SYNDICATE TALK EXCLUSIVE: Эрсдэлийг давах хүч
Синдикат ярилцлага – Эксклюсив найм дахь дугаараа бид “Эрсдэлийг давах хүч” гэж нэрлэлээ. Санхүүгийн салбарын нэг чухал багана болсон даатгалын салбарт амжилттай ажиллаж буй нэгэн залуу удирдагчийг та бүхэнд танилцуулж байна. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Таны ажиллаж буй салбарын талаар асуултаа эхлэмээр байна. Даатгал гэдгийг шууд шашин, сэтгэл зүйтэй холбож ойлгодог иргэд цөөнгүй байдаг. Монголын даатгалын салбарын хамгийн том өрсөлдөгч нь шашин, сүм хийдүүд гэж хэлбэл та надтай санал нийлэх үү?
Б.Золбаяр: Санал нийлэхгүй. Шашин байх ёстой. Дээрээс нь хүн ямар шашин шүтэх, сэтгэл санаа, ёс зүйн эрч хүчийг хаанаас авахаа сонгох эрхтэй. Харин арилжааны даатгал бол болзошгүй эрсдлийн нөхцөлд санхүүгийн хамгаалалт үзүүлдэг үйлчилгээ юм. Тухайлбал, хүний эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэлд орвол эрсдлийн хэмжээгээр нь санхүүгийн баталгаа бий болгодог гэсэн үг. Гэвч хүмүүс даатгалын хамгаалалтыг харьцангуй бага төвшинд хэрэглэсэн хэвээр байна.
Гандангийн бүртгэлтэй жилийн орлого гурван тэрбум төгрөг байдаг гээд Нямсамбуу гавж жиргэсэн байсан. Тэгвэл Монголын даатгалын салбарын багтаамж хэр байдаг юм бол?
Монголд даатгалын салбар үүсч хөгжсөн түүх 1924 оноос эхлэлтэй байдаг. Харин 1993 оноос арилжааны даатгал эхэлсэн. 2019 оны дүнгээр даатгалын нийт хураамжийн хэмжээ 176 тэрбум, үүнээс цэвэр хураамж нь 130 тэрбум төгрөг байв. Бодь Даатгалын хувьд 2010 онд найман тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлоготой ажилласан бол энэ жил 28 тэрбум болж өссөн.
Даатгалын салбар ийм эрчимтэй өсөлттэй байгаа. Салбарын сүүлийн гурван жилийн дундаж өсөлт 19 хувь байна. Энэ салбар улсын эдийн засгийн хөгжлөөс шууд хамаардаг. Эдийн засгийн өсөлтөөс даруй гурав дахин өндөр өсөлттэй байдаг.
2019 оны Дэлхийн банкны гаргасан судалгаагаар даатгалын салбар тухайн улсынхаа ДНБ-ийн гурван хувьтай тэнцүү байсан. Монгол Улсын хувьд энэ харьцаа дөнгөж 0.4 хувь байна.
Эдийн засаг өндөр хөгжсөн улсуудад энэ харьцаа 15 хувьд хүрдэг. АНУ-д иргэд өрхийн орлогынхоо 15 хувийг даатгалд зарцуулдаг. Монгол хүн жилд дунджаар 50 мянган төгрөгийг даатгалд зарцуулдаг. Энэ нь өрхийн дундаж орлогын 0.5 хувь болдог. Маш бага үзүүлэлт гэсэн үг. Нийт даатгалын хураамжийг хүнийхээ тоонд харьцуулаад даатгалын нягтрал гэдгийг тооцдог. Даатгалын үйлчилгээг сайн дураараа авдаг хүмүүсийн тоо Монголд 300 мянга орчим байдаг. Өөрөөр хэлбэл, 10 хүний нэг нь л даатгал хийлгэдэг гэсэн үг.
2012 онд тээврийн хэрэгслийн албан журмын даатгал нэвтэрсэн. Тэр үед үйлчлүүлэгчид нөхөн төлбөрөө авахын тулд 30 хоног хүлээдэг байв. Мөнгө авч буй хэдий ч ямар ч сэтгэл ханамжгүй, бараг шийтгэл шиг байв. Энэ хугацаа 2015 онд ажлын долоо хоног бол багассан бол одоо даатгалын нөхөн төлбөрийг бид өдөрт нь шийдэж байна. Бодь даатгалд ердөө 12 минутын дотор нөхөн төлбөрийг нь шийдэж өгсөн кэйс байгаа. Технологийн ачаар даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад ийм хялбар болсон. Өнөөдөр жишээ нь та манай долоон бүтээгдэхүүнийг цахимаар шууд худалдан авах боломжтой.
Манай нэвтрүүлгийн зорилго хэвлэлээр тэр болгон гараад байдаггүй ч салбартаа амжилттай явж байгаа залуу хүмүүсийг олон таниулах юм. Та өөрийгөө товч танилцуулна уу?
Би их сургуулиа төгсөөд 2008 онд Бодь Даатгал компанид ажлын гараагаа даатгалын ажилтнаас эхэлж байсан. Ажлын анкет бөглөн, ярилцлагад нь тэнцээд орж байснаас хойш энэ салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Залуу хүний хувьд улс төр, нийгмийн оролцооноос илүү ажиллаж буй салбартаа дорвитой өөрчлөлт шинэчлэл хийхийг эрмэлздэг. Даатгалын салбарт хийж бүтээх ажил маш их байгаа. Ажлаараа дамжуулж бид нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг. Манай даатгалын бизнес нийгэмд байнга эерэг нөлөө үзүүлдэг онцлогтой салбар. Өмнө нь автомашины осол болоход хэдэн цагаар тэнд бөглөрөл үүсгэн, ойр орчны хүмүүсийг бухимдуулж, нөхөн төлбөр авахын тулд олон хүний ажлын хэдэн өдрөөр алдагдуулдаг байв. Үүнийг байхгүй болгоно гэдэг нь нийгэмд оруулж буй асар том хувь нэмэр гэж боддог. Зам тээврийн ослын нөхөн төлбөрийг цахимаар хурдан шийдсэнээр бид нийгэмд 50 мянган цагийг жил бүр хэмнэж өгч байгаа гэсэн судалгаа гарсан. Иргэд, харилцагчид маань энэ хэрээр гэр бүл, хамт олондоо үнэтэй цагаа зарцуулдаг болсон гэсэн үг.
Таны өөрөөрөө бахархдаг, салбартаа хийсэн хамгийн том ажил юу вэ?
Даатгалын салбар маш өндөр ёс зүй шаарддаг. Харилцагчийн итгэлийг хүлээн, байгуулсан гэрээний дагуу яг таг үйлчлэх ёстой. Олон улсын эрүүл мэндийг даатгалыг хамт олонтойгоо цуг Монголдоо оруулж ирж байхдаа баярлаж байсан. Одоо ажиллаж байгаа удирдлагын багаа бүрдүүлээд бас баярлаж байв. Энэ баг маань даатгалын нөхөн төлбөрийг маш богино хугацаанд шийддэг жишгийг салбартаа тогтоосон. Энэ залуусаараа бахархдаг.
Ковидоос үүдэлтэй хямрал даатгалын бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?
Бүх салбарт нөлөөлж байна. Манай нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ хямрал даатгалын салбарын цахимжих боломжийг хурдасгаж байна. Хөл хорионы энэ үед бид ямар ч харилцагчтай биечилсэн контакт үүсгэж уулзахгүйгээр нөхөн төлбөрийг нь 100 хувь шийдэж өгч байна. Манай нөхөн төлбөрийн үйлчилгээ энэ онд цаас бараг хэрэглэсэнгүй.
Хүн хүч, машин тэрэг, шатахуун гээд маш их зардлаа багасгасан. Жилд нэг даатгалын компанид дунджаар 8000 даатгалын тохиолдол ирж, тэр тоолонд дуудлагаар очдог. Энэ оны эхнээс цахим руу шилжсэнээс хойш бид бараг 130 сая төгрөг хэмнээд байна.
Эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой Монголд жил бүр учирдаг эрсдэл, хохирлын хэмжээг мөнгөөр хэмжвэл хэр том байдаг бол?
Олсон орлогоос хэдэн хувийг нь хохиролд зарцуулж буйг тооцдог хохирлын харьцаа гэсэн ойлголт даатгалд байдаг. Цэвэр хураамжаар тооцвол орлогынхоо талыг хохиролд зарцуулж, нөхөн төлбөрийн үйлчилгээг харилцагч нартаа үзүүлдэг. Нэмээд манай зүгээс үйл ажиллагааны зардал гардаг. Жолоочийн хариуцлагын даатгал гэхэд бид 600 мянган хүнд зэрэг үйлчлэх ёстой болдог. Томоохон хэмжээний хөрөнгийн даатгалыг бид гадагшаа давхар даатгал руу шилжүүлдэг. Жил бүр 5-10 ихнаяд төгрөгийн үнэлгээ бүхий эрсдлийг бид Ханновер Ре, Марш зэрэг дэлхийн том давхар даатгалын компанид өгдөг. Эрүүл мэнд, амьдралын даатгалын чиглэлээр бид дэлхийн шилдэгт тооцогддог АХА групптэй 2015 оноос хойш хамтран ажиллаж, олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг монголчууддаа хүргэж байна. Энэ бүтээгдэхүүнийг худалдан авсан харилцагч дэлхийн аль ч улсын ямар ч эмнэлэгт очиж биеэ эмчлүүлэх боломжтой.
Монголд төрийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ бий. Гэвч хүнд өвчин тусах, Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй тохиолдолд энэ даатгалаар биеэ эмчлүүлж чаддаггүй. Улмаар хүмүүс орон гэр, машин тэргээ зарж, бүр бусдаас хандив тусламж гуйн барин гадаад улсыг зорьдог. Олны танил хүмүүс яаж ийж байгаад мөнгө босгоод өөрсдийгөө эмчлүүлж чадаад байна. Төр, сайд нь хүртэл ийм хүмүүст хандив өгдөг жишиг тогтлоо. Энэ бол буруу тогтолцоо. 2019 оны жилийн эцсээр улсын эрүүл мэндийн даатгалын орлого нь зардалтайгаа тэнцээд ирсэн. Цаашаа зардал нь орлогоосоо даваад явна. Улмаар татвар төлөгчдийн мөнгө рүү орно. Уг нь олон улсын жишиг нь эрүүл мэндийн даатгал заавал даатгуулах даатгалд тооцогдож, хувийн даатгалын компаниуд энэ үйлчилгээг нь хариуцдаг. Улсын эрүүл мэндийн даатгалын гадаадад эмчилгээ үйлчилгээ хийлгэх жилийн төсөв нь 500 сая төгрөг байдаг. Харин манай олон улсын эрүүл мэндийн даатгалын нэг харилцагчийн хамгаалалт нь 500 сая төгрөг түүнээс ч өндөр хэмжээтэй байдаг.
Бид улсын эрүүл мэндийн даатгал, халамжийн тогтолцоог өөрчлөх ёстой болжээ дээ?
Улсын эрүүл мэндийн даатгал тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Гэхдээ харилцагчдад өөр сонголт байх ёстой. Даатгал нийгмийн бүх оролцогчдод дандаа эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь, 2012 оноос хэрэгжиж эхэлсэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгал байна. 2011 оны эдийн засгийн өндөр өсөлтийн үеэр хүмүүсийн орлого нэмэгдэж, хүн бүр шахуу автомашин худалдаж авсан. Улмаар замын түгжрэл нэмэгдэж, энэ хэрээр ослын тоо ихэссэн. Замын цагдаа, шүүхийн ачаалал эрс нэмэгдсэн. Энэ даатгал нэвтэрснээр замын цагдаа, шүүхийн оролцоо байхгүй болж, иргэд утасныхаа цаанаас 20 минутын дотор хохирлоо барагдуулж, асуудлаа шийдэж, нөхөн төлбөрөө авдаг болсон. Үүний цаана ямар их хүний цаг зав, мөнгийг хэмнэж, нийгмийн стрессийг багасгаж байгаа гээч!
Малын индексжүүлсэн даатгал гэж бас бий. Энэ бол сайн дурын даатгал.
2004 онд улс орныг хамарсан зуд болж, нийт малын 60 хувь хорогдсон. Мал, амьжиргаагаа алдсан 28 мянган өрх хотод орж ирэн, ажилгүй, орлогогүй тул шууд эмзэг бүлгийн хэсэгт орсон.
Улмаар ядуурал, гэр хороолол, утаа, гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Уг нь малын даатгалтай байсан бол энэхүү нийгмийн асуудлыг урьдчилаад шийдэх боломжтой, ийм том эрсдэл үүсэхгүй байж болох байсан. 400 гаруй жил хөгжсөн даатгал хүний сахилга батыг үнэлж, зөв хандлагыг төлөвшүүлдэг.
Иргэд даатгалын ач холбогдлыг бүрэн ойлгож, худалдаж авахгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
Иргэдийн орлого, санхүүгийн боловсролтой холбоотой. Мөн зохицуулагч байгууллагын нөлөө бий. Орлоготой, хөрөнгөтэй, хуримтлалтай хүн эрсдлийн хамгаалалт хайж эхэлдэг. Энэ хамгаалалт нь даатгал юм.
Нөхөн төлбөрөөр жилд хэдэн төгрөгийг даатгалын салбар иргэд, аж ахуйн нэгжүүдэд буцаан өгч, хохирлыг нь барагдуулдаг вэ?
Даатгалын салбар жилд 60 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгодог. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар гэхэд л жил бүр 17 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг жолооч нарт өгч хохирлыг нь барагдуулдаг. Том хэмжээний нөхөн төлбөрүүд компаниуд дээр гардаг. 2012 онд МИАТ компанид бид хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэг дор олгож байсан. Энэ мэтийн том эрсдлүүдийг бид гадагшаа шилжүүлж, давхар даатгалын компаниудтай хамтран ажилладаг. Бизнесийн тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад даатгал маш чухал үүрэгтэй бөгөөд найдвартай санхүүгийн хамгаалалт болдог.
- Монголын даатгалын салбар гадаадын өндөр хөгжилтэй улсын шиг болоход дахиад хэдэн жил шаардлагатай бол?
- Олон улсад даатгал хөгжөөд 400 гаруй жил болжээ. Гэхдээ сүүлийн хэдхэн жилд технологийн хөгжлийн улмаас энэ салбар эрс өөрчлөгдлөө. Даатгалын үйл ажиллагааг цахим болгосон иншуртек (InsurTech) гэсэн загвар гараад ирлээ. Инноваци, технологийн хурдыг ашиглан бид даатгалын салбарын хөгжлийн хоцрогдлоо ердөө 3-5 жилийн дотор нөхөж, дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэх бүрэн боломж нээгдсэн. Бодь Даатгал эхний алхмаа хийгээд эхэлсэн. Цахимаар бид нөхөн төлбөрийг ердөө 10 минутын дотор олгоод эхэлсэн гэж би дээр дурдсан. Даатгал хамгийн богино хугацаанд бүрэн цахимжих боломжтой салбаруудын нэг.
- Өнгөрсөн жил Мандал, Ард компаниуд олон нийтийн даатгалын компани болсон. Бидний авсан мэдээллээр энэ жил Монгол Даатгал болон танай компани мөн хөрөнгийн бирж дээр IPO хийнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
- 2019 оны эцсээр бид Санхүүгийн Зохицуулах Хорооноос олон нийтийн нээлттэй компани болох зөвшөөрлөө авсан. Энэ жил Бодь Даатгал компанийн 25 жилийн ой тохиож байгаа юм. Энэ ойгоо тохиолдуулан нээлттэй компани болж, даатгалын салбарын өндөр өсөлтийг харилцагчид, олон нийттэй хуваалцахыг хүссэн. Энэ шийдвэрийг манай компанийн үүсгэн байгуулагч Л.Болдхуяг аль 10 жилийн өмнө гаргасан байсан нь энэ онд бодитой хэрэгжиж биелэлээ олох гэж байна. Ковидоос үүдэлтэй эдийн засгийн тодорхой бус үед IPO хийх гэж байна гэж зарим хүмүүс гайхаж магадгүй. Энэ хямралыг бид боломж гэж харж байгаа. Даатгалын салбар өсч, багтааж нь хэд дахин тэлэх нь тодорхой байна. Монголын хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилаад заншчихлаа. Эрдэнэс Таван Толгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг гээд иргэдэд 200 гаруй тэрбум төгрөг өгөх гэж байна. Бусад компаниудын ногдол ашигтай нийлүүлбэл энэ тоо 350 тэрбум төгрөгт хүрнэ. Хүүхэд болон бусад халамж гээд төрөөс багагүй мөнгийг зах зээл рүү нийлүүлж байна. Мэдээж иргэд энэ мөнгөний тодорхой хэсгийг хэрэглээндээ зарцуулна. Харин зарим хэсгийг нь хуримтлал, хөрөнгө оруулалт болгох хүсэлтэй хүмүүс байна. Бид энэ боломжийг нээж байгаа юм. Эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хямрал дуусахыг хүлээх биш энэ зэргийн эрсдлийг даагаад, нөхцөл байдалтайгаа зохицсон хурдтай шийдвэр гаргах нь чухал. Ийм байхыг цаг үе биднээс шаардаж байна.
Нэмж хэлэхэд манайд хөрөнгө оруулалтын сангууд алга. Даатгалын салбар даатгуулагчдаас цуглуулсан нөөц хөрөнгөө найдвартай газар хөрөнгө оруулалт хийх замаар өсгөдөг. Олон улсад даатгалын компаниуд институшионал хөрөнгө оруулагчид тооцогддог. Ийм болохын тулд даатгалын компаниуд олон нийтэд нээлттэй болох ёстой. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулалтын сан болох боломжтой. Бид Бодь Даатгалын 20 хувийг олон нийтэд санал болгож байна. Энэ нь ойролцоогоор 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татна гэсэн үг. Энэ мөнгийг босгосноор манай компанийн эрсдэл даах чадамж нэмэгдэн, энэ хэрээр гадаадын давхар даатгалын компани руу шилжүүлдэг мөнгийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн технологийн шинэчлэлдээ хөрөнгө оруулна. Технологиор л дамжин бид богино хугацаанд олон улсын төвшинд хүрч, салбарын өсөлтийг хурдасгана. Манай IPO-ийн гол зорилго энэ юм. Хүн бүр амжилттай бизнес эрхэлж, ашиг олох боломжгүй. Иймээс хөрөнгийн зах зээл бол хувийн хэвшлийн үр ашгийг нийгэмд зөв хуваарилах оновчтой систем юм.
Бодь Даатгал компанийн алсын харааг би таньтай хуваалцмаар байна. 2030 он гэхэд бид Азид бүртгэлтэй, тэр дундаа Хонк Конгийн хөрөнгийн биржийн хоёрдугаар самбарт бичигдсэн ердийн болон амьдралын даатгалын компани болно. Үүний гол шалгуур нь компанийн үнэлгээ болдог. Өөрөөр хэлбэл, компанийн үнэлгээ хамгийн багадаа 60 сая ам.доллар болох ёстой. Манай компанийн санхүүгийн төлөвлөлтөөр 2030 он гэхэд бид ийм үнэлгээтэй болж чадахаар байгаа.
Хөрөнгө оруулах гэж байгаа компанийн салбарын өсөлт маш чухал үзүүлэлтэд тооцогддог. Манай даатгалын салбар ирээдүйд 10 цаашилбал бүр 30 дахин томрох бүрэн боломжтой. 2019 онд хийсэн Дэлхийн банкны судалгаанд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан. Даатгалын салбар S мурийгаар өсдөг гэдгийг аль 2000 онд судлаад баталсан байдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 4870 ам.доллар болоход даатгалын салбар огцом өсөлт үзүүлдэг. Манайд энэ үзүүлэлт 4250 ам.доллар байна. Сүүлийн 10 жилийн турш нэг хүнд ногдох ДНБ тогтмол өсч байгаа. Нэмээд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхэд хялбар улам бүр боллоо. Энэ боломжийг технологи ашиглан бид бүрдүүлж байна. Мөн Монголын 10 хүний 9 нь даатгал хэрэглэдэггүй. Энэ нь өөрөө том боломж юм. Банкинд данстай хүмүүсийн тоо дөрвөн сая давчихлаа. Энэ бүхэн даатгалын салбар ойрын хугацаанд өндөр өсөлт үзүүлэх суурь нөхцлүүд юм.
Бодь Даатгал олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг дэлхийд тэргүүлэгч АХА групптэй хамтран сүүлийн таван жилийн турш хэрэглэгчиддээ хүргэж байна. Дотоодын зах зээлийн 70 хувийг манай компани барьдаг. Мөн орон нутагт хийгддэг малын индексжүүлсэн даатгалын зах зэлийн 34 хувьд бид хүрч үйлчилдэг. Манай улсын нийт малын найм хүрэхгүй хувь нь даатгалтай. Мах, ноолуурын бизнес хөгжих тусам малчид малаа даатгуулдаг болно.
Тэгэхээр энэ зах зээл цаашаа хэд дахин томорно гэсэн үг. Манай компанид даатгал хийлгэсэн нийт харилцагчдийн тоо 90 мянга давсан бөгөөд эдгээр харилцагчдын 136 мянган гэрээ идэвхтэй байна.
Мэдээж бизнес ашиг олох ёстой. Гэхдээ мөн чанараа томоор нь харах ёстой
Нууц биш бол залуу мэргэжилтний хувьд таны гаргаж байсан хамгийн том алдаа юу вэ?
Олон алдаа гаргаж байсан. Би компанидаа ороод ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн захирал хийж дэвшсээр 11 жилийн дараа буюу хоёр жилийн өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсон. Компанидаа долоо, найман жил ажилласны дараа өөртөө нэлээд итгэлтэй болсон байсан. Би энэ компанид хэрэгтэй хүн юм байна, энд заавал байх ёстой хүн нь болжээ, бүх ажлаа гартаа оруулчихлаа гэх маягаар өөрийгөө дүгнэдэг болсон байв. Энэхүү өөртөө хэт итгэлтэй байсны үрээр өөр компани руу хүртэл түр шилжиж байв. Өөр газар ажиллаж байхдаа өөрийгөө олж харж чадсан. Тэр үед компани гэдэг бол хэн нэгнээс үл хамааран ажилладаг бүтэц, хэн ч байсан тасралтгүй эргэж байдаг систем гэдгийг ойлгож байлаа. Энэ бол миний амьдралд учирсан нэг том сургамж байсан. Ямар ч бизнес үргэлжлээд цаашаа явна. Хамгийн гол нь нэг зорилготой, би биш бид гэдэг баг чухал. Миний гаргаж байсан энэ алдааг битгий хийгээрэй гэж залуучууддаа хэлэхийн хүсч байна.
Хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж буй компанийн захирлын хувьд та 1072 хувьцааны ногдол ашгаа юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
1072 хувьцааны ногдол ашгаас гадна хямралын үед төрөөс авч буй арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгө хуваарилж эхэллээ. Эдгээр мөнгийг хүүхдүүддээ зориулан, тэдний ирээдүйн төлөө хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, урт хугацааны хуримтлал үүсгэхээр төлөвлөж байгаа.
Таны хобби юу вэ?
Би эхнэр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг, бусдын жишгээр ажиллаж яваа жирийн л залуу хүн. Их ажлынхаа хажуугаар гэр бүлдээ цаг заваа зориулж, байгальд гарах, аялах дуртай. Гэхдээ бэлэн маршрутаар биш өөрөө аяллын хөтөлбөрөө гаргаж, очих газраа хэнээс ч асуулгүй, зөвхөн GPS-ээ асаагаад чөлөөтэй аялахыг эрмэлздэг. Гэр бүлээрээ гадагшаа аялахдаа музей үзэх дуртай.
Удирдах албан тушаалтай, салбараа манлайлан ажиллаж буй залуу хүний хувьд бусаддаа зориулан зөвлөгөө, уриалга хэлээч гэвэл та юу хэлэх вэ?
Ямар ч бизнес нийгэмд эерэг хувь нэмэр оруулдаг байх ёстой. Энэ хувь нэмрийг зөвөөр, аль болох олон хүнийг хэрхэн хамруулах вэ гэдэг олон улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хувийн хэвшилд ажиллаж буй хүн бүр ингэж бодож ажиллавал нийгмийн бодит үнэ цэнийг бүтээж, бизнесийн мөн чанарыг ард иргэддээ мэдрүүлэх боломжтой. Мэдээж бизнес ашиг олох ёстой. Гэхдээ мөн чанараа томоор нь харах ёстой
. Өнөөдрийн ашгаа бодоод ирээдүйн боломжоо бүү хязгаарлаарай, аливаа бизнесийг урт хугацаагаар хараарай гэж залуустаа захимаар байна. Ямар ч хэлцэл хийсэн оролцож буй бүх талууддаа харилцан ашигтай байх ёстой.