дараа нийгэмд үүнийг хэрхэн улс төр, бизнес, боловсролын төвшинд хэрэгжүүлэх тухай асуудал яригддаг.

В.Ганзориг: Улс төрд байсныг тань дуулсан. Японы Шинэ нам байгуулж бужигнуулж явсан тухай ч сонссон. Та одоо улс төрдөө байгаа юу?

Таками Юүичи: Би 19 настайдаа хог хаягдлыг дахин боловсруулах нийгмийн хөдөлгөөнийг санаачлан 10 жилийн турш удирдан ажилласан. Ингэж 10 жил ажиллах хугацаандаа дан ганц иргэний оролцоотой хөдөлгөөн нийгмийн өөрчлөлтийг хийж чадахгүй гэдгийг ойлгосон. Ингээд нийгмийн асуудлыг бизнесийн төвшинд авч үзэх ёстой гэж харсан. Улмаар энэ итгэл үнэмшил дээрээ суурилсан компаниа байгуулж, амжилттай ажиллаж чадсан. Flea market гээд хүн бүр хүссэн үедээ, хүссэн газраа очоод дуртай юмаа арилжиж болдог дэд бүтцийг хийсэн. Миний бизнес, улс төрд барьж явдаг үндсэн философи энэ дэд бүтцийн зарчим дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, хүн өөртөө хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр хүссэн үедээ оролцож болдог нийгмийн цогцлоох нь чухал. Энэ хамтын үнэ цэнийг бүтээж чадвал тогтвортой хөгжлийн суурь хангагдана. Ингэж байж нийгэм сайн сайхан болно. Энэ зарчмыг би улс төр, бизнес, нийгмийн ажлууд дээрээ баримталдаг. Би өөрөө урд нь гараад харагдахгүй байгаа ч улс төрд уураг тархиний хэмжээнд идэвхтэй хэвээр байгаа.

В.Ганзориг: Та Монголтой анх, хэзээ, яаж холбогдсон билээ?

Таками Юүичи: Миний хобби бол Монгол Улс. 1998 онд анх Монголд очиж байлаа. Би тэр үед Японы Байгаль орчны сангийн захирлаар ажилладаг байв. Тэр үед хүйтэн, хөгжиж буй улс гээд дотроо нэг их дуртай Монголд ирээгүй. Гэтэл Монголд болсон хуралдаа судлаач нартайгаа цуг замдаа гараад Монголд онгоцоор газардах мөчид яагаад гэдгийг нь мэдэхгүй хамаг биений шар үс боссон. Сэтгэл их хөдөлж, өмнө нь хэзээ ч юм бэ ирж байсан мэт дотно санагдсан. Тэр цагаас хойш Монгол миний хоёр дахь эх орон болж, 24 жилийн турш Монголтой холбоотой байна. Миний эхнэр Монгол хүн байдаг. Миний зургаан настай хүү саяхан надаас би аль улсын иргэн юм бэ гэж надаас асуусан. Би яагаад ингэж асуусныг нь лавласан юм. Тэр үед бид гэр бүлээрээ говьд аялаж байв. Говийн хурц наранд миний бие нэлээд түлэгдсэн ч миний хүүхдийн арьс яагаа ч үгүй. Тэрийгээ хараад аав та япон хүн учраас монголын наранд түлэгдэж байна, би харин яасан ч үгүй, би ер нь монгол хүн юм биш үү, ээж бас зүв зүгээр байна гэж ярьсан. Би энэ асуултанд нь Япон эсвэл Монгол гэж огт хариулаагүй. Харин би “Миний хүү бол 21 дүгээр зууны дэлхий ертөнцийн хүн юм аа” гэж хэлсэн. Тухай үед зургаан настай хүү минь миний хэлснийг бүрэн ойлгоогүй байж магадгүй. Гэхдээ тун удахгүй хоёр улсын хооронд гүүр болно гэдгээ ойлгоно.   

В.Ганзориг: Таныг Монголд хэд хэдэн салбарт хөрөнгө оруулсан гэж дуулсан. Та аливаа бизнест хөрөнгө оруулахдаа хамгийн түрүүнд ямар нөхцлийг нь харж, ямар шаардлага тавьдаг вэ?

Таками Юүичи: Монголд хөрөнгө оруулахдаа энэ төсөл, уг бизнесийг хийх гэж буй хүмүүс Монголын нийгэмд инноваци хийж чадах эсэхийг нь хамгийн түрүүлж хардаг. Ялангуяа, би залуусыг их дэмждэг. Гэвч Монгол залуусын дунд нэг буруу ойлголт яваад байдаг. Тэр нь хөрөнгө оруулалт, зээл, хандив буюу буцалтгүй тусламжийг ялгадаггүй, андуураад байдаг. Монголд бизнесийн зээл өндөр хүүтэй байдгийг мэднэ. Монголчууд надаас аль болох хүүгүй зээл эсвэл хандив төрлийн тусламж хүсээд байдаг. Би Монголын нийгмийн хөгжүүлэх төсөлд зөв зохистой, бизнесийн зарчимтай хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг.

В.Ганзориг: Тэгэхээр таны хувьд хамтарч бизнес хийх хүний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ бус бизнесийн зорилго нь чухал юм байна. Зөв үү?

Таками Юүичи: Яг зөв!

В.Ганзориг: Монгол ба Японы хооронд гүүр болж сүүлийн 20 гаруй жилийн турш ажиллаж, амьдарч буй хүний хувиар таныг монгол залууст зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх байсан бэ?

Таками Юүичи: Хамгийн эхэлж хэлмээр байгаа зүйл бол улс төрд орж мөнгө олохыг хүсч байгаа залуу хүмүүс Монголд их байна. Энэ бол буруу. Энэ хандлага, үйлдлээ болих хэрэгтэй. Японд бол улс төрд орвол бүх мөнгөө алдана гэж ярьдаг. Том газар, байшинтай хүн улс төрд орвол байшингаа алдаад, газрынхаа өчүүхэн хэсэгтэйгээ л үлддэг. Ингэж байж улстөрч болдог гэж үздэг юм. Японд бас ийм үг байдаг.

Хэрвээ чи эрх мэдэлтэй болохыг хүсвэл ерөнхий сайд бол, нэр хүнд хүсвэл улс төрч эсвэл судлаач бол, мөнгө хүсч байвал бизнесмен бол гэж ярьдаг.

Энэ бүх хүний үүрэг, хариуцлага өөр өөр байдаг. Энэ ялгаатай үүрэг, хариуцлагыг зарим залуус андуураад байгаа харагддаг. Үүнийг Монгол залуус заавал ойлгох ёстой. Ялангуяа, улс төрд авилга бүх төвшиндөө байна. Богино хугацаанд мөнгө олохын тулд улстөрчид авилга авдаг. Ингэснээр 10, 20, 100, 200 жилийн дараах урт хугацааны төлөвлөгөөгөө гаргаж чаддаггүй.

Дараагийн хэлэх зүйл бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт. Үүнийг бид анхаарах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод арлын Япон улс усанд живэх эрсдэлтэй гэж яригддаг ч яг үнэндээ Монголын тал нутагт үүнээс дутахгүй эрсдэлтэй байгаа. 2050 онд Монголын цаг агаар дөрвөн хэмээр нэмэгдэж, энэ хэрээр хөрс, цөлжилтийн асуудал үүсэх судалгаа байдаг. Иймээс энэ асуудал дээр залуучууд, иргэд, улстөрчдийн дуу хоолой маш их хэрэгтэй байна.

Монгол залууст өгөх дараагийн зөвлөгөө бол улс төрийн антеннаа сайн ажиллуулаач ээ гэж хэлмээр байна. Хэн гэдэг улстөрч юу хийгээд байгааг нь сайн анзаарч, тэдний үйлдлийн үр дүнг нь ойлгооч ээ.

Үүний дараа улс төрийн сонголтоо зөв хийгээч ээ гэж захимаар байна. Монголд мундаг залуус олон бий. Гэхдээ хичнээн мундаг байсан ч зорилго, зорилт нь явцуу байх юм бол хол явахгүй. Тухайлбал, зорилго нь зөвхөн гоё машин унаж, гоё хувцас өмсөхөөр хязгаарлагдан өнгөнд хууртаж болохгүй. Залуус хүмүүс аль болох нийгмээ өөрчлөх зоригтой, 10 цаашилбал 100 жилийн зорилготой байх хэрэгтэй. Ингэж асуудлыг илүү томоор хараарай, шийдлийг явцуу хүрээнд бүү гаргаарай гэж хэлмээр байна. Үүнийг улстөрчид гэхээс илүүтэйгээр залуучууд илүү сайн анхаарах хэрэгтэй байна. Залуучууд та бүхний гарт Монголын эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүх зүйл байгаа. Ирээдүйн өөрчлөлтийг залуучууд бид нар л хийнэ гэдэг ухамсар та бүхэнд заавал байх ёстой.

Зарим хүмүүс Монгол далайд гарцгүй учраас гээд шалтаг тоочдог. Гэтэл Швейцар улсыг хараарай. Энэ улс далайд гарцгүй атлаа өндөр хөгжилд хэдийнэ хүрсэн. Мэдээж Монголын хувьд Хятад, Орос гээд дэлхийн хоёр том гүрний дунд хавчуулагдсан геополитикийн асуудал байдаг. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, мэдээллийн технологиор дамжуулан далайд гарцгүй гэсэн сул талаа үгүй хийх бүрэн боломжтой. Энэ боломжийг ашиглах эрх чөлөө залууст бэлэн байна. Үүнийг ашиглан Монгол улс хөгжлийнхөө нэг гарцыг тодорхойлоорой гэж захимаар байна.

В.Ганзориг: Манай нэвтрүүлэгт цаг заваа зарцуулан гаргаж, үнэтэй зөвлөгөөгөө залууст өгсөнд танд маш их баярлалаа.

Ярилцлагыг видео хэлбэрээр эндээс үзнэ үү.