ДИАЛОГ: Лу.Гантөмөр, Болушка хоёр боловсрол, оюун ухааны тухай

Б.Болор-Эрдэнэ
2020-05-06 12:41

Боловсролын сайд асан Лу.Гантөмөртэй оюун санаа, хүний хөгжлийн тухай ярилцлаа.

Надад аливааг нэг их бярдаж төлөвлөх гээд, хянах гээд байдаг муу зан байдаг. Гэхдээ тантай ярилцаад, ийм ажил хийгээд сууж байна гэж хэзээ ч төлөвлөж байсангүй. Амьдрал ер нь атгах гээд байх тусам асгардаг элс шиг агуу баялаг юм тэ? Тийм сул элс шиг төсөөлөгдөөгүй газраа хамаг сайхан нь байдаг ч юм шиг. Таны хувьд аливааг санаснаараа төлөвлөөд явж болж байна уу? Эсвэл гэнэтийн, төсөөлөөгүй зүйлс мэдээж тулгарах уу? 

Мэдээж нас нэмэгдэж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсагч нэмэгдэнэ, оролцогч нэмэгдэнэ. Тодорхой хэмжээнд хянаж, удирддаг байхын тулд зарим юмыг огт сонирхохгүй хаяж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс хөгширсөн хойноо хамгийн их харамсдаг зүйлсийнхээ тухай ярьсан байдаг биз дээ. Үнэхээр хиймээр байсан зүйлээ тодорхойлоогүй бүх юмыг чухалчилж байснаас тийм харамсал үлддэг байж мэдэх юм. Миний хувьд юуг анхаарах, юуг хаяхаа ялгаж аливаад тайван ханддаг. Тийм ч болохоор харьцангуй бодсон төлөвлөснөөрөө явж ирсэн байж магадгүй.  Жишээ нь чамайг ШХАБ гээд ажиллаж байхад би хүчин зүйлсийг үнэлж дүгнээд ийм юм болохгүй гэж үзсэн учраас цаг гаргахгүй байх жишээтэй.

Тиймэрхүү ажил бол үр дүнгээс гадна процессын хувьд үзэл хандлага, үнэт зүйлийг хэлбэршүүлнэ биз дээ. Зарим хүн зарим юмаа золиод төвлөрч байж агуу ихийг бүтээдэг. Бид тэдний үлдээсэн өвийг хэрэглэж амьдардаг. Жишээлбэл Стив Жоббс байна. Хүн бүр смарт утас барьдаг цаг үеийг бүтээсэн. Гэхдээ цаг хугацааг буцаагаад ийм зүйл бүтээхийн оронд гэр бүлдээ цаг зар гэвэл юу гэх байсан бол? Үгүй л гэх болов уу. Тэгээд бодохоор хүсэл, харамсал хоёр заавал зөрж байдаг ч юм шиг.

Хорвоо дээр хэдэн тэрбум хүн төрж, үхэж байна. Энэ дотроос  цөөхөн хүний дурсамж түүхэнд үлдэж байна шүү дээ. Дурсамж үлдээнэ гэдэг нэг зүйлийн ард гарсаны шинж. Жишээ нь Билл Гэйтс их харамч байсан гэгддэг. Гэхдээ төвлөрч, бүтээх үедээ бүтээгээд одоо өглөгийн хамгийн том эзэн болсон байна. Тэгэхээр бүтээх насандаа аль болох зорилгодоо төвлөрч чадвал дараа нь боломжууд гарна.

Билл Гэйтсийн хувьд хоёулаа цааш яривал үзэл бодлын ялгаа гарах гээд байна. Америк ерөөсөө тиймэрхүү том аваргууд төрдөг орон. Зах зээлийг монопольчилж асар их баялаг хуримтлуулаад филантрофи болж хувирдаг. Миний бодлоор манай орон яг араас нь явж байна.  Хүнээс боломжийг нь дээрэмдэж байгаад эргээд буян хийхээр Будда болох уу? Хэвтээ, эн тэнцүү байж болох байсан харилцааг босоо болгодог болгонд дургүй.

Одоо Билл Гэйтс шиг сайн хүн байхгүй байна шүү дээ. Үүний эсрэг ажиллах хүчтэй медиа орон зай, том дуу хоолой хэцүү л дээ. Ер нь хүн насан туршдаа өөрчлөгдөж байдаг амьтан. Билл Гэйтсийн үзэл бодол цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн байж болно. Яагаад гэхээр биднийг удирдаад байгаа оюун санаа гэдэг юм чинь өөрөө хөгжиж дэвшиж байдаг. Одоо 50 настайдаа бодож байсан зүйл 60 хүрээд бодож байгаа зүйл өөр байдаг. Энэ бол гарцаагүй тархины хөгжил. Юм үзэж нүд тайлах, илүү оймс элээх гэдэг бүгд амьдралаас гарсан үг.  10 жилийн дараа ертөнц чиний одоо харж байгаагаас өөр харагдаж мэднэ.

Манай олон багш нар тэтгэвэртээ гараад хэлдэг. Би яаж хичээл заахыг одоо л сурч байна гэж. Хүнээс хичээл заахыг сураад байгаа юм биш. Шавь нарынхаа өсөлт хөгжил дээр тулгуурлаад өөрөө өөртөө дүгнэлт өгч байгаа хэрэг.

Хүний оюун санаа, эрх чөлөөний хөгжил ярьдаг улстөрч манайд цөөхөн. Маинд, оюун санаа гэснээс ойрд мэдэж аваад хамгийн их сэтгэл хөөрсөн нэг зүйл: Хүний зүүн тархинд “Өгүүлэгч” гэгдэх нэг модуль байна. Ямар ч утгагүй материал өгсөн заавал нэг хоол хийгээд үлгэр өгүүлдэг хэсэг. Гайхамшигтай.

Тархи судлал цаашид улам хүчтэй болно. Тархи гэдэг бидний харж байгаа шиг гурав дөрөвхөн талтай эрхтэн биш. Дотроо тэрбум тэрбум мэдрэлийн эстэй. Тэр эсүүд нь унтаж чаддаг,  сэрж чаддаг. Олон модультай. Дээр нь маш хурдтай. Одоо жишээлбэл чам шиг тархиа бүрэн ачааллаж амьдардаг хүний зовлон юу вэ гэхээр тэр хурдыг амьдрал чинь нэхээд байдаг болно. Хүний эсүүд их өөр. Жишээ нь зузаан ном тавыг давхарлаад төвөггүй уншиж байдаг хүн ч байна. Тийм тархи маш хурдан ажиллана. Харин огт ном уншдаггүй хүмүүс байна. Зурагт хараад л дүрс хараад байдаг, аймар удаан. Тэр их хурдан ажилладаг тархи ямар хоол нэхэх вэ тэр их удаан ажилладаг тархи ямар хоол нэхэх вэ гэдэг асуулт их сонин. Биднийг бага байхад номын цагаан солиотой гэмээр хүмүүс их байдаг байсан. Одоо харин бага байна. Нийгэм хурдтай болсон болохоор хэчнээн ачаалсан ч тархи нийгэмтэйгээ зохицоод ирж байгаа юм. Хүний гаргаж байгаа үйлдэл их сонин шүү. Дассан сурсан зүйлээ нэхнэ. Кофенд дуртай хүнд цай өгөөд байхад тэр хүн маш хурдан залхана. Бүүр толгой нь өвддөг байх жишээтэй.

Ойрд ингэж боддог болоод байгаа. Хүний аз жаргал сэтгэл ханамжийн 20 хувийг бодит үйл явдал, харин үлдсэн 80 хувийг нь тэр үлгэр өгүүлэгч, тайлбарлагч хэсэг хариуцаж байх шигээ. Таны түрүүн дурдсан харамсал ч бас тэр 80 хувийг хариуцаж байгаа тархины ажил юм уу даа. Таны тайлбарлагч одоог хүртэл болж өнгөрсний тухай юу гэж байх юм?

Миний хүсч байсан зүйлс угаасаа их бага. Хүний мөрөөдөлд хэмжээ гэж юм байдаг. Тэр нь хаана төрсөн, яаж өссөнөөс их хамаардаг байж мэднэ. Жишээлбэл одоо Хүрэлсүх яагаад би жолоочийн хүүхэд гээд бахархаад байгаа юм? Өөрөөр хэлбэл тэр хүн жолоочийн хүүхдийн хувьд хүрэх цэг дээрээ очсон. Хэний хүүхэд гэдгээ өгүүлээд байгаа нь би эндээс гараад, энд ирлээ шүү гэсэн тэр ханалтыг хэлээд байгаа юм. Бидний үеийн нэг онцлог байна. Аав ээжээсээ хувьцаат компани аваагүй, өөрсдөө байр авч, бизнес босгосон. Энэ утгаараа бид хамгийн том ялагч. Одоо төрийн томчууд бүгдээрээ л иймэрхүү түүх ярина. Төрийн толгойд явж байгаа хүмүүс нэг тийм цадчихсан юм шиг харагдаад байгаа биз?

Бид нарт болохоор яг эсрэгээрээ харагдаад байгаа юм. Яасан цаддаггүй юм бэ гэж.

Тэр утгаараа биш, амжилтад хүрэх, цааш хөгжих гэдэг утгаар нь. Энэ улс чинь ажил хийхгүй байгаа биз дээ. Уг нь бол ийм хэцүү үед чичирч байх ёстой байхгүй юу.

Тэгэхээр хаана хүрээд сэтгэл ханах вэ гэдгээ хаанаас гарснаараа тодорхойлоод байгаа юм уу?

Тэгж л бодож байна.

Муугаар хэлбэл жаахан ядуу сэтгэлгээ биш үү?

Тийм ч байх. Угаасаа бидний сэтгэлгээ баян байх аргагүй.  Одооны хүүхдүүдийн тавдугаар ангидаа үзсэн ном, зохиол, кино, бидний аравдугаар ангидаа үзсэн ном, зохиол кино шал өөр өөр.

Тэгэхээр хүн бүр тодорхой хэмжээнд өөрийнхөө өгөдлийнхөө, замналынхаа бүтээгдэхүүн байж харагдаад байгаа юм.  Сүүлд би “The Conversation” подкастаар дараа үедээ иймэрхүү тайлбар хэлсэн. Би хүний нас шүүмжлээд байгаа юм биш. Төдий насанд хүртэл явсан замналаас нь бүтэж бий болсон сэтгэлгээтэй үзэлцэх хэрэг гардаг тухай.

Монголчууд ялангуяа сүргийн амьтад байхгүй юу, жишээ нь ингэдэг. Манай гудамжныхан, манай хорооллынхон, манай япончууд, манай сургуулийнхан гээд их омгийн соёлтой. Сургуулийнхандаа бол хир халдаахгүй шүү дээ.  Улс төрд жаахан ухаантай хүн хайхдаа ч эргэн тойрноосоо хайна. Нэг оронд төгсөгчийн хувьд чамайг сайн нийтлэл бичээсэй л гэж бодно. Гэтэл чи манай үеийнхнийг чи өнөөдрийг хүртэл ингэж явчихаад одоо юу яриад байгаа юм гэдэг. Бид өөр юм ярих эрхтэй. Би нэг юмыг дахиад хэлье. Жар хүртэл ухаан суугаад жаран нэгтэй тэтгэвэрт гардаг байхгүй юу. 61 хүрч ухаан суусан хүнийг яриулах хэрэгтэй биз дээ. 

Тийм ээ. Тэр өгөө авааг бол би аль аль тал нь  эрхээ эдэлж байгаа байдал гэж ойлгож байгаа. Тэгээд таны хариулт дээр хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт та өөрөө өөрийнхөө өгөгдлийг, өөрөөр хэлбэл таныг хязгаарлаж байгаа гарааны нөхцлөө харчихсан юм бол одоо ёстой та нар сайн дураараа ухрах ёстой юм биш үү?

Тэгж бодохгүй байна. Бүгд адилхан өгөгдөлтэй юм чинь. Одоо аймар өлсгөлөн тачаадаад байдаг хүмүүс байна. Ийм ч бизнес хийнэ, тийм ч тендер авна гээд байдаг хүмүүс байна. Бизнесийнхээ хувьд ч, улстөрийнхөө хувьд ч маш их амбицтай. Тэд би өнгөрсөн хугацаанд ингэж алдаж гэх маягийн сөрөг юм их ярьдаг. Миний хувьд бол эсрэг, би өнгөрсөн хугацаанд нэмэх нь их явж ирсэн хүн. Тэгэхээр ямар хүн өөртөө ийм нэмэлт өгдөг вэ гэхээр хаанаас гарав, юу мэддэг байв, одоо юу мэддэг вэ гэдэг хүн. Энэ утгаараа бол би ханасан сэтгэлтэй хүн байхгүй юу. Гэхдээ ханасан сэтгэл байгаа учраас цаашаа улстөрийн үйл хэрэг байхгүй гэвэл худлаа. Надад хийж чаддаг зүйлс байгаа юу байгаа. Хийхийн тулд зүтгэх ёстой юу ёстой. Яагаад гэвэл хоёр нүд нь гялалзаад амьд байгаа цагт хүн урагшаагаа л явна. Чи түрүүн хэллээ шүү дээ, тархины 80 хувь нь тайлбар дээрээ тогтож байна гэж. Тэр тайлбар одоог хүртэлх дээрээ сэтгэл ханалаа гэхээс амьдарч ханалаа гэхгүй шүү дээ.

Та улстөрчийн хувьд зөөлөн хүчний талдаа хүн, би бол юмыг хар эрчээрээ мөргөж үздэг урлаггүй гэх үү hard power, хатуу хүчнийх. Энэ ялгаанаасаа болоод нийгмээсээ авч байгаа эргэх холбоо, мэдээлэл нь өөр өөр байж таараа.  Миний хувьд монголчуудыг мөргөж үзээд тэндээс гарч болох хамгийн таагүй үзэгдэлт жүжиг үүсгэж аваад тэрийгээ хөндлөнгөөс үзэж байгаа үзэгч байхгүй юу. Тэр жүжгээ хийж байхдаа яагаад танай үетэй зөрчилдөөд байдаг гэхээр дөнгөж сая таны ярьдаг гарааны нөхцөлтэй холбоотой. Өөрсдийг нь бүтээсэн хязгаар дотор дараа үеэ хаших гээд байдаг. Тантай ярилцаж байгаа шалтгаан ч энэ. Үе дотроо эрх чөлөө, оюун санаа ярьдаг нь болохоор гэх үү.

Би бол юмыг арай эерэг харах гэж оролддог цөөхөн улстөрчийн нэг байж магадгүй. Манай найзууд бол намайг их шүүмжилдэг: Зөөлөн улстөрч гээд л. Зөөлөн байгаа цаад учраа би мэддэг л дээ. Тэр хүн тэгж бодох эрхтэйг би их сайн мэддэг. Тэгж бодсоных нь төлөө би дургүйцэж, дургүйцлээ гэж илэрхийлэх албагүйгээ бас их сайн мэддэг. Яавал өөрийн бодлыг зөвшөөрүүлэх вэ, яавал ойлголцох вэ гэдэг арга зам хайдаг. Тоо бодож өссөний хувьд тэр хүртэлх гаргалгаануудыг бодохыг оролддог.

Гэхдээ таныг тэр гэгээнээр хараад байгаа нийгэм чинь бас л алах дөхсөн биз дээ, мүүн гээд?

Тэр яахав дээ. Надад хүүхэд байхаас л юмыг өнгөрөөдөг, шингээдэг хүч байсан. Эвтэйхэн ойлгоод хүлээгээд авчихдаг. Би тухайн үед юу ч мэдээгүй, тоглоомынх гадна байсан байх. Ер нь одоо бодоод үзэхэд 2004 онд их хурлын гишүүн байхад, дараа нь 2008,  2009 он хүртэл улстөрд эрүүл өрсөлдөөн явдаг байсан шиг санагддаг. Одоо сонсохоор Баяр Энхбаяр хоёрын зөрчил ч юм уу, Элбэгээгийн улстөр гэх мэт юм яригддаг. Өөрсдөө өөрсдөдөө тааруулаад эргээд нөгөө тайлбараа хийж байгаа нь тэр байх.

Лу. Гантөмөр: Хүүхдийг хүчлэхээс хайрлах нь илүү амархан шүү

Ярианы сэдвээ таны удирдаж байсан салбар руу эргүүлье. Өнгөрсөн 4 жил Боловсролын яамны сайд 3 солигдлоо. Энэ дунд мэргэжлийн томилгоо хийгдсэн үү?

Эцэг эхчүүд өөрсдөө харж байгаа байх. Ер нь улстөрч хүн нэг яам, салбар толгойлоход өөрт нь хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй л дээ. Би боловсролын сайд болоод шууд гарын үсэг зураад л асуудал шийдээд байгаагүй. Сайд болохоосоо өмнө нэг жил ном уншсан, болчихоод хагас жил ном уншсан. Боловсрол өөрөө хурдтай хөгжиж байгаа шинжлэх ухаан, хурдыг нь гүйцэхэд төвөгтэй. Бид хоёрыг одоо ингээд яриад сууж байхад л цоо шинэ аргазүй мэндэлж байдаг.  Залуучуудын өөрсдийнх нь мэдээлэл, хурд гэдэг аймар шүү дээ.  Тэдний өдөр цагаар өөрчлөгдөж хөгжиж буй оюун санааг гүйцэж заах хэцүү. Үргэлж урагшаа харж, хүн төрөлхтний ололт амжилтыг судлах хэрэгтэй, энэ л номер нэг чухал асуудал.  20 жилийн өмнөх замаар явбал байрандаа үлдэх биш 20 жил ухарна л гэсэн үг.

Манайхан боловсролыг явцуу утгаар тодорхойлоод хэрэгтэй хэрэггүй гээд маргадаг. Зөвхөн техник мэдлэг, эсвэл диплом гэж хараад байна аа даа?

Сүүлийн 20 гаруй жилд боловсролын чиг хандлага нэг л тийшээ яваад байна. Боловсрол бол зөвхөн мэдлэг олгохоор хязгаарлагдахгүй юм байна. Мэдлэг бол нэг хэсэг нь л, хамгийн гол агуу зүйл нь оюун ухаан юм байна, тийм үү?  Оюун ухаан өөрөө шинэ мэдлэгийг бүтээж байдгаараа онцлогтой. Мэдээллийг мэдлэг болгоод зузаалаад явах нэг хэрэг, хэргийг нь гаргаад амьдралдаа хэрэглээд хөгжөөд явахын тулд тэр хүнд оюун ухаан хэрэгтэй. Хөгжил гээд байгаа нь оюун ухааныг хэлээд байна.

Зүйрлэвэл шууд эрчим хүч нийлүүлэх биш эрчим хүчээ гаргадаг хөдөлгүүрийг нь бэлдэж өгөх мөн үү?

Оюун ухаан прогрессоор хөгждөг эд байхгүй юу.   Манай баг хөтөлбөрт шинэчлэл хийсэн цаад зорилго нь оюун ухааныг хөгжүүлэх тухай юм. Хүүхэд Сталины төрсөн өдрийг мэддэг байхаас гадна үйл явдлыг нь мэддэг, дэлгэрүүлж сэтгэн боддог, төсөөлдөг,  оюун ухааны ажилбар хийдэг болохын нэр.  Түүнээс биш нэг төрсөн өдөр цээжлүүлээд шалгалт авдаг, авсан дүнгээрээ хүнийг ялгахыгаа  боловсрол олголоо гэж үзэхийн нэр биш. Жишээ нь математик. Чи бол 10 жилд байхдаа математик гэж юув гэдгийг хүүхэд байхдаа ерөөсөө ойлгоогүй, би ч ойлгоогүй. Амьдралд хэрэглэхгүй юм бол математик сурч яах юм гэдэг асуулт 10 төгссөн бүх хүүхэд тавьдаг.

Тийм шүү.

Тэгэхээр бид математик ертөнц дээр оршдог гэдгийг ойлгуулахын тулд хөтөлбөрт шинэчлэл хийсэн байхгүй юу. Параллель шугам амьдрал дээр хаана байна гэх жишээтэй.  Тэгш өнцөг хаана байна, юунд хэрэглэж болох уу? Дугуйг, бөөрөнхийг.  Ингээд ирэхээр тухайн хүүхдийн математикыг ойлгох тэмцэл эхлэнэ. Байгаа юм байна, ингээд ашиглах юм байна гэх мэтчлэн. Тэгэхээр дахин давтан хэлмээр байгаа нь амьдрах ухаантай, оюун ухаантай тийм хүмүүсийг гаргаж ирэхийн төлөө боловсролын систем ажиллах ёстой. Үүнийг бага мөнгөөр хийхэд хэцүү л дээ. Гэхдээ мөнгөндөө тааруулж унших, бодох, цээжлэхийг л сургая гэдэг рүүгээ буцах бол ухралт.  Ажлаа аваад сургуулиудаар уйгагүй тойрсон, тогтолцооны дутагдал бол ойлгомжтой байсан.  Лидер гэх үү, юу гэх үү хэдэн хүн төрүүлдэг, бусдыг нь муу гээд үлдээдэг.

Онц сурагчид уу? Та өөрөө онц сурагч биз дээ, би ч тийм. Одоо харахад яг онц уу гэдэг ч асуудалтай хаха.

Тийм биз дээ, онц сурагчид, хэдэн даган баясагчид, тэгээд хэдэн гадуурхагдсан хүмүүс үйлдвэрлэж ирсэн. Муу сурагчид гэж ад үзэгддэг, гэртээ толгой муутай гэж загнуулдаг. Муу юм хийхээрээ баярлаж эхэлдэг, бид ийм л юм байна гэж боддог, хулгай хийж тамхи татаж, архи ууж, худлаа хэлж эхэлдэг. Томчууд чи муу гээд ангилаад орхихоор аргагүй шүү дээ. Ямар нэг зүйлийг тэр хүүхэд өөрийнхөөрөө сэтгэж байгааг л бид ойлгохыг хүсээгүй байхгүй юу. Өөр өөр бодолтой, өөр өөр хүн.

Хувьдаа ойр тусгаж авч ойлгож байгаа ч тогтолцооны хувьд тэнхлэгээрээ эргэх ёстой болохоор хэрэгжүүлэхэд хэцүү болов уу?

Бас тийм биш, хүүхэд бүр өөр гэдгийг л ойлгочихвол хэрэгжүүлэхэд хамгийн амархан байхгүй юу.  Арга зүйн хувьд лидерийн түвшинд бай гээд хүчлээд шахаад байлгүйгээр өөрийнхөөр нь хийлгээд, урам өгөөд сурчихвал илүү амархан биз дээ? Хүүхдийг хүчлэхээс хайрлах нь илүү амархан шүү дээ.

Ер нь бол сургах гэдэг үгийг суралцах гэдгээр сольж, суралцаж байгаа талд нь хүндийн төвийг шилжүүлэх гэж хичээсэн. Боловсрол гадарладаг гярхай хүмүүс бол олоод харсан байдаг. Суралцахуй гээд байгаа юм байна. 500 мянган хүүхэд талдаа асуудлыг тавиад байна шүү дээ, 30 мянган багш талдаа биш. Шилжихэд хэцүү санагдаж байж магадгүй ч хүндийн төвийг 500 мянган сурагч талд нь болгохоор 30 мянган багшийн ажил хөнгөрч байгаа байхгүй юу.

Хүн чинь өөрөө хийж сурдаг юм байна. Өөрөө бодож сурдаг юм байна. Бүтээл гаргаж сурдаг юм байна. Бодох хугацаа өгөх хэрэгтэй юм байна. Хамгийн чухал нь энэ: Хийх хугацаа, бодох хугацаа. Хугацаа өгөлгүй хүчилж өгч байгаа бүх мэдлэг хүнийх юм байна. Цээжилж байсан тэр олон теорем хүнийх байсан байх нь. Учрыг нь олсон теорем өөрийнх нь болсон байна. Хийж дуусгасан бүтээл болгон нь өөрийнх нь болсон байна. Багадаа цээжилсэн шүлгээр амьдарч байгаа хүн байна уу? Тэгэхэд багадаа бичсэн ганц зохион бичлэгээр насаараа амьдарч байгаа хүн ч байгаа шүү дээ. Тэр зохион бичлэгээс л амьдрал нь боссон хүн байгаа шүү дээ. Яагаад гэвэл өөрөө өөрийгөө илэрхийлсэн байгаа байхгүй юу. Ийм ийм ялгаанууд бий.

Одоо арай ухаан суугаад юм уу  эргээд 10 жилээ дурсахаар сэтгэл өвдөөд байдаг. Би бүр наманчлал гэмээр нэг нийтлэл бичсэн, багш нараас сурагчаа битгий эрэмбэлээрэй гэж гуйгаад. Би л хариулаад, би л сураад, багш бидний хэдэд зааж байгаагаа зааж байна гэж бодоод л.  Одоо би ангийнхаа хүүхдүүдийн нэрийг санадаг. Дор бүрнээ л үнэ цэнэтэй оюун ухаан, цаг хугацаа, хэн нэгний хайртай үр хүүхэд, үргэлжлэл.  Арын эгнээний хүүхэд ч яриг л дээ.  Өнөөдрийн нийгэм чинь тэднийг арын эгнээнд муу сурагч гэж ялгасан ангиудын л үргэлжлэл биз дээ?

Тийм ээ, тэндээс л гарч ирсэн. Их сайхан юмтай байсныг нураасан гээд байдаг. Их сайхан юмтай явсан нь үнэн л бол өдийд арай өөр дүр зураг бас байна даа? Боловсрол их аюултай, буруу юм хийвэл насаараа хараал иднэ шүү дээ. Би хүүхдүүдийг хөгжүүлнэ гэж зүтгэсэн учраас хүүхдүүдийн гэрэлтэй нүд надад урам өгдөг. Өмнөх сонгуульд ялагдахад ямар ч гомдох юм байгаагүй. Хүүхдүүдийн төлөө ажил хийсэн гэсэн итгэл байна. Хийж чадахаа хийсэн хүний бардамнал гэж байдаг биз дээ?

Авьяас хөтөлбөрийг бол хүүхэд өөрөө өөрийгөө тооход их хэрэгтэй гэж үзэж хийсэн. Хүн өөрийгөө мэдэрчихэд ертөнцийг мэдрэх амархан. Өөрийгөө мэдрээгүй хүн ерөөсөө ертөнцийг мэддэггүй. Хуучин яадаг вэ гэхээр өөрийг нь мэдрүүлэхгүй дараад байдаг. Ертөнц их гайхамшигтай шүү гээд тулгаад байдаг. Тэгсээр байгаад сүүлдээ өөрийнхөө төлөө явж чаддаг хүнгүй болчихдог байхгүй юу.

Наадах чинь манай нийгмийн суурь асуудал юм шигээ. Өөрийн өнгөөр ертөнцөд оршиж, өөрийн дуугаар дуулж явахаар хүний өмнө буруутах гээд байгаа юм шиг хүмүүс.

Хамгийн том эмгэг энэ байхгүй юу. Боловсрол ч, эцэг эх ч хувь хүнийг нь бүтээхгүй. Аав ээж нь хүртэл чи хэн юм, чимээгүй бай, хол бай, сууж бай, битгий том хүний ярианд ор, чамтай юу ярих юм... ингээд хүнийг хайрцаглачихдаг.  Хөөрхий дунд ангиа төгсөөд амьдрал руу гарч байж хүн болдог байж. Намрын ажил яагаад дурсгалтай байдаг гээч? Амьдралд орж байгаа нь тэр юм. Ангидаа, гэртээ хүн биш байсан байхгүй юу. Хүн гэдэг утгаараа очоод ногоо түүгээд л, оройн хоол хамтдаа хийж идээд л, тийм ээ? Тэгээд дуу дуулцгаагаа л.  Хэчнээн муу сурдаг нь ч хөдөө очихоороо манлайлаа л. Охидуудад туслаа л. Тийм боломж тэд нарт бараг анх удаа гарч ирж байгаа нь тэр. Хичээл хийж чаддаггүй охидууд нь ч хоол хийж хүлээн зөвшөөрөгдөөд л.  Тэгээд одоо бүгд ярьдаг байхгүй юу. Намрын ажил ёстой гоё байсан гээд. Аргагүй, анх удаа амьдралд орж, өөрөөрөө байгаа нь тэр байхгүй юу.

Өрөвдмөөр...

Харин тийм, хүний амьдралыг нэг жаран гэвэл гуравны нэгийг нь авчихаад гуравны нэгт нь хувь хүнийг нь дарамтлаад гаргана гэхээр аюул биз?

Та Японыг, тэр дундаа Токиогийн Их Сургуулийг мэднэ. Дотоод ертөнцөө гүн таньж мэдсэн хүмүүс цугладаг. Өөрийгөө овоо гээд 20 жил хатуу итгэсэн хүн тэр дунд орохоор яах уу? Надад итгүүлчихсэн юм чинь. Хэдэн жил нэлээн стресстсэн дээ. Онц муу дүнгийн асуудал биш. Мэндийн зөрүүгүй шахуу -Чи ер нь хэн бэ, яагаад энд ирсэн? гэдэг яриа руу орчихдог. Эргэж ирээд Монголоо дахиад харж байна л даа. Такси барьсан ч хүүхдүүдтэй ярьж явна. Эргээд ангидаа цуг сурч байсан хүүхдүүдээ бодно. Та салбараа толгойлж байсан хүн, мэдээж мэдэж байгаа. Залуу үеэ өрөвддөг учраас өмөөрөд үзэлцээд байдаг.

Би маш олон сургуулиар явсан. Хүн өөрийгөө таньж, өөртөө итгэж урагшаа явна гэдэг чинь шал өөр юм байдаг юм байна. Чөлөөт сэтгэлгээ, өмнө хэлсэн оюун ухаан гэдэг чинь маш хурдтай хөгждөг юм байна гэдгийг харж байгаа юм. Бүр харц нь тогтоод, эгц харж байгаа байхгүй юу. Тэрэнд их баярласан даа.

Юм цээжилнэ гэдэг хязгаартай. Гэтэл оюун ухаан чөлөөтэй сэтгэж, бодож, зүүдэлж, төсөөлж байдаг байх нь. Тэр утгаараа нялх байсан ч маш хурдан хөгждөг юм байна. Монголын ирээдүй өөр үе гарч ирнэ. Муу тал нь дарга нарын үгэнд ордоггүй хүмүүс гарч ирж магадгүй(инээв). Улстөрчдөд хууртагдаггүй ард түмэн гарч ирж магадгүй. Худалч хүмүүс багасна. Хулгай хийх боломжгүй болно. Нөгөө талаар биеэ даасан, бусадтай ажилладаг, бусдыг ойлгохыг хичээдэг үе төрнө, үрийг нь тарьж чадсандаа итгэлтэй байгаа.

Цаг үе рүүгээ нэг ороё. Хүн болгон маск зүүчихсэн кино шиг өдрүүдэд амьдарч үздэг юм байна. Мэдээж айдас байгаа ч бас сонирхолтой. Таны хувьд ямар санагдаж байна?

Халдварт өвчин нэг асуудал. Тухайн үеийн хүмүүсийн амьдрал, уналтын асуудал дахиад нэг асуудал тийм ээ? Хэцүү амьдралтай хүүхдүүд маш их байгаа. Тэд нарын очоод өөрийнхөөрөө байж чаддаг газар нь сургууль. Дээр нь ээжүүд нь хүүхдүүдээ сургууь цэцэрлэгт нь явуулчихаад стресээ тайлдаг, амардаг. Одоо гэртээ байгаа нь хүүхдүүдэд хүнд байгаа.  Гэрт нь зурагт нь, бэлэн компьютер нь байна, гадаа гараад хааяа тоглочихдог, онлайнаар хичээл заагаад бүх зүйл нь байхад л тэр хүүхэд маш их давчдаад байгаа нь мэдрэгдээд байна. Хэдэн сар гэртээ байна гэдэг хэцүү. Энэ шокыг яаж эмчлэх юм бол, бодож байгаа юм хүмүүст байгаа болов уу.

Өөрөөр хэлбэл энэ хөл хорионы өдрүүд нөгөө жолоочийн хүүхэд гэдэг шиг энэ хүүхдүүдийн сэтгэлгээг бүтээх өгөгдөлийн нэг болох нь ээ?

Харин тийм, энийг анхаарч хүүхдүүдийн сэтгэлд аль болох бага сөрөг нөлөө үлдээх талаас томчууд ажиллах хэрэгтэй байна.

Математикт эсрэгээс нь батлах арга гэж байдаг даа. Хүнийг нийгмийн харилцаанаас  хөл хорьж үзээд чи нийгмийн амьтан мөн үү, чи зөвхөн гэр бүл дотор амьдарч чадах юм уу гэж асууж байна. Хүн нийгмийн амьтад гэдгээ эсрэгээс нь баталж харж байна шүү дээ. Тэгээд би танаас асуумаар санагдаад байсан юм. Таныг харьцангуй либертар үзэлтэй улстөрч гэж хардаг. Гэтэл анхнаасаа хувь хүн гэж юм байгаад тэгээд нийгэм хийсэн юм биш анхнаасаа нийт хамт байж байгаад замын дунд энэ хувь хүн гэж дүрийг гаргаж ирж л дээ, зарим түүхчдийн хэлж байгаагаар. Тэгэхээр бид энэ дарааллыг хэрхэн харах вэ гэдэг нь мэдээж хүнийг хэн бэ гэж үзэх, улмаар бодлогыг хэрхэн хийх вэ гэдэг бүх загварын суурь болох нь. Энийг юу гэж үзэхээс таны улстөр, бодлого урган гарна биз дээ?

Хүн төрөлхтөн цар тахлыг өмнө нь олон удаа үзсэн. Зуун жилийн өмнө дэлхий дээр 50 сая хүн үхээд, хоёр гурван удаа давалгаалаад, бүх хүн гэрийн хорионд ороод  л. Гэхдээ тэр бүхнийг даваад гарсан. Тэгэхээр яг өнөөдөр бүгд хаалттай байхад хэн аз жаргалтай байгаа юм? Өөрийгөө болгож чаддаг л хүн. Юм уншдаг, юм бодож чаддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө болгож чаддаг хүмүүс л хүчтэй байж чадаж байна.  Даваад л гарна. Харин хэсэг эмзэг хүмүүс байна. Цагийг ганцаараа өнгөрөөж чадахгүй, харилцааны арга барилгүй хүмүүс байна. Тэдний  сэтгэлзүй эмзэг байдаг. Тухайлбал тэр гадаадаас ирж байгаа хүмүүс нийтдээ бараг 42 хоног ганцаараа тусгаарлагдаж байна. Энэ хүмүүсийн сэтгэлзүй дээр нийгэм судлаач нар судалгаагаа хийж байх ёстой. Ямар хүн үүний дараа яаж өөрчлөгдөж байна гэдгийг судлах сонирхолтой.

Хүн ер нь ондоошиж чадах хэрэгтэй. Өөрийгөө аваад гарч чаддаг хүмүүс бол цаг үе хэцүү байхад даваад гарна. Жишээлбэл суманд хичээлийг оруулчих энд вирус алга, гаднаас хүн ирэхгүй байна гэж байна.  Энэ бол хүүхдэд боловсрол хэрэгтэй гэж боддог хүмүүсээс гаргаж байгаа яриа болохоос амьдрал нь хэцүү байгаадаа биш. Одоо судлаач нар анхаараад харвал өвөлжин цас ороод  сумын төв  рүү орох боломжгүй  малчин бүсгүй, залуу эсвэл өвгөн эмгэн зөндөө байгаа.  Тэр хүмүүст Улаанбаатар карантилагдаад гарч явж болохгүй хэцүү байна гэж хэлбэл гайхна.

Яагаад тахал гэж нэрлэсэн юм. Бүгдийг нь үхүүлэх ёстой өвчин байхгүй юу. Ийм оноолтоос амьд гарах тэмцэл үеийн үед байсан. Дараа нь нийгмийн том өөрчлөлт өрнөдөг. Өрнөхдөө дандаа урагшаа явдаг. Яг бүтэн жил амьдрал зогсоод дахин хөдлөхдөө маш хүчтэй болдог.

Энэ вирус жилийн дараа дууслаа гэхэд маш том том өөрчлөлтүүд явна.  Баялаг шилжинэ, капиталын эзэд өөрчлөгдөнө. Валют хүч чадлын хувьд өөр болно, хэрэглээ өөр болно. Хүмүүс дасчихсан байсан хэрэглээнээсээ татгалзаад шал өөр зүйлийг хэрэглэдэг болно. Хөгшчүүд ихээр хорогдоно.

Энэ хавар Европын хэдэн хотоор тойрсон чинь цагийн хуваарь, амьдрах хэв маяг нь Азийн хотуудыг бодвол тийм ч арилжааны шинжтэй биш юм. Орчин үеийн эдийн засгийн загварыг хийсэн тив тухайн загвартаа хүлэгдэлгүй тааваараа амьдарч байдаг ч юм шиг. Азиуд бол араас нь нэхэж гарсан учраас комплекстой юм шиг завгүй бизнес хийдэг. Манай орон бас сүүлдэж гараанаас гарсны хувьд мөнгөний араас улайрч байгаа тал байна уу?  Шашны хувьд сэтгэлгээний хувьд арилжааны тухай айхтар хатуу сургаал номлол байхгүй. Бизнесмэнүүд төрийн дээр, толгойн дээр гарах гэж ч үзлээ.

Хатуу номлолгүй бас биш, манайхан бол панзчин хүмүүст их дургүй байсан. Бүүр манай ах бид хоёрыг наймаа хийх гэсэн аав ээж хоёр панзчин хийж яах гээд байгаа гээд их дургүй байсан. Бас мөнгө хүүлэгчдэд дургүй. Өмнөх цаг үед өрөнд орж, хүнд байсан эмзэглэл байгаа болохоор мөнгө хүүлэлт , арилжаа наймаанд дургүй байсан. Одоо наймаа хийдэг хүмүүсийг дээрэлхэхээр хүмүүс дуртай байгаад байна аа? Тэр чинь цаана нь суурь байна гэсэн үг.

Ер нь нийтийн дундаж мэдлэгээс давсан систем яарч импортлох нь өөрөө бас их асуудалтай юм байна гэж хараад байгаа, сүүлийн үед. Мэдэхгүй олон нийт ба мэдэж байгаа авторуудын завсарт л авилга, тархи угаалт гээд болохгүй бүхэн цэцэглэдэг юм байна.
Юу руу тэмүүлэх вэ гэдгээс их хамаарна. Жишээлбэл бид нар эрх чөлөөтэй улс орон болно гэж өөрсдөө хүссэн. Тэрийг хэн нэг ухаантай хүн хүсэхээсээ илүү масс хүсэж байсан байхгүй юу. Ерөнхийдөө ард түмэн нэг намын тогтолцоо, мөнгө хөрөнгөгүй амьдрал хэцүү юм байна. Хөрөнгөтэй болъё, эрх чөлөөтэй болье гэж хүснэ. Тэгэхгүй бол 70 жилийн хугацаанд хэдхэн гэр бүл босс нь болсон. 30 жилийн дотор хэдэн гэр бүл босс болов? Тиймд анхны хүсэл тэмүүллээ мартахгүй байх нь чухал.

Санаа гэдэг бол бодол. Бодож хөдлөхгүй юм бол хүн байгаад яах юм

“Урсгалд ялагд тэгвэл чи ялна” гэдэг Нагаржунайн философи байдаг билүү?  Токио хэзээ метронд суухаа ч минут секундээр хэмждэг төлөвлөлтийн ертөнц байсан. Монгол бол үйл явдлын өрнөл, эргэлт хурдан. Төлөвлөхөөс илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар шаардагддаг. Нэг их төлөвлөх гэлгүй аясыг нь дагаж “урсгалд ялагдаж” явсаар байгаад харин ч хашигдаж байсан хайрцагнаасаа гарлаа. Та харин Японоос шингээж ирсэн хайрцагнаасаа гарав уу?

Бид нар гүйлтийн зам дээр бол өнгөн дээр гүйчлээ. Тархинд нь гэх юм уу, хүүхэд байхаасаа л бүх юмны түрүүг нь аваад. Надаас ухаантай хүн байхгүй гээд л. Гэхдээ 40 гараад ирэхээр надаас ухаантай хүмүүс маш их байх ёстой гэдэг бодол төрдөг юм байна. Хоёрдугаарт ертөнцийг өөрчлөх гэдэг бол цаг хугацааны асуудал юм байна гэдгийг ойлгосон.  Өөрөөр хэлбэл би бүгдийг чадна, бүгдийг хийнэ гэдэг бодлоо хаясан. Зориуд хаясан гэхээсээ эвлэрсэн гэх үү дээ.

Улстөрийн амьдрал бол их сонин амьдрал. Нийгмийн бүх эд эс рүү орж хардаг, бүгдийг хөдөлгөж үзмээр санагддаг.  Бүгдийг нь хөдөлгөх гэж оролддог. Яг л олон туулай хөөцөлдөж хоосон хоцорч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Аминдаа тэр 76 хүн чинь юм хийгээд л байгаа. Даанч дараагийн сонгууль болоход ихэнх нь хэвээрээ. Зарим нэг хийсэн юм нь буруу болчихдог.  Улстөрч хүн бол би энийг чадсан даа гэх аягүй хэцүү. Яагаад гэвэл зарим нэг хийсэн юм нь буруу болчихдог. Жишээлбэл Оюутолгойн гэрээг хийж байхад хүмүүс ямар их баярлаж байлаа. Гэтэл одоо хараал идэж байна. Айл болгоны газрыг өмчлөхийн төлөө яаж байлаа, өмчилсний дараа одоо хотоо дахиж төлөвлөж чадахгүй хэцүү байна гэх мэтчилэн нэг хийсэн юм нь дараа нь дахиад хийх юмных нь эсрэг болчихдог.  Дахиад нэг алхах замыг нь хаачихдаг. Миний бодлоор ийм олон юмны ард гарахаараа хайрцагнаас гарч сурдаг ч юм шиг байна.

Яах аргагүй хурдасгаж болдоггүй органик процесс гэж байна. Туулах ёстой зам гэж байна. Саяхан би нэг коохайтайгаа ярьж байгаад анзаарлаа. Онц сурлагатнууд гэдэг  системд хамгийн үнэнч буюу системийн дүрмийг биелүүлснээрээ, тойрог замыг яг орбитын дагуу тойрдог болохоор онц гэгдсэн хүмүүс байдаг юм байна. Тэгээд дүрмийн бус сорилт тулгарамагц орбитын гадна гарч чадахгүй үлдчихдэг. Та ч онц сурлагатан, орбитоо томоотой дагаад л  яваад байна уу? Дүрэм бус зодоон хийх хэрэг гарахгүй байна уу?

Би бол чам шиг бодож үзээгүй юм байна. Сонин дүгнэлт байна. Онц сурдаг хүмүүсийн хамгийн том зовлон аймар их магтаал дундаас гарч ирээд зодуулж эхэлдэг. Бүх юмыг чаддаг хүмүүс гэдэг чинь тухайн орчиндоо тодорчихсон байгаа. Тэгээд төгсөөд нэг компанид ороод ирэнгүүт бүгд чамайг өөр шигээ харна. Өөрийгөө төгс программ дээр тавьсан залуус танил тал, арын хаалга, өнгө зүсээр уралддаг орчин луу ороод алга болчихдог гэдэг. Төгс биш, төгс хүн хоёрын хооронд дүрмийн дагуу өрсөлдөөн байхгүй болно. Тэгээд нөгөөх чинь амьд гарахын тулд дандаа шинэ юм сурна. Сурч байгаа зүйл нь дандаа худал хуурмаг.

Яг наадах чинь миний хэлээд байгаа онц сурлагатнуудын сул тал. Тэнд очоод дүрмийг дагаад төгсөрсөн. Энд ирээд дүрмийг дагаад миарч байна. Тэгвэл чи лидер биш л гэсэн үг. Чи юунд сайн гэхээр орбитын замыг хурдтай эргэхдээ сайн. Эндээс мултарч орбитын гадна талд гарах сэтгэлгээ яаж бий болдог вэ?

Тэр сэтгэлгээ бол суудаг. Тархи талаас нь ярьж байна. Тархи төрөхдөө цав цагаан байна. Тэр цагаан амьтан чинь бойжилтынхоо явцад ямархуу тархи болох вэ гэдгээ шийддэг байхгүй юу. Хүнээр юм заалгаад л цээжлээд байсан тархи бол унадаг.  Харин хүн юм зааж байхад асуугаад байдаг тархи бол даваад гардаг тархи. Ухаад асуугаад байдаг урдаас нь хэлэлцээд байдаг тэр чадвар хаана бүрэлддэг вэ гэдэг асуудал сонин. Амьдарч байгаа орчинд уу, аав ээж ах дүүгээс үү? Дээр нь тухайн хүнийг гардаж авсан багш ангийнхан гэдэг ч юм уу?  Бас генд ч байна.

Тэгээд танд суусан юм уу?

Надад бол тодорхой хэмжээнд байгаа. Ханасан хэмжээнд биш.  Ер нь асуудлыг олж харах чадвар л даа. Энэ зам л зөв гээд нэг замаар шогшоод байх нэг асуудал, энэ зам нь арай дөт юм биш үү, холуураа тойрсон ч гэсэн энэ арай биед амар биш үү зэргийг онож харах бүтээлч сэтгэлгээ суулгасан хүнийг хэлээд байна. Тэр сэтгэлгээг суулгасан хүмүүс бол өөр хэрэг.

Та түрүүн эргэж ирээд гадна талд дүрэм өөрчлөх үү дотор нь уусах уу үгүй юу гэдэг асуултад хувь хүн рүүгээ орж хариулсангүй. 

Би өөрийгөө санаа ихтэйгээ мэддэг. Гэхдээ санаатай байх хэрэгтэй шүү дээ. Санаа гэдэг бол бодол. Бодож хөдлөхгүй юм бол хүн байгаад яах юм? Дээр нь бүүр улс төрийн хүн байгаад яах юм. Бодож байж олон хүний амьдралд зөв нөлөөлнө. Зөв хууль баталвал олон хүний амьдралд баяр баясал өгнө. Буруу хууль баталбал олон хүнд уйтгар гуниг, зовлон  нэмнэ. Үүнийг муу санаа гаргахгүйгээр хийх боломжгүй.

100 хувь санал нийлж байна. Комплекс системд бодол үгүйгээр яаж тэсч үлдэх вэ. Монгол хүн тийм комплекс систем үзэлгүй 21-р зуунтай золгосон. Тэгэхээр нэг сая хүнтэй хотод би яаж амьдрах вэ гэдгээ бодох хэрэгцээ байсангүй. Бас хүн эхлээд бодохгүй үйлдэл хийчихээд дараа нь түрүүн дурдсан тайлбарлагч нь ажилладаг юм байна. Энгийн жишээ хэлэхэд эмэгтэйчүүдийн дунд 12 тирко тавиад нэгийг нь сонго гэхэд нэгийг сонгоод өнгө, ширхэг гэх мэт тайлбар хийдэг. Гэтэл яг үнэндээ тэр 12 адилхан тирко байх жишээтэй.

Ерөөсөө л хүнийг коодлож, системийн эрэг шурагаар төсөөлж болохгүй. Хүн бол аугаа шүү. Хүн гэдэг нь би тэр оюун ухааныг хэлээд байна. Хүн хүнийг нэг л загвараар уншиж байвал тэнэг байгаагийн шинж. Хүний сэтгэл хязгааргүй. Жишээ нь яагаад баатар төрдөг вэ гэхээр хүмүүс тийм эрэмгий зүйлээс баяр баяслыг амталж байдаг. Хүмүүс яагаад гудамжинд архи уугаад байдаг юм. Яагаад гэвэл хүмүүс архи уухаараа нэгнийгээ магтдаг. Тэр магтаалыг сонсохыг тархи хүсээд байгаа юм. Яагаад эхнэр нөхөр хоёр залуудаа сайхан харилцаатай байснаа хөгшрөөд хөндийрөөд байгаа юм. Учир нь эхэндээ бие биеэ магтдаг. Магтаал бол тархины эм. Магтахгүй болохоор унтарчихдаг. Одоо энэ зөгнөлт кинонууд дээр хүн байгалиасаа холдоод хүн биш болно гэдэг санааг гаргаад байна . Энэ бол үнэн. Байгалиас холдвол хүн биш болно. Магтаалгүй ажилладаг толгой дэлхий дээр байхгүй. Хайргүйгээр шинийг бодож олдог чадвар хэнд ч байхгүй.

Одоо магтаал, хайр хоёрыг салгая. Миний хувьд нийгмийн идеал бол хүний дор хүн үгүй, хүний дээр хүн үгүй тийм хэвтээ харилцаатай нийгэм. Фүкүзава Юкичигийн алдарт хэлцийн учрыг одоо л бүүр түүр ойлгох болж ирж байна. Ингээд харахнээ Монгол босоо тэнхлэгээр харилцдаг нийгэм. Та түрүүн бас ярьж байна магтаал гээд. Магтаал ч гэсэн босоо харилцааны шинж. Чи өөрийгөө хүнээс лаг байна гэж бодохоороо магтдаг. Чи өөрөө тэр хүнээс доор нь байна гэж бодохоороо тэр хүнээс магтаал хүлээдэг гэнэ.

Хүнд хэзээ юу өгөх вэ гэдэг сонин асуудал. Тэрийгээ өгөх цагт нь өгөхгүй бол шинэ зүйл рүү тэмүүлэх тэмүүлэл багасна. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл амьдарч ирэхдээ олж авсан зүйл бол оюун санаа.  Энэ оргилд хүрэхэд нөлөөлсөн зүйл бол  хүний  уураг тархи.  Тэр болгоныг үгүйсгээд байж болохгүй. Магтаал ч үгүй, хүндлэл ч үгүй хүйтэн нийгэм байгуулъя гэвэл худлаа шүүү.

Хэвтээ буюу харилцан эрх тэгш харилцаанд ч хүндлэл байж болно. Би таныг хүндэлнэ, энэ нь гэхдээ танаас доор ч юм уу тийм утга илэрхийлэхгүй байж болно биз дээ?

Ер нь бол хүнийг бүрэн тайлаагүй, хязгааргүй нууцад нь нэвтрэх гэж л оролдож байна.  Түүнээс бүрэн мэдэх боломжгүй. Мэдсэн гээд байгаа нөхдүүд бол ёстой худлаа. Марксистыг шүтэгсэд одоо болтол дэлхий дээр байж л байна.  7 тэрбум хүн яаж амьдрахыг заана гэдэг бол хэзээ ч бүтэхгүй. Исламын шашин гэж байна, Буддын шашин байна Христийн шашин байна. Энэ бүхэн  өөр. Энэ хүмүүсийн дунд гарч байгаа тэмцэл дайн бүгд өөр. Тэгэхээр нийгэмдээ юм тулгаж явахад аягүй хүнд гэдгийг бүх эрдэмтэд хэлээд байна. Ганцхан суурь байдаг нь хувь хүний хичээл зүтгэл, оюун ухааны цар хэмжээ.  Энэ нь өөрөө тухайн үндэстний хүч нь .

Оюун санааны хүч ба улстөрийн хүч хоёрын хязгаарт аль нь алиндаа дагаар орох вэ?

Танд хувь хүнээ нуудаг муу зан байгаа юм биш үү? Ер нь нийгэм маш хүчтэй  машин болохоор хүн нийгмийг өөрийн гараар бүтээсэн атлаа тэрнээсээ айж нуугдаж сурсан байдаг. Гэхдээ соошил медиагийн нөлөөгөөр хүний дотор тал ил гарч, аутентик болж ирж байх шиг байна. Үнэн ярилцвал сайхан.

Би үнэнээсээ л чамтай ярьж байна.

Та үнэнээсээ ярихгүй байгаагаа ч анзаарахгүй байгаа юм биш үү?

Яагаад итгэхгүй байна? Би ерөөсөө багаасаа л ямар нэг хайрцагт орж үзээгүй билэг танхай хүн. Бүүр дураараа байгаад сурцан. Аав загнахгүй, ээж үглэхгүй, эгч халамжлаад өгнө, ах салхи зүсээд өгнө, хулигаанууд ч надад ойртож үзээгүй. Аймгийн мать, хими, физикийн аварга. Пионерийн байгууллагын дарга нь. Анхны компьютерийн ангийн оюутан. 19 настайдаа Япон явчихсан. Монгол тэгэхэд ядуугийн ядуу байсан. 140 мянган иенийн тэтгэлэг тухайн үедээ Жагаагийн нэг сарын цалин байлаа. Ингэж явсан хүнд ямар хайрцаг байх уу? Юу ч байхгүй шт, дур зоргоороо. Амралтаараа ирээд Улаанбаатар зочид буудалд байдаг ганц бааранд найзуудаа дагуулаад орно, тийшээ орж чаддаг хүн цөөн байлаа (инээв).

Өөртөө итгэлтэй байх, үнэн байх хоёр өөр байх.

Би ер нь нэг юм бодчихоод хоёр юм ярьдаг хүн биш шүү, энийг л надаас аваарай. Хүмүүсийг аргалах гэж зохиож юм ярьдаг хүн биш, надад тэгэх хэрэг байгаагүй.  Одоо улам л худлаа хичээх, дүр эсгэх хэрэггүй нийгэм болж ирж байна. Энэ хурдтай нийгэмтэй яаж хөл нийлнэ ээ? Гэхдээ хэцүү тусмаа сонирхолтой. Дандаа амар амгалан бол бас сонирхолгүй.

Та бас л өнөөдрөөс хариуцлага хүлээлцэх ёстой улстөрч. Хүмүүс ийм өнөөдрийг хүссэн үү? Ийм их орлогын ялгаа, шударга бусыг, тэндээс төрсөн популист сэлэм хүссэн юм уу? Буцаж байгаа цагтай хамт буцаж болохгүй биз дээ? Таны ирж байгаа цагийн чиг баримжаа юу юм?

Монголчуудын хувьд бусад улс оронтой харьцуулахад сонин амьдралаар амьдарч ирсэн. Одоо л яг эрх чөлөөт сэтгэлгээгээр улс орноо яаж хөгжүүлэхээ хориннэгдүгээр зуунд, дараагийн зуунд үзэх гэж байгаа  ард түмэн.

Оюун ухаааны хөгжилд итгэх хэрэгтэй л дээ. Хайр гэдэг ч тэр чигээрээ оюун ухаан. Өөрөөр хэлбэл хүний тархи шүү дээ. Чамд юу байна. Чамд махан бие байна. Чамтай хамт үхэх юм юу юм? Чиний оюун ухаан, чиний тархи.  Миний үзсэн харсан бодсон зүүдэлсэн сэтгэсэн бүхнийг хэн ч мэдэхгүй. Тэр комбинацыг хэн ч мэдэхгүй. Чинийх ч адилхан. Чиний амьдралд өрнөсөн өрнөл, зүүдэлсэн зүүдийг, төсөөлсөн төсөөллийг хэн ч давтаж чадахгүй. Оюун ухаан чинь чиний юм.  Оюун ухааны гайхамшиг нь мэдлэг бүтээдэг. Аифоон бүтээсэн шигээ,  үйлдлийн систем бүтээсэн шигээ, онгоц бүтээсэн шигээ мэдлэг бүтээдгээрээ  гайхамшигтай. Мэдлэг бүтээхээр тэр нь эргээд бүх хүний хөдөлмөрт шингэнэ. Гэтэл салгаад яриад байдаг. Зүрх сэтгэл гэж яриад, тархи гэж яриад. Одоо тархи шинжлэх ухаан хөгжөөд улам л илүү ойлгож ирж байна. Гэхдээ оюун ухаан гэдэг нь их мэддэг хүний тухай яриа биш. Аливаад өөрийнхөөрөө хандаж, өөрийнхөөрөө сэтгэж чаддаг хүнийг, чөлөөт сэтгэлгээг л хэлж байгаа юм. Чөлөөт сэтгэлгээг ойлгодог хүмүүст миний яриад байгаа боловсролыг ойлгох тийм хэцүү биш болов уу. Би энэ итгэл үнэмшлээрээ явж ирсэн, үүгээрээ л  оюун санаа, эрх чөлөөний төлөө явна.

Өмнөх яриа руугаа холбовол нэг их хүчлэхгүй, айхгүй, зодуулахгүйгээр сайн сайхныг сэтгэж, бүтээж байдаг тархи таны зорилго гэж хэлж болох уу?

Яг тийм. Хайртай зүйл, дуртай зүйлийнхээ араас хүчлэхгүй, бүх хүчээрээ тэмүүлж байх нь зөв шүү дээ. Нийгэм хэзээ гоё болдог вэ гэхээр эмоцдоо хөтлөгдөөд байвал сайн. Тэр нь гэхдээ зөв байвал. Хөгжсөн оюун ухаанаас гарсан эмоц зөв байна. Хөгжөөгүй оюун ухаанаас гараад байвал муу болоод ирнэ.

Яг наадахаас чинь болоод надад улстөрд сонирхол төрөхгүй байгаа юм. Оюун ухаанаа хөгжүүлээд байвал хүний амьдралын чанар дээшээ хөгжинө. Гэтэл улстөрд оролцохоор эрх мэдэл нэмэгдэвч доошоо орох гээд байгаа юм шиг.

Чи оролцох хэрэгтэй. Боловсролын сайдын бичгийг хараа биз дээ? Тусгаар улс байна даа, тийм байж болохгүй.

Хоёулаа ярилцсаар байгаад байраа солих нь. Би сонгогчийн хувьд таныг шахах ёстой байтал.

Наанаа сөрөг асуудал хэчнээн их байсан ч цаад оюун ухаандаа хүн болгон л сайн сайхан зүйл хүсч байгаа шүү дээ. Монгол хүмүүс сайн хүмүүсээ урдаа яваасай, хөгжих юмсан, сайхан болоосой гэж хүсч л байгаа.

Хүнээс хүсч, хүнд даатгахаа болих хэрэгтэй.

Яалаа гэж даатгахаа болихгүй.

Та бүр яриад байх тусам халуун сэтгэл үнэртээд намайг хүртэл энэ хүмүүсийн төлөө оролцоо хий гэж шахах гээд байна уу даа.

Гантөмөрийн мөрөөдөл дуусахад та нар аваад явах ёстой. Би бас нэг юм мөрөөдөх эрхтэй. Хүн чинь шатаж амьдардаг амьтан. Гоё юм төсөөлж байж өөрөө гоё болно. Төсөөлөхгүй бол муухай болдог. Гоё байх уу, муухай байх уу?

Гэнэт шал өөр юм асуухад, гайгүй байгаа?  Монгол?

Гайгүй ээ , яах ч үгүй. Энэ олон сайхан залуучууд дэлхий ертөнцөөр явж, юм үзэж нүд тайлаад Монголдоо ирээд шал өөр орон болно. Санаа зовох юм байхгүй. Тэр байтугай эрх барьж байгаа хүчинд ч санаа зовохгүй байгаа. Хөгжил хурдан байх уу, удаан байх уу л гэсэн асуулт. Хурдан байя гэвэл бодлого зөв байх ёстой. Удаан гэвэл энэ шинэ үеийнхэн өөрсдөө бодлогоо хийгээд л явчихна. Одоо өөрийнхөө хүүхдийг, шинэ үеийн хүүхдүүдийг харж байхад үнэхээр урамтай. Шал өөр.

Үе нь өөр. Үе гэж юм байна аа.

Тийм шүү,  эд нар компани засаглана, бизнес хийнэ гэж хачин гоё юм хийнэ харж байгаарай. Бид нарын санаанд оромгүй юм хийнэ,  шинжлэх ухааны бүтээл гаргана. Чи эрх барьж байгаа намууд зөв үзэл тээх үү үгүй юу гэдэгт их санаа зовдог бололтой. Тээдэг болох нь тодорхой, хугацааны хувьд хэзээ юм гэдэг л асуулт.

Та түрүүн одоо залуу үеийг ойлгох, тэдэнд хандах хүсэлтэй гэж ярьсан. Одоо нэг залуу хүнд нэг л юм ойлгуулъя, захия гэвэл юу хэлэх үү?

Өөрийнхөө мөнчгөрөөр хоёр жил амьдраад үз л гэмээр байна. Бас намайг сонсож байгаарай гэе дээ(инээв). Нэг л юм хэлээд өнгөрөх бас хэцүү.

Юмыг хязгаарт тулгаж сэтгэх сонирхолтой байдаг. Яг оюун санааны хүч ба улстөрийн хүч хоёрын хязгаарт аль нь алиндаа дагаар орох уу?

Оюун санаандаа дагаар орно. Би жишээ нь Баабарыг хүндэлдэг. Тэр хүн чинь маниусын бодоогүй юмыг өмнөөс бодчихсон байдаг.

Оюун ухаандаа дагаар орж оюун ухаанаа шүтэж байна гэхээр хүн их гоё амьтан юм.

Тийм шүү, маш их юм уншсан хүмүүс бол маш гайхамшигтай. Тийм хүмүүсийг аавыгаа хүндэлж байгаа юм шиг хүндэлнэ.


  1. 172.69.45.* ХУДЛАА ДУХ ГАНТӨМӨР 2020-05-10 11:42
    МҮҮН ГАЖ УРСГАЛЫГ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД НЭВТРҮҮЛЭГЧ ДУХ ГАНТӨМӨР. УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨС ХАСДАГ ГАНТӨМӨР. МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ТОМ ХОРЛОН СҮЙТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ДУХ ДАА. КОММЕНТ УСТГААД НЭМЭРГҮЙ, СКРИНШОТ ХИЙСЭН БОЛОХООР УСТГАСАН ТОХИОЛДОЛД ФБ-Р ТАРААЧИХНА!
  2. 162.158.92.* Оргил 2020-05-10 00:16
    Ярилцаж байгаа хүүхэн өөр дээрээ их өргөлт өгчихсөн аймаар том эгодоо төөрчихсөн хүүхэн байна. Гантөмөр бүх юмыг мэдэх гээд байх хэрэггүй гэдгийг би ойлгосон гэж өөрийг нь дайруулаад хэлээд байхад л ойлгохгүй цаашаа л яваад байдаг. Өөрөө юу ойлгох гээд байгаа, юу ойлгосоноо ч ойлгохоо больтлоо маанагтсан ийм хүмүүс энэ чигээрээ явбал цагаан солио тусдаг юм л даа. Тархины багтаамж багатай хүмүүс ийм өвчнөөр өвддөг юм.
  3. 172.69.252.* Түвшээ 2020-05-09 11:11
    Дэмждэг ээ, зөв Улс төрч!
  4. 162.158.7.* Зочин 2020-05-08 23:02
    Монголын Боловсролын салбараас хол бай
  5. 172.69.252.* 2020-05-08 22:25
    刚 gang geed Hitad ug za tegeed Lu ovogtoi geheer oilgomjtoi. Yapond surguuli tugschee sain bn.Giiguulsen um algadaa eruu tsagaan boljmor mini..
  6. 172.69.252.* mongol 2020-05-08 22:04
    Uruul ulaan alchuur ulaan u geh geed bgaan, Bolushkag arai iluu gej bodson anduurch. Said bsan bizdee ene hun tegeed u hiisiin ? Yapon uur uls uur soyol ter yalgaag uhaarahgui mongold nevtruulne gej yarij bsan ene hun guiee mun aguu setgegchee...